Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 113/ШШ2026/0010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.А (РД:...........),

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С /ҮД:....../

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж /ҮД:....../

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.М /ҮД:..../

Гуравдагч этгээд Б.А нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж, Д.М нар /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.  Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан, анх “Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/16 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 25,000, 000 төгрөгийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэхийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан. 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 08 дугаар сарын 04, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд ажилгүй байсан хугацааны цалин 46,168,350 төгрөг болгон, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн.  

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

2.1. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтын 1 жилийн хугацаатайгаар томилогдон ажиллаж байсан байна. 

2.2. Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Д.А 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халсан ба нэхэмжлэгчийн зүгээс уг тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалаар “Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай гэсэн заалтыг нэмсүгэй.” гэж шийдвэрлэсэн байна.

2.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалыг  хариуцагчийн өмгөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч,  хуулийн хүчин төгөлдөр болсон ба хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/32 дугаартай тушаалыг тус тус батлан гаргасан.

2.5. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/919 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад ирүүлсэн ба Д.А нь 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Гурав. Хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар “туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзсан” гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халж шийдвэрлэсэн. Уг тушаалыг эс зөвшөөрч, дээрх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0785 дугаартай магадлалаар “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх “шийдвэрийг гаргасан бөгөөд уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/16 дугаартай 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалыг гаргасан байх ба тус тушаал нь Д.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

...хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга сахилгын шийтгэл оногдуулахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас журам буюу Захиргааны ерөнхий хуулийн 24-27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулах шаардлагатай байдаг. Гэтэл хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа дээрх нөхцөл байдлыг тогтоогоогүй буюу магадлалын 2.8-д заасан ажиллагааг хийхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус юм. Мөн магадлалын 2.15-д “Монгол Улсын Сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т “Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ, 3.3.1-д “зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар”-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан.

...Тодруулбал: шүүхийн магадлалд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон зөрчлийг хэрхэн гаргасан, зөрчил гаргасан гэж үзэж байгаа тохиолдолд зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар зэргийг харгалзан үзэж, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан сонгох боломжийг зөв хэрэглэх талаар хариуцагчид үүрэг болгосон билээ. Гэтэл хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь дахин акт гаргахдаа шүүхийн шийдвэрт дурдсан Монгол Улсын Сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус юм.

...гомдлыг Монгол Улсын төрийн албаны зөвлөлд гаргасан бөгөөд уг гомдлын хариуг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан ба Тус зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/919 дугаартай албан бичигт “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт болох сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 тугаар тушаалыг гаргахдаа өмнөх актыг халахыг чөлөөлөх гэж өөрчлөн, “Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1 болон “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 6.1 болон “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол, журам”-ын 3.2, 3.3 дахь заалтыг хасаж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг хасаж, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5 дахь заалтыг нэмсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 221/МА2025/0785 дугаар магадлалаар дүгнэсэн ажиллагааг хийгээгүй хэлбэрийн төдий захиргааны акт гаргасан байна” гэж дүгнэсэн байх тул Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай 2”025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор болох 46,168,350 төгрөгийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөлт хийлгүүлэхийг Шивээговь сумын  Засаг даргын Тамгын газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч 2026 оны 05 дугаар сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гаргасан үндэслэл нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн магадлалаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 0009 гэсэн шийдвэрийг хүчингүй болгоод зохих байдлаар биелэлтийг түдгэлзүүлээд ажлаас халсан тушаал хуульд нийцээгүй байна, үүнийг хуульд нийцүүлж өөрчлөх, өөрчлөх хугацаа нь 1 сар гэсэн магадлал гарсан. Магадлалаас үндэслээд 2 тушаал гарсан байгаа. 2 тушаалыг өмнөх хурал дээр нэлээн нарийвчлаад ярьчихсан. 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/16 дугаартай эхний тушаал гарсан. 2-т нь 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 гэсэн тушаал гарсан. Үндсэн тушаал нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Б/23 гэсэн тушаал гарсан. Энэ тушаалд зохих байдлаар өөрчлөлт оруулаад зарим нэг зүйлийг хасаад өөрчлөлтүүд хийсэн. 1 дүгээрт нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 гэсэн зүйл заалтыг хассан. Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т төрийн албанаас халах гэсэн зохицуулалт байгаа. 48.7 гэсэн зохицуулалтыг хэвээр үлдээсэн. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэдгээ үлдээсэн. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2009 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журмын 6.1 гэснийг хассан байгаа. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагч туршилтын хугацаагаар ажиллах болзол журам гэснийг хассан. Дараа нь нэмэлт оруулсан. Тэр нь юу вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 46.2.5 гэсэн зохицуулалтыг нэмсэн. Үндэслэх хэсэгт нь ийм зохицуулалтууд хийсэн. Дараа нь тушаалынхаа нэг гэсэн хэсгээс удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан гэдгийг хассан. Туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болох зарчмыг баримтлаагүй, төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал гэдгийг хассан байгаа. Энэ нь 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 гэсэн тушаал. 1 дэх хэсгийн халсугай гэдгээ чөлөөлсүгэй болгосон. Тэгсэн атлаа А-г төрийн албанаас халах тухай гэсэн хэсэгтээ өөрчлөлт оруулаагүй орхисон. Төрийн албаны тухай хуулийн 46.2.5-д чөлөөлөх тухай гэсэн ойлголт байгаа. 2.5 гэдэг нь чөлөөлөх гэсэн хэсгийн хуульд заасан бусад үндэслэл гээд бусад үндэслэлээ заах хэрэгтэй. Ийм, ийм үндэслэлээр чөлөөлж байгаа юм гэдгийг заах ёстой. Гэтэл энд заагаагүй, төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөх, чөлөөлөх гэсэн хэсэг, Төрийн албаны тухай хуульд төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, төрийн албанаас халах гэсэн ойлголтууд хоорондоо эрх зүйн ойлголтын хувьд зөрүүтэй ойлголт байгаа. Үүнийг нэг юм шиг ойлгож тушаалд халах болгоод, чөлөөлөх болгоод, эргэж халах болгож, чөлөөлөх болгож өөрчилж болохгүй, хууль зөрчсөн үйлдэл. Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг халах, чөлөөлөхдөө хууль зөрчсөн байхыг хориглож байгаа, заавал хуульд нийцүүлнэ гэж Төрийн албаны тухай хуульд заачихсан. Тэгэхээр хуульд нийцээгүй тушаалыг гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гээд заасан байгаа. Хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, түр чөлөөлөх, халж болно. Хуульд зааснаас бусдаар халж, чөлөөлөхийг хориглоно. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зорилгодоо нийцээгүй, төрийн албан хаагчийг халах үндсэн зорилгодоо нийцээгүй, мөн халсан байдал, зөрчил гаргасан нь эргэлзээтэй байсан. Үүнийг хуульд нийцүүлж өөрчлөх ёстой байсан ч хуульд нийцээгүй байдлаар чөлөөлөх гэж хуульд нийцээгүй хэлбэрээр тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага болох Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 46,168,350 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийг  ажлаа таслаад ажилдаа ирдэггүй, ажлаа хийдэггүй байсан тул 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар чөлөөлсөн. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 113/ШШ2025/0009 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0785 дугаар магадлалаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

...тус магадлалыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний дараа Төрийн албаны зөвлөлөөс 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/919 дүгээр “Шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин шинэ захиргааны акт гаргах тухай” албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичгийн дагуу 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан. ...Д.А-ий гаргасан зөрчил болон магадлалд дурдсан үндэслэлүүдийг баримталж тушаалдаа холбогдох өөрчлөлтийг оруулсан тушаал нь хуульд нийцсэн гэж үзэж байна.

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, асуудал хариуцсан мэргэжилтэн А нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр түр томилогдон ажиллаж байсан. Энэ хугацаанд А нь төрийн албан хаагчийнхаа нийтлэг үүргийг биелүүлээгүй. Ажиллаж байх хугацаандаа байгууллагын дотоод журамд заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ба түүнээс дээш хоногоор ажил таслах тохиолдолд арга хэмжээ авсан байдаг юм. Ажиллаж байх хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнга ажил тасалж байсан. Энэ хугацаанд өөртэй нь 2024 оны 10 дугаар сард сонсох ажиллагаа явуулаад сахилгын шийтгэл ноогдуулсан байдаг. А-г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног ба түүнээс дээш хоногоор ажил таслахад нь сонсох ажиллагаа явуулахдаа өөрөөс нь холбогдох мэдээлэл баримтууд байна уу гэхэд байхгүй гэдэг. А нь Тамгын газарт ажиллаж байх хугацаандаа өвчтэй байсан гээд акт авчирсан байдаг юм. Акт нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдөр гэсэн 5 хоногийн акт Баянтал сумын Эрүүл мэндийн төвөөс ирсэн. Баянтал сумын эрүүл мэндийн төв рүү Шивээговь сумын Засаг даргын тамгын газраас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний 3/176 тоот албан бичгийг бид нар хүргүүлсэн. Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А нь анхан шатны үзлэгт Эрүүл мэндийн төвд үзүүлсэн, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадалгаа авсан, нийгмийн даатгалын системд листээр шивэгдээгүй байна. Иймд дээрх асуудлыг шалгаж өгч 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ирүүлж хамтран ажиллана уу. Хавсралт нэг хуудас, дарга О гээд албан тоот явуулсан байдаг. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Эрүүл мэндийн төв нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн албан тоотын хариуг ирүүлсэн. Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт Баянтал сумын Эрүүл мэндийн төвд Д.А нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдөр эмчлүүлээгүй нь үнэн болно. 02 дугаар сарын хэвтэн эмчлүүлсэн иргэдийн мэдээллийг хавсаргав. Хавсралт нэг хуудас гээд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б гээд албан бичиг манай дээр ирсэн байдаг юм. Энэ хавсралтаар А-ий бичүүлсэн акт нь хуурамч бичиг байсан. Үүнтэй холбоотойгоор бид нар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр А-д сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагааг акт болон 3 ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гээд цалинг 3 сарын 20%-р хасах шийтгэл оногдуулсан байдаг. А 2024 оны 01 сард түр томилгоогоор Засаг даргын тамгын газарт томилогдсон. 2-т 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 2025 оны 02 дугаар сард цагийн бүртгэл, 2025 оны 03 дугаар сар, 2025 оны 05 дугаар сар, 2024 оны 12 дугаар сар, 2024 оны 11 дүгээр сар, 2024 оны 10 дугаар сар, 2024 оны 09 дүгээр сар, 2024 оны 08 дугаар сар, 2024 оны 07 дугаар сар, 2024 оны 06 дугаар сар гээд ажлын цагийн тооцооллыг Тамгын газрын ирцийн бүртгэлээс шүүгээд материалаа хүргүүлсэн. Энэ хүнийг ажил тасалж байх хугацаанд нь аваад үлдчихье гэж хичээсэн, яагаад аваад үлдье гэсэн бэ гэхээр энэ хүнийг төлөвшүүлэх юм болов уу гээд янз янзын аргаар халаагүй. 2024 оны 1 сард ажилд авангуут ажил таслаад 1 сар, 2 сар, 3 сар, 6 сар 7 сар 8 сар гээд ажил тасалсан. 2025 оны 1 сараас 5 сар хүртэл ажилласан цалинг өгчихсөн байгаа. Шивээговь сумын Засаг даргын Тамгын газарт хүний нөөцийн хомсдол их байдаг. Энэ утгаараа нэг хүнийг ч гэсэн дадлагажуулаад, туршилтын хугацаанд нь ажиллуулъя гэдгээрээ хүлээцтэй хандсан. Сүүлдээ арга ядаад ажил таслаад Тамгын газрын албан хаагчдын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад, ажил хэвийн явагддаг байсан бол албан хаагч нар маань өглөөний шуурхай хуралд суудаггүй. Тийм учраас арга ядаад энэ хүн төрийн албанд ажиллахгүй юм байна. Туршилтын хугацаандаа ажил таслаад ажлын цаг алдагдуулаад, байгууллагын хэвийн байдлыг алдагдуулаад байсан учраас ажлаас чөлөөлсөн. Энэ хүнийг авч үлдэх гэж олон удаа харж үзсэн боловч энэ хүн ухамсарлахгүй 3 ба түүнээс дээш хоногоор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр алга болчихдог асуудлууд гарсан учраас арга ядаад ажлаас чөлөөлсөн гэдгийг хэлье гэж бодож байна. Маргаан бүхий актууд нь хууль зөрчөөгүй тул цалин хөлс 46,168,350 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхлээд үйл баримттай холбоотойгоор, мөн тушаалын үндэслэлтэй холбоотойгоор дарааллаар нь ярья. Сая хариуцагчийн төлөөлөгч дурдлаа, анх 2024 оны 01 дүгээр сарын 11-нд ажилд түр томилсон. Дараа нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар А-г туршилтын хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар ажилд томилсон байдаг. Нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заасан үүргээ биелүүлэхгүй, ажлаа таслаад байсанд нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/61 дугаартай тушаалаар сахилгын арга хэмжээ авч байсан. Нэхэмжлэгч нь туршилтаар ажиллах хугацаандаа томилогдсоноосоо хойш нийтдээ 2024 оны 06 дугаар сард 1 өдөр, 2024 оны 07 сард 4 өдөр, 08 сард 3 өдөр, 09 сард 4 өдөр, 11 сард 4 өдөр, 12 сард 5 өдөр, 2025 оны 1 сард 6 өдөр, 02 сард 5 өдөр, 04 сард 3 өдөр гээд нийтдээ 35 хоног буюу 280 цагийн ажлыг тасалсан байдаг. Сая хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс хэлсэн туршилтаар томилогдохоос өмнө түр ажиллаж байхдаа тасалж байсан хугацаануудыг нь дурдлаа. Ийнхүү удаа дараа ажлаа таслаад байсантай холбоотойгоор, мөн ажлаа хийдэггүй байсантай холбоотойгоор Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байдаг. Улмаар нэхэмжлэгч нь уг тушаалтай маргаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, уг тушаалыг хүчингүй болгуулах, ажиллаж байсан хугацааны цалин хөлс болох 4,800,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийнхүү анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр гарсны дараагаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 785 дугаартай магадлал гарсан. Уг магадлалаар юу гэж шийдсэн бэ гэхээр хянавал хэсгийн 2.5-д хариуцагч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 48.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол ноогдуулна. Мөн 48.1.4-д заасан төрийн албанаас халах гэснийг баримталсан байна. Хянавал хэсгийн 2.6-д дээрх хуулийн зохицуулалт нь жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тохиолдолд зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж тохирох сахилгын шийтгэл ноогдуулахад хэрэглэгдэхээр байна. Мөн хянавал хэсгийн 2.8-д А нь туршилтын хугацаанд ажиллахдаа өөрийн үүрэгт хамаарах ямар ажлын төлөвлөгөөний биелэлт, хэрхэн ямар байдлаар тайлагнаагүй, мөн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээх этгээд мөн эсэх, нийтлэг үүрэгт хамаарах ямар үүргийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох ямар зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулсан, ажилтан, албан хаагч нарт ямар сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг зөрчлүүдийг хэрхэн ноогдуулсан нь тодорхойгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Хянавал хэсгийн 2.10-д сонсох ажиллагааны тэмдэглэлд чөлөөлнө гэсэн атлаа төрийн албанаас халсан байгаа нь үндэслэлгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Мөн 2.12-т нь Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 402 дугаартай тогтоолыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байтал өмнө нь хүчингүй болсон журмыг үндэслэсэн байна, ийм учраас үндэслэлгүй байна гэдэг байдлаар шийдвэрлэж, маргаан бүхий Б/23 дугаартай тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүний дагуу магадлалыг бичгээр гарснаас хойш 1 сарын хугацааны дотор өөрчлөлт оруулж шинэ захиргааны актыг гаргасан. Уг захиргааны актуудыг гаргахдаа магадлалд дурдсан зөрчлүүдийг арилгаж 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг гаргасан байдаг. Б/16 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д заасны дагуу захиргааны акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр үйл ажиллагаанд хамаарч байгаа учраас Б/16 дугаартай тушаал нь захиргааны актын шинжийг хангаж байгаа. Эцсийн байдлаар ямар тушаал үлдсэн бэ гэхээр уг тушаалд нэмэлт өөрчлөлт оруулсны дараагаар уг тушаал чинь үндэслэлгүй байна гэдэг байдлаар Төрийн албаны зөвлөлөөс албан бичиг ирсэн. Албан бичиг ирсний дараагаар бид нарын зүгээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үндэслээд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаартай тушаалаар Б/23 дугаартай тушаалдаа нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар өөрчлөлт оруулсан байгаа. Эцсийн байдлаар тушаалыг хариу тайлбарт гаргаснаараа хавсаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл бид ямар зүйл заалтыг үндэслээд байгаа вэ гэхээр Засаг даргын Тамгын газрын 2024 оны А/26 дугаартай батлагдсан хөдөлмөрийн дотоод журам байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч ажиллана гэдэг байдлаар дотоод журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Тэгэхээр ажлаас халах гэдгийг өөрчлөөд ажлаас чөлөөлөх болгож өөрчилсөн байгаа. Тийм учраас маргаан бүхий акт үндэслэл бүхий гарсан. Үндэслэл бүхий гарсантай холбоотойгоор цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс цалин хөлсөө буруу тооцож гаргасан байна гэдэг байдлаар бид нар тооцооллыг гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 224 дүгээр талд 2025 оны 05 сараас 2026 оны 07 сар хүртэл нийтдээ тухайн этгээдийн ажилласан цалин хөлс нь 23,649,122.03 төгрөг байхаар тооцоолол нь гарчихсан байгаа. Тэгэхээр 46 сая төгрөг нь үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар өмнө нь бүтэн мэтгэлцчихсэн, энэ асуудлыг бүтэн хэлэлцчихсэн учраас магадлалаар юу шийдсэн гэдэг агуулгаар хэд хэдэн зүйл хэлэх нь зүйтэй байх. Энэ үйл баримтын хувьд А гэдэг хүн 1 дүгээрт туршилтын хугацаанд ажиллаж байсан гэдэг үйл баримт маш тодорхой байдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. 2-т нь туршилтын хугацаанд ажиллаж байхдаа ажил тасалж байсан зөрчлүүдийг гаргаж байсан. Энэхүү зөрчил дээрээ сахилгын арга хэмжээ хүлээчихсэн байсан. Арга хэмжээ авчхаад байхад үргэлжлүүлэн ажил таслаад байсан үйл баримтыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Туршилтын хугацаанд ажиллаж байгаа албан хаагч жинхлэн томилогдоогүй байгаа үедээ төрийн албан хаагчид анхлан тавигдах анхан шатны шаардлага болох ажлын байр, төрийн алба тасралтгүй байх зарчимтай шууд уялдаж байдаг. Ажил тасалсан гэдэг зөрчлийг шууд гаргаж эхэлсэн үйл баримтууд байдаг. Тэгэхээр өмнө нь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ямар асуудлууд яригдаад байна вэ гэхээр чөлөөлнө гэж сонсох ажиллагаа хийчихсэн байж яагаад төрийн албанаас халчихсан юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Дээрээс нь давж заалдах шатны шүүх хурал дээр шүүгч нар ч асуусан. Туршилтын хугацаа нь дуусаж байсан байна. Чөлөөлөөд явж болоогүй юм уу, эсвэл энэ үндэслэлээр нь танай дотоод журам дээр чөлөөлнө гэдэг заалтаар чөлөөлөөд явж болоогүй юм уу, төрийн албанаас халах шаардлага байсан юм уу, талууд энэ асуудлаа тохиролцоод шийдчих боломжтой байсан юм биш үү гэдэг асуудлууд давхар яригдаж байсан. Тэр агуулгаараа төрийн албанаас халснаас гарах үр дагаврынхаа хувьд төрийн албаны шалгалт нь хүчингүй болдог үр дагавартай зохицуулалт. Тэр агуулгын хүрээнд давж заалдах шатны шүүхээс төрийн албан хаагчийн шалгалт нь хүчингүй болж байна. Залуу төрийн албан хаагчдаа ажиллах орчин нөхцөлөөр дэмжих ёстой гэдэг зүйлийг ярьж байсан учраас тэр агуулгаар дахин шинэ акт гаргаадах гэдэг шийдвэр гаргасан. Тийм учраас бид нар төрийн албанаас халах гэдэг сахилгын шийтгэлийг төрийн албанаас чөлөөлөх болгож өөрчилсөн. Магадгүй 3 сарын хугацаатай 20% цалин хасах ч юм уу, өөр шийтгэлээр солих эрх зүйн үндэслэл байхгүй. Учир шалтгааны хувьд сая би үйл баримтуудыг маш тодорхой дурдсан. Өмнө нь сахилгын зөрчилтэй байсан, туршилтын хугацаагаар ажиллаж байсан, удаа дараа зөрчлөө гаргадаг. Нэг сар ажлын 22-23 хоногтой байдаг, зарим сард 18 ажлын хоногууд байдаг. Гэтэл А гэдэг хүний хувьд ээлжийн амралт авахаас гадна бүтэн жилийн 2 сарыг нь ажил таслах байдлаар өнгөрүүлж байдаг. Ийм нөхцөл байдалтай цаашид төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах нөхцөл боломж байхгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр зөрчлийн шинж байдлыг нь харгалзан үзээд төрийн албаны төлөвлөгөөтэй холбоотой хэсгүүдийг нь хасаад өөрчлөлт хийсэн гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байх. Яагаад төрийн албанаас халах, ажлаас чөлөөлөх тухай шинэ акт гаргаагүй вэ гэдэг талаас нь харвал анхны тушаал дээр ажил тасалсан гэдэг зөрчил бичигдчихсэн байсан. Дахиад шинэ тушаал гаргахаар тэр зөрчлөө үгүйсгэж байгаа юм шиг эрх зүйн үр дагавар үүсэх гээд байсан шүү гэдэг нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, зөрчил нь тодорхой тогтоогдож байгаа гэдэг тайлбартай байна гэв.

3.6. Гуравдагч этгээд Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.А миний бие Д.А-ий нэхэмжлэлтэй Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. Тус хэргийг шүүх хуралдаанд миний бие биечлэн оролцох боломжгүй  тул намайг эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

4. Шивээговь сумын иргэн Д.А нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”[1], 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”[2] тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 46,168,350[3]  төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч талаас: Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/16 дугаартай 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалыг гаргасан байх ба тус тушаал нь Д.А миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаал нь тус тус хэлбэрийн төдий захиргааны акт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан төрийн албан хаагчийг халах үндсэн зорилгодоо нийцээгүй, ажлаас халсан байдал, зөрчил гаргасан нь эргэлзээтэй байсан. Үүнийг хуульд нийцүүлж өөрчлөх ёстой байсан ч хуульд нийцээгүй байдлаар чөлөөлөх гэж хуульд нийцээгүй хэлбэрээр тушаал гаргасан нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй гэж,  

Хариуцагч талаас: - Д.А-ий гаргасан зөрчил болон магадлалд дурдсан үндэслэлүүдийг баримталж тушаалдаа холбогдох өөрчлөлтийг оруулсан тул тушаал нь хуульд нийцсэн, Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан тохиолдолд ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч ажиллана гэдэг байдлаар дотоод журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн,  үндэслэл бүхий захиргааны акт гарсантай холбоотойгоор цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй гэж тус тус маргадаг.

6. Хэргийн үйл баримтын тухайд:

6.1. Нэхэмжлэгч Д.А нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтнээр 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн туршилтын 1 жилийн хугацаатайгаар ажиллаж байсан байна.  2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар туршилтаар ажиллах хугацаандаа удаа дараа ажлын цаг ашиглалтыг алдагдуулсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил удаа дараа тасалсан, туршилтын хугацаанд ажиллахдаа ажлын төлөвлөгөөний биелэлтийг тайлагнаагүй, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэгт заагдсан үүргээ биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал зэргийг харгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Д.А-г 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халжээ.

6.2. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байх бөгөөд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.3. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалаар “Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар шийдвэрийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай гэсэн заалтыг нэмсүгэй.” гэж шийдвэрлэсэн байна.

6.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалыг  хариуцагчийн өмгөөлөгч 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч,  уг магадлалд хэргийн оролцогч нараас гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авсан талаар:

7.1. Хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргаас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаартай “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус батлан гаргасан байдаг.

7.2. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 38 дугаар тогтоолд “...Шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн захиргааны актыг хариуцагч дахин гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсноор буюу хүчингүй болсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах хэдий ч, магадгүй захиргаанаас шүүхийн шийдвэрт заасан хугацаанд, эсхүл түүнээс хойш, шийдвэрт заасан ажиллагааг хэрэгжүүлэн дахин нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн буюу хүчингүй болгосон шийдвэр гаргах тохиолдолд энэ нь шинэ захиргааны актад тооцогдох бөгөөд энэ талаар нэхэмжлэгч дахин маргах эрхтэй. Үүний нэгэн адил захиргаа шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн актыг дахин гаргаагүй, эсхүл гаргасны улмаас нэхэмжлэгчийн нэгэн адил хэргийн оролцогч болох гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн тохиолдолд маргах эрхтэй, өөрөөр хэлбэл тухайн захиргааны үйлдэл, эс үйлдэхүй нь эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт болно” гэж заасан байна.

7.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн захиргааны акт нь захиргааны байгууллагаас шинэ акт гаргаснаар эсхүл гаргаагүй нөхцөлд үйлчлэл нь дуусах тул түдгэлзүүлсэн актад өөрчлөлт оруулсныг шинэ акт гаргасан гэж үзэж, энэ актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөж байна гэж дүгнэлээ.

8. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаартай “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

8.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан алдаагаа дахин нягталж, өөрөө тодруулах шаардлагатай гэж шүүх үзсэн, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд хэрэглэгдэнэ.

8.2. Түүнчлэн Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 тоот магадлалын[4]  “Хянавал” хэсэгт “...нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлийг тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийг зайлшгүй албан тушаалаас нь халахаас өөр аргагүйд хүрсэн нөхцөл байдлыг бодитой тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах, энэ нөхцөл байдлыг хариуцагч нотлох үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч Д.А нь туршилтын хугацаанд ажиллахдаа өөрийн үүрэгт хамаарах ямар ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэрхэн ямар байдлаар заагдсан хугацаанд тайлагнаагүй болох мөн төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээх этгээд мөн эсэх нийтлэг үүрэгт хамаарах ямар үүргийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн удирдлага болгох ямар зарчмыг баримтлаагүй, албаны хэвийн үйл ажиллагааг хэрхэн алдагдуулсан, бусад албан хаагч болон нийгэмд ямар байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн, эдгээр нь хэрхэн тогтоогдсон гэж үзсэн, мөн удаа дараа ажил тасалсан гэж буруутгасан нь хэзээ хэрхэн ямар байдлаар ажил тасалсан болох зэрэг маргаан бүхий актын үндэслэлд заасан асуудлуудыг хэрхэн тогтоосны үндсэн дээр түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байна.

Хариуцагчаас маргаан бүхий Б/23 дугаар тушаалыг гаргахдаа үндэслэлд хамаарах бодит нөхцөл байдал тус бүрийн тухайд хамааралтай, ач холбогдолтой, шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж шүүхээс үзэх боломжгүй, захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд баримтлагдах шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит байдалд тохирсон, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тусгай зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, аливаа захиргааны байгууллага нь хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг, тухайлбал нөхцөл байдлыг бүрэн тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг хангах зэрэг ажиллагааг хэлбэрийн төдий хийх бус, харин өөрийн шийдвэрээ үндэслэлтэй, хууль ёсны гаргахын тулд бодитойгоор, үр нөлөөтэйгөөр хэрэгжүүлэх учиртай.

Иймд хариуцагч нь сонгох боломжийг зөв хэрэгжүүлж, тогтоогдсон зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтад заасан хариуцлагын төрлөөс аль тохирохыг сонгож, зохих журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагаврыг харгалзаж үзээгүй, ногдуулсан халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Б/23 дугаар тушаалд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, маргаан бүхий Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж тус тус дүгнэжээ.

8.3. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр магадлалаар хариуцагч захиргааны байгууллагын шинжлэн судалж тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, эдгээр ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн байна.

8.4. Хариуцагч байгууллагаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалыг  2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гардан авсан байх[5]  тул энэ хугацаанаас 1 сарын дотор захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг дахин хийж, шаардагдах захиргааны актыг гаргах үүрэг хүлээсэн, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасан шүүхийн шийдвэрээр түдгэлзсэн захиргааны акт хүчингүй болох үр дагавар 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс хойш үүсэхээр байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд шийдвэрт заасан ажиллагааг огт хийлгүйгээр 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл болон бодит нөхцөл байдлыг тодруулсан хэсгээ хасах замаар өөрчлөн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг шинэ акт гэж  гаргасан нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн  хууль бус акт болсон байна.

8.5. Мөн нэхэмжлэгч Д.А Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар тушаалыг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан байх бөгөөд тус зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг үүрэг болгосон албан бичгийг ирүүлсэн байна.

8.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг үндэслэн тушаалд дахин өөрчлөлт оруулсан гэж тайлбар гаргадаг. Гэвч хариуцагчаас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаар тушаал, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/32 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалд заагдсан ажиллагааг хийгээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.

8.7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас “Ажил тасалсан хэсэг нь нотлогдож байгаа учраас дахин ажиллагаа хийх шаардлагагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Учир нь нэхэмжлэгч ажил тасалсан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл болон бодит нөхцөл байдлын талаар анхан[6] болон давж заалдах шатны шүүх хурлаар хэлэлцэгдсэн, тодруулбал, эдгээр нөхцөл байдлыг шүүх нэгтгэн дүгнэж хэргийн нөхцөл байдлыг дахин судлуулах шаардлагатай гэж тогтоосон.

8.8. Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нараас: “Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол” гэж зааснаар сонсох ажиллагаа хийхгүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын үйлчлэлийг шүүхээс түр түдгэлзүүлсэн бөгөөд энэ хугацаанд захиргааны байгууллага, шүүхийн шийдвэрийн үндэслэлд заагдсан ажиллагааг бүрэн дүүрэн гүйцэтгэх үүрэг хүлээж байгаа хэрэг юм.

Түүнчлэн захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар гүйцэтгэх бөгөөд харин шүүхийн шийдвэр гүйцэтгэл үүнээс өөр ойлголт юм.

8.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалд заасан зөрчлийн шинж байдлыг дахин нэг бүрчлэн тогтоох, үйлдсэн гэх зөрчил түүнд ногдуулж буй шийтгэл нийцэж байгаа эсэхийг нягтлан тогтоох үүргийг хариуцагч хэрэгжүүлээгүй тул шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелээгүй, маргаан бүхий 2 тушаалыг хууль бусаар гаргасан гэж дүгнэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

8.10. Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 4.10.11 а-д Төрийн албаны маргааны хувьд: зарчмын хувьд ажлаас халсан маргаан бүхий хэрэгт дахин нэмж тодруулах ажиллагаа хийхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй, хэрэв захиргаа шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг дутуу шалгасан бол энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болно гэжээ.

8.11. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, 4.2.1. хуульд үндэслэх; 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн тусгай зарчмыг хэрэгжүүлээгүйн зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэснийг тус тус зөрчсөн байна.

8.12. Хэдийгээр нэхэмжлэгчийн зарим зөрчлийн талаар шүүхэд хэлэлцэгдсэн байх боловч хариуцагч захиргааны байгууллага үйл ажиллагаагаа хуульд нийцүүлэн явуулж чадаагүй, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тул шинээр гаргасан актууд болох Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Б/32 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

8.13. Нөгөөтэйгөөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 785 дугаар магадлалаар түдгэлзүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалын үйлчлэл сэргэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

9. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 46,168,350 төгрөг гаргуулах эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;

9.1. Нэхэмжлэгчээс өөрийн нийгмийн даатгал төлөлтийн лавлагааг үндэслэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар цалин хөлсөө тооцохоор маргадаг. 

9.2. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/44 дүгээр тушаалаар тус Тамгын газрын Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан үүргийг хавсран гүйцэтгэж, албан тушаалын цалингийн 40 хувиар нэмэгдэл авч байсан болох нь тогтоогддог.

Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоог нөхөх хүртэл тухайн албан тушаалын ойрын чиг үүрэг бүхий албан хаагчаар албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний шийдвэр бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх болон хавсран ажиллуулах асуудал нь энэхүү маргаанд хамаарахгүй.

9.3. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно. 57.2.2-т захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс бүрдэхээр заасан.

 Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлсний талаар Төрийн албаны хуулийн 57.1, 57.2.2-т ийнхүү заасныг баримтлах нь үндэслэл бүхий байна.

9.4. Нэхэмжлэгчийн томилогдсон албан тушаалын цалин, түүний нэмэгдлийг олгох нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим буюу шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 46,168,350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9.5. Иймд нэхэмжлэгч Д.А-г төрийн албанаас чөлөөлсөн тушаалуудыг хүчингүй болгон, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс 37,566,240 төгрөгийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 106.5, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн Д.А-ээс Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай “2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/23 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн “2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/16 дугаартай тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ий 46,168,350 /дөчин зургаан сая нэг зуун жаран найман мянга гурван зуун тавин/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 8,602,110 /найман сая зургаан зуун хоёр мянга нэг зуун арван/ төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох  37,566,240 /гучин долоон сая таван зуун жаран зургаан мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ч.ОЮУНСҮРЭН

 

 

                  

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 1 дэх талд

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 1 дэх талд

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 226 дахь талд

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 9-11 дэх талд

[5] Хэргийн 1 дүгээр хавтасны 173 дахь талд

[6] Хэргийн 2 дугаар хавтасны 136 дахь талд