Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02193

 

 

 

 

 

Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02387 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн нэхэмжлэлтэй С.Батзоригт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Нарантуяа, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, хариуцагч С.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бид 1997 онд танилцаж, 1998 онд хуримаа хийсэн. 1999 оны 10 дуаар сарын 05-ны өдөр охин Б.Дэлгэрцэцэг, 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.Дэлгэрдалай, 2010 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Гүйгармуу нар төрсөн.  Жижиг юмаар шалтаглаж, хутга шөвөг барьж дайрдаг. Ер нь эрүүл байхдаа ч их дээрэнгүй. Тиймээс гэрлэлтээ цуцлуулж, амьдарч байгаа хашаа байшингаа би өөрөө авч, нөхөр одоо амьдарч байгаа орон сууц, машинаа авахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. Эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрэх оролдлого огт хийгээгүй. С.Батзоригт ямар ч эвлэрье гэсэн бодол байгаагүй. Өөрөө ч надтай ярилцаж уучлалт гуйгаагүй гэжээ.

Хариуцагч С.Батзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Би гэрлэлтээ цуцлуулахгүйгээр эвлэрээд, хүүхдүүдээ өнчрүүлэхгүй амьдарч болох байх гэж бодож байсан. Шүүхээс олгосон эвлэрэх хугацаанд би гэртээ очиж хонож үзсэн. Тэгсэн эхнэр, том охин 2 маань гарч яваад гэртээ ирээгүй. Бага охин маань хөөрхий бүлтгэнээд ор засаж өгөөд охин, хүү хоёртойгоо хоноод явсан. Эхнэр чамтай ярих юм байхгүй гэдэг. Тэгээд би юу ч ярьж чаддаггүй. Одоо нэгэнт эхнэр маань сална гэж байгаа бол би зөвшөөрнө. Би 20 жил амьдрахдаа хар ажил хийж, 3 хүүхдээ боловсролтой болгож, орон байртай болно гэж гэр бүлийнхээ төлөө зүтгэсэн. Мэдээж ажил бүтэхгүй бухимдсан үе байна. Бид 1997 онд танилцаж, 1998 онд хурим хийсэн. Тэгээд 3 хүүхэд маань төрсөн. Надад хашаа байшин, байр сав хэрэггүй. Би энэ 3 хүүхдийг орох орон гэртэй болгох гэж л өдийг хүртэл зүтгэсэн маань намайг гэр бүлээсээ харамласан болгож байна. Би одоо нэг байрны урьдчилгаанд 30.000.000 төгрөг төлчихөөд үлдсэн мөнгийг нь цувуулж төлөхөөр тэр байрандаа амьдарч байна. Тэр байранд ганцаараа амьдрах надад ямар ч утга байхгүй. Том охин маань насанд хүрсэн. 2 бага хүүхэдтэйгээ амьдармаар байна. Ядаж ганц хүүгээ өөрийн асрамжид авч болдог бол хүүтэйгээ амьдармаар байна. Хүү минь ч гэсэн надтай хамт байх санал өгсөн болохоор хүүг минь миний асрамжид үлдээж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Дэлгэрцэцэг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, хангайн 21 гудамж, 17 тоот хаягт байрлах, С.Батзориг, Ц.Нарантуяа бид гурвын өмчлөлийн 18636310521992 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-2201009749 дугаартай, 580 м.кв газрыг ээж Ц.Нарантуяагийн өмчлөлд үлдээхийг зөвшөөрч байна. Би тухайн газартаа ээжтэйгээ хамт амьдарна гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Цэрэндоржийн Нарантуяа /РД:АИ77021504/, Идэв овогт Санжаагийн Батзориг /РД:АИ74052115/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар охин Б.Гүйгармууг эх Ц.Нарантуяагийн, хүү Б.Дэлгэрдалайг эцэг С.Батзоригийн асрамжид тус тус үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 21 гудамж, 17 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Г-2201009749 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 580 м.кв газар, хашаа байшинг Ц.Нарантуяа, охин Б.Дэлгэрцэцэг нарын өмчлөлд үлдээж, уг газар өмчлөх эрхийн гэрчилгээнээс С.Батзоригийннэрийг хасаж, 9814 УНГ улсын бүртгэлийн дугаартай Митсубиши кантер маркын автомашиныг С.Батзоригийн өмчлөлд тус тус үлдээж, Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь эцэг, эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь харилцан саад болохгүй байхыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 368.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Нарантуяад олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хүүхдийн асрамжийн маргааныг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хүү Б.Дэлгэрдалайгийн саналыг харгалзан үзэж нөхөр С.Батзоригийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхан шатны шүүх дээр очиж санал өгсний дараа хүү Б.Дэлгэрдалай ... "ээжээ би таньтай л баймаар байна. Аав намайг аавтайгаа баймаар байна гэж хэлээрэй гээд гуйгаад байхаар нь би аавтайгаа байна гэж хэлсэн" гэж хэлж байсан. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үед миний зүгээс шүүгчид хандан хэлж тайлбарлаан боловч хүүхдийн цаашдын эрх ашгийг бодолгүй зөвхөн саналыг нь харгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн хүүхдүүдийг хоёр салгаж эцэг, эхийнх нь асрамжинд өгсөнөөр цаашид хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болохуйц хүчин зүйлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ..."төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангана" гэж заасан байна. Гэтэл шүүх хуралдааны үед С.Батзоригоос хүүхдийг асрамжннд ямар шалтгаанаар авахаар маргаж байгаа талаар асууж тодруулахад хүүхдийнхээ цаашдын ирээдүйн талаар тодорхой зүйл яриагүй. Хэдийгээр хүүхэд хэний асрамжинд байхаас үл шалтгаалан эцэг, эхийн үүрэг хариуцлага дуусгавар болохгүй боловч С.Батзоригийн хувьд маш их худлаа ярьдаг, архи уухаараа ааш зан нь ширүүн болдог төдийгүй хүүг минь асран хамгаалж чадна гэдэгт эх хүний зүгээс маш их санаа зовинож байгаагаа илэрхийлмээр байна. Иймд хүү Б.Дэлгэрдалайг эцэг С.Батзоригийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн заалтад өөрчлөлт оруулж, эх миний асрамжинд үлдээж өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын гэр бүлийн холбогдолтой маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Нарантуяа нь хариуцагч С.Батзоригт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба хариуцагч гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Ц.Нарантуяа, С.Батзориг нар нь 2003 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн хууль ёсны эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн хамтын амьдралтай байхад 1999 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Дэлгэрцэцэг, 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүү Б.Дэлгэрдалай, 2010 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Гүйгармуу нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 5-8/

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оноос тусдаа амьдарч байгаа ба шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах хэсэгт 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул уг ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-ийн 14, 45/ Түүнчлэн шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, гэрлэлт цуцлалтыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй, хэн алин нь гэрлэлтээ цуцлахыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүх гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцжээ.

Анхан шатны шүүх хариуцагч С.Батзориг нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэл үйлдсэн, түүний өсөж бойжих, зөв төлөвшиж хүмүүжихэд сөргөөр нөлөөлөх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн хүүхдийн санал, хэргийн нөхцөл байдлыг харгалзан хүү Б.Дэлгэрдалайг  эцгийн асрамжид шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

  Шүүх хүү Б.Дэлгэрдалайг эцгийн асрамжид үлдээсэн нь Ц.Нарантуяагийн эх байх эрхийг хязгаарлахгүй бөгөөд хүүхдийн эрх ашиг аливаа хэлбэрээр зөрчигдөхөд хүрсэн зэргээр нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр эх Ц.Нарантуяа дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм. Түүнчлэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсантай холбоотойгоор охин Б.Гүйгармууг эхийн асрамжид үлдээсэнд зохигчид маргаагүй, эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хүү Б.Дэлгэрдалай ...ээжээ би таньтай л баймаар байна. Аав намайг аавтайгаа баймаар байна гэж хэлээрэй гээд гуйгаад байхаар нь би аавтайгаа байна гэж хэлсэн гэж хэлж байсан. Хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч С.Батзориг нь хүүхдийг хайр халамжаар дутаадаг, хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх боломжгүй, боловсрол хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2018/02387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ц.Нарантуяагийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Н.БАТЗОРИГ