Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01613

 

 

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/01613

 

 

Х.Нарангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01019 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Х.Нарангийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Сандэй ХХК-д холбогдох

 

Илүү төлсөн талбайн үнэд 45 451 596 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Наран нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сандэй ХХК-тай хөрөнгө оруулах гэрээ байгуулж, нийт 73.46 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийх, 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар байхаар тохиролцсон ба хариуцагч нь барилгыг 2009 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр болсон. Хариуцагч Сандэй ХХК нь барилгыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй тул талууд 2013 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Х.Наран нь өөрийн авсан талбайг 73.26 м.кв талбайд хүрч байгаа эсэх талаар Хот Айл ХХК-д хандаж талбайн хэмжилт хийлгэхэд 10.7 м.кв талбайгаар дутаж байна. Хэмжилтийн тайланг уншихад МNS:60582009 стандартыг хэрэглэсэн гэдэг үг, үсэг байхгүй бөгөөд уг стандартын гол агуулга нь ханыг дотор хананаас тооцох уу, огтлолцол тэнхлэгээс тооцох уу, гадар хананаас тооцох уу гэдэг зузаан ханатай холбоотой барилгад хамааралтай байна. Манай нэхэмжилж байгаа талбайн хувьд шилэн ханатай барилга бөгөөд огтлолцол тэнхлэгээс, ханын зузаанаас болж талбайн хэмжээ өөрчлөгдөх боломжгүй. Шилэн гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Ийм тохиолдолд МNS:605892009 гэдэг стандартыг хэрэглэх шаардлага байхгүй. Нэхэмжлэгчийн ээж Б.Отгонбаяр итгэмжлэлийн үндсэн дээр Сандэй ХХК-д удаа дараа хандаж байсан бөгөөд Сандэй ХХК нь мөнгийг буцаан өгнө гэж амаар хэлдэг боловч мөнгөө өгдөггүй. Иймд Сандэй ХХК-иас дутуу 10.7 м.кв талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөгийг гаргуулж өгнө үү. 1 м.кв талбайн үнэ 1890 ам.доллар, валютын ханшийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2247.52 төгрөгөөр тооцож байгаа гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Нарантай 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Пийс Тауэр оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 203 тоот, 73.6 м.кв /нийтийн эзэмшлийн/ талбайг гэрээнд заасан нөхцөлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 73.6 м.кв талбайг Х.Наранд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн. Хот Айл ХХК-иас хийсэн талбайн хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй. 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан стандартаар Хот Айл ХХК хэмжилт хийсэн. Дүгнэлт гаргахад үндэслэл болгосон энэ стандартыг хэрэглэх, хамрах хүрээг тодорхойлсон бөгөөд энэ стандартыг орон сууцны доторх айлын сууцны талбайг хэмжихэд хэрэглэх арга зүйг тодорхойлоход хэрэглэнэ. Гэтэл Хот Айл ХХК нь үйлчилгээний талбай хэмжихэд хэрэглэсэн. Орон сууц гэдгийг Орон сууцны тухай хуульд тодорхой заасан. Үйлчилгээний талбайг орон сууцны талбайтай адилтган үзэж, төсөөтэй хэрэглэх боломжгүй. 203 тоотын талбай нь эргэн тойрон шилэн ханатай биш. Хананаас ханын хооронд хэмжилт хийгээд байна. Тэнхлэгээс хэмжихэд энэ талбай зөрөх боломжгүй. 2008 онд гэрээ байгуулсан ба МNS:60582009 стандарт батлагдсанаас хойш гэрээ байгуулагдаад хэмжилтийн хэмжээг тохирсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар хариуцагч Сандэй ХХК-иас 23 393 157 /хорин гурван сая гурван зуун ерэн гурван мянга нэг зуун тавин долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Наранд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 22 058 439 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Нарангаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 210 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Сандэй ХХК-иас 274 915 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Наранд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2017/02941 дүгээр захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх ам.долларын ханшийг 2008 оны 7 сарын 21-ний өдрийн Монгол банкны зарласан ханшаар тооцсон нь ИХШХШТХ-ийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо эд хөрөнгө гаргуулахаар бол уг эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр, гадаад валютын ханшийг мөн тухайн үеийн буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор заасан. Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д "Хөрөнгө оруулагч нь төлбөрийг төгрөгөөр төлөх тохиолдолд ам.долларыг тухайн өдрийн ханшаар тооцож авна" гэсэн байх бөгөөд энд тухайн өдөр гэдгийг төлбөр төлөх өдөр гэж ойлгоно. Нэхэмжлэгч ажлын хөлсийг 2008-2013 оны хооронд төлж дуусгасан ба энэ үед хэрэв төгрөгөөр тооцоо хийсэн бол тухайн өдрийн ханшийг баримтлах байсан. Гэрээний нэг тал мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэхдээ ханшийг тооцох өдрийг тухайлан заасан тохиолдолд нөгөө талд энэ зохицуулалт мөн адил хамаарах нь гэрээний талуудын тэгш байдлыг хангах тухай гэрээний эрх зүйн үндсэн зарчимд нийцнэ. Иймд ам.долларын ханшийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2247.52 төгрөгөөр нэг ам.долларыг тооцож хариуцагчаас нийт 45 451 596 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэнэ үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Талууд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Захиалагч нь 2013 оны 07 сард ажлын үр дүнг хүлээн авсан. 2015 оны 2 сарын 6-нд талбайдаа хэмжилт хийлгэж, зөрүүд ногдох үнийг 2016 оны 9 сарын 22-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд шаардлага гаргаагүй бөгөөд мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х.Наран нь хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан худалдаа, үйлчилгээний талбайн зөрүү үнэд 45 451 896,96 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчид оффис, үйлчилгээний зориулалттай 73,46 м.кв талбайг 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч нь хөрөнгө оруулалтад 138 839,4 ам.долларыг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх 7-8/

 

Гэрээний зүйл нь ашиглалтанд орсон, бэлэн болсон талбай бус, харин ирээдүйд бий болох эд хөрөнгө буюу ажлын үр дүн байх бөгөөд гэрээний агуулга болон гэрээ хэрэгжсэн явц, талуудын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Зохигчдын хэн аль нь гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд талуудын хэн аль нь гэрээний үүрэгтэй холбогдуулан харилцан шаардлага гаргах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хот айл ХХК-ийн хэмжилтийг үндэслэн хариуцагч Сандэй ХХК-ийг гэрээнд зааснаас 10.7 м.кв дутуу талбай нийлүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч татгалзсан үндэслэлээ ...хэмжилтийг ямар стандарт баримталж хийсэн нь тодорхойгүй, үүргээ бүрэн гүйцэтгэж 73,6 м.кв талбай хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх буюу дахин хэмжилт хийлгүүлэх зэрэг шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх замаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд ажил гүйцэтгэгч буюу Сандэй ХХК нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн захиалагчид шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч Сандэй ХХК нь нэхэмжлэгч Х.Наранд 73.46 м.кв оффис, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээлгэж өгөх үүрэгтэйгээс 10.7 м.кв дутуу буюу гэрээний үүргээ зөрчиж 62,76 м.кв талбайг шилжүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-т нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийнхээ үнийн дүнг гэрээний дагуу ам.доллараар тодорхойлж, тухайн шаардлага гаргах үеийн валютын ханшаар монгол төгрөгт шилжүүлэн, уг үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байхад хариуцагчийн төлөх үүргийг гэрээ байгуулах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар тооцсон буруу болсон тул зөвтгөж өөрчлөх нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Х.Наран нь дээрх дутуу талбайн үнэд 10.7 м.кв х 1 890 ам.доллар х 2247,52=45 451 597 төгрөг илүү төлсөн байх тул хариуцагч Сандэй ХХК-иас 45 451 596 гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Ажил гүйцэтгэгч буюу Сандэй ХХК нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг захиалагч Х.Наранд хэзээ хүлээлгэж өгсөнийг тодорхойлох баримт хэрэгт авагдаагүй байна. Харин хэрэгт авагдсан бичгийн баримтаар нэхэмжлэгч Х.Наран нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн /хх-12/ нь тогтоогдож байх бөгөөд энэ үеэс тооцоход шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй, ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан гэх буюу нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01019 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 23 393 157 гэснийг 45 451 597 гэж, 2 дах заалтад 274 915 гэснийг 385 210 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сандэй ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ