Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 450

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Б-д холбогдох эрүүгийн 201726021078 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

М.Б нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Тгийн хадгалуулсан эд хөрөнгө болох нөүтбүүкийг завшиж 1.840.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Т мөрдөн байцаалтанд” 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ...найз Бийн хамтаар гэрт нь 1 шил архи ууж байгаад гар утсаараа хүнтэй ярьж байгаад найз нь явахаар боллоо гээд гадуур явах болохоор өөрийн нөүтбүүкээ хаячихаж магадгүй болохоор танайд орхичихоод орой ирээд авъя гэж хэлээд Бийн гэрээс гараад явах гэтэл Б нөүтбүүкийн нууц дугаарыг асуухаар нь би хэлчихээд гарсан. Тэгээд орой 21 цагийн үед
Бийн гэрт ирээд нөүтбүүкээ авъя гэж хэлтэл найз нь 10 дугаар хороололд хүнд юм хийлгэж байгаа найз нь маргааш өглөө авъя гэж ярьсан. Тэгээд өглөө хүрээд ир цуг яваад нөүтбүүкийг чинь авъя гэж хэлэхээр нь би гэр рүүгээ харьсан маргааш нь би Бийн утас руу залгаад найз нь өнөөдөр очиж чадахгүй нь маргааш очоод авъя гэж хэлсэн. Тэгээд нөгөөдөр нь гэрт ирэхэд Б гэртээ байхгүй байсан гар утас руу нь залгатал гар утас нь салгаатай байсан...”  /хх-ийн 23-24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Энхжин мөрдөн байцаалтанд” Т надад би нөүтбүүкээ Бийнд үлдээчихээд дараа нь авах гэсэн чинь байхгүй байна гэсэн” /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

М.Б мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 4 дүгээр сард гэртээ байж байхад манай найз Т ирээд бид хоёр гэрт 1 шил архи хувааж уугаад Т өөрийнхөө компьютероо манай гэрт үлдээгээд явсан юм. Би тэр өдрөө гэрт байж байгаад хүнтэй уулзах гэж 10 дугаар хороололд очоод  нөгөө хүнтэйгээ нэмж архи уугаад машинаас нь буухдаа компьютерыг нь үлдээгээд буучихсан тэрнээс хойш нөгөө хүнтэйгээ уулзаж чадаагүй...” /хх-ийн 34/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 31-32/

                                                                                                                                                 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор М.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 51/, цэргийн үүрэгтний үнэмлэх /хх-ийн 53/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 59/,

гэрч С.Баянбилэг мөрдөн байцаалтанд ”Би Бийн төрсөн эх юм. Миний хүү нь их тайван дөлгөөн, бусадтай их эв найртай, ажилсаг хүүхэд, олон найз нөхөдтэй, нэр хүндтэй, бусдад тусархуу, үнэнч их ичэмтгий бусдаас байнга санаа зовдог, зөөлөн хүүхэд юм” /хх-ийн 28/ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Шүүгдэгч М.Бадамгэрэл нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Э.Тгийн итгэмжлэн хариуцуулсан 1.840.000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгө Macbook маркийн нөүтбүүкийг завших гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Э.Тгийн”...Бийн гэрт ирээд нөүтбүүкээ авъя гэж хэлтэл найз нь 10 дугаар хороололд хүнд юм хийлгэж байгаа найз нь маргааш өглөө авъя гэж ярьсан ...тэгээд нөгөөдөр нь гэрт нь ирэхэд Б гэртээ байхгүй байсан гар утас руу нь залгатал гар утас нь салгаатай байсан...”  /хх-ийн 23-24/, гэрч Б.Энхжингийн” Т надад би нөүтбүүкээ Бийнд үлдээчихээд дараа нь авах гэсэн чинь байхгүй байна гэсэн”  /хх-ийн 26/ тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 31-32/, хохирогчийн Бээс хохиролоо барагдуулж авсан гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 72/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

М.Бд холбогдох хэрэг шалгагдах явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна. 

 

Шүүгдэгч М.Б 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр  гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Прокуророос М.Бийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хадгалуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн”  үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож М.Бийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.