| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2026/0040/з |
| Дугаар | 120/ШШ2026/0047 |
| Огноо | 2026-09-15 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 120/ШШ2026/0047
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Энержи ресурс” ХХК /РД:2887746/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******, *******, *******,
Хариуцагч: ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч,
Гуравдагч этгээд: ******* нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* /цахимаар/, хариуцагч *******, гуравдагч этгээд ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.
1. Нэхэмжлэгч “******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /*******/-ийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/131/04 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худаг салбарын захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын “...Ж.Амаржаргал нь үйлдвэрлэлийн аливаа хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан осолд өртөөгүй бөгөөд ердийн өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон, уг тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцохгүй...” гэж дүгнэсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг хариуцагчаас хянаад, уг актад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ хийж, 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 07/27-02/131/04 дугаартай дүгнэлт гаргасан.
3. Нэхэмжлэгч дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч холбогдох захиргааны байгууллагад гомдол гаргасан байх ба 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 05/1219 дүгээр албан бичгээр “...2026 оны 07/27-02/131/04 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй, эс зөвшөөрвөл шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү...” гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
4. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 120/ШЗ2026/0178 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэлээ мөн оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр манай компанийн хүнд даацын автомашины жолооч Ж.Амаржаргал нь тээврийн хэрэгслийг жолоодон явж, Гашуунсухайтын нүүрс тээврийн замын 31 дэх километрт байрлах замын хажуугийн зогсоолын талбайд тээврийн хэрэгслээ зогсоон, яаралтай тусламжийн эмчийг хүлээж байх үедээ тээврийн хэрэгслийн бүхээг дотор нас барсан тохиолдол гарсан, манай компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоос тус ослыг судлан бүртгэж, 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдсэн бөгөөд Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ӨМГ0626/012 дугаар дүгнэлтээр Осолдогчийг ердийн өвчний улмаас нас барсан болохыг тогтоосон дүгнэлтийг үндэслэн тус ослыг үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй тохиолдол гэж шийдвэрлэсэн.
Харин ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр дээр дурдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад "Хүлээн зөвшөөрөөгүй" гэх тэмдэглэл хийж, 07/27-02/131/04 дугаартай "Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай" дүгнэлт үйлдэн тус ослыг үйлдвэрлэлийн осол хэмээн дүгнэсэн дүгнэлтийн 1 болон 2 дахь хэсэгт "Осолдогч нь тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа ... бүхээг дотор нас барсан болох нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт, актын хавсралт материалууд болох гэрчүүдийн тайлбар мэдүүлэг, ослын судалгаа зэргээр нотлогдсон, Ж.Амаржаргалд холбогдох осол нь "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2.1.1 дэх заалтад хамаарч байна” гээд дүгнэлт үйлдсэн. Дүгнэлт буюу маргаан бүхий актын энэ хэсгээс үзвэл Осолдогч нь нас барахдаа тээврийн хэрэгсэл дотор байсан буюу ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан учраас тус тохиолдлыг шууд үйлдвэрлэлийн осол гэж үзсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад үйлдвэрлэлийн осол гэж “хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно" гэж тодорхойлж, үйлдвэрлэлийн ослын үндсэн хоёр урьдчилсан нөхцөлийг тогтоосон, тухайн тохиолдлыг үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтооход Осолдогч хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байсан эсэх, мөн үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртсөн эсэх гэсэн хоёр нөхцөл хангагдсан эсэхийг тогтоох шаардлагатай байхад “ажил үүргээ гүйцэтгэж байсан" гэх эхний урьдчилсан нөхцөл хангагдсан шалтгаанаар тус тохиолдлыг шууд үйлдвэрлэлийн осол гэж үзэж захиргааны акт гаргасныг зөвшөөрөхгүй.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т "...үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ... хянана.", мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5 дахь заалтад улсын байцаагчийг "үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах" бүрэн эрхтэй гэж заасан байх боловч улсын байцаагч нь Дүгнэлт гаргахдаа осол гарсан шалтгаан, хүчин зүйлийг үл харгалзан үйлдвэрлэлийн ослыг тогтоож, ослын шалтгаан болсон хүчин зүйлтэй холбоотой аливаа дүгнэлт хийгээгүй, хянаж, шалган тогтоох үүргээ биелүүлээгүй.
Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2022/0010 дугаар тогтоолд “ажлын байран дээрээ буюу ажил үүргээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй" хэмээн дүгнэсэн байна. Үүнээс харвал, Осолдогч нас барахдаа ажил үүргээ гүйцэтгэж байсан нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтооход хангалтгүй, харин бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, хоёрдох урьдчилсан нөхцөл давхар хангагдаж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2018/02149 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “үйлдвэрлэлийн ослын үед үйлдвэрлэлийн тодорхой хүчин зүйлийн үйлчлэлээр ажилтны эрүүл мэндэд хохирол шууд илрэх бөгөөд биеийн гадна, дотно авсан гэмтэл, бэртэл, түлэгдэлт зэрэг хэлбэрээр илэрдэг ба тийм ч учраас үйлдвэрлэлийн ослыг тэр даруйд нь тогтоодог" хэмээн дүгнэсэн байна.
Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/185 тоот тушаалын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал"-д "Үйлдвэрлэлийн ослын шалтгаан", "Үйлдвэрлэлийн ослын хүчин зүйл" зэргийг нэг бүрчлэн дурдан заасан. Тухайлбал, үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь унах, бүдрэх, халтирах, унаж байгаа эд зүйлд цохигдох, эд зүйл дээр гишгэх, суурин болон хөдөлгөөнт эд зүйлд цохигдох, эд зүйлд хавчуулагдах, хүчилсэн болон хүчтэй хөдөлгөөн хийх, халалт, түлэгдэлт, хөлдөлт, цахилгаан гүйдэлд цохиулах, хортой бодис, цацраг идэвхийн нөлөөнд өртөх, хүн, малын гадны халдлагад өртөх, живэх зэрэг шалтгаантай байхаар заасан бол үйлдвэрлэлийн ослын хүчин зүйлд техник технологийн, удирдлагын тогтолцооны, хүний (хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, аюулгүй ажиллагааны заавар, журам, удирдлагын заавар мөрдөөгүй зэрэг), ажлын байр, орчны (замын нөхцөл, хязгаарлагдмал орон зай, гэрэл, харагдах орчин, цаг агаарын нөлөөлөл) хүчин зүйл зэргийг хамааруулсан.
Осолдогчийн нас барсан шалтгаан, хүчин зүйл нь дээр дурдсан үйлдвэрлэлийн ослын шалтгаан, хүчин зүйлд огт хамааралгүй буюу ердийн өвчлөлийн шалтгаантай болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байтал улсын байцаагч тухайн нөхцөл байдлыг харгалзалгүйгээр зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан үндэслэлээр үйлдвэрлэлийн осол хэмээн дүгнэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн хууль бус захиргааны акт болсон, "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 5.2.4-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхдээ осолдогч нас барсан тохиолдолд цогцост задлан шинжилгээ хийсэн тухай шүүх эмнэлгийн дүгнэлтийг хавсаргахаар заасан нь улсын байцаагч Осолдогчийг ямар учир шалтгаанаар нас барсан болохыг судлан хянасны үндсэн дээр тухайн тохиолдлыг хянан баталгаажуулах үүрэгтэй болохыг илэрхийлж байна.
Манай Компанийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссоос 2026 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг үйлдэж, улсын байцаагчид дээр дурдсан ӨМГ0626/012 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хамт хүргүүлсэн боловч улсын байцаагч дүгнэлтдээ тус шинжээчийн дүгнэлтийн талаар ямар нэгэн байдлаар дурдаагүй, дүгнэлт өгөөгүй болно.
Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь тус дүгнэлт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг баримтлаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т тус тус заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, улмаар хуульд нийцээгүй дүгнэлт нь компанид Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг олгох сөрөг үр дагаврыг бий болгож, энэ нь Компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болоод байна.
Манай компанийн хувьд хуулийн дагуу тогтоогдсон үйлдвэрлэлийн ослын тохиолдолд нөхөн төлбөр олгох үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд Компанийн дотоод дүрэм, журмын хүрээнд ажилтан, тэдгээрийн ар гэрт шаардлагатай санхүүгийн дэмжлэг, туслалцааг тухай бүр үзүүлдгийг энд тэмдэглэж байна. Харин хууль зүйн үндэслэлгүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж гаргасан дүгнэлтийн улмаас компани үндэслэлгүйгээр нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээх нь шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцэхгүй, компанийн эдийн засгийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар байна.
Иймд энэхүү тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд тооцоход зайлшгүй тогтоох шаардлагатай нөхцөл байдал болох Осолдогчийн нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлтэй хамааралгүй, “ердийн өвчлөл" байсныг шүүх шинжилгээний төвөөс тогтоосон үйл баримтыг огт үнэлж, дүгнэлгүйгээр улсын байцаагч дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.
5.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөнд өртөөгүй гэдэг үндэслэлийг гаргаж тавиад бид нар хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд маргаан үүсгэсэн, 4 хүчин зүйлийн нөлөөнд өртсөн үед бид нар хүчин зүйлийн нөлөөлөл гэж үздэг тэрнээс биш ердийн өвчлөлийн улмаас нас барсан тохиолдол бүрийг бид нар үйлдвэрлэлийн осол гэж тооцож үзээд байх боломжгүй.
Манай компани Монгол улсын хууль тогтоомжоос гадна Хонгконгийн хөрөнгийн биржид гарсан компани учраас мөн тэндээс тавигддаг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт, нормыг мөрддөг. Тэгээд үйлдвэрлэлийн осолд өртөж байгаа тохиолдол нэг бүр дээр Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмын хэрэгжилтийг хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр шалгалтад орж байдаг. Олон улсын стандартын нийцлийг хийлгэж байдаг компани учраас бид нар энэ байдал дээр маш анхааралтайгаар хууль ёс, дүрэм журмын дагуу ханддаг. Ердийн өвчлөлөөр ажлын байран дээрээ нас барсан тохиолдол бүр дээр Олон улсын жишиг компанийнхаа хувьд ч, Монгол Улсын дүрэм журмынхаа хувьд ч үйлдвэрлэлийн осол гээд хариуцлагыг хүлээгээд авах боломжгүй. Осолдогчийн нас барсан шалтгаан нь шүүх эмнэлгийн шинжээчийн буюу задлангийн дүгнэлтээр зүрхний булчингийн эмгэгшлийн улмаас зүрх гэнэт зогсож нас барсан гэдэг шалтгаан нөхцөлтэй байдаг учраас ямар нэгэн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөлөлд өртөөгүй.
Ажлын байран дээрээ ажил олгогчийн үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөнд өртсөн ч гэдэг юм уу, ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас ч гэдэг юм уу, бид аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, журам, стандарт, нормыг зөрчөөгүйгээс ч гэдэг юм уу, ийм байдлаар осолд өртсөн байх боломжгүй. Тэгэхээр бидэнд ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл бүрдээгүй гэж үзээд улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-ээр захиргааны акт өөрөө хууль бус, хүчингүй болгох шаардлагыг гаргасан...” гэв.
6. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Миний зүгээс “Энержи ресурс” ХХК-тай холбоотой үйлдвэрлэлийн ослын актыг өөрийн эрх үүргийн хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1-д зааснаар ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах, мөн хуулийн 29.4.2-д зааснаар ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.5-д зааснаар үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах гэсэн үүргийнхээ хүрээнд ажиллаж, “Энержи ресурс” ХХК-иас ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын актад хяналт тавиад санал нийлэхгүй байсан тул эрх хэмжээнийхээ хүрээнд хуулийн 29.4.2-оор дүгнэлтийг гаргасан., дүгнэлтийг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д заасан 2.1.1-д ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан уу гэвэл ажилтан нь ажлаа гүйцэтгэж байсан, жолоочийн ажлын байр нь тээврийн зам байхад тухайн хүн нь үйлдвэрлэлийн хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй гэж үзээд байгаа. Автаагүй гэдэг шалтгааныг үйлдвэрлэлийн ослын актдаа нарийн судалгаа, тайлан ирүүлээгүй. Түүнийг нотлох баримт байхгүй учраас үйлдвэрлэлийн ослын хүчин зүйлийн нөлөөлөлд автаагүй гэж үзэх үндэслэлгүй байсан тул тусгайлсан дүгнэлтийг гаргаж ажилласан.
Хүчин зүйлийн нөлөөлөлд өртсөн үгүйг танай үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс шалтгаан нөхцөлийг маш сайн тодруулж, нотлох баримтыг хавсаргаж хийх ёстой. Гэтэл шалтгаан нөхцөлийг тодруулаагүй, нотлох баримтыг хавсаргаагүй, мөн хүчин зүйлийн нөлөөлөлд өртөхөд ажлын байрны орчин нөхцөл алдагдсан уу, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам, зөрчлөө бүрэн биелүүлсэн үү гэдэг дээр ямар ч судалгаа, тайлан, нотлох баримт байхгүй. Ажлын байрны орчин нөхцөл алдагдсан байх боломжтой. Ажил үүргээ гүйцэтгэж явахад “Энержи Ресурс” ХХК-ийн олон тээврийн хэрэгслүүд зогсчихсон, мөн гуравдагч этгээдээс миний бие нөхцөл байдлыг тодруулан тайлбар авсан. Нэхэмжлэгч талаас нарийн судалж, ямар нэгэн тайлбарыг ирүүлээгүй. Энэ бол ажлын байрны орчин нөхцөлд орно.
Хоёрдугаарт зүрх судасны хатуулгийн улмаас архаг өвчтэй байсан гэж үзээд байна. Гэтэл Интермэд эмнэлэг буюу сүүлд үзсэн эмнэлгийн дүгнэлтийг харахаар ажилд тэнцэнэ гээд зүрх судасны өвчлөлтэй учир энэ ажлыг хийх боломжгүй гэсэн дүгнэлт байхгүй. Зүрх судасны хатуурал гэдэг өвчин юунаас шалтгаалсан бэ гэдгийг танайх судлаагүй. Мэргэжлээс шалтгаалах өвчнийг нарийн тодорхойлдог эрүүл ахуйч, эмч гэж байдаг. Эмч нар тусгай багаж хэрэгслээр хэмжиж дүгнэлтийг гаргадаг. Тэгвэл энэ Интермед эмнэлэгт энэ эрх байгаа юу, Интермед эмнэлэг нь хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчнийг нарийн тогтоохоор зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн газар мөн гэдгийг тодорхойлох баримт байхгүй. Зүрх судасны хатуурал гэдэг өвчлөлийг ажлын нөхцөл байдлаас шалтгаалаад үүссэн байх магадлалтай гэж миний бие үзсэн. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс үүдэлтэй зүрх судасны хатуурлын өвчин гэж би дүгнэчихсэн юм байхгүй, уг өвчин нь тухайн хүний суурь өвчин үү, эсхүл мэргэжлээс шалтгаалах өвчин байсан уу гэдгийг танайх судлан тогтоож, нотлох баримтыг авчирах ёстой атал энэ талаар баримт гаргаж өгөөгүй. Тийм учраас тухайн хүний суурь өвчин гэж үзэх боломжгүй.
Захиргааны ерөнхий хууль дээр илт хууль бус актын талаар тодорхой заасан. Ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдэг тохиолдлыг хууль бус гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Тухайн ажлын байран дээрээ ажил үүрэг гүйцэтгэх байсан учраас дүрмийн 2.1.1-д хамаарна. Ажил олгогчийн зүгээс ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажлын эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх буюу ослын шалтгаан нөхцөлийг тогтоож, баримт, дүгнэлтийг гаргаж ирүүлэх нь аж ахуй нэгжийн үүрэг.
Энэ дээр нь би хяналт тавих ёстой болохоос нотлох баримт цуглуулах, танай энэ тохиолдол дээр би нотлох баримт гаргаж ирээд, энэ дээрээ дүгнэлт гаргах эрх бүхий хүн нь би биш. Харин танайхаас гаргасан шийдвэртэй санал нийлж байна уу, үгүй юу, гаргаж ирсэн нотлох баримт чинь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гэсэн дүгнэлтэд таарч байна уу, үгүй юу гэдэг дээр хяналт тавьж байгаа. Бусдаар би үүнийг тодруулаад, нарийн байгууллагаар нь үзүүлээд, шилжүүлээд, баримт бүрдүүлээд явдаг хүн биш, тийм үүрэг миний ажил үүрэгт байхгүй, танайхаас гаргаж өгсөн баримтад үндэслэж дүгнэлт гаргаж байгаа. Тийм учраас нэхэмжлэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, үйлдвэрлэлийн осол мөн гэж үзэж байна...” гэв.
7. Гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед бензиний хомсдолтой байсан, хүүхдүүдээ сургуульд суулгах шаардлагатай жижиг тэргэндээ бензин олох гээд 61 дэх километрийн колонк дээр бензин хэвийн өгч байна гэдэг мэдээлэл сонсоод бензиний сав аваад жижиг машинаа гүүрний доор буюу 6 дахь километрт тавиад нөхрийнхөө машиныг тосож очоод бензиний сав аваад суусан, 61 дэх километрийн колонк хаалттай байсан, замд явж байсан учраас би буугаад өөр машинд суух боломжгүй байсан. Тухайн үед би машины кабинд нь хамт явж байсан учир ямар байдлаар нас барсныг нь сайн мэдэж байна.
Үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн Б.Дулмаа байцаагчтай санал нийлж байна. Яагаад гэхээр том машиныг асааж байх үед гарч байсан угаар дотроос гарч ирэхдээ хахаж, цацаж байсан. Би замынх нь хуудас дээрээс компанийн эмчийнх нь дугаарыг олоод өөрийг нь хүчлүүлж байгаад эмнэлэгт дуудлага өгсөн боловч ээлжийн эмч нь хэсгийн мастертаа мэдэгд гэсэн. Яагаад тэр хүн өвдөөд амьсгалж чадахгүй түргэн дуудаж байхад ирээд үзсэн бол амьсгалын замыг нь чөлөөлөх боломж байсан.
Тэгээд хэсгийн мастер Бат-Орших гэдэг хүн рүү нь ярьсан, тэр дарга нь наанаас чинь машиныг нь бариад ирэх хүн байвал машинаа бариулж ирээд эмнэлэг рүү ор гэсэн.
40-30 хэдэн километр дээр лонгоор явлаа гэхэд миний баримжаагаар 15-20 минут л явах байсан байх. Тэгэхэд миний нөхөр цаг гаран амьсгалж чадахгүй давчдаж байгаад цусаар огиод өнгөрсөн. Хар ухаанаар бодоход амьсгалж чадахгүй байгаа хүний зүрх хаагдах нь тодорхой болов уу гэж бодож байна, цусаар бөөлжөөд нас барсан байтал яагаад үйлдвэрлэлийн осол гэж үзэхгүй байгаа юм, “Энержи ресурс” ХХК-иас жилд нэг удаа Интермед эмнэлгийн шинжилгээнд оруулдаг, уг шинжилгээгээр үхэлд хүргэх хэмжээний биш зүрхний өөхлөлттэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай, өвчлөл гараагүй. Зүрх нь өвдөж байгаагүй, “Энержи ресурс” ХХК-аас жилд нэг удаа Интермед эмнэлгийн шинжилгээнд оруулдаг. Уг шинжилгээгээр үхэлд хүргэх хэмжээний биш зүрхний өөхлөлттэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчлөл гараагүй. Зүрх нь өвдөж байгаагүй.
Манай нөхөр 2016 онд энэ компанид орж ажиллаж байгаад ковидын үед 5 сарын хугацаатай ажлаасаа түр гараад 2019 онд эргээд орсон санагдаад байна. Ер нь бол 7, 8 жил ажилласан, манайх 5 хүүхэдтэй, нэг нь гадаадад байдаг, нөхрийн нэр дээр танай компаниас 3 жил болоод өмчлөгдөнө гэсэн гэрээтэйгээр олгогддог хашаа, газар нь 06 дугаар сарын 30-ны өдөр нөхрийн нэр дээр олгогдох байсан. Тэр хугацаанаасаа өмнө нь нас барчихсан учраас тухайн хашааг хураана гэсэн аман мэдэгдэл одоогоор надад ирчихсэн, өөр нүүж очих газар байхгүй.
Нэхэмжлэгч тал үйлдвэрлэлийн осол биш гээд хууль дүрэм, жолооч нарынхаа аюулгүй байдлыг тэгж хангадаг, ингэж хангадаг, зүрх судасны өвчнөөс болж зүрх нь хаагдсан гэж яриад л байна. Тухайн өдөр үзүүлээд л тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа. Манай нөхрийн хамт ажиллаж байгаа хүмүүсийн яриагаар бол эмчийн үзлэг гэж зөвхөн даралт л үзэх, зүрхийг нь чагнах, амьсгалын хэм хэмжээ байдаг юм уу, юуг хэмждэг юм, би сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн өвчлөлд зөвхөн даралт үздэг. Ингэхдээ өөрсдөөс нь даралт хэдтэй байгааг асуугаар гарын үсэг зуруулаад за гарч болно гэдэг.
Гэтэл тэр ажлын байран дээр тийм тийм байдлаар бид нар хангалттай ажилладаг, жолооч нарынхаа аюулгүй байдал болон амрах байранд ингэдэг гээд амьдралд, практик хоёр чинь шал өөр байдаг. Үйлдвэрлэлийн осол биш гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Миний нөхөр зүрхний өвчин гэж нэг удаа ч хэлж байгаагүй. Байнгын суудлын ажилтай байсан учраас сүүлийн үед жин нэмсэн. Яагаад үйлдвэрлэлийн осол биш гэж үзээд байгаа юм, баримт хэрэгтэй гэж яриад байна. Ухаан мэдрэлгүй хажуу дахь ханиа алдчихсан хүн зураг дараад, бичлэг хийгээд байх боломж надад байхгүй.
“Энержи ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, үүний улмаас манай хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгааг харгалзан үзэж үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг судлаад дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч талаас “...Осолдогчийг зөвхөн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа нас барсан үндэслэлээр үйлдвэрлэлийн осол хэмээн дүгнэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн, нас барсан тохиолдол бүрийг үйлдвэрлэлийн осолд тооцох боломжгүй, ердийн өвчлөлийн улмаас нас барсан байхад ямар хүчин зүйлийн нөлөөллийн улмаас нас барсанг нь шалгаж тогтоогоогүй, баримт бүрдүүлэн нотлоогүй тул үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан дүгнэлт хууль бус захиргааны акт болсон...” гэх,
3. Хариуцагчаас “хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, комиссын актыг зөвшөөрөхгүй тохиолдолд дүгнэлт гаргах гэсэн үүргийнхээ хүрээнд ажиллаж, “Энержи ресурс” ХХК-иас ирүүлсэн үйлдвэрлэлийн ослын актад хяналт тавиад санал нийлэхгүй байсан тул эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлтийг гаргасан, осол гарахад нөлөөлөх хүчин зүйлийг шалгах тогтоох, баримт бүрдүүлэх нь тухайн комиссын үүрэг, хууль, дүрэм зөрчөөгүй...” гэх,
4. Гуравдагч этгээдээс “...дуудлага өгөхөд компани эмч шууд ирсэн бол тухайн үед амь насыг нь аврах боломжтой байсан, компани жилд нэг удаа арүүл мэндийн шинжилгээнд оруулдаг, уг шинжилгээгээр үхэлд хүргэх хэмжээний биш зүрхний өөхлөлттэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчлөл гараагүй, ер нь зүрх нь өвдөж байгаагүй, хүүхдүүдийн маань эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа...” гэх агуулгаар тус тус тайлбарлан маргасан, тухайн болсон үйл явдалтай холбогдуулан талууд маргаагүй.
5. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна”, 29.3-т “Энэ хуулийн 29.2-т заасны дагуу гаргасан үйлдвэрлэлийн ослын актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, хурц хордлогын дүгнэлтийг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тус тус хянана”, 29.4-т “Энэ хуулийн 29.3-т заасан ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг хянасан улсын байцаагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гээд 29.4.1-д “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрч баталгаажуулах”, 29.4.2-т “ослын акт, хурц хордлогын дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол дүгнэлт гаргах”, 33 дугаар зүйлийн 33.2.5-д “үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, энэ хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар дүгнэлт гаргах” гэж тус тус заажээ.
6. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, ажил олгогч аж ахуй нэгжийн зүгээс /өмчийн бүх хэлбэр/ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд тус осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг судалж, бүртгэх, тайлагнах, мэдээлэх үүргийг хуулиар хүлээж, холбогдох журам, дүрмийн дагуу Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын талаар акт, дүгнэлт гаргаж, түүнд мэргэжлийн чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан хяналт тавьж хууль, дүрмийн хэрэгжилтэд хангуулан ажиллах, мөн улсын байцаагч нь ажил олгогчийн байгуулсан комиссын гаргасан ослын актыг зөвшөөрөөгүй бол өөрөө бие даасан дүгнэлт гаргахаар байна.
7. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[1] үзэхэд “Энержи ресурс” ХХК-д Хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан Ж.Амаржаргал нь 2025 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* аймгийн нутаг дэвсгэр буюу Цагаан хаднаас Ухаа худаг чиглэлд явж байхдаа биеийн эрүүл мэндийн байдал нь муудаж, Гашуун сухайт нүүрс тээврийн автозамын Ухаа худаг талаас 31 дэх километрт байрлах замын хажуугийн зогсоолын талбайд тээврийн хэрэгслээ зогсоон эмч хүлээж байх үедээ машин /кабин/-даа нас барсан болох нь тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
8. Тус компанийн ажилтан Г.Амартүвшин 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр энэхүү ослын талаар хариуцагчид мэдэгдсэн,[2] компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар тушаалаар[3] байгуулагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс “...Ж.Амаржаргал нь үйлдвэрлэлийн аливаа хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан осолд өртөөгүй бөгөөд ердийн өвчний улмаас нас барсан болох нь тогтоогдсон байна. Иймд уг тохиолдлыг үйлдвэрлэлийн осолд хамруулан тооцохгүй...” гэж дүгнэн 2026 оны 02 дугаарын сарын 07-ний өдөр “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг[4] гаргаж, уг актыг хариуцагч хянаад “Хүлээн зөвшөөрөхгүй” гэж тэмдэглэгээ /гар бичмэлээр/ хийн, “...Ж.Амаржаргал нь тээрийн хэрэгслийн бүхээг дотор нас барсан нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “...дүрэм”-2.1.1 /ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/-д хамаарч байна...” гэж үзэж 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 07/27-02/131/04 дүгээр “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлт[5] гаргасан нь дээрх хууль, дүрмийг зөрчөөгүй байхын зэрэгцээ “осол гарах болсон шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, шалтгаант холбоог судлах, тогтоох, баримт бүрдүүлэх, мэдэгдэх” зэрэг үүргийг дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу ажил олгогчийн байгуулсан комисс хэрэгжүүлж, өөрөө судлан, тогтоох үүрэгтэй байна.
9. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно”, мөн зүйлийн 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна”, мөн зүйлийн 92.6-д “Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцно” гэж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг, 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ”, 4.1.1-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 4.1.1, 4.1.3-т заасан ажил олгогч, ажилтан” гэж тус тус тодорхойлжээ.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-т “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.1-д “ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед”, 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж тус тус зохицуулсан.
10. Дээрх хуулиас үзвэл, ажлын байранд гарсан үйлдвэрлэлийн ослын хувьд ажилтан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн, согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулснаас бусад тохиолдлыг үйлдвэрлэлийн осол гэж үзэхээр байна.
11. Хавтаст хэрэгт авагдсан баримт,[6] Ж.Амаржаргалын эрүүл мэндийн хуудас /анх ажилд орох үеийн үзлэг буюу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зүрх, судасны нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр “Сайн” үнэлэгдсэн/, “Ажлын байрны тодорхойлолт”, 2022-2025 оны Хөдөлмөрийн гэрээнүүд зэргээс[7] үзвэл, “осолдогч нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харъяат иргэн байх ба ******* аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Уурхайчин хорооллын 6-241 тоотод хаяг /компанийн эзэмшлийн хашаанд/-т оршин суудаг байсан, Цагаан хаднаас Ухаа худаг чиглэлд хүнд даацын автомашин жолоодож байх үед бие нь муудан, улмаар зүрх нь зогсон нас барсан энэ тохиолдолд тухайн ажилтныг ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ.
12. Тиймээс нэхэмжлэгч талаас гаргасан “...хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг баримтлаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т тус тус заасан захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, улмаар хуульд нийцээгүй дүгнэлт гаргасан...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
13. Мөн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт”-ыг хянаад, эс зөвшөөрч гаргасан маргаан бүхий актын үндэслэл болсон Шүүх шинжилгээний Ерөнхий газрын ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ӨМГ0625/012 дугаар дүгнэлтэд “...талийгаач Ж.Амаржаргал нь зүрхний цочмог шигдээсийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан, цуснаас спиртийн агууламж илрээгүй, гэмтэл тогтоогдсонгүй, ерөнхий судас хатуурах өвчтэй байсан ба энэ нь үхэлд нөлөөлсөн...” гэж дүгнэсэн байна.
14. “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн Хоёр дахь хэсгийн 2.2-т “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн болон согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үед өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд орон тооны бус байнгын комисс нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад энэ тухай тусгайлан тэмдэглэнэ” гэж зааснаас үзвэл ажлын байран дээрээ мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн нь нотлогдсоноор тус нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд шууд хамруулан үзэх үндэслэл нь хязгаарлагдахаар байх ба энэхүү маргааны тухайд осолд өртөгч нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг зөрчсөн, мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осолд өртөн, нас барсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлтэй.
15. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, ******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь шийдвэр гаргах хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд “Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актыг буюу ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдлыг хянаж, эс зөвшөөрч дүгнэлт гаргасан нь дээрх хууль, дүрэмд нийцсэн, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн /зөрчигдөж болзошгүй/ гэх байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий акт болох Улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/1131/04 дугаар “Үйлдвэрлэлийн ослыг хянан баталгаажуулсан тухай” дүгнэлтийг хууль бус гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Иймд “Энержи ресурс” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.20, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4, 29.4.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Энержи ресурс” ХХК-ийн “******* аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07/27-02/131/04 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэрэг /1/-ийн 72-75, 164-165, 178-195, 234 дэх талд
[2] Хавтаст хэрэг /1/-ийн 71 дэх талд
[3] Хавтаст хэрэг /1/-ийн 162-163 дахь талд
[4] Хавтаст хэрэг /1/-ийн 69-70 дахь талд
[5] Хавтаст хэрэг /1/-ийн 67-68 дахь талд
[6] Хавтаст хэрэг /1/-ийн 227-233 дахь талд
[7] Хавтаст хэрэг /1/-ийн 164-165, 166-177, 178-195 дахь талд