2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2025/06853

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 14 191/ШШ2025/06853

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 289,740,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Ч.******* миний бие 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э.*******тай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 1947 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан болно. Тус зээлийн гэрээгээр 180,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай буюу 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл зээлдүүлсэн.

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1947 дугаартай Барьцааны гэрээгээр зээлдэгч Э.*******ы өмчлөлийн улсын бүртгэлийн  дугаартай  тоот хаягт байршилтай 106 м,кв 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Э.******* нь зээлийн хүүд нийт 16,200,000 төгрөгийг төлсөн. Улмаар Э.******* нь зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлт гаргасны дагуу бид зээлийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан.

Зээлийн гэрээний хугацаа сунгаснаас хойш зээлдэгч нь зээлийн гэрээний хүү болох 9,000,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьж утсаар холбогдож хэлдэг байсан боловч сүүлийн үед утсаа авахгүй гэрээний үүргээ биелүүлэх талаар ямар нэгэн санаачилга гаргахгүй байх тул ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж мөн Зээлийн гэрээний 3 дугар зүйлийн 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж тус тус заасны дагуу хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөг, алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөгийг гаргуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1947 дугаартай барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч бичгээр хариу тайлбар өгөөгүй.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээний хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ сунгах тухай албан бичгийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнг үндсэн зээл, хүүгийн нийлбэр 193,160,000 төгрөгөөр тооцож түүний 50 хувиар алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөг гаргуулах, мөн өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч Э.******* нь Ч.*******той байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13,160,000 төгрөг, алдангийг 180,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 90,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үндсэн зээл, хүүгийн нийлбэрээс алданги шаардсаныг зөвшөөрөхгүй тул алдангийн шаардлагаас 6,580,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан. 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар зохигчийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, 180,000,000 төгрөгийг нэг сарын 1,8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь уг мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаа дуусахад буцаан төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцсон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 106 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сунгасан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021.10.21-2022.12.21-ний өдрийг хүртэл үргэлжилж, энэ хугацаанд /14х3,240,000/ нийт 45,360,000 төгрөгийн хүүгийн төлбөр үүссэн, хариуцагч зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 32,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 13,160,000 төгрөгийг тус тус төлөх талаар зохигчдын хэн алин нь маргаагүй.

 

6. Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэр дүнгээр тодорхойлж, уг үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

7. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

8. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заасан.

 

9. Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 180,000,000 төгрөгийг нэг сарын 1,8 хувийн хүүтэй, 14 сарын хугацаатай шилжүүлэн авсан боловч гэрээгээр тохирсон хугацаанд зээл, түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 180,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл төлбөрт 13,160,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, иймд үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

10. Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэж зааснаар гэрээний хугацаа хэтэрсэн нь гэрээнд заасан алданги шаардах нөхцөл болно.

 

11. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл 180,000,000 төгрөг болон зээлийн хүү 13,160,000 төгрөгийн нийлбэр 193,160,000 төгрөгөөр тогтоож, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги 96,580,000 төгрөг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрээр тогтоож, хүүгээс анз тооцсон нь үндэслэлгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 180,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 90,000,000 төгрөгийг төлөх боломжтой гэсэн тайлбар гаргасан.

 

12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүн болох тул уг дүнгийн нийлбэрийг гүйцэтгээгүй үүргийн дүнгээр тодорхойлж, алданги 96,580,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна. Тодруулбал, үндсэн зээлийн 180,000,000 төгрөг дээр нэмсэн 13,160,000 төгрөгийн хүү нь гэрээний хугацаан дахь хүүгийн хэмжээ тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг зээл, түүний хүүгээр тодорхойлно.

 

13. Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн нь 193,160,000 төгрөг байх бөгөөд хэтрүүлсэн хугацаанд ногдох алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрчээ. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийг тооцвол 96,580,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.

 

14. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь зохицуулалт нь үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх бол энэхүү хүүгээс анз тооцохыг хориглосон зохицуулалт болно.

 

15. Иймд хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 180,000,000 төгрөг, хүү 13,160,000 төгрөг, алданги 96,580,000 төгрөг, нийт 289,740,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.*******д олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

16. Хариуцагч Э.******* өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 106 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон барьцаалсан байх бөгөөд барьцааны гэрээг талууд бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцжээ.

 

17. Иймд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 289,740,000 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1. 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 289,740,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.******* шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э.*******ы өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  тоот хаягт байршилтай 106 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,676,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,676,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАТХУЯГ