Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 815

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Х******* овогт Ц*****дийн Цэ*******н /РД: ХД6********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох,

Гуравдагч этгээд: Бо******* овогт Со*********гийн Бу*******н /РД: ТА****1/ 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/495 дугаар захирамжаар иргэн С.Бу*******нд эзэмшүүлсэн 669 м.кв газраас иргэн Ц.Цэ*******нд тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/448 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 488 м.кв газартай залгаа орших 212 м.кв газрыг эзэмшүүлснийг хүчингүй болгож, уг 200 м.кв газрыг Ц.Цэ*******нд эзэмшүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэ*******н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***ц, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уу*******р, Б.Бу******р, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэ********а, нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Ц.Цэ*******н нь 2007 онд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шаргаморьт зусланд /гүүрний урд талд/ байрлах 700 м.кв хэмжээтэй газрыг эзэмших хүсэлтийг зохих журмын дагуу дүүргийн Засаг даргад гаргасныг судалж үзэн, дүүргийн Засаг даргаас 255 дугаар захирамжаар газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эзэмших эрхийн 0134626 тоот гэрчилгээ олгосон. 

Тухайн үед дүүргийн Газрын албатай, газар эзэмших гэрээ байгуулан, зохих төлбөрийг төлсөн ба газраа тойруулан хашаа 2.5х3 хэмжээтэй байшин барьж, эхийнхээ хамт жижиглэн худалдаа эрхлэн амьдардаг байсан. Харин 2014 онд эхийнхээ биеийн байдлын улмаас байнгын асаргаа сувилгаа хэрэгтэй болж хэсэг хугацаанд Ц.Цэ*******н нь газартаа амьдарч чадаагүй юм. Гэтэл С.Бу*******н нь дээрх байдлыг ашиглан дүүргийн Газрын албанд Ц.Цэ*******нгийн эзэмшиж буй газраас 0.05 га хэмжээтэй газрыг эзэмших хүсэлт гаргасныг дүүргийн Засаг даргаас хуулийн дагуу судалж үзэлгүй 2014 онд А/495 дугаар захирамж гарган Ц.Цэ*******нгийн эзэмшил газартай давхардуулж газар эзэмших эрх олгосон. 

Тухайн дүүргийн Засаг даргын А/495 хууль бус захирамжийг 2015 оны 05 дугаар сард С.Бу*******н Ц.Цэ*******нгийн хашааг нурааж, газар дээр барилга барьж буй хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор дүүргийн Газрын албанд удаа дараа гомдол гаргасны дагуу шалгах үед Ц.Цэ*******н мэдсэн ба 2015 оны 05 дугаар сард С.Б*******н-Э****эд кадастрын зургийг Газрын албанаас олгосон.

Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас Ц.Цэ*******нгийн гаргасан гомдолд тодорхой хариу хэлэхгүй, удаашруулж байсан тул Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газраас судалж үзсэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3/7528 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд дээрх хууль бус зөрчлийг арилгахыг үүрэг болгон даалгасныг Сүхбаатар дүүргийн Засаг дарга биелүүлэхгүй санаатайгаар зайлсхийж, Ц.Цэ*******нгийн Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар олгогдсон газар эзэмших эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/495 дугаар захирамжийн С.Бу*******нд холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Уу*******р, Б.Бу******р нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...С.Бу*******н нь тус дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зусланд дүүргийн Засаг даргын 2014 оны А/495 дугаар захирамжаар 669 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн дүүргийн Өмч, газрын харилцааны газарт өгсний дагуу Засаг даргын захирамжаар зуслангийн газрыг эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн гэх боловч нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2.5-3 метр байшин барьж эхийнхээ хамт жижиглэн худалдаа эрхлэн амьдардаг байсан...” гэж дурдсан байх бөгөөд тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй нь нотлогдож байна. Мөн Ц.Цэ*******н нь дүүргийн Өмч, газрын харилцааны газарт 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тус газрыг эзэмших хүсэлтийг гаргаж дүүргийн Засаг даргын 2015 оны А/488 дугаар захирамжаар 488 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. 

Иймд дүүргийн Засаг даргын захирамжууд нь бусдын эрх ашгийг зөрчөөгүй хуульд заасны дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэргэсэхгүй болгож өгнө үү..“ гэв. 

Гуравдагч этгээд С.Бу*******н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч Т.Цэ********а нь гаргасан тайлбартаа:

“...Содномцэрэн овогтой Бу*******н миний бие Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд зуслангийн газар эзэмших хүсэлтээ холбогдох хууль, дүрэм журамын дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус дүүргийн газрын албанд гаргасан. Тус газрын алба миний хүсэлтийг судлан үзэж тус дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/495 дугаар захирамжийг үндэслэн 000538023 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр олгосон, энэ эрх зүйн харилцаа үүссэний дараа гэр бүлийн хуримтлал, банкны зээл зэргээс мөнгө цуглуулж, ихээхэн хүч хөдөлмөр зарцуулж 30 гаруй сая төгрөгөөр саравчтай тоосгон байшин барьж эцэг, эх, нялх хүүхдүүдийн хамт амьдарч байна. 

Сүхбаатар дүүргийн Газрын албанд гаргахаас өмнө уг газар нь хүн, машин механизмын үйл ажиллагааны явцад эвдрэлд орж талхлагдсан, зам үүссэн, зарим хэсэгтээ ухагдсан, хог ихтэй, ямар нэгэн хашаа байхгүй ашиглалтгүй орхигдсон газар байсныг өөрийн хөрөнгө хөдөлмөрөөр элс шороо асгуулан тэгшилж, хогийг цэвэрлэж, талхлагдсан өвс ургамлыг сэргээж хашаа барьсан. 

Зуслангийн газраа тойруулан иргэн С.Ба*******йтай хамтран хашаа хатгасан бөгөөд энэ газар дээр хуучин ямар ч хашаа байгаагүй болохыг С.Ба*******й нотолно. Миний гэр бүлийн хамт 2011 оноос эхлэн 4 жилийн хугацаанд одоо амьдарч байгаа зуслангийн газрын ойролцоо буюу яргайтын зусланд байшин түрээслэж зусч  байх үед энэ газар дээр ямар ч айл өрх зусдаггүй байнгын машинууд холхидог зам байсан. Мөн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангаас шүүлгэхэд ямар ч айлын бүртгэл байгаагүй болно. 

Иргэн Ц.Цэ*******н нь 2007 оноос газар эзэмших гэрчилгээ авсан гэх боловч газрыг зохих журмын дагуу ашигладагтүй, гэрээгээр хүлээсэн үүргээ хүлээгээгүй эзэмшил газар, талбайн ногоон байгууламжийг талхлуулах, газрын талбайг гэмтээх боломжийг бүрдүүлсэн. Газрын төлбөрөө хугацаанд нь төлж байсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн Газрын тухай хуулийн заалт “Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар хамгаалахтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх; 40.1.6.зөрчиж зуслангийн газрыг 2 жилээс илүү хугацаагаар ашиглаагүй байна.

Иргэн Ц.Цэ*******н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар: С.Бу*******н Цэ*******нгийн хашааг нураасан гэж худал мэдээллээр шүүхийг хангасан гэх баримтгүйгээр хүний эд хөрөнгөнд халдсан мэтээр намайг гүтгэсэн. Мөн газар дээр 2.5х3 метр хэмжээтэй байшин барьсан гэх боловч миний эзэмшиж байгаа газар дээр барьсан байшин байхгүй болно.  

Эцэст нь С.Бу*******н миний бие Газарын тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн газар эзэмшиж байгаа бөгөөд их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулан 30 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр хашаа байшин барьж, газрыг сэргээж тохижилт хийн гэрээний үүргээ биелүүлэн эцэг, эхийн хамт амьдарч байна.

Мөн миний буруу байхгүй байхад болон хөл гэмтсэн байхад Ц.Цэ*******н ийш, тийш олон газар руу явуулж, бие махбодь, эд хөрөнгө болон сэтгэл санааны дарамт үзүүлж байгаад ихээхэн гомдолтой байна. Иймд иргэн Ц.Цэ*******нгийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хүчингүй болгож, миний гомдлыг барагдуулж өгөхийг хүсье.” гэв. 

Гуравдагч этгээд өмгөөлөгч Т.Цэ********а нь шүүхэд гаргасан бие даасан шаардлагатаа: 

“...  Нэхэмжлэгч Ц.Цэ*******н болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/495 дугаар захирамжийн С.Бу*******нд, 2015 оны А/448 дугаар захирамжийн Ц.Цэ*******нд холбогдох хэсгийг холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гуравдагч этгээд С.Бу*******нд газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/495 дугаар захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ “...түүнд 2007 онд дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газар дээр давхардуулан газар эзэмшүүлсэн” гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь уг газар дээрээ огт амьдарч байгаагүй, газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, газрын төлбөрөө огт төлдөггүй байсан зэргээс үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан ... этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл нь аль хэдийнээ бүрдсэн байжээ. 

Маргаж байгаа газар нь зуслангийн зориулалттай байхад уг газар дээрээ худалдаа үйлчилгээ явуулж байсан гэх нэхэмжлэгч нь тайлбарласан мөн Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу жил бүр газрын хэмжээгээр тооцон төлбөр төлөх ёстой байхад огт төлж байгаагүй нь хэрэгт авагдсан газрын төлбөрийг бөөнд нь 2015 онд төлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь газар дээрээ байшин барьж амьдарч байсан гэх боловч огт амьдарч байгаагүй, ямар байшин байхгүй байгаа юм. 

Гэвч төрийн захиргааны байгууллага буюу дүүргийн Засаг дарга нь хуульд заасан үндэслэл, нөхцөл бүрдээд удсан байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлаагүй байгаа нь хуульд нийцээгүй байхын зэрэгцээ, нэхэмжлэгч нь газрын мэдээллийн санд кадастрын зургаа оруулаагүйгээс газар эзэмших эрх хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байхад өдийг хүртэл хууль зөрчин газар эзэмших эрх нь үргэлжилсээр байгаа нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүргэж байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү”гэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***ц гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

“...Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэ********а нь Ц.Цэ*******нг газар дээрээ амьдарч байгаагүй, газраа зориулалтын дагуу эзэмшээгүй, газрын төлбөрөө огт төлдөггүй байсан зэргээс үзэхэд ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны захирамжийн дагуу маргаан бүхий газрын хуулийн дагуу эзэмшиж ирсэн ба 2014 оноос өөрийн төрсөн эхийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан газар дээрээ амьдарч чадаагүй гэдгээ тайлбарлаж холбогдох баримтуудыг шүүхэд гарган өгсөн. Энэ нь нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй болохыг хангалттай нотолж байна. 

Мөн нэхэмжлэгч Ц.Цэ*******н нь 2007 оноос хойш газрын төлбөрөө төлж байсан нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлгүй юм. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Цэ******выг бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Ц.Цэ*******нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Анх нэхэмжлэгч Ц.Цэ*******нд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжаар тус дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт нэртэй газарт 700 м.кв хэмжээтэй газрыг, зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатай, эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 0134626 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Харин гуравдагч этгээд С.Бу*******нд маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/495 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой нэртэй газарт орших, 669 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн 000538023 дугаартай гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газрыг мэдээллийн санд оруулсан нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг олгожээ.

Дээрх дүүргийн Засаг даргын захирамжуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газрын харъяалах хороо болон газрын нэр өөр байх боловч дээрх газрууд нь нэг байршилтай болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/7528 дугаар албан бичиг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 3/563 дугаар албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн мэдээллийн сангийн зургийг сансрын зурагтай давхцуулсан зураг болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо /хуучнаар/ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор хуваагдаж, 19 дүгээр хороо шинээр байгуулагдсан болох нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар тодорхойлолт, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаар албан бичгүүдээр нотлогдож байна.

Маргаан бүхий газрыг давхцуулан эзэмшүүлэх болсон үндэслэл нь нэхэмжлэгч Ц.Цэ*******нд 2007 онд дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газрыг төрийн захиргааны байгууллагаас газрын мэдээллийн санд оруулж, бүртгэлжүүлээгүйтэй холбоотой байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Гэвч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 3/7528 дугаар албан бичгээр маргаан бүхий газрын давхацлыг арилгах талаар хариуцагчид мэдэгдсэний дагуу газрын давхацлыг арилгах зорилгоор болон нэхэмжлэгч Ц.Цэ*******нгийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлт түүнд хавсаргасан кадастрын зураг зэргийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Цэ*******нд дээрх захирамжуудаар олгосон газрын урд талд залгаа байрлалтайгаар 488 м.кв хэмжээтэй газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлжээ.

Ийнхүү нэхэмжлэгчид 488 м.кв газрыг эзэмшүүлэхдээ гуравдагч этгээдийн газартай дахин давхцуулж /105 м.кв хэмжээгээр/ олгосон бөгөөд нэхэмжлэгчид урьд нь 700 м.кв газрыг эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй, давхар хүчинтэй хэвээр үлдсэн зэрэг нөхцөл байдлууд мөн хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбаруудаар нотлогдож байхын зэрэгцээ нэхэмжлэгч нь 488, 700 м.кв газруудыг эзэмших эрхтэй болсон хэдий ч 2015 онд эзэмшүүлсэн газрынхаа байрлалд, газраа 700 м.кв болгон эзэмших хүсэлтэй, гуравдагч этгээдийн зүгээс газрын давхцал байгаа талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2007 оны 255 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 700 м.кв газрыг мэдээллийн санд оруулаагүй гэдэг үндэслэлээр түүний газар эзэмших эрхгүй, газар эзэмшүүлсэн шийдвэр хүчингүй болох хууль зүйн үндэслэл байхгүй тул уг газар дээр нь давхцуулан 2014 оны А/495 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд 669 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцэхгүй бөгөөд гуравдагч этгээдийн хувьд газраа хуулийн дагуу эзэмшсэн хэдий ч хариуцагчийн буруутай, хууль зөрчиж, газрын давхцал үүсгэсний улмаас уг маргаантай асуудал үүссэн байх тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Цэ*******н нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд өөрийн биеэр хүсэлтээ гаргаагүй,  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамж гарах үед Монгол Улсад байгаагүй, түүний нагац ах нь түүний өмнөөс дээрх хүсэлтийг бичиж гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх хэдий ч уг захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулан энэ талаараа маргаагүй тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй болно. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь тус шүүхэд анх “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/495 дугаар захирамжийн С.Бу*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/448 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ц.Цэ*******нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр уг нэхэмжлэлийн шаардлагуудаа өөрчилж, тодруулсан бөгөөд үүнд хариуцагч, гуравдагч этгээд нар нь шүүх хуралдаан дээр амаар тайлбараа гаргах боломжтой гэх тайлбар гаргасан мөн гуравдагч этгээд нь энэ өдрийн шүүх хуралдааны явцад бүрдүүлэн  дүүргийн Өмч, газрын харилцааны газарт тухай бие даасан шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

Иймд дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Ц.Цэ*******нд дүүргийн Засаг даргын захирамжаар 2007 онд 700 м.кв газар эзэмшүүлсэн боловч төрийн захиргааны байгууллага газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгээгүйгээс болж гуравдагч этгээдэд нэхэмжлэгчийн газартай давхцуулан газар эзэмшүүлсэн бөгөөд төрийн захиргааны байгууллагаас уг давхцлыг арилгах үүднээс нэхэмжлэгчид дахин 2015 онд 488 м.кв газрыг эзэмшүүлснийг үндэслээд нэхэмжлэгч нь 2007 онд эзэмшүүлсэн 700 м.кв газрын хэмжээгээр, 2015 онд эзэмшүүлсэн газрын байрлалд газар эзэмшихийг хүссэн байх бөгөөд нэгэнт нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 2007, 2015 оны захирамжууд хүчин төгөлдөр байгааг үндэслээд гуравдагч этгээдийн одоо эзэмшиж байгаа 669 м.кв газраас 212 м.кв газрыг хүчингүй болгож, уг газрыг нэхэмжлэгчид нэмж олгон 700 м.кв газрыг эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цэ*******нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/495 дугаар захирамжаар иргэн С.Бу*******нд эзэмшүүлсэн 669 м.кв газраас иргэн Ц.Цэ*******нд тус дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/448 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 488 м.кв газартай залгаа орших 212 м.кв газрыг эзэмшүүлснийг хүчингүй болгож, уг 200 м.кв газрыг Ц.Цэ*******нд эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 255 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх” тухай бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА