Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00797

 

 

 

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 316/ШШ2025/00797

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, * хороо, С******* нэрэмжит талбай, Г******* ХК /2*******/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С* аймаг, С******* сум, * дугаар баг, * дугаар хэсэг, 0* тоотод оршин суух хаягтай, Б******* овогт Л******* А******* /Ч/,

Хариуцагч: С* аймаг, С******* сум, *-р баг, 1* тоотод оршин суух, С овогт Ш Н /РД:Т/ нарт холбогдох

зээлийн төлбөрт нийт 11,274,089.92 төгрөг гаргуулах тухай, 148/2025/00001/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ /цахим/, хариуагч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Л.А*******, Ш.Н нар нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр Г*******тай ЗГ4325130943 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 11,280,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай цалин барьцаалан зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 10,145,899.83 төгрөг, зээлийн хүү 1,085,328.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,861.26 төгрөг нийт 11,274,089.92 төгрөгийг Л.А*******, Ш.Н нараас гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад зээлдэгч Л.А******* нас барсан талаарх лавлагааг нотлох баримтаар өгсөн. Нэгэнт зээлдэгч нас барж тухайн хүний эрх үүрэг дуусгавар болсон. Ш.Н нь хамтран зээлдэгчийн статустай зээлийг авсан. Тиймээс энэ төгрөгийг хууль болон гэрээгээр төлөх үүргийг хүлээж байгаа. Иймд зээлийн төлбөрт нийт 11 274 089.92 төгрөгийг хариуцагч Ш.Нгээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна, харин түүний дээрх зээлээс төлсөн гэх 4 765 000 төгрөгийг хасаад үлдэх зээлийг төлүүлнэ гэв.

 

Хариуцагч Ш.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 01 сарын 05-ны өдөр та ирээд гарын үсэг зурчих гэсэн. Би үнийн дүнг ч мэдээгүй гарын үсэг зурсан. Би өөрийг нь сайн танихгүй. 10 гаран жилийн өмнө О гэдэг хүнтэй А******* амьдардаг байсан. Нөхөр, үр хүүхэдтэй байсан эсэхийг сайн мэддэггүй байсан. Энэ нь миний алдаа болсон байна. Надад хэлэхдээ Хаан банканд зээлтэй байгаа тэр мөнгөө Г*******аар даруулаад зээлээ авна гэсэн. Хүүгээсээ 4.000.000 төгрөг зээлсэн надаас нэхээд болохгүй байна, та надад туслаад өгөөч. 2-3 сар наймаа хийгээд зээлээ төлчихнө гэж байсан. Намайг төл гэж шаардсан учраас шүүх рүү шилжүүлээд өгөөч гэж гуйсан. Эх орон маань шүүхийн талаас надад туслаад өгөх байх гэж бодсон. Би Г*******аар зээл авч байнгын харилцаатай байсан. Хаан банкнаас ирсэн зээлийг бол би төлөхгүй. Л.А******* чинь өөрөө үр хүүхэдтэй хүн. Одоо яахаа ч мэдэхгүй байна. Данс руугаа мөнгө хийхээр л шууд барилт хийгээд мөнгийг маань авчихдаг. Зээл авах гэхээр 4.000.000 төгрөгийг чинь зээлэнд нь татна гэж эдийн засагч хэлсэн болохоор тэгвэл зээл авахаа больё гэдгээ хэлсэн. Би чинь ядарсан жирийн нэг эмэгтэй байгаа, нөхөр, хүү маань нас барсан. Надад үл хөдлөх хөрөнгө гэж байхгүй. Би тэр хүний хүүний мөнгийг төлөөд байгаа юм уу, юуг нь төлөөд байгааг ойлгохгүй байна. Хамтран зээлдэгчээр оролцсон нь миний буруу, гэхдээ банк ингэж хатуу хандаж болохгүй. Давхар зээл авсаар байтал одоо гар дээрээ 40,000 төгрөг л авч байна. Би эм тариа их хэрэглэдэг хүн, хэрэгцээт зөндөө зүйл байна. Байрны мөнгөө ч төлж чадахгүй явж байна. Би 1,000,000 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 3 сая гаран төгрөг төлсөн байхад яагаад хасдаггүй юм бэ. Хаан банкны мөнгийг төлөхгүй. Төрийн банканд 500,000 төгрөг суурилуулсан гэж байсан. Энэ мөнгийг татаад авчихаач гэж Г*******наас гуйсан. Би одоо ямар мөнгөөрөө төлөх вэ дээ гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Г******* ХХК- нь зээлдэгч Л.А*******, Ш.Н нартай 2024 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн ЗГ4325130943 тоот зээлийн гэрээ байгуулсны үндсэн дээр 11,280,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, цалин барьцаалан зээлдүүлсэн ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь шүүх хуралдаанд зохигчийн өгсөн дээрх тайлбар болон хавтаст хэргийн 1-14, 25-30, 85-89 дэх талд авагдсан нэхэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч нарын тус банкнаас зээл хүссэн өргөдөл, анкет, зээлийн тооцооны хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байхаас гадна дээрх зээлийн хамтран зээлдэгч Л.А******* нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нас барсан болох нь хавтаст хэргийн 63 дугаар талд авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул зээлийн гэрэээд зааснаар болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар дээрх 2 зээлдэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгч нар болох бөгөөд үүрэг гүйцэтгэгч Л.А******* нас барснаар мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна. Иймд дээрх зээлийн гэрээний хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Ш.Н нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээхээр байна гэж үзнэ.

Хавтаст хэргийн 27, 85 дахь талд авагдсан Г*******ын төлбөрийн баримтаар зээлдэгч Ш.Н нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 4,765,000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлага болох нийт 11,274,089.92 төгрөгөөс уг төлбөрийг хасч үлдэгдэл 6,509,089.92 төгрөгийг зээлдэгч Ш.Нгээс гаргуулж тус банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,765,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Талууд зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ зэрэг дээр маргаагүй байна.

Мөн хамтран зээлдэгч буюу зээлдэгч Л.А******* нас барсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11,274,089.92 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,335.44 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,509,089.92 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж болох 119,095 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Ш Нгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6,509,089.92 төгрөгийг гаргуулж Г******* ХХК /2*******/ -нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,765,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн Л.А*******ээс 11,274,089.92 төгрөгийг гаргуулах тухай Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,335.44 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6,509,089.92 төгрөгт тохирох тэмдэгтийн хураамж болох 119,095 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН