| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2326003400003 |
| Дугаар | 2025/ДШМ/05 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/05
2025 оны 01 сарын 29-ны өдр ДугаДШМ/05
Д.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн, Г.Ганбадрах
Шүүгдэгч Д.Н,
Нарийн бичгийн дарга Н.Анужин нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нарын гомдлоор Д.Н-д холбогдох эрүүгийн 2326003400003 тоот хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, *** ХК-д *** ажилтай, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *** овгийн Д.Н /РД: ***/.
Д.Н нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** гэх газарт байрлах шороон гадаргуутай зам дээр *** улсын дугаартай Lexus RX350 маркын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 10.1-д жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэн зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэж заасныг тус тус зөрчиж, уг тээврийн хэрэгслээс бие засах гээд буусан эхнэр Г.Н-г дайрсны улмаас амь нас нь хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч *** овгийн Д.Н-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-ийн цагдан хоригдсон 53-н хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохоор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Д.Н-ийн 2011 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Н.М (регистрийн дугаар ***), 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Н.Ц (регистрийн дугаар ***), 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.С (регистрийн дугаар ***), 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Н.У (регистрийн дугаар ***), нарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргад даалгаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Н-ийн *** дугаартай жолоодох эрхийн B, С, Е ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, мөн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг үндэслэн, бага насны 4 хүүхдийн эцэгтэйгээ хамт амьдрах, эцгийн хайр халамжид өсөх, сурч боловсрох эрхийг хангуулах зорилгоор, хуулийн шударга, энэрэнгүй ёсны зарчмын хүрээнд давж заалдах гомдол гаргасан.
Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн бүтцийн хувьд болгоомжгүй хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүл үүсгэсэн, эхнэр нөхөр. Хамтдаа найр хуримд оролцоод архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хамтдаа хээр гарч агаарт хонох зорилготой авто машинаараа хөдөлгөөн хийх явцдаа золгүй харамсалтай зүйл болсон байдаг. Үр дүнд нь эхнэр нь амь насаа алдаж, нөхөр нь хорих ял эдэлж, бага насны 4 хүүхэд бүтэн өнчирч, тэдгээр хүүхдүүд давхар яллагдаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн шударга энэрэнгүй ёсны зарчмыг хэрэгжүүлж өгөхийг хүсье.
Шүүгдэгч урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гэм буруугаа бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, шүүгдэгч Д.Н-ийн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг шүүхээс хүсэж уламжилсан, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан.
Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч Д.Н нь 2011, 2012, 2016, 2017 онд төрсөн бага насны буюу 4-н хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг бөгөөд сум орон нутгаас зохион байгуулж байгаа сургалт үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гарган өгч шинжлэн судлуулсан. Шүүгдэгчийн бага насны 4-н хүүхдийн талаар Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг хүүхдүүдийн сурч буй сургалтын байгууллагатай хамтарч, амьдарч буй орон байр орчин нөхцөлтэй нь танилцаж, эцгийн зүгээс үзүүлж буй асран хамгаалалтад нь дүгнэлт өгч, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон улсын гэрээ конвенци, үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг анхан шатны шүүхээс хэрэглэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус хуульчилсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж мөн хуульчилсан.
Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, бага насны хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү. Хууль зүйн хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлэх бүрэн боломж байна гэж үзэж байна гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр золгүй, харамсалтай үйл явдал болж охин маань бурхан болсон. Шүүгдэгч Д.Н нь миний хүргэн бөгөөд биднийг гай дайрсны улмаас хорих ял эдлэх болсонд харамсаж байна.
Миний бага насны 4-н зээ хүүхэд бүтэн өнчирч, тэд нар маань давхар яллагдаж, сэтгэл санаагаар унаж, сэтгэл зүйд нь өөрчлөлт орж, сурлага хүмүүжил нь доголдох бодитой нөхцөл үүсээд байгааг эрхэм та бүхэн минь харгалзан үзэж хууль ёсны, энэрэнгүй өршөөл үзүүлж өгнө үү.
Миний зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй. Хүргэн Д.Н-ийн хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж 4-н зээ хүүхдүүдийн маань эрх ашгийг бодож эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөхийг хүсэж байна. Бага насны 4-н хүүхдийн маань амьдардаг Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн *** дүгээр байрны *** тоот орон сууц нь банкны барьцаанд байдаг. Дээрх үйл явдлаас шалтгаалан уг байр нь хураагдаж хүүхдүүд маань орох оронгүй болох эрсдэлт нөхцөл үүсээд байгаа байдлыг харгалзан үзнэ үү.
Хүргэн Д.Н нь ганцаараа ажиллаж гэр бүлээ тэжээж, зээлээ төлдөг. Хүүхдүүдийн талаар Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд бодит нөхцөл байдлыг бүрэн тусгасан байсан.
Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч миний хүргэний эрх зүйн байдлыг дээрдүүлж бага насны хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Д.Н-д холбогдох хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн зүйлчлэлийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн. Д.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хүрэлцэхүйц нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд анхан шатны шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд хөнгөрүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Н-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллагдагчаар татаж байгаад яллах дүгнэлт үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Осол болсны дараа талийгаач ухаантай эрүүл байсан ба шууд эмнэлэг явъя гэхэд гэртээ харьчихаад эмнэлэг явъя гэж хэлсэн байдаг. Ингээд сумын эмнэлэг оролгүйгээр аймаг руу явж байгаад замдаа бие нь муудаж нас барсан нөхцөл байдал тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр дотор эрхтний гэмтлийн улмаас хохирогч нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй гэсэн. Тухайн үед яаралтай эмнэлгийн тусламж авсан бол амьд гарах боломж байсан эсэх талаар дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Энэ нөхцөл байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой.
Д.Н-ийн эхнэр нас барчихсан, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээж хорих ял эдлэхээр хүүхдүүд нь бүтэн өнчин болж байгаагаас ялгаагүй болж байна. Өвөрхангай аймгийн Засаг даргаас хүүхдүүдийн асран хамгаалагчийг томилох ч үүгээр хүүхдүүд нь идэх хоолтой, өмсөх хувцастай, хичээлдээ саадгүй явах бүрэн боломжтой гэсэн үг биш.
Иймд хүмүүнлэгийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан Д.Н-д оногдуулах ялыг тэнсэж, 4-н хүүхдийг нь харгалзан үзэж шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас гаргасан Д.Н-ийн бага насны 4-н хүүхдийн одоо байгаа нөхцөл байдал, хүүхдүүдийн хөгжил, амьдарч байгаа нөхцөл зэрэг олон зүйлс эрсдэлд байгаа талаар дүгнэлт гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж нийгмээс тусгаарлагдвал зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүсэж үүний улмаас тухайн орон сууцанд амьдарч байгаа 4-н хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд гэр оронгүй болох эрсдэлт нөхцөл байдал үүсээд байна.
Анхан шатны шүүх Д.Н-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хэргийг шийдвэрлэсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлээгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй талаар шүүхэд тайлбар гаргасан. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна.
Дөрвөн хүүхдүүдийн хувьд ээж нь нас барсан, аав нь хорих ял эдлэхээр бол хүндрэлтэй онцгой нөхцөл байдал үүсэж байгаа учир 4-н хүүхдүүдийг нь бодож энэрэнгүй, хүмүүнлэг зарчмын үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Н-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Д.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой холбогдуулан гаргах тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нарын гаргасан гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.
Д.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 18-нд шилжих шөнө согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн *** гэх газарт байрлах шороон гадаргуутай зам дээр *** улсын дугаартай Lexus RX-350 маркын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийхдээ уг тээврийн хэрэгслээс бие засах гээд буусан эхнэр Г.Н-г дайрсны улмаас амь нас нь хохирсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай охин талийгаач Г.Н, хүргэн Д.Н-ийн хамт Өвөрхангай аймгийн *** сум руу хуримд явсан. 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хурим нь болсон. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өглөө манай хүргэн Н, түүний аав Д, хүргэний ах Б нар манайд орж ирсэн. Тэгээд манай охин талийгаачид муу юм тохиолдлоо. Бие засаж байхад нь Н ухарч байгаад мөргөчихлөө. Эмнэлэгт ирээд нас барчихлаа. Одоо моргт хийсэн байгаа гэж хэлсэн. Талийгаач Г.Н нь хааяа найз нөхөдтэйгөө гарч байдаг. Миний дэргэд бол архи согтууруулах ундаа хэрэглэж байгаагүй. Би 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сум руу явах гэж байхад уулзсан. Тэр орой нь над руу би ирчихсэн байна гэж манай талийгаач охин утсаар ярьсан. Тухайн үед биеийн байдал нь зүгээр байсан.
Талийгаач Г.Н нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Эмнэлгийн хяналтад байгаагүй. Талийгаач Г.Н, хүргэн Д.Н нар нь хэрүүл маргаан хийх нь хийдэг байсан. Жаал жуул ямар юмнаас болоод хардаад хэрүүл хийгээд байдаг байсан. Хоорондоо таарамж муутай харилцаатай байдаг байсан. Манай талийгаач охиныг зодож байсан. Н нь их ширүүн ааштай, түргэн ууртай хүн, уурлахаараа манай талийгаач охиныг ална шудна гэж хараадаг хүн байгаа юм. Н нь Өмнөговь аймагт ***-д гагнуурчин хийдэг. Ажил руугаа ирж очин байдаг. Миний хүргэн Н нь талийгаач эхнэртэйгээ таарамжгүй харилцаатай байдаг байсан учраас би хуулийн дагуу шалгуулмаар байна. Би гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Хор уршгийн талаар нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Надад хэргийн материалд хавсаргуулах зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63, 189 хуудас/,
Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2023 оны
9 дүгээр сарын 17-ноос 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд яаралтай түргэн тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 03 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумаас амьсгал, зүрх судас зогссон байдалтай, нөхөр, хадам ахын хамт нэг эмэгтэй хүн ирсэн. Тухайн үед шууд цагдаад мэдэгдсэн. Хүнд, амьсгал, зүрх судас зогсоод удсан байдалтай хүн ирсэн. Ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу лавшруулах суурь тусламж үзүүлсэн. Зүрхний шууд бус иллэг хийж судсаар адерналин 1 мл-р 1-3 минутын зайтай 8 удаа давтсан. Допамин 200 мг-р судсаар дуслаар урсгаж, цагаан мөгөөрсөн хоолойд 7 номерын интубацийн гуурс байрлуулж 22 см-т бэхэлсэн. Амьсгалыг амбугаар удирдаж лавшруулсан тусламжийг 30 минутын турш үзүүлэхэд амьсгал зүрх сэргээгүй. Тухайн үеийн асуумжаар нөхөр Н-ийн ахын охиных нь хурим болсон. Эхнэрийн хамт *** суманд найранд орж байгаад унтахаар хоёулаа машиндаа сууж холдсон. Хоёулаа архи уусан байдалтай байсан. Эхнэр нь бие засахаар гарсныг нөхөр нь мэдэлгүй машинтайгаа ухарч байгаад мөргөсөн. Тухайн үед эхнэр нь ухаантай байсан бөгөөд аймаг руу явъя гэсэн. *** сумын эмнэлэг болон цагдаад мэдэгдээгүй. Ахындаа очиж ахыг авч шууд явсан. *** сумаас нааш явж байх үедээ юм ярихаа больсон гэж хэлсэн. Тухайн үеийн үзлэгээр арьс эрээнтсэн, мөчдийн үзүүр хүйтэн, захад пульс тэмтрэгдэхгүй, даралт болон сатураци хэмжигдэхгүй, хөхөрсөн байдалтай, хэвлийн болон аарцаг хэсгээр хөхөрч цус хурсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуудас/,
Гэрч Л.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Н нь манай нөхөр Б-ийн төрсөн дүү нь байгаа юм. Харин Г.Н бид хоёр нэг айлын бэрүүд. 2012 оноос хойш таньдаг болсон. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.Н, Д.Н нар манайд ирсэн. Тэгээд 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг өнгөрч байхад бэр хүргэж өгөх гээд явсан. Бэр хүргэсэн хүмүүс ирэх үед хоол унд хийж өгөөд холын хүмүүс нь буцаад ойрын хүмүүс нь үлдсэн байсан. Тэгээд Д, О, Н. нар гадна машины хөгжим тавиад бүжиглээд байсан. Харин Н 16 цаг өнгөрч байх үед манай гэрт ороод унтсан. Хүмүүсээ тараагаад бүгд явцгаасан юм. Би 23 цагийн үед унтсан. Намайг унтах үед Н. үлдсэн байсан. Өөр хүн байгаагүй. Унтаж байсан чинь гэрийн хаалга хүн нүдээд байсан. Тэгээд би гэрийн хаалга нээсэн чинь Н “ах эгч хоёр гараад ирээч” гээд байхаар нь гараад очсон чинь Н. машины арын суудал дээр хөлөө тавьчихсан сууж байсан. Тэгээд яасан юм гэж асуусан чинь Н би Н.г бие засаж байх үед нь хөлөн дээгүүр нь гарчихлаа гэж байсан. Тэгээд би биеийн байдлыг нь асуухад би гайгүй гээд байсан. Эмчид үзүүл гэж хэлсэн чинь аймаг ороод гэртээ харьж хоноод үзүүлчихнэ гэж хэлсэн. Тэгээд явах гээд байсан болохоор цээжин доор нь хөнжил ивж өгөөд гэр лүү орсон. Манай нөхөр Б машин бариад явсан. Тэгээд аймаг ороод ирлээ гээд манай нөхөр утсаар ярих үед 03 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Би цаг хараагүй. Н., Н нар нь манайд хоёр хонохдоо ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн асуудал байгаагүй. Инээж хөхөрсөн хүмүүс байсан. Г.Н нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны үдэш орж ирэх үед нүүрний зүүн шанаа хэсэг нь урагдсан байсан. Үсээ урдуур нь оруулсан байсан. Би тухайн үед тос түрхэж өгсөн. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,
Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би эхнэр О.тэй хурим хийсэн. Хурим маань Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг буюу сумын төвд болсон. Өглөө 07 цагийн үед сумын төвийн хойд хорооллоос эхнэр О.ийг аваад тухайн бэр авсан айлаас 10 цагийн үед гэртээ ирээд найр эхэлсэн. 15 цагийн үед бэр хүргэж ирсэн хүмүүс буцсан. Талийгаач Г.Н, Д.Н нар бэр хүргэж ирсэн байсан. Н, Н. нар нь хэр их согтолттой байсан талаар би сайн мэдэхгүй байна. Жолооч нар архи уугаагүй. Харин найранд ирсэн хүмүүс өөрсдөө мэдээд тааруулаад хэрэглэсэн байсан. Найгаа алдаж согтсон хүмүүс мэдэгдээгүй. *** улсын дугаартай RХ350 маркын тээврийн хэрэгсэл тухайн бэр хүргэж ирсэн машинууд дотор байсан. Манай найран дээр Г.Н болон Д.Н нар нь хоорондоо маргалдсан, муудалцсан, хэрүүл хийсэн ямар нэгэн тийм зүйл болоогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 69 хуудас/
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Д.Н нь миний төрсөн дүү байгаа юм. Г.Н нь 2011 оноос хойш дүү Н-той хурим хийж гэр бүл болсон. Тэрнээс хойш танина. Манай бэр хүүхэн байгаа юм. 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр манай том охин О. айлын болох гээд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр манайд ирсэн. Тэгээд 17-ны өглөө 10 цаг 30 минутын үед манай охин О.ийг хүргэж өгөх гээд явсан. Тэгээд 15 цагийн үед бэр хүргэж өгсөн хүмүүс бүгд ирсэн. Манай хоёр дүү хоноод 18-ны өдөр гэр нь Өвөрхангай аймагт байдаг болохоор буцахаар болсон.
Тэгээд сумын төвийн хэдэн хүмүүс манай гэрийн хашаан дотор машины хөгжим тавьчихсан бүжиглээд дуулаад нар жаргах үед дууссан. Тэгээд гадаа хүүхэд бэр Г.Н-г газар уначихлаа гээд нүүрээ халцалсан байсан. Тэрийг нь яг хаана гэдгийг нь санахгүй байна. Тэгэхээр нь би очоод миний дүү гэрт ороод жаахан амраад авах юм уу гэж хэлсэн чинь би зүгээр ээ ахаа гээд байсан. Н нь найраас ирээд унтаад өгсөн байсан. Тэгээд шөнө 11 цаг өнгөрч байх үед би дүү Н-ийг сэрээсэн. Би цаг орой болчихлоо, Г.Н-г одоо унтуулах хэрэгтэй байна гэж хэлсэн чинь за ахаа гээд босоод ирсэн. Тухайн үед Н. манай гэрт хүмүүстэй яриад байсан. Нэг харсан чинь Н, Н. хоёр хашаанаас машинаа гаргаж байхаар нь очоод хаашаа явах гэж байгааг нь асуусан чинь бэр Н. чимээгүй газар салхинд гарч хонолоо гэж хэлээд тэр хоёр хөдлөөд явсан. Тэгээд унтаж байсан чинь гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь хэн бэ гэсэн чинь манай дүү Н байсан. Хаалга онгойлгосон чинь “ахаа би эхнэрээ дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би хаана байгаа юм гэж асуусан чинь гадаа машинд байгаа гэж хэлсэн. Би очоод үзсэн чинь машины арын суудал дээр буруу тийш хараад хөлөө жийгээд хагас суучихсан, харсан чинь зүгээр байсан. Би юу болов оо дүү гээд асуусан чинь зүгээр ээ ахаа, гэдэс нь дээр жаахан зулгарсан гээд надад үзүүлсэн.
Тэгэхээр нь би эмнэлэг явж үзүүл гэж хэлсэн чинь Н. өө ахаа зүгээр ээ. Өнөөдөр аймагт гэртээ харьж хоночихоод маргааш үзүүлье гэж хэлсэн. Тэгээд Н, Н. хоёр явах гэхээр нь би хамт явъя гээд машиныг нь бариад аймаг руу явсан. Тэгээд Н, Н. хоёр машины арын суудал дээр суугаад Н. Н-ийн хөлийг дэрлээд суугаад бид гурав хоорондоо найрын талаар ярилцаад явж байсан. Хайрхандулаан сум өнгөрөөд явж байсан чинь Н. унтаад байгаа юм шиг байсан чинь Н гар нь даарчихсан байна гэж хэлэхээр нь би гарыг нь барьж үзсэн чинь хүйтэн байхаар нь айгаад жаахан давхиад аймгийн эмнэлэг дээр ирээд хүлээн авах дээр ороод эмчид үзүүлсэн. Тэгээд хэсэг эмчилгээ хийлгэж байснаа унтчихлаа гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирсэн. Баруун шанаа хэсэгт нь бага зэрэг халцарсан байсан. Сүүлд нь бурхан болсны дараа хувцсыг нь тайлсан байх үед хоёр хөлийн гуя хэсэг нь бага зэрэг хөхөрсөн байсан. Гэдэс хэсэг нь арьс нь урагдчихсан байсан. Хоёр гуя нь хөх болсон байсан. Өөр ямар нэгэн шарх сорви байгаагүй. 2023 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байсан. Би яг цаг хараагүй. Машиныг Н жолоодож явсан. Найраас ирээд Н шууд унтсан байсан. Дайруулчихлаа гээд ирэх үедээ бол биеийн байдал нь гайгүй байсан. Намайг ямар нэгэн зовуурь байна уу гэж асуухад зүгээр ээ гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/,
Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... 2023 оны 9
дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын төв дээр Б гэх айлын охин О. айлын болоод бэр хүргэж өгөх гэж би хамт явсан. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд тэр үед талийгаач Н. эгч хамар хашааны нойл руу орох гээд явж байгаад граж амбаар хоёрын завсарт газар уначихсан. Би тухайн үед гэрийн гадна зогсож байсан. Тэгээд би гүйж очоод босгож өгөөд хаачих гэж байгаа талаар асуухад 00 орох гэж байна гэж хэлсэн. Тэгээд харсан чинь хацар болон шанаа хэсгээ зулгалсан байсан. Тэгээд гражийн тэнд хүлээгээд зогсож байсан чинь түр гээд чимээ гараад явчихаар нь би яваад очсон чинь 00-оос гараад хашаа мөргөөд газар уначихсан байсан. Өмдөө татах гэж байгаад уначихлаа гэж байсан. Би тэгээд түшээд гэрт оруулаад унтуулах гэсэн чинь би унтах болоогүй. Бүжиглэмээр байна гээд байсан. Надтай хамт бүжиглэж байгаад нэг унасан. Тэгээд би босгоод одоо боль гээд больсон. Талийгаач Н. бэр хүргэж өгөөд ирэхдээ нэлээн согтуу ирсэн. Ирээд архи уусан эсэхийг би мэдэхгүй. Тэнд байсан хүмүүс дээр очоод хүн болгонтой сайхан байна, гоё байна гээд тэвэрч аваад бүжиглээд байсан. Н., Н нар хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Бэр хүргэж өгөөд ирээд нөхөр нь унтаад өгсөн байсан. Намайг амрах гээд хэвтэх үед унтаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуудас/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би Б-ийн охин О. айлын болох гээд 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр очиж хоносон. Тэгээд тэр өдөр талийгаач Н.тэй танилцсан. Бэр хүргэж өгсөн хүмүүс 17 цагийн үед ирсэн. Тэгээд найранд бэр хүргэж өгсөн хүмүүст хоол цай хийж өгчихөөд шөнө 22 цагийн үед айлд очиж хоносон. Тэр үед Н унтчихсан, Н. гадаа бүжиглээд газар унаад босож ирээд шороотой холилдсон байсан. Тэр эмэгтэй нэлээн согтуу байсан. Нүүрээрээ юм мөргөөд унасан гээд нүүрээ баруун талын шанаа хэсгээ халцалсан байсан. Нойл орох гэж байгаад унасан гэж байсан. Миний хажууд Н., Н нар хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Бэр хүргэж өгч ирээд Н унтаж байсан. Намайг явах үед бас унтаж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Уг мөр нь баруунаас зүүн тийш чиглэлтэй дарагдсан мөр биеийн дээгүүр гараагүй мөр/. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн мөргөх, дайрагдах үед үүсэх боломжтой. Тухайлбал баруун хөлийн гуяны дунд гуравны нэгт үүссэн бампар хугарал нь автомашинд мөргөгдөх үед үүсдэг хугарал. Мөн аарцаг ясны баруун сүүж, умдаг яс, гогцоо буюу холбоосны бяцарсан хугарлууд нь дайрагдах болон мөргөгдөх үед үүснэ. Харин 3-4 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь шахагдалт болон мөргөлтөөс үүсэх боломжтой ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би төрсөн ах болох Б-ийн том охин О. айлын болох гээд 2023 оны 9 дүгээр сарын 15-ны орой эхнэр Г.Н-н хамт өөрийн эзэмшлийн *** улсын дугаартай автомашинтай очсон. Хурим нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр болох ёстой байсан учраас бэлтгэл ажил хийгээд наана нь явсан байсан. Би найран дээр айраг уусан, архи ганц хоёр удаа уусан. Шөнө 00 цагийн үед “хүмүүс амрах цаг болсон байна, чи одоо босоод ор дэрээ засаад унт” гээд Б ах намайг сэрээсэн. Тэгээд бид хоёр ярилцаад энд согтуу хүмүүс байна гээд хөдөө салхинд гарч хонохоор болоод бид хоёр Б ахын хашаанаас явахдаа би машинаа бариад эхнэр хажууд суугаад сумын төвөөс зүүн хойд зүгт *** гэх газар руу өгсөж байгаад баруун гар тийш дараад эргээд зогссон. Тэгээд бид хоёр хэсэг юм яриад машиндаа сууж байгаад амрахаар болоод эхнэр бие засах гэж байна гээд машинаас буусан. Би машиндаа сууж байгаад машинаа байрлуулах гээд ухрах үйлдэл хийсэн. Зогсох үед машины гэрлээ унтраагаагүй, гэрэлтэй байсан. Манай эхнэр яаж байна чи гээд орилохоор нь би машинаа урагшлуулаад, машинаа унтраагаад гараад ирсэн чинь машины хажуу талд урд дугуйны харалдаа хоёр хөлөө жийгээд газар сууж байсан. Тэгээд яав аа, чи энд сууж байсан юм уу гэж хэлсэн чинь манай эхнэр ханиа чи намайг дайрчихлаа гэж хэлсэн. Эхнэрийг аваад эмнэлэг рүү явах гэсэн чинь зүгээр ээ, эмнэлэг явахгүй, хэсэг сууя гээд байсан. Би тэгвэл яваад тусламж дуудаад ирье гэж хэлсэн чинь ханиа би харанхуйгаас айдаг гэдгийг чи мэдэж байгаа биз дээ гээд байсан. Би эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн.
Бид хоёр хэсэг ярилцаж байгаад аймаг руу гэр рүүгээ явахаар болоод гэртээ харьж хоноод маргааш үзүүлье гэсэн. Тэгээд бид машиндаа суух гэсэн чинь манай эхнэр босож чадахгүй байсан. Тэгээд машины арын хаалга онгойлгоод арай гэж машинд оруулсан. Тэгээд арын суудал дээр манай эхнэр хэвтээ байдалтай хөдөлсөн. Сумын төв рүү орж явсан чинь би сандал дээрээс унах гээд байна. Чи нэг хүн олоод машинаа бариулчих. Намайг түшээд яв гэж хэлэхээр нь би Б ахын гэрийн гадаа очоод болсон асуудлын талаар хэлээд Б ахаар машинаа бариулаад би арын суудал дээр эхнэрийг түшээд хөдлөөд сумын эмнэлэгт орж үзүүлээд явсан нь дээр байх аа гэж хэлсэн чинь манай эхнэр яах юм бэ, гэртээ харьж хүүхдүүд дээрээ очоод дараа нь эмнэлэг орж үзүүлнэ. Зүгээр гээд байсан болохоор аймаг явахаар хөдөлсөн. Замдаа бид нар ойр зуурын юм яриад явж байгаад заримдаа хэсэг дуугүй болоод байхаар нь би юм асуугаад хариулаад байсан чинь хэсэг байж байгаад унтаад өгсөн. Би гарыг нь барьсан чинь гар нь хүйтэн болчихсон байхаар нь Б ахыг машины паараа тавиарай. Хурдан яваарай гэж хэлсэн. Ухаан алдсаныг нь мэдээгүй.
Тэгээд нэг мэдсэн чинь аймгийн эмнэлгийн үүдэнд ирсэн байсан. Тэгээд эмнэлэг рүү гүйж ороод эмнэлгийн эмч, сувилагч нар гарч ирээд аваад оруулсан. Тэгээд эмнэлгийн эмч ажилчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээд ямар ч арга байсангүй, зүрх нь цохилохоо больчихлоо гээд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байдаг юм гээд мэдэгдсэн байх. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Эхнэртэй хамт явах үед бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Цагдаа ирээд намайг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах багажаар үлээлгэж шалгахад 0.98% согтолттой байна гэж хэлсэн.
Манай эхнэр машины урд байгаагүй, зүүн талд байгаагүй, баруун талд байгаагүй, машины ард байгаагүй болохоор нь ухрах үйлдэл хийсэн. Машины рулийг зүүн тийш дараад ухрах үйлдэл хийсэн юм. Би зөв рультэй машины буруу талын урд дугуйгаар дайрсан байсан. Би тухайн үед хаана ямар гэмтэл гарсныг мэдээгүй. Сандраад байсан болохоор хөл дээгүүр нь гарсан байх гэж бодож байсан. Машин дотор оруулж суулгаад Б ахын гаднаас хөдлөх гэж байх үед хацар дээрээ халцалсан байсан. Энэ яасан юм гэж асуухад өдөр унаад тийм зүйл болсон гэж надад хэлсэн. Тэгээд машины арын сандал дээр хэвтүүлээд хөнжлөөр хучих гэж байх үед гэдсэн дээр нь зулгарсан байсныг харсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Би аймаг руу явах уу? хаана чинь өвдөж байна гэхэд миний ходоод өвдөөд байх шиг байна гэхээс өөр зүйл хэлээгүй.
Техникийн шинжээчийн дүгнэлтээр жолоочийн буруугаас болж зам тээврийн осол гарсан гэж байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад санал хүсэлт байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102 дугаартай ... Талийгаач Г.Н-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл болох баруун сүүж ясны бяцарсан хугарал, умдаг яс, баруун сүүж ясны холбоосны урагдал, салалт, зүүн сүүж ясны хугарал, 3 болон 4-р хавирганы хугарал. Дух, зүүн зовхи, зүүн хацар, эрүү, зүүн бугалга, тохой, шуу, бугуй, алга, сарвуу, баруун бугалга, шуу, бугуй, сарвуу, хэвлий, баруун ташаа, умдаг, баруун гуя, зүүн шилбэ, өгзөг хэсгийг хамарсан, зүүн гуя, өвдөг, шилбэ, зүүн шагай хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Авто ослын хавсарсан хүнд гэмтлүүд болох цээж хэвлийн хөндийн эрхтнүүдийн битүү гэмтэл нь амь насанд аюултай, үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй. Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой. Талийгаач Г.Н нь авто ослын хүнд болох цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх зогсож нас баржээ. Талийгаач Г.Н нь нас барах үедээ цусанд 3.2% промилли спирт, ходоодны шингэнд 4 промилли спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. Дүгнэлт гарах
хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно ... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-31 хуудас/ болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Н-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэм бурууд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, хүүхдүүдийн эрх ашгийг бодож Д.Н-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж шийдвэрлэж өгнө үү хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нарын давж заалдах гомдлуудыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.М нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н-ийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ