Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Т-д холбогдох эрүүгийн 1705011930580 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Л.Т нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд Б.Гийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтанд” Би 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Голден Паркын ард Уран зочид буудлын 401 тоот өрөөнд найз Өлзиймөрөн, найз Т нарын хамт архи уусан юм. Т намайг тамхи аваад ир гэсэн. Би  ганцаараа гарахгүй хоёулаа хамт явах уу гэсэн чинь тамхи авч ирсэнгүй гээд уурласан. Тэгээд Т хөлөөрөө миний давсаг руу жийгээд би сандалд тээглээд хана руу мөргөөд унасан. Намайг босоод ирэхэд хацар руу гараараа цохичихсон юм. Бид хоёрыг маргаж байхад Өлзиймөрөн байж байгаад гараад явчихсан. Өлзиймөрөн гараад явсны дараа Т надтай секс хийхийг санал болгосон. Чи манай найзтай үерхэж байгаад салчихсан юм чинь надтай нэг удаа унтчих гэсэн би үгүй хоёулаа зүгээр найзууд биз дээ гэсэн, тэгээд заза хоёулаа эхлээд тамхинд гараад ирье гэж хэлээд Тийг хаалгаар түрүүлж гаргаад би хаалгаа түгжсэн...”  /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Л.Т мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө найз нартайгаа 10 дугаар хороолол Уран зочид буудлын өрөөнд архи ууж хонох гэж байсан юм. Найз Өлзиймөрөн түүний найз нэг залуу, найз Баяраа, найз Г бид нар архи пиво уугаад байж байсан тэгээд найз Өлзиймөрөн, Г бид гурав үлдээд бусад нь гараад явчихсан юм. Би согтуу байсан болохоор ор руу унахдаа Гийг өшиглөсөн юм шиг байна лээ. Г над руу уурлаад яагаад өшиглөж байгаа юм бэ гэсэн би болгоомжгүй л хүрчихлээ шүү дээ гэсэн чинь Г уурласан. Тэгээд би Гээс уучлалт гуйсан шүү дээ...санамсаргүй өшиглөхөд Г хана руу саваад унасан юм. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13357 дугаартай: Б.Гийн биед тархи доргилт, зүүн дээд 5 дугаар шүдний эмтрэл, баруун зүүн өвдөгт зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх  цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Л.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57/,  

2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч Л.Т 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран” нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд Б.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн”...Т хөлөөрөө миний давсаг руу жийгээд би сандалд тээглээд хана руу мөргөөд унасан. Намайг босоод ирэхэд хацар руу гараараа цохичихсон юм...” /хх-ийн 8/ гэсэн түүний мөрдөн байцаалтанд мэдүүлэг болон  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13357 дугаартай дүгнэлт /хх-ийн 27/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Л.Т мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... санамсаргүй өшиглөхөд Г хана руу саваад унасан...”/хх-ийн 13/ гэх мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Прокуророос Л.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Л.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Л.Тийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Б.Г хохиролтой холбогдуулан баримт гаргаагүй байх ба мөрдөн байцаалтанд“...эмчилгээний зардал 300.000 төгрөг нэхэмжилж байна. Надад нэхэмжлэлийн баримт байхгүй”  гэж мэдүүлжээ. /хх-ийн 24/

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт хавсаргагдаагүй байх тул шүүгдэгч Л.Тийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Л.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Тэд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Л.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Тэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ