Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, Теди төвд гар утасны засварчин ажилтай, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин хотхоны 6-60 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй  /РД:УЦ91111315/, Боржигон овогт Батбаярын Цод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1805021770503 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар  сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Б.Ц  2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 11а байрны 56 тоотод Н.Хэнмэдэхтэй маргалдах үедээ иргэн Г.Згийн эзэмшлийн түрүүвч, халтар манан хөөрөг, ipone 5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг цонхоор шидэн хууль бусаар гэмтээсний улмаас 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирогчид 860.000 төгрөг,  ipone 5 маркийн гар утасны хамт өгсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.З мөрдөн байцаалтанд2018 оны 4 дүгээр сарын 15-нд өөрийн төрсөн эгч болох Заяагийн гэрт хонож байхад 01 цагийн орчимд манай нагац дүү болох Хэнмэдэх над руу гар утсаар танихгүй хүний дугаараас залгаад та хүрээд ир Цогтоо согтуу ирчихсэн байна гэж хэлэхээр нь би эгч Заяаг дагуулаад гэрийнхээ орцны үүдээр ороод ирэхэд орцон дотор миний дүү Хэнмэдэх  жижүүрийн өрөөнөөс гараад ирсэн. Тэгэхээр нь зүгээр үү гэж асуугаад лифтний хаалганы урд дээш гарах гээд лифт хүлээгээд зогсож байхад Ц доош 1 давхарт лифтээр бууж ирж таарахаар нь дагуулаад дээш 10 давхарт гарч гэрийнхээ үүдэнд очиход манай гэрийн хаалганы бариул эвдэрчихсэн байхаар нь яваад ороход өлгүүрт байсан хувцаснууд байхгүй, шалан дээгүүр хувцаснууд тараагаад тавьчихсан байхаар нь цааш яваад очиход бурханы тавиур дээр  байсан хөөрөг, бурханы эд зүйлс байхгүй болчихсон цонх онгорхой байсан. Тэгээд цонхны тавцан дээр тавьсан түрүүвчээ санаад очиж үзэхэд байхгүй болчихсон байхаар нь эд нарыг яасан юм бэ гэж Хэнмэдэхээс асуухад Цогоо цонхоор гаргаад шидчихсэн гэж хэлсэн”  /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

“...гар утсыг 250.000 төгрөгөөр үнэлнэ, гар утсыг Ц эвдэлчихээд өөрөө авч өгсөн байсан гар утас. Гар цүнх, гоо сайхны цүнх зэрэг эд зүйлүүдийг үнэлэхгүй. Өлгүүрт байсан миний хавар намрын пальтог 2 жилийн өмнө 70.000 төгрөгөөр худалдан авч байсан ноолууран цамц 30.000 төгрөг, манай эгч өгч байсан, нөхрийн малгайтай ноосон цамц  30.000 төгрөгөөр үнэлнэ. Энэ хувцаснуудыг орцонд хаяад шээсэн байсныг хаясан. Хаалганы цоожийг бариултай нь эвдэлсэн байсан үнийг нь 45000 төгрөгөөр үнэлнэ. Хувцас хатаагч 30.000 төгрөгөөр худалдан аваад удаагүй байгаа. Миний сувдан загасан хэтэвч 200.000 төгрөгөөр үнэлнэ” /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Н.Хэнмэдэх мөрдөн байцаалтанд “Би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд...гэр рүүгээ орох гээд алхаж явах замд Ц пиво авч уумаар байна гэж хэлэхээр нь би дэлгүүр хаачихсан байна одоо болно гэж хэлээд гэртээ оруулсан. Тэгээд Ц гэрт ороод орон дээр хэвтэж байгаад буцаж босож  ирээд би явлаа гээд гутлаа өмсөөд гараад явахаар нь би чимээгүй гаргаад явуулчихсан тэгээд удалгүй буцаж хаалга тогшиж гаднаас орж ирээд чи намайг ингээд явуулчихаж байгаа юм уу чиний сэтгэл чинь хаана байгаа юм бэ гэж орилоод миний гар утсыг хаана байгаа юм бэ гэж асуусан. Тэгэхээр нь би юм хэлэлгүй хараад тайвшрахыг хүлээж байтал цонхны тавцан дээр байсан гар утсыг олж хараад хажууд байсан эгчийн түрийвч болон цүнхийг минь цонхоор шидчихсэн тэгэхээр нь би цонхоор толгойгоо гаргаад харахад зам дээр нэг хүн унасан түрийвч болон цүнхийг уутлаад зогсож байхаар нь би тэр хүнд цонхоор наадах чинь миний юмнууд байгаа юм та надад буцаагаад өгчих би одоо гарлаа гэж хэлэхэд тэр хүн гарч ирээд аваач гэж хэлсэн. Тэгээд би гарч очоод эргээд орцны жижүүр дээр очоод утсаараа нэг яриулчих гэж гуйгаад сууж байхад Ц  дээрээс бууж ирээд намайг цуг орьё гэж хэлээд гуйгаад зогсоод байсан. Тэгэхээр нь би эгч рүүгээ яриад дуудахад З болон Заяа эгч хоёр орж ирээд Цыг дагуулаад гэрт ороход бурханы ойр хавьд байсан эд зүйлийг бүгдийг нь аваад шидчихсэн өлгүүрт байсан хувцаснуудыг коридорт гаргаад тавьчихсан байсан” /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Ц мөрдөн байцаалтанд”...би 2018 оны 4 дүгээр сарын 14-ний орой Хэнмэдэхийн гэр рүү нь очих замдаа би хоёулаа дэлгүүрээс пиво авчихаад танайх руу орьё гэхэд Хэнмэдэх надад авахгүй зүгээр шууд орно гэж хэлэхээр нь би маргалдаад Хэнмэдэхийг дагаад гэрт нь ороод байж байхдаа яагаад пиво аваагүй юм бэ гэж хэлэхэд Хэнмэдэх над руу уурлаж дайраад бид хоёр хоорондоо маргалдаад би Хэнмэдэхийг түлхэж унагаад бурханы тавиурын хажууд байсан түрүүвч, хөөрөг, гар утас зэргийг нь цонхоор шидээд чи намайг хуурсан биздээ гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад эрүүл болчихоод эргээд уучлалт гуйх гээд ороход Хэнмэдэх хоёулаа гаръя гэж хэлсэн тэгэхээр нь би дагаж гарахад Хэнмэдэх орцны жижүүрийн өрөө рүү ороод хүнтэй утсаар ярьчихаад гарч  ирэхгүй байсан удалгүй гаднаас Хэнмэдэхийн 2 эгч орж ирээд бид 4 гэрт  нь ороод байж цагдаа ирсэн...урьд нь БНСУлсад байхад Хэнмэдэхийн утсыг үзэж байхад гар утаснаас нь өөр эрэгтэй хүнтэй үнсэлцэж тэврэлдсэн бичлэг байсан бөгөөд тэрийг ярьж эхлэхэд Хэнмэдэх уурлаж миний нүүрийг самардаж бид хоёр маргалдсан” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 46/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар /хх-ийн 48/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 50/, боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 52/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаар:

Шүүгдэгч Б.Ц  2018 оны 4 дүгээр сарын 15-нд Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хорооллын 11а байрны 56 тоотод найз Н.Хэнмэдэхтэй маргалдаж иргэн Г.Згийн эд зүйлсийг цонхоор шидэж хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Згийн”...бурханы тавиур дээр  байсан хөөрөг, бурханы эд зүйлс байхгүй болчихсон цонх онгорхой байсан. тэгээд цонхны тавцан дээр тавьсан түрүүвчээ санаад очиж үзэхэд байхгүй болчихсон байхаар нь ...Хэнмэдэхээс асуухад Цогоо цонхоор гаргаад шидчихсэн гэж хэлсэн...”  /хх-ийн 9/

гэрч Н.Хэнмэдэхийн”...цонхны тавцан дээр байсан гар утсыг олж хараад хажууд байсан эгчийн түрийвч болон цүнхийг минь цонхоор шидчихсэн...” /хх-ийн 18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.Цын мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би Хэнмэдэхийг түлхэж унагаад бурханы тавиурын хажууд байсан түрүүвч, хөөрөг, гар утас зэргийг нь цонхоор шидсэн...” /хх-ийн 29/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос Б.Цод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Цыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас Б.Цыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Г.Згаас”...би хохиролоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй” гэсэн байх тул Б.Цыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар эд зүйлсийн үнэлгээ 560.000 төгрөгөөр үнэлэгдсэн байхад Прокурор яллах дүгнэлтэндээ хохиролын хэмжээг 550.000 төгрөг гэж ташаа бичсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул Шүүх зөвтгөснийг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Б.Цыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага нөхцөл байдалд хамаарна.

 

Эдгээр нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Цод торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Цыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ДАЙРИЙЖАВ