Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/162

 

                                                                                     ***д холбогдох

                                                                                эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Чимэдцэеэ,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1062 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч ***ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн ***д холбогдох 2309000001520 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

***, 2001 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Улсын их дэлгүүрт тогооч ажилтай, ам бүл 1, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, *** тоотод оршин сууж байгаа, ял шийтгэлгүй, /РД:***/,

Шүүгдэгч *** нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх *** зуслангийн “***” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд ***той ...үл ойлголцон, маргалдаж ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх олон тооны гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

*** дүүргийн прокурорын газраас: ***ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

*** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***аас 954,600 /есөн зуун тавин дөрвөн мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч ***од олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Хохирогч ***ын өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдолдоо: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 6986, 668 дугаартай дүгнэлтүүдээр 5 удаагийн шарх үүссэн талаар дүгнэлтүүдэд болон 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шинжээч эмч *** “...дээрх гэмтлүүд нь тус тусдаа болон нийтдээ хөнгөн зэрэгт хамаарна” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь онц харгис хэрцгийгээр буюу ...олон тооны шарх гэмтэл учруулж, хохирогчийн тарчлаан зовоох, шаналгах сэдэл зорилготой, гэмт хэргийг үйлдэж байгаа аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн” байхыг ойлгодог. Гэмт хэргийн субьектив талын шинжийг нотлох баримтуудад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Учир нь шүүгдэгч болон хохирогч нарын хооронд үл ялих зүйлийн улмаас маргалдах үйл явдал болоогүй бөгөөд шүүгдэгчийн зүгээс гал асуугаад шууд хохирогч руу дайрсан үйлдэл нь түүнийг алах санаа зорилготойгоор халдсан идэвхтэй үйлдэл байсан байна. Гэвч яллах дүгнэлт үйлдсэн прокурор болон анхан шатны шүүхээс гэмт этгээдийн эрүүгийн хуулийн субьектив шинжийг тодорхойлж чадаагүй бөгөөд түүний улмаас учрах хохирол, хор уршгийн шалтгаант холбоо нь ямар нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон үйл баримтад бодитой дүгнэлт хийж эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй нь шударга ёсны зарчмын дагуу хэргийг шийдвэрлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор С.Чимэдцэеэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ***д холбогдох хэрэг урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлж, хохирогчийн өмгөөлөгчөөс гомдол гаргаж олон тооны шарах, гэмтэл учруулсан. Анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хангалтай сайн хийгээгүй гэх асуудал давж заалдах шатны шүүхэд яригдаж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс 60 хоног хойшлуулсан. 60 хоног хойшлуулах шийдвэр гаргахдаа шүүхийн хэлэлцүүлэг явуулаагүй. Шүүх хуралдааныг эхлүүлэх эсэх асуудал дээр талууд байр сууриа илэрхийлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хүндрүүлэх талаар дурдагдаагүй. Онц харгис хэрцгий аргаар буюу олон тооны шарханд дүгнэлт хийх шаардлагатай талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд бичигдсэн. Үүнтэй холбогдуулж шүүгдэгчээс дахин мэдүүлэг авсан. Энэ хэрэгт шүүгдэгч хохирогч нар юунаас болж маргалдаж, яаж гэмтэл учруулсан талаар нотлох гэрч байхгүй. Ганц н.*** гэх гэрч байдаг бөгөөд “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” учир юу болсон талаар мэдэх боломжгүй байсан гэж мэдүүлдэг. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг шүүгчийн туслахаас цаас нь хэлбэрээр ирүүлсэнтэй танилцсан. Өндрийн шүүх хуралдаанд мөн дахин танилцлаа. Хэргийн зүйлчлэлийн асуудлыг гомдолдоо дурдаагүй байна. Хохирогчийн өмгөөлөгч яаж маргадаг гэвэл “хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл” гэж маргадаг. Энэ шалтгаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар удаа дараа давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд ямар ч шалтгаангүйгээр “гал байна уу гэж асуугаад хохирогч руу шууд халдаж эхэлсэн алах зорилготой” гэдэг. Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар гэмтэл үүсэн газрууд нь энд, тэнд үүссэн байдаг. Өгзөг, гарын сарвуу гэх мэт газар шарах үүссэн. Хэрэв хохирогч хөдөлгөөнгүй сууж байсан бол шүүгдэгчийн хийж байгаа үйлдэл нь хохирогчийн нүүр болон тодорхой хэсэг газарт ***ын хийгээд байгаа үйлдэл үүсэх ёстой. Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсанаар эдгээр гэмтлүүд нь зүсэгдсэн, хатгагдсан шарах гэж дурдсан. Хохирогчийг алах санаа зорилго байсан гэх үндэслэл байхгүй. Хохирогчийн өмгөөлөгчөөс яагаад алах санаа зорилготой талаар тайлбарлахдаа “Чамайг алчихъя л даа” гэж үзүүртэй зүйл барьж дайрсан гэх үндэслэлээр алах санаа зорилготой байсан гэж тайлбарладаг. Ийм санаа зорилго байхгүй гэдэг нь шүүгдэгчийн “Би тухайн шил мэт зүйлийг газраас олж авсан. Тэр зүйлийг барьснаас болж миний гар зүсэгдсэн. Мөн түүнчлэн би н.***ын ажлын хүн байгаа юм, гэж хэлэнгүүт гараа татаж гар зүсэгдлээ гэх үед би энэ хүнийг өвтгөөд байгаагаа мэдээд шил мэт зүйлийг хаясан” гэсэн мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч өөрийнхөө үйлдлийг сайн дураараа зогсоосон зэргээс нь хохирогчийг алах санаа зорилго байгаагүй гэдэг нь тодорхой байна. ...” гэв.

                       ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч *** нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Шарга морьтын зуслангийн “***” нэртэй дэлгүүрийн ард талын гудамжинд ***той үл ойлголцон, маргалдаж ир үзүүртэй зүйлээр биед нь халдаж онц харгис хэрцгийгээр олон тооны шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч ***ын “...*** супермаркетаас ажлын газрын хүн болох ***ыг аваад *** дүүргийн 19 дүгэр хороо, *** /хаягийг тодорхой мэдэхгүй/ руу хүргэж өгөхөөр түүнийг аваад өөрийн машинаар явсан. ***ын *** дэлгүүр өнгөрөөд ***ын гэрийг өнгөрөөд машинаа зогсоотол гудамжнаас богино үстэй, туранхай, дугариг цагаан царайтай, хар өнгийн өмд, цэнхэр эрээн цамцтай залуу машины цонх тогшоод “гал байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэтэл ***ыг харангуутаа “*** байна” гэж хэлээд машины хаалга онгойлгоод хөлөөрөө өшиглөж, хэд хэдэн удаа өшиглөөд хаанаасаа мэдэхгүй гартаа жижиг тонгорго /бор иштэй байсан байх/ гаргаж ирээд гартаа бариад миний хөл рүү хэд хэдэн удаа чичиж хатгаж хутгалаад, би тэр залууд ***ын ажлын газрын хүн юм гэж хэлтэл тэр залуу тоолгүй дахин хутгаараа миний баруун өгзөг болон баруун гарын долоовор хурууг зүссэн ба би залууд “гэр бүлтэй” гэж хэлээд гуйсан. Тэр залуу ***ыг манай эгч гэж хэлж байсан. ...” /1хх 17-18/,

гэрч Б.***ын “...намайг гэрт хүргэж өгөхийг гуйхад *** намайг *** супермаркетаас машинтайгаа ирж аваад бид хоёр *** дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дэлгүүрийн ард талын гудамжинд байрлах миний эзэмшлийн лагерийн байшингийн гадаа ирж зогссон. Зогсож байтал манай үеэл дүү *** гудамжнаас бид хоёрын сууж байсан машиныг чиглээд ирж байсан бөгөөд тэр үед би машинаас нь буусан. Намайг машинаас бууж байхад *** тэр хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Юунаас болж хэрэлдсэнийг нь би санахгүй байна. Би их согтуу байсан учраас гэр лүүгээ шууд орсон бөгөөд манай дүү *** үлдсэн. Би гэртээ ороод байж байтал миний араас орж ирсэн. ...” /1хх 23/,

шинжээч эмч ***ийн “...зүсэгдсэн, хатгагдсан шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ир үзүүртэй зүйлээр дээрх гэмтлийн шинж чанар буюу зүсэгдсэн, хатгагдсан гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой бөгөөд ***ын биед үүсгэгдсэн гэмтэл нь хутгаар үүсгэгдсэн байх боломжтой. ...” /1хх 38-39/,

шүүгдэгч ***ы яллагдагчаар өгсөн “...манай эгч *** 20 цагийн орчим залгаад надад “Зайсанд байна ирээд авчих” гэхээр нь би эгчид “завгүй байна, таксидаад хүрээд ир мөнгийг нь өгчихье” гэж хариулсан. Би эгчийг 1 цаг орчим хүлээгээд ирэхгүй байхаар нь эгч рүү залгатал эгч утсаа авахгүй байсан бөгөөд энэ үед намайг гудамжинд тамхи татаад зогсож байтал хажуугаар Приус 30 загварын машин өнгөрөхөөр нь би тэр машинаас гал авах гээд тухайн машин дээр очиж машины жолоочийн талын цонхыг нь гараараа тогшоод “гал байна уу” гэж асуутал тэр машиныг нэг эрэгтэй хүн жолоодож байсан ба эсрэг талын суудалд нь эгч *** архи уугаад, тасарчихсан сууж байсан. Би “*** эгч байна ш дээ” гэж хэлэхэд тэр залуу зугтах гэж байгаа юм шиг надад санагдахаар би машиных нь хаалгыг онгойлгоод тэр залууг баруун хөлөөрөө нүүр лүү нь жийх гэтэл оноогүй хажуугаар нь өнгөрсөн. Учир нь тэр залуу цааш зугтаад машиныхаа голын хайрцаг дээр суусан. Тэгээд би үргэлжлүүлээд цээж хэсэг рүү нь 2 удаа баруун хөлөөрөө жийж өшиглөөд, уурлаад тэр залуу руу “юун учиртай хүн юм” гэж асуухад миний өөдөөс ямар нэг зүйл хэлэхгүй, асуултад тодорхой хариулахгүй байсан. Миний уур хүрээд тэр залуугийн нүүр лүү нь баруун гараараа 2 удаа цохих гээд далайгаад гараа явуулсан, гэхдээ тэр 2 цохилт залууг оноогүй тул дахин баруун хөлөөрөө цээж рүү нь 1 удаа өшиглөсөн. Тухайн үед тэр залууг ирэхээс өмнө манай эгчийн машин шаварт суусан байсан бөгөөд машиных нь ойролцоо газарт байсан целлодон материалтай шилний хэлтэрхий байсныг нь би эгчийн машиныг шавраас гаргах гэж оролдож байх үедээ газраас аваад халаасандаа хийсэн байсан. Учир нь тэр хавьд үлдээчихвэл тэр хавиар явж байхдаа гуталд зоогдчих байх гэж бодсон юм. Тухайн халаасандаа байсан 5-8см орчим урттай, тунгалаг цайвар өнгийн шилний хэлтэрхийг гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад тэр залуугийн хөл хэсэг рүү нь далайгаад айлгая гэж бодоод чичтэл тэр залуу 2 гараараа бариад авахаар нь би эргүүлж татаад дахин хөл хэсэг рүү нь чиглүүлээд чичтэл миний урдаас жийсэн. Тэгээд би тэр залуугийн баруун гарын эрхий хуруу хэсэгт нь зүсчхээд буцааж барьсан шилээ татаж байгаад баруун бөгс хэсэг рүү нь жинсэн өмдтэй юм чинь цоорчихгүй байх гэж бодоод баруун гартаа шилний хэлтэрхийг барьж байгаад 1 удаа зоож гэмтээсэн. Би тэр залуугаас дахин ямар учиртай хүн болох талаар асуухад “мэдэхгүй ээ, би ажлынх нь *** байна” гэж хэлэхээр нь би “чи тэр *** юм уу, манай эгч надад утсаа харуулдаг шүү дээ, манай эгч рүү шөнө орой залгаад, юм бичээд байдаг биз дээ” гэтэл тар залуу “үгүй” гэж хэлээд пээдэлзсэн байдалтай байсан. Тухайн үед би үнэхээр их уурласан байсан бөгөөд тэр залуутай хэрэлдэж байсан ч удалгүй эвлэрээд машинаа унаад яваад өгсөн... /1хх 8-9/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 8986 дугаартай “...***ын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /1хх 28-29/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 668 дугаартай “...***ын биед баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэний булчин өөхөн эдийг гэмтээсэн нийт 5 ширхэг хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ...” /1хх 71-73/ гэсэн дүгнэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 43-49/, “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №СБ2-23-582 дугаартай “...урьд буфер 120,000, баруун урд хаалга /гажаа гаргах/ 80,000, жолоочийн суудал 60,000, шууд зардал 260,000 төгрөг, 100 гр будаг тус мат лак 30,300, нийт зардал 290,300 төгрөг...” гэсэн дүгнэлт /1хх 31-35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн байх тул хохирогч ***ын өмгөөлөгч О.Санчирбалын “...Шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийг алах санаа зорилготойгоор халдсан идэвхтэй үйлдэл байсан. Анхан шатны шүүхээс гэмт этгээдийн эрүүгийн хуулийн субьектив шинжийг тодорхойлж чадаагүй бөгөөд түүний улмаас учрах хохирол, хор уршгийн шалтгаант холбоо нь ямар нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон үйл баримтад бодитой дүгнэлт хийж эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, шударга ёсны зарчмын дагуу хэргийг шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь хүнийг алахад чиглэсэн гэм буруугийн шууд, шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт үйлдэл нь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байх шинжийг агуулдаг. Хүнийг алахыг завдах гэдэг нь хохирогчийн амь насыг бусниулах, алах зорилго, сэдэлттэй хийсэн шүүгдэгчийн үйлдэл өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлын улмаас хүссэн үр дүндээ хүрээгүй таслан зогсоогдсон хууль зүйн ойлголт бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс ялган зүйлчлэхэд гэмт хэргийн зорилго, сэдэлт чухал ач холбогдолтой болно.  

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлж, дүгнэхэд: Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ***ы үеэл эгч /гэрч/ Б.*** нь хуучин ажлынхаа газрын хүмүүстэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шүүгдэгч рүү залгаж ирээд ав гэхэд шүүгдэгч нь завгүй байна, таксидаад хүрээд ир гэж хэлсэн, улмаар гэртээ хүргүүлэхээр ажлынхаа газрын хүн болох /хохирогч/ ***ыг дуудсан. Ингээд хохирогчийн машины урд талын суудалд суун гэрийнхээ ойролцоо ирэх үед шүүгдэгч *** нь гал асуухаар тухайн машин дээр очиж, үеэл эгчийгээ согтуу, тасарсан байдалтай байгааг хараад буруугаар ойлгож, хохирогч ***той маргалдан зодож, улмаар ир үзүүр бүхий зүйлээр хохирогчийн баруун сарвуу, баруун өгзөг, гуя, шилбэнд шарх буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон. 

Хохирогч *** нь намайг хутгаар хатгасан, зүссэн гэж мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагаагаар хутга мөн байсан эсэх, эсхүл шил мэт зүйл байсан эсэхийг тогтоож чадаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсанаар ир үзүүртэй зүйлээр гэмтэл учруулсан гэж үзсэнийг буруутган дүгнэх боломжгүй байхаас гадна дээрх нөхцөл байдал нь хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.  

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***ы үйлдэлд хохирогч ***ыг алах санаа, зорилго, сэдэлт агуулаагүй, харин үеэл эгч болох Б.***ын байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор түүнийг өмөөрсөн сэтгэхүйгээр бухимдан уурлаж, хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирлыг санаатай учруулсан байна.

Уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “онц харгис хэрцгий” гэх шинжид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөлийг хамруулан ойлгодог тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд, хохирогч ***ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/1062 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч ***ын өмгөөлөгч О.Санчирбалын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                          С.БОЛОРТУЯА