Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 568

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал

хохирогч Д.Э

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

Бд холбогдох эрүүгийн 1803002840205 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Гурванбилэг их дэлгүүрийн хойд замд 2018 оны 03 дугаар сарын 31-ний шөнийн 01 цаг 35 минутын үед Тоёота Приус маркийн 20-02 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 13.1 Явган хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Эг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б ”Би мөрдөн байцаалтанд бүх мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйл байхгүй байна. Би өөрийн анхаарал болгоомжгүйгээс болж осол гаргачихлаа. Хохирогчийн хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Одоогоор миний санхүүгийн боломж хүндхэн байна. 1-2 сарын хугацаа өгвөл үлдсэн хохиролыг төлчихнө” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э”Одоогоор миний мөр, бугалга эдгэж өгөхгүй байна. Миний эмчилгээний зардалд 2.466.704 төгрөг зарцуулагдсан. Үүнээс 1.500.000 төгрөгийг Б төлсөн. Одоо үлдэх 966.704 төгрөгийг нэхэмжилнэ. Би сард 1.300.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Энэ осолд орсноос болж 2 сар ажлаа хийж чадаагүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалинд нийт 2.600.000 төгрөг нэхэмжилж байна. Би 6 сарын дараа дахин хагалгаанд орно” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Эмөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 01 цаг 30 минутын үед би БГД-ийн Гурванбилэг их дэлгүүрийн хойд талын замын урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал замын зүүн талаас баруун тийш явж байсан машин гэнэт гарч намайг мөргөснөөс болж газар шидэгдэж унасан. Дараа нь би түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Намайг зам руу орох гэж байхад замын 3-р эгнээгээр суудлын машин ирж намайг хараад зогсож зам тавьж өгөхөөр нь би зам руу ороод замын 2-р эгнээнд явж байтал 3-р эгнээнд зогссон машины цаад талаар нэг машин зогсолгүй гэнэт гарч ирээд намайг мөргөсөн. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Би зам хөндлөн гарахдаа ганцаараа гарч байсан. Миний баруун гар хугарсан байгаа. Зам хөндлөн  гарч байсан замд машины хөдөлгөөн сийрэг, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй харагдаж байсан гадаа цаг агаар тогтуун сайхан байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Энэ хугацаанд би өөрийнхөө эмчилгээний зардлыг бүгдийг нь би өөрөө төлсөн байгаа. Энэ жолоочооос эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилж байна. /хх-ийн 16-17/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагч Т.Мөнхбаяр мөрдөн байцаалтанд: Тоёота Приус маркийн 20-02 УНР улсын дугаартай машин нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Анх 2017 оны 12 дугаар сард Ариг банкны зээлээр хувь хүнээс 14.500.000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. Би энэ машиныг анх авахдаа 5.500.000 төгрөгийг өөрөө төлсөн, харин Ариг банкнаас 9.000.000 төгрөгийг нь төлсөн байгаа. Би энэ ослыг осол гарсан өдрийн маргааш нь мэдсэн. Би Бын ээжтэй нь сүүлд суусан хойд аав нь байгаа юм. Осол гардаг өдрийн орой Д.Б нь надаас машинаа түр өгөөч би юманд явчихаад ирье гэж гуйхаар нь машинаа өгсөн юм. Миний машины урд салхины шил цуурсан байсан. Д.Б шинэ шил аваад өгсөн  өөр ямар нэгэн эвдрэл байхгүй тул миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. Миний машиныг барьж яваад осол хийснээрээ бусдад учруулсан хохиролоо Д.Б өөрөө төлөх ёстой гэж би үзэж байна. /хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Иргэний хариуцагчаар Ариг банкны эдийн засагч М.Билгүүн мөрдөн байцаалтанд: Энэ машин Ариг банкны эзэмшлийн  машин байгаа юм. Анх 2017 оны 12 дугаар сард манай банкны автомашин худалдан авах зээлээр 2 жилийн хугацаатай хувь хүн иргэн Мөнхбаярт фидуцийн гэрээгээр худалдан авсан машин байгаа юм...Манай банкны гэрээнд заасны дагуу уг хохирлыг банк хариуцахгүй харин зээлдэгч хувь хүн гаргасан эрсдэл болон бусдад учруулсан хохирлыг хууль болон гэрээний дагуу өөрөө бүрэн хариуцах болно. /хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4784 дугаартай “Д.Эын биед баруун гарын атгаал, богтос ясны хугарал, бүсэлхий хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой ба хэрэг болсон гэх  цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 56/ гэсэн дүгнэлт,

Замын цагдаагийн албаны шинжээчийн 292 дугаартай: Тоёота-Приус маркийн 20-02 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д Явган хүний зохицуулагдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Д.Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.                                                                                                                                                                                         Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /хх-ийн 69/ гэсэн дүгнэлт,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 25072 дугаартай шинжээчийн:

Уг автомашиныг тоног төхөөрөмжөөр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, баруун гар талын ойр болон хол, зүүн гар ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Мөн автомашины урд болон хойд дугуйнуудын хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Харин автомашины ерөнхий байдал иж бүрдэлийн хувьд баруун талын толь хугарсан, урд салхины шил баруун доод хэсгээрээ 30х10см хагарч бяцарсан, зүүн талын холын гэрэл асахгүй эвдрэл гэмтэлтэй байна.

Уг тээврийн хэрэгслийн баруун талын толь хагарсан, урд салхины шил баруун доод хэсгээрээ 30х10см хагарч бяцарсан, зүүн талын холын гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

 Уг автомашины зүүн талын гэрэл асахгүй байгаа нь уг осол тогтоолд дурьдсанаар шөнийн 01:30 минутын үед болсон учир зам тээврийн осолд харагдах орчинг хязгаарлах байдлаар нөлөөлж болох хэдий ч осол болсон орчны гэрэлтүүлэг, мөн замын хөдөлгөөний дүрэм зэргээс хамаараад хэрхэн яаж нөлөөлөхийг тогтоох боломжгүй.

Уг автомашин нь шингэн дамжуулгатай, тоормосны ABS системтэй.

Уг тээврийн хэрэгслийн тоормосны ажиллагаа техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд ажлын болон зогсоолын тоормос хэвийн стандартын шаардлага хангаж байна. /хх-ийн 75-78/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Д.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шөнө 01 цаг 35 минутын үед би Тоёота Приус маркийн 20-02 УНР улсын дугаартай автомашинаа жолоодоод Тэнгис кино театраас нэг зорчигч аваад 3 дугаар хорооллын эцэс орохоор явж байсан. Тэгээд Баянгол дүүргийн нутаг  Гурванбилэг их дэлгүүрийн хойд талын замаар зүүнээс баруун тийш чигтэй замынхаа 2-р эгнээгээр 50-60 км/цагийн хурдтай явж байх үед  миний явж байсан урсгалын  3 дугаар эгнээнд саарал өнгийн Тоёота Приус маркийн машин миний машины урдхан талд явж байсан тэгтэл гэнэт тэр машины урдуур замын урд талаас нэг хүн зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд машиныхаа баруун урд хэсгээр тэр хүнийг мөргөж зогссон. Тэгэнгүүт нь би машинаасаа гарч ирээд шууд түргэн цагдаа дуудаж өгсөн. Намайг замын 2 дугаар эгнээгээр зүүнээс баруун тийш чигтэй явж байх үед замын 3 дугаар эгнээнд миний машины арай түрүүнд нэг машин явж байсан гэтэл тэр хүн тэр машины урдуур гэнэт зам хөндлөн гарч ирсэн. Тэр явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Миний машинд мөргүүлсэн хүн ганцаараа зам хөндлөн гарч байсан. Би тэр хүнийг зам руу орж ирэхийг харангуутаа шууд тоормозоо гишгэсэн. Тэр хүн миний машины баруун урд талд мөргөгдсөн. Миний танил Мөнхбаяр гэдэг хүний эзэмшлийн машин байгаа юм. Миний машинд замаас суусан нэг зорчигч хамт явж байсан, осол болсны дараа тэр хүн миний машинаас буугаад явчихсан байсан. Миний машины урд талын салхины шил бага зэрэг цуурсан байсан. Осол болох үед миний явж байсан замд машины хөдөлгөөн их, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан, гадаа цаг агаар тогтуун сайхан байсан. 2009 онд Говь авто сургууль төгсөж жолооч болсон, тэрнээс хойш тогтмол машин жолоодож байгаа. Би тэр хүний эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн./хх-ийн 86/ гэх мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  2/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 3/, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/, Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/, хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 23-36/, автомашины зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 45/, зээл зээлийн хүү төлөх хуваарь /хх-ийн 46/, хохирогч Д.Э өвчний түүхийн хуулбар /хх-ийн 60/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 74/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 87/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Д.Бын ял шалгах хуудас /хх-ийн 98/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 100/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 101/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 104/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 105/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Гурванбилэг их дэлгүүрийн хойд замд 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнийн 01 цаг 35 минутын үед Т.Мөнхбаярын эзэмшлийн Тоёота Приус маркийн 20-02 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”  гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Э ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Э”...би зам руу ороод замын 2-р эгнээнд явж байтал 3-р эгнээнд зогссон машины цаад талаар нэг машин зогсолгүй гэнэт гарч ирээд намайг мөргөсөн...” /хх-ийн 17/, иргэний хариуцагч Т.Мөнхбаярын”...Д.Б нь надаас машинаа түр өгөөч би юманд явчихаад ирье гэж гуйхаар нь машинаа өгсөн юм...” /хх-ийн 42/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн эмнэлгийн шинжилгээний 4784 дугаартай дүгнэлт /хх-ийн 56/, Замын цагдаагийн алба шинжээчийн 292 дугаартай дүгнэлт /хх-ийн 69/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 25072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 75-78/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  2/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 3/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/, хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 23-36/, хохирогч Д.Эын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 60/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...Намайг замын 2 дугаар эгнээгээр зүүнээс баруун тийш чигтэй явж байх үед замын 3 дугаар эгнээнд миний машины арай түрүүнд нэг машин явж байсан гэтэл тэр хүн тэр машины урдуур гэнэт зам хөндлөн гарч ирсэн...Тэр хүн миний машины баруун урд талд мөргөгдсөн” /хх-ийн 86/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн бусад оролцогчид зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч:

шүүгдэгч Д.Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Д.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд шүүгдэгч Д.Боос 966.704 төгрөг гаргуулж хохирогч Д.Эд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Быг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Д.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүх шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал болон бусдад төлөх төлбөртэй, эрхэлсэн тодорхой ажилгүй байдал зэргийг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Д.Бын В ангиллын 592490 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгав.