Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 377

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Дамба

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, К.Бауиржан, Б.Цолмон-Эрдэнэ

гэрч Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

П.Бнь 2015 оны 6 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнийн 2 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “Лакивер” рестораны өмнөх талбай дээр архи ууж согтуурсан байхдаа Г.Жаргалсайхан, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү, О.Урантуяа, Ц.Одмаа нарын хамт зогсож байхдаа иргэн Г.Жаргалсайхантай маргалдаж авто замын зорчих хэсэг рүү цохиж унагааж, улмаар Хаш-Эрдэнийн жолоодож явсан Соната 5 маркийн 54-08 УНЭ улсын дугаартай автомашинд дайруулж амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Бшүүхийн хэлэлцүүлэгт: Би 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын удирдах газрын хойно байрлах Лакивер ресторанд байсан юм. Тэр орой 21 цаг өнгөрч байхад талийгаач Жаргалсайхан над руу утсаар залгасан. Би ийм үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлэхэд талийгаач “яваад очъё” гэж хэлсэн. 22 цаг өнгөрч байхад талийгаач Жаргалсайхан Хатанбүүвэйгийн хамт ирсэн. Тэр үед ресторанд П.Бминий бие, Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Одмаа, Урантуяа  нарын хамт байсан. Надад баяр хүргээд 0.75  литрийн 2 шил архи 5-уулаа хувааж уусан. Цаг орой болсон байсан тул бүгдээрээ тамхи татчихаад хөдлөе гээд үүдэнд гархад тамхигүй байсан. Наранхүү тамхинд явсан. Тэр  хооронд талийгаач Жаргалсайхан, Хатанбүүвэй, Мөнх-Эрдэнэ, бид дөрөв үлдсэн. 10 орчим минутын дараа Наранхүү тамхинд явчихаад ирсэн. Бид нар тамхиа татаад дуусах хооронд талийгаач Жаргалсайхан замын зорчих хэсэг рүү унаж машинд дайруулсан, харамсалтай зүйл болсон гэв.

 

Хохирогч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй 3 жил болж байна. Би П.Б худлаа ярьж байгаад нь маш их гомдож байна. Манай ар гэрийнхэн энэ хүнээс болж ямар байдалд байгааг мэдэхгүй байна. Надад 5.150.000 төгөрөг өгөхөд нь “хэргийн улмаас учирсан хохиролд нь авч байгаа юм шүү” гэж өөрт нь хэлж байж би авсан. Хүний найз гэж ийм байдаггүй юм. Хүний мөн чанар харагдаж байна. 6 дугаар сарын 02-ны өдрийн хэргийн талаар мэдүүлэг өгсөн гэрч Хатанбүүвэй, Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Урантуяа нар “үхсэн хүн ярьж чадахгүй гэж байгаа юм шиг” миний ханийг буруутан болгож мэдүүлэг өгсөн байсан. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл худал мэдүүлж байна. Хэргийн газар хамт байсан хүмүүс гэм буруугүй гээд хэрэг нь хэрэгсэхгүй болсон байсан. Энэ хүн өнөөдөр үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байхад миний хань тэр өдрөөс хойш газрын шороонд булагдсан. Би хөндлөнгийн гэрчүүд болон камерын бичлэг байгаад баярлаж байна. Тухайн үед миний нөхөр 800.000 төгрөгийн цалинтай байсан. Тэр үед миний бага охин 10 сартай, том охин 8 настай байсан. Одоо бага охин 3 ой хүрэх гэж байна. Аавыгаа байнга нэхдэг, аавтайгаа байсан нэг ч өдрөө санахгүй хэцүү байна. Нийгмийн даатгалаас тэжээгийн алдсаны тэтгэмж миний 2 хүүхдэд нийт 235.975 төгрөг сар бүр олгохоор тогтоосон.  Одоо би Боос хүүхдүүдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмж буюу том хүүхдийг 18 нас хүртэл 17.841.480 төгрөг, 10 сартай бага хүүхдийг 18 нас хүртэл 30.627.874 төгрөг, оршуулгын бодит зардал 19.688.623 төгрөг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди тодруулсан зардал 288.480, орчуулгын хөлс 5000 төгрөг болж байна. Өмгөөллийн хөлсөнд 3.800.000 төгрөг, өөрийнхөө ажилгүй байсан хугацаа буюу 86 сарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нийт 20.640.000 төгрөг , нийт 92.891.457 төгрөг болж байна. Энэ мөнгөнөөс 5.150.000 төгрөгийг хасаж 87.741.457 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Гэрч Б.Одбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед махлаг залуу нь нэг залуутай муудалцаж байгаа байдалтай харагдаж байсан. Бусад гурван залуу тойрсон байдалтай зогсож байгаа харагдаж байсан. Хоёр машины голд зогсож байхдаа маргалдаж байсан хоёр залуу бие биенийгээ заамдаж байгаад тавимагцаа нүүр рүү нь цохисон. Би цохиж байгааг нь цонхны цаанаас харсан. Маргалдаж байгааг нь гарч орох үедээ сонссон. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Саравчтай малгайтай бүдүүн залуу маргалдаж байгаад туранхай залууг цохиж байгаа харагдсан. Би талийгаач дээгүүр машин гарч байгааг нь хараагүй. Машин зогсож байхад нь харсан. Дотроос нь хоёр эмэгтэй хүн гарч ирээд чи хүн дайрчихлаа гээд байсан гэв.

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.Б мөрдөн байцаалтанд: 2015 оны 6 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө гэртээ унтаж байтал 95950288 дугаараас 02 цаг 59 минутанд нэг танихгүй эрэгтэй хүн залгаад Жагаа ах осолд орчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи хэн бэ, юу яриад байгаа юм бэ, тоглоод байгаа юм уу” гэтэл нөгөө хүн дуугарахгүй байж байгаад 4 зам дээр байна гэж хэлээд тасалсан. Би хадам аав Гантулга руу залгаад Жагаа осолд орсон байна гэж хүн залгаж байна гэж хэлсэн. Тэгээд дахин нөгөө дугаар руу залгаад яасан талаар асуутал нөгөө хүн бараг найдваргүй болчихлоо гэж хэлсэн. Би гэртээ хоёр хүүхэдтэйгээ байсан болохоор гэрээс гарч чадахгүй, харин манай хадам аав Гантулга хэргийн газар дээр анх очсон. Тэр осолд орох өдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 07 цагийн орчим талийгаач ажилдаа гарсан...тэр өдөр ажилдаа яваад ажлаа тараад гэртээ ирээгүй шууд найзуудтайгаа уулзаад явсан байсан. 17 цагийн орчим утсаар ярихад архи уугаагүй, эрүүл ажил дээрээ байна гэж байсан. 19 цаг өнгөрч байхад ярихад би хүнтэй уулзчихлаа, одоо удахгүй очлоо гэж байсан. Тэгэхэд бол архи уугаагүй эрүүл байсан...Сүүлийн үед талийгаач Хатнаа гэх залуутай пиво уучих гээд байдаг болсон. Сард ойролцоогоор 2 удаа бага хэмжээгээр пиво уудаг...Хатнаа, Б хоёрт их гомдолтой байна. Бичлэг дээр бол Б зодоод манай хүнийг зам руу унагааж байна лээ. Мөн талийгаачийн зүүн нүд, баруун хацар нь хөхөрсөн байсан. Тийм болохоор энэ Быг л зодсон гэж бодож байна. Урьд өмнө талийгаач ярихдаа Б нэг пиво баар ажиллуулдаг, тэрнийхээ камерыг янзлуулаад мөнгө төгрөг өгөөгүй, намайг хэл амаар доромжлоод сонин зан гаргаад намайг дарамтлах гээд байна гэж байсан. Мөн гэрт байж байхдаа Быг залгахаар утсаа авдаггүй байсан. Тэрэндээ занаад зодсон байж магадгүй. Б, талийгаачаас байнга л юм гуйж, утсаар залгадаг байсан, барагтай бол талийгаач Бын утсыг авдаггүй байсан...талийгаач хамгийн сүүлд гэрээсээ гарахад биед нь ямарч шарх, сорви байгаагүй зүв зүгээр эрүүл саруул байсан. /1хх-ийн  23/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ц.Одмаа мөрдөн байцаалтанд: 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нөхөр Б, найз Урантуяа нарын хамтаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын удирдах газрын хойно байрлах “Лакивер” гэх рестораныг ажиллуулж эхэлсэн юм. Тэр өдөр эхний өдөр байсан болохоор найз нөхдөө дуудсан. Тэгээд байж байтал 22 цаг өнгөрч байхад гаднаас талийгаач Жаргалсайхан, Хатанбүүвэй нар халамцуу орж ирсэн. Бааранд Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ нар архи уугаагүй байсан. Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нар 2 шил 750 граммын Экс архи авч уусан. Тэр хооронд тэд нар олон удаа тамхи татахаар гарч байсан. Хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад бүгдээрээ буюу Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нар тамхи татахаар гарсан. Тэр үед тамхи байхгүй байсан болохоор Наранхүүг тамхинд явуулсан. Орж гарч байхад тэд нар хэрэлдэж, зодолдож байсан асуудал байхгүй, хоорондоо юм яриад инээлдээд зогсож байсан. Талийгаачийг анзаарахад маш их согтуу хөл дээрээ тогтож чадахгүй Б, Мөнх-Эрдэнэ нар өргөж дэмнээд босоогоор нь байлгаж байсан. Тамхи ирсний дараа бид нар бүгдээрээ гадаа гарч татсан. Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нар 2 машины голд тойрох маягтай, талийгаач дунд нь хойшоо харсан байдалтай, баруун гар талд нь Б, Бын баруун гар талд Наранхүү, баруун талд Хатанбүүвэй яг талийгаачийн урдаас харсан, харин зүүн талд нь Мөнх-Эрдэнэ зогсож байсан. Урантуяа бид хоёр баарны хаалганы хажууд буюу хойд талд 5-6 алхамын зайтай зогсож байсан. Би машины цаад талд зогсож байгаад машины хамар дээгүүр харахад талийгаач хойшоо тэнцвэр алдаад унасан. Яагаад унасныг нь сайн мэдэхгүй, согтуу байсан болохоор тэнцвэр алдаад хойшоо унасан байх гэж бодож байна. Хойшоо унахыг нь би бол харж байсан гэхдээ хүн түлхээгүй. ...Талийгаач газарт унахаар нь өргөж босгож байх үед хувцас нь тайлагдахаар нь Бын машин дээр авч тавьсан байсан. Бын машин хонхойсныг Б өөрөө налаад хонхойлгосон гэж хэлж байсан. /1хх-ийн 31-32/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр О.Урантуяа мөрдөн байцаалтанд: 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр би Б, Одмаа нарын хамтаар Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын удирдах газрыг хойно байрлах “Лакивер” гэх рестораныг ажиллуулж эхэлсэн юм. Тэр өдөр эхний өдөр байсан болохоор найз нөхдөө дуудсан. Тэгээд байж байтал 22 цаг өнгөрч байхад гаднаас талийгаач Жаргалсайхан, Хатанбүүвэй нар халамцуу орж ирсэн. Бааранд Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ нар архи уугаагүй байсан. Одмаа бид хоёр үйлчилгээний ажлаа хариуцаад байж байсан. Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нар 2 шил 750 граммын Экс архи авч уусан. Тэр хооронд тэд нар олон удаа тамхи татахаар гарч байсан. Хамгийн сүүлд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад бүгдээрээ буюу Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нар тамхи татахаар гарсан. Гарах үед нь Боос тамхи байна уу гэхэд нэг л тамхи байна гэж хэлж байсан. Тэгээд тамхинд явуулъя гээд Наранхүүг тамхинд явуулсан. Наранхүүг тамхинд явсан үед Одмаа бид хоёр баарны цэвэрлэгээ  хийгээд үлдсэн. 30 гаруй минутын дараа Наранхүү тамхи аваад ирэхээр нь Одмаа бид хоёр цуг гарч тамхилсан. Тамхинд яваад ирэхээс өмнө тэр хавиар цэвэрлэгээ хийж байсан болохоор тэд нарыг гадаа зогсож байгааг анзаарч байсан. Орж гарч байхад тэд нар хэрэлдэж, зодолдож байсан асуудал байхгүй, хоорондоо юм яриад инээлдээд зогсож байсан. Талийгаачийг анзаарахад маш их согтуу хөл дээрээ тогтож чадахгүй Б, Мөнх-Эрдэнэ нар өргөж дэмнээд босоогоор нь байлгаж байсан. Тамхи ирсний дараа бид нар бүгдээрээ гадаа гарч татсан. Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй, талийгаач Жаргалсайхан нар 2 машины голд тойрох маягтай, талийгаач дунд нь хойшоо харсан байдалтай, баруун гар талд нь Б,  Бын баруун гар талд Наранхүү, баруун талд Хатанбүүвэй яг талийгаачийн урдаас харсан, харин зүүн талд нь Мөнх-Эрдэнэ зогсож байсан. Одмаа бид хоёр баарны хаалганы хажууд буюу хойд талд нь зогсож байсан. Тамхиа татаад дуусч байхад талийгаач гэнэт хойшоо хөл алдаад унасан. Би үүнийг яг хараад зогсож байсан, хэн ч түүнийг түлхэх юм уу, цохих үйлдэл хийгээгүй. Тэд нар хоорондоо их ойрхон зогсож байсан. Би ч тэд нараас 5-6 алхам зайтай зогсож байсан болохоор маш сайн харсан. Өөрөө л унасан, яагаад унасныг бол мэдэхгүй. Миний бодлоор хойшоо тэнцвэр алдсан гэж бодож байна. Тойроод зогсож байсан Б, Наранхүү, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй нар бол 1-2 алхамын зайтай зогсож байсан болохоор яагаад унасныг бол харах боломжтой. Талийгаач хойшоо саваад унах зуур машин их хурдтай ирээд талийгаачийг мөргөсөн...Аваар болохоос 30 орчим минутын өмнө Б, Мөнх-Эрдэнэ нар талийгаачийг хөл дээрээ тогтож чадахгүй газарт унахад өргөж босгож байсан. Ямар нэгэн байдлаар ноцолдож барилдсан асуудал байхгүй...ямар нэгэн зодоон болоогүй...Талийгаач газарт унахаар нь өргөж босгож байх үед хувцас нь тайлагдахаар нь Бын машин дээр авч тавьсан байсан. Бын машин хонхойсон байсныг сүүлд харсан, яагаад хонхойсныг мэдээгүй. Дараа нь Одмаагаас сонсоход Б налаад хонхойлгосон гэж хэлж байсан, би энэ талаар мэдэхгүй байна. /1хх-ийн 33-34/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Хатанбүүвэй мөрдөн байцаалтанд: 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр орой 17 цаг өнгөрч байхад талийгаач Жаргалсайхантай баруун 4 замын Гранд Плаза төвийн 1 давхарт уулзаад 5 дугаар сургуулийн орчим паб түрээслэхээр очиж үзсэн. Тэнд нэг нэг шил Нийслэл пиво уусан ба тэндээсээ гараад арынх нь паб руу ороод тав таван шил Нийслэл пиво уусан. Тэндээс гараад Төмөр замын удирдах газрын ар талд байдаг найз Бын ресторанд очсон. Тэнд Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Б 3 байсан. Ингээд бид тав нийлээд 0,75 литрийн Экс архи хувааж уугаад, караокед нь орж дуулсан...тэгээд гарахад Б, Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Жаргалсайхан 4 гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгсэн рестораных нь урд талын автомашины зогсоол дээр Б, Жаргалсайхан 2 тоглоомоор барилдаад ноцолдсон тэгээд за боль боль гээд зогсож байтал пэд хийх чимээ гарсан. Тэгсэн Жаргалсайханыг автомашин урд хэсгээрээ мөргөчихсөн. ..Жаргалсайхан Бтой л ноцолдсон өөр хүнтэй бол ноцолдоогүй...Талийгаачийн хажууд Б байсан. Хүн түлхсэн бол Б л түлхсэн гэж бодож байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар санаатай бол түлхээгүй. Бөх барилдаж байгаад л түлхэхэд талийгаач өөрөө мөн их согтуу байсан болохоор хойшоо шидэгдээд унасан гэж бодож байна. ...Барилдахдаа Б хаяж байсан, талийгаач унасан шарандаа л босож ирээд барилдаад байсан. Талийгаач барилдах хэмжээнд байсан болохоор хөл дээрээ зүгээр зогсож байсан. Өөрөө бол савж унах хэмжээнд байгаагүй...” /1хх-ийн 39, 40/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ц.Наранхүү мөрдөн байцаалтанд: 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Бын ажиллуулж байгаа паб дээр очтол Мөнх-Эрдэнэ, Б нар байсан. 22 цаг өнгөрч байхад гаднаас талийгаач Жаргалсайхан Хатанбүүвэйгийн хамтаар архи уусан, халамцуу орж ирсэн...Тэгээд гарч тамхи татах гээд гартал тамхи байхгүй байсан. Тэр үед би хажуугийн ТҮЦ орж тамхи авчирсан. Намайг тамхинд явах үед талийгаач Жаргалсайхан Б хоёр тоглоод хальт барилдаад салсан юм. Тэгээд би тамхинд явж ирээд бүгдээрээ тамхиа татаж дуусаад хогийн сав руу шидэх үед хүүе гэхээр нь хартал талийгаач газарт унаж байсан. Би яагаад унасныг нь хараагүй. Тойроод тамхи татаж байхад зам талд талийгаач зогсож байсан. Харин талийгаачийн баруун гар талд Б, зүүн гар талд нь Мөнх-Эрдэнэ зогсож байсан. Мөнх-Эрдэнийн баруун гар талд Хатанбүүвэй, Бын зүүн гар талд би зогсож байсан...Талийгаач Жаргалсайхантай Б л барилдаад байсан. Талийгаачийн хажууд Б байсан, хүн түлхсэн бол Б л түлхсэн гэж бодож байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар санаатай бол түлхээгүй. Бөх барилдаж байгаад л түлхэхэд талийгаач өөрөө согтуу байсан болохоор хойшоо шидэгдээд унасан гэж бодож байна...Тэр 2 тоглоод л барилдаад байсан. Барилдахдаа Б хаяж байсан, талийгаач унасан шарандаа л босож ирээд барилдаад байсан. Талийгаач барилдах хэмжээнд байсан болохоор хөл дээрээ зүгээр зогсож байсан. Өөрөө бол савж унах хэмжээнд бол байгаагүй...Би наанаас нь очиж Жаргалсайхан дээр  хамт очоод хөдөлгөх гэхэд болохгүй байхаа, осолд орсон болохоор болохгүй гээд больсон. Тэгтэл Б толгой хэсэгт нь суучихсан андаа гээд дуудаад байсан...Би цэнхэр өнгийн жинсэн өмд цамцтай, Б цагаан өнгийн футволктой, цагаан өмдтэй, Мөнх-Эрдэнэ цагаан өнгийн фудволк, хар өнгийн шорттой, Хатанбүүвэй бор шаргал өнгийн хэвтээ судалтай цамцтай өмдийг нь санахгүй байна...” /1хх-ийн 44, 45, 2хх-ийн 95/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ч.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: ”2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр найз Бтой хамтарч баруун 4-н замын зүүн талд буюу Гранд Плаза худалдааны төвийн зүүн талд караоке паб ажиллуулж эхэлсэн. Оройн 22 цагийн үед хамт хуучин ажиллаж байсан Жаргалсайхан, Хатанбүүвэй нар орж ирсэн. Би найз Б, Наранхүү, Жаргалсайхан Хатанбүүвэй нарын хамт нэг ширээнд суугаад 0,75 л нэг шил архи хувааж уусан. Ууж дуусаад бид нар юм ярьж байгаад пабаас 02 цагийн үед гарсан байх, бид нар пабын урд талд юм яриад, тамхи татаад, хагас дугуйраад зогсож байсан. Тэгтэл гэнэт түс тас гээд чимээ гарсан. Чимээ гарсан зүг, зам руу хартал зам дээр найз Жаргалсайхан хэвтэж байсан. Би талийгаачийг мөргүүлж байхыг хараагүй, өөр хүн харсан эсэхийг мэдэхгүй байна. Би талийгаачийг өөрөө бүдэрч унасан юмуу, хэн нэгэн зам руу түлхсэн юм уу яаж байгаад зам руу орсныг мэдэхгүй байна. Бид нар  хэрэлдэж, маргалдаж, зодолдсон юм байхгүй гэхдээ осол болохоос өмнө дөнгөж пабаас гарч ирээд байхдаа Б Жаргалсайхан хоёр хоорондоо тэврэлдээд л бие биенээ дэмжиж ажиллана гээд л тэврэлдээд байсан. Яаж байгаад замруу унасныг хараагүй...Талийгаач зам руу толгойгоо харуулсан байрлалтай, дээшээ харсан хэвтэж байсан. Ухаангүй байсан...Талийгаачтай хамгийн ойролцоо би байсан. Б бас ойрхон байсан...” /1хх-ийн 49-50, 51/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр П.Бмөрдөн байцаалтанд: ”2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр эхнэр Одмаа найзууд болох Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Урантуяа, манай төрсөн дүү Алтанцэцэг бид хэд нийлж Баянгол дүүргийн 2 дугаар хороо баруун 4 замын урд талд байрлах Лакевир барыг түрээсэлж аваад л анх ажиллуулж үзсэн юм...сүүлд 02 цаг 30 минутын орчим талийгаач Жаргалсайхан, Б, Мөнх-Эрдэнэ, Хатанбүүвэй бид хэд замын баруун талд тамхи татсан юм. Тэгэхэд талийгаач миний шилэн хүзүүнээс базаад тоглоомоор ноцолдсон юм. Тэгээд л больсон. Бид хэд тамхи татахдаа тойрч зогсож байгаад татсан. Талийгаач зам талд зогссон харин хэн хаана нь зогссонг санахгүй байна. Би ямар ч байсан талийгаачийн зүүн гар талд 1 метр гаран зайтай зогсож байсан. Одоо санахад талийгаачийн баруун гар талд хажууд нь Хатанбүүвэй зогсож байсан тэгээд л тамхиа татаж дуусгаад эргээд би орох гэтэл миний үзүүрт талийгаач арагшаа саваад унаж байсан мөн машин дээгүүр нь гарч байсан энэ асуудал маш хурдан хугацаанд болоод өнгөрсөн юм. Тэгээд би энэ хооронд гүйгээд очиход талийгаачийн дээгүүр машин гарсан талийгаач амьсгаатай байж байсан тэгээд л эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн...талийгаач л намайг шилэн хүзүүн дээрээс базаад байхаар нь би тоглоод л чи намайг дийлэхгүй гээд л тоглоомоор барилцаж аваад салсан юм тэрнээс биш маргалдсан зодоон хийсэн асуудал байхгүй. /1хх-ийн 55/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Саран мөрдөн байцаалтанд: Талийгаач Г.Жаргалсайхан манай нөхөр Г.Жавхлангийн дүү нь байгаа юм.  2015 оны 6 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цаг 08 минутад Жаргалсайханы эхнэр Б нь утсаар Сараа эгчээ Жагаа 4-н замын тэнд осолд орж найдваргүй болсон гэж хэлж байна. Та ойрхон болохоор очоодох уу гэсэн. Би нөхрийн хамт гэрээсээ гарч баруун 4-н замын урд уулзвар болох Гранд плазагийн урд хэсэгт очих үед цагдаагийн машин ирсэн, нэлээд хэдэн хүмүүс байсан. Яваад очтол Жаргалсайханыг нас барчихсан гээд зам дээр дээрээс нь юм хучаад тавьсан байсан...хэсэг хугацааны дараа талийгаачийн аав ирэхээр нь уйлж байгаад миний хүү мөн үү гээд дээр нь байсан хучсан зүйлийг нь авахад зүүн хөмсөг нь шалбарсан нүүр нь шалбарч  толгойноос нь их хэмжээний цус гарч байрнаас нь хөдөлгөсөн байдалтай байсан...Талийгаач дээгүүрээ хар өнгийн футволктой байсан ба гадуур хувцас нь байхгүй болохоор нь асуухад хажууханд зогсож байсан машины урд хэсэгт байсан. Энэ хэний машин бэ гэхэд Б миний машин гэж хэлж байсан. Тэр хувцас нь байсан машины тоос шороо нь урд, хойд хэсэгтээ арчигдсан, зүүн талын крылон нь хонхойсон байсан. Энэ талаар шинжээч цагдаад хэлсэн, ингээд зургийг авсан ба энэ үед би Бын эхнэртэй яриа өрнүүлэх үед энэ машин яагаад хонхойсон бэ, та нарын машин юм уу гэхэд эхнэр нь тийм ээ манай машин, энэ хонхорхой нь сая ийм болгоод, эд нар ингэсэн байна гэж хэлж байсан...” /2хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Одбаяр мөрдөн байцаалтанд: ”2015 оны 6 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө би “Микс” пиццанд хонох ээлжтэй байсан. Манай пиццаны төв Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын удирдах газрын чанх хойд талд Хану төвийн нэг давхарт байдаг юм. 02 цагаас хойш би гарч ороод байж байхад тэр залуучууд баарны гадаа 2 машины голд хэрэлдэж маргалдаад чанга чанга дуугараад байсан. Тэгээд би 2015 оны 6 дугаар сарын 03-ны 02 цаг 40 минутын үед дуудлага аваад Хану төвийн гадаа үүдний дотор шатан дээр гараад ирэх үед тэр 5 залуу тойроод зогссон 2 нь барилцаад авсан, тэр барилцаж авсан нэг залуу нь туранхай бараан өнгийн хувцастай залуу ертөнцийн зүгээр хойшоо харсан байдалтай, харин нөгөө залуу нь цагаан өнгийн футволктой махлагдуу залуу 2 маргалдаад бие биеэ “пизда” гээд чанга чанга дуугаралдаад байсан. Пиццаны хаалга шилэн, нэвт харагдаж байсан ба тэр осол болсон газраас 10 орчим метр л зайтай газар байгаа юм. Тэгээд би орж пиццагаа аваад гараад ирэхэд аваар болсон байсан. Би энэ ослын бичлэгийг харлаа. Энэ бичлэг дээр цаана хөндлөн зогссон байгаа цагаан өнгийн Саното-6 маркийн 60-25 гэсэн дугаартай машин нь миний машин байгаа юм. ...Би эдгээр залуусын хэн нь зам руу талийгаачийг цохиод унагаасныг мэдэхгүй байна. Анх намайг харах үед бол одоо энэ зураг дээр байгаа Б талийгаачтай заамдалцаад барилцаад авсан, чанга чанга хашхираад байж байсан. Намайг харахад бол энэ 2 хоорондоо маргалдаад байгаа юм шиг харагдаж байсан, бусад 3 нь тойроод зогссон байсан.

...дахин Ханну төвөөс гараад ирсэн чинь нөгөө залуус зогсоод л байсан ба хартал маргалдаж байсан. Ингээд нэг махлаг биетэй цагаан өнгийн футволк өмссөн бараан өнгийн өмдтэй, хар бараан саравчтай малгайтай залуу нь бараан өнгийн хувцастай туранхайдуу согтуу байсан залууг барьж заамдаж байгаад тавьж шууд баруун гараараа нөгөө залууг нүүрэнд нь цохиод авсан. Ингээд нөгөө залуу зам руу унасан. Тэгтэл машин ирээд дайрсан. Ийм л зүйл болсон...”  /1хх-ийн 36, 2хх-ийн 67/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Оюунтүлхүүр мөрдөн байцаалтанд: ”2015 оны 6 дугаар сарын 03-ны 02 цаг өнгөрч байхад ажлаасаа ...тараад ажлынхаа зөөгч охин Ижилбишийн хамтаар Энхтайваны гүүрний доороос такси бариад харих гээд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Төмөр замын удирдах газрын хойд талын зам дээр зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй нэг баарны өмнө явж байтал зогсоол дээр байсан хоёр машины голоос нэг залуу арагшаа савж унаад яах ийхийн зуургүй л машины урдуур орсон. Миний сууж явсан машины жолооч тоормос дарж амжаагүй дээгүүр нь гарсан юм. Миний суусан машин явж байхад тэр хоёр машины голд зогссон хүмүүс бүтэн биеэрээ бол харагдаагүй, харин толгой хэсэг нь харагдаж байсан. Гэнэт л арагшаа саваад л унаад ороод ирсэн. Хэрвээ согтуу хүн арагшаа унасан бол аажуухан л унах байсан байх гэж бодож байна. Их л хүчтэй, хурдтай арагшаа унасан...Манай машины жолооч тоормос гишгэх ямарч боломж байхгүй байсан. Тэгээд миний сууж явсан машин тэр унасан хүний дээгүүр гараад л зогссон юм. Миний санаж байгаагаар тэр талийгаач залууг махлаг өндөрдүү, цагаан өнгийн футволктой, өмдтэй залуу түлхсэн юм уу, цохьсон. Тэгээд л талийгаач нисэлттэй хойшоогоо саваад яг машины урд унасан. Би машины баруун талын урд суудал сууж явсан болохоор ноцолдож байсан хүмүүсийн толгой 2 машины дээгүүр харагдаж байсан. Талийгаачийг бол ер нь тэр цагаан өнгийн футволктой өмдтэй залуу л зам руу түлхээд эсвэл цохиод унагаасан. Машин яг тэр талийгаачийн дээгүүр гарч байхад намхан цагаан өнгийн футволктой шорттой залуу энэ цохьсон гэх залуугийнхаа хажууд зогсож байсан. Тэр залуу бол маш сайн харсан байгаа. Талийгаач цагаан өнгийн футволктой өмдтэй залууд түлхүүлээд юм уу, цохиулаад зам руу нисэж унахдаа дээшээ харсан хойд талаараа унасан. ...Цагаан өнгийн футволктой шорттой залуу түлхээгүй, цаана нь зогсож байсан. Өндөр махлаг цагаан өнгийн футволктой, өмдтэй залуу нь түлхсэн буюу цохьсон. Тэрний толгой л машины дээгүүр талийгаач руу ухас хийгээд, гар нь хөдөлж байсан юм. 4-5 залуу байсан ба тэр хүмүүс нэлээн их хэмжээний согтуу, бараг хөл дээрээ тогтож чадахгүй байсан.

...Манай машины урдуур нэг залуу хамт байсан залуучуудтайгаа маргалдаж байсан байхаа, ар нуруу хэсгээрээ зам руу унах үед нэг нь гараараа татах гээд сарвайж байсан...” /1хх-ийн 37, 2хх-ийн 69/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр С.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: ”2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн 54-08 УНЭ улсын дугаартай Х.Санота-5 автомашинтай таксинд явж байсан...Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын удирдах газрын хойд талын зам дээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээ 20-30 орчим км/цагийн хурдтай явж байтал Хаан Банкны урд талын зогсоол дээр байсан 2 автомашины дунд зогсож байсан залуучууд хоорондоо зодоон хийж байсан. Тэр хүмүүсийг би ойролцоогоор 10 метрийн зайнаас хараад хажуугаар нь өнгөрөх гээд явж байтал цагаан цамцтай өндөр бүдүүн нь буюу одоо энэ Б гээд байгаа залуу нь талийгаач залууг зам руу цохьсон ч юм уу, түлхсэн ч юм уу үйлдэл хийхэд талийгаач 2 машины голоор арагшаа хүчтэй үсэрч гарч ирээд зам дээр ар дагзаараа савж унасан би тэгээд үсрээд гараад ирнэ гэж огт бодоогүй яваад шууд тоормос гишгэтэл талийгаачийн дээгүүр гараад зогссон намайг цаанаас ирж байхад тэр цохьсон гэх залуугийн толгой нь зогсоол дээр байсан машины дээгүүр харагдаад, гар нь сарвалзаад байсан. ...Машинуудын дунд хүмүүс хоорондоо зодолдоод байх шиг харагдсан, яагаад зодолдоод байгаа юм шиг санагдсан бэ гэхлээр тухайн 3-4 хүний 2 хүний хөдөлгөөн их огцом, хурц хөдөлгөөнүүдийг хийгээд байсан...” /1хх-ийн 122-123, 124-125/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд: Би тэр өдрийг яг санаж байна. Шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан ба тэр үед Гранд Плаза төвийн урд зам Төмөр замын удирдахын хойд зам дээр хүн мөргүүлсэн байна гэсэн дуудлагаар 02 цагийн үед гэж санаж байна ахмад Энхзоригт, ахлагч Ууганбаяр, ахлагч Алтангэрэл нарын хамт очсон. Ингээд хэргийн газарт Соната-5 маркын авто машин нэг хүн мөргөсөн байдалтай зүүнээсээ баруун тийш явах чиглэлтэй зогсож байсан ингээд хэргийн газрыг хамгаалж замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн иртэл хамгаалж байгаад бүрэлдэхүүн ирэх үед хүлээлгэн өгөөд талийгаачтай хамт явсан гэх 4 залууг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн юм. Согтуурлын зэргийг шалгаагүй харин жижүүрийн бүрэлдэхүүн шалгасан байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ МөнхЭрдэнэ гэж залуу харахад согтуу байгаа нь илт байсан. Би түүнийг 2015 оны 6 сарын 03-ны 03:37 минутад хүлээлгэн өгсөн байна. Хамт явсан нөгөө залуус ч гэсэн согтуу гэдгээр нь хамгийн ойр байсан эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн юм. /3хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтанд:...Би тэр өдөр шөнийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байсан ба Төмөр замын удирдахын хойд зам дээр хүн мөргүүлсэх байна гэсэн дуудлагаар 02 цаг өнгөрч байхад ахмад Энхзоригт, ахлагч ХашЭрдэнэ, ахлагч Алтангэрэл нарын хамт очсон. Хэргийн газарт саарал  өнгийн Соната-5 маркын автомашин хүн мөргөсөн ба нөгөө хүн нь нас байдалтай байсан. Машин нь зүүнээсээ баруун тийш явах чиглэлтэй зогсож байсан ба хэргийн газрыг хамгаалж байхад талийгаачтай хамт явсан гэх 4 залуу байсныг замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн иртэл саатуулсан бүрэлдэхүүн ирэх үед хүлээлгэн өгөөд явах гэтэл тэд нарын согтуурлын зэргийг шалгагч багажаар шалгаж байгаад согтуу байна гэснээ хамгийн ойр байгаа эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгө гэхээр нь нөгөө 4 залууг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэх өгсөн юм. Ингээд би Б гэх залууг үзлэг хийж хүлээлгэн өгсөн байна гэхдээ тухайн үед Б нь согтуу байна гэдэг нь илт мэдэгдэж байсан болохоор эрүүлжүүлэхэд өгсөн ба эрүүлжүүлэх эхлээд хэргийн холбогдолтой гээд авахгүй байсан чинь тухайн хэргийн газарт очсон прокурор гэх эмэгтэй Баянголын жижүүр рүү залгаж байгаад ав гэж хэлээд бид хүлээлгэн өгсөн юм. Согтуурлын зэргийг би шалгаагүй тэр залууг 2015 оны 6 дугаар сарын 03-ны 03 цаг 37 минутад хүлээлгэн өгсөн байна. Анх хэргийн газарт очих үед тэр 4 залуу байсан ба юу болсон талаар асуухад хамт архи уусан залуу машинд мөргүүлсэн гэж хэлж байсан ба харин машины жолооч энэ залууг цаанаас нэг нь түлхсэн болоод машины урдуур орж ирсэн гэж хэлж байсан болохоор тэр 4 залууг явуулахгүй байлгаж байсан юм. Быг согтуу гэдгийг ярих үед өөдөөс архи үнэртэж байсан болохоор согтуу гэдэг нь илт байсан. /3хх-ийн 29-30/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Алтангэрэл мөрдөн байцаалтанд: Би тэр шөнө шөнийн эргүүлийн үүргийг ахмад Энхзоригт, ахлагч ХашЭрдэнэ, ахлагч Ууганбаяр нарын хамт гүйцэтгэж байхад Төмөр замын удирдахын хойд зам дээр хүн мөргүүлсэн байна гэсэн дуудлагаар 02 цаг өнгөрч байхад дээрх бүрэлдэхүүний хамт очсон. Хэргийн газарт саарал өнгийн соната-5 маркийн автомашин хүн мөргөсөн. Нөгөө хүн нь нас барсан байдалтай, машин нь хэсэг яваад зогссон байсан. Ингээд бид хэргийн газрыг хамгаалж байхад талийгаачтай хамт явсан гэх 4 залуу байсныг Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн иртэл саатуулсан. Бүрэлдэхүүн ирэх үед хүлээлгэн өгөөд явах гэтэл бүрэлдэхүүн тэр залуусыг хамгийн ойр байгаа эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өг гэхээр нь нөгөө 4 залууг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Ингээд би Наранхүү, Хатанбүүвэй нарыг үзлэг хийж тэмдэглэл хөтөлж хүлээлгэн өгсөн байна. Тэмдэглэл дээрээ ямар нэгэн согтуурлын зэрэг шалгасан тухай бичээгүй байна гэхдээ тухайн үед Наранхүү арай гайгүй харин Хатанбүүвэй нэлээд уусан байдалтай байсан нь илт мэдэгдэж байсан. Эрүүлжүүлэх гэхэд хэргийн холбогдолтой гээд авахгүй байсан чинь тухайн хэргийн газар очсон прокурор гэх эмэгтэй Баянголын жижүүрлүү залгаж ярьж байгаад эрүүлжүүлэх авахаар болж бид хүлээлгэн өгсөн юм. Би согтуурлын зэргийг шалгаагүй. Бүрэлдэхүүн тэр 4 залууг шалгасан байж магадгүй. /3хх-ийн 32-33/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ч.МөнхЭрдэнэ мөрдөн байцаалтанд: ”Талийгаач өөрөө  согтуу байсан ба тэнцвэр алдаад замын зорчих хэсэг рүү унасан байх.  Яг унаж байхыг нь би хараагүй би өөрөө согтуу байсан. Талийгаач миний зүүн мөрний хойно хагас алхам зогсож байсан. Б надтай зэрэгцэн парлел хэмжээгээр зогсож байсан юм. Тэгээд талийгаач унаад чимээ гарах үед л би талийгаач руу харсан тэр үед талийгаач зам дээр дээшээ харсан байрлалтай байсан.  /3хх-ийн 24, 25/

Би ертөнцийн зүгээр баруун хойд зүгт зогсоод хойд зүг рүү буюу баар руу хараад зогсож байсан. Миний баруун гар талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд  Б надаас 3 алхам зайтай зогсоод баар руу буюу хойд зүг рүү хараад зогсож байсан. Харин талийгаач бид хоёрын гол орчим ертөнцийн зүгээр урд зүгт надаас хагас алхамын хойно замын зорчих хэсгээс 1 алхам гарангийн зайтай хойшоо баар руу хараад зогсоод бид нар юм яриад тамхи татаад зогсож байсан. Тэгтэл надад пүк хийсэн чимээ сонсогдоод би эргээд хартал Жаргалсайхан замын зорчих хэсэг дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...Б талийгаачийг машин дайрахаас нилээн өмнө Наранхүүг тамхинд яваад ирсэний дөнгөж дараахан л тэврэлцээд байсан. /3хх-ийн 143/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ц.Наранхүү мөрдөн байцаалтанд: ” Би худал мэдүүлэг өгөөгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн харсан зүйлээ үнэн зөвөөр нь анхнаасаа хэлж байсан. Тэр хоёр ердийн байдаг л харьцаагаар харьцаж байсан. Талийгаач, Быг егөөдсөн байдалтай байсан нь тоглож байгаа гэдэг нь хэнд ч илт байсан харин талийгаачийг юунаас болж яаж унасан талаар хараагүй. Их богино хугацаанд унасан. Талийгаач бараг замын хажуугийн зогсоол дээр зогсож байсан гэдгийг санаж байна. /3хх-13-14/

...Талийгаач Б хоёр тоглоод ноцолдоод байхаар нь би ач холбогдол өгч анхаарал хандуулаагүй тамхи татаж дуусаад татсан тамхиныхаа ишийг хаана хаяахуу гээд эргэж харчихаад буцаад хартал Жаргалсайхан хойшоо савж унаж байгаа надад харагдсан .Тэгээд баарны гадаа байсан хүмүүс шуугилдаад эхлэхээр нь Жаргалсайхан хойшоо савж унаж байгаа надад харагдсан. Тэгээд баарны гадаа байсан хүмүүс шуугилдаад эхлэхээр нь Жаргалсайханы унасан газар руу би ойртоод очтол талийгаач зам дээр нуруугаараа хэвтчихсэн. Талийгаачийн хэвтэж байгаа газраас 6-7 метр орчим цаана нэг машин зогсож байсан. Уг машины жолооч бололтой нэг залуу Мөнх-Эрдэнийн хамт талийгаач руу алхаж ирсэн. Энэ үед Б талийгаачийн цамцны энгэрээс зулгаагаад андаа андаа гээд сэгсэрсэн. Энэ үед талийгаач амьсгаатай байсан. Тэгэхээр нь би Бод осолд орсон хүнийг хөдөлгөж болохгүй хамаагүй битгий гар хүр гэж хэлсэн. Тэгтэл Б талийгаачаас холдоод толгойгоо барьчихаад талийгаачийг тойроод алхаад байсан ба тэнд байсан ихэнх хүмүүс утсаараа цагдаа ,түргэн рүү дуудлага өгөөд байсан. /3хх-126-127/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Д.Хатанбүүвэй мөрдөн байцаалтанд:..”Би тухайн үед нэлээд согтуу байсан болохоор яг юу болсон талаар санахгүй байгаа. Талийгаач, Б хоёр хоорондоо тоглож барилдаж байсан ба талийгаач өөрөө шартай болохоор дахин барилдах гэхээр нь болиулж би боль боль гэж хэлж зогсож байсан. Энэ үед бүгд инээж юм яриад зогсож байгаад нэг мэдэхэд пэд хийх чимээ гарч талийгаач машинд дайруулсан. Харин би талийгаачийг яг юунаас болж яаж унасан талаар хараагүй. Урантуяа, Одмаа нарыг хаана зогсож байсныг би мэдэхгүй санахгүй байна./3хх-18-19/

Б талийгаачтай тоглоомоор барилдаад талийгаачийг 2 удаа газарт унагааж хаясан. Энэ үед Мөнх-Эрдэнэ, Наранхүү бид гурав за за одоо барилдахаа боль гэж хэлсэн. Тэгээд Б барилдахаа болиод зогсож байтал Жаргалсайхан Быг татаад ахиад барилдах уу гээд байсан. /3хх-ийн 137/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Сарангуа мөрдөн байцаалтанд:  2015 оны 6 дугаар сарын 03-ны  02 цагийн орчимд миний том хүү Жавхлант над руу залгаад ээж сэтгэлээ бариарай гэж хэлсэн.Тэр үед манай нөхрийн  биеийн байдал муу байсан болохоор нөхрийгөө нас барчихсан юм болов уу гэж бодоод яасан гэсэн чинь Жавхлан надад Жагаа маань осолд орчихлоо гэж хэлсэн. Энэ үед би шоконд ороод утсаа тасалаад буцаагаад хүүрүүгээ залгаад яасан гэнээ гэсэн чинь Жаргалсайхан осолд орсон биеийн байдал нь муу байна найдваргүй гэсэн. Тэгээд би 2015 оны 6 дугаар сарын 04-ны өглөө ирээд юу болсон талаар асуусан чинь найз нөхөдтэйгээ явж байгаад автын осолд ороод нас барсан гэж хэлсэн. Тэгээд би хүүгээ хараагүй байж байгаад шүүх эмнэлэг дээр хүүдээ гар хүрэх гэж зан үйл үйлдэх үед миний хүүгийн зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан, баруун шанаа буюу эрүүний дээд хэсэгт нь 4 хуруу орчимд хөхөрсөн байсныг асууж сураглахад Хатанбүүвэй, Мөнх-Эрдэнэ, Наранхүү, Б нартай хамт явж байсан гэсэн. Энэ үед Наранхүү энэ хүмүүсээс арай ахимаг настай  харагдсан. Би Наранхүүгийн гар утасны дугаарыг аваад 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Наранхүүтэй Бөмбөгөр худалдааны төвийн  гадаа уулзаад юу болов чи яагаад тухайн үед нь салгаагүй юм гэж асуусан. Энэ үед би нөхөртэйгээ явж байсан. Тэгэхэд Наранхүү надад бид нар ууж сууж байгаад байгаад гадаа гараад тамхи татахаар гарсан боловч тамхи байхгүй байсан. Би тамхинд явсан намайг явах үед тэд нар тоглоод зогсож байсан. Тэгээд би нэг харсан Жаргалсайхан агаарт хөөрөөд 2 хөл нь гозойгоод унаж байсан ба би харсан гэж  хэлсэн. Наранхүү надад хэлэхдээ Жаргалсайхан өөрөө лав унаагүй агаарт хийсэлттэй унаж байхыг нь би харсан гэж хэлсэн. Тэгээд би Наранхүүгээс манай хүүг тэгээд хэн нь цохисон юм гэхэд би мэдэхгүй байна хэн нь цохисонг би хараагүй гэж хэлсэн. Мөн Наранхүүгийн эхнэр UBS телевизэд үйлчлэгчээр ажилладаг ба эхнэрийнх нь хажууд Б, Мөнх-Эрдэнэ хоёр ярихдаа Б, Мөнх-Эрдэнээ чи миний өмнөөс хэргийг хүлээчих гэж хэлсэн гэсэн. Наранхүүгийн эхнэрийг гэрчээр байцаалгамаар байна. /3хх-89-90/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтэн, яллагдагчаар П.Бмөрдөн байцаалтанд:...Миний бодлоор талийгаач анх гаднаас орж ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. Ингээд дахин бид нартай нийлээд тавуулаа 0,75 литрийн архи 2 шилийг хувааж уусан. Түүнээсээ болж их согтоод хөл дээрээ тогтож чадахгүй шахам болсон байсан. Ер нь миний бодлоор талийгаач хөл дээрээ тогтож чадахгүй болсон болохоор өөрөө унасан байх...Би талийгаачтай өс хонзон, өр авлагын асуудал байхгүй...Би Жаргалсайхантай маргалдаагүй, барьцалдаж авах маргалдах зүйл ердөө болоогүй...Би маргалдаагүй, харин ч эсрэгээрээ бид нар тэр өдөр баяр тэмдэглэн сууж байсан. Бид нар хэд хэдэн удаа тэр газарт дотроос гарч ирээд хамт зогсож тамхи татсан. 23 цагаас хойш яг хэдэн удаа гарч тамхи татсанаа санахгүй байна...”  /1хх-ийн 128-129,  229-230, 2хх-ийн 83-84/ гэх мэдүүлэг,

шинжээчийг байцаасан тэмдэглэл /1хх-ийн 60/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн № 1017 тоот дүгнэлтэд:  Талийгаачийн цогцост духны ясны зүүн дээд хэсгээс зүүн нүдний дээд хана буюу гавлын зүүн урд хонхрыг дайрч дунд хонхор, суурь ясны зүүн далавч хүрсэн, гавлын ясны урд хонхрын голын хэсгээс суурь ясны их биеийг дайрсан шахагдаж салсан босоо хугарал, 2 тал бөмбөлөгийн зулайн дэлбэнгийн оройн зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус харвалттай, духны хуйхан дахь цус хуралт, цээжний зүүн талын 2, 3, 4, 5-р хавирганууд, эгэмний дунд шугамаар, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 11 дүгээр хавирганууд нурууны хажуугийн шугамаар хоёрлосон хугарал, баруун уушгины гадаргуу дахь цус хуралт, гол судас, улаан хоолой, уушгины уг дагасан цус хуралт, зүрхний үнхэлцэг хальсны тарахмал цус хуралт, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун мөр, баруун сарвууны цус хуралт, духны зүүн хэсэг, зүүн хөмсөг, зүүн хацар, доод эрүүний зүүн хэсэг, доод гадаргуу, зүүн тохой, зүүн сарвуу, зүүн дал, зүүн өвдөг, цээжний зүүн дээд хэсэг, баруун хацар, баруун ташаа толгой, ар нурууны арьсны зулгаралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтлүүд нь үүсэхдээ талийгаачийн амь насанд аюултай. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй болно. Талийгаачийн цусанд 4, промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цус нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна...” гэжээ. /1хх-ийн 64-69/

        

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн № 2838 тоот  дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “1_01_R_150603020000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэг нь 928х576 pixel дүрслэлтэй, 12.00  framerate-тэй, дүрслэлийн нягтрал бага, чанар муу байх бөгөөд боломжит байдлаар тодруулав. Дүрс бичлэгийн цагаар 02:33:00 минутаас 02:37:00 минутын хооронд дүрслэгдэх гол үйл явдлыг фото зураг хэлбэрт оруулан гэрэл зургийн үзүүлэлтэнд үзүүлэв. Дүрс бичлэгийн цагаар 02:33:00 минутаас 02:37:00 минутын хоорондох дүрслэгдэх гол үйл явдлууд:

- 02:33:58 секундээс 02:34:06 секундын хооронд дэлгэцэнд дүрслэгдэх хүмүүсийн дүрслэл,

- 02:36:47 секундэд зогсоолд зогсож байгаа автомашинуудын дундаас бараан хувцастай хүний дүрс автомашины зорчих хэсэг руу шидэгдэн унаж буй дүрслэл,

- 02:36:47 секундэд суудлын автомашин зорчих хэсэг руу шидэгдэн унасан хүний байрлал хэсгээр явж өнгөрөн зогсож буй автомашины дүрслэл,

- 02:36:54 секундэд дээгүүрээ цайвар хувцастай хүн зорчих хэсэг рүү шидэгдэн унасан хүн дээр очин, өнгөрөн зогссон суудлын автомашин руу гүйн очиж буй дүрслэлүүд тус тус дүрслэгдэж байна.

Дүрс бичлэг тодруулан шинжлэх зориулалтын программ ашиглан дүрс бичлэгийн үйл явдлыг боломжит байдлаар тодруулав...” гэжээ. /1хх-ийн 77-81/ 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн № 3245 тоот  дүгнэлтэд:  Шинжилгээнд ирүүлсэн CD нь “НР” брэндийн CD байна. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд “heregtei bichleg” гэсэн нэртэй, 502MiB хэмжээтэй, 00:07:01 секундийн үргэлжлэх хугацаатай, 1920х1080 Pixels, 29,970 frame rate хяналтын камерын дүрс бичлэг байна. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд бичлэг хадгалагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн CD-ээс бичлэг устгагдаагүй байна. Шинжилгээнд ирүүлсэн CD нь 80 минутын бичлэг хийх боломжтой байна. CD-R төрлийн CD нь зөвхөн файл бичих зориулалттай тул бичигдсэн файл устгаад дахиж файл бичих боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн CD-нд бичигдсэн дүрсэн бичлэгт дүрс бичлэгийн цагаар 02:36:47 секундэд зогсоолд зогсож байгаа байгаа автомашинуудын дундаас цагаан хувцастай хүн бараан хувцастай хүнийг түлхсэн байж болохоор хөдөлгөөн хийж байна. Бараан хувцастай хүн автомашины зорчих хэсэг рүү унах хүртлээ 4 алхам хийж байна. Мөн тухайн агшинд автомашины зорчих хэсэг рүү унасан бараан хувцастай хүний байрлал хэсгээр явж өнгөрөн зогсож буй суудлын автомашин тус тус дүрслэгдэж байна...”гэжээ. /1хх-ийн 83-86/   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 4213 тоот  дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “1_01_R_150603020000.avi”, “CCTV (Sharpened ONLY) 2.30-2.40.mp4. “CCTV (Zoomed In) 2.30-2.40.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “1_01_R_150603020000.avi”, “CCTV (Sharpened ONLY) 2.30-2.40.mp4, “CCTV (Zoomed In) 2.30-2.40.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь цаг хугацааны хувьд адил бичигдсэн, “CCTV (Sharpened ONLY) 2.30-2.40.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь “1_01_R_150603020000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 02:30:00-ээс 02:40:00 секундын хооронд дүрслэгдсэн 00:10:00 секундийн хугацаатай дүрсийг sharpen буюу фокус тодруулах филтер хэрэглэн дүрсийг тодруулж МР4 форматаар хөрвүүлсэн, “CCTV (Zoomed In) 2.30-2.40.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг нь “1_01_R_150603020000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 02:30:00-ээс 02:45:54 секундийн хооронд дүрслэгдсэн 00:15:54 секундийн хугацаатай дүрсийг нэг дахин томруулж МР4 форматаар хөрвүүлсэн, “CCTV (Sharpened ONLY) 2.30-2.40.mp4”, “CCTV (Zoomed In) 2.30-2.40.mp4” дүрс бичлэгүүдэд “1_01_R_150603020000.avi” гэсэн нэртэй дүрс бичлэгээс өөрчилж нэмэгдсэн дүрс, цаг хугацаа байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн “1_01_R_150603020000.avi” дүрс бичлэгийн:

2015-06-03 02:36:46 секундэд бараан өнгийн авто машины дээд талаар цайвар өнгийн цамцтай хүний гар байж болохоор дүрс хоёр удаа цохих, түлхэхтэй төстэй үйлдэл хийж байна.

2015-06-03 02:36:47 секундэд дээрх үйлдэл дуусахтай зэрэгцэн авто замын зорчих хэсэг рүү бараан өнгийн хувцастай хүн унаж байгаа дүрс дүрслэгдэж байна.

2015-06-03 02:36:48-аас 2015-06-03 02:36:51 секундийн хооронд авто замын зорчих хэсэг рүү хүн унасан хүний дээгүүр цайвар өнгийн суудлын машин гарч зогсож байна.

2015-06-03 02:36:50 секундэд авто зогсоолд зогсож байгаа бараан өнгийн автомашины цаанаас цайвар өнгийн цамц бараан өнгийн өмд /шорт байж болох/ хүн гарч ирж машинд дайруулсан хүн рүү очиж байна.

2015-06-03 02:36:52-2015-06-03 02:36:54 секундийн хооронд дээрх цайвар өнгийн цамц бараан өнгийн өмд /шорт байж болох/ хүн авто осол гаргасан машин руу гүйж очиж байна.

2015-06-03 02:36:59 секундэд авто зогсоолд зогсож байгаа бараан өнгийн автомашины цаад талаас цайвар өнгийн цамц бараан өнгийн өмд /шорт байж болох/ хүнтэй ижил өнгөтэй хувцастай хүн гарч ирж хохирогч руу очиж байна.

2015-06-03 02:37:05 секундэд дээрх ижилхэн цайвар өнгийн цамц бараан өнгийн өмд /шорт байж болох/-тэй хоёр хүн хохирогчийг өргөж замын зорчих хэсгээс гаргаж байгаа дүрс дүрслэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдэд дүрслэгдэж байгаа үйл явдал нь хэт жижиг буюу дүрс бичлэгийн 7х44 pixel хэсэгт дүрслэгдэж байх бөгөөд дүрс бичлэгийн /framerate/ кадрын тоо хэт бага зэргээс тухайн хүмүүсийн онцлог шинжүүдийг тодруулах боломжгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн “1_01_R_150603020000.avi”, “CCTV (Sharpened ONLY) 2.30-2.40.mp4”, “CCTV (Zoomed In) 2.30-2.40.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэгүүдэд дуу авиа бичигдээгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн “CCTV (Sharpened ONLY) 2.30-2.40.mp4”, “CCTV (Zoomed In) 2.30-2.40.mp4” дүрс бичлэгүүдийн дүрсийг фото хэлбэрт хөрвүүлэн DVD дискэнд хавсаргав.

Шинжээчийн 2338, 3245 тоот дүгнэлтүүдийг үндэслэлтэй эсэхийг шинжээчийн зүгээс хариулт өгөх боломжгүй...” гэжээ. /2хх-ийн 31-36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1320 дугаартай дахин шинжилгээний дүгнэлтэнд: “талийгаачид учирсан гавал тархины гэмтэл /дух ясны зүүн дээд хэсгээс зүүн нүдний дээд хана буюу гавлын зүүн урд хонхорыг дайрч дунд хонхор, суурь ясны зүүн далавч хүрсэн, гавлын ясны урд хонхорын гол хэсгээс суурь ясны их биеийг дайрсан шахагдаж салсан босоо хугарал, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн оройн зөөлөн бүрхүүлийн доорхи голомтлог цус харвалттай, духны хуйхан дах цус хуралт/ гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой. Талийгаачид учирсан зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун мөр баруун сарвууны цус хуралт, зүүн хөмсөг, зүүн хацар, доод эрүүний зүүн хэсэг, доод гадаргуу зүүн тохой, зүүн сарвуу, зүүн дал, зүүн өвдөг, цээжний зүүн хэсэг, баруун ташаа толгой ар нурууны зулгаралт гэмтэл нь бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх ба автомашинд дайрагдах болон цохигдох аль ч үед үүсэх боломжтой. Талийгаачид үүсссэн цээжний зүүн талын 2,3,4,5-р хавирганууд эгэмний дунд шугамаар 2,3,4,5,6,7,8,11 дүгээр хавирганууд нуруун хажуугийн шугамаар хоёрлосон хугарал, баруун уушигны гадаргуу дах цус хуралт, гол судас, улаан хоолой, уушигны уг дагасан цус хуралт, зүрхний үнхэлцэг хальсны тархмал цус хуралт, гэмтэл нь авто машинд дайрагдах үед үүснэ. Шинжээчийн 1017 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэжээ. /4хх-ийн 59-61/,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очир байцаалтаар:..”талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл, гавлын ясны орой, суурь ясны хугаралыг харахад хүний гараар цохьсон үед үүсэх боломжгүй хүний хүчнээс давсан хүчээр үйлчлэх үед үүсэх боломжтой гэмтэл байна. Хүн өөрийн өндрөөс арагшаа савж унах үед үүсэх боломжгүй. Урагшаа ч өөрийн өндрөөс савж унах үед ч  үүсэх боломж багатай.

...талийгаачийн биед учирсан гавал тархины болон цээжний гэмтлээс бусад зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн нүдний дээд доод зовхи, баруун мөр сарвууны цус хуралт зэрэг гэмтлүүд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /4хх-ийн 65-66/

 

Шинжээч эмч Ч.Эрдэмболор байцаалтаар:...”талийгаачийн биед учирсан цээжний болон тархины гэмтлийг цогцоор нь авч үзэхэд бусдад цохиулж унасны улмаас үүсэх боломгүй автомашинд дайрагдах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. автомашины дугуй талийгаачийн цээж хэсгээр гарах үед машины бусад эд ангиудын шахах, дарах үйлчлэлийн улмаас тархины гэмтлүүд үүсэх боломжтой. Талийгаачийн  биед учирсан гавал тархи, цээжний гэмтлүүд нь дарах, шахах үйлчлэлийн улмаас үүссэн учраас бусдад цохиулж унаснаас үүсэх боломжгүй гэж үзсэн” гэжээ.  /хх-ийн 67-68/

 

Шинжээч эмч С.Одончимэг байцаалтаар:..”Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл болох гавлын орой ясны бяцарсан суурь руугаа орсон хугарал нь 1-т байрлалын хувьд 2-т хүний хүчин зүйлийн үйлчлэлийг хүчнээс давсан хүч үйлчилсэн гэмтэл байсан. Ийм гэмтэл хүнийг арагшаа савж унах үед үүсдэггүй, ямар ч гадаргуутай газарт унасан энэ гэмтэл үүсэхгүй. Харин талийгаач Г.Жаргалсайханы биед учирсан гавал тархины болон цээжний гэмтлээс бусад биеийн ил хэсэгт үүссэн гэмтлүүд бол бусдад цохиулах автомашинд дайрагдах аль алинд нь үүсэх боломжтой яг алинаас нь үүссэн болохыг ялгаж тогтоох боломжгүй. Мөн энэ гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /4хх-ийн 69-70/

 

Гэрч Ш.Оюунцэцэг байцаалтаар:... би талийгаач Жаргалсайханы эх Сарангуагийн бага эмэгтэй дүү бөгөөд талийгаачийн ажил явдалд оролцсон. Би тухайн үед тоёота эстима маркийн автомашинтайгаа буяны ажилд шаардлагатай ажил төрөлд өөрийн автомашинаар явж байсан. мөн миний төрсөн Ш.ганбаатар өөрийн инфинити маркийн машинаар буяны ажилд оролцож байсан. ганбаатар ахын эхнэр ч машиныгы нь бас барьж явдаг байсан. тухайн үед машиндаа хийж байсан шатахуун зардлын баримтыг Бд өгсөн. 2015/6/7-нд 60000 төгрөгөөр А-92 бензин хийж банкаа дүүргэсэн. Маргааш нь 2015 оны 6/8-нд 40.000 төгрөгөөр шатахуун хийсэн. Магнай трейд ХХК-ний МТ шатахуун түгээх станцаас шатахуунаа авсан. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-3, 8-11/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7/, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 15/,  туршилт хийсэн тэмдэглэл /4хх-ийн 74/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /5хх-ийн 94/,

 

Хохиролтой холбогдох

/1хх-ийн 161-212, 233-250/, /1хх-ийн 166, 171, 176, 177, 179, 186, 188, 190, 194, 197, 203, 206, 208, 209, 212, 233, 234, 236, 241, 242, 244-248/, /1хх-ийн 213/, /2хх-ийн 2-4/, тэтгэвэртэй холбоотой баримт /2хх-ийн 49-60/, /2хх-ийн 61-62/, амь хохирогчийн ажлын газрын тодорхойлолт /1хх-ийн 30/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

П.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 137/,  ял шалгах хуудас /1хх-ийн 148/, өргөмжлөл, диплом гэрчилгээний хуулбарууд /2хх-ийн 103-114/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-ийн 68/,

шүүх сэтгэц эмгэг судлалын 1020 дугаартай дүгнэлтэд: П.Бгэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэх чадвартай байна. П.Бсэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. П.Бсэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Хэрэг үйлдэх үедээ сэтгэцэт нөлөөлөх эм бэлдмэл болон согтууруулах мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоогоогүй болно. П.Бнь тухайн үед эмгэг согтолттой байсан гэх шинжэ тэмдэг үгүй байна. П.Бнь хэрэг хариуцах чадвартай байна...”  гэжээ. /2хх-ийн 120/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газраас П.Б 2015 оны 6 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнийн 2 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Төмөр замын удирдах газрын арын замын хойно байрлах “Лакивер” рестораны өмнөх талбай дээр архи ууж согтуурсан байхдаа иргэн Г.Жаргалсайхантай маргалдаж авто замын зорчих хэсэг рүү цохиж унагааж, улмаар Хаш-Эрдэнийн жолоодож явсан соната 5 маркийн 54-08 УНЭ улсын дугаартай автомашинд дайруулж амь насыг болгоомжгүй хохироосон гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар П.Бнь  2015 оны 6 дугаар сарын 02-ны шөнийн 02 цаг 36 минутын үед “Лакивер” рестораны гадна  найз нөхдийн харилцаатай гэх Г.Жаргалсайхантай маргалдаж түүнийг цохисноор  Г.Жаргалсайхан авто замын зорчих хэсэгт унаж С.Хаш-Эрдэнийн жолоодож явсан Соната-5 маркийн  54-08 УНЭ улсын дугаартай автомашинд дайрагдаж хохирогч гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гэрч Б.Одбаярын”...нэг махлаг биетэй цагаан өнгийн футволк өмссөн бараан өнгийн өмдтэй, хар бараан саравчтай малгайтай залуу нь бараан өнгийн хувцастай туранхайдуу согтуу байсан залууг барьж заамдаж байгаад тавьж шууд баруун гараараа нөгөө залууг нүүрэнд нь цохиод авсан. Ингээд нөгөө залуу зам руу унасан. Тэгтэл машин ирээд дайрсан. Ийм л зүйл болсон...” /1хх-ийн 36, 2хх-ийн 67/ гэсэн,

гэрч С.Оюунтүлхүүрийн”...Улаанбаатар Төмөр замын удирдах газрын хойд талын зам дээр зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй нэг баарны өмнө явж байтал зогсоол дээр байсан хоёр машины голоос нэг залуу арагшаа савж унаад яах ийхийн зуургүй л машины урдуур орсон. Миний сууж явсан машины жолооч тоормос дарж амжаагүй дээгүүр нь гарсан юм. Миний суусан машин явж байхад тэр хоёр машины голд зогссон хүмүүс бүтэн биеэрээ бол харагдаагүй, харин толгой хэсэг нь харагдаж байсан. Гэнэт л арагшаа саваад л унаад ороод ирсэн...Манай машины жолооч тоормос гишгэх ямарч боломж байхгүй байсан...Миний санаж байгаагаар тэр талийгаач залууг махлаг өндөрдүү, цагаан өнгийн футволктой, өмдтэй залуу түлхсэн юм уу, цохисон. Тэгээд л талийгаач нисэлттэй хойшоогоо саваад яг машины урд унасан. Би машины баруун талын урд суудал сууж явсан болохоор ноцолдож байсан хүмүүсийн толгой 2 машины дээгүүр харагдаж байсан. Талийгаачийг бол ер нь тэр цагаан өнгийн футволктой өмдтэй залуу л зам руу түлхээд эсвэл цохиод унагаасан... Талийгаач цагаан өнгийн футволктой өмдтэй залууд түлхүүлээд юм уу, цохиулаад зам руу нисэж унахдаа дээшээ харсан хойд талаараа унасан...Өндөр махлаг цагаан өнгийн футволктой, өмдтэй залуу нь түлхсэн буюу цохисон. Тэрний толгой л машины дээгүүр талийгаач руу ухас хийгээд, гар нь хөдөлж байсан юм” /1хх-ийн 37, 2хх-ийн 69/ гэсэн,

сэжигтнээр С.Хаш-Эрдэнийн... Хаан банкны урд талын зогсоол дээр байсан 2 автомашины дунд зогсож байсан залуучууд хоорондоо зодоон хийж байсан. Тэр хүмүүсийг би ойролцоогоор 10 метрийн зайнаас хараад хажуугаар нь өнгөрөх гээд явж байтал цагаан цамцтай өндөр бүдүүн нь буюу одоо энэ Б гээд байгаа залуу нь талийгаач залууг зам руу цохисон ч юм уу, түлхсэн ч юм уу үйлдэл хийхэд талийгаач 2 машины голоор арагшаа хүчтэй үсэрч гарч ирээд зам дээр ар дагзаараа савж унасан би тэгээд үсрээд гараад ирнэ гэж огт бодоогүй яваад шууд тоормос гишгэтэл талийгаачийн дээгүүр гараад зогссон намайг цаанаас ирж байхад тэр цохьсон гэх залуугийн толгой нь зогсоол дээр байсан машины дээгүүр харагдаад, гар нь сарвалзаад байсан...тухайн 3-4 хүний 2 хүний хөдөлгөөн их огцом, хурц хөдөлгөөнүүдийг хийгээд байсан...” /1хх-ийн 122-123, 124-125/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-3, 8-11/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7/, камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 15/, туршилт хийсэн тэмдэглэл /4хх-ийн 74/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /5хх-ийн 94/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 2-3, 8-11/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 4/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-7/, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 15/, туршилт хийсэн тэмдэглэл /4хх-ийн 74/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /5хх-ийн 94/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн № 1017 тоот дүгнэлт /1хх-ийн 64-69/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн № 4213 тоот  дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл /5хх-ийн 94/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Бын цохилтын улмаас Г.Жаргалсайхан автомашины зорчих хэсэгт унаж тухайн үед таксинд явж байсан автомашинд дайрагдаж амь нас нь хохирсон нь П.Бын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

П.Бын дээрхи үйлдэл нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх ба бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг нь бусдын амь нас хохирч болно гэдгийг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь хохироосныг ойлгоно.

 

П.Бын холбогдсон гэмт хэрэг нь 2015 оны 6 дугаар сарын 02-ноос 3-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Прокуророос П.Б Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан “бусдыг болгоомжгүй алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

П.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч П.Бын гэм буруутайд тооцогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацааны болон хэргийн зүйлчлэлийн хувьд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул П.Б оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлэв.

 

Шүүхийн гэм буруугийн хуралдаан дээр:

Улсын яллагчаас” П.Б “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас “...П.Бын үйлдэл нь хохирол хор уршиг зориуд хүргэсэн гэх үндэслэл хангалттай харагдаж байна. Шууд санаатай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул хэргийн зүйлчлэл тохирохгүй байна, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх”

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс” прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг миний хувьд зөвшөөрч байгаа”

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржанаас”П.Бгэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү”

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнээс”...П.Б шүүх хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл Өршөөлийн хууль хэрэглэж өгнө үү” гэсэн тайлбар бүхий  санал дүгнэлтүүд тус тус гаргалаа. 

 

Шүүгдэгч П.Бын үйлдэлд Г.Жаргалсайханы амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийж, уг хор уршгийг хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдоогүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчдөөс гаргасан ”П.Б холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх” талаар гаргасан санал дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй.

 

Талийгаач Г.Жаргалсайхан шүүгдэгч П.Бын цохилтын улмаас  автомашины зорчих хэсэгт унаж автомашинд дайрагдаж нас барсан нь  П.Бын цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул  шүүгдэгчийн өмгөөлөгч  К.Бауиржанаас гаргасан “П.Б холбогдох хэргийг цагаатгах” хууль зүйн үндэслэлгүй юм.

Харин улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн, өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан санал дүгнэлтүүд нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авав.

 

П.Б хэрэгт:

Сэжигтнээр шалгагдсан Соната-5 маркийн 54-08 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан С.Хаш-Эрдэнийг “Г.Жаргалсайханыг мөргөж амь насыг нь хохироосон” гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон шалгаад /1хх-ийн 121/, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай Прокурорын тогтоолоор С.Хаш-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 218-220/

Мөн дээрхи хэрэг үйлдэгдэх явцад шүүгдэгч, амь хохирогчтой хамт байсан энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон О.Урантуяа, Д.Хатанбүүвэй, Ч.Мөнх-Эрдэнэ, Ц.Наранхүү нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, тэдгээрт холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Прокурорын тогтоолоор тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдаж байна. /5хх-ийн 171-178/

 

Хохирол төлбөрийн талаар

Шүүх, хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохиролтой холбогдох баримтуудыг шинжлэн судлаад дараах байдлаар шийдвэрлэлээ.

Оршуулгатай холбогдох болон бусад зардалд хохирогч 19.688.623 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан баримтуудын хүрээнд /1хх-ийн 161-211, 233-243, 248-250/ нийт 15.064.290 төгрөг,

талийгаачийн  төрсөн эгч нар гадаад улсаас Монгол улсад ирсэн тийзний үнэ /1хх-ийн 213/ 3.556.300 төгрөг,

хэргийн үйл баримтыг нотолсон камерийн бичлэгийг сайжруулахад зарцуулсан 288.480 төгрөг /2хх-ийн 2-4/, орчуулгын хөлсний 5000 төгрөг нь тус тус энэ хэрэгт хамааралтай байх тул  15.064.290+3.556.300+288.480+5000=18.914.070 төгрөгийг гэм буруутай П.Боос гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бд олгох нь зүйтэй.

П.Боос гаргуулахаар шийдвэрлэсэн 18.914.070 төгрөгнөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бд мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч талаас өгсөн 5.150.000 төгрөгийг хасаж  тооцов.  /18.914.070-5.150.000=13.764.070/

Харин оршуулгын зардалтай холбогдох баримтуудаас  /1хх-190, 212, 244/, 1хх-246-247/ талд авагдсан нийт 858.604 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй бөгөөд энэ хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй тул  үндэслэлээр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөллийн хөлсөнд 3.800.000 төгрөг нэхэмжилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төр хариуцан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      

Талийгаач Г.Жаргалсайханы 2006 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.Анударь, 2014 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн охин Ж.Анирлин нарт  Нийгмийн даатгалын газраас сард олгох тэтгэврийг нийт 235.975 төгрөг буюу хүүхэд тус бүрт сард 117.987 төгрөг олгохоор тогтоосон байна. /2хх-ийн 56/

       

Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн цалин хөлсний зөрүүг гаргахдаа талийгаач Г.Жаргалсайханы сарын дундаж цалин  /1хх-ийн 52-53/  800.000 төгрөгийг түүний 2 хүүхдэд хувааж  (800000:2=400000) үүнээс Нийгмийн даатгалын газраас тогтоосон сар бүр олгох 2 хүүхдийн нийлээд 235.975 төгрөгийг (400000-235975=164025) (164025:2=82012) төгрөгийг хүүхэд тус бүрт нэг сард  олгохоор тогтоов.

2006 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.Анударь, 2014 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн охин Ж.Анирлин нарын  тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд тус тус сар бүр 82012 төгрөгийг шүүгдэгч П.Боос гаргуулж, бага насны болон насанд хүрээгүй Ж.Анударь, Ж.Анирлин нарын эх Н.Бд олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

 

Бага насны болон насанд хүрээгүй Ж.Анударь, Ж.Анирлин буюу тэдгээрийн эх Н.Б нь дээрх мөнгийг  Ж.Анударь, Ж.Анирлин нарыг 16 насанд хүртэл, тэдгээр нь суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон авах эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Хохирогч Н.Б, бага охин Ж.Анирлинг 10 сартай байснаас 8 нас хүртэл нийт 86 сард сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240.000 төгрөгөөр тооцон 20.640.000 төгрөг нэхэмжилснийг нотлох хангалттай баримт  хэрэгт авагдаагүй байна. 

Иймд үүнтэй холбогдох нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхисон бөгөөд нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Прокурорын газраас П.Б Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч Быг бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч П.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч П.Б 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

 

  1. П.Бэнэ хэрэгт 194 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлйин 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д  зааснаар  П.Боос оршуулгын болон бусад зардалд 13.764.070 /арван гурван сая долоон зуун жаран дөрвөн мянга далан/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бд /РД: ХИ84040560/,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д зааснаар П.Боос 2006 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн охин Ж.Анударь, 2014 оны 7 дугаар сарын 23-нд төрсөн охин Ж.Анирлин нарынтэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүд хүүхэд тус бүрт сар болгон 82012 /наян хоёр мянга арван хоёр/ төгрөг гаргуулж тэдгээрийг 16 насанд хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл сар болгон эх Н.Бд олгосугай.

 

  1. Хохирогчоос өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 3800000 төгрөгийг, оршуулгатай холбогдох зардлаас 858.604 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

хохирогч Н.Б бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 8 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, HE 3U5TOK сералл дугаартай “Hize” процессорын 1 ширхэг хард дискийг шүүгдэгч П.Б буцаан олгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ