Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/177

 

  2025             01            30                                        2025/ДШМ/177

 

Б.Б, С.Ч нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

  

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар,

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/847 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар, шүүгдэгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, С.Ч нарт холбогдох 2209019311397 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Ч, 1979 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Цайзын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000/,

Б.Б, 1969 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч-эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 000-00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:000000000/,

Шүүгдэгч С.Ч нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Тусгаар тогтнол хөдөлгөөний хөтлөн явуулдаг, фейсбүүкийн “Халуун цус, Мөн_Голч_ууд” гэх нэртэй пэйж хуудсаар “Халуун цус хөдөлгөөний хүмүүсийг сулла!!!” гэсэн гарчиг бүхий нийт 31 минут 24 секундийн лайв бичлэг хийхдээ “...Хятадаас нөгөө зээлээ авах гэж байна. Хятадаас зээлээ аваад Хятадад биднийг зараад, авсан зээлийнхээ мянганы хэдхэн хувиар бидний ганц, хоёр сарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өгч ард түмнийг хоногийн хоолтой, хоёр идүүлэхгүй байлгаж байгаад зугтаад явна...” гэж,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс тус хөдөлгөөний залуучуудыг баривчилсан асуудлаар мэдээлэл хийж байна” гэх гарчигтай” хийсэн хэвлэлийн бага хурлын үед өгсөн ярилцлагадаа: "...бус зам төслийн олон төрлийн гэрээ байгаа, үүнээс хамгийн чухал 2 гэрээг би ярья. Энэ Хятад Улсын Засгийн газар тухайн Улсын Засгийн газартай хийдэг гэрээ байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ямар нэгэн гэрээг цаг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд гэрээг үтэр түргэн цуцалж өнгөрсөн болон олон жилийн турш өгсөн бүх зээлийг нэг дор буцаан эргүүлэн төлөх шаардлагатай гэсэн нэг заалт байгаа. Энэхүү заалтыг биелүүлж чадахгүй бол дараагийн заалт нь энэ нэг дор төлбөрөө эргүүлэн төлөх боломжгүй бол гэрээнд заасны дагуу газар нутгаа барьцаанд тавьсан байгаа, тэр газар нутгийг нь 100 хувь буцааж булааж авна гэсэн байгаа. Энэ гэрээнд авагдаад тухайн газар нутаг дээр баригдсан Хятад улсын зээлээр баригдсан төслүүд, бүх л бүтээн байгуулалтууд, бүхий л дэд бүтцүүдийг Хятад улс өөрийн эрх мэдэлдээ авч шаардлагатай тохиолдолд авна. Нэг ёсондоо газар нутгаа алдаад Хятад улсын газар нутагт амьдарна гэсэн үг...” гэж,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тусгаар тогтнол” хөдөлгөөний байранд 15:45 минутад “Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйж хуудсаар “Монголын түүхэн дэх ХАР 2022.8.08-ны өдөр” гарчиг бүхий нийт 55 минут 22 секундийн лайв бичлэгтээ “...Ван И Монголд ирлээ, бид нар 1 тэрбум доллароор зарагдчихсан ш дээ. Зарагдчихсан, одоо бид хүний газар нутаг дээр явж байгаа шүү..., ...Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа шүү. Бид нар тусгаар тогтнол гэдэг цаасан дээр байгаа зүйл дээр амьдарч байгаа шүү....” гэсэн лайв бичлэгийг хийсэн,

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн “Sanjaajamts Chimgee” гэх нэртэй фейсбүүк хаягаасаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.О, түүний гэр бүл Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор У.С нарын гэрэл зургийг байршуулан “..Энэ бол Мөнхбаяр ахыг ялласан прокурор, эхнэр нөхөр хоёулаа прокурор хүний адаг хогийн амьтад гэм буруугүй хүмүүсийг захиалгаар ялалдаг” гэсэн постыг фейсбүүк цахим орчинд бичиж, иргэн Ц.Оч, У.С нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр Тусгаар тогтнол хөдөлгөөний хөтлөн явуулдаг фейсбүүкийн “Халуун цус, Мөн_Голч_ууд” гэх нэртэй пэйж хуудсаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан “Халуун цус хөдөлгөөний хүмүүсийг сулла!!!" гэсэн гарчиг бүхий...”нөгөө зээлээ авах гэж байгаа юм. Энэ зээл ямар учиртай зээл вэ гэхээр гучин жилийн хугацаанд Монгол хүн бүр гучин саяын өртэй болсон...”, “...тэгэхээр тэр ямар учиртай зээл вэ гэхээр хүн болгон дээр тавин сая төгрөгийн өр нэмэгдэнэ хүмүүс ээ, зүгээр үү...хүн болгон гучин сая төгрөгийн өртэй мөртлөө дээр нь тавин сая төгрөгийн өртэйг хэвийн гэж ойлгоод сууж байна. Өр гэдэг чинь аймшигтай юм байгаа юм. Энийг одоо бид нар бодит байдлаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Танайх хоёр ам бүлтэй бол жаран саяын өртэй, Ван И ирээд явлаа танайх зуун жаран саяын өртэй болно...” гэсэн лайв бичлэг хийж,

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин “Гoo Гоо” нэртэй фейсбүүк пэйж хуудсаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан,.“..хүн амыг энэ бактерлогийн дайн, вакцинаар геноцид хийж алж байгаа асуудлаа зогсоогооч ээ...”, “...Монгол Улсын газар нутгийг газаргүй болгож байна, энэ 6.2 хуулиар энэ уул уурхайн асуудлаар, энэ газар нутгийг дамлан наймаалж байгаа энэ наймаагаар, маш олон байдлаар Монгол Улсын газар нутгийг газаргүй болгож байна........Монгол улсын газар нутгийг барьцаалан зээл авч байгаа, 50 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний зээл..., Монгол улсын иргэн бүрд 50 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг авч болохгүй, энэ зээлийг авах юм бол Монгол улс тэр чигээрээ эзлэгдэнэ, өөрийн бодлогоор эзлэгдэнэ...”, Монгол улсын хамгийн, бидний үндсэн хүнс болох махыг Хятадуудын гарц өгсөн, тэгээд дээр нь биднийг тэр чигээрээ малгүй болгохын тулд бэлчээр гэдэг бодлогыг явуулж байгаа, бэлчээрийн хувьчлал гэдэг бодлого бол Монгол улсыг малгүй, малчингүй, Монгол улсыг тэр чигээр нь махгүй болгож байгаа ийм бодлого байгаа юм аа..” гэсэн лайв бичлэгийг тус тус хийж Монгол Улсын Засгийн газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б, С.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Ч-г үргэлжилсэн үйлдлээр хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-г 2 /хоёр/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Б.Б нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг тэдгээрийн оршин суугаа нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг эдлэхээс зайлсхийсэн тохиолдолд зорчих эрх хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие зорчих эрхээ 2022 оны 08 дугаар сард хязгаарлуулсан, одоо бараг 3 жил болж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байдаг. Гэтэл миний бие 2, 3 жил шалгагдаж, яллагдаж байна. Хилийн хязгаар тавина гэдэг нь тодорхой хэмжээний ял юм шиг байгаа юм. Би энгийн иргэн болохоор энэ талаар мэдэхгүй байна аа. Миний бие өөрийгөө хэлмэгдэж байна гэж үзэж байна. Энэ хэргийг шалгах явцад худал мэдээлэл гэдгийг хэрхэн тогтоосон болохыг мэдэхгүй, тамгатай бичгийг үндэслэж энгийн иргэнийг яллаж болдохгүй гэж үзэж байна. Шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл тамгатай бичиг л байвал үнэн гэж үзэж, намайг ялласан. Гэм бурууг би хүлээн зөвшөөрөхгүй. Аливаа мэдээ, мэдээллийг тараах субъект нь би байх боломжгүй. Надад хэвлэл мэдээллийн компани байхгүй, ямар нэг сайтын админ би биш, тараах үйлдлийг би хийгээгүй. Тараах үйлдлийг хэвлэл мэдээллийн байгууллага болон сайтын админууд л хийх боломжтой гэж бодож байна. Иймээс ЭХХШТХ-ийн 39.7-р зүйлийн 1.3-д заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Би үйлдэлдээ л ял авах ёстой. Гэтэл тараах үйлдэл бол миний хийсэн үйлдэл биш. Би тусгаар тогтносон МУ-ын иргэн хүн. МУ-ын яам, засгийн газар бол миний л яам, миний л засгийн газар яам, ЗГ-ын нэр хүндэд халдаад надад ямар ашигтай юм бэ. Эсрэгээрээ намайг төлөөлж миний төлөө ажиллах ёстой яам. ЗГ-ыг энэ улсын сайн сайхны төлөө шүүмжлэх эрх надад байгаа. Манай улсад ЗГ, УИХ-аа хянадаг тогтолцоо, хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо хууль эрх зүйн тогтолцоо байхгүй байгаа нь миний буруу биш. Иргэдийг төлөөлж, иргэдийн сайн сайхны төлөө ажиллах үндсэн үүрэг чиглэлтэй яам, ЗГ нь эсрэгээрээ иргэдийн бүх шүүмжлэл, саналыг хүлээн авч, ажил хэрэг болгох нь зүйн хэрэг байтал шүүхэд гомдол гаргаж байгаа нь зохисгүй юм. Гэтэл шүүх засаглал нь бас иргэд болон ЗГ-ыг 2 тал болгон хагаралдуулж болохгүй байх. Тэгвэл энэ улсад шударга ёс устана. Хохирогч гэгдээд байгаа яамдын нэр дурдсан яриа огт байхгүй. ЗГ нь өөрийн ажил хэргээрээ нэр хүндээ авч явдаг болохоос, иргэдийн амыг хамхиснаар нэр хүндтэй байхгүй. Миний үйлдэл ажил хэргийн нэр хүндэд халдсан гэдэг гэм бурууд хамаарахгүй гэж бодож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэн ч тогтоогоогүй. “Илт худал мэдээлэл” гэж онцолжээ. Мэдээлэл илт худал болохыг хөдөлшгүй баримтаар нотолсны дараа гэмт хэрэг гэж тооцох хуулийн заалтыг барьсангүй. Хэт ерөнхий байдлаар буруутгаж, магадлалтай гэх мэт ирээдүй цаг дээр хохирлыг тооцож намайг ялласныг эсэргүүцэж байна. “Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ий хүмүүсийн хэрэгт гэрчээр дуудан мэдүүлэг авч байснаа намайг яллагдагчаар татсан байсан. Тиймээс намайг буруутгаж буй гэмт хэрэгт мөрдөн байцаалтын шат гэж байгаагүй, өөрийн гэм буруугүйг нотлох боломж олгоогүй. Мөн хэрэг прокурорт шалгагдаж байх үед хавтаст хэргээс материалыг хуулбарлан авах хууль ёсны эрхээр хангагдаагүй. Мөн прокурорын шатанд нотлох баримт авахгүй гэж загнасан тул өөрийн буруугүйг нотлох баримт өгч чадаагүй. Үүнийг материалыг хуулбарлан авах, зургийг нь авахыг зөвшөөрөөгүйг нотлох албан бичиг байгаа. Өөрийгөө өмгөөлөх, хамгаалах, буруугүйгээ нотлох боломж олголгүйгээр намайг ялласанд би гомдолтой байна. Иймээс мөн хуулийн ЭХХШТХ-н 32.3-р зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн шинжийг бүрэн нотлоогүй, 1.4-т зааснаар мөн хуулийн 16.2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг прокурор бүрэн хянаагүй, мөрдөгч болон прокурор зөвхөн яллах талыг барьсан, 1.5-д заасан Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг зөв хянаагүй, 1.9-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулаагүй. Тухайлбал УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгч асан нар надаас өмнө яг энэ агуулгаар мэдээллийг олон түгээсэн байтал нотлох баримтаар үнэлсэнгүй. 2012 онд МУ-д 8000 хүүхдэд “Д” витамин уулгасан нь шаардлага хангахгүй витамин байсан нь нотлогдож, 8000 хүүхэд тодорхойгүй байдлаар хохирч гомдол гаргасан ТББ гомдлоо татан авснаар энэ хэрэг дууссан нотлох баримтыг ч үнэлсэнгүй. Мөн хуулийн 1.10-т зааснаар намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг бүрэн нотолсон эсэхэд хяналт тавихыг хүсээгүй, гэмт хэргийн сэдэл байсан эсэхийг тогтоогоогүй. Ковид вакцины зөв буруу эсэхэд өнөөдөр дэлхий эргэлзэж байгаа, дэлхий даяар гомдол шүүгдэж, Украины дайн эхлэнгүүт вакцинжуулалт нь ковидтойгоо зогссон нь элэг доог болж байгаа асуудал. Өөрийн улсдаа лабораторигүй, өвдсөн болон нас барагсдын шалтгааныг үнэн зөвөөр бүртгэж байгаа эсэх нь ирээдүй цагт гарцаагүй ил болох асуудал учир өнөөдөр зөв эсвэл буруу гэж шүүх боломжгүй асуудал юм. Миний харж байгаагаар ковид вакцин тариулаагүй хүмүүс харьцангуй эрүүл саруул, эрч хүчтэй харагдаж байгаа ч үүнийг бас одоогоор нотлох боломжгүй юм. Монгол улс өрөнд баригдаад газар нутгаасаа хөөгдөхөд тулж байгаа тухай мэдээллийг УИХ-ын индэр дээрээс олонд зарласан УИХ-ын дарга асан Занданшатар, МУ -ын газар нутаг харийн мэдэлд очсон тухай хэвлэл мэдээллээр зарласан МУ-ын ерөнхийлөгч асан Х.Б нарын хэлсэн үгийг би эх сурвалж болгон ашигласан. Эдгээр мэдээлэл илт худал эсэхийг тэд батлах ёстой гэж би бодож байна. Миний өгсөн нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй асуудал. ЭМЯ-ны сайдын тушаалууд, Х.Б, З нарын олон нийтэд тараасан мэдээ мэдээллийн бичлэгүүд байсаар байтал огт байхгүй мэтээр үл тоосон. МУ-ын газар нутгийн 25 хувь нь лиценз нэрээр харийн мэдэлд ОЧсоныг нотолсон Оюуны өмчийн патенттай материалыг өгсөөр байтал нотлох баримтаар үнэлсэнгүй. Намайг эхлээд худал мэдээ тараагаад, дараа нь түүнийгээ үнэн болгохоор олон тийшээ албан бичгүүд өгсөн гэсэн. Хэрэг болсон гэж үзэж буй 2022.08.03-ны өдрөөс өмнө ЭМЯ-нд, МАН-ын даргад, ДЭМБ-ын суурин төлөөлөгчид өгсөн албан бичгүүдийг шүүхэд өгсөөр байтал ийм илт худал дүгнэлт хийсэн. С.Ч бид 2-ын хувьд үгсэн хуйвалдаж, төлөвлөж, тохирч, ажил үүргээ хуваарилж авах гэх мэт гэмт хэрэгт хамтран үйлдэх процессууд алга байхад хуулийн 29.2-р зүйлийн 2-т зааснаар гэмт хэргийг хамтран үйлдэгч гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй. Үзэл бодолтой байх, түүнийгээ тайван замаар илэрхийлэх эрх нь МУ-ын Үндсэн хуульд байсаар байтал аливаа нэг асуудал дээр үзэл бодол нэгдэх нь хам хэрэгтэн болгох үндэслэл болж болохгүй гэж бодож байна. Иймээс мөн хуулийн 32.4-р зүйлийн 2.3-т заасан хэргийг нэгтгэх, тусгаарлах талаар үндэслэлтэй, зөв шийдвэр гараагүй гэж үзэж байна. Зөвхөн С.Чгийн шүүгчийн нэр төрд халдсан гэх тусдаа хэрэгт хэт ач холбогдол өгөөд тэр хэрэгт хамааралгүй Б.Б би гэмт хэргийн хамтрагчаар зүйлчлэгдэж хилсээр яллагдаж байна гэж бодож байна. С.Ч бид хоёрт холбоо хамаарал байхгүй, өөр өөрсдийн амнаас гарсан хэлсэн үгэндээ л хариуцлага хүлээж байгаа түл хам хэрэгтнээр яллаж байгааг эсэргүүцэж байна. Энэ олон процессын алдааг гаргасан мөрдөн байцаалт явуулсан хэргийг хуулийн 32.4-р зүйлийн 2.5-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байсаар атал зөвхөн яллах талыг баримтлан 2.7-д зааснаар шүүхэд шилжүүлсэн нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүх хянан зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна. Иргэн хүний хувьд өөрийнхөө төр засгийн алдаа дутагдлыг шүүмжилж болохгүй гэсэн хууль байвал ял авахад гомдолгүй баймаар байна. Энэ хэрэгт олон яамдын ирүүлсэн тайлбаруудаас харахад тэднийг хохирогч гэдэг нь яаж тогтоогдсон, мөрдөгч тэдний үг өгүүлбэр болгоноор хөөцөлдөж тайлбар авсан зэрэг нь захиалгат хэрэг мэтээр харагдуулж байна. Мөрдөгч болон прокурорын зүгээс өөрийн санаачилгаар яриаг буруутган зөвхөн яллах талыг баримтлан нотолгоог цуглуулсан гэж би хардаж байна. Иймд намайг буруутгаж буй хэрэгт 2 жил шалгагдаж, буруугүй атлаа зорчих эрхээ 1 жил хязгаарлуулж хилсээр шийтгэгдэж буй намайг цагаатгаж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь тодорхой байгаа энэ хэрэгт ЭХХШТХ-ийн 39.9-р зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлчлүүлэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 тогтоолд “гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр асууж болохгүй” гэж заасан. Гэтэл Б.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан атлаа түүнийг яллагдагчаар татсан. Өөрөөр хэлбэл, Б.Б-ыг сэжиглэх үндэслэл байсан бол түүнээс гэрчийн мэдүүлэг авч болохгүй байсан. Б.Б давж заалдах гомдлоо дэлгэрэнгүй тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгөхөд авахгүй байсан талаар дурдаж байна. Б.Б, С.Ч нарыг прокурорын 1 тогтоолоор яллагдагчаар татсан. Уг нөхцөл байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Б.Б “миний түгээсэн мэдээлэл нь үндэслэлтэй, миний бие анхны эх сурвалжийг үндэслэж мэдээлсэн” гэж тайлбарлаж байна. 2 дугаар хавтаст хэргийн 135 дахь талд авагдсан Сангийн яамны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 025558 дугаар албан бичигт “Зарим олон улсын мэдээллийн сувгаар Монгол Улсыг өрийн хүндрэлд орох эрсдэлтэй гэсэн ташаа мэдээлэл олон нийтэд цацагдсан. Энэ талаар тухайн байгууллагаас тодруулахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтэлсэн болохыг мэдэгдсэн” гэж дурдагдсан байна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх асуудал яригдсан ба тус мэдээллийг Б.Б өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ ашигласан. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Б, Улсын Их Хурлын дарга Г.З нарын хэлж байсан зүйлс дурдагдаж байна. Түүнчлэн Оросын холбооны улсын ерөнхийлөгч н.Путин “вакцин тариулсан нь буруу зүйл болсон. Вакцинуудыг хурааж, болиул” гэж тайлбарласан. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Иймээс миний үйлчлүүлэгчийн түгээсэн мэдээлэл нь үндэслэлтэй. 2 дугаар хавтаст хэргийн 189 дүгээр талд авагдсан Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 309 дүгээр тогтоолд Хятадын Засгийн газраас авсан 5,000,000 ам.долларын зээлээр санхүүжүүлэх төслийн талаар дурдсан. Иймээс Монгол Улсын Засгийн газар Хятад улсаас хэд хэдэн удаа их хэмжээний зээл авсан болох нь харагдаж байна. Хэн ч үзэл бодлоо илэрхийлэхдээ аливаа мэдээллийг тоть шиг, эсхүл хуурцагт бичигдсэн бичлэг шиг нарийн давтаж тайлбарлах боломжгүй. Иймээс түүний үгэнд нэмж хачирласан асуудал байдаг. Гэхдээ миний үйлчлүүлэгч худал мэдээлэл түгээж бусдын нэр хүндэд халдаагүй. “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд тусгагдсан. Гэхдээ уг асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүг н.Өлзийсайханы 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаар тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэн. Иймд миний бие өөрийн үйлчлүүлэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С. Ч нь 2022 оны хавар Сүхбаатарын талбай дээр Монгол улсын иргэн хүнийхээ үүргээ ухамсарлан Монгол улсын өнөөгийн улс төрийн байдал болон гадаад өр төлбөр, аюулгүй байдлын тухай, эрх баригчдын буруутай үйл ажиллагааг шүүмжлэн үгээ хэлж үзэл бодлоо лайв хэлбэрээр илэрхийлснийхээ төлөө 2 cap цахим гав зүүх ялаар шийтгэсэн. Энэ цахим гав нь өдөр шөнөгүй бугуйндаа зүүдэг биеэсээ салгаж болохгүй, унтахдаа хүртэл зүүх ёстой байдаг учраас хүний эрүүл мэндэд маш хортой, үүнийг зүүсэн цоо эрүүл хүн зүрх судасны өвчтэй болсон тохиолдол бий, мөн зүүж байсан хүмүүсийг ч би мэддэг хүний хувьд, энэ нь миний эрүүл мэнд, амьд явах эрхэнд минь маш ноцтойгоор халдаж байна гэж би хувьдаа үзэж байна. Өнөөгийн 21-р зууны Ардчилсан Монгол улсад Манжийн дарлалын үе шиг энэ цахим гав нь байж боломгүй шийтгэл юм. Миний бие нь 1987 онд 7 настай байхдаа зүрхний ховдол тосгуур хоорондын цоорхой оноштойгоор нэгдсэн 3-р эмнэлгийн зүрх судасны тасагт цоорхой нөхүүлэх зүрхний хагалгаанд орсон, тэр цагаас хойш ямар нэгэн цахилгаан эдлэл болон соронзон долгионтой эд зүйлтэй ойр унтаж амарч чадахгүй зүрхний хэм алдагдах, амьсгаадах, амьсгал давчдах болсон. Металл эдлэлийн харшилтай (ээмэг, бөгж, хүзүүний гинж, бугуйвч г.м) зүүх аваас арьс улайж, бижрүүтэн загатнаж, өрөвсдөг. Мөн 2019 оны хавар цусны хорт хавдар өвчнөөр өвдөж, У.Сс улсад болон эх орондоо тасралтгүй 4 жил эмчилгээ хийлгэсний хүчинд харьцангуй сайжирсан боловч одоо хүртэл уламжлалт эм, эмчилгээ хийлгэж байна. Эрүүл мэнд нийгмийн даатгалын хуулиар хөдөлмөрийн чадвараа 80% алдсанаар тогтоогдон 4 жил нийгмийн халамжид байсан. Хэдийгээр эрүүл мэнд минь харьцангуй дээрдэж сайжирсан боловч гар утас болон, компьютер дээр олон цаг ажиллахад хүчил төрөгчийн дутагдал орж амьсгаадах, зүрх дэлсэх, дотор муухайрах, толгой өвдөх нь байнга болсон, ямар нэгэн соронзон долгионд хэт мэдрэг, зовуурьтай байдаг. Миний бие дээрх мэдээ мэдээллийг өөрийн санаанаасаа зохиосон зүйл огт байхгүй Гадаадын болон дотоодын эх сурвалжид үндэслэн дамжуулсан. Эх сурвалж болох холбогдох нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд зураг, текст, видео хэлбэрээр өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд хамааралгүй хэмээн үл хэрэгсэж, миний өөрийгөө өмгөөлөх эрхийг минь зөрчсөнд гомдолтой байна. Үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлсний төлөө миний эрүүл, амьд явах эрхийг минь ноцтойгоор зөрчиж байгаа тул цагаатгаж өгнө үү. ... Миний бие Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн. Ингэхдээ ор тас үндэсгүй, хоосон зүйл хэлээгүй. Миний бие олон улсын, гадаадын болон дотоодын хэвлэл мэдээллүүдээр цацагдсан эрх баригчдын үгийг ард түмэндээ дамжуулсан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаадын болон дотоодын эх сурвалж,  мэдээ, мэдээллүүдийг цаасан, зурган болон видео хэлбэрээр өгсөн боловч прокурор С.Болорзул “энийг чинь хэрэгт авахгүй” гээд тус баримтуудыг миний өөдөөс шидсэн. Уг асуудал 2022 оны 09 дүгээр сард болсон. Ийм асуудал нэг бус удаа болсон. Хэрэгт нотлох баримтуудыг аваагүй гэх асуудал анхан шатын шүүхэд ч тохиолдсон. Миний бие уг асуудалд маш их гомдолтой, хуулийг маш ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Мөн миний бие надад холбогдуулж гомдол гаргасан хүмүүсийн царайг хараагүй. Нэг удаа уулзаж, мэндэлж, царай царайгаа хараагүй хүмүүс надад холбогдуулж гомдол гаргасан. Хүмүүсийн үнэн, худал нь мэдэгдэхгүй бичиж өгсөн зүйлд үндэслэж бусдыг яллаж болохгүй гэж үзэж байна. Би тэр хүмүүсийг хармаар, мэдмээр байна. Анхан шатны шүүх тэр хүмүүсийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, “оролцохгүй байж болно” гээд орхисон. Гуравдугаарт, Б.Б бид хоёрт 2022 оны 08 дугаар сараас хилийн хориг тавиад 2 жил гаруй хугацаа өнгөрчээ. Хилийн хориг тавих нь ялын нэг хэлбэр. Миний бие 2019 онд цусны хорт хавдар өвчнөөр өвдөж, энэ хугацаанд У.С-с, Монгол улсад эмчилгээ хийлгэж байсан. Миний эмчилгээ тасалдсан. Үүнийхээ горыг амсаад байнгын хавантай явж байна. Тэгэхээр хилийн хориг тавих нь бас нэг ялын хэлбэр шүү дээ. Дөрөвдүгээрт, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг гэсэн. Энэ хэрэг 2022 оны 08 дугаар сард үүссэн боловч өнөөдрийг хүртэл 2 жил хагсын хугацаа өнгөрсөн байна. Гэтэл нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Энгийн иргэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусдаггүй, эрх мэдэлтэй хүмүүсийн улс орноо тонон дээрэмдсэн, хулгай хийсэн хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчихдаг. Энэ асуудлыг миний бие шүүх, прокурорын буруу гэж иргэн хүний хувьд харж байна. Хуулийн байгууллага эрх баригчдын хүслийг гүйцэлдүүлдэг гэдгийг би биш, Монголын ард түмэн болон дэлхий нийт нотолсон. Нэгдсэн үндэсний байгууллагын Хүний эрхийн ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сард дүгнэлт гаргасан. Монгол Улсад хийгдсэн баривчлах ажиллагааны 98 хувь нь хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн ажлын хэсэг дүгнэсэн. Уг дүгнэлттэй миний бие 100 хувь санал нийлж байна. Хэрэгт миний “Монгол улс газар нутаггүй боллоо” гэж хэсэн талаар баримтууд авагдсан. Би энэ талаарх нотлох баримтуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Уг баримтуудад 43 минутын 13 төрлийн гадаадын болон дотоодын бичлэг байгаа. Тус бичлэгүүдэд Энэтхэгийн “Вионевс”, Японы “Эн Эч Ки”, Тайванийн “И Би Эс”, Америкийн “ВВС”, “Эн Си Эн Эйч”, Оросын “Эйр Тв” зэрэг үндэсний телевизүүдийн болон Монголын телевизүүдийн мэдээлэл багтсан. Уг мэдээллүүдэд “650,000 квадрат километр газар нутагтай, 22,000,000 хүн амтай Шри Ланка улс 2022 оны 04 дүгээр сард гадаад өр, зээлээс болж дампуурлаа зарлаж, 2017 онд Хятад улс болох хойд хөршдөө 99 жилийн хугацаатайгаар “Хамбантонта” боомтоо алдаж, улмаар 2022 оны 04 дүгээр сард үндсэн төв арал улс болох 65,000 километр квадрат газар нутгаа 99 сая жилийн хугацаанд алдчихсан. Тус газарт Хятад улс цэргийн баазаа байгуулсан” гэж байсан. Уг мэдээллийг та бүхэн хаанаас ч хайсан гарч ирнэ. Дэлхийн хөгжлийн төв, олон улсын судалгааны байгууллагаас жил болгон мэдээ гаргадаг. Би энэ байгууллагын мэдээг 2017 оноос эхэлж үзсэн. Тус мэдээнд улсуудын гадаадын өр, зээл болон эрсдэлийг тооцсон байсан. Хятад улсын явуулж буй “Бүс ба зам” төсөл нь 21 дүгээр зууны торгоны зам буюу манай эрх баригчдын ярьдгаар шинэ сэргэлтийн бодлого юм. Уг төсөл нь дэлхийд 5 зам, эдийн засгийн 6 коридортойгоор дэлхийн 5 тивийг хамарсан төсөл юм. Уг төслийн дагуу боловсрол болон эрүүл мэндийн салбараас бусад бүх салбарт хөрөнгө оруулдаг. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц, зам гүүр, тээвэр, эрчим хүч, үйлдвэр технологи гээд бүх зүйлийг хийж байгаа. Уг төслийг тухайн улсын зөвхөн Засгийн газар, 5 эрх баригч л мэддэг. Уг мэдээг Тайванийн болон Америкийн телевизүүд дамжуулсныг миний бие хэвлэлийн бага хурлын үеэр үзүүлэн хийж, ярьсан. Хэрэгт Монгол улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Бээжингийн өвлийн олимпод явж ирэхдээ “Нутаг.мн”-д өгсөн ярилцлага нотлох баримтаар авагдсан. Монгол улсын Ерөнхий сайд Л.О “ирэх намар Улсын Их Хуралыг тарааж, 2023 онд Монгол Улс дампуурлаа зарлана” гэж, мөн оны 05 дугаар сард Улсын Их Хурлын дарга Г.З “Монгол Улс гадаад өр, зээлээ төлж чадахгүйгээсээ болж 2030 он гэхэд бид эх орноосоо хөөгдөнө” гэж, мөн онд Сангийн сайд н.Жавхлан “гадаад өр, зээлээс болж Монгол Улсын үндэсний аюулгүй байдал асуудалд орж байна” гэж хэлж байсан. Түүнчлэн энэ асуудлыг Улсын Их Хурлын гишүүн н.Д, н.Г, н.Д нарын 7, 8 гишүүд ярьж байсан. Миний бие тэдний хэлсэн бүх үг, яриануудыг зургаар болон бичлэгээр гаргаж өгсөн. Гэтэл яллах дүгнэлтэд “ямар ч ор үндэсгүй, гүтгэсэн, зохиож ярьсан” гэж дурдагдсан. Тавдугаарт, вакцины талаар асуудал яригддаг. Бидний хэдэн ээжүүд нийлж 2021 он болон 2022 оноос Эрүүл мэндийн яамнаас вакцины үр дүнгийн тайлан, судалгааг шаардсан. Гэтэл өнөөдөр вакцины талаар санхүүгийн тайлан, үр дүнгийн шинжилгээ байхгүй байна. Вакцины асуудал дэлхий дахинд яригдаж байна. Хэдэн хоногийн өмнө Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч Доналд Трамп “Америк улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарч, хөрөнгө оруулалтаа татлаа. “Файзер” болон “Астра Зенека” вакцины эздийн бүрэн эрхийг хязгаарлаж, шалгалт явуулна” гэж зарласан. Б.Б бид нарыг вакцин, өр зээлийн асуудлаар яллаж болно. Та нар угаасаа яллах захиалга авчихсан байгаа. ...” гэв.

Шүүгдэгч С.Ч-гийн өмгөөлөгч Ц.Оюунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие С.Ч-гийн өмнөөс уучлалт хүсэж байна. Шүүгдэгч нар эх орон, газар шороо, Монгол Улсын төлөө олон сар, жил гудамжинд тэмцсэн эх оронч хүмүүс. Хэтэрхий бухимдалтай байгаа болохоор асуудал болгон дээр бухимдлаа илэрхийлчихдэг юм. Уг асуудлыг уучилж, ойлгож хандахыг хүсье. Миний үйлчлүүлэгч талбай дээр 90 хоносон, дараа нь 3 жил шалгагдсан. Мөрдөн шалгах ажиллагаа шударга явагдаагүй, нотлох баримтуудыг тал бүрээс нь шалгаагүй. С.Ч Монгол Улс өрөнд орсон талаар “өрийн байдал нь Монголын нийгэмд аюултай төдийгүй дэлхий нийтийн анхаарал татсан ийм зүйл болсон” гэж ярьсан. С.Ч нь У.С-с улсад ажиллаж байсан, нягтлан бодох мэргэжилтэй, англи, У.С-с хэлтэй, дэлхий нийтийн мэдээллийг авах чадвартай хүн. Тэрээр эх орон, газар шороондоо сэтгэл, зүрхээ зориулсан болохыг ойлгож, олж харахыг хүсэж байна. Хэн нэгэн хүний нэр төрд халдсан асуудал байхгүй. Монгол Улс өрөнд баригдсан гэдгийг Монгол Улсын Засгийн газрын эрх бүхий албан тушаалтан буюу Ерөнхий сайд, Сангийн сайд, Улсын Их хурлын дарга, гишүүд нар зарласан. Энэ асуудал хэрэгт баримтаар авагдсан. Миний үйлчлүүлэгч гарцаагүй, үндэслэлтэй, эрх бүхий албан тушаалтнууд зөвшөөрсөн зүйлийг давтаж, өөрийн үгээр илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-т заасан эрхээ эдэлсэн. Гэтэл түүний үйлдлийг хэт гуйвуулж, мөрдөгч, прокурор нар том алдаа гаргасан. Ямар учраас Засгийн газрыг шүүмжилсэн хүн гэмт хэрэгтэн болсныг ойлгохгүй байна. Ийм асуудал байж болохгүй. Эрүүл мэндийн яам, Сангийн яам “манай яамны нэр хүнд хохирсон” гэсэн тамгатай бичиг гаргаж өгсөн. Гэтэл тийм зүйл байхгүй. Бодит  асуудлыг Ерөнхий сайд, Сангийн сайд нар хүлээн зөвшөөрсөн. Иймээс илт худал мэдээлэл гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар бодит үнэнийг, хүмүүсийн 90 хоног талбай дээр ярьсан зүйлийг 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр давтаж хэлсэн. Шүүгдэгч нарын яриаг “Халуун цуст Мөн гол чууд” гэх тэдэнд хамааралгүй пэйж хуудаснаас цацсан. Буруутгагдах ёстой хүмүүс нь уг бичлэгийг олон нийтэд тараасан хэвлэл мэдээллийн байгууллага байх ёстой. Гэтэл миний үйлчлүүлэгчийг буруутгаж, ял шийтгэсэн. Миний бие шударга ёс, хууль дээдлэх ёсыг баримталдаг хүний хувьд шүүгдэгч нарын хэлсэн зүйл худал биш болохыг онцгойлон хэлье. Хоёрдугаарт, анхдагч биш. Тагнуул, цагдаагийн байгууллагууд бүх бичлэгийг хийсэн. 45 хоногийн бичлэг байгаа. Уг бичлэгийн нэгийг ч мөрдөн байцаах алба, прокурорын байгууллага аваагүй. Миний үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн баримтыг хүлээж авахгүй байсаар шүүхийн шатанд авсан. Миний үйлчлүүлэгчийн хэлсэн зүйлд худал байхгүй, тэрээр хүний нэр төрд халдаагүй, зүгээр л Монгол Улсын Засгийн газрыг өрийн асуудлаар шүүмжилсэн. Уг асуудал нь бүх түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн учраас миний үйлчлүүлэгчийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй. Түүнчлэн миний үйлчлүүлэгчид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй, тэрээр хэвлэл мэдээллийн сайт, сонин сэтгүүл эрхлэн гаргадаг компанигүй. Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаадгаж өгөхийг хүсье. Хохирогч Ц.О, У.С нарын талаарх мэдээллийг фейсбүүк хуудаст нийтэлсэн тухай асуудал яригддаг. С.Ч тэдний талаар бичсэн нийтлэл дээр 2 үг нэмж бичин хуваалцсан. Гэтэл уг нийтлэлийг хэн анх фейсбүүкт нийтэлснийг шалгаж тогтоогоогүй, зөвхөн С.Ч-г ялласан. Монгол Улсын хууль, хяналтын байгууллагад алдаа байдаг боловч хараат бус шүүх бий. Иймээс миний бие энэ асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэл төгс байна. Дээрх нийтлэлд 2 үг нэмж бичсэн асуудал байдаг. Гэхдээ хууль хүн бүрд адил, тэгш үйлчлэх ёстой. Ямар учраас прокурор 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр болсон асуудлыг 2025 онд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, С.Ч-г цагаатгаж өгнө үү. С.Ч-гийн эцэг нь цус харвасан, байнгын хэвтэрт байдаг бөгөөд эх нь зүрхний стент тавиулахаар байнгын сахиуртай байгаа. Уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шударга, сайн санааны үүднээс олон нийтдээ хандаж хэлсэн үгийг ял, зэм болгож болохгүй. Хуулийн байгууллага хүнлэг, шударга, зарчимч шийдвэр гарах үүрэгтэй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхаарч үзнэ үү гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-т бусдын нэр хүндэд халдсан гэх үйлдэл нь илт худал мэдээлэл байхыг шаарддаг. Гэтэл С.Ч 2022 оны 8-р сарын 03-ны өдөр тусгаар тогтнолын хөдөлгөөний хөтлөн явуулдаг фейсбүүкт “Халуун цуст, Монголчууд” гэх нэртэй пэйж хуудсаар “халуун цуст хүмүүсийг сулла!!!” гэсэн гарчиг бүхий нийт 31 минут 24 секундийн лайв бичлэг хийхдээ “Хятадаас нөгөө зээлээ авах гэж байна. Хятадаас зээлээ аваад Хятадад биднийг зараад, авсан зээлийнхээ мянганы хэдхэн хувиар бидний ганц, хоёр сарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өгч ард түмнийг хоногийн хоолтой, хоёр идүүлэхгүй байлгаж байгаад зугтаад явна..” 2022 оны 08-р сарын 08-ны өдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлын үед өгсөн ярилцлагадаа бүс ба зам төслийн олон төрлийн гэрээ байгаа үүнээс хоёр гэрээг би яръя. Энэ нь юу гэсэн ямар нэгэн гэрээг цаг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд гэрээг үтэр түргэн цуцалж өнгөрсөн болон олон жилийн турш өгсөн бүх зээлийг нэг дор буцаан эргүүлэн төлөх шаардлагатай гэсэн нэг заалт байгаа. Энэхүү заалтыг биелүүлж чадахгүй бол дараагийн заалт нь энэ нэг дор төлбөрөө эргүүлэн төлөх боломжгүй бол гэрээнд заасны дагуу газар нутгаа барьцаанд тавьсан байгаа, тэр газар нутгийг нь 100 хувь алдана гэсэн үг. Нэг ёсондоо газар нутгаа алдаад Хятад улсын газар нутагт амьдарна гэсэн үг 2022 оны 08-р сарын 08-нд “ Тусгаар тогтнол” хөдөлгөөний байранд 15:45 минутад “Халуун Цуст Монголчууд пэйж хуудсаар “ Монголын түүхэн дэх ХАР 2022.08.08-ны өдөр” гарчиг бүхий нийт 55 минут 22 секундийн лайв бичлэгтээ ”... Ван И Монголд ирлээ, бид нар 1 тэрбум доллароор зарагдчихсан шдээ. Зарагдчихсан, одоо бид хүний газар нутаг дээр явж байгаа шүү... Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа шүү. Бид нар тусгаар тогтнол гэдэг цаасан дээр байгаа зүйл дээр амьдарч байгаа шүү...” гэх лайв бичлэгийг хийж илт худал мэдээлэл тараасан болох нь:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08-р дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр Тусгаар тогтнол хөдөлгөөний хөтлөн явуулдаг фейсбүүкийн “Халуун цус, Монголчууд” гэх нэртэй пэйж хуудсаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан” Халуун цус хөдөлгөөний хүмүүсийг сулла!!! Гарчиг бүхий ... “ нөгөө зээлээ авах гэж байгаа юм. Энэ зээл ямар учиртай зээл вэ гэхээр гучин жилийн хугацаанд Монгол хүн бүр гучин саяын өртэй болсон”... , “...тэгэхээр тэр ямар учиртай зээл вэ гэхээр хүн болгон дээр тавин сая төгрөгийн өр нэмэгдэнэ хүмүүс ээ, зүгээр үү... хүн болгон гучин сая төгрөгийн өртэй мөртлөө дээр нь тавин сая төгрөгийн өртэйг хэвийн гэж ойлгоод сууж байна. Өр гэдэг чинь аймшигтай юм байгаа юм. Энийг одоо бид нар бодит байдлаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Танайх хоёр ам бүлтэй бол жаран саяын өртэй, Ван И ирээд явлаа танайх зуун жаран саяын өртэй болно..” Гэтэл С.Ч, Б.Б нарын олон нийтэд хүргэсэн мэдээлэл нь илт худал биш харин бодитой болох нь дараах материалуудаар хөдөлшгүй нотлогдож байна.

2022.02.27-ны өдөр Nutag.mn сайтаар Монгол улсын Ерөнхий сайд Л.О: “Ирэх намар УИХ, засгийн газрыг тарааж, 2023 онд Монгол улсын дампуурлыг зарлана”. 2022.05.09-ны өдөр ТМ Television, C1 News телевизээр УИХ-н дарга Г.З: “Өрийн буруу бодлогоос болж 2030 онд бид эх орноосоо хөөгдөж гарна шүү” 2022.05.11-ний өдөр “C1 News” телевизээр сангийн сайд Б.Жавхлан: “Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нараас болж Монгол улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрч болзошгүй.” 2018-2022 оны 5-р сарын хооронд АНУ-н BBC, Энэтхэгийн Wion News TV, Японы NHK, Тайваны ТВ ЕВС зэрэг олон улсын мэдээллээр Монгол улс Хятадын өрөнд орж байгаа тухай удаа дараа олон тооны мэдээллийг дэлхий дахинд цацсан байдаг. Ийм нөхцөлд цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж Сүхбаатар дүүргийн шүүх илт худал мэдээлэл тараасан гэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болохыг нотолж байна. Монгол улсын үндсэн хуулийн 14.1-д зааснаар “Монгол улсад оршин суугаа хүн бүр, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол ... ялгаварлан гадуурхахгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах гэмт хэргийн олон нийтэд тараасан гэдэг нь анх удаа илт худал мэдээллийг нийгэмд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ТВ, сонин бусад байдлаар хүргэсэн байхыг шаардаг байхад С.Ч, Б.Б нар Монгол төдийгүй олон улсад мэдээлэл нь олон дахин удаа дараа цацагдаж дэлхийн болон монголын олон нийт, иргэдэд танил болсон тэр байтугай УИХ, засгийн газар, Сангийн яаманд яригдаж, төрийн тэргүүнүүд өөрсдөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж мэдээлсэн байдаг. Нөгөө талаас 2022 оны 6 дугаар сарын 14-нд анх зохион байгуулагдсан “Тусгаар тогтнол” хөдөлгөөн өөрийн “ Халуун цус, монголчууд” пэйж хуудсаар 8 дугаар сарын 02-нийг хүртэл 45 хоногийн хугацаанд өдөр бүр Хятадын тэрбум зээлийн өрийн тухай олон арван мэдээллийг олон нийтэд түгээж байсан. Гэтэл эдгээрийг гэмт хэрэг гэж үзээгүй, энэ мэдээллийг олон түмэнд хүргэж байсан хөдөлгөөний удирдагч нарыг Эрүүгийн хуулийн 19.8 дугаар зүйл буюу “Экстремист үйл ажиллагаа явуулах” гэмт хэрэг гэж ял шийтгэл оногдуулсан. С.Ч, Б.Б нар нь Тусгаар тогтнол хөдөлгөөний удирдагч нарыг баривчилсныг эсэргүүцсэн энэ талаар хөдөлгөөний сайт болон “Зууны мэдээ”-гээр эсэргүүцлээ илэрхийлж баривчилсан хүмүүсийг суллахыг шаардсан ингэхдээ олон улсад болон монголд урьд нь удаа дараа яригдсан Монгол улс өрөөнд орж дампуурах, газар нутгаа алдах аюултай болгохыг үндсэн хуулийн 16.16-д заасан “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрхээ эдэлсэн” нь нотлогдож байна. Эндээс хараат бус шударга дүгнэлт хийхэд Үндсэн хуульд заасан хүний эрхээ эдэлсний төлөө иргэдээ хэлмэгдүүлж байгаа байдал харагдаж байгаа тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэхүү алдааг залруулж С.Ч, Б.Б нарт холбогдох дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хүсэлтийг гаргаж байна. Түүнчлэн Корона өвчний вакцины асуудлаар Б.Б байр сууриа илэрхийлснийг буруу гэж үзэх үндэсгүй бөгөөд БНХАУ-н Sinopharm вакцины талаар дэлхий дахинд шүүмжлэгдэж энэ вакцинаар тариулсан хүмүүсийг АНУ, Европын холбоо өөрийн хилээр оруулахаас татгалзсан шийдвэрийг гаргаж байхад Монгол улсын иргэн өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй, С.Чг буруутгасан ялын дүгнэлт нь вакцинтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй болохыг зориуд тэмдэглэж байна. С.Ч нь Ц.О, У.С нартай холбоотой цахимаар тавигдсан мэдээллийг хуулбарлан өөрийн цахим хаягтаа байршуулсан нь нэгэнт олон нийтэд тараагдсан, иргэдэд хүрсэн мэдээллийг хуваалцсан, дэмжсэн байдалтай байгаа нь илт худал мэдээллийг тараасан гэж үзэх үндэслэлгүй болохыг нотолж байна. Илт худал мэдээлэл тараасан нь үйлдэл нь анхдагч байх, энэхүү мэдээллээ олон нийтэд эхлэн хүргэсэн байхыг шаарддаг байхад цахим сайт дээр байсан мэдээллийг дэмжсэн, хуваалцсан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй болохыг харуулж байна. С.Ч нь цусны хорт хавдар өвчинтэй, байнгын группт байгаа ямарваа нэгэн металл эдлэл зүйлийг өөрийн биедээ хүргэх боломжгүй харшил үүсэх, биеэнд нь гаж нөлөө үзүүлэх аюултай. Аав Б.С цус харвасан хэвтэрт, эх Х.М Улаанбаатарт эмнэлэгт бусдын асрамжид байх шаардлагатай нөхцөлд зорчих хэргийг хязгаарлах, “гав зүүх” ялыг оногдуулах боломжгүй юм. Иймд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндсэн хуульд заасан хүний эрхээ эдэлж үзэл бодлоо илэрхийлсэн С.Ч, Б.Б нарын холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/847 дугаартай тогтоолыг хүчингүй болгож эдгээр хүмүүсийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн хөөн хэлэлцэх хугацааны тухай асуудал яригдаж байна. 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрөөс 23-ны өдөрт гэмт хэрэг үйлдэгдсэн бөгөөд яллах дүгнэлтэд  2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэж гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж заасан. Иймээс 2022 оны 09 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэж, холбогдох этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан. Иймээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх асуудал яригдахгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч хуульч хүний хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг ярьж байгаа нь зохимжгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт, шүүгдэгч нар “2022 оны 08 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд бидний эрхийг хязгаарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай, мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй, прокурор хяналтаа зөв хэрэгжүүлээгүй” гэж ярьж байна. Хэрэг 2022 оны 08 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэж, хууль заасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Ч мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан. Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэн. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Иймээс мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэл тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл, С.Ч нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, яллагдагчаар мэдүүлэг өгснийхөө дараа мөрдөн шалгах ажиллагаанаас санаатайгаар оргон зайлсан нь тэрээр өөрийн эрх зүйн байдлыг дордуулж, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах үндэслэл болсон. Гуравдугаарт, шүүгдэгч С.Ч “миний бие прокурор нотлох баримтаа гаргаж өгөхөд тэрээр миний гаргасан баримтыг урдаас шидсэн” гэж тайлбарлаж байна. Гэтэл тийм зүйл болоогүй. Хэрэв ийм асуудал үүссэн бол С.Ч нь дээд шатны прокурор, бусад холбогдох байгууллагуудад хандаж уг асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Иймээс нотлох баримт аваагүй, урдаас шидсэн гэх асуудал нь худал болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хууль тогтоогчийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангид 13.14 дүгээр зүйл буюу “Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр хуульчилсан. Уг гэмт хэргийн шинж нь зарим тохиолдолд тодорхой үйл баримт болсон, үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой, үндэслэл бүхий боловч хүний нэр төр, алдар хүндийг гутаасан, бодит байдлыг гуйвуулсан, бүрэн бус алдаатай мэдээллийг хийснээр хангагдана. Энэ гэмт хэрэг нь ямар нэгэн байдлаар хохирол, хор уршиг шаардахгүй, бусдын нэр хүндэд халдсан худал мэдээлэл тарааснаар төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж, шүүх хуралдааныг прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, “яллах дүгнэлтэд тусгагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн” хэмээн үзэж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хэдийгээр шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-т заасан эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн” гэж ярьдаг боловч тус хуульд үзэл бодлоо илэрхийлэх явцдаа бусдын нэр төр, алдар хүндэд халдахгүй байх үүргийг тусгасан. Иймээс аливаа этгээд өөрийн эрхийг эдлэх явцдаа бусдын нэр төр, алдар хүндийг гутаах ёсгүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “энэ асуудал 45 хоногийн хугацаанд Сүхбаатарын талбайд яригдсан боловч анхны эх сурвалж нь С.Ч, Б.Б байсан мэтээр ялласан” гэж тайлбарласан. Гэвч 45 хоногийн хугацаанд ярьсан гэх асуудал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймээс уг асуудлыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. Хэргийн бүх ажиллагааг хянахад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэж заасан ба мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүргийг тодорхойлсон болно.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай бус харин илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг ойлговол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.

Дээрх зохицуулалтаар зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсэгт зүйлчилсэн болон шүүгчийн захирамжаар шүүхэд шилжүүлсэн хэрэг, хүний хувьд л шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй.

Шүүгдэгч С.Чг үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “Тусгаар тогтнол хөдөлгөөний хөтлөн явуулдаг, фейсбүүкийн “Халуун цус, Мөн_Голч_ууд” гэх нэртэй пэйж хуудсаар “Халуун цус хөдөлгөөний хүмүүсийг сулла!!!” гэсэн гарчиг бүхий нийт 31 минут 24 секундийн лайв бичлэг хийхдээ “...Хятадаас нөгөө зээлээ авах гэж байна. Хятадаас зээлээ аваад Хятадад биднийг зараад, авсан зээлийнхээ мянганы хэдхэн хувиар бидний ганц, хоёр сарын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өгч ард түмнийг хоногийн хоолтой, хоёр идүүлэхгүй байлгаж байгаад зугтаад явна...” гэж,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 08 цагт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс тус хөдөлгөөний залуучуудыг баривчилсан асуудлаар мэдээлэл хийж байна” гэх гарчигтай” хийсэн хэвлэлийн бага хурлын үед өгсөн ярилцлагадаа: "...бус зам төслийн олон төрлийн гэрээ байгаа, үүнээс хамгийн чухал 2 гэрээг би ярья. Энэ Хятад Улсын Засгийн газар тухайн Улсын Засгийн газартай хийдэг гэрээ байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл ямар нэгэн гэрээг цаг хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд гэрээг үтэр түргэн цуцалж өнгөрсөн болон олон жилийн турш өгсөн бүх зээлийг нэг дор буцаан эргүүлэн төлөх шаардлагатай гэсэн нэг заалт байгаа. Энэхүү заалтыг биелүүлж чадахгүй бол дараагийн заалт нь энэ нэг дор төлбөрөө эргүүлэн төлөх боломжгүй бол гэрээнд заасны дагуу газар нутгаа барьцаанд тавьсан байгаа, тэр газар нутгийг нь 100 хувь буцааж булааж авна гэсэн байгаа. Энэ гэрээнд авагдаад тухайн газар нутаг дээр баригдсан Хятад улсын зээлээр баригдсан төслүүд, бүх л бүтээн байгуулалтууд, бүхий л дэд бүтцүүдийг Хятад улс өөрийн эрх мэдэлдээ авч шаардлагатай тохиолдолд авна. Нэг ёсондоо газар нутгаа алдаад Хятад улсын газар нутагт амьдарна гэсэн үг...” гэж,

2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тусгаар тогтнол” хөдөлгөөний байранд 15:45 минутад “Халуун Цуст Мөн_Голч_ууд фэйж хуудсаар “Монголын түүхэн дэх ХАР 2022.8.08-ны өдөр” гарчиг бүхий нийт 55 минут 22 секундийн лайв бичлэгтээ “...Ван И Монголд ирлээ, бид нар 1 тэрбум доллароор зарагдчихсан ш дээ. Зарагдчихсан, одоо бид хүний газар нутаг дээр явж байгаа шүү..., ...Хятадын газар нутаг дээр амьдарч байгаа шүү. Бид нар тусгаар тогтнол гэдэг цаасан дээр байгаа зүйл дээр амьдарч байгаа шүү....” гэсэн лайв бичлэгийг хийсэн,

2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн “Sanjaajamts Chimgee” гэх нэртэй фейсбүүк хаягаасаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Ц.О, түүний гэр бүл Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор У.С нарын гэрэл зургийг байршуулан “..Энэ бол Мөнхбаяр ахыг ялласан прокурор, эхнэр нөхөр хоёулаа прокурор хүний адаг хогийн амьтад гэм буруугүй хүмүүсийг захиалгаар ялалдаг” гэсэн постыг фейсбүүк цахим орчинд бичиж, иргэн Ц.О, У.С нарын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Быг үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбай дээр Тусгаар тогтнол хөдөлгөөний хөтлөн явуулдаг фейсбүүкийн “Халуун цус, Мөн_Голч_ууд” гэх нэртэй пэйж хуудсаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан “Халуун цус хөдөлгөөний хүмүүсийг сулла!!!" гэсэн гарчиг бүхий...”нөгөө зээлээ авах гэж байгаа юм. Энэ зээл ямар учиртай зээл вэ гэхээр гучин жилийн хугацаанд Монгол хүн бүр гучин саяын өртэй болсон...”, “...тэгэхээр тэр ямар учиртай зээл вэ гэхээр хүн болгон дээр тавин сая төгрөгийн өр нэмэгдэнэ хүмүүс ээ, зүгээр үү...хүн болгон гучин сая төгрөгийн өртэй мөртлөө дээр нь тавин сая төгрөгийн өртэйг хэвийн гэж ойлгоод сууж байна. Өр гэдэг чинь аймшигтай юм байгаа юм. Энийг одоо бид нар бодит байдлаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Танайх хоёр ам бүлтэй бол жаран саяын өртэй, Ван И ирээд явлаа танайх зуун жаран саяын өртэй болно...” гэсэн лайв бичлэг хийж,

2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин “Гoo Гоо” нэртэй фейсбүүк пэйж хуудсаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан,.“..хүн амыг энэ бактерлогийн дайн, вакцинаар геноцид хийж алж байгаа асуудлаа зогсоогооч ээ...”, “...Монгол Улсын газар нутгийг газаргүй болгож байна, энэ 6.2 хуулиар энэ уул уурхайн асуудлаар, энэ газар нутгийг дамлан наймаалж байгаа энэ наймаагаар, маш олон байдлаар Монгол Улсын газар нутгийг газаргүй болгож байна........Монгол улсын газар нутгийг барьцаалан зээл авч байгаа, 50 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний зээл..., Монгол улсын иргэн бүрд 50 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг авч болохгүй, энэ зээлийг авах юм бол Монгол улс тэр чигээрээ эзлэгдэнэ, өөрийн бодлогоор эзлэгдэнэ...”, Монгол улсын хамгийн, бидний үндсэн хүнс болох махыг Хятадуудын гарц өгсөн, тэгээд дээр нь биднийг тэр чигээрээ малгүй болгохын тулд бэлчээр гэдэг бодлогыг явуулж байгаа, бэлчээрийн хувьчлал гэдэг бодлого бол Монгол улсыг малгүй, малчингүй, Монгол улсыг тэр чигээр нь махгүй болгож байгаа ийм бодлого байгаа юм аа..” гэсэн лайв бичлэгийг тус тус хийж Монгол Улсын Засгийн газрын ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангасан гэж прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнээс хальсан дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.Ч, Б.Б нарын үйлдлийг хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үү, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх үү гэдэгт эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэр бүхий иргэний мэдээллийн дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг тус тус зөрсөн эсэх талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна[1].

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3-т “..тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол.” гэж,

 мөн хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж хуульчилсан.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гарснаар тухайн хууль, зарлиг, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ болон тэдгээрийн холбогдох зүйл, заалтын үйлчилгээ нь Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл түдгэлзэнэ. Түдгэлзүүлж эхлэх хугацааг Цэц дүгнэлтдээ тусгайлан заана.” гэж заасан.

 

Гэвч Үндсэн хуулийн цэцэд үүссэн маргааныг цэц хянан шийдвэрлээгүй байхад анхан шатны шүүх зохих байгууллагаас тодруулга авалгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийг зөрсөн гэж үзнэ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/847 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.Ч, Б.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг ОЧтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/847 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Ч, Б.Б нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг ОЧтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

 

                       ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                                       Д.МӨНХӨӨ

 

1.https://www.conscourt.gov.mn/?p=10899