Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 120/ШШ2026/0044

 

                                                                      Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярмаа би, *******ын  нэхэмжлэлтэй, ******* аймгийн Боловсролын газрын даргад холбогдох тус байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* аймгийн Боловсролын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...******* аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байсан Д.Баасанхүүгийн гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар ******* аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 1-р бүрэн дунд сургуулийн захиралд "ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү Б/22 дугаар тушаал нь хууль бус бөгөөд сонсох ажиллагаа хийгдээгүй, сахилгын шийтгэл хүлээлгэх болсон үндэслэл тодорхой дурдаагүй гэх мэт олон алдаатай, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагатай маргах зүйлгүй. Хууль тогтоомжид харшлахгүй тохиолдолд гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол хөндсөн зүйлгүй тул захиргааны хэргийн шүүх дээрх маргааныг дуусгавар болгоход татгалзах зүйлгүй....” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн               21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Хариуцагч ******* аймгийн Боловсролын газрын дарга нь “2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Б/22 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан үр дагаврыг тайлбарлаж, баримт үйлдсэнийг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, *******ын  нэхэмжлэлтэй, ******* аймгийн Боловсролын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.