| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2023/04734/И |
| Дугаар | 191/ШШ2025/05613 |
| Огноо | 2025-06-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/05613
2025 06 24 191/ШШ2025/05613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.******* нь ******* ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие Г.******* нь ******* ******* ХХК-д 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах эдийн засагч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Эрсдэлийн удирдлага, дотоод хяналт албанд Ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын Ахлах менежерээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Ажиллах хугацаандаа сахилгын зөрчилгүй, сахилгын шийтгэл авч байгаагүй болно.
******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/223 тоот тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно.
******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/223 тоот тушаалын үндэслэх хэсэгт ******* улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 83 дугаар зүйл, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1.8, 3.4 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.
Тус тушаалын тушаах хэсгийн нэгдүгээрт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын Ахлах менежер ******* *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгосугай гэжээ.
******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 тоот тушаалаар намайг Ахлах эдийн засагчийн үүрэгт ажлаас 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерээр түр томилон ажиллуулахаар томилсон болно. Миний бие 2020 оноос 2023 оныг хүртэл тасралтгүй ажилласан ба эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно. 2020 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байран дээр ажиллаж байхад үндэслэлгүйгээр туршилтаар түр томилон ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан Ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан.
******* ******* ХХК-ийн Ажилтан сонгон шалгаруулах журмын хоёрдугаар хавсралтын Үнэлүүлсэн ажилтны мэдээлэл-д зааснаар 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр удирдлагын шийдвэрээр намайг үндсэн ажилтнаар томилсон. Миний бие үндсэн ажилтнаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлготол надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй болно.
Гэтэл ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/223 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн актын хувьд хэлбэрийн болоод агуулгын шаардлагыг хангаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах, мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож буй талаар надад мэдэгдээгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна.
Миний бие 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ХХК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст өргөдөл хүргүүлж 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсгийг үндэслэн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуралдсан. Хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй тул ажиллагааг дуусгавар болгосон байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна" гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Г.*******оос ******* ******* ХХК-д холбогдуулан тус шүүхэд гаргасан урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл хэсэгт ...2020 оноос хөдөлмөрийн гэрээ байгуулан байнгын ажлын байран дээр ажиллаж байхад үндэслэлгүйгээр туршилтаар түр томилон ажиллуулах тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан Ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй гэсэн заалтыг зөрчиж тушаал гаргасан... ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн актын хувьд хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй байна гэжээ.
******* ******* ХХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч нь ******* Улсын Засгийн газар юм.
******* Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлого-ын 6.4 дэх хэсэгт заасан Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах зорилтын хүрээнд ******* Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлтэй, ил тод болгох ажлыг үө шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд ******* ******* ХХК-ийн нийт 88 ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
******* ******* ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу дээрх сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн ажилтан бүртэй тухайн ажлын байранд туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Г.*******ийн хувьд тус компанийн Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сард Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүсэлтээр оролцож, тус ажлын байранд шинээр томилогдсон учир 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс бусад ажилтны адил туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт ...туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын зүгээс Г.*******той өөртэй нь харилцан тохиролцоод гэрээний хугацааг дахин 3 сараар сунгахаар болж, 2023.05.25-ны өдрийн Б/188 дугаартай тушаалаар гэрээний хугацааг сунгаж, үндсэн цалинг нь нэмэгдүүлсэн. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан тушаалыг Г.*******ид өөрт нь албан ёсоор гардуулж өгсөн байдаг.
Г.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдал бий болсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар Г.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 -д зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах тул хуульд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар 18-ний өдрийн Б/223 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б/96 дугаар ******* *******ийг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, ******* монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/223 дугаар Г.*******ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, ******* монгол ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, ******* монгол ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* монгол ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагчаас ******* монгол ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/188 дугаар Г.*******ийн туршилтаар ажиллах хугацааг сунгах тухай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* ******* ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Г.*******ийн туршилтын хугацааны тайлан болон цалин, хөлс олгогдсон баримт /цалингийн хавтгай-/ыг, ******* ******* ХХК-иас тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дугаар тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгч Г.*******ийг анх буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасан туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээтэй ажилтны туршилтын хугацааг сунгах эсэх талаар шийдвэрлэсэн нэгжийн удирдлагын саналыг, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан туршилтын хугацааг сунгах талаар ажилтантай өөртэй нь тохиролцсон талаарх нотлох баримтыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдөр удирдлагын шийдвэрээр намайг үндсэн ажилтнаар томилсон. Миний бие үндсэн ажилтнаар томилогдон ажил үүргээ гүйцэтгэж байгаа гэж ойлготол надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй. ... хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ ажилтанд тайлбарлаж, танилцуулах, мэдэгдэх үүрэгтэй боловч надад мэдэгдээгүй. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтын хугацааг сунгахдаа ажилтантай харилцан тохиролцоогүй, туршилтын хугацааг сунгасан тушаалыг харилцан тохиролцсон баримт бичиг гэж үзэхгүй. Өмнө ажиллаж байсан ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Г.*******ийн хувьд тус компанийн Эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сард Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалтад өөрийн хүсэлтээр оролцож, тус ажлын байранд шинээр томилогдсон учир 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс бусад ажилтны адил туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт ...туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж заасны дагуу гүйцэтгэх захирлын зүгээс Г.*******той өөртэй нь харилцан тохиролцоод гэрээний хугацааг дахин 3 сараар сунгахаар болж, 2023.05.25-ны өдрийн Б/188 дугаартай тушаалаар гэрээний хугацааг сунгаж, үндсэн цалинг нь нэмэгдүүлсэн. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан тушаалыг Г.*******ид өөрт нь албан ёсоор гардуулж өгсөн байдаг.
Г.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нөхцөл байдал бий болсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн Б/223 дугаар тушаалаар Г.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас чөлөөлсөн гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.12.24-ний өдрийн Б/179 дугаар тушаалаар Г.Ханцоожийг Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах эдийн засагчаар 2020.12.24-ний өдрөөс эхлэн томилж, түүнтэй 2020/Б129 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулснаар талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсжээ. /хх 102-108/
6. ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.02.20-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар Г.*******ийг Ахлах эдийн засагчийн үүрэгт ажлаас 2023.02.20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерээр түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсний дагуу талуудын хооронд 2023.02.20-ны өдөр Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, гүйцэтгэх захирлын 2023.05.25-ны өдрийн Б/188 дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг 2023.05.20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай сунгаж, уг тушаалыг Г.Ханцоожид 2023.05.25-ны өдөр танилцуулсан болох нь 2024.09.25-ны өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх-6, 8, 53, 83/
7. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.08.18-ны өдрийн Б/223 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д заасныг үндэслэл болгон Г.*******той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023.08.20-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-7/
8. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.******* нь тус компанид шинээр орж байгаа ажилтан биш тул түүнтэй Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь 2022.10.24-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.4 дэх заалтыг зөрчсөн учир хүчин төгөлдөр бус хэлцэл. Хөдөлмөрийн дотоод журмын 22.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахдаа ажилтантай харилцан тохиролцоогүй гэж тодорхойлсон.
9. Хариуцагч ******* монгол ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2023.02.20-ны өдрийн Б/96 дугаар гүйцэтгэх захирлын тушаалаар Г.*******ийг Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан ахлах эдийн засагчийн үүрэгт ажлаас 2023.02.20-ны өдрөөс тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн 3 сарын туршилтын хугацаанд Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерээр түр томилон ажиллуулсан, уг үйл баримттай холбоотойгоор нэхэмжлэгч гомдол гаргаагүй, 2023.05.25-ны өдөр туршилтаар ажиллуулах хугацааг 3 сараар сунгаж, сунгасан тушаалыг нэхэмжлэгчид гардуулж өгсөн бөгөөд нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч, маргаагүй тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан.
10. Ажил олгогч ажилтантай туршилтаар ажиллуулах гэрээ байгуулсан, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
11. Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, дараа нь шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 154.6, 154.8 дахь хэсгүүдэд заасантай нийцсэн гэж үзэв. /хх 25-29/
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацааны байдлаар нь хугацаатай ба хугацаагүй гэсэн төрөлд авч үздэг бөгөөд туршилтаар ажиллуулах гэрээ нь тодорхой хугацаатай байгуулагдах гэрээний төрөлд хамаарна.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. гэж, мөн зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно. гэж тус тус заасан.
14. Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилготой учир Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгээр хугацааг нь хуулиар шууд зохицуулсан байна.
15. Хариуцагч ******* монгол ХХК нь нэхэмжлэгч Г.*******ийг тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежерийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор 2023.02.20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
16. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 40.2-т Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно, 43.3-д Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авахдаа татгалзаагүй бөгөөд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор сунгасанд тооцох үндэслэлтэй байна.
17. Тодруулбал, хариуцагч нь Туршилтаар ажиллуулах гэрээний хугацааг сунгах тухай тушаал гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэлт зоригийг урьдчилан тодруулаагүй байх хэдий ч нэхэмжлэгч нь туршилтын хугацааг сунгах тухай 2023.05.25-ны өдрийн Б/188 дугаар тушаалтай 2025.05.25-ны өдөр танилцаж, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.7 дахь хэсэгт заасантай нийцсэн ба уг тушаалтай холбогдуулан ажил олгогчид гомдол, санал гаргаагүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон. Иймээс нэхэмжлэгч нь туршилтын хугацааг сунгасныг зөвшөөрсөн буюу талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах хүсэл зоригтой байсан гэж үзнэ.
18. Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаа нь нэг талаас ажил олгогч, нөгөө талаас ажилтан гэсэн хоёр талын хүсэл зоригийг илэрхийлсэн үйл ажиллагааны үндсэн дээр үүсдэг. Энэ ч утгаараа талууд хүсэл зоригоо бичгээр илэрхийлж, харилцан гарын үсэг зурсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан.
19. Хөдөлмөрийн гэрээний 3.4-т Туршилтын хугацааны эцэст ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж тохиролцсон байх бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй.
20. Хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгах, сунгагдсанд тооцох, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх асуудал нь зохигчийн хүсэл зоригоос хамаарч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.4-т тус тус зааснаар хэрэгжихээр байгаа тул туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
21. Хөдөлмөрийн дотоод журмын 22.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэхээр журамласан, нэхэмжлэгчид ийнхүү мэдэгдэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байх хэдий ч энэхүү нөхцөл нь нэхэмжлэлийг хангах буюу ажил олгогчийн хүсэл зоригоос гадуур хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл болохгүй.
22. Иймд хариуцагч ******* монгол ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
23. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* монгол ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай Г.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ