Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 403

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,  

улсын яллагч Г.Ганхөлөг

хохирогч Ч.У, Э.Э /ирээгүй/ нарын өмгөөлөгч Э.Ганбат

хохирогч Б.А өмгөөлөгч Ж.Баяржавхлан

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч А.Ариунаа

шинжээч эмч Т.Чимэд-Очир, Ц.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Тт холбогдох эрүүгийн 1705000000094 дугаартай, 2 хавтаст хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд:

Д.Т 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадаа иргэн Э.Э, Ч.У, Б.А нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан муудалцах явцдаа иргэн Э.Э, Ч.У, Б.А нарын биед халдаж улмаар хохирогч Ч.У, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Би 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө “Өргөө”-гийн хажуу талын зам дээр найзыгаа хүлээгээд зогсож байхад согтуу хүмүүс хажуугаар зөрөхдөө хэл амаар доромжлоод байсан. Жолооч нь эрэгтэй хүн, машин нь цагаан өнгийн япон тэрэг байсан. Бид нар гайгүй байх гэж бодоод цааш гэр рүүгээ явах зорилгоор нарийн гудамжаар машинтайгаа явж байхад эдгээр хүмүүс машинаа зам хөндлөн тавьчихсан байж байгаад машинаасаа бууж ирээд над руу халдсан. “Буугаад ир” гэж хэлэхээр нь би машин руу цохичих байх гэж айгаад машинаасаа буусан юм. Тэнд 4 залуу, нэг эмэгтэй байсан. Тэдгээр хүмүүс маш их согтолттой, биеэ хянах чадваргүй, тухайн нөхцөл байдалд дүгнэлт хийх чадваргүй болчихсон байсан. Би эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний найз машин дотор суугаад машинаасаа гарч ирээгүй байсан.  Намайг зуурч аваад цохиж нүдээд  грашны хажуу талын далан руу чирсэн, газар унагаасан. Ингэхдээ Э, Хунжав гэх хүмүүс цамцаа тайлж шидээд, ална, хядна гэж орилж, хашгирсан. Би хоёр хөлөөрөө өвдөглөж газар унасан. Миний тухайн үед өмсөж явсан хувцас болох фудволк, жинсэн өмд урагдсан байсан. Миний найз  хүрч ирж намайг салгаж авсан байсан. Тухайн үед би “ цагдаа байна” гэж хашгирахад тэр хүмүүс салсан. Би  босч чадахгүй доголосон байсан тул алхаж чадахгүй байсан. Миний найз намайг машинд суулгаад явах гэтэл эдгээр хүмүүс явуулахгүй, байрныхаа хүмүүсийг гаргаж ирж ална, хядна гээд байсан. Миний найз машинаасаа буугаад буцаж очиж миний урагдсан цамцыг газраас аваад, бид хоёр гэр рүүгээ явсан. Би энэ хүмүүсийн биед халдаж гэмтэл учруулаагүй тул энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.У  мэдүүлэхдээ: Тэр өдөр хөдөөнөөс ах ирчихсэн байна гэж дуудаад ахындаа оччихоод нөхөр Э.Э, найз А, Хунжав нарын хамт гэр рүү гээ явсан юм. Би архи уудаггүй учир машинаа жолоодож явсан. Миний ард манай нөхөр, миний хажууд Хунжав, манай нөхрийн хажууд А сууж явсан. Гэр рүүгээ тойроод зогсоолд зогсоход ард машины гэрэл туссан юм. Би толиндоо харахад нэг машин зогсчихсон байсан. Тэгээд манай нөхөр машинаасаа буухдаа уначихсан юм. Тэгэхээр нь би босгох гээд очиход Алтантулга машинаасаа бууж ирээд манай нөхрийг бариад авсан. Би Алтантулгад “манай нөхөр байгаа юм, нөхрийгөө аваад гэртээ орлоо, одоо ингээд орхи” гэж хэлэхэд Алтантулга “юу яриад байгаа юм” гэж хэлээд зууралдсан.” Тэгээд байж байхад Д.Т машинаасаа бууж ирээд манай нөхрийг цохисон. Тухайн үед  манай нөхөр биеэ авч явах чадваргүй болчихсон байсан юм. Тэр үед Хунжав, А хоёр юу болов гэж хэлээд гарч ирсэн. Д.Т хэнд ч дийлдэгүй байсан. Д.Т энэ хэний машин бэ гэж надаас хоёр гурван удаа асуухад нь би дуугараагүй юм. Дахиад асуугаад байхаар нь би “миний машин” гэж хэлэхэд “ тэгвэл май” гэж хэлээд миний хамар руу цохисон. Миний хамраас цус гоожсон.  Хунжав надад машинаас алчуур гаргаж өгсөн. Тэр үед бороо орж байсан. Намайг тонгойгоод харахад манай нөхөр Эыг Д.Т өшиглөж байсан. Би цагдаа руу арван удаа дуудлага өгсөн. Тэр үед би явуулахгүй гээд Тийн машиных нь урд зогсоход намайг дайрчих шахаад яваад өгсөн. Тэр үед манай байрны ах Энхбаатар “ямар их цус гарч байнаа” гэж хэлээд хажууд зогсож байсан. Мөн манай байрны 2 давхарын охин бас харсан байсан. Д.Т манай нөхрийг зүгээр оруулчихсан бол ийм асуудал болохгүй байсан. Миний нөхөр одоо юмыг хоёр давхардуулж хараад байгаа. Эмч нүдэндээ ямар нэгэн доргилт авч болохгүй гэж хэлсэн. Яагаад машиндаа сууж байгаад явуулчихаж болоогүй юм бэ. Би их гомдолтой байна. Миний хамар муруйсан. Одоо эмчилгээ хийлгэнэ. Би баримтаар 500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай нөхөр Э Солонгост байгаа бөгөөд нөхрийн эмчилгээний зардал болон нөхөр бид хоёрын тус тусдаа өмгөөллийн хөлсөнд төлсөн 2 сая төгрөгийг Төөс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очир мэдүүлэхдээ: Гайморын хөндийн урд ханын хугарал дүрс оношлогооны нарийн мэргэшлийн эмч ирүүлсэн компьютер томографикийн зурагт байхгүй байна гэсэн хариу ирсэн. Тухайн хариуг үндэслээд гайморын хөндийн урд ханын хугарал нь хасагдаад бусад гэмтлээр нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байгаа. Ухархайн дотор болон доод ханын хугарал байсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн дээр зураг уншдаг хоёр эмчтэй. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргахад хохирогч Э.Эын хэрэгт авагдсан зургыг Оюунбаясгалан эмч уншсан. Зургаар хохирогч Э.Эын зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гараагүй. Бид энэ дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Шинжээч хэрвээ өөр саналтай бол тусдаа дүгнэлт гаргадаг. Өмнө нь хэрвээ хугарсан байсан бол хуучин хугарал гээд гараад ирнэ. Оюун-Эрдэнэ шинжээчийг дүгнэлт гаргахад Чулуунсүх эмч уг зургыг уншсан байна лээ. Зурган дээр мөн зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гараагүй байсан” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: Зүүн гайморын хөндийн урд ханын хугарал нь удаан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гайморын хөндийн урд ханын хугарал нь хоншоор ясандаа орж байгаа. Э.Э эхний дүгнэлтээр хагалгаанд ороогүй байсан. Дараагийн нэмэлтээр ирсэн дүгнэлтээр Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон байсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ч.У мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн орчим айлаас гараад манай нөхөр Э найз А, Хунжав нартай хамт гэр рүү явж байгаад гэрийн гадаа орцныхоо харалдаа машинаа зогсоогоод манай нөхөр буух гээд зам дээр хий гишгээд газар уначихсан юм. Тэгтэл зүүн талаас улаан хүрэн өнгийн 64-60 УНӨ улсын дугаартай машинаас жолоочийн хажуу талд суучихсан залуу бууж ирээд манай нөхрийг босгох гээд өргөхөөр нь би тавьчихаа би одоо аваад  орчихоё гэтэл жолооч нь манай 2 найз гараад ирсэн.  Тэгтэл жолооч нь бууж ирээд А, Хунжав манай нөхөр гурвыг цохиод зууралдаад байсан. Манай нөхөр тэр гурав согтуу байсан болохоор эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Тэгээд би салгах гээд дундуур нь ортол миний дээд уруулны хэсэгт цохисон. Мөн дараа нь энэ машины жолооч нь хэн юм гэж улаан хүрэн машины жолооч махлагдуу залуу асуусан. Тэгэхээр нь би “жолооч нь би байна” гээд хэлтэл миний нүүр рүү шууд хүчтэй цохиод авсан. Тэгээд үргэлжлүүлээд манай найзууд болон нөхөртэй зууралдаад цохиод байсан”/1хх-ийн 11-12/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд2017 оны 9 дүгээр сарын  3-ны өдөр найз Э, У нарын хамт ах Гэндэнжав хөдөөнөөс ирсэн тул 21 дүгээр хороололд очиход найз Хунжав нэмэгдэж ирээд бид гурав шил архи хувааж уусан. Э бид хоёр их согтож, Э бүр тасраад унасан. 21 дүгээр хорооллоос орой явахдаа эхлээд Эыг гэрт нь оруулж өгөөд цааш Хунжав бид хоёр таксидаад явахаар болсон. Эын байрны гадаа очоод Э машинаас буухдаа согтуу газар унахад нь ард байсан машинаас хоёр залуу бууж ирээд зодсон байсан...миний санаж байгаагаар намайг махлаг бүдүүн залуу миний баруун нүд хамар, хацар руу гараараа цохисон. Эхлээд цохиулаад больчих л доо гэж хэлж байснаа сайн санаж байна. Тэгээд босоод ирэхэд эргээд тэр залуу дахин намайг гараараа нүд нүүр орчимд цохисон. Намайг тэр залуу 2-3 удаа гараараа цохисон. Ингэж цохиулаад хэсэг сэргэхэд Эын эхнэр У зодуулаад хамраас нь цус гарсан байдалтай зодуулчихсан уйлаад байж байсан. Хунжав Эыг тэр бүдүүн биеэрхүү залууд зодуулахаас хамгаалж болиулах гээд цаана гүйгээд байгаа харагдсан” /1хх-ийн 30/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Э мөрдөн байцаалтанд 2017 оны 9 дүгээр сарын 3-нд хөдөөнөөс миний танил ах, эгч хоёр ирээд тэдний гэрт 21 дүгээр хороололд эхнэр У, найз А нарын хамт гэгээ тасарч байх үед очсон. Тэнд очоод архи гаргаад уугаад байж байхад найз Хунжав нэмэгдэж ирсэн. Бид нар нийлээд 3 шил 0,75 литрийн архи уусан ба би архи ууж согтож тасраад тэднийхээс яаж гарснаа ч мэдэхгүй байгаа юм. Маргааш өглөө нь хамаг бие хөндүүр болчихсон нүд сонин болоод толгой өвдөөд сэрсэн. Эхнэрээсээ би яасан юм гэж асуусан 1 бүдүүн залууд зодуулсан. Машинаас буугаад араар тойрохдоо л түүнтэй таарч зодуулсан юм болов уу гэж ойлгосон. Миний хувьд юу болсон яасныг нь огт санахгүй байгаа...мэдсэн даруйдаа ГССҮТ-д үзүүлээд яаралтай хэвтсэн. 2017 оны 9 дүгээр сарын 8-нд хагалгаанд орсон, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал гэсэн гэмтлүүд үүсч, цөмөрсөн ясыг авч нөхүүлсэн ч хагалгааны дараа миний нүд юмыг хоёрлож харж мэдрэлдээ их ойр байсан учраас зовиур  ихээр өгч, яаралтай онош шинжилгээ эмчилгээ хийлгэхээр 2017 оны 9 дүгээр сарын 22-нд БНСУ-руу явсан. Солонгост очоод нарийн шинжилгээ, оношлогоо хийлгэхэд Монголд хагалгааг дутуу хийсэн дахин орох шаардлагатай гэсэн ба мөнгөний боломж байгаагүй тул эргээд 2017 оны 11 дүгээр сарын 01-нд ирлээ. Одоо орох хагалгаа нилээн хүнд учир нь удсан, яс бороолсон эргэж сэдрээж шинээр хийх болчихоод байгаа юм” /1хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Хунжав мөрдөн байцаалтанд Хөдөөнөөс Гэндээ гэж дууддаг ах маань  ирээд уулзахаар 21 дүгээр хороололд 2017 оны 9 сарын 03-ны 23 цаг өнгөрч байхад явж очиход тэднийд У, Э, А нар оччихсон байсан. Намайг очиход тэд нар 0.75 литрийн архи задлаад уугаад дууссан, нэмж нэг шил архи задлаад байж байсан. Түүнээс уугаад Э, А хоёр согтоод машинд суугаад буцах замд тасраад унтаад өгсөн. Би сүүлд очсон байсан учраас архи уугаагүй, согтолт багатай, ухаантайгаа байсан ба У архи уугаагүй болохоор машин жолоодсон. Тэдний байрны гадаа очоод трансформаторын хажууд парклаад зогсоход араас улаан өнгийн жип машинтай хүн сигналдаад гэрлээрээ дохиод тулаад ирсэн. Би яагаад сигналдаад гэрлээрээ дохиод байгааг нь ойлгоогүй. Э түрүүлээд машинаас буухад түүнийг цохиод  газар унагасан байсан ба намайг машинаас буухад бүдүүн биеэрхүү, өндөрдүү залуу манай найз Эыг бидний явж очсон машины ард газар унагасан “та  нар амжихгүй шүү та нарын үе өнгөрсөн шүү” гэж хэлээд өшиглөөд зодож байхыг харсан. Хүүе чи болиоч хүн аллаа гээд явж очиход намайг миний гарнаас барьж аваад цааш түлхээд унагасан. Энэ үед мөн А машинаас гарч ирээд бас тэр залууг болиулж Эыг салгаж авах гэхэд үүрээд аваад шидчихсэн. Мөн түүнтэй хамт яваа бололтой туранхай нуруугаар намхан залуу нь бас боль гэж болиулах гэхэд бас болихгүй байсан. Алтанбаганыг Эыг газар унасан байхад нь босгож аваад байж байтал энэ хэний машин бэ гээд бид нарын унаж очсон машиныг заагаад орилоод байхаар нь У хэний машин байх нь чамд хамаагүй гэж хэлэхэд шууд хамар руу нь цохиод газар унагасан” /хх-ийн 39/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Алтантулга мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө найз Ттэй хамт 64-60 УНУ улсын дугаартай улаан өнгийн Субару Простер маркийн машинтай машиныг нь зогсоолд байрлуулах гээд Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын баруун талд явж байхад 3 дугаар байрны хойно өөдөөс нэг машин гэрлээрээ дохиод байхаар нь баруун тийшээ шахаад зогссон чинь  хажуугаар нэг машин орж ирээд цонхоороо “зайлаач” гээд хэл амаар доромжлоод 4 залуу 1 эмэгтэй буугаад ирсэн. Тэгээд найз Ттэй барьцалдаж аваад ноцолдоод 4 залуу дийлдэхгүй  дайраад байсан. Би дунд нь салгах гээд гүйгээд хүмүүсийг түлхээд татаад чангааж байсан. Тэр эмэгтэй орилж чарлаад дайраад байсан. Тэр залуучууд бүгд хувцасаа тайлчихсан дээгүүрээ нүцгэн байсан. Нөгөө залуучуудаас нэг нь больё гээд байрныханыгаа дуудъя гэх ухааны юм яриад би дунд нь салгаж явсаар байгаад тэр залуучууд яваад өгсөн...тэр залуучуудтай хамт явж байсан нэг эмэгтэй нь дундуур гар нь орж ирээд Тийн нүүрэн тус газар руу нь цохиж байсан. Тэр залуучууд өөрсдөө шахаж орж ирээд хэл амаар доромжлоод эхэлсэн” /1хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Мөнхтуяа мөрдөн байцаалтанд “2017 оны 9 дүгээр сарын 3-ны шөнийн 00 цаг болох гэж байх үед би гэрийнхээ тагтан дээр гартал 1 эмэгтэй хүн болиочээ хамар руу цохьчихлоо гэж орилох дуу сонсогдохоор нь хартал алаг улаан цоохор уртдуу срочкон цамцтай эмэгтэй гадаа бороо орж байсан болохоор их норчихсон, хамраас нь цус гарсан байдалтай тэр эмэгтэйн ойролцоо ар талд нь цагаан фудволктай эрэгтэй газар хэвтчихсэн түүнийг нэг бүдүүн ах хөлөөрөө өшиглөж зодоод байгаа харагдсан. Тэр бүдүүн ахыг нэг туранхайвтар ах салгах санаатай татаад байгаа ч дийлэхгүй байгаа бололтой гарынх нь аясаар хаашаа л бол хаашаа болоод байгаа харагдсан. Тэгэхээр нь болиоч гэж хэлмээр байсан ч хараад цонх шил хагалчих юм болов уу гэж айгаад эргээд гэртээ яваад орсон ч санаа зовоод хэсэг байзнаад тагтан дээрээ гараад иртэл нөгөө хамраас нь цус гарсан эмэгтэй цагдаа руу дуудлага өгөөд байгаа бололтой “та нар ирээч ээ хурдлаач ээ, явах гээд байна ш дээ” гээд өмнө нь тулаад очсон. Улаан өнгийн жип машины замыг хаагаад байсан ч дайрчих шахаад яваад өгсөн” /хх-ийн 36-37/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Энхбаатар мөрдөн байцаалтанд ” 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 24 цаг өнгөрсөн унтаж байхад гадаа зогсоолд тавьсан машины маань дохиолол дуугараад байхаар нь цонхоор харахад гадаа зодоон болж байсан. Нэг тал нь хүнийг зодохооргүй маш их согтолттой хүний гарын аясаар түлхэхэд л эрчээрээ л савж унаад л байгаа харагдсан. Нэг эмэгтэй миний хамар руу цохичихлоо гэж орилж байхыг сонссон. Нэг бүдүүн залуу согтуу залуучуудыг биеэ хамгаалж чадахгүй, хүний эрхээр байгааг нь далимдуулаад түлхээд унагасан, нөгөө залуучууд нь согтуу болохоор биеийн жингээрээ газар унаад эргээд л босч ирээд байсан. Ер нь тэгж унаж тусаж байгаагаа мэдэхээргүй их согтолттой байсан. Тэр дундаас цагаан футболкатай залууг илүү их зодоод байсан ба түүнийгээ салгаж болиулах гээд хоёр залууг хүрээд ирэхээр тэр зодоод байгаа бүдүүн залуу нь гарынхаа аясаар л түлхээд газар унагаад байсан. Ингэхдээ миний машин руу түлхэгдээд цохигдоод дохиолол дуугараад байсан юм билээ. Дээрээс ингэж харчихаад би хэсэг байзнаж байгаад доош бууж гадаа гарч очсон. Намайг буугаад гадаа гараад ирэхэд тэр бүдүүн залуу нэг залуугийн хамт явсан бололтой машиндаа суучихсан явах гээд, нөгөө эмэгтэй тэр машинтай хүнийг явуулахгүй гээд замыг нь хаагаад хэсэг хоргоосон ч бүр дайрчих шахаад хөдлөөд явчихсан. Тэр эмэгтэй яах аргагүй хамар руугаа цохиулсан, хамраас нь цус гарсан байсан ч гадаа бороо орж байсан тул бороонд угаагдаад арилж байгаа харагдсан...Тэр дунд зодоод байгаа бүдүүн биеэрхүү нэг залуу байсан, түүнтэй хамт арай туранхайвтар залуу явж байсан. Гол зодоод хүмүүсийг бэртээгээд байсан нь тэр бүдүүн биеэрхүү залуу байсан, түүнтэй хамт яваа туранхайвтар залуу нь учиргүй боль гэж болиулахгүй хирнээ намайг буугаад очсоноос хойш хэн нэг хүнийг цохиж зодохыг нь би хараагүй...миний харснаар тэр бүдүүн залуу л хүмүүсийг зодоод байснаас тэдгээр согтуу залуучууд зодоод байгаагаа зодож цохиод байсан зүйлгүй. Ер нь тэд их согтолттой хариу үйлдэл хийж чадахааргүй байсан. Хэрэг явдал байрны гадаах зогсоол орчимд болсон. Тэр улаан машины гэрэл ч асаалттай байсан. Тэдний хэлж ярих үгийг би сонсоогүй ээ. Гэхдээ хамар руу цохичихлоо гэдэг үгийг дээрээс цонхоороо харахдаа сонссон. Хамараа нэг юмаар дараад тонгойж байгаа харагдсан. Буугаад очиход бол тэр эмэгтэйг дайрчих шахаад яваад өгсөн...” /1хх-ийн 40-41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Энхзул мөрдөн байцаалтад 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цаг өнгөрөөд 01 болж байхад...бэр У дүү Эыг түшиж гаднаас орж ирсэн ба дүү Э маань хүнд зодуулсан байдалтай, дээр нь бас согтолт ихтэй, 2 нүд нь цохиулж гэмтээд хөхөрсөн, хавдсан, ар нуруу шалбараад улаан эрээн болсон. У хамар руугаа цохиулсан цус гарсан, бороонд нороод угаагдсан байдалтай орж ирсэн.  Юу болов гэж асуухад 2 залуу машинтай ард нь зогсож байхдаа Эыг оруулах гэж  худлаа гэж уурлаад зодож цохисон. Тэр 2 залуугийн бүдүүн биеэрхүү залуу нь жолооч нь хэн бэ гэж асууж байгаад би гэхэд нь Уийг хамар руу нь цохисон гэсэн” /1хх-ийн 42/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Зоригтбаатар мөрдөн байцаалтандМанай орцонд амьдардаг зүс мэдэх нэрийг нь мэдэхгүй залуу гадаа сааданд хоёулаа юм яриад сууж байсан тэр хоёр архи уугаагүй эрүүл байсан ба түүний хажууд 10 дугаар ангийнх бололтой гэмээр гурван банди бас байсан. Харин гурван банди архи уусан байдалтай байсан. Нэг мэдсэн тэр гурван банди миний өмнүүр зугатаад гүйсэн. Араас нь энэ залуу хөөгөөд гүйсэн ч тэднийг гүйцээгүй. Тэгээд над дээр ирээд та таних уу намайг цохичихлоо гэж ирэхээр нь харахад уруул руу нь цохисон бололтой шүдтэйгээ хавсрагдаад бомбойгоод хавдсан харагдсан. Ах, ээж хоёрынх нь ярианаас сүүлд тэр залууг 2017 оны 10 дугаар сарын 4-ний орчимд хүнд зодуулаад хагалгаанд орж байгаа талаар нь мэдсэн...”/1хх-ийн 50/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Д.Т мөрдөн байцаалтанд  “2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө 00 цагийн орчимд найз Алтантулгатай уулзаад ээжийнхээ нэр дээр байдаг Субару маркийн 64-60 УНУ улсын дугаартай улаан өнгийн бага гарын жип машин жолоодож явснаа байран дунд түр зогсоод Алтантулга Өргөө кинотеатрын автобусны буудлын түцнээс тамхи аваад ирэхийг хүлээгээд байж байхад цагаан өнгийн Японд үйлдвэрлэсэн машинтай 4 эрэгтэй 1 эмэгтэй хүмүүс ирээд зам тавьж өгсөнгүй ална шүү зайл гэх мэтээр  хэлж хэл амаар доромжлоод байхаар нь  асуудал үүсгэлгүй Алтантулгыг тамхиа аваад ирэхээр нь цааш явсан. Гэтэл нөгөө хүмүүс байрны цаад үзүүр дээр гарч болохгүйгээр зогсоод хүлээгээд байж байсан. Нэгэнт тэр байран дунд машинтай орсон бол ухарч гарах эргэх зай байдаггүй орсон л бол чигээрээ цааш явж өнцөг дээрээс нь эргэж болдог байсан. Өнцөг дээр нь очоод эргээд гарах гэтэл зам хаачихсан машинтайгаа зогсож байсан ба тэдэн дундаа намхавтар нуруутай, тачирхан үстэй, ногоон биеийн тамирын цамц, цагаан фудволка жинсэн бараан өнгийн өдмтэй 35-40 орчим насны эрэгтэй “яадаг муу пизда вэ зам тавьж өгсөнгүй гараад ир чи” гээд давшлаад машин руу хүрээд ирэхээр нь машин руу цохиж эвдэлбэл гэж санаад би машинаасаа түрүүлээд яасан бэ гээд бууж очсон. Тэр залуугийнхаа араас 3 эрэгтэй, 1 эмэгтэй  ирж байсан.  Намайг машинаас буугаад очингуут намайг гараад ир гээд бусдаасаа түрүүлж давшлаад байсан нөгөө намхавтар залуу намайг заамдаж аваад хойш машин руу түлхэхэд бусад нь ч ирээд 2 гарнаас 2 талаас барьж аваад хэл амаар доромжлоод намайг ална гэж байтал хамт явсан эмэгтэй нь намайг пизда гэх  мэтээр харааж зүхээд гараараа миний хамар руу 1 удаа цохисон. Үүний дараа тэд олуулаа байсан болохоор нийлж грашийн тийш татаж чирээд далангийн орчимд газар унагаж дээрээс дарчихаад босгохгүй байсан. Энэ үед найз Алтантулга ирж тэднээс салгаж намайг босгох гэхэд нэг нь салахаар нөгөө нь ирээд зуураад салж болоогүй...4 эрэгтэй, 1 эмэгтэй миний бодлоор анх над руу давшилдаг намхан залуу машин барьж явсан. Бусад залуу нь бараан өнгийн хувцастай 2 нь надаас өндөр тэр хоёр өндөр залуугийн нэг нь саравчтай бараан өнгийн малгайтай байсан. Тэр хоёр өндөр залуу нь миний 2 гараас бариад байсан. Анх над руу давшилдаг намхан залуу намайг хойш түлхэж урагш гуд татаж газар унагаад нуруун дээр өвдөглөөд дараад суусан. Дөрөв дэх залууг нь Алтантулга татаад над руу ойртуулахгүй хориод байсан ба тэр залуу нь найзыг маань машин руу түлхэж байхыг би харсан” /1хх-ийн 122-123/ гэх мэдүүлэг, 

 

Шинжээчдийн дүгнэлтүүд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11361 дугаартай “Ч.Уийн биед хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх-ийн 52/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11347  дугаартай “Алтанбаганын биед баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун тохойны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /1хх-ийн 56/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11317 дугаартай: Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1хх-ийн 59/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн  шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1101 дугаартай нэмэлт шинжилгээгээр “Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү нурууны зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /1хх-ийн 68-69/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1279 дугаартай нэмэлт шинжилгээгээр “Эын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, зүүн гайморын хөндийн урд хана, хамар ясны хугарал, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /1хх-ийн 111-113/ гэсэн дүгнэлт,

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 429 дугаартай “Э.Эын биед зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, нуруунд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь өөрийн биеийн жингээр унах үед үүсэх боломжтой. Зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын цөмөрсөн хугарал, зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11343 дугаартай “Д.Тийн биед хамар бугалга, өвдгөнд шалбаралт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Гэмтлийн зэрэг тогтоохгүй болно” /1хх-ийн 63/ гэсэн дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1245 дугаартай нэмэлт шинжилгээгээр “Д.Тийн биед тухайн үед баруун өвдөг, хөлийн хөдөлгөөн чөлөөтэй байсан бөгөөд ямар нэг зовиур байхгүй байсан тул баруун өвдөгний үений гэмтлийг хэдийд авсан эсэхийг тогтоох боломжгүй байна” /1хх-ийн 76/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Д.Тийн ял шалгах хуудас /1хх-ийн 129/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 125/, Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс /1хх-ийн 133/, ажлын газрын тодорхойлолт /1хх-ийн 143/, дипломын хуулбар /1хх-ийн 147-149/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн Прокурорын газраас Д.Тийг хохирогч Ч.У, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Д.Тт холбогдох хэргийг шүүх хүлээн авч, уг хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдаан дээр прокуророос “хохирогч Э.Эын биед учирсан гэмтлийн талаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч”  Шүүх, 499 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг хавтаст хэргийн материалаар гаргуулахаар томилсон. 

 

Учир нь Д.Тт холбогдох хэрэг 2017 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэх цаг хугацаа өнгөрсөн  байдал  болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Эын эхнэр мөн энэ хэргийн хохирогч Ч.У “манай нөхөр Солонгос улсад байгаа” гэж мэдүүлсэн зэргийг харгалзан хохирогч Э.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаархи байдлыг тодруулахаар Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг хавтаст хэргийн материалаар гаргуулах боломжтой гэж шүүх дүгнэж, Д.Тт холбогдох хэргийг Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнд хүргүүлэв. 

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 429 дугаартай дүгнэлтээр “Э.Эын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн байна.

 

Хохирогч Э.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийг шинжээч Ц.Оюун-Эрдэнэ гурван удаагийн дүгнэлтээр“...зүүн гайморын хөндийн урд хана хугарал...”, “гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчид“...зүүн гайморын хөндийн урд ханын хугарал нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэж мэдүүлж байна.

 

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан дүгнэлтийн хэсгээс”...зүүн гайморын хөндийн урд ханын хугарал” нь Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтэнд тусгагдаагүй байна.

 

Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Т.Чимэд-Очир ”Гайморын хөндийн урд ханын хугарал дүрс оношлогооны нарийн мэргэшлийн эмч ирүүлсэн компьютер томографикийн зурагт байхгүй байна гэсэн хариу ирсэн. Тухайн хариуг үндэслээд гайморын хөндийн урд ханын хугарал нь хасагдаад бусад гэмтлээр нь гэмтлийн зэрэг тогтоогдсон байгаа. Ухархайн дотор болон доод ханын хугарал байсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргахад хохирогч Э.Эын хэрэгт авагдсан зургыг Оюунбаясгалан эмч уншсан. Зургаар хохирогч Э.Эын зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гараагүй. Бид энэ дүгнэлтийг санал нэгтэйгээр гаргасан. Шинжээч хэрвээ өөр саналтай бол тусдаа дүгнэлт гаргадаг. Өмнө нь хэрвээ хугарсан байсан бол хуучин хугарал гээд гараад ирнэ. Оюун-Эрдэнэ шинжээчийг дүгнэлт гаргахад Чулуунсүх эмч уг зургыг уншсан байна лээ. Зурган дээр мөн зүүн гайморын хөндийн урд ханын хугарал гараагүй байсан” гэж дүгнэлтийнхээ үндэслэлийг тодорхой тайлбарлав.

 

Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр “Э.Эын эрүүл мэндэд учирсан гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн дүгнэлтийн үндэслэлээ  шинжээч эмч Т.Чимэд-Очир ямар нэгэн эргэлзээгүйгээр тайлбарласныг үнэлэх боломжтой гэж шүүх үзлээ.   

 

Д.Т нь хүний ЭРҮҮЛ МЭНДИЙН халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогдсон байх бөгөөд энэ бүлгийн хэргийн зүйлчлэлд шинжээчийн дүгнэлт чухал ач холбогдолтой юм.

 

Прокуророос Д.Тийг хохирогч Э.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “Э.Эын эрүүл мэндэд учирсан гэмтэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж дүгнэсэн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй.

 

Д.Тийг хохирогч У, А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх бөгөөд мөн хохирогч Э.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн “хоёр, түүнээс олон хүнийг” гэх  бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжид хамаарна. 

 

Гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Д.Т 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадаа иргэн Э.Э, Ч.У, Б.А нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

хохирогч Ч.Уийн “...жолооч нь би байна” гээд хэлтэл миний нүүр рүү шууд хүчтэй цохиод авсан...”/1хх-ийн 11-12/, хохирогч Б.А”...намайг махлаг бүдүүн залуу миний баруун нүд хамар, хацар руу гараараа цохисон...босоод ирэхэд эргээд тэр залуу дахин намайг гараараа нүд нүүр орчимд цохисон...Ингэж цохиулаад хэсэг сэргэхэд Эын эхнэр У зодуулаад хамраас нь цус гарсан байдалтай зодуулчихсан уйлаад байж байсан...” /1хх-ийн 30/, хохирогч Э.Эын”...хамаг бие хөндүүр болчихсон нүд сонин болоод толгой өвдөөд сэрсэн. Эхнэрээсээ би яасан юм гэж асуусан 1 бүдүүн залууд зодуулсан...Машинаас буугаад араар тойрохдоо л түүнтэй таарч зодуулсан юм болов уу гэж ойлгосон...”/1хх-ийн 34/, гэрч А.Хунжавын“...Э түрүүлээд машинаас буухад түүнийг цохиод  газар унагасан байсан ба намайг машинаас буухад бүдүүн биеэрхүү, өндөрдүү залуу манай найз Эыг бидний явж очсон машины ард газар унагасан “та  нар амжихгүй шүү та нарын үе өнгөрсөн шүү” гэж хэлээд өшиглөөд зодож байхыг харсан...А машинаас гарч ирээд бас тэр залууг болиулж Эыг салгаж авах гэхэд үүрээд аваад шидчихсэн...энэ хэний машин бэ гээд бид нарын унаж очсон машиныг заагаад орилоод байхаар нь У хэний машин байх нь чамд хамаагүй гэж хэлэхэд шууд хамар руу нь цохиод газар унагасан” /хх-ийн 39/, гэрч Д.Алтантулгын”...Тэр залуучууд өөрсдөө шахаж орж ирээд хэл амаар доромжлоод эхэлсэн...”/1хх-ийн 35/, гэрч С.Мөнхтуяагийн”... нэг эмэгтэй хүн болиоч ээ хамар руу цохичихлоо гэж орилох дуу сонсогдохоор нь хартал...эмэгтэй гадаа бороо орж байсан болохоор их норчихсон, хамраас нь цус гарсан байдалтай тэр эмэгтэйн ойролцоо ар талд нь цагаан фудволктай эрэгтэй газар хэвтчихсэн түүнийг нэг бүдүүн ах хөлөөрөө өшиглөж зодоод байгаа харагдсан...” /хх-ийн 36-37/, гэрч Л.Энхбаатарын”...тэр эмэгтэй яах аргагүй хамар руугаа цохиулсан, хамраас нь цус гарсан байсан ч гадаа бороо орж байсан тул бороонд угаагдаад арилж байгаа харагдсан...Гол зодоод хүмүүсийг бэртээгээд байсан нь тэр бүдүүн биеэрхүү залуу байсан...”/1хх-ийн 40-41/, гэрч Э.Энхзулын”...бэр У дүү Эыг түшиж гаднаас орж ирсэн ба дүү Э маань хүнд зодуулсан байдалтай, дээр нь бас согтолт ихтэй, 2 нүд нь цохиулж гэмтээд хөхөрсөн, хавдсан, ар нуруу шалбараад улаан эрээн болсон. У хамар руугаа цохиулсан цус гарсан...орж ирсэн...” /1хх-ийн 42/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11361 дугаартай дүгнэлтээр Ч.Уийн биед учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1хх-ийн 52/ гэсэн дүгнэлт, тус байгууллагын 11347  дугаартай дүгнэлтээр Б.Ан биед учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх-ийн 56/ гэсэн дүгнэлт, Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 429 дугаартай дүгнэлтээр Э.Эын биед учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, Э.Эын холбогдох эмнэлгийн бичгийн хуулбар /1хх-ийн 79/, захиалгын хуудсны хуулбар /1хх-ийн 84/, өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 86-87, 154-161/, толгойн компьютерт томографийн шинжилгээний хуулбар /1хх-ийн 88-93/ цацраг туяа, компьютер томографийн дүгнэлт /1хх-ийн 105/, эмнэлгийн тодорхойлолт /1хх-ийн 106/,  Ч.Уийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 171-177/, толгойн компьютерт томографийн шинжилгээ /1хх-ийн 178/ зэрэг баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Шүүхээс, шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэм буруугийн талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” санал дүгнэлт,

хохирогч Б.А өмгөөлөгч Ж.Баяржавхлан “улсын яллагчийн санал дүгнэлтийг дэмжиж”,   

хохирогч Ч.У, Э.Э нарын өмгөөлөгч Э.Ганбат “ Э.Эын биед учирсан гэмтлийг хүндэвтэр гэмтлээр нь шийдүүлэх саналтай”

шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч А.Ариунаагаас “ гэмт хэрэг гарсан байдлыг прокурор тогтоож чадаагүй, энэ хэрэгт нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй тул цагаатгаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.Т 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар байрны гадаа иргэн Э.Э, Ч.У, Б.А нартай маргалдаж тэдгээрийг зодож цохисон хэргийн үйл баримт тогтоогдсон. 

 

Мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, нарт хууль сануулж авсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т нь нэр бүхий гурван хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан нь хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон тул өмгөөлөгч А.Ариунаагийн “Д.Тт холбогдох хэргийг цагаатгуулах” талаар гаргасан санал дүгнэлтийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй. 

 

Хохирогч Э.Эын биед учирсан гэмтлийг тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул өмгөөлөгч Э.Ганбатаас гаргасан санал дүгнэлтийг хүлээж авах шаардлагагүй юм. 

 

Харин улсын яллагч болон өмгөөлөгч Ж.Баяржавхлан нараас гаргасан  Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээж авав.

Хохирол төлбөрийн тухайд:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан оношилгоо, эмчилгээтэй холбогдох зардалд хохирогч Э.Эын нүдний ухархайн хугарлын амплантын төлбөр 1700.000 төгрөг /хх-ийн 199/, толгойн томографи хийлгэсэн 120000 төгрөг /хх-ийн 199/, эмчилгээний төлбөр 385.000 төгрөг /хх-ийн 198/  буюу нийт  2.205.000 төгрөг,  хохирогч Ч.Уийн толгойн томографи хийлгэсэн 120000 төгрөг /хх-ийн 199/, эмчилгээний төлбөр 385.000 төгрөг /1хх-ийн 198/ буюу нийт 505.000 төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Төөс гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч Э.Э цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.Төөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Харин хохирогч Б.А өмгөөлөгч Ж.Баяржавхлангаас “өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг” хохирогч Ч.Уээс “өмгөөллийн хөлсөнд 2.000.000 төгрөг” нэхэмжилсэн нь тэдгээрийн сайн дурын үндсэн дээр хоорондоо харилцан тохиролцсон өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны төр хариуцан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Тийг “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Тт нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагаас дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргалаа. 

 

Шүүгдэгч Д.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан нэг мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.  

Энэ хэрэгт Д.Т цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.