Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/152

 

 

 

 

 

 

     2025          01            28                                       2025/ДШМ/152

 

 

Э.А, Н.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.А, Н.Б нарт холбогдох 2411022711442 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...... овгийн ...-гийн А, 20.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, э..эгтэй, .... боловсролтой, мэргэжил.., ... ажилгүй, ам бүл .., ... нарын хамт .. тоотод оршин суух, /РД: .............../,

Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эхийн хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр,

Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зйүлийн  145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

2. ........... овгийн ....-ын Б, 20.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, мэргэжил.., ... ажилгүй, ам бүл .. .... хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ................/,

Шүүгдэгч Э.А, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүр орчимд такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч Б.Э-ийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй прокурорын газраас: Э.А, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.А, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэн гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.А, Н.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Н.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А, Н.Б нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.А, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А-өөс 545.000 төгрөгийг, Н.Б-гаас 545.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Э-т олгож, шүүгдэгч Э.А, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Э.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь урьд өмнө нь олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан ч одоо эхнэр, хүүхэдтэй болоод тэднийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээн, ажил хөдөлмөр эрхэлж зөв шудрагаар амьдарч байгаа. Уг хэргээс болж 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эхнэр Н.Б бид хоёрт тус бүрд нь 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Уг шийтгэх тогтоолын шийдвэр нь нэг гэрийн 2 хүнд маш хүндээр тусаж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан хэлэлцэж өгнө үү. Нэг гэрийн 2 хүн өдөрт 8-с дээшгүй цагаар нийтэд тустай ажил хийхээр бидний охин М-ийг хэн тэжээх, мөн маш олон лизинг гэх мэт санхүү болон ар гэрийн нөхцөл байдалд хүндээр тусаж байна. ...” гэжээ.

Шүүгдэгч Н.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд  тухайн гар утсыг зарсан мөнгөнөөс би 100 төгрөг ч авч хэрэглээгүй, гэхдээ гэм буруутай тухайн утсыг А бид 2 олж, зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол болох 1.090.000 төгрөгийг төлж барагдуулсан. Өдөрт 8-с дэээш цагаар нийтэд тустай ажил хийх нь миний гэр бүлд маш хүндээр тусаж байна. Цаашид ажил хөдөлмөрөө эрхэлж ар гэр, үр хүүхдээ тэжээх зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан хэлэлцэж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.А нь урьд 7 удаагийн ял шийтгэлтэй. Шүүхээс хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Э.А, Н.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг улсын яллагчийн зүгээс үндэслэлтэй үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шүүгдэгч Э.А, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.А, Н.Б нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүр орчимд такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч Б.Э-ийн гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

“Дамно Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №ЧД1-24-1043 дугаартай “Айфон 12 про” загварын гар утасны 2024 оны 08 дугаар сарын 28- ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.090.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 12-15/,

хохирогч Б.Э-ийн “...би 2024 оны 8 дугаар сарын 29-ний орой 22 цагийн үед өөрийнхөө ажил болох 39 дүгээр сургуулийн урд талаас такси бариад Улсын Их дэлгүүрийн баруун талын шөлөндөө гэх хоолны газрын ойролцоо ажлын газрын хүн болох Н-ын хамт буусан. Тэгээд 22 цаг 18 минутад буухдаа Н тооцоо хийсэн. Тухайн таксины тооцоог 5322100720 тоот данс руу хийсэн байсан. Бид хоёр тухайн таксинаас буухдаа би өөрийнхөө гар утсыг үлдээгээд буусан байх гэж бодож байна. Бид хоёр ард талын суудал дээр суусан байсан. Би таксинд явж байхдаа өөрийнхөө гар утсаар ярьж байсан. ...” /хх 7/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.А, Н.Б нарыг “бүлэглэн гээгдэл эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.А, Н.Б нар нь такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч Б.Э-ийн “Айфоне 12 про” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж, бусдад 1.090.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.А, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч Э.А, Н.Б нараас “...ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өөрчилж шийдвэрлэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах учиртай.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг гарсан байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон, оногдуулсан ял шийтгэл хүндэдсэн гэж үзэхгүй үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.А, Н.Б нарын ахуй амьдрал, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тохируулж ял оногдуулдаггүй болно.

Иймд шүүгдэгч Э.А, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/872 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А, Н.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.БАТСАЙХАН

                      ШҮҮГЧ                                          Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР