| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/01071/И |
| Дугаар | 191/ШШ2025/08248 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 191/ШШ2025/08248
2025 10 02 191/ШШ2025/08248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх болгож багасгасан.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Б.******* миний бие 2022 оны 08 дугаар сараас ******* ХХК-д орчуулагчаар ажиллахаар болж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Харин ч эрхэлсэн ажлаа чанартай сайн гүйцэтгэж удирдлага миний ажлын үр дүнг үнэлж байсан. Үүнийг өөрийн хөдөлмөрийн үр дүн гэж ойлгодог. 2023 оны 9 дүгээр сард манай байгууллагын захирал надтай биечлэн уулзаж надтай ажиллахыг хүсэхгүй байна гэж хэлээд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гарга, эс бөгөөс ажлаас халах тушаал гаргана гэж хэлсэн. Шалтгаан нь бусад ажилтнуудтай таарамжгүй харьцсан гэж хэлсэн. Бусад ажилтнуудтай миний зүгээс тогтоосон харилцааг цэвэр хувийн асуудал гэж үзэж байна. Улмаар бусад ажилтнуудын үгэнд илүү итгэж намайг шууд буруутгаж байгааг ойлгохгүй байна. Ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч намайг ажлаас халсанд маш их гомдолтой байна. Намайг ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас халах тушаал гарсан. Миний бие дээрх тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
- Ажлаас чөлөөлсөн тушаалын удирдлага хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалт.
- Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэж байгаа ч, манай компанид дотоод журам гэж байхгүй. Тийм журам байлаа ч, надад танилцуулаагүй.
- ХХК-ийн сайтын журам гэж байгаа ч, тус журмыг зөрчсөнийг тогтоогоогүй, улмаар сахилгын зөрчил гаргасан гэж нэг ч удаа мэдэгдэж байгаагүй.
- Ажлаас халсан тушаалаа надтай ярилцсаны дараа шууд гаргасан.
- Тухайн ажилтнуудтай харилцсан харилцаа ажлын бус цагаар явагдсан болно. Тухайн ажилтнууд надтай мөн муухай харилцаж байсан болно.
Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
4. Хариуцагч хариу тайлбартаа: ... ******* ******* ХХК нь аймгийн сумын нутаг дахь уурхайн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд тодорхой хугацаат ажлын гэрээгээр туслан гүйцэтгэгчээр оролцон ажилладаг бөгөөд энэ ажил нь дуусах шатанд орж, 2024 оны 06 дугаар сард ажлыг хүлээлгэн өгөхөөр болсон байна.
Тус компанид орчуулагч албан тушаалтай, хугацаат гэрээгээр ажиллаж байсан Б.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор түүнийг эс зөвшөөрч, бүхэлд нь хүчингүй болгуулахаар дараах тайлбарыг гаргаж байна.
1. Б.******* өөрийн нэхэмжлэлд ... бусад ажилтнуудтай миний зүгээс тогтоосон харилцааг цэвэр асуудал гэж үзэж байна..., ... тухайн ажилтнуудтай харилцсан харилцаа ажлын бус цагаар явагдсан болно. Тухайн ажилтнууд надтай мөн муухай харилцаж байсан болно... гэжээ.
Юуны өмнө ажлын байранд болсон өөрийн буруутай үйлдэл, зөрчлийн талаар болон хамтран ажилладаг ажилтнуудтай таарамж муу, удирдах албан тушаалтантай зүй бусаар, бүдүүлгээр харилцсан талаарх асуудлыг Б.******* нь өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлдээ ийнхүү дурдаж байгаад анхаарч, зохих дүгнэлт хийнэ үү.
Б.*******тай холбоотой зөрчил нь уурхайн талбайд, уртын ээлжийн ажиллаж байх хугацаанд нэг бус удаа гаргаж байгаа зөрчил бөгөөд уурхайн талбай дээр баримтлах дүрмийг зөрчиж Хөдөлмөрийн гэрээний 153, мөн тус гэрээний хавсралт 3-ын 14 болон 17 дахь заалтад дурдагдсан ноцтой зөрчил болно.
2. Б.******* нь нэхэмжлэлдээ ... компанид дотоод журам гэж байхгүй, тийм журам байлаа ч надад танилцуулаагүй... гэж, түүнчлэн ... ХХК-ийн сайтын журам гэж байгаа ч тус журмыг зөрчсөнийг тогтоогоогүй... гэж тус тус тодорхой бичсэн байна.
уурхай бол олон улсын стандартыг чанга баримталдаг газар бөгөөд уурхай дээр ажиллуулахаас өмнө сургалтыг явуулж үүний дотор уурхай дээр ажлын болон чөлөөт цагаар биеэ хэрхэн авч явах талаар танилцуулан шалгалт авч, зөвхөн тэнцсэн хүнийг ажиллуулахыг зөвшөөрдөг.
тодорхой сургалтын болон ажилтнууд хоорондоо аливаа харилцааг цахим хэлбэрээр тогтмол явуулдаг тул энэ орчинд ч баримтлах дүрэм журмыг мөрдөх ёстой байдаг. Үүний дотор ажилтнууд хоорондоо харилцахдаа хүндэтгэлтэй, дарамтлалгүй, ёс зүйтэй харилцаж байх зарчмыг чанд мөрддөг. Гэвч Б.******* нь тогтоосон дүрэм журмыг ноцтой зөрчин, бүдүүлэг үг хэллэг, харилцааг үүсгэж байсан болно.
3. Б.******* өөрийн нэхэмжлэлд ... намайг ээлжийн амралттай байхад ажлаас халах тушаал гарсан... гэжээ.
2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот руу буцсан, ээлжийн амралт авах хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байсан тул энэ өдрөөс хойш 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ээлжийн амралтыг бүрэн эдэлсэн.
Үүссэн асуудлыг тодруулах, шийдвэрлэх зорилгоор амралт дууссанаас хойш Улаанбаатар хот дахь оффист ирж уулзах хүсэлтийг 3-4 удаа Б.*******т утсаар болон мэйлээр илгээсэн боловч компанийн байранд ирж уулзаагүй.
Ийнхүү ажилдаа ирэхгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа үргэлжлүүлэн хийхгүй байж байгаад амралтын хугацаа дууссаны 14 хоногийн дараа дуудуулан байж 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хот дахь оффист ирж уулзсан, үүний дараагаар Б.******* нь хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгох гэсэн мэйлийг төслийн удирдлагад ирүүлсэн.
Гэвч Б.******* нь ажлаа зохих ёсоор хүлээлцээгүй, ажлын хэрэгцээнд зориулан компаниас өгсөн маркийн 690,000 төгрөгийн үнэтэй гар утсыг буцаан хүлээлгэн өгөөгүй, 2023 оны 09 дүгээр сард утасны ашиглалтын 74,110.25 төгрөг, 10 дугаар сард 56,822.10 төгрөг, 11 дүгээр сард 53,276.41 төгрөг, нийт 184,208.76 төгрөгийн зардал төлбөр гаргаж, манай байгууллагыг Б.******* нийт 874,208 төгрөгөөр хохироогоод байна. Ийнхүү дахин дахин дуудуулан, ирж уулзахгүй байсан тул түүнийг ажлаас чөлөөлөх тушаалыг 2023 оны 10 дугаар сарын 12-нд гарган, Б.*******т энэ талаар мэдэгдсэн боловч, ирж тушаалаа аваагүй, уулзаагүй болно.
4. Б.******* нэхэмжлэлдээ ... өөрийн ажлыг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарна гэж үзэж байна гэсэн байх ба түүний ажиллаж байсан орчуулагч албан тушаал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад хамаардаггүй билээ. Бидний уурхайн талбай дээр гүйцэтгэдэг ажил нь газар доорх биш харин газрын гадаргуу дээр хийгддэг ажил. Мөн манай компани уурхай дээр ажиллаж байгаа 300 гаруй туслан гүйцэтгэгч компаниудын нэг бөгөөд ажлын нөхцөлийн асуудлыг компани нэгдсэн журмаар тогтоодог. Б.*******ыг ажиллах хугацаанд компани нь бидний ажлыг хэвийн нөхцөлтэй гэж үзэж ямар нэгэн нэмэгдэл тогтоогоогүй болно
Иймд Б.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүрэг дэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан тайлбар, ******* ******* ХХК-ийн Монгол дахь салбар хариуцсан захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын хуулбар, ******* ******* ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/00784 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
6. Хариуцагчаас хөдөлмөрийн дотоод журам болон бусад дүрэм журам танилцуулсан баримт, компанийн уурхайн талбайд баримтлах дүрэм журам танилцуулсан баримт, ахлах ажилтны ирүүлсэн мэйл, ******* ******* ХХК-ийн ажилтнаас Б.*******тай утсаар харилцсан, мессеж бичсэн баримт, Б.*******ын зөрчлийн талаар ажилтнаас гаргасан тодорхойлолт баримт, орчуулгын хамт, Б.*******ын чат харилцааны явцад гарсан зөрчлийн талаарх баримт, Б.*******ын ээлжийн амралт авах өргөдлийн баримт, Б.*******ын мэйлээр ирүүлсэн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай өргөдөл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2022.08 сард ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл гүйцэтгэх захирал дуудаад надтай хамтран ажиллахыг хүсэхгүй байна, өөрөө хүсэлтээ өгөх үү? эсвэл халагдах уу? гэсэн шаардлага тавьсан. Ингээд намайг ажлаас халахдаа сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр халсан. Намайг бусад ажилчидтай маргасан буюу тэдгээрийн гомдол саналыг үндэслэн халсан гэх боловч тухайн баримтуудыг ажлаас чөлөөлсний дараа бүрдүүлсэн баримт гэж үзэж байгаа. Ажлаас чөлөөлсөн шалтгаан бол гүйцэтгэх захирал надтай ажиллах хүсэлгүй байна гэж хэлсэн шалтгаан гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч нь 2023.08.10-ны өдөр ажилчдын байранд бусад ажилтантай маргалдаж, зөрчилдөөн үүсгэж, хүмүүсийг зүй бусаар зохимжгүй үг хэрэглэж, мөн биед халдсан, хүний нөөцийн ажилтан Л. 2023.09 сард ирж уулзаач гэсэн үүрэг даалгавар өгсөн боловч ирж уулзаагүй, байгууллагын дотоод чатад транс гэх ёс бус үг хэллэг хэрэглэсэн зөрчил гаргасан гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээгээр нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ХХК-ийн Орчуулагч албан тушаалд, ОТ MHS2 4C төслийн төгсгөл хүртэлх хугацаагаар ажиллахаар харилцан тохиролцсон байх бөгөөд уг төсөл 2024 оны 10 дугаар сард дууссан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.
6. ******* ******* ХХК-ийн Монгол дахь Салбар хариуцсан захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/124 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, OT-HR-B-042: Кемпийн дотоод журам, ёс зүйн дүрэм, стандартыг тус тус үндэслэн Б.*******ыг Хөдөлмөрийн гэрээний 15.3(iii) болон мөн гэрээний Хавсралт 3-ийн 14, 17 дахь заалтад дурдсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.
7. Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
8. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжинд харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, дараа нь шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.8 дахь хэсгүүдэд заасантай нийцсэн гэж үзэв.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6 дахь заалтад санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор зохицуулсан.
10. Нэхэмжлэгч Б.******* нь , аймаг, төслийн талбайд хэрэгжих ОТ MHS2 4C төсөл хэрэгжиж дуусах хүртэл хугацаагаар хариуцагч ******* ******* ХХК-ийн Орчуулагч албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
11. Хөдөлмөрийн гэрээнд заасан ОТ MHS2 4C төсөл 2024 оны 10 дугаар сард дуусгавар болсон тухай тайлбарыг талууд гаргасан ба уг үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.
13. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн гэрээний Хавсралт 3-ийн 14-д Ажилтан нь Менежер эсхүл түүнээс эрх олгогдсон бусад этгээдийн өөрт нь өгсөн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан буюу биелүүлэхэд хайхрамжгүй хандсан, 17-д Ажилтан нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч, түүний төлөөлөгч, бусад ажилтан болон гуравдагч этгээдэд аливаа дарамт, хүчирхийлэл үйлдсэн, эсхүл бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдсон гэж тус тус заажээ.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч 2023.08.10-ны өдөр ажилчдын байранд бусад ажилтантай маргалдаж, зөрчилдөөн үүсгэж, хүмүүсийг зүй бусаар зохимжгүй үг хэрэглэж, мөн биед халдсан, хүний нөөцийн ажилтан Л. ирж уулз гэсэн үүрэг даалгавар өгсөн боловч ирж уулзаагүй, байгууллагын дотоод чатад транс гэх ёс бус үг хэллэг хэрэглэсэн зөрчил гаргасан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
15. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт, гэрээний нөхцөл нь ажлаас чөлөөлөгдсөн буюу хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлтэй тохирсон байх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасныг шалгаж тогтоосон байх, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авсан байх шаардлагыг хуульд заасан.
16. Нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээний Хавсралт 3-ийн 14, 17 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн байх боловч ажилтан ажил олгогчоос өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзсан буюу биелүүлэхэд хайхрамжгүй хандсан, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны явцад ажил олгогч, түүний төлөөлөгч, бусад ажилтан болон гуравдагч этгээдэд аливаа дарамт, хүчирхийлэл үйлдсэн, эсхүл бэлгийн дарамт үзүүлсэн нь ямар хэлбэрээр тогтоогдсон нь тодорхой бус байх бөгөөд энэ талаарх зөрчлийг шалгаж тогтоосон баримт хэрэгт байхгүй гэсэн тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан.
17. Үзлэгийн тэмдэглэлээр авагдсан С., О., Г. нарын Мэдэгдэл-д дурдсан асуудал ажлын бус цагаар буюу гэх нэртэй бааранд болсон үйл баримтын талаар байх бөгөөд тухайн явдал болсон огноог 2023.07.19, 2023.08.10-ны өдөр гэж өөрөөр тодорхойлсон, уг мэдэгдлийг 3 сарын дараа гаргасан ба мэдэгдлийн дагуу ажил олгогч зөрчлийг шалган тогтоох ямар ажиллагаа хийгдсэн болох нь тодорхойгүй, Г.ын мэдэгдэлд ... хэзээ нэгэн цагт хэн нэгэн (нэгэн залуухан эрэгтэй) түүний муухай харьцаанаас болж маш ноцтой асуудалд орж болзошгүй учраас түүнийг явж байгаад нь би баяртай байна гэсэн тэмдэглэлээс үзвэл зөрчлийг шалгаж тогтоосон баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна.
18. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж тус тус зохицуулсан.
19. Ажил олгогчоос ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан байх боловч уг ажилтны гаргасан зөрчилтэй холбоотойгоор хянан шалгах ажиллагаа явуулж, ажилтнаас тайлбар авсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй.
20. Иймд нэхэмжлэгч Б.*******ыг ажлаас чөлөөлсөн ******* ******* ХХК-ийн Монгол дахь Салбар хариуцсан захирлын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/124 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт нийцээгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
21. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
22. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д зааснаар цалин бүтэн олгогдсон сүүлийн 3 сарын дунджаар дундаж цалин хөлсийг тодорхойлохоор журамласан боловч талуудаас 2023 оны 8, 9 дүгээр сарын цалин хөлсний тодорхойлолтыг нотлох баримтаар ирүүлсэн тул уг дүнгээс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцов.
23. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх /ажлын 251 өдөр/ хугацаанд ногдох цалин хөлсний олговорт нийт 17,124,924 төгрөг /2,510,314+423,438/43*251/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлөхийг хариуцагчид даалгана.
24. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж зохицуулсан бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч дээрх хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иймд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,896 төгрөг гаргуулан улсын орлогод оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,124,924 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 17,124,924 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.*******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 243,574 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ