| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2026/0050/З |
| Дугаар | 123/ШШ2026/0054 |
| Огноо | 2026-08-24 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 123/ШШ2026/0054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК,
Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга нарын хооронд Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Багийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, холбогдох ажиллагааг явуулахыг Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий маргааныг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Д.*******, хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Д.******* нь Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Багийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, холбогдох ажиллагааг явуулахыг Баянцагаан сумын Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчээс 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянцагаан сумын Засаг даргад хандан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх тухай хүсэлт гаргахад, хариуцагч Баянцагаан сумын Засаг дарга Ц.******* нь дээрх албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй.
3. Ийнхүү нэхэмжлэгчээс 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Засаг даргад хандан сумын Засаг даргад гаргасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланг сумын багийн Иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлэх тухай 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байх тул хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгнө үү гэх хүсэлт гаргахад, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 04/91 дугаар албан бичгээр ... захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана уу гэсэн хариу өгчээ.
4. Нэхэмжлэгч тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч "*******" ХХК нь MV-023080 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болно. Манай компани үйл ажиллагаатай холбоотой асуудлыг орон нутгийн иргэдээр хэлэлцүүлэх зорилгоор 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянцагаан сумын Засаг даргад болон багийн Засаг даргад албан бичгээр хүсэлт гаргасан болно. Гэвч өнөөдрийг хүртэл уг хүсэлтийг шийдвэрлээгүй, ямар нэгэн хариу мэдэгдээгүй бөгөөд хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргаж байна. Хариуцагчийн энэхүү эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг цаашид хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Манайх удаа дараа хүсэлт гаргасан байгаа. Аль алинд нь хоёроос гурван удаа гаргасан. Багийн даргад өгсөн, Иргэдийн Хуралд нь өгсөн, Засаг даргын зөвлөлд өгсөн, бүгдэд нь өгсөн. Багийн дарга болон Засаг даргад удаа дараа албан хүсэлт өгөөд, өөрийн биеэр ч гэсэн “Хэлэлцүүлж өгөөч ээ” гэж маш их хандаж, гуйсан. “Хэлэлцүүлээд өгөөч ээ” гэж хандсан. Угаасаа малчид тэртээ тэргүй уул уурхайн компанийг дэмждэг нэг ч малчин байхгүй гэж хэлж байсан.
Ер нь энэ хуулиараа болохоор багийн хурлаар хэлэлцүүлсэн санал авсан байхаас биш дэмжих, дэмжихгүй гэдэг нь дараагийн асуудал. Ашигт малтмалын тухай хуулиараа хэлэлцүүлэх ёстой гэсэн заалт байгаа учраас бид хуулийнхаа дагуу ажлаа явуулж байна. Би танилцуулах үүрэгтэй, 5 дугаар сарын 18-ны өдөр багийн хурал хуралдсан юм багийн хурлаар хэлэлцүүлж өгөөч гэж хүсэлт гаргасан ба хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулахгүй гэсэн гэв.
6. Хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга Ц.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянцагаан сумын нутагт орших МѴ-023080 тоот бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "*******" ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлээгүй шалтгаан нь манай сум нь тал хээрийн бүс, мал аж ахуй эрхэлж амьдардаг онцлогтой. 2026 оны байдлаар 607 малчин өрхийн 313,892 тоо толгой мал тоолуулсан. Түүнээс Баян-Айраг 2 дугаар баг нь 76,458 толгой малтай, бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн нь иргэдэд өвөлжөө, хаваржааны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг дэмжих боломжгүй байна. 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн багийн Иргэдийн нийтийн хурлын 3 дугаар хуралдаанаар багийн Засаг дарга Б.Долгормаа нь тус уурхайгаас ирсэн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 дугаартай албан бичгийг танилцуулсан боловч багийн иргэд хурлын хэлэлцэх асуудалд оруулахаас 100% дэмжээгүй. Иймээс миний бие эс үйлдэхүй гаргаж ашиг сонирхолын зөрчил үүсгээгүй болно. ... Манай сум, орон нутаг мэдээж хууль, дүрмийнхээ дагуу зөндөө компанийн албан бичгүүдийг уламжлаад явж байсан. Багийн хурал бол жилдээ 1, 2 удаа л хийгдэнэ. 2 дугаар баг дээр манай 2 уурхай байдаг. Малчид нь мал ихтэй байдаг. Энэ дээр зөрчил ихтэй байдаг. Малчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө саналаа хэлсэн, дургүйцлээ илэрхийлсэн, тийм л зүйл болсон. Хуулийн дагуу сумын Засаг дарга миний бие саналаа багийн даргад хүргүүлсэн. Багийн дарга бас хэлээгүй биш хэлсэн. “Ийм зүйл байна шүү” гээд албан тоотыг нь уншиж өгсөн. Тэгээд иргэд дэмждэггүй гэдэг байр суурьтай байсан. Ямар ч хариу өгөөгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Нэхэмжлэгч ******* ХХК ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, тухайн хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, холбогдох ажиллагааг явуулахыг Баянцагаан сумын Засаг даргад даалгах гэж тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
1.1. Нэхэмжлэгчээс: Манайх Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Шохойт уул гэх нэртэй газарт 619.13 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-023080 дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд сумын Засаг даргад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх тухай хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байна ... гэж,
1.2. Хариуцагчаас: Баянцагаан сумын нутагт орших МѴ-023080 тоот бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "*******" ХХК-иас ирүүлсэн албан бичгүүдийн хариуг хуулийн хугацаанд хүргүүлээгүй шалтгаан нь манай сум нь тал хээрийн бүс, мал аж ахуй эрхэлж амьдардаг онцлогтой, бэлчээрийн даац 3-4 дахин хэтэрсэн нь иргэдэд өвөлжөө, хаваржааны хүрэлцээ муу байгаагаас шалтгаалж уул уурхайн хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг дэмжих боломжгүй байна гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хоёр: Маргааны үйл баримтуудын талаар:
2.1. ******* ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Шохойт уул гэх нэртэй газарт 619.13 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-023080 дугаартай тусгай зөвшөөрлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон[1] байх бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрлийн эзэмшигч байна.
2.2. Хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... хүсэлтүүдэд ямар нэгэн хариу өгөөгүй” гэх тайлбар, тус шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл[2] зэргээс үзэхэд ******* ХХК-иас Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад гаргасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх тухай хүсэлтийг хуульд болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журамд заасны дагуу шийдвэрлэсэн талаарх баримт байхгүй байна.
2.3. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт ... оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагч Баянцагаан сумын Засаг дарга нь Захиргааны Ерөнхий хуульд заасан үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх тухай хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг албан ёсоор өгөөгүй байна.
2.4. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ” гэж нэхэмжлэгчээс гаргасан өргөдөл, гомдлыг хариуцагч Баянцагаан сумын Засаг дарга хуульд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэл бүхий хариугаа хүргүүлэх үүргийг мөн хуульчилжээ.
2.5. Нэхэмжлэгчийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1 дэх хэсэгт “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх”, 59.1.18 дэх хэсэгт “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-03 тоот тушаалын хавсралт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах тухай журмын 2 дугаар зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “Үнэлгээний эрх бүхий аж ахуйн нэгж нь төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж дууссаны дараа үнэлгээний тайлан, олон нийтийн саналын нэгдсэн дүнг ажлын 15 өдрийн хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн баг, хорооны нийтийн хурлаар хэлэлцүүлж санал авна”, 2.11-д “Байгль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний батлагдсан тайланг олон нийтэд нээлттэй байлгах үүргийг төсөл хэрэгжүүлэгч, сум дүүргийн Засаг дарга, баг, хорооны Иргэдийн нийтийн хурал болон аймаг нийслэлийн байгаль орчны газар хариуцна” гэж заасан, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах” гэж тус тус заасан чиг үүргийг хэрэгцүүлэгч буюу хариуцагч хууль бус эс үйлдэл болсон байна.
2.6. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлэн санал авч дараагийн төлөвлөгөө төслийг гаргах хуулийн үүрэгтэй бөгөөд тус менежментийн төлөвлөгөөний үндсэн асуудлаа гаргуулах нэхэмжлэгчийн эрх, нөгөө талаар хяналт хавих, зохион байгуулах сумын Засаг дарга түүнийг хэлэлцүүлэхээс татгалзсан үйлдэл нь гагцхүү хуульд заасан үндэслэлтэй байхыг шаардана.
2.7. Гэтэл ******* ХХК нь дээрх хуульд заасны дагуу Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргад хандан Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Шохойт уул гэх нэртэй газарт 619.13 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын MV-023080 дугаартай тусгай зөвшөөрлийг хэрэгжүүлэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн иргэдийн нийтийн хуралд хэлэлцүүлэхээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж удаа дараа хүсэлтээ хүргүүлсэн байхад Төв аймгийн Баянцагаан сумын Засаг дарга нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах үүргээ биелүүлээгүй, мөн сумын 2 дугаар багийн иргэд эсэргүүцдэг, тухайн нутагт бэлчээрийн даац хэтэрсэн гэх өөрийн үзэмж, итгэл үнэмшилээр, хууль бус үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй буюу хүсэлтийг хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхээс татгалзсан байна.
2.8. Хариуцагчаас дээрх хариу тайлбарын дагуу ******* ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэхгүй байгаа нь хуульд заасны дагуу хянаж, зөвшилцөж, иргэдэд мэдээлэл хүргэх, оролцоог нь ханган баталгаажуулах үүргээ гүйцэтгээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байх тул энэхүү хариуцагчийн бэлчээрийн даац хэтэрсэн, иргэд малчид зөвшөөрдөггүй гэх тайлбаруудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.9. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх тухай өргөдлийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Баяцагаан сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, хуульд болон журамд заасны дагуу шийдвэрлэж, иргэдийг мэдээллээр хангаж, саналыг авч хэлэлцүүлэхээр холбогдох ажиллагаа ажлыг зохион байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.10. Хариуцагчийн дээрх нөхцөл байдалд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх нь иргэдийн саналыг авах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд байх тул маргааны үйл баримтаар холбогдох журмын дагуу Засаг дарга нь Засгийн газрын ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэгчийн хувьд хууль бус эс үйлдэхүй гаргасныг тогтоож, нэхэмжлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн үүргээ биелүүлэх үйл ажиллагаа зөрчигдсөн гэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан буюу мэтгэлцэх зарчмын үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл ашиглах, тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, журмын дагуу хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг сэргээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод оруулж, хариуцагч Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг сумын багийн Иргэдийн Нийтийн Хуралд хэлэлцүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тухайн хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, холбогдох ажиллагааг явуулахыг хариуцагч Баянцагаан сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР