| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00710/И |
| Дугаар | 137/ШШ2025/00634 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 137/ШШ2025/00634
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 586,561.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар хот, С дүүрэг, ..-р хороо, .. байрлах, Т ББСБ ХХК /ХХД: .., РД:.., утас:../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.С нь Т ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024 оны 01 сарын 29-ний өдөр 2091724 тоот кредид үйлчилгээний гэрээ байгуулж 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардан, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул гэрээг цуцалж, 2091724 тоот кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 462,171.38 төгрөг, үндсэн хүүнд 116,456.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,933.70 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нийт 586,561.36 төгрөгийг хариуцагч О-ийн С-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, .. тоотод оршин суух, Б овогт О-ийн С /РД: .., утас: ../ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч О.С миний бие Т ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авч байсан нь үнэн. Т ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 586,561.36 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч О.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 586,561.36 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.С нь зээлийн гэрээний үүрэгт 586,561.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 586,561.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.С нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,246.83 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 9,123.4 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,123.4 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч О.С нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б