Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 890

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Артконстракшн” ХХК /РД: 2706849/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Барилга хот, байгуулалтын яам, 

Хариуцагч: Барилга хот, байгуулалтын сайд

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г хуульд заасан журмын дагуу сунгахыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгуулах, Дархан-Уул аймгийн төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг зохих журмын дагуу хянаж, баталсан шийдвэр гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах, Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шархүү, Ш.Маралгуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Туяа, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин, Д.Билэгсайхан, хариуцагч Барилга, хот  байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Артконстракшн” ХХК нь Барилга, хот байгуулалтын яамны захиалгатай “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах тендерт оролцон “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлж, тендерийн ялагчаар шалгарсан юм. 

Захиалагч Барилга, хот байгуулалтын яамтай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээг байгуулан ажиллаж байсан болно. 

Тендерийн захиалагч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаас манай компанид хандан 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаартай албан бичгээрээ “Тендерийн гүйцэтгэгч манай компанийг ажлын тайлан, гүйцэтгэл ирүүлээгүй, санхүүжилт хийгдээгүй, гэрээний хугацаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан байгаа” гэх үндэслэлүүдээр гэрээг цуцалсан тухайгаа мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлсэн юм. 

Манай компани нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай албан бичгээр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд хандан гомдол гаргасан ба тэрээр манай гомдол, түүний үндэслэлийг бүрэн хянан боломжгүй хугацаа болох 3 хоногийн дотор буюу 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гомдлыг хүлээн аваагүй талаар хариу ирүүлсэн юм. 

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу түүний дээд шатны албан тушаалтан болох Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хандан 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч сайд уг асуудлыг өөрөө хянаж үзэхгүйгээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнд шилжүүлсэн байсан ба тэрээр өөрийн гаргасан шийдвэрийг өөрөө хянаж албан бичгээр хариу ирүүлсэн тул эс зөвшөөрч дахин сайдад хандан 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гомдол гаргасан боловч тэрээр өөрөө хариу өгөөгүй юм. 

Түүний өмнөөс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий 4/05 дугаар албан бичгээр манайд хандан яамыг гэрээнээсээ татгалзах эрхтэй гэсэн хариуг өгсөн тул манайх гомдлын хариуг эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. 

Мөн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/05 дугаар албан бичигт “...Гүйцэтгэгч нь орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрээгүй шалтгаанд Барилга, хот байгуулалтын яам буруугүй, мөн гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь захиалагчийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн байдаг. 

Дээрхээс үзвэл Барилга, хот байгуулалтын яам нь гэрээнд заасан үндэслэлээр бус, гэрээнээс гадуур үндэслэл гаргаж, гэрээг цуцалсан мэдэгдэл гаргаж байгаа нь хууль бус захиргааны акт бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үр дагавар үүсгэж байна. 

Учир нь манай компани нь уг гэрээний дагуу хийх ажлыг 80 хувийн гүйцэтгэлтэй явуулсан байсан бөгөөд уг ажлыг компани өөрийн санхүүжилтээр явуулаад байгаа билээ. 

Захиалагчийн мэдэгдсэнчлэн “санхүүжилт хийгдээгүй” гэдэг үндэслэл нь захиалагч, эсхүл Сангийн яамны төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг олгоогүй буруутай үйлдэл учир зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Артконстракшн” ХХК-ийг буруутай үндэслэл биш гэдэг нь хэнд ч тодорхой байгаа юм. 

Тэгээд нь энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл биш болно. 

Мөн “гэрээний хугацаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан” үндэслэл нь нэг талын санаачлагаар гэрээг цуцлах үндэслэл биш гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй шалтгаан нь манай компанийн буруутай ажиллагаанаас бус тус Барилга, хот байгуулалтын сайдын буруутай үйл ажиллагаа, мөн захиалагч түүнд хамаарах үйл ажиллагаанаас болсон юм. 

Иймд Захиалагч нь манай компанитай уг байдлыг харилцан ойлголцож, гэрээгээр хүлээсэн ажил хугацаандаа биелэгдэхгүй байгаа шалтгааныг хэрхэн арилгах, гэрээг сунгах боломжийн талаар ярьж тохирох зэрэг арга замууд олон байхад төслийг хэрэгжүүлэх хугацаанд “Артконстракшн” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажил, түүний төлбөрийг хэрхэхийг шийдвэрлэхгүйгээр гэрээг цуцалсан тухай дангаараа захиргааны акт гаргаж байгаа нь төрийн үйл ажиллагаа хуульд нийцсэн байх зарчимд нийцэхгүй байна. 

Барилга, хот байгуулалтын яам нь манай компанийг тендерийн ажлын тайлан, гүйцэтгэл ирүүлээгүй гэжээ. 

Ажлын даалгаврын 4 дүгээр заалтад зураг төсөл боловсруулах үе шатыг нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд эхний үе шатны ажил нь зургийн даалгавар боловсруулах, батлуулах явдал байсан болно. 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 226 дугаар тушаалаар баталсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг энэхүү дүрмийн хавсралт 1, 2-д заасан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулна. Захиалагч нь “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгаврыг боловсруулж, зөвшөөрөлцөж, баталгаажуулах ба эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагатай хамтран боловсруулж болно” гэж, мөн журмын гуравдугаар хавсралтын 7 дугаарт “Бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөлцөж, Хот байгуулалтын асуудал эрхэлсэн сайд болон салбарын асуудал эрхэлсэн сайд батална” гэж тус тус заасан байдаг. 

Барилга, хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд Дархан-Уул аймгийн ерөнхий архитекторын хамт “Дархан-Уул аймгийн төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгавар” нэртэй баримт бичгийн төслийг боловсруулсныг манайд өгсөн боловч захиалагч өөрөө өнөөдрийг хүртэл баталж манайд ирүүлээгүй. Тэгээд ч тэр зургийн даалгаврын төсөлд заасан төлөвлөлт хийх газар нутгийн хэмжээ нь анх тендерийн баримт бичигт заасан газрын хэмжээнээс иlүү гаргасан байсан. Зургийн даалгаврыг залруулж, баталж өгөхийг сайддаа уламжилж өгөх хүсэлтийг яамны зохих мэргэжилтэнд олон удаа амаар гаргасан боловч хэрхсэн нь тодорхойгүйгээр уг зургийн даалгавар батлагдаагүй байна. 

Нөгөө талаас зургийн даалгаврыг баталж гаргахыг манай компани шаардах биш Монгол Улсын хууль, бусад хууль тогтоомжид заасан эрх, үүргийнхээ дагуу Барилга, хот байгуулалтын яам зөвшөөрөлцөж, сайд нь баталж өгөх үүрэгтэй байсан. 

Зургийн даалгавраар ерөнхий төлөвлөгөө хийгдэх газар нутгийн хил хязгаар нь тодорхойлогддог бөгөөд эхний үе шатны ажил хийгдэхгүйгээр дараагийн үе шатны ажлууд бүрэн хийгдэх боломжгүй байгаа юм. Гэсэн хэдий ч “Артконстракшн” ХХК нь зургийн даалгаврын батлагдаагүй төсөл, хийсэн судалгааныхаа хүрээнд эхлэлтийн тайланг хугацаанд нь гаргаж зураг төсөл, эрдэм шинжилгээний институтэд хүргүүлсэн боловч зургийн даалгавар батлагдаагүй байхад эхлэлтийн тайлан гаргахгүй” гэж үзээд манай тайланг хүлээн авахгүй байгаа юм. 

Иймд ямар нэг хууль, эрх зүйн үндэслэлгүйгээр зургийн даалгаврыг батлахгүй байгаа Барилга, хот байгуулалтын сайдын эс үйлдэхүй байгааг Барилга, хот байгуулалтын яам нь мэдсээр байгаа атлаа манайхыг буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Энэхүү үндэслэлээр зургийн даалгаврыг батлахгүй байгаа Барилга, хот  байгуулалтын сайдын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, зохих шийдвэрээ гаргахыг тус сайдад даалгуулсан шийдвэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 

Дээрхээс гадна Хот байгуулалтын хуулийн 9 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын хот байгуулалтын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлсон байдаг. 

Хуулийн уг заалтаас үзэхэд хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах үе шатны ажилд аймаг, нийслэлийн Засаг дарга оролцох эрхгүй байна. 

Гэтэл Барилга, хот  байгуулалтын яамнаас зарласан уг тендерт ялсан манай компани гэрээний дагуу төлөвлөгөөний төслийг  боловсруулах явцад Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг, тухайлбал эрх бүхий байгууллагын зарласан тендерийг хүчингүй болгуулах, талуудын байгуулсан гэрээг цуцлуулах шаардлага тавих, орон нутгийн иргэдтэй харилцах харилцаанд саад учруулах зэргээр гэрээний үүргийн гүйцэтгэлд хүндрэл учруулж байгаа юм. 

Энэ тухайд Барилга, хот байгуулалтын яаманд мэдэгдэхэд тус яам “Гүйцэтгэгч нь орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрээгүй шалтгаанд Барилга, хот байгуулалтын яам буруугүй” гэж тайлбарлаж байгаа нь илт үндэслэлгүй юм. 

Зүй нь хот байгуулалтын төрийн бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий яам нь улс орны хэмжээнд өөрийн тодорхойлсон бодлогын уялдааг зохицуулах, хангах үүрэгтэй байх ёстой. 

Ийнхүү яам нь Дархан хотыг хөгжүүлэх бодлого боловсруулна гэж өөрсдийн ажлаа төлөвлөж, боловсруулсны үндсэн дээр тендер зарлачхаад түүнийг нь эсэргүүцсэн аймгийн Засаг даргад чиглэсэн ажлын уялдаагаа өөрсдөө хангах ёстой байхад манай компанийг өөрсдөө учраа олж чадаагүй гэж буруутгаж байгаа нь хууль бус болно. 

Одоогоор Монгол Улсын хөгжлийн тулгуур төв хотуудын нэг болох Дархан хотыг “жишиг хот” болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах асуудал нь Монгол Улсын Нийгэм, эдийн засаг, хот байгуулалтын бодлогод чухал ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр манай компани нь тодорхой ажлуудыг гүйцэтгэж, нийт ажлын 80 гаруй хувийг гүйцэтгээд байгаа гэдгийг дээр дурдсан билээ. 

Дээрх ажил нь Барилга, хот байгуулалтын сайд манай боловсруулсан зургийн даалгаврыг баталж өгөхгүй байгаа болно Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль бус ажиллагааны улмаас хугацаандаа дуусаагүй 80 хувийн гүйцэтгэлтэй байхад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь уг байдлыг ялгаж тогтоолгүйгээр, гэрээнээс гадуур үндэслэл гарган гэрээг цуцалсан нь манай компанийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу олж авсан гэрээ байгуулах эрхийг хязгаарлаж байгаагаас гадна уг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлбөр, ажлын хөлсийг шаардаж, гаргуулан авах эрхийг хууль бусаар хязгаарласан гэж үзэж байна. 

Иймд Барилга, хот байгуулалтын яамны “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах гэрээ”-г цуцалсныг мэдэгдсэн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Дархан хотыг “Жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай” 320 дугаар гэрээг сунгахыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд даалгаж, Дархан-Уул аймгийн төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг зохих журмын дагуу баталсан шийдвэрээ гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад даалгаж өгнө үү. 

Улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3/2642 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт хандан “Артконстракшн” ХХК-тай байгуулсан “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г цуцалсан мэдэгдлийг хүргүүлэхийн хамт дахин уг тендер шалгаруулалтыг зохион байгуулж өгөхийг хүссэн байна. 

Энэхүү Барилга, хот байгуулалтын яамны хүсэлтийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалаар “тендерийн үнэлгээний хороо байгуулан, тендер шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэжээ.

Иймд Барилга, хот байгуулалтын яамны хууль бус мэдэгдлийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газар нь дахин тендер шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу манай компанийн шударгаар өрсөлдөж, тендерийн гэрээ байгуулах, байгуулсан гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ эрхлэх эрхийг маань хязгаарлаж байгаа тул Худалдан авах ажиллагааны газрын даргын дахин тендер шалгаруулалт зарласан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалыг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“...Шүүхээс тус “Артконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга, хот байгуулалтын яам, түүний сайд болон Худалдан авах ажиллагааны газарт холбогдох захиргааны хэргийг хянах явцад Сангийн яамнаас 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 6/2384 дүгээр албан бичгээр шүүхэд ирүүлсэн бичиг баримтууд нь нэхэмжлэлийн “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулах гэрээг цуцалсан тухай Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, дээрхи гэрээг сунгахыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” гэсэн шаардлагад хамаарал бүхий байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. 

Барилга, хот байгуулалтын зураг төслийн “Артконстракшн” ХХК нь Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр зарласан “Дархан хотыг жишиг хот  болгон хөгжүүлэх” ерөнхий төлөвлөгөө боловсруулах тендерт оролцож, хүргүүлсэн санал маань хамгийн сайн гэж үнэлэгдсэн шалгарч улмаар захиалагч Барилга, хот байгуулалтын яамтай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах 320 дугаартай гэрээ байгуулж гэрээний үнийг 2 дугаар зүйл ба гэрээний тусгай нөхцөлийн 6.2 /б/-д 771.507.198,00 төгрөг байхаар тус тус зааж, төлбөр хийх хуваарийг мөн гэрээний тусгай нөхцөлийн 6.4 дүгээр зүйлийн /а/-д “Гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнг, эхлэлийн буюу судалгааны ажлын тайланг гүйцэтгэсэн талаархи захиалагчийн хяналтын тайланг ирүүлсэн үед төлнө” гэж тохиролцсон юм. Манай компани гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж эхлэлийн буюу судалгааны ажлын тайланг хугацаанд нь гаргаж 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтэд хүргүүлсэн боловч “Зургийн даалгавар батлагдаагүй байхад эхлэлтийн тайлан гаргахгүй” гэсэн шалгаан зааж хариуг албан ёсоор ирүүлээгүй билээ. 

Зургийн даалгаврыг батлах үүрэг нь хууль тогтоомжид заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдад хамааралтай бөгөөд бидний зүгээс олон удаа зургийн даалгаврыг баталж өгөхийг яамны холбогдох ажилтнуудад тавьж байсан боловч үр дүнд хүрээгүй юм. 

Сангийн яамнаас шүүхэд ирүүлсэн баримтуудыг үзвэл захиалагч Барилга, хот байгуулалтын яам нь тус “Артконстракшн” ХХК-иас Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах 2013 оны 320 дугаар гэрээний дагуу боловсруулан гаргасан эхлэлийн буюу судалгааны ажлын тайланд үндэслэж холбогдох баримтыг бүрдүүлэн Сангийн яамны Төрийн сангаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23073 дугаар баримтаар 231.452.160 төгрөгийг хөрөнгө оруулалтын дансандаа шилжүүлэн авсан болох нь тодорхой байна. 

Иймд Барилга, хот байгуулалтын яамнаас 231.452.160,00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Худалдан авах ажиллагааны газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/164 дүгээр тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороо “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах” ажлыг гүйцэтгэх зөвлөх сонгон шалгаруулах тендерийг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын ирүүлсэн ажлын даалгавар, төсвийн задаргааны дагуу тендерийн баримт бичгийг боловсруулан, зөвлөх үйлчилгээг үзүүлэх сонирхолтой этгээд мэдүүлгээ ирүүлэх зарлалыг 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн зуун мэдээ сонин болон www.e-procurement.com цахим хуудсанд тус тус нээлттэй зарлаж 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 17 цаг 00  минут хүртэл мэдүүлэг хүлээн авахад 6 зөвлөх мэдүүлгээ ирүүлсэн бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй учир 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хураангуй жагсаалт үүсгэн, тусгай зөвшөөрөл бүхий 29 компанид саналын урилга хүргүүлэн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад тендерийг нээхэд “Аркетайп монголиа” ХХК, “Гоби травел” ХХК-ийн түншлэл, “Артконстракшн” ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн бөгөөд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Артконстракшн” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсний дагуу Барилга, хот байгуулалтын яам дээрх компанитай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх тухай 320 дугаар гэрээг байгуулсан. 

Гэвч 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 3/2642 дугаар албан бичгээр “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулах” ажлын гүйцэтгэгч “Артконстракшн” ХХК-тай байгуулсан 320 дугаар гэрээг 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан тул худалдан авах ажиллагааг яаралтай дахин зохион байгуулж өгөх тухай хүсэлтийг манай байгууллагад ирүүлсний дагуу Худалдан авах ажиллагааны газраас дээрх төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулж байгаа болно” гэв. 

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Барилга, хот байгуулалтын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Аймгийн төвийг дэлхийн жишигт нийцсэн ногоон хөгжлийн чиг баримжаатай хот болгон хөгжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхээр XXI.1.50 Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаар гэрээг “Артконстракшн” ХХК-тай байгуулсан. 

Энэхүү гэрээнд гүйцэтгэгч компани нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, экспертизийн нэгдсэн дүгнэлт гаргуулан 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгөхөөр заасан. Гэвч гүйцэтгэгч компаниас гэрээний 3.6, тусгай нөхцөлийн 1.1.п гэрээний хоёр дугаар хавсралтад заасны дагуу тогтоосон хугацааны дотор гурван удаагийн үе шатны тайланг захиалагчийн хяналт гүйцэтгэгч Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтэд ирүүлж баталгаажуулаагүй тул холбогдох санхүүжилт хийгдээгүй. 

Захиалагч Барилга, хот байгуулалтын яам болон захиалагчийн хяналт гүйцэтгэгч Зураг, төсөл, эрдэм шинжилгээний институтээс гүйцэтгэгч “Артконстракшн” ХХК-нд удаа дараа гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй ба гэрээний 2.2-д заасан хугацаанд зөвлөх үйлчилгээг бүрэн үзүүлээгүй гэж үзэж гэрээний 2.6.1 дэх заалтыг үндэслэн тус яамны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан болно. 

Тус мэдэгдлийн хариуд гүйцэтгэгч “Артконстракшн” ХХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Гэрээг цуцлах мэдэгдлийг үндэслэлгүй гэж үзэж, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зургийн даалгаврыг баталж, гэрээний хугацааг сунгах” тухай 60 дугаар албан бичгийг ирүүлснийг судалж үзэж тус яамны 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3/2762, 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/05 дугаар албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Тухайн албан бичгүүдэд захиалагчийн зүгээс гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцалсан үндэслэлийг тодорхой дурдсан. 

2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 84 дүгээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ болон 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 82 дугаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэд тус тус гаргасан нэхэмжлэлд гүйцэтгэгч “Артконстракшн” ХХК нь “...гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй шалтгаан нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас бус тус Барилга, хот байгуулалтын сайдын буруутай үйл ажиллагаа, мөн захиалагч түүнд хамаарах үйл ажиллагаанаас болсон..., тус яамны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдлийг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж үзэж дурдсан байна. 

Гэтэл Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаар гэрээний хавсралт 1-д тодорхойлсон ажлын даалгаврын 4 дүгээр зүйлд зургийн даалгавар боловсруулах, батлуулах үе шатыг тодорхойлохдоо гүйцэтгэгч нь “Дархан хотын эдийн засаг, нийгмийн хөгжил, нутаг дэвсгэрийн нөхцөл, нөөцөд тулгуурласан зургийн даалгаврыг “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн дагуу захиалагчтай хамтран боловсруулан батлуулна гэж заасан ба Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/242 дугаар албан бичгээр хот төлөвлөлт, орон нутагтай хамтрах чиглэл, гэрээний биелэлтийг хангах талаар зөвлөмжийг гүйцэтгэгчид хүргүүлсэн ч биелэлтийг хангаагүй. 

Түүнчлэн Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах зураг төслийн баримт бичиг нь тухайн хот, тосгоны хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, орон нутгийн удирдлагууд, иргэн олон нийттэй зайлшгүй зөвшилцөж, саналыг тусгасны үндсэн дээр боловсруулдаг хот байгуулалтын үндсэн баримт бичиг юм. 

Гэтэл гүйцэтгэгч нь орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөх, тэдний удаа дараа тавьсан саналыг хүлээн аваагүй гэсэн үндэслэлээр Дархан-Уул аймгийн холбогдох удирдлагуудаас Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа хандан албан бичиг ирүүлснийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 3/2762 дугаар албан бичгийг дурдсан билээ. 

Гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөлд хүрээгүй, шалтгаанд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт захиалагчийг буруутгах үндэслэлгүй байх тул захиалагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дах хэсэгт заасныг баримтлан гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин, Д.Бэлэгсайхан нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Артконтракшн” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр байгуулсан 320 дугаар Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээний хавсралт 2-т заасны дагуу эхлэлийн тайланг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч өгөх ёстой байсан ч албан болон албан бусаар хүлээлгэж өгөөгүй байна. 

Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төсвийн жил нь тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно” гэж заасан байдаг. “Артконстракшн” ХХК-ийн эхлэлийн тайланг хууль тогтоомж болон гэрээнд заасан чанарын гүйцэтгэлд нийцүүлэн 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор боловсруулан хүлээлгэн өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Иймд Сангийн яамнаас 231.452.160 төгрөг авахаар 320 дугаар гэрээг дүгнэсэн акт үйлдсэн бөгөөд энэ нь тус яамны зүгээс эхлэлийн тайланг “Артконстракшн” ХХК албан ёсоор хүлээлгэж өгсний дараа төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан. Өөрөөр хэлбэл тус эхлэлийн тайлангийн мөнгийг авч яамны дансанд байршуулаагүй тохиолдолд эргэн татагддаг. 

Энэ нь “Артконстракшн” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэж 231.452.160 төгрөгийг олгох үндэслэл болохгүй. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх “...2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг Худалдан авах ажиллагааны газар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж, уг тендерт “Артконстракшн” ХХК-ийн ирүүлсэн санал “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерээр шалгарсны дагуу нэг талаас Барилга, хот байгуулалтын яам, нөгөө талаас “Артконстракшн” ХХК 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай 320 дугаар гэрээг байгуулсан байна. 

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 3/2536 дугаар албан бичгээр “...танай байгууллага нь одоог хүртэл тус яаманд ажлын тайлан, гүйцэтгэл ирүүлээгүй санхүүжилт хийгдээгүй мөн гэрээний хугацаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан байгаа тул гэрээний 2.6.1 дэх заалтын а-д заасны дагуу гэрээг цуцалж байгааг үүгээр мэдэгдье” хэмээн дээрх гэрээг цуцалж байгаа талаар нэхэмжлэгч компанид мэдэгджээ. 

Нэхэмжлэгч Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 3/2536 дугаар албан бичгийг хүлээн авч танилцаад 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 60 дугаар албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар Барилга, хот байгуулалтын сайдад хандан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3/2762 дугаар албан бичгээр “... танай 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар албан бичигт “гэрээний нэг тал нь гэрээг дангаар цуцлах эрхийг олгоогүй байна” гэсэн нь үндэслэлгүй байна” хэмээн “Артконтракшн” ХХК-нд хариу хүргүүлжээ. 

“Артконстракшн” ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 71 дүгээр албан бичгээр Барилга, хот байгуулалтын сайдад хандсан ба Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Эрдэнэбүрэн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4/06 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар хариу өгсөн байна. 

Улмаар яамны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 3/2642 дугаар албан бичгээр Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд “... “Артконстракшн” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсныг мэдэгдэж, Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж өгнө үү” хэмээн мэдэгдэл хүргүүлснээр Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалаар Дархан хотыг “жишиг хот” болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байна. 

“Барилга, хот байгуулалтын сайд 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1/242, 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 3/1356 дугаар албан бичгүүдээр “Артконстракшн” ХХК-д зөвлөмж хүргүүлж, ерөнхий төлөвлөгөөг тухайн аймгаар хэлэлцүүлж, эцэслэн зөвшөөрөлцөөгүй тохиолдолд улсын төсвөөр хийгдэх санхүүжилтийг олгохгүй болохыг анхаарч ажиллах нь зүйтэй, орон нутагтай хамтран ажиллах чиглэл, ажлын төлөвлөгөөг яаралтай тохиролцох шаардлагатай талаар мэдэгдэж байсан тул үүнийг нэхэмжлэгч хэрэгжүүлэн хангаж ажиллаагүй” гэх тайлбарыг хариуцагч гаргаж байгаа.      

Энэхүү тайлбар нь дараах байдлаар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасны дагуу “Хот байгуулалтын норм ба дүрэм, журам батлах” эрхийг Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бүрэн эрхийн дагуу хэрэгжүүлэхээр заажээ.

Үүний дагуу Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 226 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх тухай” дүрмийн 2.1.2-т “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг энэхүү дүрмийн хавсралт 1, 2-д заасан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулна. Захиалагч нь “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг боловсруулж, зөвшөөрөлцөж, баталгаажуулах ба эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагатай хамтран боловсруулж болно”, 3.3-т ““Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-т зөвшөөрөлцөх байгууллагуудыг тусгайлан нэр зааж тусгах бөгөөд зөвшөөрөлцөж, баталгаажуулахдаа энэхүү дүрмийн хавсралт 3-т заасныг баримтална” гэж тус тус заасан байна.

Уг сайдын тушаалын гуравдугаар хавсралтад Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зургийн даалгаврыг зөвшөөрөлцөх, батлах хэсгийн Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний 7-д бүсийн хөгжлийн тулгуур төв хот, түүнчлэн томоохон уул уурхайн орд газар, үйлдвэр, нисэх онгоцны буудлыг даган гарах хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болон салбарын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөлцөн, хот байгуулалтын асуудал эрхэлсэн сайд болон салбарын асуудал эрхэлсэн сайд батлахаар тус тус зохицуулжээ.

Гэтэл Барилга, хот байгуулалтын яам болон “Артконстракшн” ХХК нар 320 дугаар гэрээгээр Дархан-Уул аймгийн төв Дархан хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад оршиж байсан бөгөөд хууль тогтоомжид заагаагүй буюу орон нутагтай зөвшилцөөгүй гэдэг үндэслэл зааж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Өөрөө хэлбэл гэрээний тусгай нөхцөлийн 1.1 /п/-д гурван үе шаттай “эхлэлийн буюу судалгааны тайлан”, “явцын тайлан”, “эцсийн шатны тайлан”-г тус тус хийж гүйцэтгэхээр заасан ба эхлэлийн буюу судалгааны тайлан гэж “Зургийн даалгаварт заагдсан масштабтай байр зүйн зураглал, Инженер геологийн судалгааны ажлын тайлан, Нийгэм эдийн засгийн одоогийн байдал, Газар ашиглалт, барилгажилтын одоогийн байдал, Дэд бүтцийн хангамжийн одоогийн байдал зэрэг судалгаа, материалыг бүрдүүлсэн тухай тайланг хэлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч “энэхүү ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай зургийн даалгаврыг сайд батлаагүйн улмаас ажил цаг, хугацаандаа хийгдэх боломжгүй нөхцөл байдал бий болж, өөрөөр хэлбэл батлагдсан зургийн даалгаврын дагуу бид зураглал, тайлан гаргах байсан” гэх тайлбарыг гаргадаг бөгөөд зургийн даалгавар батлагдаагүй болохыг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрдөг.

Иймд дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, экспертиз хийх дүрмийн дагуу зургийн даалгаврыг сайд эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагатай хамтран боловсруулж болохоор заасан байхад өөрийн хүлээсэн баталгаажуулах үүргийг нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК гүйцэтгээгүй гэж шүүх үзэх боломжгүй байна. 

Барилга, хот байгуулалтын яам 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 3/2115 дугаар албан бичгээр “гэрээний тусгай нөхцөлийн дагуу үе шатны тайланг захиалагчид ирүүлээгүй” талаар компанид мэдэгдэж байсан бөгөөд гэрээнд заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөвлөгөө боловсруулж, экспертизийн дүгнэлт гаргуулах үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэх тайлбарыг хариуцагч гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Зургийн даалгавар батлагдаагүй байхад дээр дурдсан гурван үе шатны тайланг нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК гүйцэтгэх бодит нөхцөл, боломж байхгүй байсан тул гэрээнд заасан хугацаандаа ажил үүргээ гүйцэтгээгүй гэх тайлбар нотлогдохгүй байна.

Гэрээний тусгай нөхцөлийн 6.4 /а/-д “гэрээний үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх дүнг эхлэлийн буюу судалгааны ажлын тайлангийн талаарх захиалагчийн хяналтын тайланг ирүүлсэн үед төлнө” хэмээн гэрээгээр тохиролцож эхлэлийн тайлангаа манай компани өгсөн байхад хариуцагч Барилга, хот байгуулалтын яам 231.452.160,00 төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамнаас авсан хэрнээ манай компанид шилжүүлээгүй байх тул энэхүү төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч маргажээ. 

“Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт” УТҮГ-ын захирал Н.Бат-Эрдэнэ, дэд захирал Д.Чинзолбоо, мэргэжилтэн Н.Содномцэрэн, “Артконстракшн” ХХК-ийн захирал М.Баасанжав нар 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэрээт ажлын 30 хувийг гүйцэтгэсэн, гэрээний үнийн дүнгийн 771.507.198,00 төгрөгийн 30 хувьтай тэнцэх 231.452.161,00 төгрөгийг олгохыг санал болгож, Ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээт ажлын эхлэлийн буюу судалгааны ажлын тайланг дүгнэсэн тухай 01 дүгээр актыг үйлдсэн байна. 

Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах 2013 оны 320 дугаар гэрээт ажлын явцыг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 05/01 дугаар актыг дүгнэж, уг актаар “Гүйтгэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт ажлын 30 хувь /зургийн даалгаварт заагдсан масштабтай байр зүйн зураглал, инженер геологийн судалгааны ажлын тайлан, хот байгуулалтын суурь судалгаа/-тай гүйцэтгэсэн, гэрээт ажлын гүйцэтгэл шаардлага хангаж байгаа тул ажил гүйцэтгэх 2013 оны 320 дугаар гэрээний тусгай нөхцөлийн 6.4 дэх заалтын дагуу санхүүжилтийг хийх боломжтой гэж үзэж гэрээт ажлын үнийн дүнгийн 30 хувь тэнцэх /хоёр зуун гучин нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун жар/ төгрөг олгохоор” шийдэж захиалагч Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, тус газрын мэргэжилтэн Я.Сумхүү, нөгөө талаас зөвлөх “Артконстракшн” ХХК-ийн захирал М.Баасанжав, тус компанийн архитектор Я.Шархүү нар гарын үсэг зуран баталгаажуулжээ.

Хэдий энэхүү хоёр актыг үндэс болгон нэхэмжлэгч нийт ажлын 30 хувийн ажил хийсэн төлбөрийг нэхэмжилж байгаа боловч энэхүү тайлбар, баримт зэрэг нь дараах гэрчийн мэдүүлэг болон баримтаар үгүйсгэгдэж байна. 

Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ц.Батбаяр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...2013 оны 12 дугаар сарын эцэст бүх санхүүжилтийг Сангийн яам татаж авсан, гүйцэтгэгч нь эхний үе шатны тайланг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өгөх ёстой байсан. Гэрээний дагуу гүйцэтгэгчээс уг тайланг албан тоотоор ирүүлээгүй. Эхний үе шатны санхүүжилтээ татуулахгүйн тулд акт үйлдсэн. Тайлан хүлээж аваагүй..”, гэрч “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт” УТҮГ-ын дэд захирал Д.Чинзолбоогийн “...Гэрээ 11 сард байгуулагдсан тул 2013 онд хийгдэж амжихгүй болсон. Мөнгийг яамны төсөвт авч үлдэхгүй бол дараа онд энэ мөнгө нь байхгүй болчих учраас энэ актыг үйлдсэн... 2013 онд орж ирсэн мөнгө 2014 онд буцаагаад татагдаад байхгүй болдог. Танайх ажлаа хийгээд ороод ирэхээр танайд өгөх мөнгө нь олгогдохгүй болчихдог. Олгосон ч бүтэн жил хүлээх хэрэгтэй болдог учраас яамныхан уг мөнгийг дансандаа үлдээхийн тулд акт үйлдсэн” гэх мэдүүлэг,  “Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт” УТҮГ-ын захирал Н.Бат-Эрдэнэ “...ажил хариуцсан хүмүүсийн оролцоотойгоор акт үйлдэхэд би оролцсон, манай хүмүүс актад гарын үсэг зурсныг үндэслэн би гарын үсэг зурсан. Тайлан дүгнэлтүүд ирүүлснийг мэдэхгүй. Тайлан бол товъёогтой, ямар ямар тайлан ирүүлсэн талаар баримт байх ёстой. Хэдэн хуудас баримт ирүүлснийг товъёогтой байхад хүлээн авдаг” гэх актыг үйлдэхэд оролцсон дээрх 3 гэрчүүдийн санхүүжилт авах зорилгоор дээрх актыг үйлдсэн гэх мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн уг тайлбар үгүйсгэгдэж байна. 

Нэг талаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн ажил нь гэрээний хэдэн хувьд хамаарч гүйцэтгэгдсэн талаар шинжээч томилсон бөгөөд шинжээчээр ажилласан Монгол Улсын зөвлөх архитектор Ж.Гомбо, С.Одон, Ё.Батбаяр нарын дүгнэлтээс үзвэл “Артконстракшн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Байр зүйн зураглал, инженер геологийн судалгааны ажлын тайлан, орчны тойм гэх зэрэг ажил нь 320 дугаар гэрээний дагуу хийгдсэн ажил болохыг нотолсон боловч энэ нь акт үйлдэх үед буюу 12 дугаар сарын 04-ний өдөр бүрэн гүйцэд хийгдэж, хүлээлцсэн болохыг нотлох дүгнэлт биш юм.

Түүнчлэн, нэхэмжлэгч “...зургийн даалгавар батлагдаагүй байхад ажил хийгдэх боломжгүй” гэх атлаа эхлэлийн тайланг өгсөн хэмээн маргаж байгаа нь үндэсгүй, цаг хугацааны хувьд нийт хийгдэх ёстой ажлын 30 хувийг гэрээ байгуулснаас хойш зургийн даалгаваргүйгээр 12 дугаар сарын 04-ний өдөр 7 хоногийн дотор бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх боломжит нөхцөл байдал харагдахгүй байхын зэрэгцээ тухайн эхлэлийн тайлангуудыг өгсөн нь бүрэн нотлогдохгүй байхад дан ганц дээрх хоёр актад үндэслэн нэхэмжлэгчийн “...2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. 

Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3/2642 дугаар албан бичгийн дагуу Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны А/173 дугаар тушаалаар дахин тендер явуулахаар үнэлгээний хороо байгуулж, яамны 3/2536 дугаар албан бичгээр гэрээг цуцлах тухай мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн гэрээ цуцалсан үйлдэлтэй холбогдуулан маргах, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэх  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул эдгээр актуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.    

Мөн Барилга, хот байгуулалтын сайд хууль тогтоомжоор хүлээсэн зургийн даалгавар батлах үүргээ зөрчиж, Барилга хот байгуулалтын яам Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохицуулах бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тул зургийн даалгавар батлаагүй, гэрээ сунгаагүй эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-ийн гаргасан “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г хуульд заасан журмын дагуу сунгахыг Барилга, хот байгуулалтын яаманд даалгуулах, Дархан-Уул аймгийн аймгийн төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг зохих журмын дагуу хянаж, баталсан шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж, үлдэх “...2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, хариуцагч нар Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг баталж, гэрээг сунгаснаар дээрх төлбөрөө авах нэхэмжлэгчийн эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлаагүй болохыг дурдаж байна.    

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдэл, Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, зургийн даалгавар батлаагүй, 320 дугаар гэрээг сунгаагүй эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г хуульд заасан журмын дагуу сунгахыг Барилга, хот байгуулалтын яаманд, Дархан-Уул аймгийн  төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг зохих журмын дагуу хянаж, баталсан шийдвэр гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалган, нэхэмжлэлийн үлдэх “2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээч нарын ажлын хөлс 3.857.535 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нараас тэнцүү хувааж, Ж.Гомбо, С.Одон, Ё.Батбаяр нарт олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.450.410,8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Ц.САЙХАНТУЯА