2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/05377

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 12 191/ШШ2025/05377

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.*******д холбогдуулан гэрээ цуцалж, үл хөдлөх эд хөрөнгө албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие Х.*******тай 2023 оны 09 сарын 16-ны өдөр өөрийн өмчлөлийн  тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай улсын бүртгэлийн  дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

Бид 2023 оны 09 сарын 16-ны өдөр  тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай улсын бүртгэлийн  дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 812,280,000 төгрөгт худалдан борлуулахаар тохиролцсон юм. Мөн өдрөө  тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн  дугаартай  нэгж талбарын дугаар бүхий 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг тусад нь 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар 2 төрлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн юм.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.2-т гэрээний төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон бөгөөд ингэхдээ 2023.09.16-ны өдөр 48,000,000 төгрөг, 2023.12.25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024.06.01-ний өдөр 357,140,000 төгрөг, 2024.12.20-ны өдөр 375,140,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон.

Гэвч хариуцагч Х.******* нь 2024 оны 06 сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчиж 2024.06.01-ний өдөр төлөх байсан 257,140,000 төгрөгийг төлөлгүй 2024 оны 10 сарыг хүргээд байна.

Энэ хугацаанд миний бие зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг Иргэний хуульд заасан үндэслэл журмын дагуу түүнд 2024 оны 09 сарын 14-ний өдрөөр огноолсон мэдэгдлийн 2024 оны 09 сарын 15-ны өдөр өгсөн юм. /миний өөрийн гар утсан дээр дүрс бичлэгээр баталгаажсан байгаа болно/

Уг мэдэгдэлд гэрээний үүрэг зөрчигдсөн байгааг хэлж гэрээний үүргээ 2024 оны 09 сарын 21-ний дотор төлөх буюу 7 хоногийн хугацаанд төлөх үүргээ биелүүлэх боломжийг олгосон.

Гэвч хариуцагч Х.******* нь гэрээний үүргээ зөрчсөн зөрчлөө арилгаагүй бөгөөд мөн олгосон 7 хоногийн хугацааны дотор ямар нэгэн байдлаар тайлбар, санал хүсэлтийг огт ирүүлээгүй болно.

Ингэснээр бидний хооронд байгуулагдсан тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай, улсын бүртгэлийн дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 221.3-т заасан гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна. Мөн Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацаа тогтоон өгч нөгөө талдаа мэдэгдсэн хэдий ч ямар нэг бодитой үр дүн гараагүй учир талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.6 зааснаар гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн.

2023 оны 09 сарын 16-ны өдрийн  тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай улсын бүртгэлийн  дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг нэгэн зөрчилтэй гэрээ цуцлагдсан гэж үзэж байгаа тул түүний бүрдэл болсон газар буюу нэг хэсэг болох 2023 оны 09 сарын 16-ны өдрийн  тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн  дугаартай нэгж талбарын дугаар бүхий 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ дагаад цуцлагдах хууль зүйн үндэслэл бий болсон гэж ойлгож байна.

Учир нь газар, хувийн сууц хоёрыг салгах боломжгүй буюу түүнийг нэг хэсэг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй буюу Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болно гэж хуульчилснаас тодорхой харагдах юм.

Иймд Б.*******, Х.******* бидний хооронд байгуулсан 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 1245 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ, мөн өдрийн 1246 дугаар Б.*******, Х.******* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, Х.*******ын эзэмшлээс  тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай улсын бүртгэлийн  дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн  дугаартай  нэгж талбарын дугаар бүхий 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг тус тус албадан чөлөөлүүлж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч бичгээр хариу тайлбар өгөөгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авч, гэрээг дуусгавар болгохоор шаардлага гаргасан байх бөгөөд гэрээг цуцалсантай холбоотой хохирол гаргуулахаар шаардлага гаргаагүй тул хариуцагчаас төлсөн 100,000,000 төгрөгийг авч үлдэх үндэслэлгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШЗ2024/18502 дугаарНэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.*******тай 2023 оны 09 сарын 16-ны өдөр  тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай улсын бүртгэлийн  дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 812,280,000 төгрөгт худалдан борлуулахаар тохиролцсон. Мөн өдрөө тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн  дугаартай  нэгж талбарын дугаар бүхий 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг тусад нь 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар 2 төрлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн юм.

Зээлээр худалдах худалдан авах гэрээний 3.2-т гэрээний төлбөрийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон боловч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаанд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн ч үр дүн гараагүй.

Ингэснээр бидний хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлээр худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд мөн хуулийн 221.3-т заасан гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болохоор хуульчилсан байна. Мөн Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацаа тогтоон өгч нөгөө талдаа мэдэгдсэн хэдий ч ямар нэг бодитой үр дүн гараагүй учир талуудын хооронд байгуулсан зээлээр худалдах худалдан авах гэрээний 4.6 зааснаар гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн.

Иймд Б.*******, Х.******* бидний хооронд байгуулсан 2023 оны 09 сарын 06-ны өдрийн 1245 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ, мөн өдрийн 1246 дугаар Б.*******, Х.******* нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус цуцалж, Х.*******ын эзэмшлээс  тоот хаягт байршилтай 227,3 м.кв талбай улсын бүртгэлийн  дугаартай,  гэрчилгээний дугаар бүхий хувийн сууц гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн  дугаартай  нэгж талбарын дугаар бүхий 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалттай газрыг тус тус албадан чөлөөлүүлж нэхэмжлэгч намайг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Хариуцагч бичгээр хариу тайлбар өгөөгүй бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... худалдах, худалдан авах гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлж чадаагүй. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авч, гэрээг дуусгавар болгохоор шаардлага гаргасан байх бөгөөд гэрээг цуцалсантай холбоотой хохирол гаргуулахаар шаардлага гаргаагүй тул хариуцагчаас төлсөн 100,000,000 төгрөгийг авч үлдэх үндэслэлгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2023.09.16-ны өдөр байгуулагдсан 1245 дугаартай гэрээгээр нэхэмжлэгч нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 227.3 м.кв талбайтай, хувийн орон сууц гарааш зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 812,280,000 төгрөгөөр, мөн өдөр байгуулагдсан 1246 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр дээрх тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын  дугаар бүхий 350 м.кв газрыг 6,000,000 төгрөгөөр тус тус худалдах, хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авахаар харилцан тохиролцжээ.

 

6. Худалдагч тал худалдан авагч талд үл хөдлөх хөрөнгө /амины орон сууц/ хүлээлгэж өгөх тухай 2023.09.17-ны өдрийн актаар эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд хүлээлгэн өгсөн байна.

 

7. Нэхэмжлэгч Б.*******ээс хариуцагч Х.*******д 2024.09.14-ний өдөр гэрээний дагуу тохирсон 357,140,000 төгрөгийг 2024.09.21-ний өдрийн дотор төлөөгүй бол газрын эрх шилжүүлэх гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.6-д зааснаар гэрээнээс татгалзаж, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх болсноо үүгээр мэдэгдэж байна гэх агуулга бүхий мэдэгдлийг хүрүүлсэн байх бөгөөд хариуцагч уг мэдэгдлийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

8. Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч гэрээний дагуу 100,000,000 төгрөг төлсөн, хариуцагч эд хөрөнгийг эзэмшиж байгаа боловч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч гэрээг цуцалснаас учирсан хохиролд хариуцагчийн төлсөн 100,000,000 төгрөгийг суутгах үндэслэлтэй гэснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ цуцалснаас учирсан хохирол гаргуулахаар нэхэмжлэл гаргаагүй тул хариуцагчийн төлсөн 100,000,000 төгрөг суутгах үндэслэлгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.

 

9. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ Зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсжээ.

 

10. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

11. Талуудын хооронд 2023.09.16-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч Б.******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших эрхийн хамт 818,280,000 төгрөгөөр худалдах, хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу хэлэлцэн тохирсон үнийг төлж, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т заасан 2023.09.16-ны өдрийн 48,000,000 төгрөг, 2023.12.25-ны өдрийн 50,000,000 төгрөг, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 3.1.1-д заасан урьдчилгаа 2,000,000 төгрөгийг тус тус төлж, үлдэх төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

12. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгөө хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гэж тодорхойлсон. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үр дагавар, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоос үзвэл нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаар үүсэх үр дагавар-ыг шийдүүлэх буюу гэрээгээр шилжүүлж өгсөн эд хөрөнгийг буцааж өгөхийг хариуцагчид даалгах агуулгатай байна гэж дүгнэлээ.

 

13. Гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг бол гэрээг цуцлахад цуцлах хүртэлх гэрээний харилцаа хэвээр үлдэж, цуцалснаас хойших үр дагаврыг талууд шийдвэрлэдэг. Нэхэмжлэгч худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд хөрөнгийг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй гэсэн үндэслэлээр өөрийн эзэмшилд буцаан өгөхийг хариуцагчид даалгах агуулгаар шаардлагаа тодорхойлж буй тохиолдолд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

14. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан бол талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 4.6-д Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзаж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авч, учирсан хохирол, зардлаа нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

15. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар талуудын хооронд 2023.09.16-ны өдөр байгуулагдсан 1245 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ, 1246 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 227.3 м.кв талбайтай, хувийн орон сууц гарааш зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын  дугаар бүхий 350 м.кв газрыг нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшилд буцааж өгөхийг хариуцагч Х.*******д даалгаж, нэхэмжлэгч Б.*******ээс 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, Х.*******д олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

16. Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдсөн 100,000,000 төгрөгийг гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол тул буцааж өгөх үндэслэлгүй гэж тайлбарласан ч гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн эзэмшлээс эд хөрөнгөө бодитоор шилжүүлж авсны дараа хохирлоо жич нэхэмжлэх болно гэсэн тайлбарыг гаргасан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.

 

17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан талуудын хооронд 2023.09.16-ны өдөр байгуулагдсан 1245 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 1246 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 227.3 м.кв талбайтай, хувийн орон сууц гарааш зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын  дугаар бүхий 350 м.кв газрыг нэхэмжлэгч Б.*******ийн эзэмшилд буцааж өгөхийг хариуцагч Х.*******д даалгаж, нэхэмжлэгч Б.*******ээс 100,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, Х.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,401,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4,401,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ