| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 2428002340226 |
| Дугаар | 2025/ДШМ/10 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ДШМ/10
Б.*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Б.Мөнхдөл,
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/349 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ахлах прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Б.*******д холбогдох 2428002340226 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Яллагдагч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ******* ӨМЭ улсын дугаартай Toyota harrier XU30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.5-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, Б.*******ын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнхдөл нь Б.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлтийг хангаж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Б.*******д холбогдох 2428002340226 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэргийг Прокурорын газарт очтол яллагдагч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Ахлах прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
Шүүх шийдвэртээ “...Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын ...2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно", 2.10-т “Энэ журмын 2.1.1,-2.1.5-д зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтооно” гэж журамласан.
Иймд ...Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.2, 2.10-т заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан ба “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн 5 төрлийн гэмт хэргийн тухайд шүүх шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор, 2.2-т хохирогч нь хүснэгтээр шинжилгээ хийлгэхээр, 2.3-т мөрдөгч хүснэгтээр сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрөх эсэхийг баримтжуулан хэрэгт хавсаргахаар тус тус заасан.
Яллагдагч Б.*******гийн холбогдсон гэмт хэрэг нь мөрдөгч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар”-ыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргавал зохих гэмт болно.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хувьд 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /гуравдугаар зэрэглэл/, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 /дөрөвдүгээр зэрэглэл/, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 /тавдугаар зэрэглэл/-т заасан гэмт хэргүүд нь “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-ээс 2.1.5-д хамаарах гэмт хэрэг ба харин дээрх төрлийн гэмт хэргийн хувьд 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэргүүд нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоовол зохих гэмт хэрэг болохыг тус тус дээрх журам болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хоёрдмол утгагүйгээр хуульчлан журамласан байна.
Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллага тогтоож болох хэдий ч дээрх хүснэгтэд: “Хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоолгох...” гэж заасан, мөн тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон буюу шинжлүүлэгч Б.******* нь өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй болно.
Мөрдөгчөөс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хохирогчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид уг баримтыг танилцуулаагүй, эсхүл хавтаст хэрэг хавсаргаагүй, гомдол гаргахад шийдвэрлээгүй гэх зэргээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил байхгүй болох нь хавтаст хэргийн 110 дугаар хуудаст авагдсан хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлтэй танилцаж хүлээн зөвшөөрсөн талаарх хохирогч, яллагдагч нарын тэмдэглэгээгээр тогтоогдоно.
Улсын дээд шүүх 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ХШТ/153 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг шийдвэрлэх замаар “...Хохирогч ...нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тогтоохыг хүлээн зөвшөөрвөл шүүх уг аргачлалыг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх, хэрэв эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан шинжээч томилж, сэтгэцийн хор уршгийн талаар дүгнэлт гаргуулах, эсхүл хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм...” гэж дүгнэж, хууль хэрэглээний жишиг тогтоосныг анхан шатны шүүх анхаарахгүйгээр яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа талаар дурьдаж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцааж байгаа нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлж хүлээлгэх, хэргийн шийдвэрлэлт удаашрах шалтгаан болж байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Ахлах прокурор Б.Мөнхдөл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэргийн хувьд мөрдөн байцаах болон прокурорын шатанд хохирогчоос сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй. Харин хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсний дараа Б.*******гийн өмгөөлөгч шүүхийн шатанд энэ хүсэлтийг гаргаж шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлсэн.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 268, 275 дугаартай хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учран хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.2-т энэ журмын 2.1.1, 2.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч эсвэл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ журмын 2.1-д зааснаар хүснэгтээр шинжилгээ хийлгэнэ гэж заасан. Энэ заалтад зааснаас бусад шинжилгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхийн шинжилгээний байгууллага тогтооно гэж заасан. 2.10-д нь энэ журмын 2.1-2.1.5-т зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллагад тогтооно гэж журамласныг, гэтэл энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмыг 2.10-д заасны дагуу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоох нь зүйтэй гэсэн хууль зүйн үндэслэлгүй тайлбар гаргаж шийдвэрлэсэн.
Мөрдөгчийн хувьд Хууль зүйн сайдын 2023 оны 267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар заасан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн эсэх маягтыг хэргийн оролцогч нарт танилцуулсан. Мөрдөн шалгах ажиллагаанд дээр мөрдөгч сайн дураараа нэгдүгээр зэрэг, хоёрдугаар зэрэг, гуравдугаар зэргийн сэтгэцэд учирсан хор уршиг байна гэж тогтоогоогүй. Зөвхөн зүйл ангиар нь буюу тухайн хэргийн зүйл ангид нь холбогдох гуравдугаар зэргийн хүснэгтээр танилцуулсан.
Хэргийн оролцогч бүгд танилцаад хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Хялбаршуулсан хүснэгтээр хэрэглэх үед шинжлүүлэгч буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээж өгөхгүй бол шинжилгээний байгууллагаар тогтоох нь гэж заасан нь тус хэрэгт хохирогчоор тогтоосон буюу шинжлүүлэгч Б.******* нь энэ талаар маргаагүй өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар аль ч шатанд энэ талаар маргаж, гомдол гаргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 349 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг буюу шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай энэ эсэргүүцлийг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Хүснэгтээр гаргаад байгаа сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг шууд хэргийн зүйлчлэлээр гуравдугаар зэрэглэлд хамааруулж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг бүрэн дүүрэн бодитойгоор хууль эрх зүйн үндэслэлтэй тогтоогдоогүй учраас Шүүх шинжилгээний ерөнхий газраар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гаргуулаад өгнө үү гэдэг нөхцөл байдлыг тайлбарлаж оролцсон. Захирамжийн тавдугаар хуудсанд хийсэн эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна.
Хохирогч нь байнга архи уудаг, архины хамааралтай, байнгын эмчилгээнд явуулаад эмчилгээ авдаггүй. Өмгөөлөгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хохирлыг шүүх шинжилгээний ерөнхий газраар нь гаргуулахыг хүссэн. Гэмт хэргийн улмаас удаан хугацаанд үргэлжилсэн ужиг урвал илрэх энэ тэр гээд яг нэг асуумжийн хувьд мөрдөгч үүнийг тогтоогоод шууд хохирогчид яг ийм нөхцөл байдал илэрчихсэн, сэтгэл гутрал юм уу, сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлт орсон юм байна гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр Б.******* гэдэг хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт эрх зүйн үндэслэлгүй учраас Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар мэргэжлийн байгууллагаар нь тогтоогоод өгнө үү.
Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх ахлах прокурор Б.Мөнхдөлийн бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч Б.******* нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед ******* ӨМЭ улсын дугаартай Toyota harrier XU30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.5-д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, Б.*******ыг мөргөж түүний биед баруун сүүжний ясны гогцооны 2 талын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж ахлах прокурор Б.Мөнхдөл яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.*******д холбогдох 2428002340226 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Ахлах прокурор Б.Мөнхдөл нь “Хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу тогтоохыг хүлээн зөвшөөрвөл шүүх уг аргачлалыг үндэслэн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэх, эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулан шинжээч томилж, сэтгэцийн хор уршгийн талаар дүгнэлт гаргуулах, эсхүл хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхийг нээлттэй үлдээх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ” гэсэн нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.
“Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.8-д "шинжээчийн дүгнэлт" гэж хуульд заасан шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартыг хангаж, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг ойлгоно” гэж,
Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгг “Шинжээчийн дүгнэлт, түүний зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр дахин шинжилгээ хийнэ” гэж тус тус хуульчилсан.
Иймд яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүснэгтээр тогтоосон зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нь шинжээчийн дүгнэлтийг зайлшгүй гаргуулах үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг прокурорт буцааж “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг шинжээчийн дүгнэлтээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” нотлон тогтооно гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй, оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/, Арван хоёрдугаар бүлэг /Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг/, Арван гуравдугаар бүлэг /Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг/, 14.1 дүгээр зүйл /Ялгаварлан гадуурхах/, 14.2 дугаар зүйл /Мэдээлэл хайх, хүлээн авахад саад учруулах/, 14.3 дугаар зүйл /Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах/, 14.4 дүгээр зүйл /Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд саад учруулах/, 14.8 дугаар зүйл /Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах/, Арван тавдугаар бүлэг /Эрүүл мэндийн эсрэг/, Арван зургадугаар бүлэг /Хүүхдийн эсрэг/, 17.1 дүгээр зүйл /Хулгайлах/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 17.3 дугаар зүйл /Залилах/, 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/, 17.8 дугаар зүйл /Эд хөрөнгө устгах, гэмтээх/, 17.10 дугаар зүйл /Нотариатч, улсын бүртгэгч өмчлөгчийнэрхийг зөрчих/, 17.12 дугаар зүйл /Мал хулгайлах/, 20.11 дүгээр зүйл /Аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях/, 20.12 дугаар зүйл /Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх/, 20.13 дугаар зүйл /Чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулах/, 20.14 дүгээр зүйл /Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх/, 20.16 дугаар зүйл /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 21.5 дугаар зүйл /Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 21.13 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих/, 24.1 дүгээр зүйл /Байгаль орчныг бохирдуулах/, 24.3 дугаар зүйл /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/, 24.7 дугаар зүйл /Ой, хээрийн түймэр тавих/, 27.3 дугаар зүйл /Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/, 27.7 дугаар зүйл /Агаарын хөдөлгөөний аюулгүй байдалд халдах/, 27.8 дугаар зүйл /Агаарын хөлгийг авч зугтаах/, 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 28.3 дугаар зүйл /Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх/, 28.4 дүгээр зүйл /Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчидхарилцахдаа дүрмийн заалт зөрчих/, 28.10 дугаар зүйл /Байлдааны машин жолоодох, ашиглалтын журам зөрчих/, 28.11 дүгээр зүйл /Байлдааны, сургуулийн нислэг хийх, түүндбэлтгэх журам зөрчих/, 29.4 дүгээр зүйл /Дайны үед хориглосон арга, хэрэгсэл хэрэглэх/, 29.5 дугаар зүйл /Төрлөөр устгах/, 29.7 дугаар зүйл /Олон улсын хамгаалалтад байдаг хүнд халдах/, 29.8 дугаар зүйл /Террорист үйлдэл хийх/-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж зааснаас дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Шүүх шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар зохицуулсан тул мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу хийсэн ажиллагааг мөрдөгчөөр хийлгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд ахлах прокурор Б.Мөнхдөлийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай“ эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЗ/349 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, ахлах прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД Л.УГТАХБАЯР
Х.ГЭРЭЛМАА