Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/122

 

 

 

 

 

      2025           01            22                                          2025/ДШМ/122

 

Я.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ууганбаяр,

шүүгдэгч Я.Г-, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/841 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Я.Г-д холбогдох эрүүгийн 2102003440120 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Я-ийн Г-, 1973 оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

Я.Г- нь Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... цайны газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

мөн “Д” ТӨХК-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж, зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилчдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус ТӨХК-ийн ажилчдын хоолонд бэлдсэн (бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелийн амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн) махнаас өөрийн эзэмшлийн ... УБС улсын дугаартай “...” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, ... цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх” ... дүгээр гэрээний дагуу “...” зочид буудалд коронавируст халдварын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “...” цэцэрлэгт 12,605,805.37 төгрөгийн давуу байдал бий болгож, “Д” ТӨХК-д тус дүнгээр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Я.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Я.Г-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Г-гийн өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, эх сурвалжаа зааж чадахуйц нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй, хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй.

2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ... тушаалаар ... цайны газрын ахлах тогооч, эд хариуцагч Д.О-ыг 1292.62 кг мах дутсан үндэслэлээр ажлаас чөлөөлж, улмаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Д.О- 13.029.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Я.Г- нь “Д” ТӨХК-д 1991 оны ... дугаар сарын ...-ны өдөр тогоочоор ажилд орж, улмаар ахлах тогооч, цайны газрын даргаар 32 жил ажилласан. Компанийн дүрмийн 9.1-д зааснаар Я.Г- нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй. Д.О-ы төлсөн төлбөрийг давхардуулан Я.Г-гаас гаргуулах гэж улсын яллагч, хохирогч нар хүсэлт гаргаад байгаа нь үндэслэлгүй. Хохирол учруулсан этгээд нь шийтгэл авч зохих өр төлбөрийг барагдуулсан байгаа нь хэрэгт цугларсан үйл баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоно.

Яллах дүгнэлтийн үндэслэл болгож иргэний нэхэмжлэгч Ч.А-, гэрч Н.М-, Ц.Ж /эх сурвалж нь ажлаар Я.Г- дарга байнга мах авч гараад байна гэсэн ам дамжсан яриа яваад байсан, хэдэн кг мах, хэзээ, яаж зөөсөн талаар мэдэхгүй эх сурвалжаа нотлоогүй таамгийн шинжтэй/, Г.Л- /эх сурвалж нь тэмдэглэлийн дэвтэр, хэрэгт авагдаагүй/, Д.Г-, М.Э-, Г.Г-нарын мэдүүлэг тогтворгүй эргэлзээтэй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн магадлагааны төгсгөлд Я.Г- хохирлыг учруулсан гэж хэтэрхий таамаглалын, өөрийн эрх хэмжээнээс хальсан дүгнэлт хийсэн. Шинжээчийн ... дүгээр дүгнэлтэд “мах дутсан бүтээгдэхүүний хохирлыг хэн хариуцах талаар ажлын байрын тодорхойлолтод тодорхой тусгаагүй тул хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэснийг Я.Г-г дутаасан мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан шүүгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой байтал тал үлгэр мэт яллах талд ашигтай баримтыг нь тастаж шинжээчийн дүгнэлтийн эхний хэсгийг авч, харин шүүгдэгчид ашигтай дүгнэлтийн төгсгөлийн агуулга хэсэг түүнийг бататгасан мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан махны дутагдлын төлбөрийг төлсөн, хэн хариуцсан хэнд хариуцуулсан зэрэг үйл баримтад огт дүгнэлт өгөхгүй шийдэж байгаа нь үндэслэлгүй байна. Харин шинжээчийн дүгнэлтийг бататгах өөр эх сурвалжаа зааж чадсан хууль ёсоор цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хөдөлбөргүй Я.Г-г буруутгах баримт хэрэгт байхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд Я.Г- нь мах дутсан асуудалтай огт маргаагүй. Харин махыг хэний буруутай үйлдлээс дутаасан, хэн хариуцах ёстой талаар, хэн хариуцлага хүлээсэн, хохирлыг хэн төлсөн талаар тодорхой мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар Я.Г-д огт хамааралгүй. 2021 оны ... дүгээр сарын ... өдрийн Дотоод аудитын дүгнэлт, ... дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг эх сурвалжаа зааж чадах баримтуудаар анхан шатны шүүхийн дүгнэлт бүрэн үгүйсгэгдэж хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Нэр бүхий гэрч нарын тогтворгүй, эргэлзээтэй мэдүүлгийг иш татан шийтгэх тогтоолын үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэг, мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх тухайн харуул хамгаалалтын ажилтнуудын мэдүүлгийг хуульд заасан ямар үндэслэлээр нотлох баримт болохгүй гэж үзсэнээ хууль зүйн үндэслэл, эх сурвалжаа зааж чадаагүй байх бөгөөд анхан шатны шүүх зөвхөн яллах тал дээр дүгнэлт өгсөн байгаа нь тод томруун харагдаж байна. Ковид цар тахлын үед тусгаарлалтад байсан хүмүүст “...” цэцэрлэгийн хоолоор үйлчлэхэд зориулж хоолны махыг 2021 оны 12 дугаар сараас 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Нарантуул захаас 18,217,220 төгрөгөөр худалдаж авч байсан махны төлбөр шилжүүлсэн Я.Г-гийн дансны хуулга, махны падаан баримтууд нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж авагдсан.

Я.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон гэх үйлдлийн субъектив талын үндсэн шинж гэмт хэргийг санаатай хүсэж үйлдэж, хор уршиг хохирлыг ... цайны газарт учруулсан шунахайн сэдэлтэй үйлдэл нь таамаглалын шинжтэй өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгох нь гэм буруугүй этгээдийг хэлмэгдүүлж байгаа хэлбэр юм. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Я.Г-г цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Я.Г-гийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрч нарын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй буюу Я.Г-г гэм буруутай үйлдэл хийсэн эсэхийг мэдэхгүй зөвхөн ам дамжсан таамгийн шинжтэй, гэмт хэрэг үйлдэж мах авсан болохыг хөдөлбөргүйгээр мэдэж байгаа нэг ч гэрч байхгүй, мөн Э цайны газрын нийт албан хаагч нараас мэдүүлгийг бүрэн гүйцэт авалгүй, зөвхөн ашиг сонирхлын зөрчилтэй гэрч нараас мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн үндэслэл болгосон гэрч Н.М-, Ц.Ж, Д.Г-, Б.Э-, М.Э-, Д.О-, Г.Г-, Д.Д-,  Г.А-, Ү.Т-нар нь Я.Г-г мах, махан бүтээгдэхүүн хууль бусаар авч явсан болохыг харж байгаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримт биш, харин гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримтууд юм. Шинжээчийн ... дүгээр дүгнэлт, мөрдөгчийн магадлагаанд хоолны технологийн картыг мөрдөж ажиллаж байсан талаар огт дүгнээгүй бөгөөд 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01-03 дугаар саруудад хоолны үлдэгдэл, хаягдал, хорогдол, устгал болон махны яс, өөх, годон, сүүл зэргийг махны үлдэгдэл тооцоонд оруулаагүй, мөн “Д” ТӨХК-ийн ажилтан албан хаагч болон бусад төрийн байгууллагын хоол, хоолны бэлдэц худалдан авсан тооцоог дүгнэлтэд тусгаагүй болохыг шинжээч М.Гомбодорж шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.А- шүүхийн хэлэлцүүлэгт “хоолны хаягдал их гарч байсан, үүнийг шалгалтын тайланд огт тусгаагүй, махны дутагдлын тооцоонд оруулаагүй, хоолны технологийн картын дагуу эд хариуцагч, ахлах тогооч бүртгээгүй учраас махны дутагдал үүссэн” гэж мэдүүлсэн. Хэрвээ махны хаягдал, хорогдол, худалдан борлуулсан хоолны махны тооцоог үндэслэсэн тохиолдолд тус компанид махны дутагдал үүсэхгүй байсан бөгөөд эд хариуцагч, ахлах тогооч нар нь хоолны технологийн картын баримтлан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд энэхүү тооцооны зөрүү гарахгүй байсан. Гэтэл мөрдөгч Б.Энхчимэг нь /уг хэрэгт мөрдөгчөөр ажиллагаагүй/ мөрдөгчийн магадлагаа гаргахдаа Я.Г-г дээрх махны дутагдал бий болгосон хэмээн дүгнэхдээ ямар нотлох баримтаар нотолж буйгаа тодорхойлж чадаагүй. Үүнийг анхан шатны шүүх мөн тогтоож чадаагүй. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн хуралдаанд шинжээч М.Гомбодорж “... махны дутагдлыг хэн хариуцахыг мэдэхгүй, махны дутагдлыг албан хаагч нар хамтран хариуцах ёстой” гэж мэдүүлснийг няцаан үгүйсгээгүй. Мөн махны дутагдал нь ахлах тогооч, эд хариуцагч нарын ажлын уядлаа холбоогүй байдлын улмаас үүссэн болохыг тогтоосон, тэрхүү нотлох баримтууд нь хэрэгт хуульд заасан шаардлагыг хангаж авагдсан байтал дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй. Дээрх нотлох баримтуудыг үнэлсэн тохиолдолд Я.Г-тай холбогдож буй махны дутагдал нь технологийн карт мөрдөж ажиллаагүйн улмаас үүссэн тооцооллын алдаа болох нь тогтоогдоно. Зарим гэрч нарын мэдүүлэгт хоолны бэлдэц бэлдүүлэн авсан гэх боловч тэрхүү цаг хугацаа нь 2021 оны 1-3 дугаар сар мөн эсэх, ямар хэмжээтэй байсан эсэх, төлбөр төлөгдсөн эсэх, хоолны саванд мах байсан эсэх талаар мэдүүлдэггүй. Я.Г-гийн 2019-2021 онд компанид төлбөр төлж хоол худалдан авсан /7хх 134-156/ үйл явдал, 2021 оны 03 дугаар сард нягтлан бодогч Х.Т-гийн хоол худалдан авсан асуудал /6хх 63-64/, төрийн бусад байгууллагын захиалгын хоол гаргаж буй үйл явдлын талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг гэмт хэргийг нотолсон мэдүүлэг гэж дүгнэж болохгүй. Я.Г- 01-03 дугаар сарын хэдний өдрүүдэд, хэчнээн кг махыг, хэрхэн яаж авсан болохыг ямар ч гэрч нотлон мэдүүлээгүй бөгөөд гэрч Г.Г-, Т.А- нарын мэдүүлэгт туссан цаг хугацаа нь ойлгомжгүй байхаас гадна тухайн зөөсөн гэх зүйл нь нягтлан бодогч Х.Т-ийн буяны ажилд зориулан худалдан авсан хоол болох нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих ёстой. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-г нийтийн албан тушаалтанд хамааруулахаар зохицуулсан. “Д” ТӨХК-ийн дүрмээр хуулийн этгээдийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудыг тогтоосон байх бөгөөд энэ нь Компанийн тухай хуулийн 84.2 дугаар зүйлд нийцсэн. Тус дүрэмд компанийн удирдлага нь гүйцэтгэх захирал байх, компанийн эрх бүхий албан тушаалтан нь Төлөөлөн удирдах зөвлөл, гишүүд, гүйцэтгэх захирал, ерөнхий инженер, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг тооцохоор зохицуулсан. Тус байгууллага нь нийт 6 албатай, албадын дарга нар нь эрх бүхий албан тушаалтанд тооцогдох бөгөөд Э цайны газар нь тус байгууллагын алба биш юм. Мөн тус компанийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний ..., 2019 оны 01 дүгээр сарын 03-ны ... тоот тушаалууд нь зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнуудын жагсаалт болохоос Нийтийн албан тушаалтанд тооцох тухай шийдвэр биш юм. Үүнийг шүүх, прокурор, мөрдөгч хуулийг буруу хэрэглэж хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг л бол нийтийн албан тушаалтан гэж буй нь үндэслэлгүй. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад “Д” ТӨХК-ийн Э цайны газрын даргыг нийтийн албан тушаалтанд тооцоогүй. Мөн Я.Г-гийн ажлын байрны тодорхойлолтод түүнийг нийтийн албан тушаалтан буюу Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д хамаарах албан тушаалтан гэж тодорхойлоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтын дагуу хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Я.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие энэ байгууллагад 1991 оноос хойш 31 жил ажилласан. Энэ хугацаанд мах дутаж байсан тохиолдол байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу үүрэг чиглэл өгч анхаарал тавиагүй миний буруу, энэ хариуцлагаа хүлээж байна. 2021 он ковидын үе учраас миний бие 7 хоногийн 2 өдөр гэрээсээ ажиллаж, цахимаар хуралд ордог байсан. Махны хаягдал их хэмжээгээр гардаг байсан. Тухайн үед би ажлын байрны дарамтад орж байсан. Дотоод аудитын шалгалт 5, Санхүүгийн яамны шалгалт 1, эрчим хүчний яамны санхүүгийн шалгалт 2, Төлөөлөн удирдах зөвлөлийн шалгалт 2, Үндэсний аудитын шалгалт 2 удаа тус тус орсон. Т захирал “чамд хэрэг нь олддог юм бол ямар нэгэн аргаар ажлын байрнаас зайлуулна гэх асуудлыг” тавьж байсан. Өдөрт 50-60 кг мах авч явна гэдэг хүндрэлтэй, намайг махыг машинаар зөөсөн гэж үздэг боловч миний машин дарга нарын машин тавьдаг зогсоолд байрлуулдаг. Тэр машины зогсоол нь камертай, ачаад явлаа гэж бодоход хол явж ачаа ачих тохиолдол гардаг. Тэр үед журамд зааснаар бусад яам болон би өөрөө хоол захиалж авдаг байсан. Тухайн үед хоол авах үедээ падаанаар тооцоо хийж, баримтаа гаргаж өгдөг байсан. ... цайны газар 47 албан хаагчтай ба түүнээс 11 хүнийг гэрчээр асуусан. Үлдсэн хүмүүсээс яагаад мэдүүлэг авахуулах хүсэлт гаргаж байсан. Сүүлийн 2 жил хамт ажиллаагүй Д- гэх хүнийг дуудаж мэдүүлэг авч, 7 хоногийн дараа Д-д миний ажлыг өгсөн. Би хорт хавдартай болсон. Энэ хэрэгт би буруугүй тул намайг цагаатгаж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Ууганбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн гэмт хэргийн субъектийн шинжид давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. “Д” ТӨХК-ийн ... цайны газрын удирдлага нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг тухай хууль, мөн хуулийн этгээдийн дүрэмд зааснаар нийтийн албан тушаалд хамаарна. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан гэрч Э, О, Э, Г, Д, А, Т, А, О, Ц, Э, М, М, А зэрэг 20 гаруй гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Я.Г-г ажилд томилсон тушаал, компанийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад хохирогч, төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Я.Г- албаны эрх мэдлээ хэтрүүлэн цар тахлын үед ... цайны газрын ажилчдыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдэд ажиллуулсан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан ижил төрлийн ажил үйлчилгээ үзүүлэх гэрээг улсын онцгой комисстой байгуулсан нь тогтоогдсон. “Д” ТӨХК-ийн нийт 1500 орчим ажилчидтай, Л, Г нар хоолны махыг гараар бэлтгэдэг байсан талаар мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг шинжлэн судалж бэхжүүлсэн. Я.Г- ажлын бус цагаар, ажилчдыг ажлын байрны тодорхойлолтод заагдсанаас өөр ажил хийлгэж байсан. Энэ талаар Я.Г- мэдүүлэгтээ огт дурдахгүй байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эдгээр үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана” гэж заасан. Энэ үндэслэл, журмын дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Хохирогчийн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон махны хэмжээний асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд тодорхой шинжлэн судалсан. Мөн хоолны карттай холбоотой асуудлыг хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар маш тодорхой дурддаг. Хохирлын хэмжээг тооцсон. Хэрэгт авагдсан гэрч М, М, Э нарын мэдүүлгээр “Я.Г- машиныг дотогшоо нэвтрүүлдэг байсан. Я.Г-гийн хувийн хэрэгцээнд хэрэглэж байгаа машинд хяналт шалгалт хийж байгаагүй” гэж тодорхой мэдүүлсэн. Давуу байдал бий болгох гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтны хэм хэмжээгээр олгогдсон албаны эрх мэдлийг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийснийг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн шаардлагад нийцсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад тодорхой дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

гэрч Н.М- (6хх 68-70), Ц.Ж- (6хх 31-33), Г.Л- (9хх 05-06), Д.Г- (8хх 248-249), Б.Э- (9хх 02-03), М.Э- (9хх 08-09), Д.О- (5хх 186-188), Б.Б- (5хх 190-192, 6хх 72-75), Г.Г-(5хх 197-200), Х.Э- (5хх 208-211), Д.Д- (6хх 92-95), Г.А- (5хх 175), Ү.Т-(5хх 202-204, 6хх 53-56), Т.А- (5хх 177-180, 182-184) нарын өгсөн: ... цайны газрын дарга Я.Г- нь цайны газрын хоолны махыг “...” цэцэрлэг рүү зөөвөрлөсөн гэсэн мэдээлэл гарч байсан, мөн цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэсэн талаар мэдүүлсэн,

гэрч О.О-ийн өгсөн: “...” цэцэрлэг “...” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүст хоол нийлүүлж байсан талаар мэдүүлсэн (6хх 48-51) мэдүүлгүүд,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч Б.Энхчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар “...... цайны газрын даргаар ажиллаж байсан Я.Г- нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн 494.67 кг, 2021 оны 02 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна...” гэх мөрдөгчийн магадалгаа (6хх 112-116),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр “...Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Энхчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаар магадалгаа үндэслэлтэй байна. Тооллогын зөрүүгээр нийт 1272.615 кг мах буюу 12,605,805,37 төгрөгийг дутагдуулсан байна. Дутагдлыг хэн хариуцах талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдаагүй тул хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэх эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, хавсралтууд (9хх 66-83),

“Д” ТӨХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/839 дүгээр “...2021 оны 01 дүгээр улиралд ... цайны газрын дарга асан Я.Г- нь хоол, хоолны бэлдэцийг тусгайлан захиалж, төлбөрийг төлж аваагүй болно. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 8 кг, 156,000 төгрөгийн бөөрөнхий мах авсан. Уг бөөрөнхий махыг өөрийн хоолны картад уншуулан бүртгүүлж авсан бөгөөд компанийн ажилчдын хоолны хөнгөлөлт эдлэх байдлаар төлбөрийн 40 хувийг цалингаас суутгуулж төлсөн байна. Хавсралтаар хоолны картаар уншигдсан мэдээллийг хүргүүлэв...” гэх албан бичиг (6хх 204),

гэрч Т.А-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (5хх 114-148),

шүүгдэгч Я.Г-гийн ажлын байрны тодорхойлолт (5хх 237-244) зэргийг харьцуулан шинжлэн судлахад,

  шүүгдэгч Я.Г- нь “Д” ТӨХК-ийн ... цайны газрын даргаар ажиллаж байхдаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус цахилгаан станцын ажилчдын хоолонд бэлдсэн махнаас өөрийн үүсгэн байгуулсан “...” цэцэрлэг рүү зөөвөрлөж, цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэсэн талаар гэрчүүд нэг үйл баримтыг мэдүүлсэн, мөн тухайн мэдүүлгүүдийг шинжээчийн дүгнэлт болоод бусад нотлох баримтуудаар шалган тогтоосон байх тул яаж Я.Г- нь өөртөө 12,605,805.37 төгрөгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн болно.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, Т.Багахүү нараас “...Я.Г- нь мах дутаасан асуудалд хариуцлага хүлээхгүй, мөн тэрээр нийтийн албан тушаалтан биш...” гэх үндэслэлээр шүүгдэгч Я.Г-г цагаатгах агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй.

Учир нь, Авлигын эсрэг Нэгдэн Үндэстний Байгууллагын конвенцийн 2 дугаар зүйлийн а-д “Төрийн албан тушаалтан гэж оролцогч улсын хуулийн холбогдох салбарт хэрэглэж байгаагийн дагуу төрийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт төрийн чиг үүрэг гүйцэтгэдэг, эсхүл төрийн үйлчилгээ үзүүлдэг хүнийг, оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид төрийн албан тушаалтан гэж тодорхойлсон хүнийг хэлнэ”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”,

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно”,

мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна”,

“Д” ТӨХК-ийн дүрмийн 9.1-т “Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтуудаар шүүгдэгч Я.Г- нь “Д” ТӨХК-ийн ... цайны газрын даргын албан тушаалд ажилладаг, түүний ажлын байрны тодорхойлолтын 11.10-д “Хариуцсан албатай хамтарч худалдан авалтыг зохион байгуулж, гэрээ байгуулах” гэж заасан байх ба “Д” ТӨХК-ийн байгуулсан нарийн ногоо нийлүүлэх (5хх 40-43), төмс, хүнсний ногоо нийлүүлэх (5хх 44-46), хор саармагжуулах бүтээгдэхүүн 2-р багц артишокийн ундаа худалдан авах (5хх 47-49), сүү, сүүн бүтээгдэхүүн худалдах авах (5хх 53-56) зэрэг гэрээнүүдэд тус ТӨХК-ийг төлөөлж оролцдогоос үзэхэд, тэрээр компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд оролцдог этгээд байх тул Я.Г-г “Д” ТӨХК-ийн эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн “Д” ТӨХК нь өөрийн онцлогтоо тохируулан хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах компанийн эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг баталсан байх бөгөөд тус жагсаалтад Я.Г- багтсан байна (6хх 8-9).

Иймд шүүгдэгч Я.Г-г Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах нийтийн албан тушаалтан мөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”,

мөн хэсгийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д “ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгоно.

Шүүгдэгч Я.Г- нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих зарчмыг зөрчин, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор төрийн өмчит хувьцаат компанийн ажилчдын хоолны махнаас өөрийн үүсгэн байгуулсан цэцэрлэг рүү зөөвөрлөн, хийх ёсгүй үйлдэл хийсэн нь албаны хэвийн ажиллагаа доголдох эрсдэлийг бий болгож, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны болоод шударга ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “гэрчүүд ам дамжсан яриаг мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалж эргэлзээтэй” гэх боловч гэрчүүд нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгчийг махны бэлдцээс авч гарч байсныг өөрийн нүдээр хараагүй, хамт байгаагүй боловч нэр бүхий гэрчүүд нэгэн адил үйл баримтыг тал бүрээс нь өөрийн мэдэх хэмжээнд мэдүүлснийг нотолгооны ач холбогдлыг сулруулах нөхцөл байдал гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлж буй үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явуулж, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар мах дутсан үйл баримт болон Я.Г-гийн үйлдэл хоорондын шалтгаант холбоог шалгаж тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон ял оногдуулахаас гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүгдэгч Я.Г-гийн гэмт үйлдэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үйлдэгдсэн нь тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуульд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх агуулгаар ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн байна.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүгдэгч Я.Г-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ тохирсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/841 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН