| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2026/0051/З |
| Дугаар | 123/ШШ2026/0058 |
| Огноо | 2026-09-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 123/ШШ2026/0058
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ү.*******
Хариуцагч: Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ү.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.******* /3406/, хариуцагч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.******* /1860/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ү.******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулж, эндээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 10,614,970,00 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд 12.334.569,50 /арван хоёр сая гурван зуун гучин дөрвөн мянга таван зуун жаран есөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн[1] гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:
2.1. Нэхэмжлэгч Ү.*******ийг Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн "Ү.*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/09 дугаар захирамжаар[2] халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэжээ.
2.2. Улмаар дээрх Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гарган хандсан, ийнхүү Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 04/1416 дугаар албан бичгээр шүүхэд хангана уу гэсэн хариуг өгчээ.
2.3. Ийнхүү нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн "Ү.*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/09 дугаар захирамж, хуульд нийцэж гараагүй гэж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Ү.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 53 албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр тогтоолыг үндэслэж Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 тоот захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга албан тушаалд томилогдсон. ... Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг Дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.2-д "өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх", 37.1.3-д "эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх", 37.1.7-д "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх", 37.1.13-д "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах", 37.1.16-д "Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах" зэрэг заалтуудыг үндэслэсэн бөгөөд нэхэмжлэгч Ү.******* миний хувьд дээрх заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргасан зүйл байхгүй. Хариуцагчаас ажлаас чөлөөлөх захирамжийн гол үндэслэл болгож буй зүйл нь төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага, хориглох зүйл, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ажлын байранд болон ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан гэж. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны 05 дугаар 07-ны өдрийн "Ёс зүйн зөрчил гаргасан тухай" 01 дугаар дүгнэлтийг үндэслэн Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Нэхэмжлэгч миний хувьд 29 жилийн турш төрийн албан хаагчаар ажиллах хугацаандаа ёс зүйн болон сахилгын шийтгэл авч байгаагүй бөгөөд. Ёс зүйн дэд хорооны 01 дүгээр дүгнэлт нь төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.8-д болон 8 дугаар зүйлийн 8.2.8-д заасан зөрчил удаа бүр гаргаж байгаагүй, 2026.03.19-ний өдөр 12:30 цагт нярвын гэрт өдрийн хоол идэхдээ нэг шил архи задалсан байсан, түүнээс Засаг дарга Д.*******ийн гаргасан гомдолд бичигдсэн удаа дараа, ажилтнуудыг уруу татаж архидан согтуурдаг гэдэг огт худлаа, гүтгэлэг байна. ... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" гэж заасан байхад ажлын байранд удаа дараа архи ууж, согтуурсан гэх үйлдэл нь ёс зүйн хорооны дүгнэлтээр зөрчил гаргасан гэж дүгнэлт гарсан байдаг ч ажлаас шууд халсанд гомдолтой байна. Миний хувьд урьд өмнө ёс зүйн болон сахилгын шийтгэл нэг ч удаа авч байгаагүй, удаа дараа давтан алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Нэхэмжлэгч миний хувьд Засаг даргын Б/09 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн захирамжийг 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандаж 2025 оны 06 сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 06 сарын 12-ны өдөр миний гаргасан гомдлын хариу ирсэн бөгөөд, ... шүүхэд гомдол гаргахаар зохицуулсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. Би улсад 29 жил ажиллахдаа ёс зүйн зөрчил болон сахилгын зөрчил авч байгаагүй. Дарга нарын өгсөн үүрэг даалгавар болон өөрийн хариуцсан ажлыг мөн төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлж, гүйцэтгэж байгаа. Миний нэг удаагийн үйлдэлд шууд ажлаас халсанд гомдолтой байна. Би 3 жилийн дараа тэтгэвэртэй гарах хүн, бага ангийн багшаас Засаг даргын тамгын газрын дарга хүртэл 29 жил ажиллахдаа ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Иймд би Засаг даргын захирамжид гомдолтой байна гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын дарга буюу төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар төрийн албанаас халагдсан байдаг. Уг захирамжийн гол үндэслэл нь Төв аймгийн Засаг даргын тамгын газрын ёс зүйн дэд хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дугаар 01 дүгнэлт байдаг. ... Тухайн зөрчил бодитоор тогтоогдсон эсэх, түүнийг тогтоох ажиллагаа хуульд нийцсэн эсэх, ёс зүйн дэд хороо харьяаллын дагуу ажиллагаа явуулсан эсэх, төрийн албан халах хамгийн хүнд шийтгэл оногдуулах тухай хууль зүйн болон бодит нөхцөл бүрдсэн эсэх дээр нэхэмжлэгчийн зүгээс маргаж байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэх ёстой гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т сахилгын шийтгэлийг зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэн байдлыг харгалзан сонгох гэж заасан. ... Нэгт ёс зүйн дэд хорооны харьяаллын тогтоох шаардлагатай гэж бодож уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ... Хоёрт гомдол хүлээн авсан ажиллагаа болон шалгалтын журмыг шалгах шаардлагатай, ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь гомдол мэдээллийг 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсан гэж дурдсан байдаг. Гэтэл холбогдогч буюу нэхэмжлэгчээс тайлбар авсан огноо ямар нотлох баримтыг тунилцуулсан юм, гомдлын дагуу Төв аймгийн Засаг даргын тамгын газрын ёс зүйн дэд хороо нэхэмжлэгчээс ямар тайлбар авсан юм, нэхэмжлэгчийг нэмэлт тайлбар болон нотлох баримт гаргах боломжийг олгосон уу гэдэг асуудал огт дурдагдаагүй. Дүгнэлт нь хэрхэн гарсан талаар байдаггүй байдаг. Мөн дурдагдаад байгаа Б/09 захирамжид дурдагдаад байгаа 03 дугаар сарын 02-ны өдөр, 03 дугаар сарын 06-ны өдөр, 03 дугаар сарын 18-ны өдөр, 03 дугаар сарын 19-ны өдрүүдийн зөрчлийн үйл баримт нотлогдсон зүйл байна уу. 03 дугаар сарын 19-ны өдөр Засаг дарга өөрөө бичлэг хийж драйгер багажаар үлээлгэсэн асуудал байдаг. Бусад өдрүүдэд энэ хүн ажлын байранд согтуу байсныг юугаар нотолж байгаа вэ. Ажилчдаа уруу татсан гэдгийг хэн нотлоод байгаа вэ. Хуулийн байгууллагад хандаж шалгуулж байсан асуудал байгаа юу буюу зөрчлийн үйл баримт нотлогдсон эсэх асуудал байдаг. Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд согтууруулах ундаа хэрэглэсэн согтолтын зэрэг 2.67 хувь байсан гэдэгт Эрдэнэ сумын цагдаагийн драйгер багажийн баталгаажилт хэр байсан эсэх хамт байсан хүмүүсийн согтолтын зэрэг өөр өөр байдаг. Иймд согтолтын зэрэг шалгах багаж баталгаажилттай байсан эсэх асуудал байдаг. Захирамжид ажлын байранд гэдэг, Оюунбилэг гэдэг хүний гэр тамгын газрын буюу ажлын байр мөн үү. Биш шүү дээ, айлд 12 цаг 30 минутын үед архи уусан байдаг. Архи уусан гэдэг асуудал нэхэмжлэгч маргаагүй. 03 дугаар сарын 19-ний өдрийн үйл явдлыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч Засаг даргаас уучлалт гуйсан байдаг. Ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон Б/09 дугаар захирамжийн үндэслэл хоорондоо нийцэж байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. ... Шийтгэл зөрчилдөө тохирсон эсэх нь гол том асуудал болж байна. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т төрийн албанаас халах шийтгэл байгаа боловч эрх бүхий этгээд ямар ч нөхцөлд халах эрхтэй гэсэн үг биш. Зөрчлийн шинж байдал анх буюу давтан үйлдсэн эсэхийг харгалзах үзэх нь маш чухал ач холбогдолтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд алдаа дутагдал гаргасан, захирамж дээр дурдагдсан удаа дараа гэдэг үг байгаа. Ёс зүйн дэд хороо болон Засаг дарга удаа дараа гэдэг зүйл тогтоогдож байсан эсэх асуудал яригдана. Ажлын цагаар архи уусан нь байгууллагад хохирол учруулаагүй зэрэг байдлыг харгалзан өөр хөнгөн төрлийн ёс зүйн хөнгөн хариуцлагаар шийдвэрлэх боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ёс зүйн зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр төрийн албанаас халах үндэслэл болохгүй гэсэн байр суурьтай байна. Захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд оролцсон эсэхийг шалгах шаардлагатай байна. Нэхэмжлэгч тайлбар гаргаж нотлох баримттай танилцах боломжтой байсан эсэхийг шүүх тогтоох нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагаанд захиргааны байгууллага бодитоор хандсан эсэхийг анхаардаг. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын Б/09 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 12.334.569.50 мөнгөнөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв. гэв.
3.3. Хариуцагч Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.******* нар хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Засаг даргын тамгын газрын дарга У.******* нь хууль журамд заасан хугацаандаа Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулдаггүй, тайлангаа хугацаанд нь дүгнүүлдэггүй, санхүүгийн алдаатай шийдвэр гаргадаг зэрэг нь маш олон баримтаар нотлогддог тул би тухайн албан тушаалтанд ажил үүргийн дагуу ажлын шаардлагыг тавьж ажилладаг, өөрөөр ямар нэгэн ажлын байрны дарамт шахалт үзүүлж байгаагүй. Сул ажлын байр зарлах, ажилтан томилох, чөлөөлөхдөө ажлын хэсэг томилдоггүй, томилогдсон ажлын хэсэг сонгон шалгаруулалт хийгээд тухайн хүн шалгарсан байхад ЗДТГ-ын дарга шалгарсан иргэдтэй уулзахдаа энэ албан тушаалд та тэнцэхгүй, төрийн албаны мэдэгдэхүүн байхгүй байна гэх зэргээр иргэдийг алагчлан өөрийн танил талаа ажилд авах, ажилд орохоор шалгаруулалтад орсон иргэдэд тэнцсэн болон тэнцээгүй талаарх албан мэдээллийг өгдөггүй 12 сар хүлээлгэсэн зэрэг зөрчлүүд гарч иргэдийг ялгаварлан гадуурхдаг тухай гомдол ирдэг тул би ажлын шаардлага тавьж, ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг томил, иргэдийг шударга өрсөлдөх боломжийг хангаж ажиллахыг үүрэг болгож байсан. Ажилтан сонгон шалгаруулах ажлын хэсэг томилоход би нэг ч удаа санал хэлж үүрэг өгч байгаагүй тухайн удирдлагын өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрээ гаргаад явдаг байсан. 2. Засаг даргын тамгын газрын дарга Ү. ******* нь 2026 оны 03 сарын 19-ны өдрийн ажлын цагаар Засаг даргын тамгын газрын өмч, түрээсийн орон сууцанд амьдардаг Засаг даргын тамгын газрын нярав П.Оюунбилэгийнд архи ууж, архидан согтуурч байсныг Засаг дарга Д.******* би өөрийн биеэр орж баримтжуулан авсан. Тухайн өдөр ажлын байрандаа согтуу байсан. Ажлын цагаар согтуу байсныг баримтжуулахын тулд сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, цагдаа Н.******* нарт дуудлага өгөхөд Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн тасагт ажиллаж байсан тул би өөрийн биеэр тухайн цагдаагийн тасагт хүргэж согтолт хэмжих багажаар согтолтын зэргийг тодорхойлуулсан. Согтолтын зэрэг хэмжих багажаар согтолтыг хэмжин /2.67 хувь/ баримтжуулсан. Согтолтын зэрэг шалгах багаж сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчид байдаггүй тул шаардлагатай үед зэргэлдээх Төв аймгийн Эрдэнэ суманд очиж батлагдсан багажаар хэмжилт хийлгэдэг. Төрийн албаны удирдах албан тушаалтан ажлын цагаар, ажлын өрөөндөө, албан хаагчдаа уриалан архи хэрэглэн согтуу байсан, тухайн үед суманд малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажлын хариуцлага алдаж, архи ууж согтуу байсан нь баримтаар нотлогддог тул төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Өмнө нь Засаг даргын тамгын газрын дарга Ү. ******* нь 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд намайг ороход, ажлын өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан тул дахин ажлын цагаар архи уухгүй байхыг анхааруулан хэлж байсан. Засаг даргын тамгын газрын дарга У.******* нь Засаг дарга намайг сумаас гадуур ажилтай байх хугацаанд Засаг даргын тамгын газрын мэргэжилтнүүдийг уруу татан архидаж, архи авхуулан уудаг байсан мэдээллийг холбогдох мэргэжилтнүүд өгдөг. 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш хэсэг албан хаагчидтай Багануур явж, архидсан, мөн 2026 оны 03 сарын 18-ны өдөр мөн албан хаагчдыг уруу татан архидан согтуурсан байдаг. 3. Иймд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хариуцлага оногдуулсан тул Б/09 дугаар захирамж нь холбогдох хууль, журмын дагуу гарсан. Улмаар сонсох ажиллагааг зохион байгуулж, Ёс зүйн дэд хорооны дүгнэлт болон бусад баримтыг үндэслэсэн. Нэхэмжлэлд дурдсан улс төрийн болон хувийн ашиг сонирхлын талаарх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Архи, согтуурах ундааны зүйл хэрэглэсэн болохоо нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь ажлын цагаар удаа дараагийн үйлдлээр илэрч, цаашид хамт олны ажлын үр дүнд сөргөөр нөлөөлөхөөр байсан тул Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Үүнтэй холбоотой дараагийн нэхэмжлэлийн шаардлагууд үндсэн цалингаас бодох байсан болохоос биш аливаа бусад нэмэгдлийг нэхэмжлээд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг суутгуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Засаг дарга хавчсан гэдэг зүйл яриад байна. Засаг дарга өөрөө төрийн албан хаагч, шалгагддаг байгууллагатай. Гомдлыг шийдвэрлэх, гомдол гаргах эрхтэй байсан ч эрхээ эдлээгүй. Хамт архи уусан хүмүүст сахилгын шийтгэл ногдуулаагүй гэж тайлбарлаж байна. Тухайн этгээдүүдэд сахилгын шийтгэл оногдуулах нь Засаг даргын тамгын газрын даргын өөрийн эрх байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.4. Гэрч Д.Эрдэнэбилэг шүүхэд мэдүүлэхдээ: “2026 оны 3 сарын 19-ний өглөө ажлаар Баяндэлгэр сумаас Эрдэнэ сум руу хэсгийн цагдаа *******ийн хамтаар явсан. Очоод удалгүй байж байтал 10-12 цагийн үед байх гэж санаж байна Засаг дарга ******* над руу залгаад намайг Баяндэлгэр суманд байна уу гээд асуусан хариуд нь ******* бид хоёр Эрдэнэ суманд ирсэн байна гэхэд би өөрөө яваад очье гэсэн та дуудлага өгөх юм уу? юу болсон талаар тодруулж асуухад Зүгээр ч биш л байна л даа гээд за за би яваад очье гэсэн. Тэгээд 40-50 минутын дараа сумын Засаг дарга Д.*******, Тамгын дарга Ү.*******, санхүү албаны дарга *******, нярав П.Оюунбилэг, жижүүр Батхүү нар Тамгын газрын саарал приус машинтай ирсэн. Тэгээд Засаг дарга ******* өөрөө ганцаараа өрөөнд орж ирээд Тамгын газрынхан согтуу байна удаа дараагийн асуудал болж байна. Эд нарын согтолтын зэргийг драйгер багажаар шалгах гэсэн юм гэж хэлсэн. Дэд ахлагч Б.*******, Д.******* бид гурав гараад машин дээр очиж, тухайн хүмүүсийг дрэйгар багажаар ******* үлээлгэсэн. ... ******* нь 0.65, Оюунбилэг нь 1.43, ******* нь 2.67, Батхүү нь 1.08 зэрэг хэмжээний согтолттой байсан байна гэжээ.
3.5. Гэрч П.******* шүүхэд мэдүүлэхдээ: Өглөө 8 цаг 10 минут цагийн үед ******* дарга манайд орж ирсэн, бид хоёр буу халж суусан. Ингээд ******* дарга 08 цаг 50 минутад ажил руу явсан, харин би ажил руу яваагүй, будаатай шөлтэй хоол хийж үлдээд, тэгээд 10 цагийн үед ******* даргыг орж ирж ид гээд дуудсан, тэгээд орж ирсэн. Тэгээд *******, газрын асуудал хөөцөлдөж явж байсан Урантамир орж ирсэн. Бид хэд буу халж сууж байгаад 1 шил архи уусан ба Батхүү, *******, би, ******* дарга нар байсан. Тэгээд ******* би ганц шил архи авч өгнө гээд авч өгсөн. Тэр архийг задалж уугаагүй. Тэгээд байж байтал 11-12 цагийн үед сумын засаг дарга ******* нь бид нарыг Эрдэнэ сум руу явч явсан. Бид нар цагдаагийн гадаа драйгер үлээлгэсэн. Тэгээд буцаад суман даа ирсэн. ... би гарч архи авсан. ... мөн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр даргатай, бас ажлын газрын 2 хүн бид нар 16 цагийн үед Багануур орж хоол идэх гэж орсон, тэгээд архи уусан гэжээ.
3.6. Гэрч С.******* шүүхэд мэдүүлэхдээ: 2026 оны 030 дугаар сарын 19-ний өдөр өглөө би ажилтай байсан, тэр үед архи уусан гэж сонссон болохоос хараагүй гэжээ.
3.7. Гэрч О.******* шүүхэд мэдүүлэхдээ: “2026 оны 3 сарын 19-ний өглөө 09 цагаас ажил эхэлдэг ба 9 цаг 20 минутад Оюунбилэг залгасан. Хөгшөө ороод ирээ хоол ид гэсэн. Гүйлгээ ихтэй ажил их байна тэгж байгаад орно гэж хариу хэлсэн. Тэгээд тэрнээс хойш их олон дуудлага ирсэн тэгээд 11 цаг 40 минутын үед П.Оюунбилэгийн гэрт орсон, П.Оюунбилэг манай 10 жилийн ангийн хүүхэд юм. Би хүмүүс тэнд архи ууж байгаа талаар мэдээгүй, ороход Ү.******* П.Оюунбилэг нар байсан. Ороход нэг 0.75 экс архи шилэндээ 4 хуруу орчим үлдсэн, самар дарсан архи 2 хуруу хэртэй үлдсэн байсан намайг ороход хоол хийж өгөөд, хоолоо идсэн ба надад самартай архи биед нь сайн гээд хэлэхээр нь хүн өгч байгаа учир уусан, гэхдээ ажлын цаг байсан л даа. Өмнөх өдөр цэргийн баяр байсан, энэ Ү.******* дарга хэдэн хүмүүстэй ажлын цагаар хамт архи ууж байсан ба маргааш нь шараа тайлж байсан юм билээ тэгээд тэр үед нь орсон. Ү.******* дарга надад хандаж би цэргийн мөрдөстэй хүн надад архи авч өг гэхээр би хүнээр 0.75 экс архи, нэг үзмийн шүүс авч ирүүлсэн. Тэнд архидан согтууруулах зүйл хэрэглэж байгааг нэлээд олон хүн мэдсэн байх гэжээ.
3.8. Гэрч Ц.******* шүүхэд мэдүүлэхдээ: Намайг үдийн цайгаар гарч ирэхэд Засаг дарга приус машинтай зогсож байсан.Санхүүгийн албаны даргаас та хэд хоолонд ороод ирж байгаа юм уу гэж асуусан, тэгсэн цаанаас машинаасаа Засаг дарга бууж ирсэн гэжээ.
3.9. Гэрч Б.******* шүүхэд мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг хавьцаа байх Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн хэсэгт байж байхад сумын Засаг дарга Д.******* гаднаас орж ирээд манай алба хаагч нар ажлын цагаар согтуу байна. Согтолтыг шалгуулна гэсэн. Тэгээд хэсгийн төлөөлөгч Эрдэнэбилэгтэй хамт өрөөнөөс гараад, би 6820 алко тест дрейгар багажийг аваад 45-55 ТӨА тээрийн хэрэгсэлтэй ирсэн хүмүүсийг үлээлгэсэн ба хамгийн түрүүнд нярав Оюунбилэгийг үлээлгэхэд 0,84 гарч байсан, дараа санхүү албаны дарга Энхцэцэг үлээлгэхэд 0,54, Ү. ******* үлээлгэхэд 2.80 хувийн согтолттой байсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг: Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ү.*******ийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулах, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.1. Иргэн Ү.******* нь Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн "Ү.*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/09 дугаар захирамж шийдвэр гарсны дараа Төрийн албаны төв байгууллага болох Төрийн албаны зөвлөлд 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан боловч, “харьяалан шийдвэрлэх маргаан биш тул шүүхэд хандана уу” гэсэн хариуг 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өгчээ. Ингээд тухайн захирамжийг хүчингүй болгуулах[3] гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
1.2. Мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн Б/09 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 12.334.569,50 төгрөгөөс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
1.3. Нэхэмжлэгчээс “төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага, хориглох зүйл, байгууллагын дотоод журмыг зөрчсөн, ажлын байранд болон ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан гэж ажлаас шууд халсанд гомдолтой байна. Миний хувьд урьд өмнө ёс зүйн болон сахилгын шийтгэл нэг ч удаа авч байгаагүй, удаа дараа давтан алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12:30 цагт нярвын гэрт өдрийн хоол идэхдээ нэг шил архи задалсан байсан, түүнээс удаа дараа ажилтнуудыг уруу татаж архидан согтуурдаг гэж огт худлаа, гүтгэлэг байна” гэж,
1.4. Хариуцагчаас “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дарга Ү.******* нь 2026 оны 03 сарын 19-ны өдрийн ажлын цагаар нярав П.Оюунбилэгийнд архи ууж, архидан согтуурч байсныг Засаг дарга Д.******* би өөрийн биеэр орж баримтжуулан авсан бөгөөд согтолтын зэрэг хэмжих багажаар согтолтыг хэмжихэд 2.67 хувийн согтолттой байсан. Мөн төрийн албаны удирдах албан тушаалтан ажлын цагаар, ажлын өрөөндөө, албан хаагчдаа уриалан архи хэрэглэн согтуу байсан, тухайн үед суманд малын гоц халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажлын хариуцлага алдаж, архи ууж согтуу байсан нь баримтаар нотлогддог тул төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Өмнө нь 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд намайг ороход, ажлын өрөөндөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа согтуу байсан, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр үдээс хойш хэсэг албан хаагчтай Багануур явж архидсан, мөн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мөн албан хаагчдыг уруу татан архидан согтуурсан...” гэж тус тус маргасан.
1.5. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Ү.*******ийг Засаг даргын Тамгын газрын даргаар томилох тухай” Б/10 дугаар захирамжаар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Засаг даргын Тамгын газрын даргаар томилогджээ.
1.6. Төв аймгийн Засаг даргын тамгын газрын ёс зүйн дэд хороонд Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга Д.*******ээс Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын дарга Ү.*******т холбогдуулан ёс зүйн зөрчил гаргасан гэх гомдлыг хүлээн авч, сонсох ажиллагаа явуулан хяналт шалгалтыг хийж, улмаар 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1 дугаар дүгнэлт гарсан.
1.7. Уг дүгнэлтээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.1, 13.3.2 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6 дугаар зүйлийн 6.10, 6.11. 6.12.5, 6.16 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн дүгнэх нь 1. Баяндэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ү. ******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2.8 дэх заалтад заасныг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэв[4] гэжээ.
1.8. Үүний дараа Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн "Ү.*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/09 дугаар захирамжаар Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.3, 37.1.7. 37.1.13, 37.1.16 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1.4, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4, 7.1.7, 7.1.8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.4, 8.2.8 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэг, Монгол Улсын сайд. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт, Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.18, 4.19 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага, хориглох зүйл, байгууллагын дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчиж ажлын байранд болон ажлын цагаар архидан согтуурсан, мөн малын гоц халдварт өвчин гарч сумын хэмжээнд онцгой байдал зарлан хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажлын хариуцлага алдаж ажилчдыг дуудаж уруу татан архидан согтуурсан, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн "Ёс зүйн зөрчил гаргасан тухай" 1 дугаартай дүгнэлт гарсан тул Засаг даргын тамгын газрын дарга Үүрцайх овогтой *******ийн үүрэгт ажлыг 2026 оны 05 дугаар сарын 29-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж, 2. Холбогдох хууль, дүрэм журмын дагуу төсөв санхүүтэй холбоотой тооцоог хийж дуусгахыг Санхүү алба (О.*******)-д үүрэг болгон, 3. Захирамж гарсантай холбогдуулан холбогдох хүний нөөцийн өөрчлөлтийг байгууллагын хүний нөөцийн цахим бүртгэлд бүртгэхийг Тамгын газрын хүний нөөц, хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн (Н.Ариунсанаа)-д үүрэг болгож шийдвэрлэжээ.
1.9. Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1. дэх хэсэгт “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 59.1.22. дахь хэсэгт “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гэж тус тус заасны дагуу сумын Засаг даргын тамгын газрын даргын сахилгын зөрчлийг хянан шалгаж шийдвэрлэх эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхээр байна.
1.10. Нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажлын газрынхаа нярав ажилтай П.Оюунбилэг зэрэг 2 хүнтэй Багануур дүүрэгт 16 цагийн үед очиж, цэргийн баяр тэмдэглэн архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарласан болон гэрч нярав ажилтай П.Оюунбилэг мөн үүнийг баталгаажуулж 16 цагийн үед хоол идэх гэж Багануурт очсон, тэгээд архи уусан ...” гэж мэдүүлэг өгсөн, мөн нэхэмжлэгч нь 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өглөө 8 цаг 10 минутын үед нярав ажилтай П.Оюунбилэгийнд очоод, өөрөө 8 цаг 50 минутын үед ажилдаа яваад, 10 цагт П.Оюунбилэгийнд буцаж ирж, хоол идэн, архи ууж байхад нь хариуцагч Засаг дарга 12 цагийн үед очиж, тэднийг авч яван согтолтыг шалгуулсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан “бид архи уусан, Засаг даргаас уучлалт гуйсан” гэх тайлбар, гэрч П.Оюунбилэгийн “...10 цагийн үед ******* дарга орж ирээд, *******, Урантамир нар мөн орж ирж 1 шил архи уусан...” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Ү.******* нь өөрөө тус сумын Засаг даргын тамгын газрын дарга атал, ажлын цагаар ажилтан албан хаагчидтайгаа ажил таслан, архидан согтуурч байсан тогтоогдож байх бөгөөд энэхүү үйлдэл зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.
1.11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар байх бөгөөд доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 67.1.2 дахь хэсэгт “Засаг даргын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах”, 67.1.6 дахь хэсэгт “төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах”, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйл “Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ”, мөн хуулийн 7.1 дэх хэсгийн 7.1.1.-7.1.10 дахь заалтад төрийн албан хаагч үйл ажиллагаандаа дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг, мөн хуулийн 8 дугаар зүйл “Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага”, мөн хуулийн 8.1. дэх хэсгийн 8.1.1-8.1.7 дахь заалтад Төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг тус тус хуульчилсан байх ба Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлага, хориглох зүйл, байгууллагын дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчиж ажлын байранд болон ажлын цагаар, ажил таслан архидан согтуурсан, мөн малын гоц халдварт өвчин гарч сумын хэмжээнд онцгой байдал зарлан хорио цээрийн дэглэм тогтоосон үед ажлын хариуцлага алдаж тус сумын Тамгын газрын ажилтан албан хаагчдад ажил үүргийн шаардлага тавих, хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтан нь өөрөө бусад ажилчдыг ажил таслах, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэхэд хамтран оролцсон үйлдэл, мөн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, тухайн үед зарласан байсан онцгой байдлын үйл ажиллагааны хариуцлага алдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон байна.
1.12. Харин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.8 дахь хэсэгт“байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх”, 8 дугаар зүйлийн 8.1. дэх хэсгийн 8.2.8 дахь хэсэгт “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 10 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасныг зөрчсөн бол Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гэж хуульчилсан.
1.13. Хариуцагчаас дээрх хэм хэмжээний акт болон хуульд зааснаар байгууллагын соёл, дэг журам байгууллагын нэр хүндэд харшлах, ажилтан албан хаагчдыг ажил таслуулан, өөрөө хамтарч удаа дараа ажлын цагаар архидан согтуурсан үйлдэлд, нэхэмжлэгч Ү.*******т хариуцагчаас төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
1.14. Тодруулбал, гэрч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ү.******* нь 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагаас буюу ажлын цагаар цэргийн баяр тэмдэглэж, албан хаагчдыг мөн ажил таслуулан архидан согтуурсан, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр үдийн өмнө 10 цагаас ажлын цагаар нярав П.Оюунбилэгийнд архи ууж, архидан согтуурч, тус өдөр нэр бүхий ажилчдын хамтаар согтуурлын улмаас ажил хийх боломжгүй, хамтарч ажил тасалсан зэрэг баримтаар тогтоогдсон өдрүүдэд давтамжтай, ажлын цагаар өөрийн удирдлагад байх хүмүүстэй хамтран согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргажээ.
Энд мөн тус суманд малын гоц халдварт өвчин гарсны улмаас онцгой байдал зарласан үед нэхэмжлэгч шуурхай байдлыг ханган ажиллах чиг үүрэгтэй байсан болохоо шүүх хуралдаанд “онцгой байдал зарласан байсан, би удирдлагаар хангаад, хүмүүсийг хуваарилан ажилуулж байсан...” гэх тайлбараар тогтоогдох бөгөөд, энэ хариуцлагатай үед ажилтан нараа айлд дуудан архи ууж, ажилчдын хамтаар нийлж ажил тасалж байгаа нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд “би байгууллагын ажлыг цалгардуулаагүй, байгууллагад ямар нэгэн хохирол учруулаагүй, өмнө нь ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалттай биелүүлж байсан” гэх тайлбарыг няцаасан сахилгын шийтгэл ногдуулах үйлдэл болж байна.
1.15. Тодруулбал, нэхэмжлэгчээс би удаа дараа сахилгын зөрчил гаргаагүй, удаа дараа архидан согтуураагүй гэж маргасан. Түүнчлэн “2026 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 12:30 цагт нярвын гэрт өдрийн хоол идэхдээ нэг шил архи задалсан байсан” гэх боловч 10 цагт буцаж ирж хоол идэж, архи ууж эхэлсэн болох нь гэрчийн “... 8 цаг 50 минутад ажил руугаа явсан,.. би хоол хийгээд үлдсэн, хоол болоод дуудсан, 10 цагт орж ирж хоол идэж, архи уусан гэх үйл явдлын дарааллын мэдүүлгээр хоол хийх хугацаанд ажил дээрээ очоод буцаж ирсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Мөн Төв аймгийн Цагдаагийн газрын Баяндэлгэр сумын хэсгийн цагдаа Б.*******ийн 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Илтгэх хуудаст “Миний бие хэсгийн төлөөлөгч, Засаг дарга бид 3 дээрх албан хаагчдаар согтолт хэмжих багаж үлээлгэн согтолтын зэргийг хэмжихэд Засаг даргын тамгын газрын дарга Ү.******* 2,67, нярав П.Оюунбилэг 1,43, Санхүү албаны дарга О.******* 0,65 хувийн согтолтын зэрэг гарсан” гэж,
гэрч П.Оюунбилэг мэдүүлэхдээ “Өглөө 8 цаг 10 минут цагийн үед ******* дарга манайд орж ирсэн, бид хоёр буу халж суусан. Ингээд ******* дарга 08 цаг 50 минутад ажил руу явсан, харин би ажил руу яваагүй, будаатай шөлтэй хоол хийж үлдээд, тэгээд 10 цагийн үед ******* даргыг орж ирж ид гээд дуудсан, тэгээд орж ирсэн. Тэгээд *******, газрын асуудал хөөцөлдөж явж байсан Урантамир орж ирсэн. Бид хэд буу халж сууж байгаад 1 шил архи уусан ба Батхүү, *******, би, ******* дарга нар байсан. Тэгээд ******* би ганц шил архи авч өгнө гээд авч өгсөн. Тэр архийг задалж уугаагүй. Тэгээд байж байтал 11-12 цагийн үед сумын засаг дарга ******* нь бид нарыг Эрдэнэ сум руу явч явсан. Бид нар цагдаагийн гадаа драйгер үлээлгэсэн. Тэгээд буцаад суман даа ирсэн. ... би гарч архи авсан. ... мөн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр даргатай, бас ажлын газрын 2 хүн бид нар 16 цагийн үед Багануур орж хоол идэх гэж орсон, тэгээд архи уусан” гэж,
нэхэмжлэгч Ү.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Оюундэлгэр, Мөнхтулга, Оюунбилэг нартай хамт явсан. 1 эрэгтэй 2 эмэгтэй явсан. Тэр өдөр хоолонд орсон, нэг шил архи уусан. Би гэртээ ирж тэр хүмүүс цаашаа явсан. ... Тухайн үед онцгой байдал зарлаж байсныг мэдэж байгаа. Гурав гурваараа ээлжилж ажиллаж байсан. Хоол хүнсээр хангаад ажиллаж байсан. Би согтолтой байсан. Миний зураг мөн. Та үлээ гэхэд нь би үлээгээгүй... Миний архи уусан гэх өдрүүдэд ямар байгууллага хувь хүн хохирсон бэ. Дарга байхгүй байсан ажил цалгардсан гэх ямар зүйл байгаа вэ, ямар хохирол учраад би ажлаас халагдахад хүрсэн бэ” гэж,
гэрч Д.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ “2026 оны 3 сарын 19-ний өглөө ажлаар Баяндэлгэр сумаас Эрдэнэ сум руу хэсгийн цагдаа *******ийн хамтаар явсан. Очоод удалгүй байж байтал 10-12 цагийн үед байх гэж санаж байна Засаг дарга ******* над руу залгаад намайг Баяндэлгэр суманд байна уу гээд асуусан хариуд нь ******* бид хоёр Эрдэнэ суманд ирсэн байна гэхэд би өөрөө яваад очье гэсэн та дуудлага өгөх юм уу? юу болсон талаар тодруулж асуухад Зүгээр ч биш л байна л даа гээд за за би яваад очье гэсэн. Тэгээд 40-50 минутын дараа сумын Засаг дарга Д.*******, Тамгын дарга Ү.*******, санхүү албаны дарга *******, нярав П.Оюунбилэг, жижүүр Батхүү нар Тамгын газрын саарал приус машинтай ирсэн. Тэгээд Засаг дарга ******* өөрөө ганцаараа өрөөнд орж ирээд Тамгын газрынхан согтуу байна удаа дараагийн асуудал болж байна. Эд нарын согтолтын зэргийг драйгер багажаар шалгах гэсэн юм гэж хэлсэн. Дэд ахлагч Б.*******, Д.******* бид гурав гараад машин дээр очиж, тухайн хүмүүсийг дрэйгар багажаар ******* үлээлгэсэн. ... ******* нь 0.65, Оюунбилэг нь 1.43, ******* нь 2.67, Батхүү нь 1.08 зэрэг хэмжээний согтолттой байсан байна”,
гэрч О.******* мэдүүлэхдээ “2026 оны 3 сарын 19-ний өглөө 09 цагаас ажил эхэлдэг ба 9 цаг 20 минутад Оюунбилэг залгасан. Хөгшөө ороод ирээ хоол ид гэсэн. Гүйлгээ ихтэй ажил их байна тэгж байгаад орно гэж хариу хэлсэн. Тэгээд тэрнээс хойш их олон дуудлага ирсэн тэгээд 11 цаг 40 минутын үед П.Оюунбилэгийн гэрт орсон, П.Оюунбилэг манай 10 жилийн ангийн хүүхэд юм. Би хүмүүс тэнд архи ууж байгаа талаар мэдээгүй, ороход Ү.******* П.Оюунбилэг нар байсан. Ороход нэг 0.75 экс архи шилэндээ 4 хуруу орчим үлдсэн, самар дарсан архи 2 хуруу хэртэй үлдсэн байсан намайг ороход хоол хийж өгөөд, хоолоо идсэн ба надад самартай архи биед нь сайн гээд хэлэхээр нь хүн өгч байгаа учир уусан, гэхдээ ажлын цаг байсан л даа. Өмнөх өдөр цэргийн баяр байсан, энэ Ү.******* дарга хэдэн хүмүүстэй ажлын цагаар хамт архи ууж байсан ба маргааш нь шараа тайлж байсан юм билээ тэгээд тэр үед нь орсон. Ү.******* дарга надад хандаж би цэргийн мөрдөстэй хүн надад архи авч өг гэхээр би хүнээр 0.75 экс архи, нэг үзмийн шүүс авч ирүүлсэн. Тэнд архидан согтууруулах зүйл хэрэглэж байгааг нэлээд олон хүн мэдсэн байх” гэсэн мэдүүлэг тайлбараар нэхэмжлэгч Ү.******* нь 2026 оны 03 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд ажлын цагаар, онцгой байдлын үеийн албан үүргээ гүйцэтгэж байхдаа, ажилтан албан хаагчдын хамтаар ажил таслан, согтууруулах ундаа хэрэглэсэн.
1.16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх зөрчил нь түүнийг ажлаас халах хангалттай үндэслэл болсон байх бөгөөд түүний зөрчилд Төв аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2026 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч тус дүгнэлтэд маргаагүй, нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрөө тухайн сумын ёс зүйн зөвлөлийн ажилтан, албан хаагч нарыг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан тул түүний үйлдлийг тус сумын Ёс зүйн зөвлөл хэлэлцэх боломжгүй, түүний дээд шатны буюу аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороо шийдвэрлэсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд хариуцагч Засаг дарга нь тухайн албан тушаалтанд арга хэмжээ эрх бүхий этгээдийн хувьд маргаан бүхий актыг гаргасан нь хуульд нийцэж байх тул үндэслэн зөрчлийн шинж байдал, давтамжтай үйлдсэн үйлдэл байгууллагын дэг журмыг зөрчиж удаа дараа өөрөө болон ажилтан нараа дагуулан ажил тасалж, архи уусан нь хөндлөнгөөс харахад байгууллагын нэр хүндэд харшлах бөгөөд үлгэр жишээ, манлайлалтай байх албан тушаалтны хувьд бусад ажилтан албан хаагчдаа ажил таслуулсан, хамтарч зохион байгуулдаг гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа зэргийг харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
1.17. Хариуцагчаас 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрүүдэд удаа дараа ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэж маргасан боловч шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй гэж үзсэн болно.
1.18. Энд нэхэмжлэгч Ү.******* нь сумын Засаг даргын албан тушаалыг хашихдаа албан тушаалын тодорхойлолтод “Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж, тогтоол шийдвэр, орон нутгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих, Засаг даргад бодлогын зөвлөгөө, мэргэшил арга зүйн дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах, тамгын газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг сумын Засаг даргын өмнө хариуцна” гэж заасан албан тушаалын зорилгоо биелүүлээгүй, мөн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрүүдэд удаа дараа ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт “төрийн албанаас халах” гэж заасан сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
1.19. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5 дахь хэсэгт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан, Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн "Ү.*******т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай" Б/09 дугаар захирамж нь бодит нөхцөл байдалд тохирсон. Харин нэхэмжлэгч Ү.*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал, мөн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндэслэл тус тус тогтоогдоогүй тул түүний гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох маргаан бүхий акт, түүнийг хэрхэн шийдвэрлэхээс дагаж гарах ажилд эгүүлэн тогтоолгох, нөхөн олговор гаргуулах, түүнээс холбогдох даатгалыг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Монгол улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.22, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.8, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.8, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.4, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ү.*******аас Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын 2026 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/09 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор болох 12.334.569,50 төгрөг гаргуулж, түүнээс нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгуулж, нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР