| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 183/2020/03657/И |
| Дугаар | 210/МА2021/00020 |
| Огноо | 2020-12-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2021/00020
| 2020 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2021/00020 |
Г.Хын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02981 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Хын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Г.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 13-ны өдрийн 2736 дугаар шийдвэрээр 98 777 674 төгрөгийг Капитрон банк ХХК-д төлөх үүрэгтэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэрийг биелүүлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг, 4 дүгээр багт байрлах өмчлөх эрхийн Ү-2003000432 дугаарт бүртгэлтэй, 250 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус аймгийн Өргөө багт байрлах 1 668 м.кв талбайтай нэгж талбарын 4506903709 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрын хамт битүүмжилж, хураан авсан. Дээрх үл хөдлөх хөрөнгө, газрын байршил, зах зээлийн ханш зэргийг харгалзан нийт 366 720 000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөр авагч Капитрон Банк ХХК-аас уг үнэлгээг хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцоогүй тул шинжээчээр үнэлүүлсэн. Гэтэл 281 138 562 төгрөгөөр буюу хэт багаар үнэлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2736 дугаар захирамжаар Г.Х, А.Энхболд нараас 98 129 079 төгрөг гаргуулж Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Г.Хын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-200300432 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г.Хын өмчлөлийн Дархан-Уул Дархан сумын Өргөө багт байрлах 1668 м.кв талбайтай, нэгж талбарын 4506903709 дугаартай эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20290217/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 20290217/02 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд А.Энхболд, Г.Х нар нь 366 720 000 төгрөгөөр үнэлсэн ба төлбөр авагч Капитрон банк ХХК шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Иймд талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоогоогүй тул 2020 оны 9/409 дугаар тогтоолоор шинжээч томилж, үнэлүүлэхэд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү- 200300432 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, мөн Г.Хын өмчлөлийн Дархан-Уул Дархан сумын Өргөө багт байрлах 1668 м.кв талбайтай, нэгж талбарын 4506903709 дугаартай эзэмших эрхийн 000555957 тоот гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай газрын хамт 281 138 562 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Хын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Хаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 9/409 дугаар тогтоолоор шинжээчээр томилогдсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь нэхэмжлэгч Г.Хын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтгай үл хөдлөх эд хөрөнгө болон Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байрлах, 4506903709 нэгж талбарын дугаартай, 1668 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 281 138 562 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээг харгалзаагүй, бодит байдалтай огт нийцээгүй байсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ нэгдүгээрт хөрөнгийг үндэслэлгүйгээр хэт багаар үнэлсэн, хоёрдугаарт газар болон үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь үнэлээгүй гэж тайлбарласан. Гэтэл шүүхээс үнэлгээ хийх эрх бүхий байгууллага үндэслэлтэй үнэлгээ өгсөн эсэх дээр дүгнэлт өгөөгүй бөгөөд шийдвэртээ . ..тус бүрт нь зах зээлийн үнэлгээг тогтоож..." гэж дүгнэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас харахад үл хөдлөх хөрөнгө болон газрыг тус тусад нь үнэлсэн баримт байхгүй бөгөөд шүүхээс ийнхүү дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шүүхээс тухайн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан байна гэж дүгнэсэн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, үндэслэх хэсэгт хэргийг хянан шийдвэрлэх болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар, шүүхээс тухайн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг журмын дагуу гаргасан эсэх, хөрөнгийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, арга горим, тэдгээрийн нийцтэй байдлыг хэрхэн үнэлж байгаагаа огт заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Х нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/02736 дугаар шийдвэрээр Г.Х, А.Энхболд нараас 98 129 079 төгрөг гаргуулан Капитрон банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэр болон 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1208 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай Шүүгчийн захирамж, мөн өдрийн 108 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлбөгч Г.Хын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах 1 668 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 20290217/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, мөн өдрийн 20290217/02 дугаар тогтоолоор хураан авчээ. /хх 44, 46/
Төлбөр төлөгч болон төлбөр авагч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 281 138 562 төгрөгөөр тогтоосон байна. /хх 57-71/
Нэхэмжлэгч нь ... шинжээч төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж хэт багаар үнэлсэн, мөн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь үнэлээгүй гэх агуулгатай гомдол гаргажээ.
Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал, шинжээч Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд ... үнэлгээний зүйлийн үнэ цэнийн тооцоолол гаргахдаа өртгийн, зах зээлийн, орлогын хандлагыг харьцуулсан... гэх боловч хэргийн 70 дугаар талд үнэ цэнийн тооцооллын үр дүн, сонголт гэх хэсэгт орлогын хандлагаар тооцоолоогүй гэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргуудыг хослуулан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, төлбөрт хураагдсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1 668 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг зах зээлийн хандлагын аргаар бусад үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулан үнэлсэн нэг хөрөнгийн газрын талбайн хэмжээ тодорхой бус, нөгөө нь 600 м.кв талбай бүхий газартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг сонгон авч харьцуулснаас зах зээлийн үнэ бодитой тогтоогдсон эсэх нь тодорхой бус болсон байна.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд зах зээлийн бодит үнэлгээг гаргуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхисныг буруутгах хуулийн үндэслэлгүй. Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл муутай болжээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/02981 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт байршилтай, 250 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах 1 668 м.кв талбайтай, газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 281 138 562 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай. гэж, 2 дах заалтын ... үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР
ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ