Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00357

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00357

 

 

 

П.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/03034 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Гантөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Хаан банк ХХК-д холбогдох

 

Т.Золжаргал болон Хаан банк ХХК нарын байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн БГҮ 14/691 дугаар барьцааны гэрээний хувийн сууц болон газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулж, хувийн сууц болон газрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Жаргалсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Наран

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч П.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоотод байрлах 180 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн хаягт байрлах 381 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг нь П.Гантөмөрийн өмч юм. Гэтэл П.Гантөмөрийг хөдөө ажилтай байх хооронд түүний эхнэрийн эгч Т.Золжаргал нь Хаан банкнаас 30 000 000 төгрөгийн зээл авч, уг зээлийн барьцаанд П.Гантөмөрийн өмчлөлийн хашаа байшинг барьцаалж, түүний өмч хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь зөрчсөн. Нэхэмжлэгч П.Гантөмөр нь өөрийн эхнэрийн эгч Т.Золжаргалд өөрийн хашаа байшинг захиран зарцуулах зөвшөөрөл, итгэмжлэл олгоогүй тул Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэгийн хийсэн үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж хүчин төгөлдөр буст тооцуулсан. Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн Хаан банк болон Т.Золжаргал нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө барьцаалсан БГҮ14/691 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан хөдлөх эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч П.Гантөмөрийн өмчлөлийн эд хөрөнгүүд биш тул барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагаа барьцааны гэрээний хувийн сууц болон газартай холбоотой хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хувийн сууц болон газрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасган тодруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Золжаргалд холбогдох 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Сүхбаатар дүүргийн тойргийн 93 дугаар нотариатын газарт иргэн П.Гантөмөрийн эзэмшлийн №000069228 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, №00001484468 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг П.Гантөмөрийн зөвшөөрөлгүй, өмчлөгч П.Гантөмөрийг байхгүйд нотариатч Ч.Батбилэгээр итгэмжлэл хийлгүүлэн захиран зарцуулах эрхийг өөртөө шилжүүлж, улмаар дээрх гэрчилгээг 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тавьж, 30 000 000 төгрөгийн зээл авч, бусдыг залилан, их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нөгөө талаар Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Ч.Батбилэгийн үйлдсэн П.Гантөмөрөөс Т.Золжаргалд олгосон үл хөдлөх хөрөнгө захиран зарцуулах итгэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон гэх боловч уг шийдвэрээр зөвхөн 125 дугаартай итгэмжлэлийг хүчингүй болгосон, 125 дугаартай итгэмжлэлийн хувьд зөвхөн газартай холбоотой итгэмжлэл байгаа бөгөөд хувийн сууцтай холбоотой итгэмжлэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан Хаан банк ХХК болон Т.Золжаргал, Т.Үйтүмэн, Н.Түмэнсайхан, Ш.Мөнхцэцэг нарын хооронд 2014 оны 6 сарын 16-ны өдөр байгуулагдсан БГҮ14/691 дугаартай барьцааны гэрээний эрхийн улсын бүртгэлийн Г2205003617 дугаартай, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоотод байрлах 381 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоотод байрлах 381 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Хаан банк ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу Хаан банк ХХК болон Т.Золжаргал, Т.Үйтүмэн, Н.Түмэнсайхан, Ш.Мөнхцэцэг нарын хооронд 2014 оны 6 сарын 16-ны өдөр байгуулагдсан БГҮ14/691 дугаартай барьцааны гэрээний эрхийн улсын бүртгэлийн Ү2205031806 дугаартай, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоотод байрлах, 180 м.кв талбайтай хувийн сууцтай холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Хаан банк ХХК-д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.259 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 сарын 8-ны өдөр урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан банк ХХК-иас 134 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Гантөмөрт олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран давж заалдах гомдолдоо:

... Тус хэргийн гол нотлох баримт болох 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 3842 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож дахин харьцуулсан шинжилгээ хийлгэх болон бусад ажиллагааг хийлгэхээр манай банкны зүгээс прокурорт гомдол гаргасныг гомдолд дурьдагдсан шаардлагууд нь хуулийн үндэслэлтэй, дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэж үзээд 201525020326 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 436 дугаар бүхий хэрэгсэхгүй болгосон хяналтын прокурор Э.Халиуны тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарын гарын үсэгтэй 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1/1024 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг банк хүлээж авсан болно. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасагт хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн П.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, Хаан банк ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг шүүхэд удаа дараалан гаргасан боловч уг хүсэлтийг хүлээж авалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Өмнө нь яг энэ хуулийн үндэслэлээр тус дүүргийн шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 181/Ш32017/05592 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэхүү шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт "...Нэхэмжлэгч нь Т.Золжаргал нь Ч.Батбилэгтэй хуйвалдан миний бичиг баримтыг ашишглаж, миний гарын үсгийг дууриалган үйлдэж, итгэмжлэл үйлдэн миний өөрийн хөрөнгүүдийг Хаан банкинд барьцаалсан гэх үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож нэхэмжлэлд дурьдсан байх тул уг эрүүгийн хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой гэж үзнэ" гэж шүүхээс дүгнээд хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/03034 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт "Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх асуудал нь Т.Золжаргал нь бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэх асуудал байх тул нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх үндэслэлд хамаарахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн болно" гэж нэг нэхэмжлэгчтэй, нэхэмжлэлийн шаардлага нь нэг иргэний хэрэгт өөр өөр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхийн №181/ШШ2017/03034 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Гантөмөр нь хариуцагч Хаан банк ХХК-д холбогдуулан Т.Золжаргал болон Хаан банк ХХК нарын байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн БГҮ 14/691 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны гэрээний хувийн сууц болон газартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулж, хувийн сууц болон газрыг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Хэрэгт хариуцагч Хаан банк ХХК болон иргэн Т.Золжаргал, Т.Үйтүмэн, Н.Түмэнсайхан, Ш.Мөнхцэцэг нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан БГҮ14/691 дугаар барьцааны гэрээ нотлох баримтаар авагдсан, уг гэрээгээр 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/4/691 дугаар зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоотод байрлах 180 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 381 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 6 957 200 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 1 844 ,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил зэрэг эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-ийн 13-14 тал/

Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоотод байрлах 180 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах 381 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар нь нэхэмжлэгч П.Гантөмөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 11-517159, 11-517191 дугаар лавлагаануудаар тогтоогдож байна. /хх-ийн 15-16 тал/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах болон бусад үйлдэл хийх эрхийг нэхэмжлэгч П.Гантөмөрөөс иргэн Т.Золжаргалд олгосон 125, 126 дугаар итгэмжлэлүүд хэрэгт авагджээ. /хх-ийн 4-5 тал/

Тухайлбал 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн нотариатч Ч.Батбилэгийн гэрчилсэн, бүртгэлийн 126 дугаартай итгэмжлэлээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоот хаягт байрлах Ү-2205031806 улсын бүртгэлийн дугаартай, 000148468 тоот гэрчилгээтэй 180 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах болон бусад үйлдэл хийх эрхийг, бүртгэлийн 125 дугаартай итгэмжлэлээр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоот хаягт байрлах Г-2205003617 улсын бүртгэлийн дугаартай, 000069228 тоот гэрчилгээтэй 381 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах болон бусад үйлдэл хийх эрхийг нэхэмжлэгч П.Гантөмөрөөс иргэн Т.Золжаргалд тус тус олгосон байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 101/ШШ2016/03891 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч П.Гантөмөрөөс иргэн Т.Золжаргалд олгосон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж, 196 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих зэрэг эрх олгосон нотариатч Ч.Батбилэгийн гэрчилсэн, бүртгэлийн 125 дугаартай итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцжээ. /хх-ийн 7-8 тал/

Дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул анхан шатны шүүхээс маргааны зүйл болж буй барьцааны гэрээний Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоот хаягт байрлах 381 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалсан хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх нотариатын бүртгэлийн 126 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамж 196 тоот хаягт байрлах 180 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг захиран зарцуулах, зээлийн барьцаанд тавих, холбогдох гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах болон бусад үйлдэл хийх эрхийг нэхэмжлэгч П.Гантөмөрөөс иргэн Т.Золжаргалд олгосон итгэмжлэлийг шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бусд тооцоогүй тул уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагч Хаан банк ХХК болон иргэн Т.Золжаргал, Т.Үйтүмэн, Н.Түмэнсайхан, Ш.Мөнхцэцэг нарын байгуулсан 2014 оны 6 сарын 16-ны өдрийн БГҮ14/691 дугаартай барьцааны гэрээний хувийн орон сууцтай холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иймд нэхэмжлэгч П.Гантөмөрөөс иргэн Т.Золжаргалд олгосон нотариатын бүртгэлийн 126 дугаарт бүртгэгдсэн итгэмжлэл хүчинтэй байх тул уг итгэмжлэлийг үндэслэсэн барьцааны гэрээний 180 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд холбогдох хэсэг хүчинтэй байна гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ...уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байсан гэж тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Хэргийн 17-18 дугаар талд авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 436 дугаар тогтоолоос үзэхэд эрүүгийн журмаар шалгагдаж буй асуудал нь иргэн Т.Золжаргал нь бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсантай холбоотой байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2017/03034 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО