2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/07507

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 11 191/ШШ2025/07507

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 54,390,120 төгрөг, алданги 10,080,400 төгрөг, нийт 64,470,520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,767,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,

Хариуцагч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.*******, Ц.,

Шинжээч Д., А.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж гэрээний төлбөрт шилжүүлсэн 90,080,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 90,080,400 төгрөг гаргуулах болгож өөрчилсөн.

 

2. Нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Практикт гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрх зүйн ойлголтуудыг ялгаж, зааглаж хэрэглэх нь төвөгтэй асуудал байсаар ирсэн. Нэхэмжлэгч нь Б.*******той 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр  байрлах газар дээр залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, 2,4 метр өндөртэй, мансардгүй, дөрвөн улирлын байшинг шинээр барих ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс нь 86,900,000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч нь нийт 80,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 5014064065 тоот данс руу шилжүүлсэн.

Талуудын байгуулсан гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө учир бид өгсөн, авснаа буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэх боломжгүй нөхцөлд байгаа учир гэрээнээс цуцлах эрх зүйн зохицуулалтуудыг ашиглах шаардлагатай болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзах бус гэрээг цуцалж, учирсан хохирлыг хариуцагчаас гаргуулах гэж өөрчлөх шаардлага үүссэн болно.

Иргэний хуулийн тусгай ангид ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлийг нарийвчлан заасан байдаг бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар гэрээг цуцлах тохиолдолд Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан гэрээнээс татгалзах журам, нөхцөл үйлчилнэ гэж заасан байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээг ноцтой зөрчсөн гэж үзэж, гэрээг цуцалж, гэрээнээс татгалзах журмыг хэрэгжүүлсэн билээ. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээг цуцалж, өөрт учирсан хохирлоо гаргуулах хүсэлттэй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1- Гэрээнд оролцогч талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө мөн Иргэний хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой үндсэн үүрэг биелэгдсэн эсэхээс үл хамаарч алданги төлөх үүрэгтэй байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 58 хоногт ногдох алданги болох гэрээний нийт үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон 10,080,400 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.

Иймд хариуцагч нь дээрх гэрээний үүргээ ноцтой зөрчсөн бөгөөд энэхүү гэрээг үргэлжлүүлэх нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироож байх тул 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөг болон гэрээний алдангид 10,080,400 төгрөг, нийт 90,080,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч хариу тайлбартаа: ... Д.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд заасан ажлыг хийгээд явж байхад цонхны өнгийг бор болгоё, зөрүү мөнгө 1,800,000 төгрөг, шалны сетек 430,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлнө, хаалганы өнгө хүрэн болгоно, зургийн дагуу үүдний өрөө нэмж хийлгэнэ нэмэлт зардлуудыг төлнө гэж хэлээд би нэмэлт ажлуудыг хийхээр болсон.

2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нэмэлт ажлуудтайгаа нийлээд нийт 130,713,000 төгрөгийн бараа материал авч, ажилчдын цалин, тээврийн зардал гаргасан байна. Д. бетонон суурин дээр торхыг нэгэнт суулгаж байшинг босгосон тул тухайн байшинг нураагаад авч явах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч Б.*******гоос нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,767,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ: ... Миний бие Д.*******тай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  байрлах газар дээр залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, торхны өндөр 2,4 метр мансардгүй 4 улирлын дүнзэн байшинг газар дээр нь барьж ашиглалтад хүлээлгэн өгөх талаар тохиролцон ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн бол тогтоосон хугацаанд ажлыг хийж дуусгах байсан боловч нэмэлт ажлуудыг хийж, бараа материалыг сольсон учир, тухайлбал ханын өндрийг өөрчлөхөд бид нэмэлтээр 20 хоногийн хугацаа зарцуулж, 3 хоногт хийж дуусгах байсан ажлыг 23 хоногт хийж гүйцэтгэхэд би ажилчдын цалин хөлс, материалын гээд нэмэлт зардлууд гарсан бөгөөд нийт ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон, нэмэлт ажлын зардлыг төлөөгүй зэрэг асуудлаас үл ойлголцол үүссэн.

Миний зүгээс захиалагчийн даалгавраар дараах бараа материал, цалин хөлс, тээврийн зардлыг гаргасан.

д/д

Хугацаа

Утга

Үнийн дүн /төгрөгөөр/

1

2022.05.01

Тээвэр урьдчилгаа

200,000

2

2022.05.01

Тээвэр урьдчилгаа

150,000

3

2022.05.02

Хөөс

215,000

4

2022.05.03

Зургийн

300,000

5

2022.05.05

Тээвэр портер

149,000

6

2022.05.05

Тээвэр портер

100,000

7

2022.05.07

Кольцо ом

1,016,400

8

2022.05.08

Кран кольцо

200,000

9

2022.05.08

Унагалдай

700,000

10

2022.05.09

Кран үлдэгдэл

100,000

11

2022.05.10

Материал

500,000

12

2022.05.11

Хөөс

150,000

13

2022.05.13

Пум

2,072,000

14

2022.05.13

Тай

50,000

15

2022.05.13

Арматур

1,308,000

16

2022.05.13

Портер

140,000

17

2022.05.13

Цемент

135,000

18

2022.05.13

Хайрга

60,000

19

2022.05.13

Портер

110,000

20

2022.05.14

Бетон

1,908,000

21

2022.05.15

Материал

4,000,000

22

2022.05.15

Хөөс, шруп

400,000

23

2022.05.16

Портер

150,000

24

2022.05.17

Портер үлдэгдэл

50,000

25

2022.05.17

Тээвэр

60,000

26

2022.05.18

Тээвэр

45,000

27

2022.05.19

Будаг

90,000

28

2022.05.19

Кран

200,000

29

2022.05.20

Кран

100,000

30

2022.05.21

Портер

90,000

31

2022.05.21

Мат

280,000

32

2022.05.21

Мат

24,500

33

2022.05.22

Портер үлдэгдэл

80,000

34

2022.05.22

Рим түрээс сунгалт

203,400

35

2022.05.22

Панер

45,000

36

2022.05.22

Даваахүүд арматур урьдчилгаа

350,000

37

2022.05.29

Хөөс

78,500

38

2022.05.30

Кран торх ачсан

500,000

39

2022.05.31

Кран торх ачсан

200,000

40

2022.05.31

Будаг

200,000

41

2022.06.02

Кран торх ачсан

700,000

42

2022.06.02

Материал

1,032,000

43

2022.06.02

Материал

62,000

44

2022.06.02

Материал

38,800

45

2022.06.02

Материал

1,016,000

46

2022.06.03

Материал

500,000

47

2022.06.05

Материал

102,000

48

2022.06.05

Материал

120,000

49

2022.06.07

Материал

751,000

50

2022.06.07

Материал

50,000

51

2022.06.10

Материал

300,000

52

2022.06.11

Палк

300,000

53

2022.06.17

Зүсвэрийн банз

1,600,000

54

2022.06.18

Бохирын хоолой

211,000

55

2022.06.19

Палк

209,000

56

2022.06.22

Бохир

300,000

57

2022.06.23

Лазур

517,500

58

2022.06.23

Isober

170,000

59

2022.06.23

Банз, пүрүүс

5,000,000

60

2022.06.24

Материал

180,000

61

2022.06.26

Реик

877,000

62

2022.06.26

Булан

120,000

63

2022.06.27

Шалны сетик

745,000

64

2022.06.28

Бетон шал

1,610,000

65

2022.06.29

Дээврийн материал

5,000,000

66

2022.06.30

Банз

2,800,000

67

2022.06.30

Портер

120,000

68

2022.06.30

Портер

60,000

69

2022.06.30

Материал

330,000

70

2022.06.30

Дайрга

280,000

71

2022.06.30

Портер

70,000

72

2022.07.09

Хөөс

210,000

73

2022.07.09

Реик

3,500,000

74

2022.07.09

ОСБ

1,085,000

75

2022.07.09

Декра

3,130,000

76

2022.07.09

ОСБ

2,250,000

77

2022.07.09

Шрип

30,000

78

2022.07.09

Палк банз

1,000,000

79

2022.07.09

Палк банз

1,795,000

80

2022.07.28

Материал

485,000

81

2022.07.28

Банз

1,050,000

82

2022.07.29

Монтаж утас

891,900

83

2022.07.30

Цахилгаан монтаж

200,000

84

2022.07.31

Монтаж

235,000

85

2022.08.14

Цонхны урьдчилгаа

3,300,000

86

 

Нийт тээврийн зардал

3,674,000

87

 

Дүнзэн торх

44,000,000

88

 

Цалин, хөлс

22,050,000

 

Нийт

 

130,767,000

Захиалагч Д. зүгээс гэрээний хугацаанд цонхны өнгийг өөрчлөх, шалны сетек болон зургийн дагуу үүдний өрөө нэмж хийлгэсэн ба төлбөрийг нь төлөөгүй учир ажлыг түр зогсоосон.

Ажил гүйцэтгэгчийн зүгээс дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 130,767,000 төгрөгийн зардал гаргасан ба энэхүү зардал нь Д. хүсэл зоригийн хүрээнд материалыг сольж, анх гаргасан зураг төслийг өөрчилж ханын өндөр өөрчлөх гэх мэт нэмэлт зардал гаргасан нь Д. хүсэл зоригийн хүрээнд ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотой юм. Нийт гаргасан зардал болох 130,767,000 төгрөгөөс Д.*******ас хүлээн авсан 80,000,000 төгрөгийг хасаж үлдэх 50,767,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.

Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 50,767,000 төгрөгийг Д.*******ас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Д.******* болон Б.******* нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр  байрлах газар дээр залгаасгүйгээ талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, 2,4 метр өндөртэй, мансардгүй, дөрвөн улирлын байшинг шинээр барих ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд доголдолгүй, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр тохиролцож Д.******* нь гэрээний төлбөрт 80,000,000 төгрөгийг Б.*******д шилжүүлсэн боловч Б.******* нь гэрээний зүйл болох 100 хувийн гүйцэтгэлтэй амины орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байдаг.

1. Захиалагчийн шаардлагын дагуу нэмэлт ажлын зардал төлөхгүй тухайд.

Б.******* нь барилгын ажил гүйцэтгэх явцад захиалагчийн хүсэлтийн дагуу нэмэлт ажил гүйцэтгэхэд /бараа материал, тээврийн зардал, ажлын хөлс/ нийт 130,767,000 төгрөг зарцуулсан гэж сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар гүйцэтгэгч нь гэрээт ажлын төсвийн хэмжээ нэмэгдэх буюу нэмэлтээр ажил хийх тохиолдолд захиалагчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр түүнийг хийж гүйцэтгэнэ. Гэтэл тус гэрээний явцад нэмэлтээр ажил гүйцэтгэх тухай талууд ярилцаж байгаагүй бөгөөд энэ талаар захиалагчид ямар нэгэн мэдэгдэл ирж байгаагүй.

2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  ХХК-ийн дугаар 132 шинжээчийн дүгнэлт болон тус шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 406 дугаар нэмэлт дүгнэлтэд хариуцагч нь байшингийн ханын өндрийг 10 см-ээр нэмэгдүүлсэн нэмэлт нь ажил гүйцэтгэсэн гэж дүгнэсэн байдаг. Гэвч ханын өндрийг нэмэгдүүлэх талаар захиалагчид мэдэгдэж байгаагүй бөгөөд өөрсдөө сайн дурын үндсэн дээр ажлын зургийг өөрчилж хийсэн үйлдэл болно. Мөн шинжээчийн дүгнэлтэд нэмэлтээр гүйцэтгэсэн өөр ажил дурдаагүй байх тул цонхны өнгийг өөрчилсөн, шалны сетек нэмэлтээр хийсэн гэх баримтууд хэрэгт хавсаргагдаагүй байх тул гэрээнд зааснаас бусад нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 7.5-д Ажил гүйцэтгэх явцад гэрээнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд талууд гэрээгээр тохирсон гүйцэтгэх ажлын тоо хэмжээг өөрчлөх, нэмэлт ажил гүйцэтгүүлэх тухай харилцан тохиролцож, бичгээр нэмэлт өөрчлөлт оруулаагүй байдаг.

Иймд хариуцагч нь захиалагчийн хүсэл, шаардлагын дагуу бус өөрийн санаачилгаар байшингийн ханын өндрийг 10 см-ээр нэмэгдүүлэн нэмэлт ажлыг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээгээр тохиролцоогүй захиалагчийн захиалга, шаардлагаас гадуур гүйцэтгэсэн нэмэлт ажлын зардлыг төлөх үүрэг хүлээхгүй болно.

2. Захиалагч нь ажил гүйцэтгэх гэрээний явцад гарсан тээврийн зардлыг төлөх үндэслэлгүй тухайд.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх газрыг  хэмээн тогтоосон байдаг. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид "нийслэл хот" гэх/ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай эрх зүйн байдал бүхий хот мөн, 4.2-т Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна гэж тус тус заасны дагуу Налайх дүүрэг нь Нийслэлийн нутаг дэвсгэрт хамаарах түүний нэгж болно.

Хуульд заасны дагуу Налайх дүүрэг нь орон нутгийн нутаг дэвсгэрт хамаарахгүй байх тул ажил гүйцэтгэх гэрээний 3.4-т Орон нутагт ажил гүйцэтгэх тохиолдолд бүх тээврийн хөлс, ажилчдын унаа тээврийг захиалагч хариуцна гэж заасны дагуу захиалагч нь тус гэрээгээр ажил гүйцэтгэх явцад гарсан тээврийн зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй байна. Хариуцагч нь тээврийн зардалд 3,674,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар тээврийн зардалд 1,500,000 төгрөгийг зарцуулсан байх атал хэт зөрүүтэй үнийн дүнгээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Б.*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: ... Нэхэмжлэгч нь Д.******* нь Б.*******той 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр  байрлах газар дээр залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, 2,4 метр өндөртэй, мансардгүй, дөрвөн улирлын байшинг шинээр барих ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээний нийт хөлс нь 86,900,000 төгрөг байхаар тохиролцсон. Тус гэрээний 2.5-д ... байшинг ашиглалтад хүлээлгэн өгснөөр үлдэгдэл 6,900,000 төгрөгийг шилжүүлнэ гэж заасан нь 80,000,000 төгрөг төлөгдсөнөөр барилгын ажил 100 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой бөгөөд нэхэмжлэгч үүргээ зохих ёсоор хугацаанд нь гүйцэтгэж 80,000,000 төгрөгийг хариуцагчийн  тоот данс руу шилжүүлсэн боловч хариуцагч гэрээнд заасан хугацаанд байшинг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, үндэслэлгүйгээр ажлыг удаашруулж, гэрээний зүйл болох амины орон сууцыг хүлээлгэн өгөөгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  ХХК-ийн 132 шинжээчийн дүгнэлт болон тус шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар 406 дугаар нэмэлт дүгнэлтээр ажлын гүйцэтгэл 78,5 хувь буюу 68,216,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тогтоосны дагуу бид зардал болон гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахаар гаргасан зардлыг хариуцагчаар гаргуулахаар Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасныг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

1. Доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах, засан сайжруулсан зардал.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, барилгын ажлыг гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхгүйгээр хаяж явсан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах болон гүйцэтгээгүй дутуу гүйцэтгэсэн барилгын ажлыг бүрэн гүйцэтгүүлэхээр барилгын дотно гадна дулаалга, дээвэр, шал, хаалга зэрэг засварын ажил гүйцэтгүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №1 тоот ажил гүйцэтгэх гэрээ, барилгын халаалт цэвэр бохир ус, сантехникийн ажил зэргийг гүйцэтгүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр №2 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийг тус тус байгуулсан байдаг.

Тус гэрээний дагуу гүйцэтгэгч ажил хүлээлцэх актаар барилгын ажлыг хүлээн авахад хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд барилгын хана таазанд хийсэн ус чийг тусгаарлагч, гадна болон дотор дулаалга, шилэн хөвөн нь зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй, дээврийн ажилд богино банзнуудыг залгаж, нийлүүлж хийсэн, банзнууд хоорондоо зайтай, сийрэг, дээврийн хар цаас нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, сангийн сувагчлал, цемент хийгээгүй зэрэг амины орон сууцын барилгыг зориулалтын дагуу ашиглаж болохгүй олон доголдол илэрсэн. Уг доголдлыг арилгах, засан сайжруулахад нэхэмжлэгч нь шаардлагатай бараа материалд 18,977,000 төгрөг, тээврийн зардалд 600,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний нийт төлбөрт 10,800,000 төгрөг, нийт 30,377,000 төгрөгийг байшингийн ажлын гүйцэтгэлийн доголдлыг арилгуулах, засан сайжруулахад зарцуулсан байдаг.

2. Гүйцэтгээгүй ажлыг шинээр гүйцэтгэсэн зардал.

Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлаас хаалга, цонх суулгаагүй, шал цутгаж, прокат шахаагүй, усны хаялага хийгээгүй, цахилгааны ажил, халаалт, халуун хүйтэн ус татах, бохирын шугам хөөх, сантехникийн ажлыг шинээр гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалд 12,673,120 төгрөг, тээврийн зардалд 140,000 төгрөг, дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу шинээр гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн төлбөрт /гэрээний төлбөр 9,700,000/ төгрөг, нийт 22,513,120 төгрөгийг дутуу гүйцэтгэсэн ажлыг шинээр гүйцэтгэх ажилд зарцуулсан.

3. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн хувь, төсөв, үнийн дүнг тооцоолоход тусгай мэдлэг шаардагдсан тул шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн зардал.

Хариуцагчийн гүйцэтгэсэн барилгын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байсан энэ гүйцэтгэсэн ажил нь гэрээний нийт дүнгээс хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан зэргийг тогтооход тусгай мэдлэг, тооцоолол шаардагдсан бөгөөд энэ зардал нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэйгээр нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийг шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн байдаг.

Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу дээрх зардлууд нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс үүдэлтэй гүйцэтгээгүй ажлыг шинээр гүйцэтгэх зардлын тооцоо, гүйцэтгэсэн ажлын хувь хэмжээг тогтоохтой холбоотойгоор нэхэмжлэгчээс гарсан зардал байх тул Иргэний хуулийн 355.1-т заасны дагуу гэрээг цуцалж, учирсан хохиролд нийт 56,019,800 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна.

Мөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 5.1-т Гэрээнд оролцогч талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө мөн Иргэний хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.7-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой үндсэн үүрэг биелэгдсэн эсэхээс үл хамаарч алданги төлөх үүрэгтэй байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 58 хоногт ногдох алданги болох гэрээний нийт үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон 10,080,400 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Хариуцагч өнөөдрийг хүртэл үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй үүргийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд шаардаж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үед гэрээг цуцлах шаардлага гаргасан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үүргийг гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргах хууль болон гэрээнд заасан эрхийн дагуу алдангийг тооцсон болно.

Иймд хариуцагч нь гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 54,390,120 төгрөг, гэрээний алдангид 10,080,400 төгрөг, нийт 64,470,520 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... Гүйцэтгээгүй ажлыг шинээр гүйцэтгэсэн зардал гэж нэхэмжилсэн тухайд. Рэйк мод хийсэн гэж рэйк модны үнийг нэхэмжилсэн боловч плитаны үнийг давхардуулан нэхэмжилсэн буюу ижил м.кв талбайд хоёр өөр бараа материалын баримт гарган өгч нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэг цонхонд нэг ширхэг силикон орох бөгөөд энэхүү барилга нь 5 цонхтой тул 5 ширхэг силикон орох ёстой байтал шүүхэд 15 ширхэг силикон худалдан авсан баримтыг гаргаж өгсөн, энэ барилгад хар цаас ямар ч шаардлагагүй, ембүү буюу дотор энэхүү барилгад булан 35 ширхэг орохоор байхад 65 ширхэг гэх мэт маш хэдэн барилга барьсан нь тодорхойгүй, хуурамч баримтуудыг гаргаж өгсөн байна.

Гэрээнд заагдаагүй ажлууд буюу халуун хүйтэн ус татах буюу цэвэр усны ажил, усны хаялга хийх, цахилгааны утас, унтраалга, суултуур, душ, гэрээнд гипсээр хийх ажил байхгүй тул гипсээр хийсэн ажлын хөлс болон гипсний үнэ, гэрээнд хар цаас болон банзаар хийгдэх ажил байхгүй тул өөр барилгад ашигласан хар цаас, банзны ажлын хөлс болон материалын үнэ зэргийг баримт гарган өгч нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Гүйцэтгээгүй ажлынх төлбөрийг өгөөгүй, үлдэгдэл 6,900,00 төгрөгөө ч өгөөгүй байж гүйцэтгээгүй ажлыг шинээр гүйцэтгэсэн гэж нэхэмжилсэн 22,513,120 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Доголдолтой гүйцэтгэсэн ажил гэж нэхэмжилсэн тухайд.

Ажилд доголдол байхгүй бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төвийн 132 дугаар шинжээч  дүгнэлтэд доголдолгүй гэж гарсан тул доголдол нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд зөвшөөрөхгүй.

Иймд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

8. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хийх ажлын жагсаалтын хуулбар,  ХК-ийн дансны хуулга, фото зургууд, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №1 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, доголдолтой гүйцэтгэсэн ажлыг засан сайжруулахаар гүйцэтгэх ажлын жагсаалт, шинээр хийж, гүйцэтгэх ажлын жагсаалт, ажил хүлээлцэх акт, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №2 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ, гүйцэтгэсэн ажлын жагсаалт, ажил хүлээлцэх акт,  ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, доголдолтой гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад зарцуулсан материалын зардлын баримт, зарлагын баримтууд, гүйцэтгээгүй ажлыг шинээр гүйцэтгэхэд зарцуулсан материалын зардлын баримт, зарлагын баримтууд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  ХХК-ийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

9. Хариуцагчаас 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хийх ажлын жагсаалт,  ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зарлагын баримтууд, ажлын нийт буюу нэгдсэн төсөвт өртгийн үнэлгээ, гэрээнээс гадуур илүү хийгдсэн ажлын төсөвт үнэлгээ, гэрээний дагуу дутуу үлдээсэн ажлын төсөвт үнэлгээ, фото зураг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д. нэхэмжлэлээс 8,784,494 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 55,682,926 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.*******гийн сөрөг нэхэмжлэлээс 1,193,000 төгрөгийг хангаж, 49,574,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, үндэслэл, шаардлагаа гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн шал цутгалт, дээвэр, дулаалга, плита, цахилгаан, шал, хаалганы ажил доголдолтой, доголдлыг арилгахад 30,377,000 төгрөгийн зардал гарсан, ажлын хөлсөө авсан боловч 22,513,120 төгрөгийн ажлыг дутуу хийж гүйцэтгэсэн, 2022.07.28-2022.09.08-ны өдөр хүртэл гэрээний үнийн дүнгээс хоног тутам 0,2 хувиар алданги тооцож 10,080,400 төгрөг, нийт 64,470,520 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас ажлын гүйцэтгэлд доголдол байхгүй. Хаалга хийгдээгүй, цутгасан шал доголдолгүй, дээвэр, плита мөн хийгдээгүй, цахилгааны ажил хийгдсэн бөгөөд доголдолгүй байсан. Санхүүжилт хийгдээгүй учраас ажил зогссон. Олгогдсон ажлын хөлснөөс илүү ажил хийж гүйцэтгэсэн гэсэн тайлбар гаргасан.

 

4. Хариуцагч Б.*******гоос нэхэмжлэгч Д.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 50,767,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ... Захиалагч Д. зүгээс гэрээнд заасан ажлаас гадна цонхны өнгийг өөрчлөх, шалны сетек болон зургийн дагуу үүдний өрөө нэмж хийлгэсэн ба төлбөрийг нь төлөөгүй учир ажил зогссон.

Ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээний дагуу ажлуудыг хийж гүйцэтгэхэд нийт 130,767,000 төгрөгийн зардал гаргасан ба энэхүү зардал нь Д. хүсэл зоригийн хүрээнд материалыг сольж, анх гаргасан зураг төслийг өөрчилж ханын өндөр өөрчилсөнтэй холбоотой юм. Нийт гаргасан зардал болох 130,767,000 төгрөгөөс Д.*******ас хүлээн авсан 80,000,000 төгрөгийг хасаж үлдэх 50,767,000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Нийт 130,767,000 төгрөг хийсэн гэж хариуцагч үзэж үлдэгдэл зөрүүг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд заасан ажлыг 86,900,000 төгрөгөөр хийхээр тохиролцсон өөр тохиролцоо байхгүй. Төлбөрийн хуваарийг гэрээгээр тохироогүй бөгөөд ажил гүйцэтгэх хугацааг тохирсон. 100 хувийн гүйцэтгэлтэй ажлыг хүлээлгэн өгөхөд төлбөрийг 100 хувь төлөхөөр гэрээнд заасан. Төлбөрийн үүрэг захиалагч зөрчөөгүй боловч ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч нь  байрлах захиалагчийн ашиглах эрх бүхий газар дээр залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, торхны өндөр 2,4 метр, мансардгүй, 4 улирлын дүнзэн байшинг барьж гүйцэтгэн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх 5-8/

 

8. Нэхэмжлэгчээс гэрээ байгуулсан өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд нийт 80,000,000 төгрөг гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн үйл баримтад зохигч маргаагүй.

 

9. Талууд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр барилгын ажлын цонхны өнгийг бор болгож зөрүү 1,800,000 төгрөг, шатны сетек 430,000 төгрөгийг тус тус 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр захиалагчаас төлөх, хаалганы өнгийг хүрэн болгож, зургийн дагуу үүдний өрөө нэмж хийлгэхээр харилцан тохиролцсон нэмэлт өөрчлөлтийг гэрээнд оруулж, захиалагч гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Ажил гүйцэтгэх гэрээний 7.5-д заасантай нийцсэн байх бөгөөд уг үйл баримтыг талууд үгүйсгээгүй. /1-р хх 29-ар тал/

 

10. Захиалагчаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан нөхцөлийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,800,000 төгрөг, 430,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгчид шилжүүлээгүй бөгөөд уг хугацаанаас хойш дахин ажил гүйцэтгэгдээгүй буюу гэрээ цуцлагдсан тухай тайлбарыг талууд гаргаж байна.

 

11. Талуудын маргааны зүйл нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ аль тал зөрчсөний улмаас гэрээ цуцлагдсан, гүйцэтгэгч ямар хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргаж байна.

 

12. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

13. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

14. Зохигчийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч нь байрлах нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар дээр залгаасгүйгээр талласан дүнзээр 63 м.кв хэмжээтэй, торхны өндөр 2,4 метр, мансардгүй, 4 улирлын дүнзэн байшинг барьж гүйцэтгэн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч гэрээ байгуулсан өдөр ажлын хөлсөнд 40,000,000 төгрөг, торх бэлэн болоход 40,000,000 төгрөг, үлдэгдэл 6,900,000 төгрөгийг байшинг ашиглалтад хүлээлгэн өгснөөр төлөх үүргийг тус тус хүлээж, гүйцэтгэх ажлын жагсаалтыг хавсралтаар баталсан байна.

15. Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, захиалагчаас 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1,800,000 төгрөг, 430,000 төгрөг тус тус гүйцэтгэгчид өгөх, гэрээнд заасан ажлыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий байх боловч Үзлэгийн тэмдэглэл /2-р хх 101/-д тусгагдсан талуудын харилцан бичсэн чатаас үзвэл гэрээний хугацаа дууссанаас хойш талууд гэрээнд заасан ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх талаар харилцаж байсан, тодруулбал, захиалагчаас цонх бэлэн болсон эсэх, цонхыг хэзээ суурилуулах эсэх талаар гүйцэтгэгчээс лавласан, гүйцэтгэгч цонх бэлэн болсон аваад очно гэсэн мессежийг цонхны зургийн хамт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр явуулсан, улмаар гүйцэтгэгч үүнээс хойш дахин захиалагчтай холбогдоогүйгээс үүдэн талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зөрчил үүсэж, нэхэмжлэгч Д.*******ас шүүх дээр уулзъя гэсэн агуулгатай чат бичсэнээр зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан байна гэж дүгнэлээ.

 

16. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтээр гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, төсөвт өртгийг тодруулах зорилгоор  ХХК болон  ТББ нарыг шинжээчээр томилсон.

 

17. Шинжээч нараас гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үнэлгээг харилцан өөрөөр тодорхойлон дүгнэлт гаргаж ирүүлсэнтэй холбоотойгоор 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг гаргасан  ТББ-ын шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулсан ба шинжээч шүүх хуралдаанд дараах тайлбарыг гаргасан. Үүнд: шинжээчийн дүгнэлт дэх төсөвт өртгийн нэгдсэн товчоонд тусгагдсан НӨАТ-10 хувь, нормчлолын сан 0,18 хувь, захиалагчийн техник хяналтын зардал, инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн, зураг төсөл зохиогчийн хяналтын зардал зэрэг нь иргэд хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс хасагдана гэж тайлбарласнаас үзвэл уг дүгнэлтээр тогтоогдсон төсөвт өртгийн нэгдсэн товчоог баримтлах боломжгүй байна.

 

18. Шүүх хуралдаанд талууд гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг 78,5 хувь болохыг харилцан зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул шинжээчээр томилогдсон  ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №132, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №406 дугаар дүгнэлтэд ажлын гүйцэтгэлийг 78,5 хувь гэж тодорхойлсноор хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, үнэлгээг тодорхойлох нь талуудын зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

19. Харин дээрх  ХХК-ийн дүгнэлтэд гүйцэтгэсэн ажлын доголдлыг тодорхойлоогүй тул ТББ-ын дүгнэлтээр тогтоосон 8,784,494 төгрөг /шууд зардлын дүн/-ийн хэмжээгээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг тодорхойлох боломжтой байна.

 

20. Үндсэн нэхэмжлэлийн тухайд.

 

20.1. Нэхэмжлэгч 22,513,120 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч нь ажлын хөлсөө авсан боловч гэрээгээр тохирсон ажлаас хаалга, цонх суулгаагүй, шал цутгаж, прокат шахаагүй, усны хаялага хийгээгүй, цахилгааны ажил, халаалт, халуун хүйтэн ус татах, бохирын шугам хөөх, сантехникийн ажлыг хийгээгүй, эдгээр ажлыг шинээр гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалд 12,673,120 төгрөг, тээврийн зардалд 140,000 төгрөг, ажлын гүйцэтгэлийн төлбөрт 9,700,000 төгрөг, нийт 22,513,120 төгрөгийг зарцуулсан гэж тодорхойлсон.

 

20.1.1.  ХХК-ийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагч нь нийт 82,831,830 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болохыг тогтоосон байх тул ажлын хөлсөө авсан боловч дутуу хийж гүйцэтгэсэн ажлын зардал гэж нэхэмжилсэн 22,513,120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

20.2. Нэхэмжлэгчээс гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн шал цутгалт, дээвэр, дулаалга, плита, цахилгаан, шал, хаалганы ажил доголдолтой, доголдлыг арилгахад 30,377,000 төгрөгийн зардал гарсан үндэслэлээр хариуцагчаас 30,377,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

20.2.1. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал, хэрэв чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзэх талаар мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2, 353.3 дахь хэсэгт заасан.

 

20.2.2. Барилгын төсөвчдийн холбооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл дээр гадна ханын дотор талд дулаалга хийх ажил, ханын рейкэн доторлогоо хийх ажил нь технологийн хувьд буруу хийгдсэн буюу доголдолтой болох нь тогтоогдсон байна.

 

20.2.3. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй, 352 дугаар зүйлийн 352.2.2-т Доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч доголдлыг арилгахад гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр хариуцагчаас шаардах эрхтэй.

 

20.2.4. Нэхэмжлэгч доголдлыг арилгахад гарсан зардалд 30,377,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч дээрх шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон ажиллах хүчний зардал, материал, тээвэр, машин ашиглалтын зардлын нийлбэр буюу 8,787,494 төгрөг /шууд зардлын дүн/-өөр доголдолтой ажлын үнэлгээг тооцох нь зүйтэй байх тул хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардалд нэхэмжилсэн 30,377,000 төгрөгөөс 8,784,494 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 21,619,506 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

20.3. Талууд гэрээний хугацааг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцож гэрээнд бичгээр өөрчлөлт оруулсан хэдий ч уг хугацаа өнгөрснөөс хойш гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр харилцаж байсан нь Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

 

20.3.1. Нэхэмжлэгч гэрээ цуцлагдсан тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байх бөгөөд талуудын хооронд 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр маргаан үүссэнээр гэрээ цуцлагдсан талаар 15 дахь хэсэгт дүгнэсэн. Гэрээ цуцлагдсанаар гэрээний нэмэлт үүрэг мөн дуусгавар болох тул нэхэмжлэгч хариуцагчаас алданги шаардах эрхгүй, иймд алданги 10,080,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангахгүй орхив.

 

21. Сөрөг нэхэмжлэлийн тухайд.

 

21.1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Д. хүсэлтээр ажил гүйцэтгэх материалыг сольж, анх гаргасан зураг төсөл, ханын өндөр өөрчлөх гэх мэт нэмэлт зардал гаргасны улмаас хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг 130,767,000 төгрөг болсон. Иймд ажлын хөлсөнд хүлээн авсан 80,000,000 төгрөгийг хасаж үлдэх 50,767,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон бөгөөд гэрээнд заагаагүй нэмэлт ажил гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

21.2. Шинжээчийн №132 дугаар дүгнэлтээр гүйцэтгэгч нийт 82,831,830 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, мөн захиалагчийн хүсэлтээр барилгын өндрийг 10 сантиметр нэмэгдүүлсэн бөгөөд энэ ажлын дүн 1,193,000 төгрөг болохыг тогтоосон.

 

21.3. Иймд хариуцагч 1,193,000 төгрөгийн нэмэлт ажил хийж гүйцэтгэсэн байх тул сөрөг нэхэмжлэлээс 1,930,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 49,574,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

22. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн тухайд.

 

22.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө, 60 дугаар зүйлийн 60.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус заасан.

 

22.2. Шинжээчийн ажлын хөлс нийт 6,500,000 төгрөгөөс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн ажлын хөлс 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлсөн,  ТББ-ын ажлын хөлс 4,000,000 төгрөгийг талуудын хэн аль нь төлөөгүй гэсэн тайлбар гаргасан.

 

22.3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 13,6 хувь хангагдсан, иймд нэхэмжлэгч шинжээчийн ажлын хөлсний 86,4 хувь буюу 5,616,000 төгрөгийг хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс төлөгдсөн 2,500,000 төгрөгийг уг дүнгээс хасаж, 3,116,000 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэх 884,000 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж шинжээч  ТББ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,352 төгрөг, хариуцагчаас төлсөн 411,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 33,182 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.*******гоос 8,784,494 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, үндсэн нэхэмжлэлээс 55,682,926 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.*******ас 1,193,000 төгрөг гаргуулан хариуцагч Б.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс 49,574,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс 3,166,000 төгрөг, хариуцагчаас 884,000 төгрөг тус тус гаргуулан шинжээч  ТББ-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608,352 төгрөг, хариуцагчаас төлсөн 411,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 155,501 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 33,182 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/07507