Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 120/ШШ2026/0049

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Оттомир” ХХК /5836093/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Т.Отгонбаяр,

Хариуцагч: Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Сүхбат,

Гуравдагч этгээд: “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Н.Сонинбаяр нарын хоорондын тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч "Оттомир" ХХК-ийн захирал Т.Отгонбаяр /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сүхбат, гуравдагч этгээд “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Сонинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “ӨΜΑΧΑΑΓ/20260202353/01/01 дугаартай "Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах тендер шалгаруулалтыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуулийн дагуу үргэлжлүүлэн хийж, "Оттомир" ХХК-ийг тендерт шалгаруулахыг хариуцагчид даалгуулах”-аар маргаж байна.

2. Мандал-овоо сумын Засаг даргын Тамгын газраас харьцуулалтын аргаар үйлчилгээ авах “Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах” тендэрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, улмаар Үнэлгээний хороо нь 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээ хийж, зөвлөмж гарган, тус сумын Засаг дарга 2026 оны 04 дүгээр сарын 10 өдрийн 1-126 дугаар албан бичиг /мэдэгдэл/-ээр “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, “Оттомир” ХХК-д үнийн саналаар хасагдсан талаар 1-127 дугаар албан бичиг /мэдэгдэл/-ийг хүргүүлжээ.

3. Тендерт оролцсон “Оттомир” ХХК-ийн гомдлыг Сангийн яам хянаад, хариуг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/4088 дугаар албан бичгээр “...сумын Засаг даргын 2026 оны 1-126 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг...” мэдэгдсэн.

4. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж “Говин төгөлдөр ирээдүй” ХХК-ийг шалгаруулж, тус компанитай гэрээ байгуулах зөвлөмжийг Мандал-Овоо сумын Засаг даргад, сумын Засаг даргаас 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 1-210 дугаар мэдэгдлийг “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.

5. “Оттомир” ХХК нь 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

 

6. Нэхэмжлэгч "Оттомир" ХХК-ийн захирал Т.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "Говийн төгөлдөр ирээдүй" ХХК-иас ирүүлсэн баримт бичгийг үзэхэд техникийн тодорхойлолтод заасан баримтыг ирүүлээгүй, мөн баталгаат хугацаа 12 сар гэснийг 6 сараар илгээсэн байхад шаардлагад нийцсэн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Манайхаас Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд сангийн яам "Говийн төгөлдөр ирээдүй" ХХК-ийн тендерийг хянаж үзээд, Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 15-д "Үйлчилгээ, баталгаа, баримт бичиг", "Хүнд механизмын их засвар хийж байсан байсан туршлагатай байх улсын байгууллагатай хийж байсан гэрээгээр дүгнэнэ, мөн компани өөрийн нэр дээр оруулж ирсэн гаалийн бичигтэй байна, гаалийн бичгийг өөр байгууллагын нэр дээр шилжсэн эсэхийг шалгаж шилжсэн байвал тендерээс татгалзах үндэслэл болно, баталгаат хугацаа 12 сар. Үйлдвэрийн гэрчилгээ, техникийн паспорт, хяналтын тайлан, ашиглалтын гарын авлага, Монгол Улсад өргөн хэрэглэгдэж чанар нь танигдсан сэлбэг олдоц сайтай гэж заасан.

"Говийн төгөлдөр ирээдүй" ХХК тендер "barimt bichig.pdf" нэртэй файлын 2 дугаар хуудсанд барааг нийлүүлэх баталгаат хугацаа гэх албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд тухайн албан бичигт "барааны баталгаат хугацаа 12 сар байна" гэж заасан байх тул шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзсэн. Нэгэнт сангийн яамнаас нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу "барааны баталгаат хугацаа 12 сар байна" гэсэнтэй холбоотой гомдлыг шийдвэрлэчихсэн учраас энэ хэсэгтэй манай зүгээс маргахгүй.

Харин "Говийн Төгөлдөр Ирээдүй" ХХК тендерт тодорхойлолтод заасан "Хүнд механизмын их засвар хийж байсан байсан туршлагатай байх улсын байгууллагатай хийж байсан гэрээ, автомашиныг өөрийн нэр дээр оруулж ирсэн гаалийн бичиг, үйлдвэрийн гэрчилгээ, техникийн паспорт, хяналтын тайлан, ашиглалтын гарын авлага, Монгол Улсад өргөн хэрэглэгдэж чанар нь танигдсан сэлбэг олдоц сайтай талаар ирүүлсэн тайлбар, баримт бичгүүдийг хавсарган ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

 Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас дахин Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасны дагуу зөрчлийг арилган үнэлгээг үргэлжлүүлэн хийх хуулийн зохицуулалтай, Сангийн яамны шийдвэр гарсан байхад ΘΜΑΧΑΑΓ/20260202353/01/01 дугаартай "Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах тендерийг үргэлжлүүлэн үнэлэх ажиллагааг хийхгүй байна. Сангийн яам шалгаж үзээд техникийн тодорхойлолтыг зөрчсөн байна, дахин үнэлгээ хий гэсээр байхад дахиад нөгөө компаниа зүтгүүлсээр байгаад шалгаруулаад гэрээ байгуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй, хуулийг зөрчсөн нь илэрхий байна.

“Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн тендерээс өмнө 04 дүгээр сард орж ирсэн гаалийн бичиг, хүнд машин механизмын засвар хийх улсын байгууллагатай хийсэн гэрээ зэрэг нь материалд байхгүй, 2026 оны 01 дүгээр сараас тендер нээгдэх хугацаа хүртэл энэ компанийн нэр дээр ариутгалын автомашин орж ирсэн үү, үгүй юу гэдгийг Гаалийн ерөнхий газраас тодруулга аваад энэ асуудал шийдэгдэх байсан. Мандал-Овоо сум тендерийн ерөнхий хүснэгтээрээ бүх шаардлагаа заагаад тендерээ зарласан, тендерийн хамгийн гол үзүүлэлт нь техникийн тодорхойлолт буюу ажлын даалгавар. Үүнийг нь зөрччихөөд байхад шууд гэрээ байгуулсан нь энэ хуулийг илт зөрчиж байна. Машин нийлүүлсэн туршлагатай байх гэдэг бол техникийн ерөнхий бичиг баримт дээрээ байгаа. Техникийн тодорхойлолт гэдэг нь жинхэнэ ажлын даалгавар нь байдаг. Тэрийг зөрчөөд байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сүхбат шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...цахимаар зарласан тендерт "Оттомир" ХХК 78,9 сая, “Говийн төгөлдөр ирээдүй" ХХК 78,8 сая төгрөгийн үнийн саналтай материал ирүүлсэн. Харьцуулалтын аргаар бараа худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичигт ТШЗ 17.1, ТШЗ 17.2, ТШЗ 18.1, ТШЗ 18.2, ТШЗ 18.3, ТШЗ 24.4, заалтад шаардсан материалыг ирүүлсэн эсэхийг, "Мал угаалга, ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашинаар хангах, Мандал-Овоо сум" тенхикийн тодорхойлтод нийцсэн зэргийг хянан үзэж үнэлсэн, материал ирүүлсэн 2 аж ахуй нэгжийг тус тус шаардлага хангасан гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.5-д заасны дагуу шалгаруулалтыг хийж үнэлгээний хорооны зөвлөмжийг сумын Засаг даргад хүргүүлсэн.

Засаг дарга зөвлөмжийг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-126 тоотоор гэрээ байгуулах эрх олгох тухай, 1-127 тоотоор мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг холбогдох компаниудад тус тус хүргүүлсэн. Цахимд үр дүнг нийтлэн оруулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 заалтын дагуу гомдлын хугацаа хүлээгдэх хугацаанд гомдол гарсан.

Монгол улсын Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/4088 дугаар шийдвэрт: "Говийн төгөлдөр ирээдүй" ХХК тендер "Barimt bichig.pdf" нэртэй файлын 2 дугаар хуудаст барааг нийлүүлэх баталгаат хугацаа гэх албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд тухайн албан бичигт "барааны баталгаат хугацаа 12 сар байна" гэж заасан байх тул шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж шийдсэн, энэ талаар нэхэмжлэгч маргахгүй гэсэн тул тайлбар хэлэх шаардлагатай.

"Говийн төгөлдөр ирээдүй" ХХК тендерт захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан "Үйлчилгээ, баталгаа, баримт бичиг", "Хүнд механизмын их засвар хийж байсан туршлагатай байх улсын байгууллагатай хийж байсан гэрээ, автомашиныг компани өөрийн нэр дээр оруулж ирсэн гаалийн бичиг, үйлдвэрийн гэрчилгээ, техникийн паспорт, хяналтын тайлан, ашиглалтын гарын авлага, Монгол Улсад өргөн хэрэглэгдэж чанар нь танигдсан сэлбэг олдоц сайтай талаар ирүүлсэн тайлбар, баримт бичгүүдийг хавсарган ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гээд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-126 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэх шийдвэр ирсэн.

Үүний дагуу 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Үнэлгээний хорооны 03 хуралдаанаар дахин хянаж үзэх, үнэлэх ажиллагааг хуульд хийцүүлэн дахин үнэлсэн ба "Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн материалыг дахин хянан үзэхэд Barimt bichig.pdf нэртэй файлын 4 хуудас болон 8 дугаар хуудсан дээр Хүнд машин механизмын засвар үйлчилгээ хийж байсан туршлага, бичиг баримтын байгууллагын танилцуулагад тодорхой тусгагдсан.

Улсын байгууллагатай гэрээ хийсэн байх гэдэг нь Barimt bichig.pdf нэртэй файлын 32-40 хуудаст Дундговь аймгийн Говь-Угтаал суманд усалгааны автомашин нийлүүлэх гэрээ, ажил хүлээж авсан комиссын акт, хүлээлгэж өгсөн автомашины гэрчилгээ тус тус байна. 43-51 хуудаст Өмнөговь аймгийн Онцгой комисст автомашин худалдан авах гэрээ, Ажил хүлээлцсэн акт, Ажил хүлээлцсэн хурлын тэмдэглэл нь тус тус байна.

Автомашиныг компани өөрийн нэр дээр оруулж ирсэн гаалийн бичиг, үйлдвэрийн гэрчилгээ, техникийн паспорт, хяналтын тайлан, ашиглалтын гарын авлага, гэсэн нь 2023 onii ajil.pdf нэртэй файлын 36-37 дугаар Гаалийн бичиг нь өөрийн нэр дээр орж ирсэн, үйлдвэрийн гэрчилгээ нь байгаа, Монгол Улсад өргөн хэрэглэгдэж чанар нь танигдсан сэлбэг олдоц сайтай талаар ирүүлсэн тайлбар нь Barimt bichig.pdf нэртэй файлын 8 дугаар хуудаст "Мал угаалга, ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашинаар хангах, машины техникийн тодорхойлолтод тусган бичигдсэн байгаа зэрэг нь шаардлагад нийцэж байсан тул тухайн тендер шалгаруулалтыг тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийж, зөвлөмжийг 2026 оны 05 дугаар сарын 11 өдөр Засаг даргад хүргүүлсэн, тус сумын Засаг дарга Үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 1-210 тоотоор Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн яриад байгаагаар бичиг баримтыг нөхөн хийсэн гэдэг зүйл байхгүй. Бүх зүйл тендер нээгдсэн тохиолдолд цахим систем шууд хаагддаг учраас энэ хоёр компани хоёулаа ямар нэгэн байдлаар материал нэмж хийх боломжгүй, "Говийн төгөлдөр ирээдүй” ХХК өөрийн авто засвар үйлчилгээ явуулдаг газартай гэсэн тодорхойлолтыг бичиж ирүүлсэн, энэ нь манайд хэрэгтэй. Мөн машин оруулж ирсэн гаалийн бичиг нь байгаа. Улсын байгууллагатай гэрээ байгуулаагүй гэдэг дээр Дундговь аймгийн сумдууд болон Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тамгын газартай гэрээ байгуулсан байсан, өөр хувь компани, байгууллагатай биш, аж ахуй нэгжтэй биш Засаг даргын Тамгын газартай гэрээ хийсэн учраас үүнийг улсын байгууллага гэж үзсэн.

Иймд тус нэхэмжлэлд тусгасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасны дагуу зөрчлийг арилган үнэлгээг үргэлжлүүлэн үнэлэх ажиллагааг хийхгүй байна гэдгийг эс зөвшөөрч байна.

"Оттомир” ХХК-ийг тендер шалгаруулахыг хариуцагч Өмнөговь аймгийн Мандал- Овоо сумын Засаг даргын Тамгын газар даалгуулах гэдийг эс зөвшөөрч байна.

Тухайн "Мал угаалга, ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашинаар хангах" тендерийг дахин үнэлгээ хийж, хамгийн бага үнийн саналаар “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК шалгарсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн дагуу гомдлын хоног хүлээгдсэн ба уг хугацаанд гомдол гараагүй тул уг тендерийн шалгаруулалтын үр дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзэн уг ажлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасны дагуу гэрээ байгуулах захирамж гарч гэрээ байгуулагдсан тул "Оттомир" ХХК-ийг тендер шалгаруулахыг хариуцагч Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газар даалгуулах нь ямарч боломжгүй.

Сангийн яам "Оттомир" ХХК-д хүргүүлсэн үнийн саналаар хасагдсан талаарх Мандал-Овоо сумын Засаг даргын 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-127 дугаар албан мэдэгдлийг хүчингүй болгоогүй тул уг мэдэгдлийг хүчинтэй гэж үзсэн, "Оттомир" ХХК нь гомдлын 6 хоногтоо гомдол гаргаагүй учраас “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-тай гэрээ байгуулаад, ажлаа гүйцэтгээд бүрэн дууссан, машиныг хүлээгээд авсан. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

8. Гуравдагч этгээд “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Сонинбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани “Мал угаалга, ариутгал халдваргүйтгэлийн тусгай зориулалтын автомашинаар хангах ажил”-ын ΘΜΑΧΑΑΓ/20260202353/01/01 дугаартай тендерт оролцсон. Манай компанийн тендерийн үнийн санал 78,800,000 төгрөг бөгөөд тендерийн хорооны үнэлгээний дүнгээр манай компани шалгарч гэрээ байгуулах эрх олгосон. Манай компани тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг судалж, тухайн шаардлагад нийцүүлэн тендерийн материалаа хугацаанд нь цахимаар хүргүүлсэн.

Тендерийн баримт бичигт тусгагдсан үйлчилгээ, баталгаат баримт бичиг, хүнд машин механизмын их засвар үйлчилгээний туршлага болон холбогдох шаардлагыг хангаж буйг нотлох баримтуудыг тендерийн материалд хавсаргасан, манай материал зөвхөн үнийн саналаар хязгаарлагдаагүй, шаардлагатай техникийн болон туршлагын баримтуудыг бас хүргүүлсэн. Мөн Сангийн яамнаас гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/4088 дугаартай албан бичигтэй холбогдуулан тендерийн материалыг дахин хянан үзэж үүний үр дүнд манай компанийн тендерийн шаардлага хангасан гэж үзэн гэрээ байгуулах эрхийг дахин олгосон байна. Үүний дагуу Мандал-Овоо сумын Засаг даргатай 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ΘΜΑΧΑΑΓ/20260202353 дугаар гэрээ байгуулсан.

Гэрээний шаардлага, техникийн үзүүлэлтийн дагуу тухайн тусгай зориулалтын автомашиныг чанартай нийлүүлж 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 01 дугаартай ажил хүлээлцэх актыг үйлдэн хүлээлгэн өгсөн.

Ижил төсөлтэй ажил хийгээгүй гэдэг дээр манайх Дундговь аймгийн Говь-Угтаал сум дээр 2023 онд ариутгалын машин нийлүүлсэн гэрээ тухайн тендерийн материалд явуулсан. Ер нь техникийн тодорхойлолтод заасан материалаа бүгдийг нь өгсөн. Яагаад маргаад байгааг нь ойлгохгүй байна.

Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газартай 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ариутгалын халдваргүйжлийн автомашин нийлүүлэх гэрээний дагуу манайх 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэж өгөх хүсэлтээ өгсөн боловч наадам гэж хойшилж байгаад 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр автомашиныг комисс томилон хүлээж авсан, техникийн тодорхойлолтод заасан автомашиныг нийлүүлж, хүлээлгэж өгсөн актаар баталгаажиж байгаа.

Манай компани 2018 оноос хойш автомашинтай холбоотой бүхий л тендерт оролцоод, ялж, ялагдаад явж байна. Төрийн алба, байгууллагатай хийсэн худалдан авах ажиллагаанд мөн оролцдог. Өөрийн засварын газартай бол давуу тал гэсэн зүйл байсан, 2025 оноос хойш засварын газраа байгуулаад хүнд машин механизм болон бүх төрлийн автомашины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээ хийгээд явж байна, байршил нь Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2 дугаар баг, Их-Уулын 33А-01 буюу хүүхдийн паркийн гэрлэн дохионы урд талд 4 хаалгатай хажуу талдаа дэлгүүртэй засварын газар байгаа. Төрийн байгууллагатай гэрээ болон нэхэмжлэхээр автомашины засвар үйлчилгээгээ хийгээд явж байна. Манай компани хийсэн бүтээсэн бүтээн байгуулалттай, тухайн чиглэлээрээ үйл ажиллагаа явуулж байгаа компани. Автомашин нийлүүлж байсан түүх, туршлага нь гэрээгээр нотлогдож байгаа.

Иймд гэрээ байгуулаад, ажил актаар баталгаажаад хэрэгжсэн тул энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан болон Худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/, флаш диск дэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Оттомир” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг. Тогтоогдсон үйл баримтын талаар:

1.1.      Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын Засаг дарга нь Өмнөговь аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Жагсаалт баталж, эрх шилжүүлэн гүйцэтгүүлэх тухай” захирамжийг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/55 дугаар захирамжаар “Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах” ажлыг зохион байгуулах тендерийн Үнэлгээний хороо /цаашид Үнэлгээний хороо гэх/ байгуулжээ. /хуудас 32/

1.2.      Улмаар Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын Засаг даргын Тамгын газраас харьцуулалтын аргаар үйлчилгээ авах “Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах” тендерийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, тендер хүлээн авах хугацааг 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цаг гэж нийтэд зарлажээ. /хуудас 33-72, 44/

1.3.      Үнэлгээний хороо нь 2026 оны 04 дүгээр 09-ний өдөр хуралдаж шалгаруулалтад “Оттомир” ХХК, “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК материалаа ирүүлснийг жишиг бичиг баримтын дагуу шаардлага хангасан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу бага үнийн саналаар Г.Сонинбаяр захиралтай “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэн мөн өдрөө Мандал-Овоо сумын Засаг дарга /Ж.Байгаль/-д “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК 78,800,000.00 төгрөгөөр шалгарч байгаа тул гэрээ байгуулах эрх олгох зөвлөж байна гэсэн Мэдэгдэл гаргасан байна.

1.4.      Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг дарга нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Оттомир” ХХК-д “үнийн саналаар” хасагдсан тухай, уг шалгаруулалтад “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК 78,800,000.0 төгрөг үнийн саналаар шалгарсан тухай 1-127 дугаар албан бичгээр, “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон тухай 1-126 дугаар албан бичгээр тус тус мэдэгдсэн байна. /хуудас 76, 77/

1.5.      Монгол улсын Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзэх эрхтэй ба Сангийн Яамнаас 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/4088 дугаар албан бичгээр “Оттомир” ХХК-ийн гомдолд дурдьсан үндэслэлийн дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн тендерийг хянан үзээд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-126 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн тендер шалгаруулалтыг тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх...”-ийг мэдэгдсэн. / хуудас 05,06/

1.6.      Дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдсан хуралдааны тэмдэглэлээс[1] үзвэл, “Оттомир” ХХК-д хүргүүлсэн шийдвэрийг хүчингүй болгоогүй, “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн 1-127 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэрлэлтийн дагуу дахин хянан үзэхэд хүнд машин механизмын засвар үйлчилгээ хийж байсан туршлага нь бичиг баримтын байгууллагын танилцуулгад тодорхой тусгагдсан ба зургаар баталгаажуулсан, Улсын байгууллагатай хийсэн байх гэдэг нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газартай хийсэн гэрээ байгаа бөгөөд энэ ажлын хавсралтаар Гаалийн бичиг нь өөрийн нэр дээр орж ирсэн байна, Монгол Улсад өргөн хэрэглэгддэг, сэлбэг хэрэгслийн талаарх тайлбарыг техникийн тодорхойлолт өөрийн засварын газар сэлбэгийн худалдаанд байгаа талаар тусган өгсөн байгаа буюу гомдолд дурдсан баримтыг байгаа...” гэж үзэж уг ажлыг “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-д гэрээ байгуулах албан бичиг явуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Үнэлгээний хорооны дарга /Х.Сүхбат/ нь мөн өдрөө зөвлөмжийг гаргасан байна.

1.7.      Мандал-Овоо сумын Засаг дарга нь 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1-210 дугаар албан бичгээр[2] гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдэж, харин нэхэмжлэгчид бичгээр мэдэгдээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өмнө нь захиалагчаас хүргүүлсэн 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1-127 дугаар шийдвэрийг Сангийн яамнаас хүчингүй болгоогүй, хүчинтэй байгаа гэж үзэж мэдэгдэл хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн” гэх тайлбараар тогтоогдох боловч нэхэмжлэгчээс Үнэлгээний хорооны 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэр, зөвлөмж болон хариуцагчийн 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1-210 дугаар мэдэгдэлтэй холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргаагүй байна.

1.8.      Улмаар Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг дарга нь 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/120 дугаар захирамжаар “...Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах” ажлыг гүйцэтгэх 78,800,000 төгрөгийн гэрээг Өмнөговь аймгийн “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн захирал Г.Сонинбаяртай байгуулах”-аар шийдвэрлэж, уг захирамжийн дагуу захиалагчийг төлөөлж Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Э.Лхам, гүйцэтгэгчийг төлөөлж “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн захирал Г.Сонинбаяр нар 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах” ажлын ӨМАХААГ/20260202353 дугаар гэрээг байгуулжээ. Гэрээний “Батлав” гэсэн хэсэгт захиалагч гэх хэсэгт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг дарга, “Гүйцэтгэгч” гэх хэсэгт “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийн захирал Г.Сонинбаяр нар гарын үсгээ зурж тамгаа дарж баталгаажуулсан байх бөгөөд уг гэрээний үр дүнг хүлээн авах хугацааг гэрээний 1.4-д “ажлыг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхэлж, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэн хүлээлгэн өгнө” гэж тохирсон байна.[3]

1.9. Дээрх зориулалт бүхий автомашиныг хүлээн авахаар томилогдсон комисс 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэгч байгууллагыг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэн, “Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах” ажлыг захиалагч байгууллагын мэдэлд бүрэн шилжүүлж, ашиглалтад хүлээн авах 01 дугаартай акт үйлдсэн байна.[4]

 

Хоёр. Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

2.1. Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/4088 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичиг нь гуравдагч этгээдийг шалгаруулсан өмнөх шалгаруулалтыг хүчингүй болгосон үр дагаврыг үүсгэсэн байх тул шүүхээс захиргааны акт гэж үзэн хурлаар хэлэлцсэн болно.

2.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно”, 17.2.1-д “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, 26 дугаар зүйлийн 26.4.1-д “Энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заажээ.

2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, захиалагчийн боловсруулж баталсан тендер шалгаруулалтын баримт бичиг[5] нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж захиалагч батална” гэж заасны дагуу Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/261 дүгээр хавсралтаар баталсан “Харьцуулалтын аргаар үйлчилгээ авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-т үндэслэн боловсруулагдсан байх ба Захиалагчаас зарласан тендерт оролцогч “Оттомир” ХХК, “Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-иуд нь уг баримт бичгийн нөхцөлийг зөвшөөрч тендерт оролцсон болох нь тогтоогдож байна.

2.4. Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг үндэслэн тендерийг дахин үнэлж, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг цахим баримтаас дахин хянаж үзэж тендерийн баримт бичигт урьдчилан тогтоосон шалгуур болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, ...тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу харьцуулах үнийн эрэмбийн дагуу хамгийн бага үнээр шаардлага хангасан тендер ирүүлсэн "Говийн төгөлдөр ирээдүй” ХХК-ийг шалгаруулж, Сангийн яамны хууль ёсны шийдвэрийг хэрэгжүүлсэн байна.

2.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасны дагуу гэрээ байгуулсан, харин мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Захиалагч тендер тус бүрт дараахь шийдвэрээс аль тохирохыг гаргана”, 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-т “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай мэдэгдэх”, 28.2-т “Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон хэргийн оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрт нэгэн зэрэг мэдэгдэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчид тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлээгүй байна.

2.6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “...барааны баталгаат хугацаа 12 сар байна гэсэн гомдолд Сангийн яамнаас хянаад шийдсэн учраас үүнтэй маргахгүй, харин техникийн тодорхойлолтын өгөгдлийн хүснэгтэд хүнд машин механизмын их засварын ажил хийж байсан туршлагатай байх, энэ  туршлагыг улсын байгууллагатай хийсэн гэрээгээр дүгнэхээр заасан. Гэтэл хүнд машин механизмын их засварын ажил хийж байсан туршлага, түүнийг нотлох гэрээ байгуулсан байх ёстой атал энэ нь байхгүй байсан, системд араас нь нөхөж хийсэн, машин хэзээ гаалиар орж ирсэн талаар тодруулга авах боломжтой байсан...” гэж маргасан ба хавтаст хэрэгт авагдсан,[6] Худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/, флаш диск дэх нотлох баримтуудаас үзэхэд "Говийн төгөлдөр ирээдүй” ХХК 2025 оны 08 дугаар сараас эхлэн автомашины засварын газар, сэлбэгийн дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа, тухайн автомашин /мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын/-ын талаарх техникийн тодорхойлолтыг танилцуулга хэлбэрээр бичиж ирүүлсэн, ижил төстэй ажлын гэрээнүүд /автомашин нийлүүлэх/ ирүүлсэн, гаалийн хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлэг /бүдэг, гаргацгүй, уншигдахгүй/ нотлох баримтын шаардлага хангахгүй байхын зэрэгцээ Сангийн яамны 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/4088 дугаар албан бичигт “...захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан үйлчилгээ, баталгаа, баримт бичиг, хүнд машин механизмын их засварын ажил хийж байсан туршлагатай байх улсын байгууллагатай хийж байсан гэрээ, автомашиныг компани өөрийн нэр дээр оруулж ирсэн гаалийн бичиг, үйлдвэрийн гэрчилгээ, техникийн паспорт, хяналтын тайлан, ашиглалтын гарын авлага, Монгол улсад өргөн хэрэглэгдэж, чанар нь танигдсан сэлбэг олдоц сайтай талаар ирүүлсэн тайлбар, баримт бичгүүдийг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн байна.

2.7. Гэвч Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 48 дугаар зүйл, 50 дугаар зүйлд зааснаар тендер шалгаруулах ажиллагаанд тус тусын чиг үүрэгтэй, өөр өөрийн гаргасан шийдвэрийг бие даан хариуцах этгээдүүд ба нэхэмжлэгч нь хариуцагчийг Өмнөговь аймгийн Мандал-овоо сумын Засаг даргын Тамгын газар гэж нэрлэж заасан бөгөөд Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмж, уг зөвлөмжийг үндэслэн гарсан гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл зэрэгт маргаан үүсгээгүй /дээрх хуулийн 57-59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргаагүй/, мөн шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...хэвээрээ...” гэх тайлбарыг өгсөн буюу нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсныг тогтоолгох байдлаар тодруулаа /өөрчлөх/-гүй /өөрчлөх боломжтой байсан/ тул ӨΜΑΧΑΑΓ/20260202353/01/01 дугаартай "Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах тендер шалгаруулалтыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуулийн дагуу үргэлжлүүлэн хийж, нэхэмжлэгчийг тухайн тендерт шалгаруулахыг хариуцагчид даалгах боломжгүй.

2.8. Нөгөөтэйгүүр, Сангийн яамнаас тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг мэдэгдсэн 2026 оны 03/4088 дугаар албан бичгийн дагуу тухайн тендерийн Үнэлгээний хороо дахин хуралдаж гаргасан зөвлөмжид үндэслэн гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгож, улмаар гэрээ байгуулан, гэрээний үр дүнг хүлээн авсан, нэгэнт гэрээ хэрэгжсэн байх тул дахин үнэлэх ажиллагаа явуулах бодит боломжгүй юм.

2.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд... үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан дээрх үндэслэлээр дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 26 дугаар зүйлийн 26.8, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан "Оттомир" ХХК-иас Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан “ӨΜΑΧΑΑΓ/20260202353/01/01 дугаартай "Мал угаалга, ариутгал халдаргүйтлийн тусгай зориулалтын автомашинаар хангах тендер шалгаруулалтыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2-т заасны дагуу үргэлжлүүлэн хийж, "Оттомир" ХХК-ийг тендерт шалгаруулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэг зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.ОТГОНЦЭЦЭГ

 

[1] Хавтаст хэргийн 80-81 дэх талд

[2] Хавтаст хэргийн 83 дахь талд

[3] Хавтаст хэргийн 84-87 дахь талд

[4] Хавтаст хэргийн 109 дахь талд

[5] Хавтаст хэргийн 32-71 дэх талд

 

 

[6] Хавтаст хэргийн 43-44 дэх талд