| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 120/2026/0038/з |
| Дугаар | 120/ШШ2026/0048 |
| Огноо | 2026-09-15 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 120/ШШ2026/0048
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******
Хариуцагч: ******* аймгийн Нийгмийн даатгалын газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хоорондын нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
Нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа[1] “******* аймгийн Нийгмийн даатгалын газар /Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга/-ын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар албан бичиг /нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг тогтоохоос татгалзсан шийдвэр/-ийг хууль бус болохыг тогтоолгох,
Нэхэмжлэгчийн нөхөр буюу нас барсан П.Төмөрчөдөрийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг зохих хууль, журмын дагуу тооцож нэхэмжлэгчид олгохыг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах” гэж шүүх хуралдаанд тодруулан маргаж байна.
2. Хэргийн үйл баримтын талаар:
2.1. Нэхэмжлэгч ******* нь ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт хандан П.Төмөрчөдөрийн авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэр дээр нэмэгдүүлэн авах хүсэлтийг гаргасан.
2.2. ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга Д.Ганбаяр нь 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаартай албан бичгээр[2] “...Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагыг хангасан байх бөгөөд мөн хуульд зааснаар гэр бүлийн хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй. Иймд таны ирүүлсэн өргөдлийн дагуу асуудлыг судлан үзэхэд цэргийн тэтгэвэр авагч байх тул Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамаарахгүй болно...” гэх хариуг өгчээ.
2.3. Дээрх хариуг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд нэхэмжлэгч өргөдөл гаргасан ба тус Зөвлөлөөс 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32/33 дугаартай албан бичгээр[3] “...Таны нөхөр цэргийн алба хаасны тэтгэвэр авч байгаад нас барсан тул өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын дагуу 20 хувийн нэмэгдэл авах гомдол гаргажээ.
...гэр бүлийн гишүүд буюу нөхөр, эхнэр хоёулаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч байх шаардлагатай тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтаар таны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй...” гэх хариу өгсөн.
3. Нэхэмжлэгч 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.
4. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар:
4.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэр өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ", мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1-д заасан тэтгэврийн нэмэгдлийн хэмжээ нь нас барсан тэтгэвэр авагчийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцүү байна" гэж заасан. Хариуцагч энэхүү зохицуулалтыг буруу хэрэглэж, "талийгаач нь цэргийн тэтгэвэр авагч байсан тул өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамаарахгүй" гэж дүгнэсэн нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Нэгдүгээрт, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтоож олгохтой холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна" гэж шууд заасан.
Иймд цэргийн тэтгэвэр авагчийн нас барсны дараа гэр бүлд нь олгох нэмэгдлийн харилцаа нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зохицуулагдаагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зохицуулалт хамаарна гэснийг хариуцагч авч хэлэлцээгүй.
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн зохицуулалт нь "түүний нөхөр, эсхүл эхнэр өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ" гэж зааж, нэмэгдэл авах эрхтэй этгээдийн талаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх нөхцөлийг л шаардсан. Нас барсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн төрлийг цэргийн алба хаасны тэтгэвэр эсхүл өндөр насны тэтгэвэр гэж ялгаагүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу би өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул уг шаардлагыг хангаж байгаа.
Гуравдугаарт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-д "тэтгэвэр авагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа хүнийг хэлэхээр томьёолсон бөгөөд "тэтгэвэр авагч" гэдэгт цэргийн тэтгэвэр тогтоолгож авч байсан иргэн нэгэн адил хамаарна. Иймээс талийгаач нөхөр маань дээрх 9.1 дэх хэсэгт хэлсэн "нас барсан тэтгэвэр авагч"-д хамаарна.
Дөрөвдүгээрт, хариуцагч шийдвэрээ Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай андуурч хэрэглэсэн, уг зохицуулалт нь нэг даатгуулагч хоёр төрлийн тэтгэвэр авах эрх зэрэг үүссэн тохиолдолд аль нэгийг сонгох тухай зохицуулалт юм. Нэхэмжлэгч би өөрийнхөө хоёр тэтгэврийг сонгох тухай маргаан гаргаагүй, харин нөхөр нас барсантай холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусгай нэмэгдэл авах эрхийн тухай маргаан гаргаж байна. Эдгээр нь хоорондоо зарчмын ялгаатай харилцаа болно.
Тавдугаарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн зорилго нь тэтгэвэр авагч хосуудын нэг нь нас барахад үлдсэн хүний амьжиргааг дэмжих, нийгмийн баталгааг хангах явдал бөгөөд захиргааны байгууллага хууль хэрэглэхдээ Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх", мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "ажил мэргэжлийн байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглох" зарчимтай нийцүүлэн тайлбарлах үүрэгтэй.
Хариуцагчийн тайлбар нь хоёр гэр бүлийн нэгэн адил нөхцөлд буюу аль аль нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, аль аль нь өндөр насны тэтгэвэр авч байгаа хосуудыг нөхөр буюу эхнэрийн нь эрхэлж байсан албаны төрлөөр (цэргийн алба эсэх) ялгаатай хандах үр дагавартай тул дээрх зарчимтай нийцэхгүй. Шүүх энэхүү хуулийг тайлбарлан хэрэглэхдээ дээрх зарчимтай нийцсэн утгыг сонгох нь зүйтэй гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.2-т заасан тэтгэврийн нэмэгдлийг тэтгэвэр авагчийн нас барсны дараагийн 2 дахь сараас эхлэн олгоно" гэж тодорхой заасан. Нөхөр маань 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан тул дээрх зохицуулалтын дагуу нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгогдох ёстой байсан байхад хариуцагч хууль зүйн үндэслэлгүйгээр надад нэмэгдэл олгохоос татгалзсаны улмаас 2024 оны 11 дүгээр сараас эхэлж шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хуульд заасан нэмэгдлээ авалгүйгээр үлдсэн. Уг хугацааны нэмэгдлийн нийт зөрүүг хариуцагч хуулийн 9.3 дахь хэсэгт заасан анхны олгох ёстой байсан огнооноос эхлэн тооцон нөхөн олгох үүрэгтэй.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд эрх эдлэгчид "тодорхой хугацаанд хүсэлт гаргах" үүргийг тогтоосон заалт байхгүй. Хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зөвхөн тэтгэврийн нэмэгдэл олгуулах эхлэх огноог тогтоосон болохоос биш, нэхэмжлэгчид тавигдах хугацааны болзол биш, иргэний эрхийг хязгаарлах болзол нь хуулиар тодорхой заагдсан байх ёстой. Хуульд заагдаагүй болзлыг захиргааны байгууллага нь дур мэдэн тогтоох эрхгүй, бусад заалтуудыг харьцуулан үзвэл хуульд тэтгэвэр, нэмэгдлийг олон жилийн хугацаагаар нөхөн олгох зохицуулалт байдаг. Тухайлбал, тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувьд 60 сар хүртэлх нөхөн олголт, шүүхийн шийдвэрээр тэтгэвэр сэргээгдсэн тохиолдолд мөн 60 сар хүртэлх нөхөн олголт хийх боломжтойг хуульд зааж өгсөн. Нийгмийн даатгалын байгууллага нь талийгаачийн нас барсан мэдээллийг нэхэмжлэгчээс хамаарахгүйгээр өөрийн системд бүртгэдэг, тус системийн дагуу талийгаачийн цэргийн тэтгэвэр зогссон, нас барсны нэг сарын тэтгэмж олгогдсон зэрэг үйл явдлууд хариуцагчид тухай бүр мэдэгдсэн байх ёстой.
Иймд хариуцагчийн дээрх хууль зүйн үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж, өндөр насны тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг хуульд заасан огнооноос эхлэн олгох захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.
4.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 9.1 дээр өндөр насны тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд дор дурдсан нөхцөлийг хангасан бол түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн заалт байгаа. Ингээд үзэхээр 1981 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тооцоход 20 буюу түүнээс дээш амьдарсан гэх хуулийн шаардлагын ерөнхий нөхцөл хангагдаж байна. Хуулийн хугацаа нь 2 шаардлагыг тавьсан. Тэтгэвэр авч байсан болохыг нотлох, мөн хамт амьдарсан болохыг нотлох, дээрээс нь гэр бүлээ бүртгүүлсэн байх гэсэн хуулийн 3 шаардлагыг хангасан байх эрх зүйн зохицуулалттай.
Тухайн нөхцөл байдал нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр миний үйлчлүүлэгчийн гэр бүлийн хүн болох П.Төмөрчөдөр 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан учраас хүчин төгөлдөр үйлчилж байгаа буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлж байгаа хуулийн үйлчлэлд хамаарах шалтгаант холбоо буюу хуулийн хувьд эрх зүйн үндэс нь ингэж гарч байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд гомдол гаргасан, хариуг тус зөвлөлөөс 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32/33 дугаар бичгээр өгсөн байдаг. Энэ бичгээр өндөр насны тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд гээд 9-ийн заалтаа бариад, дээрх хууль зохицуулалтын дагуу эхнэр, нөхөр хоёулаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаараа нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ авсан байх ёстой, тийм учраас нэг нь цэргийн тэтгэвэр авагч бол энэ хуульд хамаарагдахгүй гэх үндэслэлээр татгалздаг.
Аймгийн Нийгмийн даатгалын газар болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан таслах төв зөвлөлийн өгч байгаа хариу албан тоот болон хариуцагчийн өгч байгаа тайлбар зэрэг нь үндэслэлгүй, энэ хуулийг Нийгмийн даатгалын газар буруу хэрэглэж байна. Тийм учраас Монгол Улсын хэмжээнд жишиг болохуйц нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг зөв хэрэглэх тал дээр жишиг шийдвэр болгож өгсөн Монгол Улсын Дээд шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ/2025/0079 гэсэн тогтоолд үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах буюу энэ нь хууль бус болохыг тогтоолгох, тухайн 20 хувийн нэмэгдлийг олгуулахаар хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс хангаж өгнө үү гэсэн саналтай байна.
Хууль хэрэглээний тал дээр бид нар эхлээд Монгол Улсын Их хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу мягмар гаригт хуралдсан хуралдааны тэмдэглэл болон хэд хэдэн хуралдааныг анхаарч үзэх шаардлагатай, хуулийн үзэл баримтлал буюу тухайн улсын их хурал дээр энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг явагдаж байхад 09 дүгээр заалтыг хэрхэн яаж хэрэглэх тал дээр шүүх хуралдааны тэмдэглэлээс нь бид нар илүү нарийвчлан тодорхойлж, хуулийг зөв хэрэглэх асуудлыг эндээс эхлэлтэйгээр шийдэх ёстой байдаг. Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 10, 06 дугаар сарын 20, 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын их хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 06 дугаар сарын 23, 29, 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг хамгийн анхдагч хуулийг үзэх ёстой байна.
Өмнө нь үйлчилж байсан 2015 оны Хамтын тэтгэврийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд дараах нөхцөлийг хангасан иргэн байна гээд 4.1.1-д нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр, эсвэл цэргийн алба хаасан тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний 15 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр юм уу, эсвэл нөхөр гэсэн байдлаар өмнө нь үйлчилж байсан хуульд заасан. Хамтын тэтгэвэр авагч нь 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй, Монгол Улсын иргэн байна гэдэг шаардлагыг тавьсан. 4.2-т нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр авч байгаад нас барсан иргэний эхнэр, эсвэл нөхөр нь энэ хуулийн 4.1.2-т заасан насанд хүрээгүй тохиолдолд түүнд олговол зохих хамтын тэтгэврийг насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд энэ эрх нь түүний эхнэр, нөхрийн нас барснаас хойш 5 жил хүртэл хугацаанд хадгалагдана гэж заасан.
Өөрөөр хэлбэл 4 дүгээр зүйлийн 4.1.2-т гэр бүлийн хүнд нь насны шаардлага гээд өндөр насны тэтгэвэрт гарах насны зохицуулалтыг өмнөх хуулиар зохицуулж байсан боловч 4.2 дахь хэсгээрээ насны шаардлага хангаагүй ч гэсэн насанд хүрсэн тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрхтэй байхаар 5 жил хүртэл хугацааг нь заагаад өгчихсөн, энэ 2 хуулийн заалт буюу Хамтын тэтгэврийн тэтгэмжийн тухай хуульд заасан агуулга зорилго нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд тусгагдсан. Өмнөх үйлчилж байсан хуулийн үйлчлэлийн насны хязгаарыг нь байхгүй болгоод, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9.1.2-ын шаардлагаараа шинээр тусгагдсан зохицуулалт үйлчилж байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9.1.2-т буюу гэр бүлээ бүртгүүлсэн байх буюу 20 буюу түүнээс дээш хамтарсан хоёр шаардлагыг хангасан тэтгэвэр авагчид нэмэгдүүлэх эрхтэй байхаар зохицуулсан. Тэгэхээр ******* аймгийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн гаргаад байгаа нөхцөл байдал нэг талдаа хууль бус шаардлагыг тавьж миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр энэ хуулийн зүйл заалтаар буюу энэ 2 хариу албан тоот нь хуулийг буруу хэрэглэж, хуульд нэгтгэгдэхгүй, хуулиар шаардлага тавигдаагүй байхад хууль бус хариу албан тоот өгч байгаа нь өөрөө хуулиа зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж тайлбарлан бусдын эрхийг хязгаарлаж миний үйлчлүүлэгчид 20 хувийн тэтгэврийн нэмэгдлийг олгохгүй гэсэн хариу албан тоот нь хууль бус гэж үзэж байна...” гэв.
5. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч *******ийн нас барсан нөхөр П.Төмөрчөдөр нь 1997 онд цэргийн алба хаасны өндөр насны тэтгэврийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газар тогтоолгоод 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тухайн тэтгэврийг авсан байдаг. Тухайн тэтгэвэр авагчид нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмж гээд 3,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас олгосон. Энэ нь цэргийн алба хаагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүн нь нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлөөд, тэтгэврийг нь улсын төсвөөс олгодог. Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8.1-д зааснаар улсын төсвөөс цэргийн алба хаасны өндөр насны тэтгэврийг тогтоолгоод авч байсан.
2010 оноос 2015 он хүртэлх хугацаанд албан журмын даатгалд хамрагдаж нийгмийн даатгалын шимтгэл төлөлт 5 жил 3 сар төлөгдсөн учраас Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэмжийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу нас барсан даатгуулагчаар гэрийн гишүүнд олгох тэтгэмжийг Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр олгосон. Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан болзол нөхцөлийг хангаж байгаа ч гэсэн нөхөр нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5.1 дэх болзол нөхцөл юм уу, эсвэл 5 дугаар зүйлд нөхцөл болзлоор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоогдоогүй, улсын төсвөөс санхүүждэг, цэргийн алба хаасны тэтгэвэр авч байсан учраас 20 хувийнх нь нэмэгдлийг нь олгох боломжгүй гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дагаж мөрдөх журам гарсан. Уг журмын 2.9 дээр 9.1, 9.2 дахь заалт буюу 9 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхдээ цэргийн албаны алба хаасны өндөр насны тэтгэвэр болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нарт хамаарахгүй, зөвхөн нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэдэд хамаарна гэсэн зөвлөмж ирсэн. Түүний дагуу олгох боломжгүй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэр дээрээ ажилласан хугацааныхаа нэмэгдлийг хийлгээд явж байсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 9 дүгээр заалт дээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх, сонголт хийх гээд 9.1-д нь даатгуулагч нийгмийн даатгалын сангаас 2 ба түүнээс дээш төрлийн тэтгэвэр тогтоолгон авах эрх зэрэг үүсвэл өөрт таатай нөхцөлтэй нэг төрлийн тэтгэврийг нэг удаа сонгоно. Эхнийх нь нийгмийн даатгалын сангаас 2 ба түүнээс дээш төрлийн тэтгэвэр тогтоолгон авах эрх үүснэ гэж байгаа. Жишээ нь нийгмийн даатгалын сангаас энгийн өндөр нас байж болно, эсвэл нөхцөлийн өндөр нас байж болно.
Нөхцөлийн гэхээр газрын доор юм уу, хүнд юм уу, хортой юм уу гэдэг нь орно. Эсвэл үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр байж болно. Эсвэл хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч байж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах насны болзол хангаад өндөр нас руугаа шилжихэд хөдөлмөрийн чадвар алдсаных нь тэтгэвэр нь өндөр байгаад, энгийн өндөр насных нь тэтгэвэр нь бага байх юм бол тэр хүн хөдөлмөрийн чадвар алдсаныхаа тэтгэврийг сонгон авч болно. 2 дээр нь даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу 2 тэтгэвэр авах эрх үүсэхээр бол шимтгэл төлсөн болон цэргийн алба хаасан хугацааг нэгтгэн тооцож нэг тэтгэвэр тогтооно гэж заасан. Нэхэмжлэгчийн нөхөр цэргийн алба хаасны өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаад тэтгэвэр дээрээ ажилласан хугацааныхаа нэмэгдлийг хийлгээд явж байсан болохоос биш нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэвэр авч байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч талаас “******* аймгийн Нийгмийн даатгалын газар /Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга/-ын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар албан бичиг /нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг тогтоохоос татгалзсан шийдвэр/-ийг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн нөхөр буюу нас барсан П.Төмөрчөдөрийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг зохих хууль, журмын дагуу тооцож нэхэмжлэгчид олгохыг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах” гэж тодруулан маргасан.
2. Хариуцагч захиргааны байгууллага нь тухайн газрын Хяналт, шалгалтын улсын байцаагч *******г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон ба татгалзлын үндэслэлээ “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 болон уг хуулийг хэрэгжүүлэх тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн дагуу “... Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх” шаардлагыг хангаагүй” гэж маргасан.[4] Харин хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас “...талийгаач П.Төмөрчөдөрийг цэргийн тэтгэвэр авагч байсан...” талаар маргаагүй.
Шүүхээс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 120/ШЗ2026/0196 дугаар шүүгчийн захирамжаар үүсгэсэн захиргааны хэргийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэж маргааныг шийдвэрлэсэн болно.
Нэг. Шүүхэд тогтоогдсон үйл баримтууд:
1.1. Нэхэмжлэгч ******* нь иргэн П.Төмөрчөдөртэй 1981 оны 06 дугаар сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд гэрлэлтээ бүртгүүлсэн,[5] захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн буюу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн талийгаач П.Төмөрчөдөрийн 997 дугаар тэтгэврийн хувийн хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тэтгэвэр тогтоолтын хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, өөрийнх нь Нийгмийн даатгалын газарт гаргаж байсан өргөдөл зэрэг баримтуудаар[6] нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн П.Төмөрчөдөр нь 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цэргийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх ба үүнээс хойш цэргийн байгууллагад энгийнээр ажиллаж тэтгэврийн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлж байсан, 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь 2010 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар нотлогдож байна.[7]
1.2. Нэхэмжлэгч нь 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр түүний нөхөр П.Төмөрчөдөрийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг авахаар ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт хандахад тус газрын Тэтгэвэр тэтгэмжийн хэлтсийн дарга 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар[8] албан бичгээр татгалзсан хариу өгч, энэ албан бичгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан.
1.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв Зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 32/33 дугаар[9] албан бичгээр “...гэр бүлийн гишүүд буюу нөхөр, эхнэр хоёулаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөлд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагч байх байсан шаардлагатай тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтаар таны тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй.
Иймд ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлын шийдвэрийг хэвээр үлдээж байна” гэж *******ийн гомдлыг шийдвэрлэсэн байна.
Хоёр. Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд доор дурдсан нөхцөлийг хангасан түүний нөхөр, эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлнэ” гэж зааснаас үзвэл, хуулийн энэ зохицуулалтаар олгогдсон эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9.1.1-д зааснаар “Гэр бүлийн тухай хуулийн 7.1-д зааснаар /гэрлэлтээ батлуулсан/ бүртгүүлсэн”, 9.1.2-т заасан ”20” ба түүнээс дээш жил хамт амьдарсан” байх хоёр шаардлагын хангасан этгээд эдлэхээр байна.
Дээрх хуулийн энэ зохицуулалтыг дагаж мөрдөхтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар “Зөвлөмж” гаргасан.
2.2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д “Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх” гэж Улсын дээд шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд Улсын дээд шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 001/ХТ2025/0079 дүгээр тогтоолд “ …хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр захиргааны байгууллагаас гаргасан аливаа зөвлөмж, аргачлал, цаашилбал захиргааны хэм хэмжээний акт нь хуулиар хязгаарлаагүй асуудлыг хязгаарласан, хүний эрх зүйн байдлыг дордуулах зэргээр хууль зөрчсөн бол түүнийг хэрэглэх ёсгүй. Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар зөвлөмжийн тухайд хууль зөрчсөн гэх агуулга алга байна.
Тодруулбал, зөвлөмжийн 2.6-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн агуулгыг “… Тухайн гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх. Өөрөөр хэлбэл хоёр тэтгэвэр авагчийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол 20 хувийн нэмэгдлийг тооцон олгохгүй...” гэж тайлбарлажээ.
Иймд уг Зөвлөмжийг маргааны шийдвэрлэхэд ач холбогдол бүхий захиргааны акт гэж үзсэн болно.
2.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар Зөвлөмжийн 2.6-д Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн агуулгыг “…хуулийн энэ зохицуулалтад нийгмийн халамжийн болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагч хамаарахгүй” гэж тайлбарласан байх тул тэтгэвэр авагч эхнэр, нөхрийн аль нэг нь хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны, цэргийн тэтгэвэр тогтоолгосон бол нас барсан хэн нэгнийхээ авч байсан тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэр дээр нэмэгдүүлэх авах эрх үүсэхгүй гэж ойлгоно.
2.4. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно“ гээд 4.1.10-т "нийгмийн даатгалын шимтгэл" гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч, ажил олгогч, төрөөс энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд урьдчилан төлсөн мөнгөн хөрөнгийг;
4.1.11-д "нийгмийн даатгалын шимтгэл төлөгч" гэж энэ хуульд заасны дагуу нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх үүрэг хүлээсэн даатгуулагч, ажил олгогч, төр, хуулийн этгээдийг;
4.1.13-т "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг;
4.1.14-т "тэтгэвэр авагч" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгон авч байгаа хүнийг” гэж тус тус тайлбарласан.
2.5. Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэврийг нэмэгдүүлэн авах эрхийг хуульчилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д “энэ хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр авч байсан тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд…” гэж тухайлан заажээ.
Эдгээр зохицуулалтаас үзвэл, нас барсан тэтгэвэр авагч болон түүний тэтгэврийн 20 хувийг өөрийн тэтгэвэр нэмэгдүүлэн авах эрх бүхий тэтгэвэр авагч хоёулаа нийгмийн даатгалын шимтгэл төлж улмаар Нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч этгээд нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахаар байна.
2.6. Харин Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн /Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөл/ 1-д “Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна” гээд 1/-д “цэргийн жинхэнэ алба болон тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан тэтгэвэр /цаашид "цэргийн алба хаасны тэтгэвэр" гэх/ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.
Дээрх хоёр хуулийн зохицуулалтаар тэтгэвэр авагч, тэдгээрийн авах тэтгэврийн санхүүжилтийг өөр өөрөөр зохицуулсан байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын “...Захиргааны байгууллага хууль хэрэглэхдээ Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх", мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан "ажил мэргэжлийн байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглох" зарчимтай нийцүүлэн тайлбарлах үүрэгтэй агуулгаар гаргасан тайлбар хуульд нийцэхгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч *******т нас барсан талийгаач нөхөр П.Төмөрчөдөрийн авч байсан тэтгэврийн 20 хувийг нэмэгдүүлэн авах эрх үүсэхгүй байх тул ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын “...цэргийн тэтгэвэр авагч байх тул Өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтад хамаарахгүй болно...” гэж шийдвэрлэсэн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар албан бичиг хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэв. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...хууль бус хариу албан тоот өгч байгаа нь өөрөө хуулиа зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж тайлбарлан бусдын эрхийг хязгаарлаж миний үйлчлүүлэгчид 20 хувийн тэтгэврийн нэмэгдлийг олгохгүй гэсэн хариу албан тоот нь хууль бус...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
2.7. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/82 дугаар Зөвлөмжийн 2.13-д “…дээрх өөрчлөлт нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчид хамаарахгүй…” гэж тайлбарлажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан.
2.8. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуулийн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Даатгуулагчид Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу хоёр тэтгэвэр авах эрх үүсэхээр бол шимтгэл төлсөн болон цэргийн алба хаасан хугацааг нэгтгэн тооцож, нэг тэтгэвэр тогтооно” гэж заасан бөгөөд энэ зохицуулалт нь хууль хэрэгжсэн өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр байна.
2.9. Нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр талийгаач П.Төмөрчөдөр нар нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгон авсан байх тул хуулийн энэ зохицуулалт энэ маргаанд хамааралгүй байх тул хариуцагчийн энэ талаарх тайлбар хэрэгт ач холбогдолгүй юм.
2.10. Түүнчлэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Монгол Улсын Их хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу мягмар гаригт хуралдсан хуралдааны тэмдэглэл, хуулийн үзэл баримтлал, Нийгмийн бодлогын байнгын хорооны 2023 оны 06 дугаар сарын 20, 27-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын их хурлын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 06 дугаар сарын 23, 29, 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг үзэх ёстой...” гэх агуулгаар тайлбарлан маргах боловч хариуцагчаас эдгээр баримт бичгийг маргаан бүхий актын үндэслэл болгоогүйг дурьдах нь зүйтэй.
2.11. Дээрх үндэслэлүүдээр, нас нэмэгдүүлсэн тэтгэвэр олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй, хууль, журамд нийцсэн, маргаан бүхий 2026 оны 100 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нөхрийн өмнө нь авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг зохих хууль, журмын дагуу тооцож нэхэмжлэгчид олгохыг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ээс гаргасан “******* аймгийн Нийгмийн даатгалын газар /Тэтгэвэр, тэтгэмжийн хэлтсийн дарга/-ын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 100 дугаар албан бичиг /нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийн 20 хувийн нэмэгдлийг тогтоохоос татгалзсан шийдвэр/-ийг хууль бус болохыг тогтоолгох, Нэхэмжлэгчийн нөхөр буюу нас барсан П.Төмөрчөдөрийн авч байсан тэтгэврийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг зохих хууль, журмын дагуу тооцож нэхэмжлэгчид олгохыг ******* аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 1-6 дугаар хуудас
[2] Хавтаст хэргийн 9 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 30-31, 89-90 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 58-80 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 09 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас