Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2018/0249

 

К.О, И.Х, Б.Г нарын

 нэр бүхий 26 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, түүний өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, И.Х нарын гаргасан давж заалдах гомдлоор К.О, И.Х, Б.Г нарын нэр бүхий 26 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийн засвар арчлалтын ажлын задаргаа батлах тухай” А/137 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 5 дахь хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч К.О, И.Х нар давж заалдах гомдолдоо: “... 1.Маргааны үйл баримтын тухай: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбон авто зам тавих ажил нь хамгийн анх нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжид тусгалаа олж, улмаар уг шийдвэрийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/543 дугаар захирамжаар авто замын зориулалтаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт эзэмшүүлсэн байх бөгөөд энэхүү шийдвэрүүдийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гудамжинд самбар байрлуулж мэдэгдээд “Т ү” ХХК болон газрын албаны хүмүүс хүч түрэн явган хүний замыг хаан барьж дуусгаад 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 080/2017 дугаар акт үйлдэгджээ.

Харин нэхэмжлэгчдээс анх 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд хандсан ба “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүх хүсэлт шийдвэрлэх ажиллагаанд хойрго хандан түүний ач холбогдол, үр дагаврыг үгүйсгэсний улмаас маргаан бүхий зам баригдаж дууссан. Шүүх үндэслэлтэй, үндэслэлгүй шийдвэрлэснээс үл хамааран нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэх үйл ажиллагаанд захиргааны байгууллага, шүүхийн өмнө иргэд хүчин мөхөстсөн. Тиймээс нэхэмжлэгч бидний зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

2. Маргаан бүхий захиргааны актын тухай: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамж нь захиргааны байгууллагын дотоодод үйлчлэх эрх зүйн актын шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна” гэх ганцхан өгүүлбэр бүхий дүгнэлт хийжээ. Тиймээс маргаан бүхий актын тухай авч үзэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбохоор авто зам төлөвлөж, барьсан үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасан төлөвлөлтийн үйл ажиллагаанд бүрэн хамаарна. Гагцхүү энэ захиргааны үйл ажиллагаа нь ямар шийдвэрийг үндэслэн хэрэгжсэн тухай асуудал нь анхан шатны шүүхэд ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон бололтой. Иймд дараах 3 зүйлийг тодруулан тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ.

A.    Төлөвлөлт баталсан гэж үзэх актуудын тухай: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар уг замыг төлөвлөн баталсан” гэх тайлбарыг өгдөг. Улмаар Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн бүрдэл”-ийн 1.2.4.1-д гудамж, замын сүлжээ гэх зураг баталсан байх боловч уг зураг нь М:10000 маштабын хэмжээтэй байхын зэрэгцээ, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбохоор тусгасан зураг биш Улаанбаатар хотын замын Ерөнхий хөгжлийн зураг байдаг. Түүнчлэн Улсын Их Хурлаас авто замын урт, хэмжээ трассыг нэг бүрчлэн тогтоох ч боломжгүй юм. Тиймээс Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан төлөвлөгөө гэж үзэх боломжгүй.

Мөн төлөвлөлтийг баталсан гэж үзэх боломжтой бас нэгэн шийдвэр бол Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/543 дугаар “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжийг дурдаж болно. Гэвч энэхүү шийдвэрийг нэгдүгээрт маргаан бүхий актыг үндэслэж гарсан ба төлөвлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд гарч буй захиргааны олон шийдвэрийн нэг /тухайлбал, Авто зам, замын байгууламжийг барих засварлах ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл г.м/ юм. Тиймээс авто зам төлөвлөлтийг эс зөвшөөрч байгаа тохиолдолд түүний хэрэгжилтийн явцад гарсан шийдвэр нэг бүртэй маргах нь огт өөр маргаан болох тул боломжгүй юм. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагчийн тайлбарт дурдагдаж буй Улсын Их Хурлын тогтоол болон газар эзэмшүүлсэн захирамж нь маргааны бүхий авто замын төлөвлөсөн захиргааны акт биш юм.

Б. Төлөвлөлт баталсан өөр акт байхгүй тухай: Хэрэв маргаан бүхий актыг төлөвлөлт баталсан захиргааны акт биш гэж үзвэл өөр ямар нэгэн төлөвлөлт баталсан акт байхгүй юм. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл захиргааны ямар нэгэн актгүйгээр авто зам төлөвлөн барьсан гэх үндэслэлийг бүрдүүлж байна.

B.    Маргаан бүхий захиргааны акт Төлөвлөлт баталсан шийдвэр мөн болох тухай: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын задаргаа батлах тухай" А/137 дугаар захирамжаар нийт 5 эх үүсвэрээс санхүүжих төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан байдаг. Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто замын төсөл нь 1 хавсралтаар батлагдсан байна. Уг захирамж болон түүний хавсралтад “төсөл, арга хэмжээ" гэсэн үгийг ашигласан байх бөгөөд энэхүү хууль зүйн нэр томьёо нь ямар нэгэн ойлгомжгүй, хоёрдмол утга санааг илэрхийлэхгүй байна. 

Мөн төсөл баталсан жагсаалтын ард тус төслийн төсвийг нь тусгасан нь уг актыг зөвхөн төсөв баталсан гэж үзэхэд хүргэхгүй юм. Түүнчлэн төсөл баталсан актын хууль зүйн үндэслэл ямар байгаагаас үл хамааран төслийг хэрэгжүүлэхээр тусгасан, улмаар хэрэгжсэн тул төсөл буюу төлөвлөлтийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэд уг актыг үндэслэн шүүхэд хандах нь зүй ёсны юм. Ийнхүү дээрх байдлыг нягтлан хяналгүйгээр ганцхан өгүүлбэр бүхий дүгнэлт хийгээд, цаашлаад нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл зэрэгт ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх дүгнэхдээ “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзвэл нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамж нь захиргааны байгууллагын дотоодод үйлчлэх эрх зүйн актын шинжийг агуулсан байх тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна” гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын захиргааны акт гэж үзээд хүчин төгөлдөр бус байсан болохыг тогтоолгохыг хүсэж буй нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжийг “дотогшоо чиглэсэн” гэж үзсэн байна. Гэсэн атлаа “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж бус харин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас  “Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.6,  мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27, 74-д заасан журмын дагуу сонсох ажиллагаа болон 76 дугаар зүйлд заасан хэлэлцүүлгийн ажиллагаануудыг хийх ёстой байсан ч аль алиныг нь огт хийгээгүй нь уг актыг анхнаасаа хууль зөрчиж гаргасан болохыг нотолно” гэсэн үндэслэлийг гол болгож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байхад энэ талаар нь анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй байна.

Мөн анхан шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг болон эрхээ шилжүүлж болох талаарх Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслээд хариуцагчийг захирамж гаргах эрхтэй болох талаар нь дүгнэлт хийсэн боловч маргаж буй актын үндэслэл, агуулга талаас дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0097 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч И.Х, К.О нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                 Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР