| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2408 00000 1284 |
| Дугаар | 2025/ДШМ/197 |
| Огноо | 2025-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/197
2025 02 05 2025/ДШМ/197
Б.Б ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Намдаг,
яллагдагч Б.Б ,
хохирогч Т.Т ,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/2663 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Намдагийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаар эсэргүүцлээр Б.Б ид холбогдох эрүүгийн 2408 00000 1284 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” караокены орчим иргэн Т.Т тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн атаалын толгойд бэхлэгдсэн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрийн үед зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокуророос: Яллагдагч Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан зүйлийг тусгасан байна.” гэж хуульчилсан бөгөөд Шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.1 дэх заалтад “шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар” тусгана гэжээ.
Гэтэл хэрэгт авагдсан баримт Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт болох хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан баримт нь “он, сар, өдөр, дугаар” байхгүй байгаа нь Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор баталсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “Байгууллага нь баримт бичгийг ...гарын үсэг, тамга, тэмдгээр баталгаажуулан он, сар, өдөр, дугаар олгон бүртгэж, албан ёсны хүчин төгөлдөр байдлыг хангана.” гэснийг зөрчсөн байна.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлтэд “02025” гэх шинжээч эмчийн хувийн тэмдэг дарагдаж, баримт бичгийн бичвэр хэсэгт “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11187” гэсэн тэмдэглэгээ бичигдсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэлд авагдсан баримтаар “02025” дугаартай дүгнэлтийг яллагдагч, хохирогч нарт танилцуулсан нь шинжээчийн дүгнэлт 11187 дугаартай юу эсхүл 02025 дугаартай эсэх нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна.
Тодруулбал, дээрх ойлгомжгүй, эргэлзээтэй байдал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүйд тооцогдох тул тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байдалд хүргэжээ.
Тиймээс Эрүүгийн 2408 00000 1284 дугаартай хэргийн нотолбол зохих байдал буюу шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журамд заасны дагуу үйлдэж, хэргийн оролцогч нарт танилцуулах ажиллагаа явуулах шаардлагатай байх тул яллагдагчид холбогдох хэргийг дээрх үндэслэлээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор А.Намдаг давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т ын эрүүл мэндэд хохирол учирсан болох нь хангалттай тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад гэж зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” тогтоосон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоох боломжтой байтал дээрх хуульд заасан үндэслэл журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийлгүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хэр хэмжээг нотолж чадаагүй, эргэлзээтэй байна гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хийгдсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж бүхэлд нь дүгнэлт хийж чадаагүй байна.
Түүнчлэн шаардлагатай тохиолдолд яллагдагч Б.Б ид холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дүгнэлт гаргасан шинжээч эмч Э.Баасанжавыг оролцуулан эргэлзээ бүхий гэж үзсэн асуудлыг тодруулж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанчлан хэргийг шийдвэрлэх боломжтой.
Шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчиж байгаа нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болно.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б ийн холбогдсон “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Т.Т эсэргүүцэлтэй холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
Яллагдагч Б.Б эсэргүүцэлтэй холбоотой тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” караокены орчим иргэн Т.Т тай маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн атаалын толгойд бэхлэгдсэн шөрмөсний хэсэгчилсэн урагдал, мөрийн үед зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс яллагдагч Б.Б ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд огноо дугааргүй “шинжээчийн “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11187” дүгнэлт гарсан атлаа “02025” гэх шинжээч дүгнэлтийг яллагдагч, хохирогч нарт танилцуулсан баримт хэрэгт авагдсан байгаа нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэж байна.” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, хавтас хэргийн 23-24 дүгээр талд авагдсан Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийн нүүр хэсэгт он, сар, өдөр, дугаар бичигдээгүй байх хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж заасны дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон тус шинжээчийн дүгнэлтэд шинжээч эмчийн гарын үсэг зурагдаж, тамга тэмдэг дарагдсан, шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсгийн доор “Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтэс” гэх хэсэгт улаан дардас дээр хараар “2024/08/27” гэх шинжилгээ хийсэн огноо бичигдсэн, шинжээчийн дүгнэлтийг хэргийн оролцогч нарт танилцуулсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөх байдлаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд яллагдагч Б.Б ид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Өөрөөр хэлбэл, аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулах, шинжлэн судлах байдлаар үнэлж, дүгнэлт хийх боломжтой байтал анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Түүнчлэн, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлтэд огноо, дугаар бичигдээгүй гэх асуудлыг залруулахаар анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг биечлэн оролцуулж, энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/2663 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Б.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/2663 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Б.Б ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ