Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ20176/00208

 

Д.Тайванбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 989 дүгээр шийдвэр,         

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

Д.Тайванбаярын нэхэмжлэлтэй,

Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Хөвсгөл  аймаг дах Нисэх буудалд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч  Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Хишигбатын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Тайванбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар Хатгал нисэх буудлын онгоцны техникчээр анх томилогдон ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Иргэний Нисэхийн Ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар хийсэн цомхотголд 12 хүн орсон. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дууссан гэх үндэслэлээр, шалтаглан хууль бусаар ажлаас халсанд гомдолтой байна. Ажил олгогч нь ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7, хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан нь үндэслэлгүй. Галын бүлгийн ахлагчийн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр байхад хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь хууль бус байна. Иймд 2016 оны Б/51 дугаар тушаалыг хүчингүй болгож, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд  эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга Д.Дугардорж шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Тайванбаяр нь 2014 оноос тус нисэх буудлын харъяа Хатгал нисэх буудалд онгоцны техникчээр ажиллаж байсан.  Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2016 оны А/20 дугаар тушаалаар Хатгал  нисэх  буудлын орон  тоонууд хасагдсан тул 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэвч удирдлагын зүгээс Д.Тайванбаярын нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн өдрөөс галын бүлгийн ахлагчийн орон тоон дээр шинээр авч авч ажиллуулсан. Тэрээр галын бүлгийн ахлагчийн ажлын байранд тавигдах шаардлага буюу Иргэний нисэхийн дүрэм 139, 167-д заасан шаардлагыг үл ханган дээрх сургалтад хамрагдаж гэрчилгээжээгүй, ажлын дадлага туршлагагүй, мэргэжлийн бус байсан тул уг ажлын байран дээр шинэ ажилтны нэгэн адил үзэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.6-д шинэ ажилтны туршилтын хугацаа 3-6 cap байна гэсэн заалтын дaгyy ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн түр гэрээг байгуулан ажилласан. Д.Тайванбаяр нь туршилтын хугацаанд ажиллахдаа мэргэжлийн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан  боловч уг ажлын байрны үндсэн үүрэг болох нийт ажилтнууд болон бүлгийн гишүүдэд галын аюулгүй байдлын зааварчилгаа өгч, заавар, зөвлөмж, гарын авлагыг боловсруулан, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага зохион байгуулах, галын бүлгийн бэлтгэл, бэлэн байдлыг тасралтгүй хангах, галын аюулгүй байдалтай холбоотой дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллах, галын бүлгийн хариуцсан гал унтраах машин техник, багаж зэвсэглэмжийн засвар үйлчилгээг тогтмолжуулж бэлтгэл бэлэн байдлыг хангах зэрэг үндсэн үүргүүдийг хангалтгүй биелүүлж, Онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулаагүй, бүлгийн гишүүдийн ур чадварыг дээшлүүлэх бэлэн байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүлгийн гишүүд болон нисэх буудлын ажилтнуудад нэг ч удаа заавар, зөвлөмж өгч, дадлага, сургалт зохион байгуулаагүй байсан зэргээс Д.Тайванбаярыг уг ажлыг гүйцэтгэх чадваргүй гэж үзэн Хөдөлмөрийн дотоод журмын 3.2.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн түр хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн болно. Иймд  Д.Тайванбаярын  нэхэмжлэлийн шаардлагын дагуу галын бүлгийн ахлагчийн ажлын байранд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 989 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2,  69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тайванбаярыг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6.273.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Тайванбаярт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т  тус  тус зааснаар хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлаас 185.519 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар магадлалаар: хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газар Хөвсгөл аймаг дахь нисэх буудлын дарга Д.Хишигбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар магадлалыг зс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Тайванбаярыг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд хамаарах цалинг гаргуулахаар шийдвэрлэхдээ Д.Тайванбаярын цалингийн талаар шүүхийн шатанд хэлэлцүүлэг өрнүүлээгүйн дээр нотлох баримтыг буруу үнэлж үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тогтоосон. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн буруу бодож тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь нэг талаас нотлох баримтыг бодитоор үнэлээгүй, нөгөө талаас хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэж Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.

Д.Тайванбаяр “Хатгал нисэх буудал”-ын онгоцны техникчээр ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр орон тооны цомхтголд орсон. Улмаар Д.Тайванбаярыг Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын даргын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/25 дугаартай тушаалаар тус нисэх буудалд галын бүлгийн ахлагчийн ажилд туршилтын хугацаагаар түр томилон ажиллуулсан.

Д.Тайванбаярыг 3 сарын туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан бөгөөд энэ хугацааны цалин буюу хөдөлмөрийн хөлс 735.426 төгрөг болох нь хэрэгт цугласан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх Д.Тайванбаярын 3 дугаар сард авсан цалин гэх 1.191.312 төгрөгөөс дундаж цалин хөлсийг тооцож, улмаар нэг өдрийн цалин 89.615 төгрөг, ажилгүй байсан хугацааны 70 хоногийн цалин 6.273.050 төгрөг байхаар нь ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Туршилтын хугацаанд үндсэн цалингаас өөр нэмэгдлийг ажилтанд олгодоггүй бөгөөд Д.Тайванбаярын ажилгүй байсан хугацааны цалинг энэ үндсэн цалингаас тооцвол 1 сарын буюу ажлын 21,5 хоногт авдаг цалин 735.426 төгрөг, үүнээс нэг өдрийн цалинг тооцвол, 34.206 төгрөг болно. Шүүхээс тогтоосон 70 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин нь 70x34.206=2.394.420 төгрөг болохоор байна.

Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Тайванбаяр нь хариуцагч Хөвсгөл аймаг дахь Нисэх буудалд холбогдуулан галын бүлгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хөвсгөл аймаг дахь Нисэх буудлын дарга 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б/51 дүгээр тушаал гаргаж, Д.Тайванбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дэх заалтыг үндэслэл болгожээ /хавтаст хэргийн 6 дугаар тал/.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад хариуцагч нь “...хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь буруу.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгодог.

Шүүх, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар ажилгүй байсан хугацааны олговрыг тооцсон нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “...Д.Тайванбаяр сард 735.426 төгрөгийн цалинтай байсан” гэх гомдол үндэслэлгүй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 989 дүгээр шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Хишигбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ