Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2026/0782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ф******* ХХК,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нарын хоорондын татварын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, О.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Ф******* ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан 26 ширхэг дуусаагүй барилгад татвар ногдуулсан дугаар бүхий 282 ширхэг /нэхэмжлэлийн шаардлагын хавсралтад дурдсан/ татварын нэхэмжлэхийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.

2. Маргааны үйл баримт

Ф******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, С******* зусланд хувийн сууц болон үйлчилгээний зориулалттай ******* х******* төсөл хэрэгжүүлжээ.

Төслийн явцад Ф******* ХХК нь 2021-2022 оны хугацаанд хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 80-90 хувийн гүйцэтгэлтэй 26 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Улмаар дээрх Ф******* ХХК-ийн 80-90 хувийн гүйцэтгэлтэй 26 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2021-2026 оныг хүртэлх хугацаанд маргаан бүхий 282 ширхэг татварын нэхэмжлэхээр татвар ногдуулжээ.

3.Шүүхэд хандсан

Нэхэмжлэгч Ф******* ХХК-аас 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 26/04 тоот албан бичгээр дуусаагүй барилгад 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, татварын нэхэмжлэх үүсгэх үндэслэлгүй, татварын нэхэмжлэхийг хүчингүй болгож, залруулах асуудлаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дээд шатны удирдлага болох Нийслэлийн Татварын газарт гомдол гаргасан.

Нийслэлийн Татварын газрын 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ******* тоот албан бичгээр татвар ногдуулах үндэслэлтэй тухай хариу өгснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Тус шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулж, нэхэмжлэлээ ирүүлснээр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Ф******* ХХК-ийн барьж буй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны дуусаагүй барилгуудад Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2021 оны 4-р улиралаас 2026 оны 4-р улиралыг дуустал хугацааг хамруулан амины орон сууц болон үйлчилгээний зориулалттай 26 барилга дээр нийт 282 ш үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэхийг үүсгэж татвар ногдуулсан нь илт хууль бус байна. Тухайлбал,

1. Манай компани Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, С******* зусланд "******* х*******" төслийг хэрэгжүүлж байгаа ба 2021-2022 онд тус төслийн амины орон сууц, үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилгуудыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасны дагуу 80 хувийн гүйцэтгэлтэйгээр дуусаагүй барилгаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн.

Эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт санхүүжилтийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан барилгыг гүйцээн барьж дуусгаагүй ба тус барилгууд нь эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй буюу хүн амьдрах боломжгүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс Ф******* ХХК-ийн барьж буй баригдаж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэхээр татвар ногдуулж буй нь илт хууль бус юм.

Учир нь "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна" гэж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж үл хөдлөх эд хөрөнгө нь зориулалтын дагуу ашиглаж болох эд юмс байхаар хуульчлагдсан. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс татвар ногдуулж татварын нэхэмжлэх үүсгээд буй Ф******* ХХК-ийн барьж буй баригдаж дуусаагүй барилга нь эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй, хүн амьдрах буюу зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй ба өнөөдрийг хүртэл бүрэн дуусаагүй юм. Өөрөөр хэлбэл, Татвар ногдуулж нэхэмжлэх үүсгээд буй үл хөдлөх хөрөнгө нь "зориулалтын дагуу ашиглагдах" шинж чанартай ёстой атал Ф******* ХХК-ийн барьж буй баригдаж дуусаагүй барилга нь зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй тул "ашиглагдах боломжгүй хөрөнгө"-ийн тухайд татварын харилцаа үүсэх үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр, Ф******* ХХК барьж буй барилгад дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулсныг тус барилгыг "амины орон сууц болон үйлчилгээний" зориулалтаар бүрэн гүйцэт зориулалтын дагуу ашиглаж байгаа гэж үзэх үндэслэлгүй ба зориулалтын дагуу ашиглах болон эдийн засгийн эргэлтэд орох боломжгүй тул дуусаагүй барилга нь үнэ цэнийг гүйцэт илэрхийлэх боломжгүй юм.

2. Баригдаж дуусаагүй барилгад татвар ногдуулах, татварын нэхэмжлэх үүсгэх талаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд хуульчлан заагаагүй тул тус хуулийн хүрээнд дуусаагүй барилгад татвар ногдуулах, татварын нэхэмжлэх үүсгэх хууль зүйн үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар баригдаж дуусаагүй барилгад татвар ногдуулах /нэхэмжлэх үүсгэх/ талаар хуульчлан заагаагүй атал Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь Ф******* ХХК-ийн барьж бус дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан татварын нэхэмжлэх үүсгэж буй нь илт хууль бус юм.

3. Мөн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс Ф******* ХХК-ийн барьж буй баригдаж дуусаагүй барилгад татвар ногдуулж татварын нэхэмжлэх үүсгэсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Татварын харилцаанд буюу татвар ногдуулахад баримтлах зарчмыг зөрчиж байна. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулиар баригдаж дуусаагүй барилгад татвар ногдуулахаар хуульчлан тогтоогоогүй байхад Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс манай компанийн барьж буй дуусаагүй барилгад татвар ногдуулж татварын нэхэмжлэх үүсгэж буй нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална", 5.1.2-т "тодорхой байх", 5.1.3-т "шударга байх зарчимд нийцэхгүй байна.

4. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулиар баригдаж дуусаагүй барилгад албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй болох нь удаа дараагийн шүүхийн шийдвэр, шүүхийн практикт тогтсон атал хариуцагчийн зүгээс шүүхээр тухайн асуудлыг шийдвэрлэхээс нааш хууль бусаар буюу хууль зүйн үндэслэлгүйгээр үүсгэсэн татварын нэхэмжлэхийг хүчингүй болгохгүй хэмээн тайлбарладаг. Тухайлбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.05-ны өдрийн дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2026.04.14-ний өдрийн тогтоолоор "дуусаагүй барилга"-д татвар ногдуулах эрх зүйн үндэслэлгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн байдаг.

Ф******* ХХК-ийн зүгээс тус дуусаагүй барилгуудад холбогдуулан үүсгэсэн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэхүүдийг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс, Нийслэлийн Татварын газарт тус тус хандсан боловч гомдлыг хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн аваагүй болно.

Иймд 2021-2026 оны хооронд тус дуусаагүй барилгуудад холбогдуулан үүсгэсэн байгаа Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

5.Хариуцагч татварын улсын байцаагч нар хариу тайлбартаа:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр "Ф*******" ХХК-ийн гаргасан "Дуусаагүй барилгад хууль зүйн үндэслэлгүйгээр татвар ногдуулсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Нэхэмжлэгч "Ф******* ХХК нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байршилтай ******* х*******ы амины орон сууц, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2021, 2022 онд өмчилж улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрчилгээ олгосон байна.

Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ, Татварын ерөнхий газрын дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Татвар төлөгчийн бүртгэлийн журам-ын 2 дугаар зүйлийн 2.12.2 дахь хэсэгт энэ журмын 1.2.1, 1.2.2-т заасан мэдээллийг үндэслэн татвар төлөгчийг хөрөнгийн албан татвар төлөгчөөр ТБМНС-д бүртгэнэ гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ф*******" ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн төрлийн бүртгэлээр татварын алба бүртгэсэн.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна", 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна" гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ", 5.3 дахь хэсэгт Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасан.

Үл хөдлөх эд хөрөнгө /дуусаагүй барилга/-д өмчлөх эрхийн гэрчилгээ авсан ч санхүүжилт авч чадаагүйгээс барилга зогссон, эдийн засгийн үр өгөөжгүй байгаа нь татвар ногдуулахгүй байх үндэслэл болохгүй, өмчлөлийн зүйлээ зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн эсэхээс үл хамааран бүртгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан хөрөнгөд албан татвар ногдуулна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн тооцно" мөн хуулийн 8.2 дахь хэсэгт "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж тус тус хуульчилсны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол нь тухайн оны 1 дүгээр улиралд багтан Татварын удирдлагын нэгдсэн системээс үүсдэг.

Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр-ийг татварын өрд тооцохоор заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана гэж заасны дагуу татвар төлөгч нь дараа онд урд онд төлсөн татвараа тайлагнахаар заасан.

Өөрөөр хэлбэл татварын алба хуульд заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс баталсан хувь хэмжээгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тооцож нэхэмжлэхийг үүсгэх ба татвар төлөгч нэхэмжлэхийн дагуу татвараа төлөх үүрэгтэй, харин дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаа татварын албанд ирүүлж төлсөн татвар нь тайлагнасантай зөрүүтэй тохиолдолд татварын албатай тооцоо хийж дутуу төлсөн тохиолдолд зөрүү татварыг төлөх, илүү төлсөн тохиолдолд дараагийн төлөх татварт суутган тооцох боломжтой.

Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4 дэх заалтад заасныг үндэслэн татварын албанаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдлыг төлүүлэхээр нэхэмжилсэн.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсэгт Татвар ногдуулалт, төлөлттэй холбогдсон харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасан бөгөөд татвар төлөх үүрэг бүхий татвар төлөгчид Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу албан татвар ногдуулж, Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу татварыг төлүүлэхээр нэхэмжлэл хүргүүлсэн нь хуульд нийцсэн үйл ажиллагаа бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна" гэж заасны дагуу захиргааны актыг татвар төлөгчид цахимаар хүргүүлж мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд хууль, журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, татварын өр төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд энэ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавсралтаар нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн мэдээлэл, нэхэмжлэхийн жагсаалт болон холбогдох нотлох баримтыг хүргүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Ф******* ХХК нь 2021 онд хувийн сууц, үйлчилгээний зориулалттай 80 хувийн гүйцэтгэлтэй 13 ширхэг, 2022 онд хувийн сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг, 80 хувийн гүйцэтгэлтэй 11 ширхэг, нийт 26 ширхэг 80-90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ.
  3. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс 2021-2026 оны хооронд дугаар бүхий 282 татварын нэхэмжлэхүүдийг үүсгэж, Ф******* ХХК-ийн 80-90 хувийн гүйцэтгэлтэй дээрх 26 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд нийт 213,077,333 төгрөгийн татвар ногдуулжээ.
  4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий татварын нэхэмжлэхүүдийг эс зөвшөөрч дуусаагүй барилгыг зориулалтын дагуу ашиглах ямарч боломжгүй, нарийвчилсан хуулиар дуусаагүй барилгад татвар ногдуулах харилцааг зохицуулаагүй, татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэх үндэслэлээр илт хууль бус гэж маргасан, харин хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хуульд ашиглалтад орсон, гүйцэтгэл 100 хувь байх гэсэн нөхцөлийг шалгуур болгоогүй, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр татвар ногдуулна гэж тус тус маргаж байна.
  5. Энэхүү маргаан нь баригдаж дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байгаа эсэх талаар хууль хэрэглээний маргаан байх тул шүүхээс хууль хэрэглээний тухайд дүгнэлт өгөхөд маргааны зүйл оршиж байна.
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна гэж,

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 10 дугаар зүйлийн 10.10-т Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заажээ.

  1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийг тодорхойлсон зохицуулалт нь барилга байгууламжийг үл хөдлөх эд хөрөнгөд хамруулах талаар ерөнхий ойлголтыг тогтоосон, барьж дуусаагүй барилгыг тухайн барилгыг ямар санхүүгийн эх үүсвэрээр барьж байгаагаас хамааран тэдгээрт урьдчилсан хамгаалалт тогтоох зорилгоор өмчлөлд бүртгэх боломжийг зохицуулсан байх бөгөөд ийнхүү баригдаж дуусаагүй барилга нь үл хөдлөх эд хөрөнгө гэсэн ерөнхий ойлголтод хамаарах боловч татвар ногдуулах харилцаанд хамаарахгүй.
  2. Өөрөөр хэлбэл, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгө гэсэн нь газар эсхүл барилга гэх мэт төрөл зүйлийн тухай ойлголт байх ба тухайн барилга дууссан эсхүл дуусаагүй гэх мэт шинж чанарын тухайд зохицуулаагүй, баригдаж дуусаагүй буюу барих явц дундаа буй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах талаар тусгаагүй байна
  3. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй, 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 5.1.2-т тодорхой байх гэж заажээ.
  4. Үүнээс үзэхэд, татварыг тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх буюу буцаан олгох бүрэн эрх нь зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдах бөгөөд татварын хууль тогтоомжуудад татварын төрөл, хувь хэмжээ, татвараас чөлөөлөх үндэслэл, татварыг ногдуулах, тайлагнах, төлөх хугацаа, татвар тооцох аргачлал, журам зэрэг нь татвар төлөгчид ойлгомжтой, тодорхой тусгагдсан байх шаардлагатай.
  5. Хариуцагч татварын байгууллагаас 80-90 хувийн гүйцэтгэлтэй барьж дуусаагүй 26 барилгад үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулсан нь дээрх татварын эрх зүйн үндсэн зарчимтай нийцэхгүй, хариуцагчийн татвар ногдуулах үндэслэл болгосон Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэг нь үл хөдлөх эд хөрөнгийн ойлголтыг ерөнхий байдлаар тодорхойлсон суурь зохицуулалт болохоос татвар ногдох үл хөдлөх эд хөрөнгийн ойлголтын хүрээг тогтоох агуулгагүй, барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх зохицуулалт нь татвар ногдуулах харилцаанд хэрэглэгдэхгүй юм.
  6. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заажээ.
  7. Баригдаж дуусаагүй барилгыг дууссан барилгатай адилтган үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эрх зүйн үндэслэл байхгүй байх тул Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэгч хуулийн этгээдийн 80-90 хувийн гүйцэтгэлтэй баригдаж дуусаагүй 26 барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар нэхэмжилсэн нь илт хууль бус болох нь дээрх байдлаар дүгнэсэнчлэн тогтоогдож байна.
  8. Иймд, нэхэмжлэгч Ф******* ХХК-ийн 26 ширхэг дуусаагүй барилгад татвар ногдуулсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дугаар бүхий 282 ширхэг /нэхэмжлэлийн шаардлагын хавсралтад дурдсан/ татварын нэхэмжлэхийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан Ф******* ХХК-аас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дугаар бүхий 282 ширхэг /нэхэмжлэлийн шаардлагын хавсралтад дурдсан/ татварын нэхэмжлэхийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА

 

.