Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 328

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч С.Батгэрэл

хохирогч О.Б

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн шүүгдэгч:

Б-д холбогдох эрүүгийн 201726020808 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.Б 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын харуулын 1 дүгээр постны үүдэнд хохирогч О.Бын толгойн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Хийсэн хэрэгтээ би гэмшиж байна. Архины халуунаас болж би хохирогч Бын толгой руу монгол гутлаар өшиглөчихсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 400.000 төгрөг төлсөн. Шүүхээс хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2017 оны 3 сарын 20-нд постон дээрээ байж байхад Б орж ирсэн. Тэгэхээр нь би Бид “танай хүүхэд өмнөх ээлжин дээр Дариа ахыг дээрэлхсэн байна лээ шүү” гэж хэлсэн. Тэгэхэд нь Амраа хажуунаас Бийг “та гар, гар” гэж хэлээд гаргасан.  Тэгэхэд Б “би та нарыг алуулнаа” гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би зодоон болох нь гээд нөгөө хэдийг гаргасан. Тэгтэл нь гэнэт миний толгой хатуу зүйлд цохигдсон. Би гэмтэлд 7 хоног, дараа нь 7 дугаар төвд 10 хоног хэвтсэн. Б надад 400.000 төгрөг өгсөн. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бийг би ял шийтгүүлэхгүй байгаасай гэж хүсэж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Б мөрдөн байцаалтанд: “2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед би Баянгол дүүргийн 20 дугаар хороо Барс-2 захад харуулын үүрэг гүйцэтгэхээр өмнө харуулаар ажиллаад буух гэж байсан Болдоос ээлжээ хүлээн авсан...Амарсайхан намайг тэврээд андаа ажил нь сайн уу гэж байсан  Болд тухайн үед нэг том пиво авч орж ирсэн Болд, Амарсайхан хоёр согтуу байсан. Тэгээд пивоноос нь задлаад надад хийж өгөхөөр нь би амсаад буцаагаад өгсөн. Тэгээд хамт байсан харуул Соёлхүү, Дарьбазар хоёрыг гараад объектоо тойроод ирээ гэж хэлээд гаргасан. Тэр үед харуул Болдын найз Б манай харуулын байранд орж ирсэн. Би Бид танай хүүхэд чинь өмнө гарч байсан ээлжин дээр Дарьбазар ахыг зодох гэсэн байна лээ шүү гэж хэлсэн. Гэтэл Амарсайхан тийм бол та гар гэж Бид хэлсэн тэгээд Б уурлаад та нарыг алуулна даа гэж хэлээд харуулын байрнаас гарахдаа хаалгыг саваад гарсан. Тэгээд би Болд, Амарсайхан хоёрыг гаргаад яв гэж хэлээд харуулын байрнаас гаргасан. Тэгээд Б танихгүй 3 хүүхэд дагуулаад ирсэн. Тэгээд Б над руу дайраад энийг ална гэж хэлээд гараар юм уу аль эсвэл нэг юмаар цохичих шиг болсон. Тэр үед миний толгой манараад их сонин болчихсон. Тэгээд урдаас хамт гарч байсан Соёлхүү Дарьбазар хоёр ирээд юу болсон талаар асуугаад цагдаа дуудсан. Б намайг зодчихоод яваад өгсөн...би томографийн зураг авахуулахад гавал яс цөмрөлттэй цус хугаралтай яаралтай хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэж хэлээд намайг хэвтүүлсэн...Боос эмчилгээний зардал болон 1 сар 5 хоног ажилгүй байсан цалин хөлсийг нэмээд 1.100.0000 төгрөгийг нэхэмжилж байна” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Р.Дарьбазар мөрдөн байцаалтад: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...Б Бид чи энд байх шаардлагагүй  чи гарч бай гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд Б харуулын постноос гараад явсан тухайн үед Б нэлээд согтуу байсан. тэгээд байж байтал удалгүй буусан нөгөө ээлжний харуулын ахлах Болд эхнэр Ногоончулуун харуулаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан Амарсайхан нар харуулын постод орж ирсэн. тэгээд Амарсайхан өмнө ажиллаж байсан бид нарыг бүгдийг нь таньдаг болохоор Дарьбазар ах ажил сайн уу гэж байсан Бтай мэнд усаа мэдэлцэж байсан гэтэл тэд нар гаднаас орж ирэх үедээ нэг том пиво  уухгүй гээд пивыг урууландаа хүргээд өгсөн. Гэтэл Б намайг Дариа ахаа та Соёлхүүтай хамт гараад постоо тойроодох гэж хэлэхээр нь бид хоёр гарч тойрсон...буцаад харуулын 1 дүгээр постон дээр ирэхэд харуулын байрны гадна зодоон болсон байсан. Баа хүнд зодуулсан байдалтай байсан хажууд Б согтуу байсан мөн Амарсайхан бас хажууд нь Б бага насны 3 хүүхдийн хамт Амарсайханыг нийлээд зодож байсан. ...Б миний толгой өвдөөд байна гэж хэлсэн тэр үед Быг баруун талын шанаа хавдсан байсан. ...Быг Б зодсон намайг харуулын 1 дүгээр пост дээр очиход Б, Б хоёр зууралдсан зодоон хийсэн байдалтай Бийн нүүр царай зүгээр байсан. Харин Бын баруун талын шанаа хавдсан байдалтай байсан. Тэгээд байж байхад хажууд нь Бтой хамт явж байсан бага насны 2 хүүхэд Амарсайханыг доороо хийсэн зодож байсан. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ю.Болд мөрдөн байцаалтанд:...Б сургуулийн бололтой бага насны 3 хүүхэд дагуулан явж байсан. Би гараад харуулын үүдэнд зогсож байтал миний хажууд зогсож байсан эхнэр Ногоончулууныг Бямбаа нэг удаа нэлээн ширүүн бөгс рүү нь өшиглөхөөр нь би Бид чи яаж байгаа юм бэ наадах чинь манай авгай ш дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал тэд нар хоорондоо хэрүүл хийгээд байхаар нь би эхнэр Ногоончулуунтай яваад өгсөн...би Дарьбазараас юу болсон талаар асуухад харуулын дарга Быг хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Быг хэн зодсон юм бэ гэж асуухад Бямбаа л зодсон мөн хамт явж байсан хүүхдүүд нь чулуу шидсэн нэг миний толгой оносон гэж хэлж байсан. /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Амарсайхан мөрдөн байцаалтанд: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр...харуулын 1 дүгээр постонд харуулын ээлжийн ахлагч Б болон сахалтай Б байсан. Тэгээд Болдоо бид хоёр пиво уух гэж байхдаа тэнд байсан Б гэх хүнд  би “бид хэд ганц пиво хувааж уух гэж байна чамайг танихгүй юм чинь чи явчихдаа” гэж хэлсэн. Гэтэл Б чи ямар сүртэй юм бэ гэж хэлээд харуулын 1 постноос гараад, гарахдаа хаалгыг саваад гарсан. ....удалгүй Б буцаж ирэхдээ жоохон хүүхдүүд дагуулсан ирж байсан. Тэгээд тэр хүүхдүүдэд энэ хүн гэж хэлээд намайг заасан гэтэл хамт явж байсан жоохон хүүхэд манай аавыг доромжилсон гээд над руу чулуу шидсэн тэгээд намайг нийлээд газар унагаагаад зодсон. Тэгээд би Быг хэн зодсоныг анзаарч хараагүй. Тэгээд би босоод толгойноос цус гарсан байсан...харуулын ээлжийн  ахлагч Быг дараа нь асуухад Б гэж хүн цохьсон гэж байсан. Миний хувьд гомдол санал байхгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Д.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өглөө босоход урд өдөр нь архи уусан байсан болохоор шартаад дотор салгалаад байхаар нь 10 цагийн үед гэрээсээ гараад Барс-2 зах орж нэг пиво аваад гэртээ орж уугаад буцаад унтаж амарсан. Тэгээд орой болж байхад босоод гэрээсээ гараад 32 дугаар байрны аркын дэлгүүр рүү ганц юм авах гээд явж байхад Барс-2 захын харуул Болдоо эхнэр Чукатай бас нэг залуугийн хамт явж байсан. Болдоо тэр үед намайг пиво байна уух уу гэж асуухаар нь би тэгье гэж зөвшөөрөөд Барс-2 захын харуулын байр руу орсон. Тэгээд авч орсон пиво задлаад нэг нэг  хийж өгсөн тэгээд би түүнийг уусан чинь хамт явж байсан залуу ууж байсан пивоо харамлаад байхаар нь би тэд нарт адууны шээс харамлаад гэж хэлээд харуулын байрнаас гарахдаа хаалгыг нь саваад гараад явсан. Гэтэл миний араас Б ирэхээр нь Быг өргөж аваад тонгороод газар шидсэн. Тэгээд Бын толгой руу нэг удаа өшиглөсөн тэгээд байж байтал миний бага хүү Далайжаргал хоёр хүүхэд дагуулаад хүрээд  ирсэн...Тэгээд байж байтал манай хажуу айлын 7 дугаар ангид сурдаг хүүхэд бас намайг өмөөрөөд өшиглөсөн гэж байсан...би яалт ч үгүй нэлээд  согтуу байсан зарим зүйлийг санахгүй байна. /хх-ийн 37/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4552 дугаартай: О.Бын биед баруун чамархайн цөмөрсөн хугарал, чамархайн хуйх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Учрах үедээ амь насанд аюуптай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 103/, Бийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 126/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 134/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.Б 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” захын харуулын 1 дүгээр постны үүдэнд хохирогч О.Бын толгойн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Бын”... Б надруу дайраад энийг ална гэж хэлээд гараар юм уу аль эсвэл нэг юмаар цохьчих шиг болсон. Тэр үед миний толгой манараад их сонин болчихсон... Б намайг зодчихоод яваад өгсөн...” /хх-ийн 12/, гэрч Р.Дарьбазарын”...Быг Б зодсон...”/хх-ийн 15/ гэрч Ю.Болдын”...Быг хэн зодсон юм бэ гэж асуухад Бямбаа л зодсон мөн хамт явж байсан хүүхдүүд нь чулуу шидсэн нэг нь миний толгойг оносон гэж хэлж байсан...” /хх-ийн 18/, гэрч Ц.Амарсайханы”...харуулын ээлжийн  ахлагч Быг дараа нь асуухад Б гэж хүн цохисон гэж байсан”  /хх-ийн 21/ гэж мэдүүлсэн тэдгээрийн мөрдөн байцаалтаар өгсөн мэдүүлгүүд болон хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 47-57/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4552 дугаартай дүгнэлт  /хх-ийн 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар яллагдагчаар Д.Бийн үйлдсэн хэргээ хүлээн”...миний араас Б ирхээр нь Быг өргөж аваад тонгороод газар шидсэн. Тэгээд Бын толгой руу нэг удаа өшиглөсөн”  /хх-ийн 37/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан санал дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч Шүүхээс шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Д.Бийн холбогдсон гэмт хэрэг нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны орой үйлдэгдсэн байх бөгөөд түүнд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт таваас долоон жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан хорих ялтай харьцуулахад хорих ялын доод хэмжээ багассан боловч хорих ялын дээд хэмжээ ихэссэн байна.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт торгох ялыг шинээр оруулсан нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илүү дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Бийг Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Шинэчлэн найруулсан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Д.Б  анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн Д.Бийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч  торгох ялыг  биелүүлэхийг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн санал дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурьдаж байна. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.Бийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нийт 3 /гурав/ жилийн  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        

 

          

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ