Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/151

 

 

 

 

  2025            01            28                                         2025/ДШМ/151          

 

Ж.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Ж.Д-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405000001339 дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ....-ы Д, 19... оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ......... тоотод оршин суух, /РД: ................./,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 56
дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар
сарын 10-ны өдрийн 411 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 11.6 дугаар зүйлиин 1 дэх хэсэгт зааснаар 675 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 675.000 төгрөгөөр торгох ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны
01 дүгээр сарын 07-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил
хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/1591 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” зочид буудлын орчимд иргэн Б.З-гийн эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халааснаас нь авч, иргэн Б.З-д 2.025.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ж.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-ыг 1 жилийн хугацаагаар “Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, 8 дугаар гудамж 130 тоотоос” гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Д нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-аас 525.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Д гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ асар ихээр гэмшиж байна. Шүүхээс намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 8 дугаар гудамжны 130 тоотоос гаргахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэнд гомдолтой байна.

Миний хувьд 4 наснаас 14 насны 3 хүүхэдтэй, эхнэр маань 3 сартай жирэмсэн, би өөрөө Баянгол дүүргийн 4 дүгээр хороололын хүнсний захад ногоо зардаг ба гэр бүлээ  ажил хийж тэжээдэг. Энэ хууль хэрэгжээд гэрээсээ гарч чадахгүй болчихвол эхнэр, хүүхэд маань хэцүү байдалд орох гээд байна. Би хэдийгээр буруу хууль бус үйлдэл хийсэн ч гэсэн миний ар талд ар гэр маань хохирох байдалд ороод байна. Би шүүх хуралдаанд хороололд ногоо зардаг гэж хэлсэн боловч намайг ажилгүй гэж дүгнэсэн. Миний амьдралын нөхцөл байдлыг минь харгалзан үзэж Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Д-ын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо, 8 дугаар гудамж 130 тоотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оноосонд гомдолтой байна.  Учир нь шүүгдэгч Ж.Д нь 4-14 насны гурван хүүхэдтэй, эхнэр нь гурван сартай жирэмсэн. Мөн шүүгдэгчийн хувьд 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүнд зодуулж, хүнд гэмтэл авсан байдаг. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгаж байгаа. 1 жилийн хугацаанд шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарласнаар үр хүүхдүүдийг нь хэн сургуульд, цэцэрлэгт нь хүргэж өгөх вэ, цаашлаад эхнэр нь төрөхөд эмнэлэг явах, дээрх хохирогчоор тогтоогдсон хэрэгт мэдүүлэг өгөх хэрэг гарна. Эдгээр тохиолдолд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зөвшөөрөл авах шаардлагатай болно. Шүүгдэгч Баянгол дүүргийн хүнсний зах дээр ногоо зардаг. Иймд Улаанбаатар хотоос гарахгүй байхаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийн зүйлчлэл болон ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Ган-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Д-д 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүхээс Ж.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, урьд ял шийтгэлтэй байсан зэрэг хувийн байдлыг харгалзан 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, шүүгдэгч Ж.Д нь 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” зочид буудлын орчимд иргэн Б.З-гийн эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар халааснаас нь авч, иргэн Б.З-д 2.025.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-2/,

“Дамно хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №НЦУГ-24-561 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-38/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-43/,

хохирогч Б.З-гийн “...Би 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өөрийн найз Цээрэн М гэх хүний хамт Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М зочид буудалд хонох гэж явж байсан. Тэгээд тухайн зочид буудал дотор ороод 20- 30 минутын дараа би өөрийн халаасыг шалгатал миний rap утас байхгүй байсан тул тухайн зочид буудлын хяналтын камерыг шүүх гэтэл зочид буудлын хүлээн авахын ажилтан нь камер шүүдэг хүн нь ирээгүй байгаа учир өдөр 12 цагийн үед шүүж өгнө гэсэн. Үүний дараа 2024 оны 08 сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд би М зочид буудлын хяналтын камерыгшүүж үзэхэд тухайн зочид буудлын үүдэнд зочид буудал руу орохын өмнө миний ардаас үл таних этгээд дагаж ирээд халаасанд байсан гар утсыг авсан бичлэг байсан. Би өөрийн Айфон 13 про макс загварын саарал өнгийн гадаргуутай, сэвгүй гар утсыг алдсан. Тухайн гар утсыг 2021 онд Монтел дэлгүүрийн хойд талд байсан гар утасны дэлгүүрээс 4.800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утасны имей код:358408870428557 тухайн хүн нь хяналтын камер дээр цагаан өнгийн саравчтай малгайтай, саарал өнгийн цамц, мөдтэй, пүүзтэй эрэгтэй хүн байсан. Би өөрийн гар утсыг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. ...” /хх 8-9/ гэсэн мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ж.Д-ын хохирогч Б.З-гийн эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 2.025.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд шүүгдэгч Ж.Д-ын хохирогч Б.З-гийн эзэмшлийн “Айфоне 13 про макс” загварын гар утсыг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Ж.Д-аас “...Хувийн байдлыг минь харгалзан үзэж Улаанбаатар хотоос гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийн хязгаарлах ялын доод хэмжээгээр ял оногдуулсаныг хүндэдсэн гэж үзэхгүй үндэслэлгүй, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, гэм буруу, хувийн байдалд тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Д-ын ахуй амьдарал, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тохируулж ял оногдуулдаггүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Д-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                      Т.ШИНЭБАЯР