| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426003410237 |
| Дугаар | 2025/ДШМ/04 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 13.5.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/04
2025 оны 01 сарын 23 2025/ДШМ/04
Н.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор Б.Буяндалай
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням
Шүүгдэгч Н.Г
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гомдлоор Н.Г-д холбогдох эрүүгийн 2426003410237 тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Н.Г
Н.Г нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “…..” гэх өөрийн цахим фейсбүүк хаягаас лайв бичлэг хийхдээ хохирогч Р.Ө-ын эзэмшлийн “....” ХХК-иар хайрга олборлох үйл ажиллагааг хийлгэхгүй байх зорилгоор түүнийг “Ө хохино шүү пизда минь, чамайг би шууд буудна одоо, муу хулгайч минь. ...Ө чи өөрөө буудуулбал хохино муу пизда минь. ...Энэнээс бол айх хэрэг байхгүй, цус үзэж байж амаръя гэж бодож байгаа, хаанаас чинь хамаагүй буудна” гэх зэргээр бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэн, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Р.Ө бат нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 зааснаар шүүгдэгч Н.Г-аас 403,046 төгрөг гаргуулж хохирогч Р.Ө-д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лайв бичлэг бүхий /CD/ сиди 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт гомдолтой байна. “....” ХХК-ийн захирал хөлс Ө гэгчийг буудаж ална гэсэн 1 удаагийн шууд харьцаа буюу лайв хийсэн. Энэ зүйлээр маань яллаж байгаад гомдолтой. Тухайн өдрийн лайваа баталгаажуулж дахин давтан биеэр болон утсаар ална гэсэн үйлдлээ гаргаагүй. Нийтийн эрх ашгийн төлөө газар нутгийнхаа эрүүл аюулгүй байдлыг хамгаалах иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө хувь хүн Ө тэй хувийн маргаантай юм шиг харагдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласанд гомдолтой байна гэжээ.
Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн .... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайн өдрийн хэлэлцэх асуудалд байгаагүй зүйлийг тухайн сумын хурал баталгаажуулснаас энэ хэрүүл маргаан үүссэн. Анхан шатны шүүх хуралдаанд Улсын Их Хурлын гишүүд болон аймгийн дарга нараас 3-н жил гуйсан гэдгийг ярьсан. Хүсэлтээ бичгээр гаргах ёстой байсан юм байна лээ. Би чадлынхаа хэрээр иргэнийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүд Өвөрхангай аймгийн ... сумын иргэдтэй уулзаж байх үед Улсын Их Хурлын чуулганы ажлын тайлан тавих, Улсын Их Хурлын сонгуулийн өмнө .... суманд ирж иргэдтэй уулзах үеэр тодорхой тайлбарласан. Улсын Их Хурлын гишүүн аймгийн орлогч даргад үүрэг өгч цуцлах арга хэмжээг нь авах боломжгүй юм. Гэхдээ бодох хэрэгтэй эргэж хармаар шийдвэр байна гэсэн. Гэтэл сонгуулиас хойших арваад хоногийн дараагаар 7 дугаар сарын эхний өдөр нөгөө газрыг ухаж байгаа бичлэг надад ирсэн. Тэгээд үүнээс болоод бухимдсан бухимдлаа л илэрхийлсэн юм. Миний 28 минутын лайв хийсэн бичлэг байгаа. Үүнийг Ө гэдэг хүнд хувийн өс хонзонтой байсан юм шиг янз бүрийн байдлаар тайлбарлаж, намайг тэр хүнд ямар нэгэн дарамт учруулаад байсан, заналхийлэл учруулсан гээд байгаа. Би маргааш нь буюу 7 дугаар сарын 10-ны өглөө талбай дээр цэргийн парад болж байхад иргэн Ш нарын лайвт орж ярилцлага хийгээд явж байгаа бичлэг нь тэнд байх ёстой. Цагдаагийн ерөнхий газраас талбай хавиар эргэлдэх 3-н жилийн хугацаанд байнгын хяналттай нэг мөрдөгчийн хараа хяналтад байдаг. Тэр хүн тэр өглөө над руу ярьсан, түүнийгээ бодвол санах байх гэж бодож байна. Би үнэхээр заналхийлж лайв хийсэн бол шөнө нь давхиж очоод Ө г ална гээд хөөцөлдөөд явах байсан. Би ийм байдал үүсгээгүй байхад намайг Эрүүгийн хуулиар шийтгэж байгаад нь иргэний хувьд үнэхээр гомдолтой, харамсалтай байна. Хуулийн зүйл заалт гэдэг бол үнэхээр хатуу байдаг юм байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэлгүй шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч Ө-ын эзэмшлийн компанийн үйл ажиллагаа явуулахыг эсэргүүцэж, түүний үйл ажиллагааг нь зогсоохыг шаардаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ хүний гэмт хэрэг үйлдэх буюу түүнийг заналхийлэх сэдэл, санаа зорилго нь тодорхой харагдаж байна. Мөн шүүхийн хэлэлцүүлэг болон давж заалдах гомдлын үндэслэлийг тайлбарлахдаа хайрга олборлох үйл ажиллагааг эсэргүүцэж, зогсоохыг хүсэж байсан гэдгээс нь тодорхой харагдаж байна.
Хүсэл зорилгоо биелүүлэх зорилгоор тухайн хайрга олборлох үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эзэмшигч болох Ө гэдэг хүнийг айлгах, сүрдүүлэх, түүнийг ална гэж заналхийлсэн үйлдэл нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Харин гомдолд дурдаад байгаа нэг удаа лайв бичлэг хийсэн. Дахиж энэ зүйлийнхээ талаар ярьж түүнд бодитоор заналхийлсэн зүйл байхгүй, давтан биеэр болон утсаар түүнтэй харилцсан зүйл байхгүй гэж мэдүүлж байгаа боловч түүнийг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан байна. Мөн үргэлжлүүлэн хийсэн байх эсвэл бодитоор буюу заавал түүнтэй биеэр уулзаж заналхийлсэн байх шинжүүдийг дурдаагүй. Зөвхөн хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжийг дурдсан. Үг хэллэгээр илэрхийлэгдэж, заналхийлэх гэсэн агуулгыг тухайн хүнд төрүүлэх боломжтой учраас түүний энэ бичлэг хийж заналхийлсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн.
Хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Р.Ө, гэрч Н-ын мэдүүлэг болон хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 13 минут 40 секундийн дүрс бичлэг, хохирогчийн гаргасан гомдол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр .... гэсэн өөрийн фэйсбүүк хаягнаас лайв бичлэг хийж хохирогч Р.Ө-ыг өөрийн эзэмшлийн “......” ХХК-аар хайрга олборлох үйл ажиллагааг нь зогсоох зорилгоор түүнийг ална хэмээн сүрдүүлж бичлэг хийсэн үйл баримт тогтоогдсон. Хохирогч аюултай хор уршигтай үйлдэл байна гэж үзээд миний эрх ашгийг зөрчөөд байна, намайг хохироогоод байна, надад нөлөөлөөд байна гэж гомдол гаргасан. Тэгэхээр ямар нэгэн хор уршиггүй, үр дагаваргүй үйлдэл биш.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Прокуророос шүүгдэгч Н.Г-ын үйлдлийг бусдын тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Г-ыг бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г аас давж заалдах шатны шүүхэд ... “....” ХХК-ийн захирал хөлс Ө гэгчийг буудаж ална гэсэн 1 удаагийн лайв хийсэн. Тухайн өдрийн лайваа баталгаажуулж дахин давтан биеэр болон утсаар ална гэсэн үйлдэл гаргаагүй. Нийтийн эрх ашгийн төлөө газар нутгийнхаа эрүүл аюулгүй байдлыг хамгаалах иргэний үүргээ биелүүлсний төлөө Ө тэй хувийн маргаантай юм шиг харагдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллаж байгаад гомдолтой... гэх гомдлыг гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь Н.Г нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “::::” гэх цахим фейсбүүк хаягнаас ...“Ө хохино шүү пизда минь, чамайг би шууд буудна одоо, муу хулгайч минь. ...Ө чи өөрөө буудуулбал хохино муу пизда минь. ...Энэнээс бол айх хэрэг байхгүй, цус үзэж байж амаръя гэж бодож байгаа, хаанаас чинь хамаагүй буудна” гэх зэргээр заналхийлсэн үг хэллэгийг хэлж, хохирогч Р.Ө-ын эзэмшлийн “....” ХХК-ийн хайрга олборлох үйл ажиллагааг эсэргүүцэн лайв бичлэг хийсэн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд бусдыг тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн бол гэмт хэрэгт тооцож ял шийтгэл оногдуулахаар хуульчлагдсан.
Харин гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байхаар мөн Эрүүгийн хуульд тусгасан.
Шүүгдэгч Н.Г нь хохирогч Р.Ө-ын эзэмшлийн “....” ХХК-ийн хайрга олборлох үйл ажиллагааг эсэргүүцэн тодорхой үйлдэл хийхгүй байхыг шаардаж хүч хэрэглэхээр заналхийлсэн үг хэллэгийг хэлж лайв бичлэг хийсэн боловч хохирогч Р.Ө-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол учруулаагүй нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/277 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Н.Г ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ