Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 569

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар  

хохирогч М.Отгонтогтох

шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1981 оны 8 дугаар сарын 24-нд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Дэлгэр бараан” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 хороо 72 дугаар байрны 33 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:ВЙ81082410/  Бүрд овогт Бэгзсүрэнгийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 1805026320547 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:           

Б.Мөнхбаяр нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөний маргаанаас болж М.Отгонтогтохын нүүрэн тус газарт цохиж зүүн нүдний дээд, доод, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчийн хохиролд 570.000 төгрөг төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч  М.Отгонтогтох шүүхийн хэлэлцүүлэгт: Мөнхбаяр миний хохиролд 570.000 төгрөг төлсөн. Би одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч М.Отгонтогтох мөрдөн байцаалтанд: Мөнхбаяр гэдэг хүн 900.000 төгрөгний үнэ бүхий дизель түлш 2018.04.26-ны өдөр 2 хоногийн хугацаатай зарсан юм. Тэгээд түлшний мөнгөө өгөхгүй байсан учир утас руу нь залгаад мөнгөө нэхтэл өгнө гээд өгөхгүй байсан ба сүүлдээ утсаа авахгүй байж байгаад 2018.05.03-ны өдөр гар утсаа аваад надтай яриад чи чинь ямар сүртэй юм бэ гэж хэлсэн ба утасаа салгахдаа ямар сүртэй банди вэ гэж хэлээд салгачихаар нь би эргүүлээд утасаар залгаад би уулзъя гэж хэлсэн тэгтэл хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би Мөнхбаярыг техник хадгалдаг хашаанд буюу Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах хашаанд 14 цаг 30 минутын орчимд яваад очтол Мөнхбаяр 2 эрэгтэй 1 эмэгтэйн хамт хашаандаа байсан нэг амбаар дотор сууж байхаар нь би очоод чи мөнгөө яагаад өгөхгүй байгаа юм бэ маргааш өгнө гээд байгаад байх юм гэж ярилцаад амбаар дотор нь ороод сууж байтал Мөнхбаяр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон би босч ирээд Мөнхбаярын 2 гарыг хамаад биетэй нь тэвэрсэн тэр үед 2 гараа сугалж аваад миний толгой руу нилээд хэд хэд удаа цохисон тэр үед хажууд байсан хүмүүс нь намайг салгаад хөөгөөд гар гээд амбаараас түлхээд гаргасан. Би амбаараас гараад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөний дараа цагдаа нар ирээд би өргөдөл гомдол гаргаж өгсөн. Мөнхбаяр бид хоёр 2017 оны 11 сард уулзаад надаас зээлээр түлш аваад мөнгийг нь өгдөг байсан. Бид хоёрын дунд өмнө ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй Мөнхбаяр надаас зээлээр түлш авсан ба түлшний мөнгө 900.000 төгрөгийг хугацаандаа өгөхгүй байснаас болоод бид хоёр маргалдсан. /хх-ийн 7-9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Баасанцэрэн мөрдөн байцаалтанд: Өнөөдөр манай нөхөр Отгонтогтох түлш зээлээр өгсөн Мөнхбаяр гэдэг хүнтэй утсаар яриад очиж уулзахаар болсон. Тэгээд би хамт явсан юм. Тэгээд Хөсөг трейд ХХК-ны хойд талын нэг компаны хашаанд байрлах жижиг амбаарт очиж уулзаж манай нөхөр Мөнхбаяр хоёр хоорондоо маргалдаж байсан. Тэр үед би машиныхаа цонхыг хаах гээд гарчихаад орж ирэхэд Отгонтогтох Мөнхбаяр хоёр хоорондоо зууралдчихсан тэнд байсан 2 ах 1 эгч салгах гээд манай нөхөр рүү дайраад байсан. Тэгээд бид хоёрыг амбаараас хөөгөөд түрээд гаргачихсан. Намайг гарчихаад ороод ирэхэд юу болсныг би мэдэхгүй байна. Одоо манай нөхрийн зүүн нүд нь хавдаад хөхөрчихсөн байна. Мөнхбаяр гэдэг хүн манай нөхрөөс түлш аваад тохирсон хугацаандаа мөнгийг нь өгөхгүй, утсаа авахгүй байсан юм. Манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5771 дугаартай: М.Отгонтогтохын биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх  гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 19/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 900.000 төгрөгийн түлш Отгонтогтохоос зээлээр худалдаж авсан. Уг түлшний мөнгийг 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр мөнгийг өгнө гэсэн боловч санхүүжилт ороогүй учир өгөх ёстой өдрөө мөнгө нь орж ирээгүй. Тэгтэл 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Отгонтогтох утсаар яриад над руу уурлаад байхаар нь би нөхцөл байдлыг хэлсэн тэгээд би утсаа таслах үедээ сүртэй юм бэ өгчихнө шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл 30 гаран минутын дараа манай ажлын байран дээр Отгонтогтох эхнэрийн хамт ирсэн ба би ажилчдынхаа байранд сууж байтал Отгонтогтох орж ирээд мөнгө төгрөгөө өгчих  хүний түлш авсан байж гээд ажилчдын өмнө хэл амаар доромжлоод байсан. Отгонтогтох бид хоёр хоорондоо барилцаж аваад түрүүлээд намайг нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэр үед ажилчдын байранд байсан хүмүүс Отгонтогтохыг боль гээд салгаад гаргасан. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

Хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 26/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Мөнхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 31/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 32/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 33/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар

Шүүгдэгч Б.Мөнхбаяр 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт мөнгөний маргаанаас болж М.Отгонтогтохын нүүрэн тус газарт цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Отгонтогтохын”...Мөнхбаяр миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон... миний толгой руу нилээд хэд хэд удаа цохисон” /хх-ийн 7-9/, гэрч Б.Баасанцэрэнгийн”...Отгонтогтох, Мөнхбаяр хоёр хоорондоо зууралдчихсан тэнд байсан хоёр ах, нэг эгч салгах гээд манай нөхөр рүү дайраад байсан” /хх-ийн 14/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5771 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 26/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтуудаар сэжигтнээр Б.Мөнхбаярын”...Отгонтогтох бид хоёр хоорондоо барилцаж аваад түрүүлээд намайг нүүр рүү цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү нь цохисон” /хх-ийн 25/ гэж үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна. 

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн зүйлчлэл тохирч байх бөгөөд

улсын яллагчаас Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбаярыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Отгонтогтохоос нэхэмжилсэн 570.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мөнхбаяр төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Мөнхбаярыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Түүнчлэн Б.Мөнхбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

                                                    

  1. Шүүгдэгч Бүрд овогт Бэгзсүрэнгийн Мөнхбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Б.Мөнхбаяр цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  2. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ