Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 548

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

хохирогч З.М

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

М холбогдох эрүүгийн 1805015210456 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Г.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файяа” нэртэй бааранд үйлчлүүлж байсан 3.М, Б.Б нарын гар утсыг хулгайлан нийт  528.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Мд 178.000 төгрөг, Лхагвасүрэнд 38000 төгрөг төлнө. Бусад эд зүйлсийг нь би хамгаалагчид баригдаад тэр дор нь өгчихсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч З.М шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр уг бааранд найз нартайгаа байж байхад Бямбаагийн цүнхэнд байсан миний Самсунг С-6 эджи гар утас бас миний өөрийн цүнхэнд байсан Самсунг С-1 маркийн гар утас мөн алга болсон байсан. Миний энэ хоёр утас үнэлгээгээр нийт 378.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг би зөвшөөрч байгаа. Маас 200.000 төгрөг авсан. Одоо үлдсэн 178.000 төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай найз болох Лхагваа, Адъяа 2 залгаад Лхагваагийн төрсөн өдөр болоод байна уулзах уу гэсэн тэгэхээр нь Адъяабаяр, Лхагвасүрэн нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Файр нэртэй бааранд орохоор болоод орсон, дотор ороод ундаа авч уугаад гарч бүжиглээд байж байтал 03 цагийн үед гэр рүүгээ харихаар болоод эргээд 2 давхарын голын ширээн дээр очтол миний цүнх алга болчихсон бас манай хэдийн гадуур хувцасны хармаанд байсан утас, виза карт бэлэн мөнгө зэрэг нь алга болсон байсан. Тэгээд бид нар гайхаад хамгаалагч дээр яваад очсон чинь М гэх залууг та нарын юмыг хулгайлахыг харсан гээд бариад авчихсан байсан. Тэр хүнээс Мгийн цүнх тень зэргийг буцаагаад авсан...миний айфоне 5 маркийн 250000 төгрөгийн үнэтэй...зүйлсээ нэхэмжилж байна. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

Хохирогч З.М мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17 цаг 30 минут гээд ажил тараад найз болох Бямбаатай уулзаад мөн 10 жилийн  найз Лхагваагийн төрсөн өдөр нь болж байгаа гээд хамт тэмдэглэе гэхэд тэгье гээд өмнө нь 10 жилийн найз болох Адъяа, Бямбаа, Лхагваа нарын хамт Баянгол  дүүргийн  7 хороо Файр нэртэй бааранд 23 цагийн үед орж үйлчлүүлэн дотор ороод бид нар ундаа авч уугаад гарч бүжиглэсэн өөр ямар нэг зүйл болоогүй байж байгаад 3 цагийн үед гэр рүүгээ харихаар болоод хувцсаа өмсөх гээд сууж байсан 2 давхарын голын ширээн дээрээ очтол Бямбаагийн цүнх алга болчихсон тэгээд дээр нь бид нар гадуур хувцсаа үзтэл мөн юм алга болчихсон дээр нь Бямбаагийн цүнхэнд байсан миний Самсунг С-6 эджи гар утас бас миний өөрийн цүнхэнд байсан Самсунг С-1 маркийн гар утас мөн алга болсон байсан. Тэгээд гайхаад хамгаалагч дээр очиж хэлсэн чинь хамгаалагч энд нэг хулгай хийсэн хүүхэд баригдсан энэ биш биз гээд харуулсан ба тэр М гэж хүн байсан тэгээд тэр хүнээс миний нүдний тень бугуйн цаг гээд миний цүнхэнд утастай хамт байсан зүйлс гарч ирсэн одоо 2 гар утсаа олж авмаар байна. Самсунг эджи маркийн гар утсаа 450000 төгрөгөөр 2018 оны 1 дүгээр сарын 6-нд Тэди төвөөс худалдаж авч байсан. Самсунг С-1 гар утас 60000 төгрөгөөр манай нөхөр худалдаж авсан.  /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

Гэрч О.Адъяабаяр мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 23 цагийн үед би өөрийн найзууд болох Лхагвасүрэн, М, Б нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо Файр нэртэй бааранд орж үйлчлүүлсэн тухайн үед Лхагвасүрэнгийн төрсөн өдөр болоод бид зурагтад хамт амьдардаг бөгөөд 10 жилийн найзууд болох бид 4 уулзахаар болсон юм. Тэгээд бааран дотор ороод хүн тус бүр нэг нэг ундаа аваад тэрийгээ уугаад хааяа гарч бүжиглэсэн. Тэгсэн 03 цагийн үед одоо таръя гээд сууж байсан ширээ рүүгээ бүжиглэж байгаад очиход Бямбаагийн цүнхэн дотор байсан Мгийн Самсунг С-6 эджи утас, гоо сайхны хэрэгсэл бичиг баримтын хамтаар цүнхтэйгээ хамт алга болсон байсан. Тэгээд бид нар тэнд буюу ширээн дээрээ тавьсан байсан куртикныхаа кармааг үзэхэд миний виза карт, Лхагваагийн бас 2 ш карт,  38000 төгрөг Бямбаагийн айфоне 5с гар утас зэрэг нь хулгайд алдагдсан байсан. Тэгээд бид нар гайхаад тэр баарны хамгаалагчид хэлсэн чинь хамгаалагч Г.М гэх хүнийг заагаад энэ хүн та нарын юмыг хулгайлсан камерт танай ширээ рүү очсон бичлэг нь байна гэсэн тэгээд бид нар цагдаа дуудаад ирж шалгасан, миний хувьд гэвэл дотроо мөнгөгүй  виза картаа алдсан  ба буцаагаад авсан өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй. /хх-ийн  18/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Э.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр манай найз болох Адъяабаяр бид хоёр гэртээ байж байтал миний төрсөн өдөр болоод 10 жилийн найзууд болох М, Б нарын хамтаар уулзаад 23 цагийн үед Файр нэртэй бааранд орж бүжиглэсэн. Тэгээд 03 цаг болоод явахаар болоод сууж байсан 2 давхарын голын ширээнд очтол эхлээд Бямбаа цүнхээ хайгаад олоогүй тэгээд бид нар гайхаад тэр хавиар юмаа хайтал олоогүй тэгсэн бас миний гадуур хувцасны хармаанд байсан хар өнгийн жижиг Нокиа гар утас 2 ширхэг виза карт 38000 төгрөг алга болсон байсан тэгээд тэр баарны хамгаалагчид очиж хэлэхэд М гэх залууг  хамгаалагч барьчихсан энэ чиний юм мөн үү гээд нүдний тень бугуйн цаг зэргийг үзүүлэхэд манай найз Мгийн юм байж таараад юмаа авсан. Миний хувьд 20 мянган төгрөгийн үнэтэй Нокиа гар утас 2 ширхэг виза карт 38000  төгрөгөө алдсан, гар утас карт зэргээ хүлээн авсан. 38000 төгрөгөө нэхэмжилж байна.../хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Алтангэрэл мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед найз Наваандэндэв, Манлайбаатар, М, Чинзориг нарын хамт 5-уулаа РС тоглож байгаад тэндээсээ 23 цагийн үед гараад Манлайбаатарын гэрт нь 0,75 гр-ын архи уусан. Тэгээд Файр бааранд ороод 1 хүний 3 шил пиво уусан. Тэгээд би суудал дээрээ тасраад унасан байсан. Нэг сэрэхэд манай найзууд байхгүй байхаар нь хамгаалагч нараас найз нарыгаа асуутал нэг найз чинь замын цаад талын цагдаагийн хэлтэс дээр байгаа гэхээр нь араас нь зодоон хийсэн юм болов уу гээд ортол хулгай хийсэн байсан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Наваандэндэв мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 15-ны оройн 18 цагийн үед найз Амарбаясгалан, Чинзориг, Алтангэрэл, М нарын хамт 21 дүгээр хорооллын хажуугийн РС тоглоомын газарт тоглож байгаад Залуус хороололд байдаг Манлайбаатарынд 0.75 граммын Улаанбаатар архи уугаад 3-4 дүгээр хорооллын баар оръё  гээд таксигаар хүргүүлсэн. Файр бааранд ороод би гар утсаа алдсан...Манлайбаатартай хамт дээшээ 9 давхарт 539 тоотод явж ороод юм ярьж суугаад би ээжийнхээ утсыг алдсан одоо ээж намайг ална гэж хэлсэн чинь М надад ийм өгсөн юм гээд цагаан өнгийн айфоне-5 маркийн цагаан өнгийн гар утас өгсөн юм. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

Г.М мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найзууд болох Наваандэндэв, Манлай, Алтангэрэл нарын хамтаар 21 цагийн үед Залуус хороололд уулзаад тэндээсээ 00 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо Файр нэртэй бааранд орж үйлчлүүлсэн. Бааранд орохын өмнө 1 шил 0,75 литрийн архи Залуус хороололд уусан. Тэгээд бааранд ороод хүн тус бүр 2 шил пиво бас дээр нь 0,75 литрийн Соёрхол  нэртэй архи аваад хувааж уусан. Хэсэг хугацаа өнгөрөөд 1 цагийн үед Алтангэрэл тасарч унаад Наваан доогуур бүжиглэж бариад яваад байсан ба бид нар дээд талын буюу 2 давхарын ширээнд сууж үйлчлүүлсэн тэгсэн яг манай хажуу ар талын ширээнд 4 охин сууж үйлчлүүлж байсан тэгээд 3 цагийн үед нөгөө охидууд гараад бүжиглэх хооронд нь би очоод хүн харж байгаад тэд нарын цүнхийг гадуур хувцасны хамт ухаж үзсэн би айфоне 5 маркийн гар утас бас нэг жижиг Самсунг мөн Самсунг С-6 эджи маркийн гар утас зэргийг мөн өөр бусад жижиг цүнх тэнд байсан эмэгтэй хүний будаг шунх бугуйн цаг бэлэн мөнгө, банкны карт зэргийг хулгайлаад гарахдаа тэр баарны хамгаалагч нарт баригдсан. Тэгээд тэр доороо өөрийн авсан зүйлээ хамгаалагчийн өрөөнд эзэнд нь өгсөн. Тэрний өмнө би Самсунг С-6 эджи гар утсыг мөн жижиг цүнхийг сандарсандаа төв  замын тийшээ шидчихсэн тэгээд уг нь асуудал үүссэний дараа хайсан боловч олоогүй. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсийн албан тоот /хх-ийн 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.М нь 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” бааранд үйлчлүүлж байсан 3.М, Б.Б нарын гар утсыг хулгайлан нийт  528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бын”...ширээн дээр очтол миний цүнх алга болчихсон бас манай хэдийн гадуур хувцасны кармаанд байсан утас, виза карт бэлэн мөнгө зэрэг нь алга болсон байсан...”/хх-ийн 14/, хохирогч З.М”...ширээн дээрээ очтол Бямбаагийн цүнх алга болчихсон тэгээд дээр нь бид нар гадуур хувцсаа үзтэл мөн юм алга болчихсон дээр нь Бямбаагийн цүнхэнд байсан миний Самсунг С-6 эджи гар утас бас миний өөрийн цүнхэнд байсан Самсунг С-1 маркийн гар утас мөн алга болсон байсан /хх-ийн 17/, гэрч О.Адъяабаярын”... Бямбаагийн цүнхэн дотор байсан Мгийн Самсунг С-6 эджи утас, гоо сайхны хэрэгсэл бичиг баримтын хамтаар цүнхтэйгээ хамт алга болсон байсан... Лхагваагийн бас 2 ш карт,  38000 төгрөг Бямбаагийн айфоне 5-эс гар утас зэрэг нь хулгайд алдагдсан байсан” /хх-ийн  18/, иргэний нэхэмжлэгч Э.Лхагвасүрэнгийн”... миний гадуур хувцасны кармаанд байсан хар өнгийн жижиг Нокиа гар утас 2 ширхэг виза карт 38000 төгрөг алга болсон байсан” /хх-ийн 20/, гэрч Б.Алтангэрэлийн”...найз чинь замын цаад талын цагдаагийн хэлтэс дээр байгаа гэхээр нь араас нь зодоон хийсэн юм болов уу гээд ортол хулгай хийсэн байсан” /хх-ийн 24/, гэрч Н.Наваандэндэвийн”...М надад ийм өгсөн юм гээд цагаан өнгийн айфоне- 5 маркийн цагаан өнгийн гар утас өгсөн “ /хх-ийн 26/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 30-32/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар Г.Мын мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би айфоне 5 маркын гар утас бас нэг жижиг Самсунг мөн Самсунг С-6 эджи маркийн гар утас зэргийг мөн өөр бусад жижиг цүнх тэнд байсан эмэгтэй хүний будаг шунх бугуйн цаг бэлэн мөнгө, банкны карт зэргийг хулгайлаад гарахдаа тэр баарны хамгаалагч нарт баригдсан...” /хх-ийн 42/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж  байна.   

Прокуророос Г.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Г.Мыг гэм буруугийн санаатай хэлбэрээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Г.Мыг “бусдын эд хөрөнгийн хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Г.М хулгайлсан зарим эд зүйлсээ биет байдлаар буцаан өгсөн нь эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүдээр тогтоогдсон бөгөөд одоо төлөгдөөгүй үлдсэн нийт 216.000 төгрөгийг Г.Маас гаргуулж иргэний нэхэмжлэгч Лхагвасүрэнд 38000 төгрөг, хохирогч З.Мд 178.000 төгрөг олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Г.Мд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Г.М анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, төлөгдөөгүй үлдсэн 216.000 төгрөгийн хохиролоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т  заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.