| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 201515000435 |
| Дугаар | 2025/ДШМ/95 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.4., 22.5.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/95
2025 01 16 2025/ДШМ/95
Б.Б-, Д.Д-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Э.Ганбат, О.Санчирбал,
шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр эсэргүүцлийг үндэслэн эрүүгийн 201515000435 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Б-ын Б-, 1990 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, (РД:...),
2. Ш овгийн Д-ийн Д-, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга суманд оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
3. Х овгийн Б-ийн Б-, 1989 оны ... дугаар сарын ...-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, цагдаагийн байгууллагын ажилтан мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд оршин суух, ял шийтгэлгүй (РД:...),
1. Б.Б- нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 28 минут 32 секундээс 17 цаг 27 минут 44 секундийн хооронд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст бусдын гар утас, эд зүйлийг дээрэмдсэн хэргээр шалгагдахаар очсон 17 настай Ц.Г-г ажлын өрөөндөө зогсоож байхдаа толгой руу нь олон удаагийн давтамжтай цохисноос Ц.Г-г тархины хажуугийн ховдлын цус харвалтын улмаас тархины комд оруулж хүнийг алсан,
мөн Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад цолтойгоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...үйл ажиллагаа явуулах...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг тус тус хориглоно гэж заасныг зөрчиж, 2020 оны 07 дугаар сард танилцсан найз Д.Д-ын үүсгэн байгуулсан “У” нөхөрлөлийн Өвөрхангай аймгийн Т сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар нөхөн сэргээлт хийх, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх гэмт хэргийн талаарх Г-... дугаартай гомдлыг шалгах явцад тус аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б-ын хурааж авсан уул уурхайн тоног төхөөрөмжийг түүнд буцаан олгуулах, ашигтай байдлаар шийдвэрлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, мөрдөгч Б.Б-д нөлөөлж эрх бүхий албан тушаалтан шийдвэрлээгүй байхад буцаан олгуулах шийдвэрийг гаргуулсны хариуд 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Д.Д-ын эхнэр Г.Б-ын Хаан банкны ... тоот дансаар дамжуулан өөрийн эхнэр Э.Б-ийн Хаан банкны ... тоот дансаар “...” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг Д.Д-аас шилжүүлэн авч, хахууль авсан,
2. Д.Д- нь Өвөрхангай аймгийн Т сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгаж буй тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн Экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч Б.Б- нь хураасан Эл Жи-8658 Дабил би1-56 маркийн 2 ширхэг Ковш, ... УНР, ... ӨВР улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслүүдийг буцаан авах, Б.Б-д нөлөөлүүлж өөрт ашигтай байдлаар шийдвэр гаргуулах өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз тус Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Г.Б-ын Хаан банкны ... тоот дансаар дамжуулан Б.Б-гийн эхнэр Э.Б-ийн Хаан банкны ... тоот данс руу “...” гэх утгатайгаар 1,500,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн,
3. Б.Б- нь Өвөрхангай аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн Экологийн асуудал хариуцсан эрүүгийн төлөөлөгч ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2- д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “.албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг тус тус хориглоно, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8-д “Цагдаагийн алба хаагч энэ хуульд заасан ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу даруй хийж гүйцэтгэнэ”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж,
“...“У” нөхөрлөлийн ахлагч Д.Д- нь Өвөрхангай аймгийн Т сумын нутаг дэвсгэр “Хуурай сайр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох, нөхөн сэргээлт хийх үйл ажиллагаа явуулж байна...” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авч, шалгах явцдаа Д.Д-ын ашигласан Эл Жи-8658 Дабил би1-56 загварын 2 ширхэг ковшийг тус аймгийн Т сумын Цагдаагийн хэсгийн кабон байрны хашаанд түр саатуулсан, ... УНР, ... ӨВР улсын дугаартай Норд бенз загварын тээврийн хэрэгслүүдийг хураан авах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж хураан авсан атлаа техник, тээврийн хэрэгслийг эрх бүхий албан тушаалтнаас шийдвэрлээгүй байхад аман шийдвэрээр, Б.Б-гийн гуйлтаар Д.Д-т олгож, гэмт хэргийн талаарх гомдлыг шалгаж дуусган, гомдлын материалыг Өвөрхангай аймгийн Прокурорын газарт 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналтай шилжүүлэн шийдвэрлэж, албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж Б.Б-, Д.Д- нарт давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр хуулийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж,
шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Б-гийн цагдан хоригдсон нийт 389 хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Б.Б- нь оршуулгын зардалд 8,000,000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Билгүүжин бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгээгүй атлаа шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэм хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.
Тодруулбал, хүнийг алах гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас нас барах гэмт хэргээс ялган зүйчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэх зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон эсэхийг харгалзан үздэг.
Өөрөөр хэлбэл, гэмт этгээд санаатайгаар хүний эрүүл мэндэд халдаж байгаа нь гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо төстэй боловч учруулсан хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаагаар санаатай, эсхүл болгоомжгүй хандсан уу гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Мөн тухайн үед эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж, нөхцөл байсан уу, амь аврагдах боломжтой байсан эсэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад амь хохирогчийн өөрийн хандсан хандлага, үйлдэл зэргийг харгалзан үзээгүй байна.
Мөн амь хохирогч Ц.Г-д шүүгдэгч Б.Б-гийн учруулсан гэмтэл нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан ч амь аврагдах боломж маш бага байсан талаар шинжээч эмч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн ба энэ нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, няцаан үгүйсгэж чадаагүй атлаа зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
2. Прокуророос шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Б.Б-ыг 22.1 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Б.Б-г 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэхдээ ...мөрдөн байцаалтын явцад хэрэгт бэхжүүлэгдсэн, прокуророос яллах дүгнэлтэд дурдагдсан буюу шүүхийн шатанд шинжлэн судлуулсан баримтуудыг жагсаан бичиж, ...зэрэг баримтуудаар тус тус тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй, түүнчлэн дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг ...шүүгдэгч Б.Б- нь ажил үүргээ гүйцэтгэхдээ хийх ёсгүй үйлдэл хийж анхнаасаа алдаа зөрчил гаргасан боловч...техник хэрэгслийг буцаан олгосон үйлдэл нь Д.Д-, Б.Б- нарт хэрхэн, ямар давуу байдал бий болгосон нь ойлгомжгүй, тогтоогдохгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсний зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хэлбэр гэж үзэхээр байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд энэ хэрэгт уг шаардлагыг хангалгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоож шийдвэрлэсэн байх тул цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, ... саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана.” гэж заасан атал анхан шатны шүүх цагаатгах тогтоолдоо энэ талаар бичээгүй байх тул хууль ёсны шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой.
Авлигын гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой боловч албан тушаалтны хувьд үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах гэмт хэргийн шинж нь ашиг сонирхлын харилцаа үүссэн байхад үйлдэгдсэнээр хахууль авах гэмт хэргийн аль нэг шинжийг хангадаг ба Б.Б-гийн тухайд хуулиар олгогдсон албан тушаал буюу цагдаагийн газар ажилладаг эрх нөлөөг ашиглаж, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлж бусдад буюу Б.Б-д нөлөөлсөн нь гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол”, 1.3 дахь заалтад заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэж тус тус заасныг зөрчсөн буюу шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд, Д.Д- тухайн үед өөрийн техник хэрэгслээ Б.Б-д хураалгасныг буцааж авах боломжтой эсэх талаар Б.Б-гээс асуусан. Б.Б-гийн зүгээс Б.Б-д хандаж “тээврийн хэрэгслийг ямар асуудлаар хураасан, буцааж өгөх боломж байгаа талаар тодруулж асуусан баримт хэрэгт байдаг. Үүний хариуд Б.Б-аас “Хуулийн дагуу шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагын удирдлагуудад танилцуулсан. Техник хэрэгслүүдийг бичиг баримт бүрдүүлж өгсний дараа буцааж өгөх боломжтой” гэдгийг хэлсэн. Үүний дараа Т сумын Засаг даргатай байгуулсан нөхөн сэргээлт хийх тухай гэрээг өгсний үндсэнд машин, техникийг буцааж авсан. Өмгөөлөгчийн зүгээс хахууль авах гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Албан өрөөндөө бусдын амь насыг хохироох сэдэл, санаа зорилго, зорилтоор үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Цагдаагийн албан хаагч албан өрөөндөө хүн алах шаардлага байхгүй. Анхан шатны шүүхээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хүний амь нас хохирсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Б.Б-д холбогдох хэрэгт 2015 оноос өмгөөлөгчөөр ажиллаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь заалтад заасны дагуу зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Б.Б-гийн хувьд, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Энэ хэрэг олон удаа шүүхээр шийдвэрлэгдэж байсан ба гэм буруу дээрээ маргаж оролцож байсан боловч сүүлийн шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Эрүүгийн хуулийг тайлбарлаж хэрэглэхэд эргэлзээтэй байвал шүүгдэгчийн талд ашигтай шийдвэрлэнэ гэх үндэслэл, шүүхийн практикт шийдвэрлэгдсэн хэргүүдийг харгалзан үзэж энэ зүйлчлэлээр эрүүгийн хариуцлага оногдуулсан. Б.Б-г амь хохирогчийн толгойд нь цохих үйлдэл хийсэн, үүнийг яллах дүгнэлтэд олон удаагийн давтамжтай гэж үздэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад олон удаагийн давтамжтай цохисон гэх нотолгоо байдаггүй. Нэг удаагийн цохилт байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Нэг удаагийн санаа зорилго нь тухайн хүний эрх чөлөөнд халдахдаа шууд санаатай алах санаа зорилго байгаагүй. Гэмт хэргийн үйлдлийн улмаас учирсан хор уршгийн хувьд хүний амь нас хохироох гэсэн байдлаар хандаагүй боловч хор уршиг бий болсон. Учирсан гэмтлийн хувьд, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 30 минутын үед болсон. Энэ талаар камерын бичлэг, амь хохирогч цагдаагийн байгууллагаас гарч явсан нөхцөл байдлыг авч үзэж тогтоодог. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр буюу 3 хоногийн дараа нас барсан. Үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөл нь тархинд цус харвалт үүсэж, хөнгөнөөс хүнд рүү шилжсэн. Амь хохирогч тодорхой хугацаанд ухаантай, бусадтай харьцах үйлдэл хийж байсан боловч аажимдаа тархи хавагнаж, дарагдсаны улмаас хүндрэл үүсэж, 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой нас барсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Эмнэлгийн туслалцаа авсан боловч уг гэмтлийн хүндрэлээс болж нас барсан. Албан тушаалын гэмт хэргийн хувьд, Б.Б-г 1.500.000 төгрөгийн хахууль авсан гэх боловч зээл хэлбэрээр авсан. Д.Д-тай сайн найз нөхдийн харилцаатай. Д.Д-т давуу байдал олгосон талаар эрүүгийн хариуцлага хүлээх нотлох баримт тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх ямар шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн талаар тогтоох хэсэгт нэг бүр тодорхой дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйл, мөн албан тушаалын байдалтай холбогдуулан цагаатгах үндэслэлийг шийтгэх тогтоолд дурдсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нарынхаа гаргасан тайлбартай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Д.Д-ын өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар 2 удаа авч хэлэлцсэн. Нэг удаа 60 хоногийн хугацаагаар буцаасан. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Д.Д-аас өөрийн машин техникийг авахын тулд бусдад нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй гэж цагаатгасан. Тухайн цаг хугацаанд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байсан прокурор ямар бичиг баримтад үндэслэж машин, техник хураасан, буцаагдаж эзэндээ очсон бэ гэдэг талаар тодруулга авсан. Т сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллагаа хийгдэх ёстой байсан. Цаг хугацааны хувьд гэрээ хойшилсон. Гэрээ албан ёсны болсон нөхцөлд машин, техник хураах шаардлагагүй гэж үзэж буцаасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Б.Б-, Б.Б-, Д.Д- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Прокуророос шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр хуулийн 4, Д.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,
“шүүгдэгч Б.Б- нь ажил үүргээ гүйцэтгэхдээ хийх ёсгүй үйлдэл хийж алдаа зөрчил гаргасан боловч, уг хураан авах үйл ажиллагаа анхнаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд явагдаагүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, тогтоолоор хийгдээгүй нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, техник хэрэгслийг буцаан олгосон үйлдэл нь Б.Б-, Д.Д- нарт хэрхэн, ямар давуу байдал бий болгосон нь ойлгомжгүй, тогтоогдохгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй,
шүүгдэгч Б.Б-, Д.Д- нарын үйлдэл нь Б.Б-ын үйлдэлтэй холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь тодорхойлогдох ба шүүхээс Б.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангахгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэж, тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх талаар хуульчилсан.
Мөн шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заавал тусгах ба ийнхүү үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шүүгдэгчийн гэм бурууг хөдөлбөргүй тогтоох зарчимд харшлах юм.
Хэдийгээр прокуророос 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 92 дугаар тогтоолоор “У” нөхөрлөлд холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байх боловч шүүгдэгч нар ямар ашиг сонирхолтой байсан, хоорондоо хэрхэн харилцсан, мөнгөн хөрөнгө хэрхэн өгч, авалцсан талаарх яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тодорхой заалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Мөн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн байна.
Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн шинж, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.
Гэтэл амь хохирогч Ц.Г-ы нас барсан шалтгаан, түүнд шүүгдэгч Б.Б-гийн ямар үйлдэл, хэрхэн нөлөөлсөн болох, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоог хөдөлбөргүй тогтооход онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтуудад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр “талийгаач нь тархины зүүн хажуугийн ховдлын цус харвалтын улмаас гэмтлийн шалтгаантай нас барсан буюу толгойд цохих, цохигдох, доргилтын улмаас нэг болон хэд хэдэн удаагийн хүчний үйлчлэлээр тухайн гэмтэл учрах боломжтойг тогтоосон, амь хохирогчид хүнд гэмтэл учирсныг ухамсарлан ойлгосон шинж байдал шүүгдэгчид тогтоогдоогүй, улмаар гэмтэл учирсныг мэдэлгүй хугацаа алдах байдлаар хор уршиг даамжирсан, тухайн нөхцөл байдалд амь хохирогч нь орчинтойгоо харьцах чадвартай байсан тул шүүгдэгчийн амь хохирогчийг цохисон үйлдлийг хүнийг алах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэж, амь хохирогч Ц.Г-ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн үйлдэл, шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох, ялган зүйлчлэх гол хүчин зүйлс болдог.
“Хүнийг санаатай алах гэмт хэрэг” нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас тухайн хор уршиг учирч, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний улмаас үр дагавар үүссэн эсэх нөхцөлийг зайлшгүй шаарддаг.
Харин “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргүүдийн тухайд, гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож, дүгнэлт өгөх нь эдгээр гэмт хэргийг зөв зүйлчлэх үндэс болно.
Өөрөөр хэлбэл, учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирлын улмаас хохирогчид зохих эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлсэн боловч тухайн гэмтлийг даалгүй, гэмтэлтэй шууд шалтгаант холбоотойгоор нас барсан тохиолдлыг тодорхой эмчилгээ, сувилгаа үзүүлсний эцэст амь нас нь аврагдах боломжтой байсан хүн аливаа шалтгаанаар эмчлүүлэхгүй удсан, эсхүл учирсан гэмтэлтэй хавсарч архаг хууч өвчин нөлөөлсөн зэрэг шалтгаанаар хохирогч нас барсан тохиолдлоос ялгаатай бөгөөд эдгээр нөхцөл байдлууд нь хэргийн зүйлчлдэлд шууд нөлөөлдөг.
Амь хохирогч Ц.Г-гийн тархины зүүн хажуугийн ховдлын цус харвалт гэмтэл нь бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан байх тул Б.Б-г “үйлдэлдээ санаатай, хохирогчийн амь насанд болгоомжгүй хандсан, хүнийг алах гэмт хэргийн сэдэлт тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай, хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Шүүхээс гэм буруутай этгээдийн үйлдэл, санаа зорилгын талаар дүгнэлт хийхдээ хохирогч руу довтолж байх үеийн үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн сэдэлт, шалтгаан нөхцөлийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай гэм буруутай ямар үйлдэл хэрхэн холбогдож байгааг хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг тогтоох ёстой.
Иймд хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай тул прокурор Г.Билгүүжингийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Г.Билгүүжингийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 111 дүгээр эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Б-, Д.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН