| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 2408000000818 |
| Дугаар | 2025/ДШМ/161 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/161
***од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Лхагвасүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2997 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлд үндэслэн ***од холбогдох эрүүгийн 2408000000818 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
***, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, *** аймгийн *** сумын *** дугаар баг, *** гэх газар оршин суух хаягтай, /РД:***/,
*** аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/395 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял,
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 395 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялаар тогтоосон,
*** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/ 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/593 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 04 сар 16 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 01 сар 07 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн,
*** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар захирамжаар 01 жил 10 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон,
*** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ХМШЗ/16 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон.
Яллагдагч *** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудалд “...гар утсаар чинь хүнтэй ярьчхаад буцаагаад өгье...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***гийн эзэмшлийн 210,000 төгрөгийн үнэ бүхий Samsung A8 маркийн гар утсыг авч явсан,
2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** хоолны газарт үйлчлүүлж байсан хохирогч ***гийн эзэмшлийн Samsung S22 Ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1,015,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр *** дүүргийн 14 дүгээр хороо, “***” баарны орчим хохирогч ***ийн эзэмшлийн IPhone 13 Pro Max маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
*** дүүргийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Яллах дүгнэлтэд бичигдсэнээр яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан гэжээ.
Гэвч шүүхэд шилжүүлсэн хэргийн материалд дээр дурдсан шийтгэх тогтоол, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан талаарх шүүгчийн захирамж зэрэг нотлох баримтууд авагдаагүй, яллагдагчийн хувийн байдал, эрүүгийн хуульд заасан бусад нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй байна.
Хяналтын прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамж болон *** аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг хуулбарлан авах тухай албан тоот, түүний хариуг шинээр гаргаж өгсөн.
Гэтэл уг захирамжид “...2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэснээс үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн тул *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 28 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн...” гэжээ.
Үүнээс үзвэл яллагдагч *** нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлээгүй, харин 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нь яллах дүгнэлтэд яллагдагчийн хувийн байдлыг урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэтээр илтэд зөрүүтэй бичиж, байхгүй шийтгэх тогтоолыг холбогдох байгууллагаас авахаар ажиллагаа явуулсан, яллагдагчийн хувийн байдлыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй, урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан, Зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж байсан талаар шүүгчийн захирамжууд хэрэгт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүй байна.
2. Яллах дүгнэлтэд “...Яллагдагч *** нь 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудалд “...гар утсаар чинь хүнтэй ярьчхаад буцаагаад өгье...” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***гийн эзэмшлийн 210,000 төгрөгийн үнэ бүхий Samsung A8 маркийн гар утсыг авч явсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...зүйлчилсүгэй...” гэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь хохирогчоос түүний эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ямар арга замаар хэрхэн шилжүүлэн өөрийн болгож байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэх мэтээр ялган зүйлчлэгддэг.
Хохирогч *** мэдүүлэгтээ “...2024 оны 3 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг 30 минутын орчим ...40-50 насны орчим нэг залуу орж ирсэн. ...Би чамайг сайн танихгүй байна, чи хэний хүүхэд вэ гэсэн чинь та танихгүй бол мэддэг багшийнхаа нэрийг хэл гэхээр нь би *** сумын сургуульд багшилж байгаа бэр ***гийн нэрийг хэлтэл *** юу гэж таниад залгаад өгөөч хэлсэн. ...*** гэх хүнийг би танихгүй, өмнө нь харж байгаагүй...” гэж мэдүүлсэн байна.
Хяналтын прокуророос ***ын дээрх үйлдлийг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2411007880796 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан атлаа ямар үндэслэлээр “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлон хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь ойлгомжгүй, энэ талаар 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй гэж ...дүгнэж, яллагдагч ***од холбогдох эрүүгийн хэргийг *** дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Яллагдагч *** нь урьд 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 593 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 16 хоногийн хорих ял шийтгүүлж, ялыг биечлэн эдэлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн *** аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ХМШЗ/16 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байдаг. Харин яллагдагч ***ын ял эдэлж байх хугацаандаа хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солигдсон, мөн зорчих эрх хязгаарлах ялыг зөрчиж, хорих ялаар солигдсон шүүгчийн захирамжууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад авахаар хүргүүлсэн боловч ирээгүй ба эдгээр шүүхийн шийдвэрүүдийг даруй авч, яллагдагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж, шинжлэн судлуулах замаар хэлэлцэх боломжтой. Хэдийгээр хэрэгт авагдаагүй шүүгчийн захирамжуудыг шүүх хянан үзэж, нотлох баримтуудыг нэг бүрчлэн нягт шинжлэн судалсны эцэст шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боловч хэргийг прокурорт буцаахгүйгээр энэ ажиллагааг прокурорт даалгах, үүрэг болгох байдлаар шүүхийн шатанд хийлгэх, тодруулах боломжтой ажиллагаа юм. 2. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн яллагдагч *** нь хохирогчийн эзэмшлийн гар утсыг “дахин утсаар яриад өгье” гэж хуурч, авч явснаар бусдад хохирол учруулсан гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргээр зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар талуудын тэгш мэтгэлцээний үндсэн дээр хөндлөнгийн байр сууринаас хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хэлэлцэх явцад гэм бурууг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүх хуралдааныг хуульд заасан 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж, прокурорт даалгаж шийдвэрлүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан заалттай нийцнэ. Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авснаас хойш хуульд заасан үндэслэлээр л урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, уг хуралдаанаар хуульд заасан хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэхээс гадна, урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж зохицуулалт тусгагдсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ***од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
*** дүүргийн прокурорын газраас ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж “...яллах дүгнэлтэд яллагдагчийн хувийн байдлыг урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан мэтээр илтэд зөрүүтэй бичиж, байхгүй шийтгэх тогтоолыг холбогдох байгууллагаас авахаар ажиллагаа явуулсан, урьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж байсан талаар шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, мөн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоол үйлдэхдээ ямар ч хууль зүйн дүгнэлт өгөөгүй. ...” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.
Хэргийг бүхэлд нь хянахад, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа зайлшгүй хийх шаардлага тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Учир нь, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...*** нь *** аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 10 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлээгүй, харин... шүүгчийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн байна...” гэж тодорхой дүгнэсэн байхаас гадна хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн *** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ялтан Таадаг овогт Чинбатын ***ыг хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 03 сар 11 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож шийдвэрлэсэн болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бичигдсэн алдааг болон зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольсон шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарахгүй бөгөөд ***ын хувийн байдалд холбогдох урд ял шийтгүүлсэн эсэх асуудал болон үүсэх эрх зүйн үр дагаврын талаар хэрэгт авагдсан холбогдох баримтад үндэслэн дүгнэлт өгөх бүрэн боломжтой байна.
Мөн захирамжийн 2 дахь үндэслэлд тусгагдсан 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *** дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй зочид буудалд “гар утсаар чинь хүнтэй ярьчхаад буцаагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***гийн эзэмшлийн 210000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг авч явсан болон бусад үйлдлийг прокурорын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор өөрчлөн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагчийн гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэн шуурхай, бүрэн явуулах зорилтод нийцнэ.
Түүнчлэн, яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол нь хүн, хуулийн этгээдийг яллаж буй прокуророос гаргаж буй гол эрх зүйн баримт бичиг тул тодорхой, ойлгомжтой, үндэслэл бүхий, ямар нэг алдаа зөрчилгүй байх хуульд заасан шаардлага тавигддаг болохыг тэмдэглэж, цаашид анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2997 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан яллагдагч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2997 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч ***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА