| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2026/0037/З |
| Дугаар | 120/ШШ2026/0046 |
| Огноо | 2026-09-09 |
| Маргааны төрөл | Татвар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 120/ШШ2026/0046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Эрдэнэс цог жавхлан” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******,
Хариуцагч: ******* аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын Улсын байцаагч *******, *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь ******* аймгийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000035 дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар маргасан.
2. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Хариуцагч ******* аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч *******, ******* нар нь “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 1124502282 дугаар томилолтоор /эрсдэлд суурилсан / шалгалтыг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 он 07 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хийж, тус компанид нийт 384,908,867.72 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.
2.2. Нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр аваад эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гомдлыг ******* аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд 10 дугаар тогтоолоор “...Иймд татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын дүн болон хавсралтын дүнгийн аль нь зөв болохыг тодорхойлох боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь маргаан таслах зөвлөлийн магадлан судлах боломжоос хэтэрсэн байх тул...” гэж дүгнэн, маргаан бүхий актыг түдгэлзүүлж, дахин шалгуулахаар дээд шатны татварын албанд буцааж шийдвэрлэсэн байх ба Татварын ерөнхий газраас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 08/530 дугаар албан бичгээр “...татвар төлөгчийн зүгээс хяналт шалгалтад шаардлагатай баримт материалыг гаргаж ирүүлээгүйгээс татварын улсын байцаагчийн НА11250000035 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон зөрчлийг нягтлан шалгаж тодруулах боломжгүй, хуульд заасан хугацаа дуусгавар болсон, Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11, 47.12-д заасны дагуу "Эрдэнэс цог жавхлан" ХХК-ийн гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ үү...” гэсэн хариуг тус аймгийн Татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хүргүүлжээ.[1]
2.3. Нэхэмжлэгчээс анх дээрх маргаан бүхий актыг болон аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсэгт нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон, уг захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2026/0032 дугаар тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн ба мөн оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 120/ШЗ2026/0045 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, улмаар 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 221/ШЗ2026/0107 дугаар шүүгчийн захирамжаар “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэлээр захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, уг захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасны дагуу гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон.[2]
2.4. Татварын ерөнхий газрын 2026 оны 08/530 дугаар албан бичгийн дагуу ******* аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дахин хуралдан, хэлэлцээд 03 дугаар тогтоолоор[3] “...Татварын улсын байцаагчийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000035 дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж...” шийдвэрлэжээ.
2.5. Нэхэмжлэгч 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 120/ШЗ2026/0173 дугаар захирамжаар[4] нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Актынхаа зөрчил гэх асуудлыг дугаарлаж чадахгүй, өндөр төлбөрийн дүнтэй, хууль эрх зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй дурын тоо бичиж байгаад биччихсэн акт юм.
- Нөхөн ногдуулалтын актын 8-д, үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайланд 2021, 2022, 2023 онд нийт 1,6 тэрбум төгрөгийг тусгаагүй, тайлагнаагүй зөрчилтэй гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Гэтэл ямар аж ахуйн нэгж байгууллагатай ажил гүйлгээ хийсэн гээд байгаа болон нэр байхгүй. Нөхөн татвар ногдуулаагүй, шууд торгууль ноогдуулдаг. Үг, үсгийн зөрөөгүй, утга, агуулга нь ижилхэн 5 компанийн акт байдаг. Тэгэхээр үнэ шилжилтийг хийсэн эсэхийг Татварын ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд маш тодорхой заасан. Татварын ерөнхий хуулийн 40.1-д үнэ шилжилтийг тохируулга хийх дараах зарчмыг баримтална. 40.1.1-д харьцуулагдах бие даасан үнийн арга, 40.1.2-т дамжуулан борлуулах үнийн арга, 40.1.3-д өртөг дээр нэмэх арга гэх мэтчилэн 6 аргын талаар бичсэн, энэ 6 аргаас шалгалт хийсэн байцаагч нар алийг нь ч ашиглаагүй.
Хэрвээ ашигласан бол тусдаа бие даасан ажлын тайлан гаргаад ийм хэмжээний үнэ шилжилтэд ийм хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж гэж дүгнэх ёстой, үнэ шилжилт хийгээгүй, эдгээр аргуудаас алийг нь ч ашиглаагүй юм бол торгууль ногдуулахгүй, Хоёрдугаарт энэ акт нь өөрөө хууль зөрчиж байна. Ямар аж ахуйн нэгж байгууллагатай үнэ шилжилт хийгээд байгаа гэдэг нь тодорхойгүй. Ийм учраас 8 дахь хэсэг нь хууль эрх зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй. Ямар тоо хаанаас гарган тавьж бичсэн нь тодорхойгүй, үл ойлгогдох акт байгаа.
- Актын 5-д, нэмэгдсэн өртгийн албан татварын 2023 оны тайланд “Эрдэнэс цэлтэр миш” ХХК, “Өгөөж цэлтэр миш” ХХК гэх компаниудаас 160,5 сая төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнасан зөрчилтэй гэдэг, бараа материал худалдан авсан мэтээр гэдгийг нь нотлоод, бодитоор худалдан авалт хийгээгүй гэж дүгнэж байгаа болов уу гэж тааж байна. Гэтэл “Эрдэнэс цэлтэр миш” ХХК, “Өгөөж цэлтэр миш” ХХК-ыг шалгаад 160,000,000 төгрөгийн ажил гүйлгээг бодитой ажил гүйлгээ юм байна, Татварын хууль тогтоомжтой нийцсэн гээд өмнө нь дүгнэчихсэн. Хэргийн материалд энэ 2 компанийн акт байгаа тул энэ нь хөдлөшгүй баримтаар энэ актын 5 дахь хэсэгт заасан зөрчил няцаагдаж байна.
- Актын 4-т, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд “Элст хошуу” ХХК гээд 48,9 сая, “Ворлд Эруна” ХХК 67 сая, дараа нь 69 сая, 122,4 сая гээд нийт 563,9 сая төгрөгийн зөрчил илэрлээ гэдэг. Гэтэл энэ 4 дүнг нь нэмэхээр 308,4 сая төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл 255,5 сая төгрөгийг хийсвэрээр зөрчлийн дүнгээ өсгөчихсөн гэсэн үг. Ингээд 255,5 сая төгрөгийн нөхөн татвар гэхэд 25,5 сая төгрөгийн торгууль, алдангиа яаж гаргасан юм бүү мэд. Нийт дүнгээр нь хувьчилаад бодохоор үндэслэлгүйгээр энэ алдаан дээр нь 50 орчим сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги 385,000,000 төгрөг дотор нь явж байх жишээтэй. “Элст хошуу” ХХК, “Ворлд Эруна” ХХК-ийн хувьд бид нар бодитоор бараа, ажил үйлчилгээ худалдаж авсан, тус компаниудын бичсэн цахим төлбөрийн и-баримт, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэхэмжлэх, манайхаас мөнгө төлөгдсөн баримтууд гэх мэтчилэн бараа материал оруулж авсан баримтууд гэдгээр 308,000,000 төгрөг гэх гэж байгаад 563,9 сая төгрөг гээд биччихсэн. Тэгэхээр 308,000,000 төгрөг нь үндэслэлгүй. Энэ актын 2 дахь хэсэг буюу өөрсдийнх нь дугаарласнаар 3 гэж байхгүй. Энэ дээр “Ворлд Эруна” ХХК 9,000,000 төгрөг гээд тайлбар нь ижилхэн нөатын падаан, и-баримт, тухайн компанийн нэхэмжлэх, манай мөнгө төлсөн баримт байгаа.
Дээрээс нь хэргийн материалд “Ворлд Эруна” ХХК, “Элст хошуу” ХХК-г хий бичилттэй падаан бичдэг гэдгийг нотлох баримт байхгүй. Ийм учраас 2 дахь хэсэг нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Мөн актад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 574,000,000 төгрөг, 2022, 2023 онд нийт 1,2 тэрбум гэж байгаа. Ингээд 1,2 тэрбумын цахим төлбөрийн и-баримтгүй зардлыг татвар оногдох зардлаас хасах зардалд оруулан тооцсон зөрчилтэй гэж дүгнэдэг. Гэтэл энэ чинь татварын и-баримтын систем, татварын албаны и-такс систем өөрөө хиймэл оюун ухаан, программ хангамжийн тусламжтайгаар ажиллаж байгаа. Энэ систем нь и-баримтаар нотлогдоогүй тайланг хүлээж авдаггүй, дээрээс нь и-баримттай зардал байгаа гэдэг нь байцаагч нарын өөрсдийнх нь “Эрдэнэс цог жавхлан” ХХК дээр бичигдсэн актын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тооцоо гэдгээр хөдлөшгүй баримтаар нотлогдож байгаа юм. Ийм учраас 1 дэх хэсэгт заасан 1,2 тэрбумын зөрчилтэй гэдэг нь илтэд хууль бус бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй.
- Актын 6-д, 4,000,000 төгрөгийн татварыг хугацаанд нь төлөөгүй гэдэг. Энэ 4,000,000 төгрөгийн татварыг хугацаанд нь төлчихсөн. Гэтэл 30 хоног саатуулсан гэдэг боловч 30 хоног саатуулаагүй. 30 хоног гэдгээ яаж гаргаснаа хавсаргах тооцоо байхгүй. Актын тогтоох хэсэг нь хаана яаж нөхөн татвар ногдуулаад байгаа, яаж торгууль, алданги ногдуулаад байгаа нь тодорхойгүй. Тийм зүйл байхгүй гэдгээр ижил төстэй энэ компаниудын хэд хэдэн шүүх хурал орсон, энэ дээр нь шүүх дүгнээд актыг түдгэлзүүлчихсэн. Тэгэхээр энэ акт нь яг ижилхэн, үг үсгийн зөрөөгүй акт байгаа. Үндэслэлгүй 385,000,000 төгрөг гээд энэ гэр бүлд нийт 1,5 тэрбумын акт ноогдуулчихсан. Энэ маргаан таслах зөвлөл гэж байцаагч нарын актыг шууд үндэслэлтэй гэж үзэж явсанаас болоод байцаагч нар ийм үндэслэлгүй акт бичдэг зоригтой болсон байна. Үүнийг бүхэлдээ хүчингүй болгох нөхцөл нь бүрдээд ирсэн дахин шалгуулъя гэдэг шийдвэр гаргадаг. Дахин шалгуулах гээд байгаа юм биш, байцаагч нарыг буюу энэ хүмүүсийн ярьдгаар мууг нь үзэх гээд байгаа юм уу, би тэгж ойлгосон. Ийм учраас энэ акт бүхэлдээ үндэслэлгүй болох бүрэн үндэстэй, актыг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.
Монгол Улсын Ерөнхий сайдын Засгийн газар нь байгуулагдаад удалгүй 8000 аж ахуйн нэгжийн хяналт шалгалтыг зогсоосон. Яагаад зогсоосон бэ гэхээр манай компанийг жил 4 сар шалгачихсан. Тэгэхээр жил 4 сар шалгадаг шалгалт гэж Монголд битгий хэл дэлхий дээр байхгүй. Муу ч, сайн ч татвар төлөгчийн үндсэн дээр улс орны эдийн засаг явж байна. Гэтэл ингэж залхаадаг, хашраадаг. Зөрчил илрэхгүй байхаар нь удаагаад байгаа хэрэг. Түүнээс биш зөрчил байсан бол байцаагч нар аль хэдийн акт бичих байсан. Тэгээд эргүүлж, тойруулж байгаад үндсэндээ хууль эрх зүйн үндэслэлгүй, нотлох баримтгүй дурын тоо бичиж байгаад акт үйлдсэн. Хоёр дугаарт хууль бус ажиллагаа нь “Хөгжил цог жавхлан” ХХК-тай огт ажил гүйлгээ хийгээгүй байхад ажил гүйлгээ хийсэн мэтээр шүүхэд тайлбарлаж, татвар төлөгчийг мушгин гуйвуулан хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан...” гэв.
4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн[5] болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “…Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй гэж үзэж байгаа, шүүхэд өгсөн хариу тайлбартаа тодорхой бичсэн, энэ тайлбараа дэмжиж байгаа. Нөхөн ногдуулалтын актын 1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 574,181,618.12 төгрөг, 2022 онд 617,678,703.05 төгрөг, 2023 онд 35,430,560.83 төгрөг, нийт 1,227,290,882.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил гаргасан. Тус компани нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу бодитой гарсан, холбогдох бүртгэлээр баталгаажсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн нийтлэг зарчмыг хангасан, цахим төлбөрийн "И" баримтаар нотлогдсон зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулан тооцсон гэсэн хэдий ч шалгалтын явцад "И" баримтаар худалдан авалттай холбогдуулан үзэхэд зөрүүтэй байсан тул борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцох шаардлага гарсан, санхүүгийн тайлангийн бараа материалын эхний болон эцсийн үлдэгдэл, барааны татан авалт, өөрсдийн ирүүлсэн шилжүүлсэн болон хүлээн авсан барааны жагсаалтаас өртгийг тооцоход илүү тооцсон нь нотлогдоно.
Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг тооцохдоо бараа материалын эхний үлдэгдэл болон бараа материалын эцсийн үлдэгдлийг өөрсдийн гаргасан санхүүгийн тайлангаас, харин цэвэр худалдан авалтыг И баримтын системд байгаа нийт худалдан авалтын дүнгээс ашиглалтын зардал болон бусад зардлын дүнг хасаж, өөрсдийн программаас нь гаргуулан авч шилжүүлсэн барааны дүнг нэмж, хүлээн авсан барааны дүнг хасаж тооцсон.
Актын 2, 4. Тус компани нь хуурамч хий бичилттэй падаан тараагч “Уорлд-Еруна” ХХК, “Элст хошуу” ХХК-иудаас 2021 онд 9,025,181.12 төгрөг, 2022 онд 563,928,745.47 төгрөг, нийт 572,953,927.29 төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан, энэ ажил гүйлгээ нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн и баримт нягтлан бодох бүртгэлийн бараа материалын худалдан авалтын журнал зэргээр нотлогдоно гэх хэдий ч эдгээр ажил гүйлгээний төлбөрийг харилцах данснаас төлөөгүй кассаас буюу бэлэн мөнгөөр төлснөөр журналд бүртгэсэн, хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивэгдсэн, энэ падаан нь өөрөө хэдэн тоо ширхэг, ямар бараа материал татан авсан нь тодорхойгүй, бараа материалын орлого, зарлагын гүйлгээний тамга тэмдэгтэй анхан шатны баримт байхгүй, мөн хий бичилттэй падаан тараагч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаарх худалдан авалтаа импортын архи авсан гэж тайлбарладаг хэдий ч тус борлуулагч компанийн хувьд гаалийн ямарч мэдээлэлгүй, тухайн компаниуд нь хоорондоо https://tais.mta.mn/home/return/receive хаягаар и баримтын мэдээлэл, тухайн борлуулагч падаан бичилцсэн байдаг нь 2 компани нь шалгагдаж танилцуулга бичигдэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн зэрэг баримт материалаар нотлогдох тул тус илрүүлсэн зөрчлүүдийг хуулийн үндэслэлтэй.
Актын 5. Тус компани нь харилцан хамааралтай "Эрдэнэс цэлтэр миш" ХХК-иаc 2023 онд 160,454,545.45 төгрөг, "Өгөөж цэлтэр миш" ХХК-иас 2023 онд 227.27 төгрөг, нийт 160,454,772.72 төгрөгийн үнийн дүнтэй бараа материал худалдан авсан, энэ ажил гүйлгээ нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, цахим төлбөрийн и баримт нягтлан бодох бүртгэлийн бараа материалын худалдан авалтын журнал зэргээр нотлогдоно гэсэн хэдий ч тус компани нь дэлгүүрийн бараагаа салбар 2 буюу “Эрдэнэс цог жавхлан” ХХК-иас, мөн тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг гэрээт салбаруудаас татдаг, барааны борлуулалтын орлогууд нь ихэвчлэн захирал *******гийн данс болон дүү Ц.Намуун, ээж *******, аав Ц.Цогбатын нарын данс болон кассын ажилтнуудын дансаар ордог, барааны худалдан авалтын төлбөрийг төлөхдөө ихэвчлэн компанийн данснаас төлдөггүй, хувийн данснаасаа төлөлтийг хийдэг болох нь харилцах дансны хуулгаар нотлогддог.
Захирал *******гаас ирүүлсэн болон арилжааны банкнуудаас ирсэн дансны хуулгаар гарсан барааны төлбөр төлөлтийг тулгаж үзэхэд зөвхөн тус компанийнх ч биш бусад харилцан хамааралтай хуулийн этгээдүүдийн барааны үнийг шилжүүлсэн, яг ямар салбарт хамааралтай барааны төлбөр болох нь тодорхойгүй, харилцан хамааралтай этгээд хоорондоо бараа шилжүүлж, өгч авдаг гэх хэдий ч тухайн шилжүүлсэн болон хүлээн авч байгаа бараанд ямар ч төлбөр төлдөггүй болох нь харилцах дансны хуулгаар нотлогддог атал нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн байдаг.
Мөн https://tais.mta.mn/home/return/receive хаягаар тус компанийн тооцоолол болон татварын орлогын бүртгэл мэдээлэл, тайлангуудаас харахад тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаарх ногдуулалт нь ихэвчлэн бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараарх худалдан авалтаар илүү үүссэн байдаг, шалгагдах хугацааны буюу 2021.01.01-2023.12.31-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараар төлөлт байхгүй зэргээс харахад ямар ч төлбөр хийгдээгүй байхад нэмэгдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан шивсэн нь нотлогддог тул энэ илрүүлсэн зөрчлийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
Актын 6. Тус компанийн 2021-2023 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл нь 2021 оны 2,416,609.60 төгрөг, 2022 оны 5,253,302.08 төгрөг, 2023 оны 4,142,432.20 төгрөг, нийт 11,812,343.88 төгрөгийн дутуу байсан бөгөөд тайлангаарх дутууг 30 хоног хугацаа хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй байсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлд Албан татварыг өөрөө тодорхойлон ногдуулж, төсөвт төлөх, 25.2-т энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 2 сарын 10-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сард гэж тодорхой заасан хугацааг зөрчсөн нь https://tais.mta.mn/home/return/receive хаягаарх тооцоолол болон татварын орлогын бүртгэл мэдээллээс харагдах бөгөөд хяналт шалгалтын нөхөн ногдуулалтын актын хавсралт ХШ-06/02, ХШ-07 маягтаас харагдана.
“Эрдэнэс цог жавхлан” ХХК нь ******* аймгийн Татварын хэлтэст цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан татварын төрлөөр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр, Дотоодын бараа үйлчилгээний суутгасан НӨАТ-ын төрлөөр 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөр, Суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татварын төрлөөр 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр, Үнэ шилжилтийн ажил гүйлгээний тайлангийн төрлөөр 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тус тус бүртгэгдсэн мэдээлэлтэй байсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх дутууг хугацаа хожимдуулж төлсөн зөрчил буюу 2023 оны 4,142,432.20 төгрөгийн зөрчилд 124,272.97 /4,142,432.20 х 10% х 30 хоног/ төгрөгийн торгууль, 60,893.75 /4,142,432.20 х 0.049% х 30 хоног/ төгрөгийн алданги, нийт 185,166.72 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Актын 8. Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд харилцан хамааралтай этгээдийн талаар 27.1, 27.1.1, 27.2, 27.3-т тодорхой заасан байдаг бөгөөд татварын албаны https://tais.mta.mn/home/return/receive хаягаарх мэдээлэлд “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь ******* нь өөр бусад компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй, харин Ц.Цогбат болон ******* нарын төрсөн хүү, Ц.Намууны төрсөн ax болох нь https://tais.mta.mn/home/return/receive хаягаарх мэдээллээр тогтоогддог.
Мөн ******* нь “Шимт цэлтэр миш” ХХК, “Говь Даймонд” ХХК, “Өгөөж цэлтэр миш” ХХК, “Эрдэнэс цэлтэр миш” ХХК гэсэн компаниудын 100 хувь, “Цог жавхлан индастри” ХХК-ийн 50 хувь, “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн 50 хувь, “Эрдэнэ говь сайхан” ХХК-ийн 50 хувийг, харин түүний эхнэр Д.Саран нь “Даймонд Девелопмент” ХХК-ийн 100 хувь, “Эрдэнэ говь сайхан” ХХК-ийн 50 хувь, “Цог жавхлан индастри” ХХК-ийн 50 хувь, “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлтэй болох нь https://tais.mta.mn/home/return/receive хаягаарх мэдээллээр нотлогддог, харилцан хамааралтай этгээд хооронд бараа хүлээн авах, барааг шилжүүлэх ажил гүйлгээ хийгдсэн байсан бөгөөд бараа шилжүүлэх хүлээн авах үед үнэ шилжилт хийгдээгүй гэж үзсэн учир ямар нэгэн татварын төрлөөр үнэ шилжилт хийгдсэн гэж үзэж нөхөн татвар ногдуулаагүй, үнэ шилжилтийн үндсэн тохируулга хийж, үнэ шилжилтийн тохируулга хийх аргыг ашиглаагүй.
Шалгалтын хугацаанд 2021 онд 325,657,060.00 төгрөг, 2022 онд 691,395,100.00 төгрөг, 2023 онд 568,120,700.00 төгрөг, нийт 1,585,172,860.00 төгрөгийн барааг бусад харилцан хамааралтай этгээд хооронд шилжүүлсэн болон хүлээн авсан гэж татвар төлөгчийн өөрсдийн программаас гаргуулан авсан баримт материал, мэдээллээс хоорондоо хийгдсэн ажил гүйлгээний дүнг авсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд “үнэ шилжилтийн тайлан 38.3. “Татвар төлөгч татварын хяналт шалгалт хийхээс өмнө болон хийгдэх үед үнэ шилжилтийн тайлантай холбогдох татварын албаны шаардсан нэмэлт мэдээллийг тухай бүх гаргаж өгнө” гэж заасны дагуу мэдээллийг түүвэрлэн авсан. Мөн Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйл “Үнэ шилжилтийн тайлан”, 38.4. Татвар төлөгч үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг жилийн эцсийн татварын тайлангийн хамт харьяалах татварын албанд хүргүүлнэ” гэж заасны дагуу тус ажил гүйлгээгээ үнэ шилжилтийн тайланд тусгаж, тайлагнах үүрэгтэй боловч харилцан хамааралтай этгээд хооронд барааг шилжүүлсэн, хүлээн авсан болох нь тогтоогддог боловч энэхүү ажил гүйлгээг бусад ХХК-иудтай хийсэн ажил гүйлгээгээ үнэ шилжилтийн тайланд тусгаагүй, тайлагнаагүй тул хуульд заасны дагуу торгууль тооцсон.
Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаар тушаалаар батлагдсан "Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журам"-ын 8.3. “Татвар төлөгч нь харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээг Татварын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлд заасан үнэ шилжилтийн тайлангаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ" гэж заасан байдаг.
Тиймээс хуулийн этгээдүүд хооронд 2021-2023 онд хийгдсэн ажил гүйлгээний нийт 1,585,172,860.00 төгрөгийн зөрчилд 2 хувиар торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийн 11.3-т заасны дагуу хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.
Анх 2024 оны Эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалтын төлөвлөгөөнд зөвхөн “Эрдэнэс цог жавхлан” ХХК/6186009/-ийн 2020 оны 1 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 1124502282 тоот томилолтоор “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн татварын хяналт шалгалтыг эхлүүлсэн бөгөөд шалгалтын явцад “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн орлого, зарлагыг шалгахад компанийн орлого зарлага нь зөвхөн компанийн данснаас гадна компанийн дансаар орж гараагүй, холбогдох иргэдийн дансаар орсон гарсан орлого зарлагын гүйлгээ хамааралтай байсан бөгөөд дээрх иргэдийн орлого зарлагын гүйлгээнээс “Эрдэнэс цог жавхлан” ХХК-д холбоотой ажил гүйлгээг тооцож гаргахад татвар төлөгчийн зүгээс иргэдийн дансанд зөвхөн “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн орлого ордоггүй бүх харилцан хамааралтай компаниудын орлого ордог, эдгээр хуулийн этгээдүүдийг бүгдийг шалгаж байж тооцоолон үнэн зөв гаргахаар болсон.
Иймд Татварын ерөнхий газрын даргын татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, олгосон томилолтын дагуу албан үүргээ гүйцэтгэсэн, “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Эрдэнэс цог жавхлан” ХХК нь “******* аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000035 дугаар нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000035 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
3. Татварын улсын байцаагч *******, ******* /Цаашид хариуцагчид гэх/ нар нь Татварын Ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/26 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу 1124502282 дугаар томилолтоор “Эрдэнэс цог жавхлан” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, нийт 3,550,014,874.21 төгрөгийн зөрчил илрүүлж, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000035 дугаар нөхөн ногдуулалтын актаар[6] тус компанийг
“Тэмдэглэх нь” хэсгийн 1-д: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 2021 онд 574,181,618.12 төгрөг, 2022 онд 617,678,703.05 төгрөг, 2023 онд 35,430,560.83 төгрөг, нийт 1,227,290,882.00 төгрөгийн төлбөрийн баримтаар нотлогдохгүй өртгийг тооцоолол, үндэслэлгүйгээр илүү тооцож татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 2-т: Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/-ын 2021 оны 12 дугаар сарын тайланд “Уорлд-Еруна” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 9,025,181.82 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 4-т: НӨАТ-ын 2022 оны 01 дүгээр сарын тайланд “Элст хошуу” ХХК-иас 6 ширхэг НӨАТ-ын падаанаар 48,937,263.63 төгрөг, мөн “Уорлд-Еруна” ХХК-иас 8 ширхэг НӨАТ-ын падаанаар 67,865,800.01 төгрөг, 02 дугаар сарын тайланд 8 ширхэг НӨАТ-ын падаанаар 69,250,163.65 төгрөг, 03 дугаар сарын тайланд 6 ширхэг НӨАТ-ын падаанаар 122,420,972.73 төгрөг нийт 563,928,745.47 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 5-д: НӨАТ-ын 2023 оны 05 дугаар сарын тайланд “Эрдэнэс цэлтэр миш” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 160,454,545.45 төгрөг, 09 дүгээр сарын тайланд “Өгөөж цэлтэр миш” ХХК-иас 1 ширхэг НӨАТ-ын падаанаар 227.27 төгрөг, нийт 160,454,772.72 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 6-д: 2022 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаарх үлдэгдэл 4,142,432.20 төгрөгийн дутууг 30 хоног хугацаа хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчил,
“Тэмдэглэх нь” хэсгийн 8-д: Үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайланд 2021 онд 325,657,060.00 төгрөг, 2022 онд 691,395,100.00 төгрөг, 2023 онд 568,120,700.00 төгрөг, нийт 1,585,172,860.00 төгрөгийн тайлагнаагүй зөрчил тус тус гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хууль 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, 11.19.11.3, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн 6 зөрчилд 196,069,958.2 төгрөгийн нөхөн татвар, 110,255,713.44 төгрөгийн торгууль, 78,583,196.08 төгрөгийн алданги, нийт 384,908,867.72 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.
4. Маргаан бүхий захиргааны акт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19.1, 11.19.11.3, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтыг үндэслэн нөхөн татвар, торгууль, алданги тооцжээ.
5. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсэгт “Татварын алба нь татварын хяналт шалгалт хийх зорилгоор дараах эрх хэмжээг хэрэгжүүлэх эрхтэй”, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 79 дүгээр зүйлийн 79.4.3 дахь хэсэгт “татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцоход нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд түүнд хяналт шалгалт хийсэн холбогдох нэгжийн дарга болон татварын улсын байцаагч гарын үсэг зурж, зөрчлийн тухай тэмдэглэл, шийдвэрлэсэн үндэслэл, уг актыг үйлдсэн он, сар, өдөр, дугаарыг тусгах” гэж тус тус заасан.
6. Татварын улсын байцаагч нарын төлбөр төлүүлэхээр гаргасан нөхөн ногдуулалтын акт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т “эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа тухайн үйлдэл, эс үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг тогтоосон байна”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл ногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох” гэж тус тус заасан энэ зохицуулалтыг хариуцагч хэрэгжүүлж, ногдуулсан хариуцлага нь нөхөн ногдуулалтын актад баримталсан хуулийн заалтад нийцсэн, зөрчилд холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байх ёстой.
Өөрөөр хэлбэл, маргааны бүхий актыг гаргахдаа хуульд үндэслэх зарчмыг үйл ажиллагаандаа чанд баримталж хэрэгжүүлсэн байх нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн хэр хэмжээнд тохирсон байна”, 2 дахь хэсгийн “зөрчилд шийтгэл ногдуулах” шударга ёсны зарчимд хэрэгжсэн гэж үзэх үндэслэл болно.
7. Дээрх актын “Тэмдэглэх нь” хэсгийн 4-т “...бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан...” гэх зөрчлийн нийт дүн нь 308,474,200.02 төгрөг /48,937,263.63+67,865,800.01+69,250,163.65+122,420,972.73=308,474,200.02/ байхад 255,454,545.45 төгрөг /563,928,745.47-308,474,200.02=255,454,545.45/-өөр зөрүүтэй бичигдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас “...зөрчлийн дүнг хийсвэрээр 255,5 сая төгрөгөөр өсгөчихсөн, үүнд нөхөн татвар гэхэд л 25,5 сая төгрөг, дээр нь торгууль, алдангийг хэрхэн яаж гаргасан нь ойлгомжгүй, тооцооллын алдаатай, манайхаас хугацаанд нь 4 сая гаруй төгрөгийг төлчихсөн, 30 хоног саатуулаагүй байхад 30 хоног гэдгээ яаж гаргаснаа хавсаргах тооцоолол байхгүй, актын тогтоох хэсэг нь хаана алинд яаж нөхөн татвар ногдуулаад байгаа юм, яаж торгууль, алданги ногдуулаад байгаа нь тодорхойгүй...” гэж, хариуцагч талаас “...энэ компани “Элст хошуу” болон “Ворлд Эруна” ХХК-иудаас нийтдээ 563,928,745.47 төгрөгийн бараа худалдаж авсан, бид актад задалж бичихдээ “Элст хошуу” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 41322838, 4132238582 дугаар 281,000,000.00 төгрөг буюу цэвэр дүнгээр 255,454,545.45 төгрөгийн дүнтэй падааныг орхигдуулж бичсэн хэдий ч маргаан таслах зөвлөлөөс актыг хэвээр батлахдаа үүнд хамаарах нийт дүнг үнэн зөв байна гэдгийг тодорхойлсон байгаа...” гэх зэргээр маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн дүнг зөрүүтэй тайлбарлах ба энэ нь тооцоолол алдаатай гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
8. Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд “Татварын хууль зөрчих” гээд мөн зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, 11 дэх хэсгийн 11.3-т “үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлангийн хувьд харилцан хамааралтай этгээд хооронд хийгдсэн ажил гүйлгээний нийт дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан бөгөөд маргаан бүхий актын “Тэмдэглэх нь” хэсгийн 6, 8-д буюу 2022 оны үлдэгдэл 4,142,432.20 төгрөгийн дутууг 30 хоног хугацаа хожимдуулж хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, харилцан хамааралтай этгээдүүдийн хооронд хийгдсэн 2021 онд 325,657,060.00 төгрөг, 2022 онд 691,395,100.00 төгрөг, 2023 онд 568,120,700.00 төгрөг, нийт 1,585,172,860.00 төгрөгийг үнэ шилжилтийн ажил, гүйлгээний тайланд тайлагнаагүй гэх зөрчлүүд нь аль хуулийн ямар заалтаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болгоод байгаа нь ойлгомжгүй, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд зааснаар хариуцлага тооцсон гэж байгаа боловч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа хэрхэн хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул дээрх хуулиудыг зохих ёсоор хэрэглээгүй, хууль хэрэглээний болон тооцооллын алдаатай, энэ нөхцөл байдлыг цаашид тодруулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь шүүхийн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн, зөрчлийг хуулийн зүйл, хэсгээр зөв тогтоосноор тухайн зөрчилд хүлээлгэх хариуцлагын хэмжээг тогтоох, хөөн хэлэлцэх хугацааг Зөрчлийн болон Татварын хууль /холбогдох/-д заасан хугацаагаар тооцоход ач холбогдолтой, үүнээс шалтгаалж эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх ажиллагаа, эрх хэмжээ нь аль хуульд хамаарах нь тодорхой болох юм.
9. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн зүйлийн 11 дэх хэсгийн 11.3-т заасан зөрчилд шийтгэлийн хуудсаар, Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд зааснаар нөхөн ногдуулалтын актаар хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байхад маргаан бүхий актад Зөрчлийн болон Татварын хууль /холбогдох/-ийг хамтад нь баримталсан байх тул хариуцагчид маргаан бүхий актыг гаргахдаа холбогдох хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.
10. Шүүх хуралдаанд хариуцагч талаас “..бид тооцохдоо цахим системд авагдсан баримт, мэдээлэл, өөрсдийнх нь ирүүлсэн шилжүүлсэн болон хүлээн авсан барааны жагсаалтаас өртгийг тооцсон, бид хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд албан үүргээ гүйцэтгэн шалгалт явуулж акт гаргасан, хууль зөрчөөгүй...” гэж маргах боловч маргаан бүхий актын “ТОГТООХ нь” хэсэгтээ төлүүлэхээр шийдвэрлэсэн нөхөн татвар, торгууль, алдангийн дүнг /зөрчил тус бүрт/ хэдэн төгрөг нь ямар хуулийн аль заалтад заасан зөрчилд хамаарч хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байгаа хуулийн зүйл, хэсгээр салган бичээгүй нь Татварын шалгалтаар тогтоосон зөрчил хуульд заасан зөрчилтэйгөө тохироогүй, тооцоолол тодорхойгүй, алдаатай гэж үзэх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул үүнийг шүүхээс тогтоох боломжгүй.
11. Тиймээс захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг хариуцагч нар хэрэгжүүлээгүйгээс татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
12. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд хариуцагч нар нь актаа зөвтгөх, тооцооллоо нягтлах, хууль хэрэглээний алдааг залруулах зэргээр холбогдох ажиллагааг хуульд заасны дагуу зөв явуулж, дахин шинэ акт гаргах бөгөөд ийнхүү гаргаагүй тохиолдолд маргаан бүхий акт хүчингүй болох үр дагавартайг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10.2, 44 дүгээр зүйлийн 44.1, 79 дүгээр зүйлийн 79.4.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан ******* аймгийн Татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч /*******, ******* нар/-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн НА-11250000035 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагчид шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий 2025 оны НА-11250000035 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүйд тооцсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэрэг/1/-ийн 16-23, хавсаргасан баримт /Бор хавтастай/-ын 224-225 дахь талд
[2] Хавтаст хэрэг/2/-ийн 186-197, 200-206 дахь талд
[3] Хавтаст хэрэг/1/-ийн 24-32 дахь талд
[4] Хавтаст хэрэг/1/-ийн 136-138 дахь талд
[5] Хавтаст хэрэг/1/-ийн 149-161 дэх талд
[6] Хавтаст хэрэг /2/-ийн 45-46, 156-185 дахь талд