Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0789

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.М*******

Хариуцагч: Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, Б.О*******, Ц.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага

1.1.Нэхэмжлэгч М.М*******аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах-аар маргасан.

Хоёр. Маргаан бүхий тушаал гарсан үйл баримт

2.1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай тэмдэглэлээр тус шүүхийн Тамгын газрын дарга М.М******* нь ажлаа тасалж шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулж ажиллах нөхцлийг хангах чиг үүргээ тасалдуулсан, шүүхийн эд хөрөнгийг ажлын бус цагаар авч, хувийн хэрэгцээнд ашигласан үйл баримтыг уламжилж шийдвэрлүүлэх саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлжээ.

2.2.Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, шалгалтын удирдамжийг баталсан.

2.3.Ажлын хэсгээс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хяналт шалгалтын тайланг үйлджээ.

2.4.Дээрх ажлын хэсгийн тайлангаар М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй дотоод нэгжийг шалгаж, хариуцлага тооцох асуудлаар 3 санал гаргасан байна.

2.5.Ийнхүү маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Гурав. Шүүхэд хандсан тухай

3.1.Нэхэмжлэгч М.М*******аас маргаан бүхий актыг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШЗ2026/1603 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Дөрөв. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлдээ:

4.1.Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 тоот тушаалаар надад төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд байгууллагын өмчлөлийн ******* ******* улсын дугаартай Прадо автомашиныг хувьдаа ашигласан гэжээ. Миний бие тус тээврийн хэрэгслийг хувьдаа ашигласан зүйлгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн хувьд шууд эд хариуцагч нь шүүхийн жолооч боловч миний бие Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газрын даргын хувьд байгууллагын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. Тухайн үед олон өдөр үргэлжилсэн их хэмжээний бороо /цас/ орж байсны улмаас шүүхийн гаражийн дээврийн нуралт үүсэх эрсдэлтэй байдаг тул авто машиныг дарагдахаас сэргийлж гаражнаас гаргаж улмаар аюулгүй газарт байрлуулах талаар жолоочид үүрэг өгсөн бөгөөд энэ өдрүүдэд хувьдаа ашигласан эсэх нь жолоочийн замын хуудсаар нотлогдоно.

4.2.Мөн намайг 2025 оны 02 сарын 03-ны өдөр, 2025 оны 07 сарын 03, 04, 08-ны дугаар сарын 14, 15, 09 сарын сарын 08-ны өдөр чөлөө, томилолт аваагүй ажил тасалсан гэжээ. Миний бие ажил тасалсан зүйл үгүй болно. Миний бие 2014 оны 8 сард анх энэ албан тушаалд томилогдсон цаг үеэс энэ 11 жилийн хугацаанд ажлаа тасалж ажил хийдүүлэх үе байхгүй бөгөөд энэ хугацаанд хүүхэд төрүүлэх болон Ковидын цар тахлын үед л эмнэлэгт хэвтэж байснаас ажлаа хийлгүй алга болсон, олон хоногоор явсан зүйл байхгүй болно. Мөн ээлжийн амралтаа ч бүрэн эдэлж чадахгүй амрах ажиллахын хооронд явах цаг хугацаа байсан гэдгийг дурдах нь зүйн хэрэг гэж бодож байна. 2025.02.03-ны өдөр ямар учраас тухайн өдрөөр ажил тасалсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс" Шүүхийн захиргааны удирдах ажилтны сургалт, хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулж Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах талаар биечлэн ирэх албан бичиг, хөтөлбөрийн дагуу оролцож үүний зэрэгцээ байгууллагын авто машиныг оношлуулах, засвар үйлчилгээ хийх, хуваарилагдсан техник хэрэгсэл татан авсан. 2025.10.27-ны өдрийн сонсох ажиллагааны мэдэгдэл Шүүхийн Тамгын газрын дарга М.М*******ын ажлын цаг ашиглалтыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл систем (ЕРР хуучин, шинэ) дэх цагийн бүртгэлийн дэлгэрэнгүйгээс харахад нийт 431 өдөр ажиллахаас ирсэн /хоцорсон/ өдөр нь 97, бүртгэл дутуу өдөр нь 51, огт бүртгэл хийгдээгүй тасалсан гэх 251 өдөр буюу ажлын цаг ашиглалт хангалтгүй, албан үүргээ гүйцэтгэдэггүй зөрчил гаргасан байна гэж дурдсан байсан болно. Энэ нь бүхэлдээ системийн алдаа байсан болно. 2025.07.03-2025.07.04-ны Улаанбаатар хотод албан ажлаар явж байсныг ажил тасалсан гэжээ. Үүнд: 2025 оны 7 дугаар сарын 3 өдөр Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн гишүүний хувьд төлөөлөл оролцох боломжгүй байгаа талаар мэдэгдээд намайг оролцохыг хүсэн албан бичиг ирүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд оролцсон. Миний бие ажлын байрны тодорхойлолтын 6-р зорилтын 5-д заасны дагуу Төрийн албаны тухай хууль болон төрийн албан хаагчийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэм, журам, байгууллагын дотоод журам, төрийн албаны стандартыг мөрдөж хэрэгжүүлэх" гэх үндсэн чиг үүргийн хүрээнд "Төрийн албан хаагчдын үндэсний чуулган-д оролцож төрийн албаны хууль тогтоомж, дүрэм, стандартын өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээлэл олж авахаас гадна шүүхийн хүний нөөцийг хариуцан ажилладаг. 2025 оны 07 дугаар сарын 04 өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл дээр автомашин актлах, байрны төлбөр үлдэгдэл төлбөр болон дахин төлөвлөлтөд орох байрны талаар албан бичиг танилцуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мтэй болон зарим гишүүдтэй холбогдох асуудлаар уулзсан болно. Мөн өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очиж дээрх асуудлын талаар холбогдох хүмүүстэй уулзахаар албан ажлаар явсан болно. 2025 оны 08 дугаар сарын 14-15-ны өдрийн хувьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дундын шүүхийн ойн арга хэмжээг дээрх өдрүүдэд зохион байгуулж байгаа тул манай шүүхийн төлөөллийг албан ёсоор тус арга хэмжээнд урьсан.Миний бие урилгыг хүлээн авмагц байгууллагын дотоод чатаар тус арга хэмжээнд байгууллагыг төлөөлөн оролцох шүүгч, болон шүүхийн тамгын газраас төлөөлөл явах шаардлагатай байгаа тул оролцох боломжтой шүүгч тамгын газрын албан хаагчдаас санал авч тус ойн арга хэмжээнд шүүхийг төлөөлөн гардуулах бэлэг дурсгалын зүйлд хандивт мөнгө хураалгах талаар асуулга явуулсан. Шүүгч нараас төлөөлөл болоод явах хүн байгаа эсэх талаар асуухад хариу өгөөгүй тул миний бие өөрөө 8 дугаар сарын 14-ний өдөр ажил тараад явсан. 2025 оны 08 дугаар сарын 15-нд буюу Баасан гарагт Өвөрхангай аймгийн Хархорин сумын шүүхийн ойн арга хэмжээнд байгууллагын төлөөлөн нярав Т.Ц*******, бичиг хэргийн ажилтан Л.О, жолооч Г.Б нарын хамт оролцож бэлэг Баянхонгор аймаг дахь нийт шүүхийг төлөөлсөн бэлэг, дурсгалын зүйл гардуулаад 8 дугаар сарын 16-нд буцаж ирсэн болно. Байгууллагыг төлөөлөн оролцсон албан ёсны үйл ажиллагаанд оролцсоныг намайг ажил тасалсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие тус шүүхийн тамгын газрын даргын хувьд шүүхийг төлөөлөх, Баянхонгор аймаг дахь нийт шүүхийн ажил хэргийн нэр хүнд шүүх хоорондын хамтын ажиллагааг хангах үндсэн чиг үүргийн хүрээнд тус арга хэмжээнд албан ёсны урилгын дагуу хүрэлцэн очиж оролцсон болохоос хувь хүнийхээ хувьд баяр, наадам хөөж тус арга хэмжээнд очоогүй болно. Миний бие 2025 оны 09 сарын 08-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлын 24 хоногийн ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд 2025 оны 08 сарын 04-06, 08 сарын 18-аас 09 сарын 12-ны өдрүүдэд биеэр эдэлсэн. Энэ амралтын хугацаандаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс холбогдох албан хаагч нараа авчирч компьютер, принтерийг нэг бүрчлэн шалгаж авах чиглэл ирүүлсэн учир Нягтлан бодогч, мэдээлэл технологийн мэргэжилтэн жолооч нарын хамт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөл-өөс Баянхонгор аймаг дах шүүхийн тамгын газарт олгосон 10 ширхэг компьютер, 2 ширхэг принтер зэргийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтын 4-р зорилтын 8-д заасан шүүгч, ажилтны ажиллах нөхцөл бололцоог хангах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах гэж заасан чиг үүргийн дагуу ээлжийн амралттай байх хугацаандаа ажлаа хийж байсныг ажил тасалсан гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

4.3.Мөн тушаалд миний биеийн шүүхийн тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргасан гэжээ. Үүнд албан тушаалын тодорхойлолтын аль хэсэгт заасан ямар чиг үүргээ хэзээ, хэрхэн биелүүлээгүй, үүнийг ямар шалгуур үзүүлэлтээр хэн дүгнэж хангалтгүй хэмээн тооцсон, удаа дараа гэдэг нь хэдэн удаа дээрх байдлаар дүгнэлт гарсан зэрэг нь тодорхойгүй үндэслэлгүйгээр намайг буруутгасан дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.4.Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1742 тоот мэдэгдэх хуудсаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025.08.22-ны өдрийн -р тогтоол, тэмдэглэлд дурдсан гомдлын дагуу" Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 137 дугаар тушаалаар шалган тогтоох ажлын хэсгийг байгуулсан гэжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19.2-д 19.1.Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид "Зөвлөгөөн" гэх/ ажиллана. 19.2.Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Хуулийн тус зүйлд шүүгчдийн зөвлөгөөнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны асуудлаар болон шүүхийн өөрийн зохион байгуулалтын асуудлаар хуулиар тодорхой эрхийг олгосон. Харин шүүгчдийн зөвлөгөөн нь шүүхийн тамгын газрын асуудал эсхүл шүүхийн тамгын газрын дарга, албан хаагчийн асуудлаар хэлэлцэж тогтоол гаргах эрх хэмжээг хуулиар шүүгчдийн зөвлөгөөнд олгоогүй. Шүүгчид шүүн таслах ажиллагаатай хамааралгүй, шүүхийн захиргааны ажилд хэт хутгалдан оролцож хувь хүн рүү чиглэгдсэн асуудлаар зөвлөгөөний тогтоол гаргаж хүргүүлсэн нь шүүхийн ерөнхий зөвлөлд намайг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах талаар нөлөөлөл үзүүлсэн үйлдэл болно. Гэтэл Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөл нь тус тогтоолд үндэслэж шүүхийн тамгын газрын даргыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж буй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 69.1-д Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 69.1.1.бие даасан, хараат бус байх гэж заасныг зөрчсөн. Миний бие жил бүр МУЗГ-ын 2023 оны 08 дугаар сарын 23-ны 301 тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-д заасны дагуу жил бүрийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшинг шүүхийн ерөнхий зөвлөлөөр дүгнүүлж ирсэн. МУЗГ-ын 2023 оны 08 дугаар сарын 23-ны 301 тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам"-ын 6.6-д "Үнэлгээний баг нь үнэлгээний ангиллаас хамааран холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаарх саналыг төсвийн шууд захирагчид гаргана. 6.6.3."Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамрагдсан төрийн албан хаагчийн хувьд: д). төрийн албанаас халах (сүүлийн 2 жилийн үнэлгээгээр 3 удаа "Хангалтгүй" үнэлгээний ангилалд хамрагдсан)" гэж заасан. Гэтэл Баянхонгор аймгийн шүүхийн тамгын газрын хувьд 2024 онд 83,67 оноогоор хангалттай, 2025 онд 70,20 оноогоор ажил сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл дээрх журамд зааснаар хангалтгүй үнэлэгдсэн зүйл байхгүй байхад "төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулж буй нь үндэслэлгүй юм. Төрийн албаны тухай хуулийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж 48.1.1. өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах; 48.1.2. нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах; 48.1.3. албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах; 48.1.4. төрийн албанаас халах гэж заасан. Гэвч шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодит байдлыг зөв шалган тогтоогоогүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан зөрчлийн шинж байдал, анх давтан үйлдсэн зэргийг харгалзах, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын 2019.04.04-ны 36/32 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"- ын 1.4-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах зарчмыг баримтална. 1.4.2 сахилгын зөрчлийн шинж байдалд тохирсон гэж тус тус зааснаар сонгох боломжийг ч зөв хэрэгжүүлээгүй. Тус журмын 3.3-д Сахилгын шийтгэл оногдуулахдаа дараах зарчмыг баримтална 3.3.1 заасан "зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар", 3.3.2-д заасан "гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэр" 3.3.3 "албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түний үйлдэл эс үйлдэхүйн хоорондын хамаарал," 3.3.4-д "бусад албан хаагчдад үзүүлэх сөрөг нөлөө" 3.3.5 дах өмнө зөрчил гаргаж байсан эсэх, 3.3.6- дах "гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал", 3.3.7-д "зөрчлийн улмаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авсан эсэх" зэрэг нөхцөлийг харгалзан үзээгүй. Тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэж заасныг ишлэл болгон авчээ. Гэтэл намайг хэзээ ямар ёс зүйн зөрчил гаргасан талаар дурдаагүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн дагуу ёс зүйн хороо хуралдаж, шийдвэр дүгнэлт гаргаагүй.

4.5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 01/1675 тоот албан бичгээр "Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 137 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газарт удирдамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн болно. .... Уг ажлын хэсгийн тайланг хавсралтаар хүргүүллээ. Жич: Тайлантай танилцаж баталгаажуулан 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү. Хавсралт 6 хуудас",....... гэсэн зөвхөн тайлантай танилцах албан бичиг, 6 хуудас тайлан ирсний дагуу тайлантай танилцаж тайлантай танилцсан тухай баримтад гарын үсэг зурж хүргүүлсэн. Тайланд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй тухай нэг ч үг үсэг, өгүүлбэр байхгүй, ямар нэгэн дүгнэлт хийсэн болон дүгнэлт гэсэн үг өгүүлбэр огт байхгүй бөгөөд тайлангийн төгсгөл хэсэгт цаашид дээрх илэрсэн зөрчлүүдэд анхаарч, үйл ажиллагааг сайжруулан, холбогдох хууль болон журамд заасан арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнг нь тайлагнаж ажиллах шаардлагатай АЖЛЫН ХЭСЭГ гэсэн тайлантай танилцсан. Ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй, эсхүл үндэслэлгүй тухай дүгнэлт огт байгаагүй, тийм дүгнэлттэй огт танилцаагүй болно.

4.6.Мөн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 37.1.8-д өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх", 37.1.13- д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" гэж заасныг ишилсэн бөгөөд мөн ямар мэдлэг чадвар дутуу, ажлын ямар гүйцэтгэл дутуу, ямар үр дүн буруу гарган, албан тушаалын тодорхойлолтын ямар зорилго зорилтыг ямар байдлаар хангаагүй гэдгийг тодорхойлоогүй атлаа хийсвэрээр буруутгасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолоор "Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам-ыг баталсан. Журмын 4.5.6-д Тамгын газрын үйл ажиллагаанд 3 жил тутамд нэгээс доошгүй удаа биечлэн аудит хийсэн байна гэж заасан. Дээрх журамд заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Хээр ахлуулсан ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан №2024/02 тоот удирдамжийн дагуу Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн аудит, шалгалтыг 2024 оны 09 сарын 08-11 өдрүүдэд хийсэн. Биечлэн хийсэн аудит, шалгалтыг шүүхийн Тамгын газрын 2023, 2024 оны үйл ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2024 оны 79 дүгээр тушаалаар баталсан шалгуур үзүүлэлтийн дагуу Шүүхийн бие даасан байдал, Шүүхийн хүний нөөцийг удирдах, Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хууль ашиг сонирхлыг хамгаалах, Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах, Мэдээллээр хангах гэсэн чиглэл арга хэлбэрээр хийсэн дараах байдлаар үнэлэгдсэн. Үүнд: Шүүхийн бие даасан байдал 82.4, Шүүхийн хүний нөөцийг удирдах 92.8, Шүүхийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн хууль ашиг сонирхлыг хамгаалах 89.5, Шүүхийн төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах 91.3, Мэдээллээр хангах 85.5 тус тус үнэлэгдэж нийлбэр дүнгээр 88.3 буюу ХАНГАЛТТАЙ үнэлэгдсэн талаарх үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Б.Х нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилчдын хамт олны хуралд танилцуулсан. Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг ХАНГАЛТГҮЙ гэж үзсэн ямар нэгэн эрх зүйн баримт бичиг байхгүй атал тушаалд юуг үндэслэж газрын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг шүүхийн Тамгын удаа дараа гаргасан тул ." гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.7.Дээрх байдлаар Төрийн албаны тухай хуулийн 49.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэж заасан баталгааг зөрчсөн. Иймд Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026.01.27-ны өдрийн 15 тоот тушаалыг хүчингүй болгуулж, өөрийн биеийг урьд эрхэлж байсан ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг нөхөн гаргуулах, түүнд ногдох Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилтийг хийлгэхийг даалгуулж өгнө үү.

Тав. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, үндэслэлдээ:

5.1.Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.1-д "Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно. гэж, 2.2-д "Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан шалган тогтооно. гэж заасан.

5.2.Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн захиргааны байгууллага болох Шүүхийн Тамгын газрын үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, шүүхийг хэвийн ажиллах нөхцөлөөр хангах юм. Гэтэл уг үүргийг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга биелүүлэхгүй байгаа буюу "шүүхийн Тамгын газрын дарга М.М*******ын ажлын бус цагаар, олон хоногоор ажил тасалж, шүүхийн хөрөнгийг зөвшөөрөлгүй ашигласан... зэрэг үйлдлийн талаар баримт, мэдээллийг Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 2025.08.22-ны өдрийн дүгээр зөвлөгөөний тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.7 дахь заалтад заасан шүүгчдийн зөвлөгөөн аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуульд заасан бусад бүрэн эрхэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч М.М*******ын нэхэмжлэлд дурдсанаар ямар нэг хууль зөрчсөн үйлдэл биш юм. Тус мэдээллийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025.09.12-ны өдрийн "Албан томилолтоор ажиллуулах тухай 137 дугаар тушаалаар шалгалтын удирдамж, бүрэлдэхүүн, асуумжийг баталж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт ажиллахад шалгалтаар нийт 7 хуулийн, 22 зүйл, 14 хэсэг, 28 заалт, нийт 8 журмын 13 заалт, 33 дэд заалт зөрчигдсөн зөрчил илэрснээс зарим зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан бөгөөд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон дараах зөрчлүүд шалгалтаар тогтоогдсон.

5.3.2025 оны 08 дугаар сарын 03-аас 07-ны өдөр байгууллагын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгийг хувьдаа ашигласан зөрчил: Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д "албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших;"-ыг хориглоно гэснийг зөрчсөн нь Эцогт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Бы тайлбар, Шүүхийн жолоочийн 2025 оны 6, 7 дугаар сарын тооцооны хуудас, шүүхийн Тамгын газрын дарга, жолоочийн цагийн бүртгэл, жолооч Г.Бат-Эрдэнийн тайлбар, 2025.08.03-ны өдөр буюу Ням гарагт шүүхийн гараашнаас М.М******* нь тухайн машиныг авч явж байгаа гэрэл зураг, шүүхийн харуулын цагдаа Э.Бийн бичсэн рапорт, шүүхийн харуулын цагдаа Э.Бийн тайлбар, шүүхийн слесарь М.Сийн тайлбаруудаар Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.М******* нь шүүхийн эд хөрөнгө болох ******* ******* улсын дугаартай Прадо маркийн автомашиныг ажлын бус цагаар удаа, дараа хувьдаа ашигласан, мөн шүүхийн эд хөрөнгө болох асрыг хувьдаа ашигласан болох нь тогтоогдсон.

5.4.2025 оны 02 дугаар сарын 03, 07 дугаар сарын 03, 04, 08 дугаар сарын 14, 15, 09 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө, томилолт аваагүй ажил тасалсан зөрчил: Шүүхийн Тамгын газрын дарга М.М******* нь ажлын өдөр ажлын байрыг орхих бүрдээ ажил олгогчоос чөлөө, зөвшөөрөл авдаггүй, мэдэгдээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно", Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам"-ын 9.3-т "Тамгын газрын даргын бичгээр гаргасан хүсэлт, холбогдох баримтыг үндэслэн Ерөнхий зөвлөлийн дарга 5 хүртэлх хоногийн чөлөөг чөлөөний хуудсаар, 2 сар хүртэлх хугацааны чөлөөг тушаалаар, 2 сараас дээш хугацааг Ерөнхий зөвлөлийн тогтоолоор тус тус олгоно" гэж заасныг удаа дараа зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.4-т ээлжийн амралт эдлэх, зохих журмын дагуу хувийн чөлөө авах", 99.8-д "Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн ажлын жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно..." гэж заасны дагуу ээлжийн амралтаа хэсэгчлэн эдлэх талаарх чөлөө, хүсэлтээ албан ёсоор Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлээгүй.

5.5.Төрийн албаны тухай хуульд заасан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, байгууллагын дарга бусад албан хаагчийг манлайлах, санхүүгийн анхан шатны баримт үнэн зөв байх, цаг бүртгэлийн системд үндэслэн цалин олгох зэрэг хууль тогтоомжийг тогтмол зөрчдөг зөрчил илэрсэн. Үүнд: Баянхонгор аймгийн нийт албан хаагчдын цаг бүртгэлийн 2024, 2025 оны /хуучин болон шинэ ERP систем/ мэдээг системээс татан авч харьцуулан үзэхэд Шүүхийн Тамгын газрын дарга М.М******* /2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл систем (ERP хуучин, шинэ) дэх цагийн бүртгэлийн дэлгэрэнгүйгээс үзэхэд нийт 431 өдөр ажиллахаас ирсэн /хоцорсон/ өдөр 97, бүртгэл дутуу өдөр 51, огт бүртгэл хийгээгүй 251 өдөр байв. 2025 оны 08 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ирсэн байх боловч холбогдох журмын дагуу чөлөө аваагүй. Шүүхийн Тамгын газрын дарга М.М******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарын 2025 оны ээлжийн амралтын хуваарь болон түр орлон гүйцэтгэх албан хаагчдын нэрсийн жагсаалт батлах тухай" 15 дугаар тушаалаар 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 23 хоног ээлжийн амралт авахаар батлагдсан боловч цаг бүртгэлийн системийн бүртгэлээс харахад хуваарийн дагуу /2024/ 2025 онд ээлжийн амралт авсан талаарх мэдээллийг харах боломжгүй хэзээ амарсан хэзээ орсон гэх бүртгэл байхгүй.

5.6.Шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн зөрчил: Төрийн албаны тухай хуулийн 37 дүгээр зүйлийн 37.1.7-д "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;", 37.1.13-д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; гэснийг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам"-ын 7.1.9-д "шүүхийн эд хөрөнгийг хүчин төгөлдөр анхан шатны баримтад үндэслэн бүртгэх, нягтлан бодох бүртгэлийн программаас хэвлэсэн эд хариуцагчийн картыг эд хөрөнгөтэй тулган тооллого хийх, эзэмшил, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах;", 7.1.11-д шүүхийн эд хөрөнгийг шинээр бүртгүүлэх, бүртгэлээс хасах, ашиглалтын хугацаа дууссан, хугацаа дуусаагүй боловч цаашид ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг худалдах, шилжүүлэх, актлах, устгах саналыг төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулан төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх, шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах;", Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 451 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалтын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4-д "Шүүх, шүүгчийн үйл ажиллагаанд оролцохгүйгээр шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, холбогдох арга хэмжээг зохион байгуулах" чиг үүргийг тус тус биелүүлээгүй зөрчсөн болох нь дараах үндэслэлүүдээр тогтоогдсон:

5.7.Албан тушаалын тодорхойлолтод заасан Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлд хэргийн газрын үзлэгт шүүхийн Тамгын газраас автомашин гаргаж өгөөгүйн улмаас тус шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн ажилтны хувийн автомашинаар явсан. /Тайланд хавсаргасан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын эх хувь 2 хуудастай/ Тус ажилтанд бензинийг нөхөн олгож өгөөгүй. 2022 оны 02 дугаар сарын 05-ны Бямба гараг амралтын өдөр шүүхийн Тамгын газрын дарга М.М*******ын үүрэг болгосноор ажлын бус өдөр, албан ажлын хэрэгцээнээс өөр зориулалтаар шүүхийн Тамгын газрын жолооч Д.А нь шүүхийн Тамгын газрын эзэмшлийн Ниссан дастер автомашиныг түүний даалгавраар ажилд унаж явахдаа зам тээврийн осолд орж уг автомашин өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй болж, шүүхийн эд хөрөнгө засагдаагүй гараашинд 3 жил 7 сар болсон байна.Автомашины хохирлыг шүүхээс 25 сая төгрөгөөр тогтоосон байх бөгөөд эхний хохирлын мөнгө болох 17.928.500 / Арван долоон сая есөн зуун хорин найман мянга таван зуу/ төгрөгөөр автомашины сэлбэг авах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ХХК-тай байгуулсан байх боловч гэрээний 2.1 дэх заалтад бараа нийлүүлэх хугацааг 2023 оны 05 дугаар сарын 01 гэсэн байх буюу байгуулахаас өмнө сэлбэг нийлүүлсэн байхаар баталсан байх бөгөөд гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2025 оны 09 дүгээр сар хүртэл тус гэрээг дүгнэсэн акт байхгүй, автомашинд ямар нэг засвар хийгдээгүй. Шүүхийн Тамгын газрын даргаас үнэн зөв, хууль зүйн үндэслэлтэй хуулийн шаардлага хангах гэрээ байгуулаагүй байх бөгөөд нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй байна. Авлигатай тэмцэх газраас Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.М*******д холбогдох 171400033 дугаартай хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан албан тушаалын гэмт хэргийг агуулж байх боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь уг зүйл ангид заасан үлэмж хэмжээний хохирлын дүнд хүрээгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хааж, 2.751.818 төгрөгийг гаргуулан орон нутгийн төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна. Баянхонгор аймгийн прокурорын газрын прокурор Ж.Уээс ШЕЗ-ийн даргад хандан Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.М*******ын үйлдэлд ёс зүй, төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдохыг таслан зогсоох, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төсвийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэг чиглэл өгөх тухай Прокурорын 2017.12.25-ны өдрийн 856 дугаар мэдэгдэл ирүүлсэн. Шүүхийн үйлчилгээний албан хаагч Д.Ням-Эрдэнийг ажлаас үндэслэлгүй халсныг Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.15-ны №758, Баянхонгор аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.01.17-ны №02, Улсын Дээд шүүхийн 2017.4.18-ны өдрийн №459 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдсон. ШТГ-аас нийт 1.606.196 төгрөг гаргуулан Д.Нд олгуулахаар шийдвэрлэсэн. Баянхонгор аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.02-ны 131 дүгээр Захирамжаар 2.500.000 төгрөгийг М.М*******аас гаргуулахаар тохиролцсон эвлэрлийг баталсан. Шүүхийн захиргааны албан хаагч О.Оыг ажлаас үндэслэлгүй халсныг Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.23-ны №08, Баянхонгор аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.4.25-ны №245, Улсын Дээд шүүхийн 2018.9.12-ны өдрийн №311 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдсон. Баянхонгор аймгийн шүүхийн Тамгын газрын данснаас нийт 3.157.722 төгрөг О.Оад олгосон. О.Оыг ажил эргүүлэн аваагүй тул дахин Баянхонгор аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.4.24-ний өдрийн №347-р шийдвэрээр 5.112.526 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2022.01.13-ны өдрийн байдлаар М.М******* нь Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын үйлчилгээний албан хаагч жолоочид сахилгын шийтгэл ногдуулсан маргаан тус аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байна. Уг жолоочийг шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоосон.

5.8.Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас 2022, 2023 онуудад болон 2024 оны 09 дүгээр сард хийсэн хяналт-шинжилгээний Төсөв, санхүү, дэд бүтцийг удирдах чиг үүргийн хүрээнд нийсэн аудитын дүгнэлтээр "91,3 үнэлэгдсэн байх /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны архивын ХН-412, 97 дахь тал/ бөгөөд мөн оны 12 дугаар сард тус шүүхийн Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд гомдлын дагуу хийсэн хийсэн шалгалтаар дээрх зөрчлүүдийн шалтгаан нөхцөлийг судлан, буруутай албан тушаалтанд холбогдох хариуцлага ногдуулаагүй, шүүхийг хохиролгүй болгоогүй байна /Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны архивын ХН-415, 234 дэх тал/.

5.9.Төрд учруулсан хохирол болох албан тушаалын байдлаа ашиглан 2017 онд эрүүгийн хэрэг үүсгэгдэн прокурорын газраас тогтоогдсон завшсан орлого болох 2.751.818 төгрөг дээр шүүхийн Тамгын газрын 2 ажилтныг ажлаас үндэслэлгүй халсны хохирлын үлдэгдэл 11,391,193 төгрөг буюу нийт 14.143.011 төгрөгийг буруутай албан тушаалтан Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М. М*******аас гаргуулах нь зүйтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ. гэж, 103.2-т "Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна." гэж тус тус хуульчилсан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс гарсан дээрх удаа дараагийн хохирлыг шалган тогтоох, байгууллагыг хохиролгүй болгох, буруутай албан тушаалтны үйлдсэн зөрчилд тохирсон хариуцлага ногдуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгч М.М******* нь дээрх 2017- 2025 оны хугацаанд удаа дараа, давтан зөрчлийг давтан гаргаж байсан байна.

5.10.Түүнчлэн шүүгч, ажилтнуудын зүгээс нэхэмжлэгч М. М*******ын дээрх үйлдлүүд нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлдэг талаар ажлын хэсгийн тайланд дурдсан. М.М******* нь хэд хэдэн зөрчил гаргасан, өмнө адил төрлийн зөрчил гаргаж Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, цахим сайтуудад бичигдэж байсан, санаатай үйлдсэн, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж, ухамсарлаагүй зөрчлийг давтан, удаа дараа гаргасан.

5.11.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 137 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-д заасны дагуу шалгалтаар илэрсэн нөхцөл байдал, ажлын тайлан, дүгнэлт нийт 50 гаруй хуудас баримт, материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд тус тус танилцуулсан. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.6-д "Шалгалтаар албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл шалгагч үндэслэл, холбогдох баримт материалыг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулна." гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025.10.16-ны өдрийн "Тайлан хүргүүлэх тухай" 01/1675 дугаар албан бичгээр шалгалтын тайланг М.М*******д хүргүүлж тайлбар авсан. Үүний дараа Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагад нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025.10.27-ны өдрийн "Сонгох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж тайлбар авах тухай 01/1742 дугаар албан бичиг хүргүүлж хариу тайлбар авсан. Улмаар Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга М.М******* нь 2025 оны 08 дугаар сарын 03-аас 07-ны өдөр байгууллагын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгийг хувьдаа ашигласан, 2025 оны 02 дугаар сарын 03, 07 дугаар сарын 03, 04, 08 дугаар сарын 14, 15, 09 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө, томилолт аваагүй ажил тасалсан, шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.16 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.11 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.3.2, 1.3.3, 1.4.2, 1.6, 3.3, 3.4, 3.6, 6.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор баталсан "Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам"-ын 7.1.9, 7.1.11, 9.2.2, 9.2.3, 9.3, Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2023 оны хамт олны хурлаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам"-ын 8.1-г тус тус зөрчсөн байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 137 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн түүнийг төрийн албанаас халах" сахилгын шийтгэл ногдуулсан нь хариуцлага гарцаагүй байх, сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон.

5.12.Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д "Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй." гэж заасан бөгөөд Ажлын хэсэг дээрх зөрчлүүдийг 2025.09.15-ны өдрөөс 2025.09.18-ны өдрүүдэд ирлүүлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026.01.27-ны өдрийн 15-р тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд заасан хугацааны дотор байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт үнэлэлт, дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч М.М*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, М.М*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг зохих журмын дагуу нөхөн олгох болон эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгч М.М*******ыг 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдөр байгууллагын эзэмшлийн 0040******* улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгийг хувьдаа ашигласан, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 07 дугаар сарын 03, 04-ний өдөр, 08 дугаар сарын 14, 15-ны өдөр, 09 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө, томилолт аваагүй ажил тасалсан, шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

  1. Албаны унаа, байгууллагын эд хөрөнгө хувьдаа ашигласан гэх зөрчлийн тухайд:
    1. Маргаан бүхий тушаал гарах болсон нэг үндэслэл нь нэхэмжлэгч М.М*******ыг 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдөр байгууллагын эзэмшлийн 0040******* улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл болон эд хөрөнгийг хувьдаа ашигласан гэх үндэслэл ба нэхэмжлэгчээс албаны машин хувьдаа ашиглаагүй, бороо орж гражийн дээвэр нурах эрсдэлтэй тул жолоочид үүрэг өгч гражаас гаргасан гэж, хариуцагчаас албаны тээврийн хэрэгсэл хувьдаа ашигласан нь холбогдох тайлбар мэдүүлэг, хоногийн мэдээ, жолоочийн 6, 7 дугаар сарын тооцооны хуудас, фото зургаар тогтоогдсон гэж тус тус маргасан.
    2. Ажлын хэсгээс хийсэн ярилцлагын тэмдэглэл, шүүхийн харуулын цагдаа нарын хоногийн мэдээ, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд:

-2025 оны 08 дугаар сарын 03-04-ний өдрийн харуулын цагдаа Э.Бийн хоногийн мэдээнд үүрэг гүйцэтгэх хугацаанд гарсан зөрчилгүй гэж,

-2025 оны 08 дугаар сарын 06-07-ны өдрийн харуулын цагдаа Э.Пгийн хоногийн мэдээнд 20:01 цагт жолооч Г.Б шүүхийн албаны ******* ******* прадо маркийн тээврийн хэрэгслийг гражид байрлуулж, түлхүүрийг хүлээлгэн өгсөн гэж,

-2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Эцогт сумын хэсгийн төлөөлөгч, ахмад Б.Бтай хийсэн ярилцлагын тэмдэглэлд 2025 оны 06 дугаар сард Цагаан-Овооны тахилга наадам дээр шүүхийн прадо маркийн машин байсан, яг хэн унаж явсныг хараагүй, өмнө нь 2024 онд мөн тахилга наадамд тухайн машин явж байсан гэж,

-2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн харуулын цагдаа Э.Птэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд шүүхийн албаны 0040******* прадо маркийн машиныг М.М******* хувьдаа унадаг эсэх талаар сайн мэдэхгүй гэж,

-2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн харуулын цагдаа Э.Бтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд тухайн машиныг Эцогт сумын наадамд М.М******* унаад явж байна гэсэн мэдээллийг цагдаа нар ярьж байсныг сонсож байсан, ажлын болон амралтын өдрүүдэд М.М******* авч явах, оройтуулж авчирж байршуулах хоногоор авч явах зэргээр байнга л хувьдаа ашигладаг гэж,

-2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхийн Тамгын газрын жолооч Г.Бтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд бүтэн сайн өдөр бороо их орсон тул граж үер ус орох, нурах аюултай тул машинаа гэрийнхээ доод гражид хийсэн нь зөв гэж хэлсний дагуу би машиныг гэрийнхээ доод гражид байлгаж байгаад авч ирсэн, 2025 оны 06, 07 саруудад би тамгын газрын даргыг авч явж байгаагүй, дарга машиныг унадаггүй, шаардлагатай үед би л унадаг гэж,

-2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн гэрч Г.Бат-Эрдэнийн мэдүүлэгт ажлын гражид борооны ус ороод нуруу нь нурах магадлалтай гээд машиныг аваад өөрийнхөө гэрээ гадаа тавьсан байсан, өөр гражид хийх хэрэгтэй байна гэхээр нь би очиж аваад өөрийнхөө гэрийн доорх гражид тавьсан, бороо 1-2 өдөр үргэлжлээд орж байгаад тогтсон тул тэр гражид 2 хонуулаад буцааж ажлын гражид авчирч тавьсан гэж,

-2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн Тамгын газрын слесарь М.Содномдоржтой хийсэн ярилцлагын тэмдэглэлд 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн гражаас асар майхан зөөж өгөөрэй гэж Тамгын газрын дарга арьсан тул ачиж хийсэн, дараа нь дарга ирээд эвдэрсэн асрыг засуулья гээд авч явсан гэж тус тус мэдүүлжээ.

    1. Дээрх ярилцлага, мэдүүлгээс нэгтгэн дүгнэхэд, 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр М.М******* нь албаны тээврийн хэрэгслийг шүүхийн гражаас авч гарсан болон асар майханг авч явсан үйл баримт тогтоогдож байх боловч тухайн тээврийн хэрэгсэл, асар майханг хувьдаа ашигласан эсэх талаарх тайлбар мэдүүлгүүд зөрүүтэй, М.М*******ыг албаны тээврийн хэрэгсэл хувьдаа ашигладаг талаар мэдүүлсэн ярилцлага нь 2025 оны 08 дугаар сарын 03-07-ны өдрийн тухайд бус ерөнхий байдлаар буюу хэдний өдөр гэдэг нь тодорхойгүй, өөрийн биеэр харсан мэдсэн зүйлийг бус бусдын ярианаас сонссон зүйлийг уламжилсан, наадам дээр албаны унаа байхыг харсан ч хэн жолоодож байгааг нь хараагүй зэргээр 2025 оны 08 дугаар сарын 03-07-ны өдөр М.М******* албаны тээврийн хэрэгслийг хувьдаа ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
    2. Албаны өмч хөрөнгийг хувьдаа ашиглах ойлголтын тухайд тухайн хөрөнгийг байгууллагын үйл ажиллагааны зорилго, албан үүргийн зориулалтаас гадуур өөрийн эсхүл бусдад давуу байдал үүсгэх, ашиг олох, хувийн хэрэгцээг хангах зэргээр ашиглахыг ойлгох ба энэ тохиолдолд нэхэмжлэгч албаны тээврийн хэрэгсэл болон асар майханыг албан үүргийн зориулалтаас гадуур хэрхэн яаж хувийн хэрэгцээнд ашигласан болох нь тогтоогдохгүй байхаас гадна ажлын бус өдрөөр шүүхийн байрнаас гаргаснаар хувьдаа ашигласан гэж үзэх шууд үндэслэл болохгүй.
    3. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 15 дугаар тогтоолоор баталсан Авто машин хэрэглэх журам, 2015 оны 03 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан Албан тушаал, албан ажлын болон дуудлагын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт-аас үзэхэд шүүхийн Тамгын газрын дарга нь дуудлагын авто машин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан байх ба журмын 3.1, 3.3, 3.5, 3.7-д зааснаар Тамгын газрын дарга нь Тамгын газрын чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор захиалгын хуудасны үндсэн дээр дуудлагын машин буюу албаны унааг хэрэглэх зохицуулалттай.
    4. Маргаан бүхий тохиолдолд эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өөр гражид байрлуулсныг автомашин хэрэглэсэн гэж үзэхгүй, авто машин захиалгын хуудаст авто машин захиалах шаардлага үүсээгүй гэж үзэхээр байна.
    5. Мөн 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэж гараар бичиж тэмдэглэсэн фото зураг нь хэн, хэзээ, яаж баримтжуулсан болох нь эргэлзээ бүхий, хяналт шалгалтын тайланд шүүгч н.Ганчимэгийн дарсан зураг гэж тэмдэглэсэн боловч энэ талаарх баримт байхгүй, хувийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа нь фото зургаар нотлогдохгүй байна.
    6. Түүнчлэн харуулын цагдаа Э.Бтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлд ажлын болон амралтын өдрүүдэд М.М******* авч явах, оройтуулж авчирж байршуулах хоногоор авч явах зэргээр байнга л хувьдаа ашигладаг гэж мэдүүлсэн нь жолооч Г.Бат-Эрдэнийн шаардлагатай үед би л унадаг гэх тайлбар мэдүүлгээс зөрүүтэй, ийнхүү зөрүүтэй тайлбар мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг буруутгасан, нэхэмжлэгч албаны унааг хэзээ, хэрхэн, яаж хувьдаа ашигласан болох нь бусад баримтаар тогтоогдоогүй болно.

 

  1. Чөлөө томилолт аваагүй, ажил тасалсан гэх зөрчлийн тухайд:
    1. Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгч М.М*******ыг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 07 дугаар сарын 03, 04-ний өдөр, 08 дугаар сарын 14, 15-ны өдөр, 09 дүгээр сарын 08-ны өдөр чөлөө, томилолт аваагүй ажил тасалсан гэжээ.
    2. Ажил тасалсан гэх 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тухайд нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөл дээр удирдах ажилтны сургалт, хэлэлцүүлэгт оролцсон, автомашин засуулахаар авчирсан байсан ба төлбөрийн гүйлгээнээс болж саатсан гэж, хариуцагчаас шүүгчийн сонгон шалгаруулалтад материалаа өгөөд явж байсан, чөлөө авах ёстой байсан гэж маргасан.
    3. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны сургалт хэлэлцүүлгийн хөтөлбөр, ирцийн бүртгэлээс үзэхэд М.М******* нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр буюу баасан гарагт тус арга хэмжээнд оролцсон, өглөө 09 цагаас оройн 23 цаг хүртэл хөтөлбөрийн дагуу хуваарьтай, тухайн өдрөө Баянхонгор аймаг руу буцах боломжгүй байсан байна. Үүний дараах өдөр 2025 оны 02 дугаар сарын 01,02-ны өдөр нь бямба, ням гараг буюу амралтын өдөр байсан, тус өдрүүдэд орон нутаг руугаа буцах боломжтой байсан байна.
    4. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны сонгон шалгаруулалтын баримт материал хүлээн авсан бүртгэлээс үзэхэд М.М******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хувийн шалтгаанаар буюу шүүгчийн сонгон шалгаруулалтад материалаа өгөхөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ирсэн болох нь тогтоогдож байна.
    5. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам-ын 9.3-т зааснаар шүүхийн Тамгын газрын дарга нь ажлын цагаар хувийн хэрэгцээгээр 5 хүртэл хоногийн чөлөөг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас чөлөөний хуудсаар авах зохицуулалттай.
    6. Энэ тохиолдолд нэхэмжлэгч М.М******* нь хэдийгээр дээд шатны байгууллага нь байрлаж буй байран дээр ирсэн хэдий ч ажлын цагаар хувийн зорилгоо гүйцэлдүүлэхээр шүүгчийн сонгон шалгаруулалтад материалаа өгөхөөр ирсэн байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас чөлөө авах ёстой байжээ.
    7. Ажил тасалсан гэх 2025 оны 07 дугаар сарын 03,04-ний өдрийн тухайд нэхэмжлэгчээс албан бичиг ирсний дагуу төрийн албан хаагчдын нэгдсэн чуулганд төлөөлж оролцсон, зөвлөлийн даргатай албан ажлаар уулзсан гэж, хариуцагчаас удирдлагад мэдэгдэж томилолт авах ёстой, ажлын байрыг эзгүй орхиж байгаа бол түр орлон гүйцэтгэгч томилох асуудал яригдана гэж маргасан.
    8. Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 113 тоот албан бичгээр шүүхийн Тамгын газрын дарга М.М*******д Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд оролцохыг уламжилсан байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 280 дугаар тогтоол, чуулганы хөтөлбөр зэргээс үзэхэд тус чуулган нь 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 08:30 цагаас 17:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулагджээ.
    9. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Мийн гэрчийн мэдүүлэгт 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр М.М*******тай Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд уулзсан, ажил хэргийн уулзалт байсан гэж мэдүүлснээр М.М******* нь түүний удирдах албан тушаалтантай албаны асуудлаар уулзалт хийсэн болох нь тогтоогдож байна. Орон нутагт ажиллаж буй шүүхийн Тамгын газрын даргын хувьд мэргэжил арга зүйн зөвлөгөө авах, удирдлагатайгаа албан ажлаар уулзах, асуудал шийдвэрлүүлэх тохиолдолд хот хооронд зорчих шаардлагатай байдгаараа онцлогтой.
    10. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 /төрийн албан хаагчид нөхөн төлбөр олгох/, 61 дүгээр зүйлийн 61.1.3 /төрийн албан хаагчийн нийтлэг баталгаа/ дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 08 дугаар тогтоолоор баталсан Шүүгч ажилтанд албан томилолт олгох журам зэргээс үзэхэд албан томилолтын хуудасны зорилго нь ажилтан албан үүргээ гүйцэтгэхээр байгууллагын байрлах газраас өөр газар явж ажиллахыг баталгаажуулж, түүнд холбогдох зардлыг нөхөн олгох үндэслэл юм.
    11. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцоход болон удирдлагатай албан ажлын хүрээнд уулзалт хийхэд заавал томилолт авахыг шаардахгүй, мөн хувийн чөлөө авах асуудал биш байна.
    12. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.2-т төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулсан, түүнд М.М******* оролцсон нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.10-т шүүхийн захиргааны албыг удирдаж, энэ талаар Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах, 86 дугаар зүйлийн 86.1.1-т энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан Тамгын газрын хуулиар тусгайлан заасан үндсэн чиг үүрэгт хамаарч байна.
    13. Мөн нэхэмжлэгч удирдлагатайгаа уулзах нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.8-д шүүхийн Тамгын газар, шүүхийн тусгай архивт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх... гэж заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарна.
    14. Нэхэмжлэгч 2025 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн, удирдлагатайгаа уулзахын тулд хот хооронд зорчих шаардлага үүссэн, энэ нь хувийн чөлөө авах үндэслэлд хамаарахгүй, төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө гарсан зардлыг нөхөн авах нийгмийн баталгаагаа эдлээгүйн төлөө түүнийг буруутгах нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.
    15. Ажил тасалсан гэх 2025 оны 08 дугаар сарын 14,15-ны өдрийн тухайд нэхэмжлэгчээс Хархорин сум дахь сум дундын шүүхийн ойд буюу албан ёсны арга хэмжээнд төлөөлж оролцоод ирсэн гэж, хариуцагчаас удирдлагад мэдэгдэж томилолт авах ёстой гэж тус тус маргасан.
    16. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03/114 тоот албан бичгээр ирүүлсэн тус шүүхийн ойн баярын хөтөлбөр, ойн баярт оролцогчдын жагсаалт, гэрч Б.Ц*******, Л.О, Г.Б нарын мэдүүлгээс үзэхэд М.М******* нь маргаан бүхий өдрүүдэд шүүхийн ойн баярын арга хэмжээнд урилгын үндсэн дээр оролцжээ.
    17. Энэхүү арга хэмжээ нь ойн баярын арга хэмжээний хүрээнд хүндэтгэл үзүүлэх зорилготой, Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан чуулганы арга хэмжээнээс ялгаатай, хуульд заасан төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд зохион байгуулагдаагүй боловч уг хүндэтгэлийн арга хэмжээнд нэхэмжлэгч албан байгууллагаа төлөөлж, албан тушаалтныхаа хувьд оролцсон байна.
    18. Үүнээс үзэхэд уг арга хэмжээнд оролцсон нь томилолт олгох, хувийн чөлөө авах харилцаанд аль алинд нь хамаарахгүй, холбогдох хууль болон журмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор өөр орон нутагт ажиллах бол томилолт олгох, хувийн хэрэгцээ шаардлага үүссэн бол чөлөө олгох харилцааг зохицуулсан, энэ тохиолдолд хэрхэхийг холбогдох хууль, журмаар нарийвчлан зохицуулаагүй байна.
    19. Ажил тасалсан гэх 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тухайд нэхэмжлэгчээс ээлжийн амралттай байсан ч ажиллаж байсан, зөвлөлөөс тоног төхөөрөмж хүлээж авсан гэж, хариуцагчаас ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй, томилолт авах ёстой гэж тус тус маргасан.
    20. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар тушаалаар Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарын 2025 оны ээлжийн амралтын хуваарийг баталсан, М.М******* нь 5-6 дугаар сард ээлжийн амралтаа эдлэх хуваарьтай, нэхэмжлэгчийн хувьд эрх бүхий этгээдээс ээлжийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулаагүй болох нь тогтоогдсон.
    21. М.М*******д ээлжийн амралт олгох тухай мэдэгдэлд 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхийг мэдэгдсэн байх бөгөөд энэ нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам-ын 1.3-т Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийн дагуу энэхүү журмын нэгдүгээр хавсралтаар баталсан "Ээлжийн амралт олгох мэдэгдэл"-ийг байгууллагын холбогдох нэгж болон ажилтанд олгоно гэж заасантай нийцээгүй байна.
    22. Тодруулбал, ээлжийн амралтын мэдэгдэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаас баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу гарах ёстой, хуваарьт өөрчлөлт оруулаагүй байхад, ээлжийн амралтын мэдэгдлийг хуваарийн дагуу бус, үндэслэлгүйгээр мэдэгдлийг өөрчилж гаргасан гэж үзнэ.
    23. Иймд нэхэмжлэгчийн ээлжийн амралттай байсан тул ажил тасалсан гэж үзэхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй, нөгөөтэйгүүр 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуваарь ёсоор албаны чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байхад зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн ээлжийн амралттай байсан ч ажлаа хийж байсан гэх тайлбар, үндэслэлгүйгээр олгосон ээлжийн амралт олгох тухай мэдэгдлээр тогтоогдож байна.
    24. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн хажуугаар ажиллах ёстой өдрөө үндэслэлгүйгээр ээлжийн амралт эдэлсэн, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тоног төхөөрөмж хүлээн авснаас бусад цагт ажил тасалсан гэж үзэх үндэслэлтэй.
    25. Түүнчлэн үндэслэлгүйгээр ээлжийн амралтын мэдэгдэлд өөрчлөлт оруулсан нь өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
    26. Чөлөө томилолт аваагүй, ажил тасалсан гэх зөрчлийн тухайд нэгтгэн дүгнэхэд маргаан бүхий актад ажил тасалсан гэж үзсэн өдрүүдээс 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр болон 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч М.М******* нь холбогдох хууль журамд заасны дагуу чөлөө аваагүй, ажил тасалсан болох нь тогтоогдож байна.

 

5.Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн тухайд

    1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 137 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, шалгалтын удирдамжийг баталсан.
    2. Ажлын хэсгээс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 18-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газарт ажиллаж, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хяналт шалгалтын тайланг үйлджээ.
    3. Уг тайлан, түүний бүтцээс үзэхэд үндсэн 5 чиглэлийн хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлж, чиглэл тус бүрээр болон нэгдсэн дүгнэлт хийж, төгсгөлд нь нэгдүгээрт сахилгын шийтгэл ногдуулах, хоёрдугаарт байгууллагад учирсан хохирлыг барагдуулах, гуравдугаарт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй дотоод нэгжийг шалгаж, хариуцлага тооцох асуудлаар санал гаргасан байна.
    4. Сахилгын шийтгэл ногдуулах саналд Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзсэний дотор хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэжээ.
    5. Маргаан бүхий тушаал нь дээрх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн, ингэхдээ албан тушаалын тодорхойлолтод заасан аль чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй болохыг заагаагүй ба шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад ажлын хэсгийн тайлангийн 6 дугаар талд дурдсан зөрчил №6,7-д заасан асуудал нь нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 3-т заасан чиг үүрэг, 3 дугаар зорилтын 3-т заасан чиг үүрэг, 4 дүгээр зорилтын 5, 6, 7-д заасан чиг үүрэгт хамаарна гэж тайлбарласан.
    6. Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас албан тушаалын тодорхойлолтод заасан аль чиг үүргийн хэрэгжилтийг хангаагүй тухайд удаа дараа тодруулсан ба маргаан бүхий актын үндэслэлд ажлын хэсгийн тайлангийн 6 дугаар талд дурдсан №6,7-д дурдсан зөрчлийг л үндэслэсэн, тайланд дурдагдсан албан тушаалтын тодорхойлолттой холбоотой бусад асуудлыг үндэслээгүй гэснийг тусгайлан тэмдэглэв.
    7. Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын эзэмшлийн улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт зорчиж явахдаа улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж осолдсон байх бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0463 дугаар шийдвэрээр улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, шүүхийн Тамгын газрын эзэмшлийн улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирсан болох нь тогтоогдсон үндэслэлээр гэм хорын хохиролд 25,803,388 төгрөгийг буруутай жолоочоос гаргуулж, Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт олгохоор шийдвэрлэжээ.
    8. Уг шүүхийн шийдвэрийн дагуу буруутай жолооч Д.Дүгэрсүрэнгээс 25,803,300 төгрөгийг төлж барагдуулсан байх ба шүүхийн Тамгын газрын дарга М.М******* ХХК нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Авто машины сэлбэг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г байгуулсан, ХХК-аас авто машины сэлбэгт 17,928,500 төгрөг нэхэмжилснийг шүүхийн Тамгын газраас 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн байна.
    9. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүхийн Тамгын газрын эзэмшлийн улсын дугаартай Renault Duster-HS маркийн тээврийн хэрэгсэл нь одоог хүртэл хэвийн ашиглалтад ороогүй, шүүхийн Тамгын газраас Авто машины сэлбэг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г дүгнээгүй үйл баримтууд тогтоогдсон.
    10. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.18-д шүүхийн тээвэр, холбоо, мэдээлэл шинжилгээ, программ хангамж, тэдгээрийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээг зохион байгуулах, 74 дүгээр зүйлийн 74.1.2-т шүүхийн төсвийг зориулалтын дагуу хуваарилан, төсвийн гүйцэтгэлийг үр ашигтай зохион байгуулах, 74.1.7-д шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах, 86 дугаар зүйлийн 86.1-т Шүүхийн Тамгын газар захиргааны удирдлагын дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:, 86.1.1-т энэ хуулийн 71, 72, 73, 74, 75 дугаар зүйлд заасан чиг үүргийг тухайн шүүхэд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 86.1.6-д шүүхийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг зохион байгуулж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах арга хэмжээг авах гэж тус тус заажээ.
    11. Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 451 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын

-4 дүгээр зорилтын 5-д Батлагдсан төсвийн хүрээнд шүүхийн төсөв санхүүг удирдах, төсвийг хуулийн дагуу үр ашигтай захиран зарцуулах

-4 дүгээр зорилтын 6-д Шүүхийн үндсэн хөрөнгө олж авах, балансаас балансад шилжүүлэх, актлах ажлыг холбогдох хууль журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулан Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлэх,

-4 дүгээр зорилтын 8-д Шүүгч, ажилтны ажиллах нөхцөл бололцоог хангахад шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, тээвэр холбоо, программ хангамжаар хангах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах гэж тус тус албан тушаалын гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлсон.

    1. Үүнээс үзэхэд шүүхийн Тамгын газар нь өөрийн эзэмшил, ашиглалтад буй хөрөнгө буюу тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийлгүүлэх, засвар үйлчилгээтэй холбоотой төсвийг үр ашигтай зарцуулах, эд хөрөнгийн бүртгэл тооллого хийх, хэвийн ажиллагааг хангах эсхүл актлах зэргээр холбогдох ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй байх ба энэ нь шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэгт хамаарч байгаа болно.
    2. Маргаан бүхий тохиолдолд М.М*******аас тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хийлгүүлэхээр гэрээ байгуулж, холбогдох зардлыг шилжүүлсэн боловч гэрээний хэрэгжилт хангагдаагүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь ашиглалтад ороогүй, хэвийн ашиглалтад оруулах боломжгүй бол тухайн эд хөрөнгийг журмын дагуу актлах арга хэмжээ аваагүй, төсвийг үр ашиггүй зарцуулсан зэргээр албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 5, 6, 8-д заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан байна.

 

  1. Маргаан бүхий актын үндэслэлийн тухайд
    1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлд хориглох үйл ажиллагааг зохицуулсан ба эдгээрийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах зохицуулалттай, ингэхдээ хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т заасан сахилгын шийтгэл ногдуулах журмыг баримтлах учиртай.
    2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ыг баталсан, уг журам нь 2026 оны 100/60 дугаар тушаалаар хүчингүй болсон боловч маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан тул 2019 онд батлагдсан журам энэхүү маргаанд хэрэглэгдэнэ.
    3. Журмын 2.1-т зааснаар сахилгын зөрчлийн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болох ба энэ тохиолдолд Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай тэмдэглэлийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлснийг тус шүүхийн Тамгын газрын дарга М.М*******ыг зөрчил гаргасан талаар мэдээлэл ирүүлсэн гэж үзнэ.
    4. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-т зааснаар Шүүгчдийн зөвлөгөөн нь шүүхийн дотоод ажлын зохион байгуулалтыг тогтоох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй ба шүүхийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь шүүхийн дотоод ажлын зохион байгуулалтад хамаарна, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тэмдэглэлд асуудлыг уламжилж мэдээлэл хүргүүлсэн байх тул уг мэдээлэлд үндэслэн хариуцагчаас шалгалт явуулсныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн шүүхийн захиргааны байгууллагын хараат бус байдалд нөлөөлсөн талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
    5. Шалган тогтоох ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлсэн бөгөөд ажлын хэсгийн 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тайлангаар журмын 2.5.2-т заасан сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлтийг гаргажээ.
    6. Ажлын хэсгийн тайлан нь гадна харагдах хэлбэрийн хувьд санал гаргасан шинжтэй боловч агуулгын хувьд М.М*******д сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлтийг гаргасан гэж үзэхээр, хэлбэрийн шаардлага хангаагүй нь сахилгын шийтгэл ногдуулах агуулгыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
    7. Маргаан бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаал нь албаны эд хөрөнгө хувьдаа ашигласан, чөлөө томилолт аваагүй ажил тасалсан, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийг удаа дараа гаргасан үндэслэлээр М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
    8. Энэхүү шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 4, 5 дахь хэсэгт тушаалын үндэслэл болсон зөрчлийн тухайд тус тус дүгнэсэнчлэн М.М******* нь албаны эд хөрөнгө хувьдаа ашигласан нь тогтоогдоогүй, чөлөө зөвшөөрөл аваагүй ажил тасалсан зөрчлийн тухайд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр журмын дагуу чөлөө аваагүй, ажил тасалсан болох нь тогтоогдсон, 2025 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдөр, 08 дугаар сарын 14, 15-ны өдөр ажил тасалсан нь тогтоогдоогүй, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийн тухайд албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 5, 6, 8-д заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
    9. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заажээ.
    10. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчлийн тухайд сэлбэг нийлүүлэх гэрээг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан, төлбөрийн гүйлгээг 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хийсэн, үүнээс хойш сахилгын шийтгэл ногдуулах хүртэл 24 сарын хугацаа өнгөрсөн байна. Мөн хариуцагчаас зөрчлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 19-ний өдөр хүртэл хийсэн хяналт шалгалтаар илрүүлсэн, илрүүлснээс хойш 6 сарын хугацаа өнгөрөөгүй гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн байх тул тухайн зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагчаас сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийг илрүүлсэн болон зөрчил гаргасан хугацааг аль алиныг нь харгалзах үзэх ёстой байна.
    11. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасан сахилгын шийтгэл ногдуулах харилцааг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-аар нарийвчлан зохицуулсан ба уг журмын 6.1-т зааснаар албан хаагч сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албан хаагчийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулжээ.
    12. Нэхэмжлэгч М.М*******ын хувьд зарим зөрчил нь тогтоогдоогүй, сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдсон ба 2 өдөр чөлөө аваагүй ажил тасалсан зөрчилд холбогдуулан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй, түүний зөрчлийн шинж байдалд тохироогүй гэж үзэхээр байна.
    13. Тодруулбал, журмын 4.1, 5.1, 6.1-д зааснаас үзэхэд сахилгын зөрчил анх удаа гаргасан бол сануулах, сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаанд сахилгын зөрчил гаргасан бол цалин бууруулах, удаа дараа сахилгын шийтгэл хүлээж, шийтгэлтэйд тооцох хугацаанд зөрчил гаргасан бол халах, ингэхдээ мөн зөрчлийн шинж байдлыг харгалзахаар зохицуулсан.
    14. М.М******* өмнө нь сахилгын шийтгэл хүлээж байсанч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж зааснаар сахилгын шийтгэлтэйд тооцох хугацаа өнгөрсөн, сахилгын шийтгэлгүй гэж үзэх тул журмын 6.1-д заасан удаа дараа шийтгэл хүлээсэн гэх нөхцөлийг хангахгүй байна.
    15. Мөн 2 өдөр журмын дагуу чөлөө авалгүй ажил тасалсан үйлдэл нь төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
    16. Иймд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр журмын дагуу чөлөө аваагүй, ажил тасалсан үйлдэл нь төрийн албанаас халах хэмжээний сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй, хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд нь тохирсон буюу төрийн албанаас халах сахилгын шийтгэлээс өөр төрлийн /хөнгөн/ сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрч байх тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
    17. Түүнчлэн хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгчийн ээлжийн амралтын мэдэгдэлдээ үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулсан үйлдэл, 2 өдөр ажил тасалсан үйлдэл, түүний үр дагавар, шинж байдлыг харгалзан сонсох ажиллагааг явуулсны үндсэн дээр сануулах эсхүл цалин бууруулах шийтгэл ногдуулах асуудлыг шийдвэрлэхийг дурдах нь зүйтэй.
    18. Шүүхээс нэхэмжлэгч М.М*******д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг үндэслэлгүй болохыг тогтоож, өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулах асуудлаар дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн тул түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагч дахин шинэ акт гаргахдаа ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаас хамаарч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгох болон эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхдөө зохих журмын дагуу хасаж тооцох үндэслэлтэй байна.
    19. Нэхэмжлэгч дээрх өдрүүдэд журмын дагуу чөлөө аваагүй ажил тасалсан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.11, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.16, 48 дугаар зүйлийн 48.1, 48.4, 48.5, 48.7, 48.10-т заасныг тус тус баримтлан М.М*******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, М.М*******ыг Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон нөхөн олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар тушаал хүчингүй болох ба энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дахин шинэ акт гаргах хугацааг тооцохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОДМАА