2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/06420

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         07         29                                              191/ШШ2025/06420

 

 

                                Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, “Ф” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, “К” ХХК /РД:/-д холбогдох

           

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эзэмшүүлсэн 400 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “Ф” ХХК, хариуцагч “К” ХХК нарын хооронд 2022 оны 12 сарын 19-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ, болон 2022 оны 12 сарын 26-ны өдөр Хувьцааны захиалгын гэрээ тус тус байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу “К” ХХК нь уул уурхайн төслийн санхүүжилт болон “Ф” ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагааны бүхий л зардлыг дангаар хариуцах, Компанийн төслийн хүрээнд нүүрс баяжуулах үйлдвэр түүнчлэн дэвшилтэт технологид суурилсан бордоо боловсруулах үйлдвэр барьж байгуулах үүргийг хүлээсэн. Харин нэхэмжлэгч “Ф” ХХК нь 80 хувийн хувьцааг шилжүүлж өгөх үүрэг хүлээж, энэ үүргээ биелүүлэн “К” ХХК-д “Ф” ХХК-ийн нийт хувьцааны 80 хувийн багцтай тэнцэх 400 ширхэг хувьцааг шинээр гаргаж эзэмшүүлсэн. Гэтэл хариуцагч “К” ХХК нь гэрээгээр хүлээсэн хөрөнгө оруулж, санхүүжилт хийх үүргээ зөрчсөн бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Энэ талаар “К” ХХК-д удаа дараа мэдэгдсэн боловч бодит хариу ирүүлээгүй тул гэрээний 12.3.1-д зааснаар гэрээг цуцлах тухай мэдэгдэл 2025 оны 05 сарын 27-ны өдрийн албан бичгээр хариуцагч “К” ХХК-д холбогдох и-мэйл хаягаар хүргүүлсэн болно. Хариуцагч “К” ХХК нь гэрээний 9.1-т заасны дагуу Хөрөнгө оруулагчийн зүгээс төслийг буюу компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч “Ф” ХХК-ийг санхүүгийн хүндрэл оруулж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд оруулсан нь гэрээний ноцтой зөрчил юм. Хөрөнгө оруулалтын Гэрээний 10 дугаар зүйлд гаргасан аливаа мэдэгдэл, баталгаагаа зөрчсөн тал нь эсхүл уг баталгаа нь үнэнд нийцээгүй бол үүнээс үүдэлтэй хариуцлагыг тухайн баталгаа гаргасан тал нь хүлээхээр заасан. Хөрөнгө оруулагч нь Гэрээний оршил хэсэгт санхүүгийн нөөц бололцоотой мэдэгдэж, 7.3-т Төслийг болон Компанийн үйл ажиллагааг дангаар санхүүжүүлэх нөөцтэй гэж батламжилж, Гэрээний 3.1, 3.2-т Компанийн үйл ажиллагааны бүхий л зардлыг хариуцна гэж заасныг Хөрөнгө оруулагч тус тус зөрчсөн тул Гэрээний 11.1.3-т гэрээг нэг талын санаачлагаар цуцлана гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 12 сарын 19-ний өдрийн тоот гэрээг цуцалсан тул гэрээний 3.4-т заасны дагуу Ф ХХК-ийн 80 хувийн багц болох 400 ширхэг хувьцааг нэхэмжлэгч “Ф” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж өгөхийг хариуцаг “К” ХХК-д даалгаж өгнө үү. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2025 оны 06 сарын 13-ны өдрийн дугаар 191/ШЗ2025/26173 захирамжаар нэхэмжлэлийг бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр татгалзсан болно. Шүүгчийн уг захирамжид заасан зөрчлийг арилгасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамжийг төлж хавсаргасан болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Манай “К” ХХК нь “Ф” ХХК-тай 2022 оны 11 сарын 19-ний өдөр “Хөрөнгө оруулалын гэрээ”-г байгуулж, уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 сарын 26-ны өдөр “Хувьцааны захиалгын гэрээ”-г байгуулсан. Улмаар “Хувьцааны захиалгын гэрээ”-ний дагуу “Ф” ХХК-ийн 400 ширхэг хувьцааг эзэмших болсон. Энэ хугацаанд бид байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний дагуу тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Гэвч гэрээнд заасан хөрөнгө оруулагчийн үүргээ биелүүлэхэд санхүүгийн саатал гарч үйлдвэр барих үйл ажиллагаа удааширч эхэлсэн. Энэ талаар “Ф” ХХК-иас гэрээний зөрчил үүсч, үйл ажиллагааг удаашраад байгаа талаар удаа дараа мэдэгдэж байсан. Бид үүссэн асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж, эхэлсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зорьсон боловч гэрээнд заасан нөхцлийн дагуу “Ф” ХХК-ийн зүгээс шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийг буруутгахгүй ба гагцхүү манай компанийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээг тодорхойлж, судлах шаардлагатай байна. Иймээс “Ф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “К” ХХК-ийн зүгээс маргахгүй тул манай компанийн эзэмшиж буй 400 ширхэг энгийн хувьцааг “Ф” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрч байна. Харин цаашид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг нарийн тодорхойлж, оруулсан хөрөнгийг үнэлүүлэн жич шүүхийн журмаар шийдвэрлүүлэх болно гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Ф” ХХК-ийн зүгээс “К” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбарт хариуцагч талаас нэхэмжлэлийн агуулгатай маргаангүй бөгөөд хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Ф” ХХК нь хариуцагч “К” ХХК холбогдуулан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эзэмшүүлсэн 400 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх ба хариуцагчийн зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тал танилцаж баталгаажуулсан байна.           

 

Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй “К” ХХК-д холбогдох хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эзэмшүүлсэн 400 ширхэг хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “К” ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, “К” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.             

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 40.157.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20.078.975 төгрөгийг хариуцагчаас, 20.078.975 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                 

 

3.Хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.          

 

4.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.             

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВАААСҮРЭН