2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07919

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 23 191/ШШ2025/07919

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 841,809,119 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 841,809,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Г.******* нь  ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ч.*******тай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Худалдагч нь:

 ХХК /РД:, улсын бүртгэлийн гэрчилгээ /-н 100 хувийн хувьцааг шилжүүлэн өгөх, ХХК-ийн эзэмшлийн  тоот гэрчилгээ бүхий  нэгж талбарын дугаартай дүүрэг, хороо, хороололд байршилтай орон сууцны зориулалт бүхий газар эзэмших гэрчилгээг гэрээ болон кадастрын зургийн хамт,  ХХК-ийн өөрийн эзэмшлийн газар дээр компанийн хөрөнгө оруулалтаар барьсан шинээр баригдах орон сууцны хотхоны цахилгаан хангамжид зориулж барьсан 2*9630 ква чадалтай 10/0,4 кв-ын ХТП ЦТП-н барилга байгууламжийг холбогдох бичиг баримтын хамт,  ХХК-ийн барьсан контор болон ажилчдын сууцны зориулалт бүхий 23*5,2 м.кв, 119,6 м.кв талбай бүхий 2 ширхэг барилга, ХХК-ийн өмчлөлийн  тоот улсын бүртгэлийн дугаартай, 8 тн-ын даацтай цамхагт краныг холбогдох бичиг баримтын хамт хүлээлгэн өгөх, үүний хариу төлбөрт худалдан авагч тал нь хувьцааны төлбөрийн мөнгөн төлбөр 100,000 доллар,  ХХК-ийн урт хугацааны зээлийн төлбөр 900,000 доллар, 0001305164 тоот гэрчилгээтэй  ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууцны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцны талбайг үнэ төлбөргүй шилжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн хариуцагчийн өмчлөлд гэрээнд заасан бүх эрх болон хөрөнгийг 100 хувь бүрэн шилжүүлэн өгсөн. Харин хариуцагч нь хүлээсэн үүргийн зарим хэсгийг өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Өөрөөр хэлбэл хувьцааны төлбөр 100,000 доллар болон урт хугацааны зээлийн төлбөр 900,000 доллар төлсөн боловч 319,79 м.кв талбайтай орон сууцыг өгөх үүргээ биелүүлсэнгүй. Талууд тодорхой хөрөнгийг харилцан шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч хариуцагч нь үүргийн зарим хэсгийг биелүүлээгүй. Гэрээний 6.2.2-т хариуцагчаас шилжүүлэх орон сууцны үнийг 1,900,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон байдаг. Ч.******* нь гэрээнд заасан орон сууцаа барих үүргээ биелүүлэлгүй гуравдагчаар бариулан төлбөрийн зарим хэсэгт 1,133,3 м.кв орон сууц авсан боловч нэхэмжлэгчид өгөх ёстой байсан 319,79 м.кв талбайг өгсөнгүй. 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн тусгай зөвшөөрөл бүхий  ХХК-ийн үнэлгээгээр тус газар дээр баригдсан  хотхоны орон сууцанд үнэлгээ хийлгэхэд 1 м.кв нь 2,632,381 төгрөг байна. Иймд хариуцагчаас 841,809,119 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэг. Нэхэмжлэлд дурдагдаж буй үйл баримтын талаар шүүх нэгэнт дүгнэлт хийж шийдвэрлэсэн талаар:

Миний бие Г.*******той 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Улаанбаатар хот, дүүргийн хороо, хорооллын нутаг дэвсгэрт орон сууц барих зөвшөөрөл бүхий  ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах, гэрээнд заасан төлбөрийг төлөх, худалдагч тал тухайн гэрээний 5.2.5-д зааснаар талбайг чөлөөлөн барилга барих нөхцөлийг хангах үүргүүдийг хүлээсэн.

Уг гэрээний буюу хувьцааны төлбөрт нийт 1 сая ам.долларыг төлсөн бөгөөд үүнийхээ 900,000 ам.доллар болон тухайн компанийн эзэмшиж байсан барилга барих зөвшөөрлийн дагуу орон сууцны барилга барихаар мэргэжлийн байгууллагаар барилгын зураг төслийг гаргуулах, улсын экспертизээр баталгаажуулах, геологийн судалгаа, дүгнэлт хийлгүүлэх, тухайн газарт гэрээт харуул хамгаалалт ажиллуулах, газрын болон цахилгааны төлбөр зэрэг зардлуудыг би бусдаас зээлж төлж ирсэн.

Гэтэл худалдагч талаас газар чөлөөлөх асуудлаар шүүхийн маргаантай байсны улмаас барилгын талбайг чөлөөлж өгөлгүй даруй 4 жил орчмын хугацаа өнгөрсөн тул арга буюу 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г цуцалж, хувьцааны үнэд төлсөн 1,000,000 ам.долларыг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Г.*******ын зүгээс гэрээний төлөгдөөгүй төлбөр буюу баригдах барилгаас одоогийн нэхэмжлээд буй 319,79 м.кв талбайн үнэ болох 607,601,000 /гэрээний 6.2.2 талбайн үнийг 1 м.кв нь 1,900,000 төгрөг байхаар тохирсон байдаг/ төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд эл хэргийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрээр Ч.*******гаас 607,601,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болсон.

Эл шийдвэрийн 7 дугаар талд Хариуцагч гэрээнд дурдсан ... иргэний дутуу баригдсан барилга-г зайлуулж, газрыг чөлөөлөөгүй болох нь тогтоогдож байна гэж гэрээг хэрэгжихгүй болсон шалтгааны талаар тодорхой дүгнэсэн байдаг.

Энэ хугацаанд бодитоор газар нь чөлөөлөгдөөгүй байсан тул их хугацаа алдаж, төслийг цаашид хэрэгжүүлэх эдийн засгийн боломжгүй болж ирсэн.

Улмаар 2019 онд Ч.******* нь өөрийн эзэмшлийн  ХХК-ийн хувьцаа, түүний эзэмшлийн газар, болон дагалдах бусад эрхээ иргэн И. нарт арга буюу үнэ хямдруулан худалдсанаар уг төслөөс үр шим хүртэх боломжгүй болж, миний оруулсан хөрөнгө оруулалт үндсэндээ бүтэлгүйтэж, хөрөнгө мөнгө болон цаг хугацааны хувьд нөхөгдөж баршгүй алдагдал хүлээгээд байна.

Түүнчлэн 2021 онд Г.*******ын зүгээс дахин шүүхэд хандан Ч.******* болон  ХХ,  ХХК нарт холбогдуулан мөн л шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар буюу Улаанбаатар хот, дүүргийн хороо, хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа  3 хотхоны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэр гаргасан нь мөн л хүчин төгөлдөр эцсийн шийдвэр болоод байгаа билээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Хоёр. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан байх бөгөөд Г.******* нь гэрээ байгуулагдсан 2014 оноос хойш 11 жилийн дараа урьд нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хэлбэрийг өөрчлөх байдлаар дахин дахин гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны журмыг зөрчсөөр байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байна. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайлангийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэрийн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрийн хуулбар,  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн цахим системийн лавлагаа тодорхойлолтын маягт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч бүрэн биелүүлсэн боловч хариуцагч тал  ХХК-ийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууцны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцны талбайг үнэ төлбөргүй нэхэмжлэгч талд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй. Уг үүргийн биелэлтийг хангуулахаар нэхэмжлэгч шүүхэд хандсан боловч тухайн орон сууцны талбайг хариуцагч гуравдагч этгээдэд шилжүүлсэн байгаа тул талбай гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй, харин хохирлоо шаардах нь зүйтэй гэж үзсэн. Иймд 319,79 м.кв талбайг зах зээлийн ханшаар тооцож 841,809,119 төгрөгийн хохирол гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Ч.*******гаас 607,601,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.*******ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Түүнчлэн 2021 онд Г.*******ын зүгээс дахин шүүхэд хандан Ч.******* болон  ХХ,  ХХК нарт холбогдуулан мөн л шүүхээр нэгэнт шийдвэрлэгдсэн үйл баримтын талаар буюу Улаанбаатар хот, дүүргийн хороо, хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа  хотхоны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлтэй хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна. Г.******* нь гэрээ байгуулагдсан 2014 оноос хойш 11 жилийн дараа урьд нь нэгэнт шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хэлбэрийг өөрчлөх байдлаар дахин дахин гаргаж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны журмыг зөрчсөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр худалдагч Г.******* нь ХХК-ийн нэг бүр нь 1,180 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100,000 ширхэг хувьцааг эзэмших эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийн хамт худалдах, худалдан авагч Ч.******* нь хувьцааны төлбөр 100,000 ам.доллар, мөн  ХХК-ийн урт хугацааны зээлийн төлбөр 900,000 ам.доллар тус тус төлөх, компанийн эзэмшлийн газар дээр баригдах орон сууцны барилгаас 319,79 м.кв талбай бүхий орон сууцыг үнэ төлбөргүйгээр худалдагчид шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээжээ.

6. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 5.2.5-д заасан худалдагч тал дүүрэг, 16-р хороо, 16-р хороололд орших орон сууцны зориулалт бүхий газар дээрх иргэний дутуу баригдсан барилгыг хуанлийн 60 хоногийн дотор нурааж, бүрэн цэвэрлэн худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргийн биелэлтээс үүдэлтэйгээр талуудын хооронд маргаан үүсэж, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрээр зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан,  ХХК-ийн газрыг чөлөөлүүлэх шаардлагыг компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн авсан Ч.******* өөрөө хэрэгжүүлэх эрхтэй буюу дутуу барьсан барилгыг нураах Г.*******ын үүргийн биелэх нөхцөл байдал өөрчлөгдсөн, хариуцагчийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээний 5.2.5 дахь заалтад заасан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон байна гэж дүгнэн, Ч.*******гаас Г.*******т холбогдуулан гаргасан худалдан авах гэрээний дагуу төлсөн 1,000,000 ам.доллар буюу 2,418,640,000 төгрөг буцаан гаргуулах, хохирол 88,000 ам.доллар буюу 216,744,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр буюу 319,79 м.кв талбай бүхий орон сууцны үнэ 607,601,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

 

7. Дээрх маргаан шийдвэрлэгдсэнээс хойш  ХХК-ийн эзэмшлийн газар дээр  орон сууцны хотхон баригдсан бөгөөд Г.*******оос Ч.*******д холбогдуулан 319,79 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэрээр Талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.1.4-т худалдан авагч тал өөрийн барих орон сууцны барилгаас худалдагчид 319,79 м.кв талбай бүхий орон сууцны барилгыг үнэ төлбөргүй шилжүүлэх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч Ч.******* нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр И.ид  ХХК-ийн 1000 ширхэг хувьцаа, газар дээр барилга барих эрхийг худалдсан бөгөөд гэрээнд заасан орон сууц барих үүргээ гүйцэтгэж чадаагүй, нэхэмжлэгч нь хариуцагч Ч.*******д үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосноор үр дүнд хүрч чадахгүй, гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэж, 319,79 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

8. Маргааны үйл баримттай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа эсэх, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс учирсан хохирлоо шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч Ч.******* нь  ХХК-ийн 1000 ширхэг хувьцаа, компанийн эзэмшлийн газар дээр барилга барих эрхийг 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бусдад худалдсан үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.

 

10. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

11. Хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасан  ХХК-ийн нэг бүр нь 1,180 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 100,000 ширхэг хувьцааг, Газар эзэмших эрхийн  тоот гэрчилгээтэй, орон сууцны зориулалт бүхий газар, уг газар дээр шинээр баригдах барилгын цахилгаан хангамжид зориулан барьсан 2х630 кВа чадалтай 10/0.4-ын ХТП, ЦДКШ-ын барилга байгууламж, 23х5.2 метр, 119.6 м.кв талбай бүхий сэндвич түр барилга, 1249 тоот краны улсын бүртгэлийн дугаартай,  үйлдвэрлэгдсэн  маркийн  тонны даацтай, цамхагт краны хамт хариуцагч Ч.*******д шилжүүлэн өгөх үүргээ нэхэмжлэгч Г.******* биелүүлсэн бол, хариуцагч Ч.*******гаас мөнгөн хэлбэрийн нийт дүн 100,000 ам.доллар,  ХХК-ийн урт хугацаат зээлийн төлбөр 900,000 ам.доллар төлөх үүргээ биелүүлж, харин гэрээний 3.1.4-д заасан дээрх газар дээр орон сууцны барилга барьж, 319,79 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.

 

12. Тодруулбал, гэрээний 6.2.2-т зааснаар хариуцагч Ч.******* нь гэрээний 3.1.4-т заасан 319,79 м.кв талбай бүхий орон сууцыг захиалгаар барих гэрээг барилгын ажил 50%-д хүрэх үед нэхэмжлэгч Ч.*******той байгуулах, барилгыг Улсын комисс бүрэн хүлээн авсны дараа ажлын 15 хоногт багтаан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах бичиг баримтуудыг бүрдүүлж нэхэмжлэгч талд өгөх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч Ч.******* нь  ХХК-ийн хувьцаа болон компанийн эзэмшлийн газар дээр барилга барих эрхийг 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр бусдад худалдсанаар нэхэмжлэгчтэй байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.1.4-д заасан 319,79 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Г.*******т шилжүүлэн өгөх хэлбэрээр үүргийн биелэлт хангагдах боломжгүй болсон нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/03408 дугаар шийдвэрээр тогтоогдсон.

 

13. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 219.3-д Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно гэж зааснаар хариуцагч Ч.******* нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу 319,79 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Г.*******ын өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

14. Учирсан хохирлын хэмжээг нэхэмжлэгч  ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэж 1 м.кв талбайн үнэлгээг 2,632,381.09 төгрөгөөр тооцож, нийт 841,809,119 /2,632,381.09*319.79/ төгрөг гаргуулахаар шаардсан тооцооллыг хариуцагч баримтаар үгүйсгэж маргаагүй тул уг үнийн дүнгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

15. Хариуцагч Ч.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.******* өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж, шийдвэрлэсэн хууль хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03189 дугаар шийдвэрээр талууд харилцан гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд, уг маргаанаас хойш хоёр талын гэрээний хэрэгжилт үргэлжилж, маргаанд хамаарах газар дээр орон сууцны барилга бодитоор баригдсан тул талууд гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролтой холбоотойгоор дахин шүүхэд хандах эрхийг хөндөхгүй. Иймд, хариуцагчийн маргааны үйл баримттай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх татгалзал үндэслэлгүй.

 

16. Нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.2, 79 дүгээр зүйлийн 79.2, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанд тооцох бөгөөд өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Иймд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.*******гаас 841,809,119 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,368,195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,368,195 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/07015