| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04122/И |
| Дугаар | 191/ШШ2025/04540 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/04540
2025 05 20 191/ШШ2025/04540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 08 дугаар хороо, 0 тоотод оршин суух, Б овогт А-ийн Пүрэвсүрэн /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Би 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байгаад 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр цэрэгт татагдсан. Цэргээс халагдаад 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэ сумын 8 жилийн сургуульдаа эргэж багшаар ороод 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Ажилд орсон, гарсан тушаалыг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн байгаа боловч эх хувь нь байхгүй, архиваас шүүгээд олдохгүй байна.
Иймд миний 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн сургуульд багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас А.П-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний төв архивын 2025.04.14-ний өдрийн 401 дүгээр тодорхойлолт, А.П-гийн 086729 дүгээр Хөдөлмөрийн дэвтэр, С.Ө, Б.Т нарын 2025.04.20-ны өдрийн тодорхойлолтууд, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2025.04.25-ны өдрийн 440 дугаар тодорхойлолт, Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захиргааны 1989.02.05-ны өдрийн мэндчилгээ, Эрдэнэ сумын ХЗЭ-ийн хороо биеийн тамирын хамтлагын 1989.02.07-ны өдрийн баярын бичиг, Алтай хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989.08.19-ний өдрийн баярын бичиг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захиргааны 1989.01.20-ны өдрийн талархал, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн архивын лавлагаа, Эрдэнэ сумын сургуульд 1989-1993 онд байрын багш, бага ангийн багшаар ажиллаж байсан А-н П-гийн цалингийн түүвэр, гэрэл зураг-2ш зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар гэрч С.Ө, Б.Т нараас мэдүүлэг авсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл багшаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Нэхэмжлэгч ******* нь ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.
2. Нэхэмжлэгч ******* нь ажилласан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, ажилд орсон, гарсан тушаалын эх хувь байхгүй, архиваас олдоогүй гэж тайлбарлаж, Үндэсний төв архивт холбогдох баримт байхгүй болох нь лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болох нь:
а. А.П-д нээсэн Хөдөлмөрийн дэвтэрт 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилд томилсон, чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн байдлаар,
б. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1989.02.05-ны өдөр А.П-д МБН-ын өдрийн мэндчилгээ дэвшүүлж амьдралд нь аз жаргал, ажилд нь амжилт хүссэн мэндчилгээгээр,
в. Алтай хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1989.08.19-ний өдөр *******д ...МАХН-ынхаа дайчин шийдвэр үзэл санааг сургалт хүмүүжлийн ажилд бүтээлчээр хэрэгжүүлж, ардын боловсролын системд он удаан жил идэвх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгааг тэмдэглэж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав гэснээр,
г. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1989.01.20-ны өдөр Пүрэвсүрэн ахлагчтай багийн хамт олонд, волейболын тэмцээнд амжилт гарган 2-р байр эзэлсэн явдалд чинь талархал илэрийлж талархлын бичиг мөнгөн шагналаар шагнав гэснээр,
д. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн архивын лавлагаа болох Эрдэнэ сумын сургуульд 1989-1993 онд байрын багш, бага ангийн багшаар ажиллаж байсан Аийн Пүрэвсүрэнгийн цалингийн түүврээр,
е. Гэрч *******, ******* нарын *******тэй Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оноос 1994 он хүртэл хамт ажилласан талаар гэрчлэн мэдүүлсэн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судлахад нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хангаж, ажилласан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт *******ийн Пүрэвсүрэн /РД:*******/-гийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 8 жилийн дунд сургуульд 1984 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл багшаар ажилласан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА