| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2026/0127/З/Т |
| Дугаар | 128/ШШ2026/0581 |
| Огноо | 2026-06-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2026/0581
2026 06 08 128/ШШ2026/0581
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.Ж
Хариуцагч: Нийслэлийн ерөнхий архитектор
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Х /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал “”
2.1. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч О.Ба*******д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Оргил гудамж, 29 тоот хаягт байрлах нэгж талбарын 18*******6 дугаартай 7 м.кв талбай бүхий газрыг улсын бүртгэлийн Г-2*******2 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0*******6 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
2.2. Дээрх гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Ерөнхий архитектораас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2******* дугаартай амины орон сууцны зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчид олгожээ.
2.3. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар нь гомдол мэдээллийн дагуу нэхэмжлэгчийн амины орон сууцны барилгад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
2.4. Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч О.Б нь батлагдсан загвар зураггүй амины орон сууцны барилга угсралтын ажлыг явуулж байсан үндэслэлээр НХШ-05-0 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцон, эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.
2.5. Хот байгуулалт, хотын стандарт газраас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр “Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй, батлагдсан Загвар зураггүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3 дахь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн маргаан бүхий архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.
2.6. Улмаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий архитектораас иргэн О.Б нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, С засах клиникийн эмнэлгийн хойд талд төлөвлөгдсөн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй, батлагдсан загвар зураггүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлүүдээр 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ дугаар “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалаар нэхэмжлэгчийн 2024 оны 2******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалжээ.
2.7.Тус шүүх иргэн О.Б*******с Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “О.Б миний тус шүүхэд нийслэлийн Хяналт, шалгалтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.О*******жийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0666291 дугаартай шийтгэлийн хуудас болон НХШГ-05-039/175 дугаартай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Гэтэл уг маргаан бүхий шийтгэлийн хуудаст дурдсан “Барилга угсралтын ажлыг загвар зураггүй явуулсан” гэх үндэслэл болон Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, С засан клиникийн эмнэлгийн хойд талд төлөвлөгдсөн Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй гэх үндэслэлээр Нийслэлийн ерөнхий Архитектор нь 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалаар 2024 оны 2024/-55 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан. О.Б би нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, оргил гудамж 29 тоот хаягт байршилтай, 7 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-2*******2 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 0*******6 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй газрын хууль ёсны өмчлөгч юм.
Уг өөрийн өмчлөлийн газар дээрээ хуулийн дагуу батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу иргэн О.Ба*******йн амины орон сууц нэртэй загвар зургийг 2025 онд тусгай зөвшөөрөл бүхий С пт ХХК-иар гүйцэтгүүлэн бэлэн болгож уг зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн.
Барилгын тухай хуулийн 10.1-т Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараах байдлаар ангилна: 10.1.1-т барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж; Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтын 1-т Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж 1.1-т 9 м хүртэл өндөртэй 6 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөлд захиалагчийн хүсэлтээр магадлал хийж болно гэж зааснаас үзвэл миний барихаар төлөвлөж буй, суурь цутгасан амины орон сууц нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, мөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөлтэй компаниар хийж гүйцэтгүүлсэн загвар зурагт заавал магадлал хийлгэх шаардлага тавигдахгүй барилга байгууламжид хамаарч байна.
Мөн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “газар өмчлөх” гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг; Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1- д Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй: 27.1.1-д бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах; гэж зааснаас үзвэл уг хуульд заасны дагуу өмчлөн авсан газартаа гэр бүлийн хэрэгцээний зориулалт буюу амины орон сууц барьж, амьдран суух зорилготойгоор Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу өөрийн мэдэлд байлгаж байгаа билээ.
Миний бие хуулийн дагуу өмчлөн авсан газар дээрээ 9 м хүртэл өндөртэй 2.9 м2 талбайтай нэг айлын орон сууц барих гэтэл төрийн байгууллагууд ээлж дараалан улсын байцаагч нь шийтгэл ногдуулж, ерөнхий архитектур нь өөрийн баталсан даалгавраа ямар ч үндэслэл шалтгаангүйгээр цуцалж, иргэн миний өмчлөх эрхэд удаа дараа саад учруулж, төр эрх мэдлээ хэтрүүлж, хувийн өмч рүү халдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, Арван зургаадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө; гэж заасан өмчлөх эрхийг минь зөрчиж байна.
Нийслэлийн ерөнхий Архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай тушаалын үндэслэлд архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй гэжээ.
Гэтэл миний зүгээс тус даалгаварт заасны дагуу загвар зураг гүйцэтгүүлж, уг зургийн дагуу суурь цутгаж эхэлсэн. Уг тушаалд даалгаврын ямар шаардлагыг биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, энэ талаар ямар ч тайлбар баримтгүй, надад мөн уг даалгаврыг цуцлах болсныг мэдэгдээгүй, надаас тайлбар баримт аваагүй, мөн юуг ч тайлбарлаж өгөөгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж зааснаар захиргааны байгууллага уг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахдаа надад мэдэгдэж, намайг тайлбар баримт гаргаж оролцох боломжоор заавал хангах үүрэгтэй боловч уг үүргээ ч биелүүлээгүй юм.
Түүнчлэн уг амины орон сууцны барилгын ажилд 2024 оны 05 дугаар сараас эхлэн О.Б надаас болон миний нөхөр П.Уойролцоогоор 1,0,, /нэг тэрбум жаран дөрвөн сая/ төгрөгийн зардал гарсан. Үүнд барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний нийт үнэ 134,, төгрөг, барилгын узель угсрах ажлын төсөвт 108,917,611 төгрөг, барилгын гадна дулааны шугам угсрах ажлын төсөвт 2,184,907 төгрөг, барилгын гадна цэвэр ба бохир усны шугам угсрах ажлын төсөвт 28,854,151 төгрөг, барилгын материалын үнэд 149,, төгрөг, бусад буюу хашаа хийлгэх, барилгын материалын төлбөр, барилгын зураг хийлгэсэн төлбөр, краны түрээс, барилгын материалын тээвэр зэрэг үйл ажиллагааны зардлууд багтсан.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж зааснаар хууль ёсоор батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгын ажлыг эхлүүлэхэд л дээрх хэмжээний зардлыг ойролцоогоор гаргасан миний хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, Нийслэлийн ерөнхий Архитекторыг хамтран хариуцагчаар татаж, Нийслэлийн ерөнхий Архитекторын 2025 оны -р сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өмнө нь энэхүү хэрэг маргааныг бүтэн хэлэлцсэн учраас товчхон тайлбар хэлье. Хяналтын улсын байцаагч н.О*******ж 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийг загвар зураг батлуулахгүйгээр барилга байгууламж барьсан гэдэг үндэслэлээр буруутгаж шийтгэлийн хуудас оногдуулсан. Гэхдээ тус зөрчил зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 2 захиргааны актыг Захиргааны хэргийн Давж заалдах шатын шүүх 2 үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, хяналтын улсын байцаагчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчсөн гэж үзсэн. Хоёрдугаарт, маргаан бүхий барилгад ямар нэгэн зөвшөөрөл шаардагдахгүй учраас барилгын загвар зураг батлуулах шаардлагагүй байсан гэдэг үндэслэлээр тус шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч анхнаасаа миний барилга амины орон сууц учраас ямар нэгэн загвар зураг батлуулах шаардлагагүй гэж удаа дараа тайлбар тавьж байсан. Тухайлбал, нэхэмжлэгчийн барилга Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид хамаарч байсан. Манай зүгээс хариуцагч анхнаасаа нийслэлийн нөхөн төлбөр өгөх асуудалтай холбоотой тус захиргааны актыг гаргасан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн барилгад нийт 3 байгууллага хяналт шалгалт хийж төрийн дарамт шахалт үзүүлсэн байдаг. Энэхүү үйл баримт мөн шүүхийн ажиллагааны үед тогтоогдсон. Монгол Улсын иргэний газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хуулиар зохицуулж, хамгаалж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн энэхүү эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төрийн байгууллагад нийлж зөрчсөн. Тухайлбал, маргаан бүхий захиргааны акт Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус үндэслэж гарсан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно” гэж заасан. Гэтэл маргаан бүхий захиргааны актад архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаагүй, батлагдсан загвар зураггүйгээр барилгын ажил явуулсан гэж буруутгасан. Ингэж буруутгачхаад яагаад Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг үндэслээд байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл гаргасан гээд байгаа зөрчилтэйгөө нийцэхгүй гэж үзэж байна. Миний бие энэ асуудлыг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд тайлбарласан. Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг зөвхөн захиргааны байгууллага өөрөө хууль зөрчсөн шийдвэр гаргачхаад дараа нь үүнийгээ хүчингүй болгохдоо үндэслэнэ. Мөн нэхэмжлэгчид хууль зүйн нарийн мэдлэг байхгүй учраас тухайн үед барилга барьж байсан хуулийн этгээдийнхээ зөвлөсний дагуу барилгаа барьсан. Өмнө нь архитектур төлөвлөлтийн даалгавраа авч, барилгынхаа тодорхой зураг, хөргийг нь гаргуулсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хэдэн мянган загвар зураггүй, барилгын зөвшөөрөлгүй барилга байгууламжууд баригдаж ашиглалтад орж байгаа. Захиргааны байгууллага энэ асуудалтай тэмцэхгүй байж ганц амины орон сууц барьсан этгээдтэй маргалдаад байгаа нь үндэслэлгүй. Миний бие хариуцагч талыг нийт хэдэн зөрчлийн хэдийг нь цуцлаад байгаа талаарх мэдээллийг авах гэж шүүхэд хандсан. Өмнөх шүүхийн шийдвэрээр загвар зураггүйгээр барилга байгууламж барьсан гэх зөрчил байхгүй гэдгийг тогтоож захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгосон. Тэгэхээр хариуцагч талын энэхүү үндэслэл үндэслэлгүй гэдэг нь тогтоогдсон гэсэн үг. Мөн нэхэмжлэгч болон миний зүгээс захиргааны байгууллагын хүнд суртлыг энэхүү шүүхийн шийдвэрээр таслан зогсоох ёстой гэж бодож байна. Маш олон этгээдүүд зуслангийн бүсэд барилга байгууламжаа бариад өмчлөх эрхээ шинээр бүртгүүлээд явдаг. Үүнтэй холбоотой нийтэд илэрхий баримтаа бид гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Нийслэлийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хэн хэгэн этгээд рүү чиглэж харьяа байгууллагуудыг хөдөлгөж, хууль зөрчсөн хяналт шалгалт хийлгэдэг энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
5.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн О.Ба*******йн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Ерөнхий архитектор холбогдох маргаанд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, С засах клиникийн эмнэлгийн хойд талд байрших гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн 1*******1 нэгж талбарын дугаартай 0.0******* га газрыг үндэслэн 2024 оны 2******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн О.Ба*******д олгосон байна.
Тус байршилд Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байх бөгөөд хяналт шалгалтын хүрээнд батлагдсан загвар зураггүй амины орон сууцны барилга угсралтын ажлыг явуулж байсан үндэслэлээр НХШГ-05-0 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцсон.
Иймд иргэн О.Б нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй, батлагдсан Загвар зураггүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх", 37.1.3 дахь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг гэснийг үндэслэн тус газрын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр 2024 оны 2******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах сонсох ажиллагааны мэдэгдлийг иргэн О.Ба*******д хүргүүлсэн. Мөн Нийслэлийн Ерөнхий архитекторын 2025 оны А/ дугаартай “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалаар 2024 оны 2******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан болно.
Иргэн О.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчөөгүй, даалгаварт заасны дагуу Загвар зураг зуруулаад тэрнийхээ дагуу барьж байсан.” гэжээ. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийн зураг боловсруулах, магадлал хийх дүрмийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална.” гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд барилга байгууламжийн Загвар зургийг батлах эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, батлуулж, Хот байгуулалтын мэдээллийн санд оруулж, холбогдох техникийн нөхцөлийг авч, Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгүүлж, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсны дараагаар барилга угсралтын үйл ажиллагааг эхлүүлэх боломжтой байдаг. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ гадна шугам сүлжээний ажил, цэвэр бохир шугамын ажлыг хийсэн гэж дурджээ. Тухайн үйл ажиллагаа нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр хийгддэг бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйл. Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эрх, үүрэг 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн Байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэнэ.”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журмын 3.3.“Техникийн нөхцөл олгогдсоны дараа хэрэглэгч нь ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд барилгыг холбох холболтын ажлыг техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаанд хийж гүйцэтгээгүй эсвэл тухайн хэрэглэгчийн ажлын зурагт өөрчлөлт орвол хэрэглэгч нь хангагч байгууллагад албан ёсоор мэдэгдэх бөгөөд комиссын хурлаар анхны техникийн нөхцөлийг сунгуулах буюу нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр техникийн нөхцөл авах асуудлаа шийдвэрлүүлнэ.” гэж тодорхой заасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2024 онд анх нэхэмжлэгч О.Ба*******д архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Үүний дараа манайх нэхэмжлэгчийг барилга байгууламжийн зураг төслийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэдгийг тогтоосон. Гэхдээ Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд процессын алдаатай байна гэдэг агуулгаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Манай улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэл болгоогүй. Тэгэхээр нэхэмжлэгчийг барилгын зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдсон гэж ойлгож байгаа. Мөн манай зүгээс нэхэмжлэгчийг архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй гэж үзсэн. Тухайлбал, нэхэмжлэгч Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм нормативын баримт бичиггүйгээр үйл ажиллагаагаа эрхэлсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, архитектур төлөвлөлтийн даалгавар тусгасан зургаа үндэслэж загвар зургаа батлуулдаг. Тэгэхээр архитектур төлөвлөлтийн даалгавар маш тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ бид ямар ч архитектур төлөвлөлтийн даалгавар зөрчөөгүй архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу загвар зургаа батлуулж барилга байгууламжаа барьсан гэж тайлбарласан байсан. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх дүрэм байдаг. Тус дүрэмд загвар зургийг зөвхөн Нийслэлийн Ерөнхий архитектур батална гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Нийслэлийн Ерөнхий архитектур ямар ч загвар зураг батлуулаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд заасны дагуу 9 метрт багтах барилга байгууламжийг бид барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барих эрхтэй гэж тайлбарласан. Гэхдээ барилгын барилгын ажлын зөвшөөрөл гэдэг нь барилгын үе шатын хамгийн сүүлийн зөвшөөрлийг хэлдэг. Сүүлчийн үе шатын зөвшөөрөл буюу барилга угсралтын үйл ажиллагаагаа эрхлэхэд бэлэн болсон үед тус зөвшөөрлийг авна. Өөрөөр хэлбэл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг зургаас тусдаа бие даасан энгийн зөвшөөрлийг хэлнэ. Энэхүү зөвшөөрлийг нэхэмжлэгч заавал авах шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ бид гадна шугам сүлжээний ажил, цэвэр бохир шугамын ажлыг маш өндөр зардлаар хийсэн гэж дурдсан байсан. Гэхдээ тус үйл ажиллагааг Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу холбогдох хангагч байгууллагуудаас зөвшөөрөл авсны дараагаар хийдэг. Мөн Нийслэлийн Ерөнхий архитектор маргаан бүхий тушаалын үндэслэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг үндэслэсэн учир нь нэхэмжлэгчийг ямар нэгэн хууль зүйн зөрчилгүй архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж дараагийн үе шатын зөвшөөрөл аваагүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу загвар зургаа батлуулаагүй учраас архитектур төлөвлөлтийн даалгавар байх шаардлагагүй болсон гэсэн үг. Тийм учраас өөрийн эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч төрийн албаны хүнд суртлаас болж нэхэмжлэгч загвар зургаа батлуулж чадаагүй гэдэг байдлаар тайлбар хэлж байна. Гэхдээ нэхэмжлэгч өнөөдрийн хүртэл Хот байгуулалт, хотын стандартын газар болон Нийслэлийн Ерөнхий архитекторын ажлын албанд загвар зураг батлуулах тухай хүсэлт нэг ч удаа ирүүлж байгаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харвал энэ нөхцөл байдал тогтоогдоно. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нийслэлд иргэн, хуулийн этгээдүүд ямар ч зөвшөөрөлгүйгээр төвлөрсөн шугам, инженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой гэдэг байдлаар тайлбар хэллээ. Гэхдээ энэ асуудлыг зохицуулахын тулд Хот байгуулалтын тухай хуулийг баталсан. Тухайлбал, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх;” гэж заасан. Мөн нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврын 7 дахь хэсэгт загвар зураг батлуулах шаардлагатай талаар маш ойлгомжтой байдлаар зааж өгсөн. Мөн 9 дэх хэсэгт Богд хааны сэрүүн ордны музейн загвар зурагтай уялдуулан төлөвлөнө гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч Богд хааны сэрүүн ордны музейтэй маш ойрхон барилга байгууламжаа барьчихсан. Үүнийг нотлох зураг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ нөхцөл байдлаас болж иргэдээс гомдол, санал ирүүлсэн. Нэхэмжлэгч анхнаасаа архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу загвар зургаа батлуулж барилгын ажлын үе шатаа тодорхой болгох ёстой байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар инженерийн зөвшөөрлийн гэрчилгээ шаардлагагүй гэж үзвэл хүн бүр хүссэн үедээ Улсын төвлөрсөн шугам, сүлжээнээс ус, цахилгаан, дулаанаа авна. Энэ асуудлыг зохицуулах гэж л хууль тогтоогч нар Хот байгуулалтын тухай хууль баталсан. Төрийн байгууллага нэхэмжлэгчийг загвар зургаа батлуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн газар аль хэсгээрээ даралттай, аль хэсгээс нь авбал боломжтой, аль хэсгээс нь авбал хүний эдэлбэр газраар бага дайруулах юм гэдгийг тооцоолж төвлөрсөн шугам сүлжээнд холбож өгөх боломжтой. Энэ бүх үйл ажиллагаануудыг хуульд заасан процессын дагуу хийсний дараа нэхэмжлэгчийн барилга байгууламжийг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэдээллийн санд бүртгэнэ. Үүний дараа нэхэмжлэгч барилга байгууламжийнхаа хаяг, дугаар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авах эрх зүйн боломж үүснэ. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа барилгын ажлын зөвшөөрөл гэдэг бол тусдаа ойлголт. Барилгын ажлын зөвшөөрөл гэдэг нь барилга угсрах үйл ажиллагааны процессыг хэлнэ. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт заасан ойлголт архитектур төлөвлөлтийн даалгавартай огт хамааралгүй. Энэ зохицуулалтыг үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд ашиглана. Мөн хуулийн 27 дугаар зүйлд барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээний талаар зохицуулж өгсөн. Нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгавар ямар ч эрх зүйн зөрчилгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч зөрчилгүй архитектур төлөвлөлтийн даалгавраа баримталж загвар зургаа батлуулахгүйгээр барилгын үйл ажиллагаагаа эрхэлсэн. Иймд манайх маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... Маргаан бүхий барилга нь загвар зураг батлуулж, барилга байгууламж барих зөвшөөрөл авах шаардлагагүй хувийн амины орон сууц тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актаар загвар зураг батлуулалгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэхэмжлэгч архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй, батлагдсан загвар зураггүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэсэн тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч О.Б*******с Нийслэлийн Ерөнхий архитектурт холбогдуулан “Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч О.Ба*******д Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Оргил гудамж, 29 тоот хаягт байрлах нэгж талбарын 18*******6 дугаартай 7 м.кв талбай бүхий газрыг улсын бүртгэлийн Г-2*******2 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0*******6 дугаартай гэрчилгээг бичиж олгосон байна.
5. Дээрх гэрчилгээг үндэслэн Нийслэлийн Ерөнхий архитектораас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2******* дугаартай амины орон сууцны зориулалтаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэхэмжлэгчид олгожээ.
6.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хяналт шалгалтын газар нь гомдол мэдээллийн дагуу нэхэмжлэгчийн амины орон сууцны барилгад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
7.Хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч О.Б нь батлагдсан загвар зураггүй амины орон сууцны барилга угсралтын ажлыг явуулж байсан үндэслэлээр НХШ-05-0 дугаартай зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ тооцон, эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүлсэн байна.
8.Хот байгуулалт, хотын стандарт газраас 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр “Архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй, батлагдсан Загвар зураггүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэж Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх”, 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх”, 37.1.3 дахь “барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх”, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг” гэснийг үндэслэн нэхэмжлэгчийн маргаан бүхий архитектор төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.
9.Улмаар хариуцагч Нийслэлийн Ерөнхий архитектораас иргэн О.Б нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт, С засах клиникийн эмнэлгийн хойд талд төлөвлөгдсөн барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан шаардлагуудыг биелүүлээгүй, батлагдсан загвар зураггүйгээр барилгын угсралтын ажил гүйцэтгэсэн гэх үндэслэлүүдээр 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ дугаар “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалаар нэхэмжлэгчийн 2024 оны 2******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалжээ.
10.Маргаан бүхий дээрх тушаал нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Газрын дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгожээ.
11.Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйл.“Эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах”, 49.1.“Захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран түүнийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болно.” гэж заажээ.
12.Хуулийн дээр заалтын агуулгаас үзвэл, эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг эрх бүхий албан тушаалтан бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн цуцалж болохоор байна.
13.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Уг өөрийн өмчлөлийн газар дээрээ хуулийн дагуу батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу иргэн О.Ба*******йн амины орон сууц нэртэй загвар зургийг 2025 онд тусгай зөвшөөрөл бүхий “С пт” ХХК-иар гүйцэтгүүлэн бэлэн болгож уг зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын тухай хуулийн 10.1-т Барилга байгууламжийг төвөгшлөөр нь дараахь байдлаар ангилна: 10.1.1-т барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж; Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох журмын нэгдүгээр хавсралтын 1-т Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж 1.1-т 9 м хүртэл өндөртэй 6 м2 хүртэл талбайтай нэг айлын орон сууц, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д энэ хуулийн 10.1.1-д заасан ангилалд хамаарах барилга байгууламжийн зураг төсөлд захиалагчийн хүсэлтээр магадлал хийж болно гэж зааснаас үзвэл миний барихаар төлөвлөж буй, суурь цутгасан амины орон сууц нь барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй, мөн архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тусгай зөвшөөрөлтэй компаниар хийж гүйцэтгүүлсэн загвар зурагт заавал магадлал хийлгэх шаардлага тавигдахгүй барилга байгууламжид хамаарч байна.” гэж тайлбарлан маргажээ.
14.Маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын 7 дугаар хэсэгт заасан Талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлагад “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах буулгах журам”-ын 4.1-д зааснаар төлөвлөн загвар зурагт хийц, загварыг тусгана.” гэж заажээ.
15.Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 3.5-д “Захиалагч барилга байгууламжийн байршлыг тогтоосон шийдвэр, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж зураг төслийн даалгавар боловсруулж батална”, 3.6-д “Барилгын тухай хуулийн 4.1.27-д заасан загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төслийн даалгаврыг үндэслэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална.” гэж заажээ.
16. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д “загвар зураг” гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заажээ.
17.Дээрх хууль болон дүрмийн зохицуулалтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь Нийслэлийн Ерөнхий архитектораас баталсан архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу зураг төсөл боловсруулж, уг загвар зургаа Нийслэлийн Ерөнхий архитектораар хянуулж, батлуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэхээр байна.
18.Хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас үзвэл, нэхэмжлэгч О.Б нь Хот байгуулалт, хотын стандарт газар болон Нийслэлийн Ерөнхий архитектурын ажлын албанд хандаж загвар зураг батлуулах тухай хүсэлт ирүүлж байгаагүй байх бөгөөд мөн загвар зураг батлуулаагүй гэх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
19.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, нэхэмжлэгч О.Б нь барилгын загвар зураг батлуулалгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгчид олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
21.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч О.Б*******с Нийслэлийн Ерөнхий архитектурт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б*******с Нийслэлийн Ерөнхий архитектурт холбогдуулан гаргасан “Нийслэлийн ерөнхий архитекторын 2025 оны дүгээр сарын 02-ны өдрийн А/ тоот “Захиргааны актыг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ