Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 594

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

хохирогч Б.Б

шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Э-д холбогдох 1805022250509 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бд Америкийн ногоон паспорт гаргаж өгнө гэж итгүүлэн 4500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э: Би Бгаас 4.500.000 төгрөг авсан нь үнэн. Хохиролыг төлж барагдуулна. Би хариуцлагаа хүлээхэд бэлэн байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б: Би Эд маш их гомдолтой байна. Энэ хүнээс болж бодит байдал дээр зээл төлж би маш их хохирч байна. Мөрдөн байцаагч зөвхөн бодит хохирол нэхэмжилдэг гэсэн болохоор би зөвхөн өгсөн мөнгөө нэхэж байна. Хохиролоо гаргуулж авмаар байна гэв.

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд” Би 2016 оны 8 дугаар сарын сүүлээр миний танил багш Ж.Э нь манай гэрт ирээд ээжтэй маань юм ярьж суунгаа дайлуулж цайлуулаад гарсан юм. Тэгээд гурван сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 7-ны орой манай ээж Даваасүрэн рүү Э яриад яаралтай маргааш 12 цагийн дотор Америкийн ногоон карт авах хүн байна уу хоёр хүн хэрэгтэй байна гэхээр нь манай ээж тухайн үед тийм хүн байхгүй гээд манай хүргэн Жавхлан нь Америк руу явах гээд виз өгөх гээд байгаа гэхэд Э нь тэр материалаа больчихоо би ногоон карт аваад өгье 14 хоногийн дараа ногоон паспорт чинь гарчихна гэсэн юм. Тэгээд манай ээж  тухайн үед надад хэлэхээр нь би шөнө бодож хоноод маргааш өглөө нь Э багш руу манай ээж залгаад эхлээд ногоон картаа гаргаад дараа нь мөнгө төгрөгийг өгчихөж болохгүй юм уу гэхэд болохгүй эхлээд урьдчилгаа мөнгө авч тэр хүмүүс нь хөдөлдөг гэсэн. Тэгээд дараа нь би өөрөө залгаад энэ талаар хэлэхэд эхлээд мөнгөө авна найдвартай гээд байсан. Мөн тухайн үед дансаар мөнгө авахгүй 4500.000 төгрөгийг бэлэн авмаар байна. Би гарын үсэг зурах дургүй бэлэн зүгээр авмаар байна гээд байсан. Тэгээд би дансаар өгнө би их хэмжээний мөнгө өгч байгаа болохоор дансаар л өгч чадна гэсэн. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 12:00 цагийн үед Ж.Эд 5026470357 дугаарын дансаар Баянзүрх дүүргийн халдвартын автобусны буудлын Их Ордод байрлах Хас банкны салбараас 4120.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгээд удаагүй хоёр цагийн дараа хүргэн Жавхлангийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар бичил хорооллын үйлчилгээнүүдийн төвүүдийн нэг давхарт байрлах цайны газарт уулзаад чихээр сонсож мэдэх гээд Э багштай уулзсан юм. Тэгээд би хүргэн Жавхлангийн хамт Эд бэлэн 2676 рубль өгсөн, монгол мөнгөөр 380.000 төгрөг юм. Тухайн үед монгол мөнгө байхгүй байсан учраас би өөрт байсан рубль өгч болох уу гэхэд болно гээд рубль  өгсөн. Тэгээд би 14 хоног буюу хугацаа заасан хоног хүлээгээд холбоо барихгүй байхаар нь дахиад 14 хоног буюу бүтэн 1 сар уг хүнийг хүлээгээд холбоо барихгүй байхаар нь залгаад асуухад одоо удахгүй гарах гэж байгаа чи жаахан хүлээчих гээд дандаа байсан. Тэгээд би аргаа бараад уйлаад та нөгөө мөнгөө өгчих би мөнгөө буцаагаад авъя гэсэн чинь чи юундаа уйлаад байгаа юм бэ ямар эхийгээ алдсан биш мөнгөнөөс болж гээд намайг загнаад хүлээ гээд байсан...би нийт 4500000 төгрөгийг өгсөн. Би 4.120.000 төгрөгийг дансаар өгч, үлдэгдэл 380.000 төгрөг буюу 9000 рублыг бэлнээр  өгсөн. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Ц.Даваасүрэн мөрдөн байцаалтанд: 2016 оны 8 дугаар сард миний охин Б.Бгийн бага ангийн багш байсан Ж.Э манай гэрт ирээд явсан...2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ж.Э над руу утасдаад аль ч улс руу явах ногоон паспорт гаргах ажлыг 5 жил хийж байна гадаад улс руу гарах хүмүүс олоод өгөөч гэж хэлэхээр нь өөрийнхөө хүргэн залууг Америк гаргах юм гэж хэлэхэд паспортыг нь гаргаж өгч болно гэж хэлсэн. Тэгээд өөрийн охин Б.Бг орой ирэхээр нь танай ангийн багш байсан Ж.Э гадаад улс руу ногоон паспорт гаргадаг ажил хийж байгаа юм байна гэдгийг хэлсэн. Хүргэнээ явуулахад ямар уу гэж хоорондоо ярилцсан. Маргааш өглөө нь буюу 2016 оны 12 дугаар сарын 8-ны өглөө миний охин Б Жавхлан нар Ж.Этай очиж уулзсан. Уулзахдаа бэлнээр мөнгө авна гэж Э хэлсэн гэхээр нь бэлнээр өгч болохгүй дансаар нь шилжүүлж өг гэдгийг хэлсэн. Эгийн данс руу Б 4120000 төгрөгийг шилжүүлж бэлнээр 9050 рубль буюу монгол мөнгөөр 380000 төгрөгийг тухайн үеийн ханшаар өгсөн. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Жавхлан мөрдөн байцаалтанд: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хадам эгч Б над руу залгаад Америк улс руу ногоон паспорт гаргадаг хүн байна, хоёулаа маргааш очиж уулзъя гэж хэлсэн.  Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Бичил хороололд цайны газарт эгч Бгийн хамт Э гэх хүнтэй уулзсан. Тэгэхэд Элчингийн ажилчдын ногоон паспорт гаргадаг хүн яаманд ажиллаж байгаа он гарахаар хаагддаг учраас тэрнээс амжиж гаргуулна. 2.5 сая төгрөгийг паспорт гаргах хүнд өгнө, тухайн хүн нь миний шавь байгаа юм, 14 хоногийн дараа паспорт гарах учраас мөнгөө өгөх ёстой гэж хэлж байсан. Э гэх хүнтэй тохиролцсоны дараа 9050 рубль буюу монгол мөнгөөр 380.000 төгрөгийг өгөөд дараа нь эгч Б нь Эгийн 5026470357  дугаарын данс руу 4120000 төгрөгийг шилжүүлсэн. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Ж.Э мөрдөн байцаалтанд: 2016 оны намар шиг санаж байна. Б шинэ байранд орлоо гэж хэлэн хуучин ангийн багшаар ажиллаж байсан намайг урихаар нь гэрт нь очсон. Уулзаагүй удаж байгаад уулзсан. 2016 оны 12 дугаар сарын эхээр шиг санаж байна. Бгийн ээж Даваасүрэн над руу утасдахаар нь ярилцаж байхад Америк улс руу хүргэн маань 2-3 хөөцөлдөөд виз нь гарч чадсангүй гэж хэлэхээр нь миний 5026470357 дугаарын данс руу 4.120.000 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа Б, хүргэн гэх залуутайгаа хамт Бичил хорооллын цайны газарт надтай уулзсан. Бид нар хоорондоо ярилцаад Америк улс руу гарах ногоон виз 1 сарын дараа гарах байх гэж хэлэхэд 380.000 төгрөгийн орос рубль надад өгсөн. Тэрнээс хойш визийг хөөцөлдөе гэж бодсон боловч Орос улс руу яваад ажил ихтэй байсан тул виз хөөцөлдөж чадаагүй мөнгийг нь үрсэн. Би нийт Бгаас 4.5 сая төгрөг авсан...мөнгөний хэрэг гараад байсан болохоор хэсэг хугацаанд мөнгийг нь авч ашиглаж байгаад дараа нь виз хэн нэгнээр хөөцөлдүүлэн гаргаж өгье гэж бодсон. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

Хас банкны төлбөрийн баримт /хх-ийн 7/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ж.Эгийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 9/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 10/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бд Америкийн ногоон паспорт гаргаж өгнө гэж итгүүлэн дансаар 4.120.000 төгрөгийг шилжүүлэн авч, 2676 рубль буюу 380.000 төгрөгийг бэлнээр авч нийт 4.500.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Бгийн”...Ж.Эд 5026470357 дугаарын дансаар Баянзүрх дүүргийн халдвартын автобусны буудлын Их Ордод байрлах Хас банкны салбараас 4120.000 төгрөг шилжүүлж өгсөн...бэлэн 2676 рубль өгсөн, монгол мөнгөөр 380.000 төгрөг юм...нийт 4500000 төгрөгийг өгсөн. Би 4.120.000 төгрөгийг дансаар өгч, үлдэгдэл 380000 төгрөгийг 9000 рублыг тус тус өгсөн...” /хх-ийн 16/,

гэрч Ц.Даваасүрэнгийн”...Эгийн данс руу Б 4120000 төгрөгийг шилжүүлж бэлнээр 9050 рубль буюу монгол мөнгөөр 380000 төгрөгийг тухайн үеийн ханшаар өгсөн” /хх-ийн 19/, гэрч Л.Жавхлангийн”...Э гэх хүнтэй тохиролцсоны дараа 9050 рубль буюу монгол мөнгөөр 380.000 төгрөгийг өгөөд дараа нь эгч Б Эгийн 5026470357  дугаарын данс руу 4120000 төгрөгийг шилжүүлсэн” /хх-ийн 28/ гэж мэдүүлсэн мэдүүлгээр шууд нотлогдсон байна.

 

Эдгээр нотлох баримтаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Ж.Эгийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн” би нийт Бгаас 4.5 сая төгрөг авсан. ...мөнгөний хэрэг гараад байсан болохоор хэсэг хугацаанд мөнгийг нь авч ашиглаж байгаад дараа нь виз хэн нэгнээр хөөцөлдүүлэн гаргаж өгье гэж бодсон” /хх-ийн 26/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Эг гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул Прокуророос Ж.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч Ж.Эг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ж.Эгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 4.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бд олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ж.Эг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ж.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж хорих ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                  

ТОГТООХ нь:

 

  1. Ноёны бөх овогт Жигмэддоржийн Эг бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ж.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Ж.Эд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Ж.Эгаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар 4.500.000 төгрөг /дөрвөн сая таван зуу мянга/ гаргуулж хохирогч Б.Бд олгосугай.

 

5. Ж.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

6. Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Эг цагдан хорьсонг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ДАЙРИЙЖАВ